• Өнөөдөр 2024-05-05

“Аюултай монголчууд”-ын нэг, дэлхийн аварга Ц.ЦОГТБААТАР

2022-10-16,   1193

            Дэлхийн жүдо бөхийн мэргэжилтэн,  спортын тайлбарлагчид сүүлийн жилүүдэд “Аюултай Монгол” гэдэг хэлц маягийн үгийг их хэрэглэх болсон. Энэ нь тэдний амны уншлага шиг болчихсон гэвэл дэгс болохгүй. Олимп, дэлхийн аварга бөхчүүдийг “Ангуучлан” ханаруулан ялж, үзэгчдийг шуугиулах болсон, монголын авьяаслаг жүдочин ОУХМ  С.Мияарагчааг анх “Аюултай Монгол” гэдэг байлаа. Түүнээс хойш харин Л.Отгонбаатар, Ц.Цогтбаатар нарыг  “Аюултай монголчууд” гэж нэрлэх болсон. Тэд олимп, дэлхийн медальгүй хэрнээ топ фаворитуудыг ялж чадаж байгаа нь гайхамшигтай байсан болоод л тэр байх.

2009 онд “Хонгор нутаг” ТББ тэргүүн, “Бридж” группийн дэд ерөнхийлөгч Ч.Дорждэрэм Баянхонгор аймгаас ирсэн 12 настай нэгэн хүүг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшийн секцэд оруулсан байдаг. Ч.Дорждэрэм тэр хүүг “Сайн жүдоч болох ирээдүйтэй, авьяаслаг хүү” хэмээн хэлсэн нь талаар болоогүй юм. Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшийн шавь болсон тэр жаахан хүү бол ОУХМ, дэлхийн аварга  Цэнд-Очирын Цогтбаатар.  

             Тэрбээр хүүхдийн “Аваргын гараа”  үндэсний бөхийн тэмцээнд  барилдахаар аав, ээжийн хамт Баянхонгор аймгийн Хүрээ марал сумаас иржээ. Гэтэл тэмцээний бүртгэлээс хоцорч, бүртгэлийн хураамжийн мөнгө дутсанаас болоод барилдаж чадаагүй гэдэг. Ээж нь араас нь мөнгө авчирсан боловч тэмцээний бүртгэл хэдийнэ дуусчихсан байж. Тэмцээнд оролцож чадаагүйдээ хор шар нь буцалсан хүү Бөхийн өргөөний шатан  дээр уйлаад суучихжээ. Арга нь барагдсан аав, ээж хоёр нь  “Миний хүү битгий уйл. Бид хоёр чамайг бөхийн секцэд оруулж өгнө. Чи бөх болоод олон тэмцээнд орно” гэж аргадан, урмын үг хэлжээ. Тиймээс ээж, аав нь нутгийн хүмүүсээр дамжуулан Ч.Дорждэрэмтэй холбогдож хүүгээ бөх болгох зорилготой байгаагаа учирласан гэдэг. Хүсэлтийн  дагуу “Бридж”-ийн Ч.Дорждэрэм,  Ц.Цогтбаатарыг ОБЕГ-ын Ц.Шийрэв багштай холбож өгсөн юм билээ. Энэ цагаас хойш Ц.Цогтбаатарын жүдочин болох, тамирчин хүний амьдрал нь эхэлсэн байдаг.  Жүдогийн секцэд ороод удаагүй байхдаа клубүүдийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээнд анх удаа 27 кг-д барилдаж хүрэл медаль хүртсэн байна. Түүний дараа Я.Доржийн нэрэмжит олон хотын тэмцээнээс алтан медаль авч байжээ.

ӨСВӨР ҮЕИЙН ДАШТ-ЭЭС МОНГОЛ УЛСДАА АНХНЫ ХҮРЭЛ МЕДАЛИЙГ АВЧИРЧ БАЙЛАА

         Сайн багшийн шавь болсон, бөх болох хүсэл тэмүүлэлтэй, төрөлхийн унаган авьяастай хүү уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, хүсэл тэмүүллийнхээ үр дүнд богино хугацаанд амжилт гаргаж эхэлсэн юм. Эдгээр амжилтууд нь жүдогийн мэргэжилтэн нарын анхаарлыг татаж, дэлхийд нэр алдраа цуурайтуулах эхлэл байв. Түүнд өөрийгөө таниулж, дэлхийн энтэй тамирчин болох ирээдүйтэй гэдгээ харуулахад ердөө таван жилийн хөдөлмөр хангалттай байлаа. Энэ хугацаанд тэрбээр жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ-ээс Монгол Улсдаа анхны хүрэл медалийг авчирсан байдаг.

