• Өнөөдөр 2024-05-05

МУГЖ Н.ОНОН: Урлагт 30 гаруй жил ажиллахдаа Соломон Бозо шиг өөрийгөө эвдсэн дүрд ажиллаж байгаагүй

2022-10-05,   1620

        "Бродвей" театрын алдарт бүтээлүүдийн нэг болох АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр “Орфей” театрын тайзнаа найруулагч М.Батболд амилуулах гэж байна. Найруулагч М.Батболд “Жүжгийн дүрүүд нь өөрсдөө жүжигчдээ олсон” гэж онцолсон удаатай. Тэгвэл эл жүжгийн Соломон Бозо хэмээх дүр нь Монгол Улсын гавьяат жүжигчин Нанжидийн Ононгийнх байж. Хошин урлагийн тайзнаа ихэмсэг хатагтайгаас эхлээд эрх бяцхан жаалын дүрийг олны сэтгэлд хоногштол бүтээсэн түүний хувьд сонгодог жүжгийн эл дүр хэрхэн буусан бол. Бид түүнтэй тун удахгүй нээлтээ хийх гэж буй Опал жүжгийнх нь талаар ярилцлаа.

-Сайн байна уу. Шинэхэн жүжгээрээ үзэгчидтэйгээ уулзах гэж байгаа тань баяр хүргэе. Та хошин урлагийн тайз болон дэлгэцийн салбартаа олон жил ажиллаж байгаа ч театрын урлагаас хөндийрөөд багагүй хугацаа өнгөрлөө. Театрын тайзнаа дахин гарах мэдрэмж ямар байна вэ?

            -Удаан хугацааны дараа тайзан дээрээ гарах гэж байгаа болохоор догдлол дүүрэн сайхан байна. Анх надад дүрийн санал тавьж, зохиолоо илгээх үед би төлөвлөсөн дөрвөн уран бүтээлтэй байлаа. Зохиолоо уншиж эхлэхээсээ өмнө "Яагаад “Опал” гэж нэрлэсэн юм бол" гэж сонирхоод шууд интернэтээс хайж үзсэн. Гэтэл “Опал” гэх чулуу нь маш үнэтэй чамин хэр нь ховор үнэт чулуу болохыг мэдсэн. "Хүний сэтгэл гэдэг энэ чулуу шиг ховор нандин шүү" гэдгийг илэрхийлэхийг хүссэн юм шиг санагдсан. Тэгээд  зохиолоо уншихад надад маш их таалагдаж, төлөвлөсөн бүх ажлаа хойшлуулаад, энэ жүжиг дээр ажиллаж эхэлсэн. Мөн урьд өмнө нь ажиллаж байгаагүй залуу найруулагчтай хамтран ажиллах нь сонирхолтой санагдсан. М.Батболд найруулагчийн хувьд шинэлэг арга барилтай, хурдтай байна.

-Таны хувьд ямар дүр бүтээж байгаа вэ. Дүрийнхээ талаар яриач, урьд өмнө ийм төрлийн дүр бүтээж байв уу?

            -Би урлагт 30 гаруй жил ажиллахдаа “Опал” жүжгийн дүр шиг дүр дээр ажиллаж байгаагүй учир надад шинэ сорилт болж байгаа. Миний хувьд энэ жүжиг дээр амьдралдаа хөл алдаад, эргэж босох гэж хичээж, амьдралын сайн  сайхныг хайж байгаа 50 эргэм насны эрийн дүрийг бүтээж байна. Энэ дүрээрээ дамжуулан үзэгчдэд эд хөрөнгө, албан тушаалтай боллоо гээд хүн амьдралд хөлөө олдоггүй юм. Харин амьдралын утга учир өөр зүйл дээр тогтдог гэдгийг харуулахыг зорьсон. Мөн энэ дүр Онон гэдэг хүнээс амьдралыг үзэх үзэл, зан ааш нь тэс ондоо байсан  учир маш их  бодож ажиллах шаардлага гарсан. Ингэхийн тулд дүрээ маш их судалсан.

     Дахиад залуу жүжигчин болсон юм шиг ядрахаа мэдэхгүй ажиллаад сайхан байна. Манай баг хамт олон жүжгийн зохиолоо дүр бүр дээр нь задлан ажиллаж, судалсан. Гэтэл жүжгийн дүр бүрийг судлаад ирэхээр одоогийн нийгмийг бодитоор харуулсан, хүмүүс сайн сайхан зүйл бодохоосоо илүүтэй муу муухай зүйл боддог, хоорондоо их маргалдаг болсныг анзаарсан. Нэгнийхээ сайн талыг түрүүлж харж, нэгэндээ сэтгэлийн жаргал бэлэглэх хүн чанар нь цаг хугацаа өнгөрөх тусам багасаж байгаа мэдрэмж төрсөн. “Опал” жүжгийг үзсэнээр хүмүүсийн нэгнээ хайрлах хайр нь нэмэгдэх байх гэж итгэж, найдаж байгаа.

-Таныг ард түмэн “Х ТҮЦ” продакшны үүсгэн байгуулагч, хошин урлагийн жүжигчин гэдгээр нь илүүтэй мэднэ. Энэ жүжгээс таныг маш сонирхолтой дүрээр  харах юм байна. Үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэсэн бодол, сандрал байна уу?