2014 оны насанд хүрэгчдийн УАШТ-д 17 настай хүү амжилттай барилдаж ОУХМ Г.Хэрлэн, Д.Баярмагнай нарыг ялж хүрэл медаль хүртэж, “цахиур хагалах хүү” хэмээн нэрлэгдэж бөх сонирхогчдын анхаарлын төвд орсон юм

            Улмаар 2014 онд 17 настайдаа залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медалийг авч чадлаа. Дараа жил нь 2015 оны залуучуудын ДАШТ-д дахин өмнөх жилийн амжилтаа давтаж мөнгөн медаль хүртэв. 2014 оны насанд хүрэгчдийн УАШТ-д 17 настай хүү амжилттай барилдаж ОУХМ Г.Хэрлэн, Д.Баярмагнай нарыг ялж хүрэл медаль хүртэж, “цахиур хагалах хүү” хэмээн нэрлэгдэж бөх сонирхогчдын анхаарлын төвд орсон юм. Үүний дараа жил Ц.Цогтбаатар насанд хүрэгчдийн УАШТ-д мөн л 60 кг-ын олон шилдэг бөхийг ялж шуугиан тарин, медаль хүртэж олны анхаарлыг төвд хүч түрэн орж ирэв. Тэрбээр ОУХМ Г.Хэрлэнтэй улсын аваргын төлөө барилдаж мөнгөн медалийн эзэн болов. 2015 онд Казахстаны Астана хотноо явагдсан ДАШТ-ий 60 кг-д гавьяат тамирчин Г.Болдбаатарын хамт оролцон.  Цогоо нэгдүгээр тойргийн барилдаанд Швайцарийн жүдочин Людовик Чаммартиныг үүрэх мэхээр цэвэр яллаа. Хоёрдугаар тойрогт Чехийн Павел Петриковыг хожсон. Улмаар наймны нэгийн барилдаанд Өмнөд Солонгосын бөх Ким Вон Жинтэй барилдав.

   Үндсэн цагт тэр хоёр үнэлгээ авалцаагүй учир нэмэлт цагийн барилдаан хийхээр болов. Нэмэлт цагт Цогоог хутгах мэх хийхэд түүнийг анаж байсан Ким Вон Жин дагаж эргэн базари үнэлгээ авч хожсон билээ. Хэрэв Цогоо,  Ким Вон Жинийг хожсон бол медаль хүртэх бүрэн боломжтой байсан юм. Ким Вон Жин Цогоог ялж дэлхийн аваргаас хүрэл медаль авсан.

      2016 оны насанд хүрэгчдийн УАШТ-д Ц.Цогтбаатар дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нарыг буулган авч амжилтаа улам бүр баталгаажуулсаар анх удаа улсын аваргын алтан медалийг хүртэж, “Рио-2016” –гийн олимпод барилдах болзлоо хангасан юм.  Рио-2016 олимпын наадамд түүнийг 60 кг-д барилдуулахаар сонгоход олон хүн эсэргүүцсэн. Ц.Цогтбаатар туршлага багатай. Сахилга бат муу, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Хэт яаруу, хий, салхи ихтэй, жин их хасдаг гэж дургүйцсэн байдаг. Энэ бүх яриа нь Цогоод сэтгэлийн дарамт болчих шиг болсон. Тэрбээр “Дэлхийн аварга Г.Болдбаатар гэж мундаг жүдочин байхад яагаад намайг сонгосон юм бол. Болдоо ах олимпод явбал медаль хүртэх боломж байгаа” гэж гайхан, эргэлзсээр олимпод зодоглосон байдаг.  Риогийн олимпын нэгдүгээр тойргийн барилдаанд Пан Америкийн аваргын мөнгөн медальт Гватемалийн бөх Х.Рамосыг, хоёрдугаар тойрогт Финландын Ж.Реинваллыг ялсан.  Ингээд дараагийн тойрогт дэлхийн аваргын хүрэл медальт Өмнөд Солонгосын Ким Вон Жинтой дахин таарч түүнийг хожиж яваад базари үнэлгээ алдан ялагдал хүлээж барилдаанаа дуусгасан. Өөрийн алдаанаас болж хожигдсондоо гутран Риогийн жүдогийн заалны хонгилд, хогийн савны дэргэд уйлаад сууж буй түүний  “алдартай зураг” түүх болон үлдсэн юм.

       Түүний зогсолтгүй довтолгоо, шийдсэн салхитай барилдаан нь зарим өрсөлдөгч бөхчүүдэд хялбар өгөөш болох нь бий. Дэлхийн шилдэг бөхчүүд Цогоотой барилдахдаа түрүүлж мэх хийдэггүй. Харин Цогоогийн хийсэн мэхний алдааг ашиглах гэж анаж барилддаг

       Харин Ким Вон Жин, Цогоог хожиж олимп, дэлхийн хос медальтан болсон билээ.  Олимпын дараа Цогоо ярихдаа “Би олимпоос өмнө дэлхийн олон шилдэг бөхтэй барилдаж үзсэн. Гэтэл олимп гэдэг тэс өөр уур амьсгалтай юм билээ. Би санасан, хүссэн хэмжээгээрээ чөлөөтэй хөдөлж, барилдаанаа гаргаж чадаагүй. Риогийн олимпод ялагдсаны дараа маш их сэтгэлээр унасан” гэж билээ. Ц.Цогтбаатар өрсөлдөгч тамирчнаа  хүлээж барилддаггүй. Хурц  дайчин шийдэмгий барилдаан гардаг байв. Дэвжээнд сонгодог жүдо гэдгийг харуулж чаддаг. Түүний зогсолтгүй довтолгоо, шийдсэн салхитай барилдаан нь зарим өрсөлдөгч бөхчүүдэд хялбар өгөөш болох нь бий. Дэлхийн шилдэг бөхчүүд Цогоотой барилдахдаа түрүүлж мэх хийдэггүй. Харин Цогоогийн хийсэн мэхний алдааг ашиглах гэж анаж барилддаг. Цогоо Риогийн олимпын дараа 60 кг-аас дээш жин өгсөн 66 кг-ыг алгасан 73 кг-д барилдах болсон нь олон хүнийг гайхахад хүргэсэн. “Яагаад 66 кг-д барилдахгүй шууд 73 кг болчихов. Түүнд 66 кг яг таарна. Илүү амжилт гаргах боломж бий” гээд шуугилдсан. Гэвч түүний сонголт  73 кг-ын жин байлаа.  Ц.Цогтбаатарыг  2015 онд  Самсуны гран при тэмцээнээс медаль хүртэхэд IJF- ийн ерөнхийлөгч Мариус Визер шагнал гардуулахдаа “Баяр хүргэе. Чи шилдэг нь байсан. Амжилт хүсье” гэж хэлсэн байдаг.  Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч тэр том хүнээс тийм сайхан үг сонсоод урам орсон гэдэг. Тэр тэмцээнээс хойш Цогоо гран при, гранд сламаас тасралтгүй шахам медаль хүртсэн. Түүний эдгээр амжилт нь  дэлхийн шилдгүүдийн зүрхэнд “шар ус” хуруулах болсон билээ.

       2017 онд Парисын их дуулга буюу “Бага дэлхийн аварга”-д Цогоо урамтай сайн барилдсан. “Рио-2016” олимпын аварга  Италийн жүдочин Фабио Басилег буулган авч сенсаци дэгдээсэн. Улмаар Буркино Паосо, Молдав, Израйлийн бөхчүүдийг ялж хэсгийн аваргын төлөө “Лондон 2012” олимпын аварга Гүржийн Лаша Шавдатуашвилиг буулган авч дахин шуугиан дэгдээсэн. Хагас шигшээ барилдаанд Косовогийн Акил Гжаковаг цэвэр ялж, аваргын алтан медалийн төлөө дэлхийн аварга  Японы бөх Сочи Хашимотод хожигдон мөнгөн медалийн эзэн болсон.   Цогоо Риогийн олимпын аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт ОХУ-ын бөх Беслан Мудранов, дэлхийн аваргын хүрэл медальт Азербайжаны бөх Игар Мушкиев,  олимп, дэлхийн хүрэл медальт Гүржийн Амиран Папинашвили зэрэг шилдгүүдийг дараалан ялсан байдаг. Харин Цогоо ДАШТ-д жаахан од муутай барилдаад байдаг байв. Энэ нь түүний хор шартай, хэт “шатаж” барилддаг сэтгэл зүйтэй холбоотой байж магадгүй. Шилдгүүдтэй маш сайн барилддаг хэр нь залуу бөхчүүдэд ялагдах нь бий. 2018 оны Бакугийн ДАШТ-д олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Рустан Оружавыг нутгийн дэвжээн дээр нь буулган авсан ч, дараагийн тойрогт  хүрэл медалийн төлөөх барилдаанд Азербайжаны Хидари Хеадайровт алдаа гаргаж, ялагдал хүлээсэн.

       Харин 2019 онд Арабын нэгдсэн Эмиратын Фужайра хотноо явагдсан АТАШТ-ий алтан медалийн төлөө дэлхийн аварга Өмнөд Солонгосын бөх  Ан Чан Римтай урамтай сайхан барилдаж түүнийг цэвэр ялж, Ази тивийн аварга болсон. Улмаар 2020 оны эхний тэмцээн Парисын их дуулга тэмцээнд амжилттай барилдаж дэлхийн хошой аварга Японы алдар бөх М.Эбинүмаг хожиж хүрэл медаль хүртсэн билээ.

       Ц.Цогтбаатар  Ц.Шийрэв багшдаа их баярлаж явдаг юм билээ.  Тэрбээр “Ц.Шийрэв багш яг аав шиг минь надад ханддаг. Намайг өдий зэрэгт хүргэсэн хүн” гэж бахархан ярьдаг.  Арга ч үгүй байх. Бөх болох сонирхолдоо хөтлөгдсөн жаахан хүүд жүдо бөхийн мэх, арга техникийг бүрэн эзэмшүүлж дэлхийн шилдгүүдийн эгнээнд оруулж чадсан ачтан гэвэл түүний багш Ц.Шийрэв.   Гэхдээ Цогоогийн  дэлхийн шилдгүүдийн эгнээнд орсон, амжилт, ялалтын зам дардан шулуун байгаагүй.

   АЗИ ТИВИЙН АВАРГАД ТААРУУХАН АМЖИЛТ ГАРГАЛАА ХЭМЭЭН БАС Л ТҮҮНИЙГ ЗЭМЛЭСЭН

       Ялагдал, бэртэл гэмтэл, туршлага, аз дутсан, алдаа гаргасан, нугачаа давааг туулсан. Орон гэрээсээ хол, өмсөх кимоногүй, өвөртөө мөнгөгүй, өлсөж, цангах бэрхшээл саадыг тэр давж, туулаад л гарсан.  Тэрбээр 2015 онд Абу Дабигийн их дуулгаас мөнгө, Улаанбаатар, Самсуны гран-пригээс хүрэл,  2017 онд Гаагаас хүрэл, 2018 онд Парисаас хүрэл, Екатеринбургээс алт, Хөх хотоос хүрэл, 2019 онд Парисаас мөнгө, Азийн аваргаас алт, 2020 онд Парисын их дуулгаас хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан. 2020 оны олимпын өмнөхөн болсон ДАШТ-д Цогоо амжилт муутай оролцож, багагүй зэмнэл хүртлээ Гэвч жүдо бөх сонирхогчид “Аюултай Монгол”  Ц.Цогтбаатарыг олимп, дэлхийн дэвжээнд амжилт гаргах нь дамжиггүй хэмээн түүнд итгэл хүлээлгэж байв. Тэрбээр монголчуудынхаа итгэл, найдварыг алдалгүй Токио 2020 олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн. Харин олимпоос хойш Улаанбаатарын их дуулга, Ази тивийн аваргад тааруухан амжилт гаргалаа хэмээн бас л түүнийг зэмлэсэн. Ер нь Цогоо том тэмцээний өмнө том ялагдал хүлээгээд байх шиг. Гэхдээ тэрбээр энэ жилийн ДАШТ-д амжилттай барилдаж дэлхийн аварга Японы алдарт бөх Сочи Хашимотог ялж, дэлхийн аварга боллоо. Одоо харин Парис 2024 олимпын наадмын аварга болох л үлдлээ


“Аюултай монголчууд”-ын нэг, дэлхийн аварга Ц.ЦОГТБААТАР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-10-16 20:20:05
    zochin: барилдах гэдэг бол тархиа сайн ажиллуулна гэсэн үг гэж манай өвөө хэлдэг байсан, амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-10-16 17:03:31
    бх: түвшин баяр л битгий болчихоосой. хамаагүй ихээр бүү магт.яаж ч мэднэ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188