            -Намайг ихэнх хүн хошин урлагийн Онон гэж дууддаг. Гэхдээ би жүжигчин  хүн бүхий л дүрд тоглох хэрэгтэй гэж  боддог. Тиймдээ ч тайз, дэлгэцийн бүтээлд аль алинд нь дүр бүтээхийг эрмэлздэг. Энэ  жүжгийг үзээд Ононг онцолж харах бус надаар илрэн гарч буй тэр дүрийн мөн чанарыг хараасай гэж хүсэж байгаа.

 

 

-“Х түц”  продакшн  гэх энэ том “айл”-ыг таниас салгаж ойлгох боломжгүй шүү дээ. Үеийн найзууд нийлж, анхны бүтээлээ тавьснаас хойш чамгүй олон жил өнгөрч хошин урлагийн салбарт нэг том орон зайг нь эзэлчихсэн. Магадгүй таныг сонгодог жүжигт дүр бүтээгээд эхлэхээр хошин урлагаасаа хөндийрөх нь үү гэсэн бодол үзэгчдийн дунд байгаа байх аа. Сүүлийн үед та хошин урлаг гэхээсээ илүү дэлгэцийн уран бүтээлд анхаарч байх шиг байна. Хошин урлагтаа буцаж очих бодол байна уу?

            -Анх бид  “Х түц” продакшныг тэгээс нь эхлэн “Болгоно, чадна” гэх хүсэл эрмэлзлээрээ үүсгэн байгуулж байлаа. Жүжгээ тоглох гэхээр санхүү дутмаг . Гэр гэрээсээ  жижиг хэрэглэлээ цуглуулаад л жүжгээ бэлддэг байсан. Одоо эргээд бодоход ээж маань “Гэрт байсан аавын чинь халаад хаачив, Битгий гэрийн юм зөөгөөд байгаач Оноон” гэж хэлж байсан нь хамгийн тод санаанд буудаг.  Залуу байсан болоод ч тэр үү  ямар ч саад учирсан даваад л гарчихдаг байж. Би нэг хэсэгтээ хошин урлагаасаа холдох байх аа.

        Би амьдралын олон мянган орой яг 19:00 цагт үзэгч түмэнтэйгээ уулзсан.  Хөшин нээгдэх үед үзэгчдээс ирэх уур амьсгал, нүдний харц намайг үнэхээр сандаргадаг. Заримдаа алганы хөлс гарч, тайзан дээрээ гарахаас зүрхшээх үе ч гардаг байлаа. Тэгсэн ч би тайзандаа маш хайртай. Хүн нэг зүйлээ хэтэрхий олон жил хийхээр царцанги байдалд ордог. Тэгээд 2017 онд хэнд ч хэлэлгүйгээр МУГЖ И.Одончимэг найзтайгаа яриад түр завсарлахаар шийдэж байсан. Тэр оныхоо дөрөвдүгээр сард тоглосон жүжгийн хамгийн сүүлийн тоглолтын дараа Одноо найз маань намайг тайзны дэргэд зогсож байхад “Онон найзаа хоёулаа ярьсандаа гараа цохьё.  Тайз руу гаа гараад сайхан ёсолъё. Магадгүй энэ ёслогоо чи бид хоёрын хошин урлагийн тайзан дээрээ байгаа сүүлчийн удаа гарч тохиолдол байж магадгүй” гэж байсан. Бид хоёр тэр өдөр нулимстай тайзандаа, үзэлчдэдээ ёсолсон цагаас хойш таван жил өнгөрсөн байна. Нэг л өдөр сэтгэлийн дуудлагаараа эргэн ирэх байх.

-Урлагийн хүн цаг наргүй ажилладаг. Тэр бүр гэр бүлдээ зарцуулах цаг зав ч бага байдаг байх. Та хэр сайн аав бэ?

Мөн том охин минь гэрлээд, тусдаа гарах гээд гэрийнхээ хаалгаар гарахдаа эргэж хараад “Аавтайгаа өнгөрүүлсэн сайхан мөч байхгүй байсаар хүний хүн боллоо доо” гэж хэлсэн. Одоо ч  бодохоор нулимс гарах гээд байдаг юм.  Аргагүй шүү дээ охиныхоо хүүхэд насанд урлаг гэж явсаар хамт байсан хугацаа мөчидхөн. Тийм учраас хоёр бага хүүхдэдээ илүү цаг зарцуулахыг хичээж байгаа.

-Урлагийн хүн байна гэдэг амаргүй шүү дээ. Шантрах үе  мэдээж гарч байсан байх. Тэр үедээ яаж эргэж сэргэдэг байв. Юу таныг энэ хүртэл авч ирсэн гэж боддог вэ?

            -Жүжигчний мэргэжил хүнээс маш их энерги, эрч хүч шаарддаг. Мөн дүрээ хангалттай гаргаж ирж чадахгүй байгаадаа гуниглах тохиолдол бий. Тэр үедээ тааз ширтэж, хэвтээд ер нь би яагаад жүжигчин болсон юм бол доо. Хэрвээ өөр ажилтай байсан бол өдийд гэртээ хүүхдүүдээ эрхлүүлээд, сууж байх байсан шүү дээ гэж боддог байсан. Намайг энэ хүртэл авчирсан зүйл бол ард түмний минь намайг гэх хайр, эхнэрийн минь хөдөлмөр гэж боддог. Миний эхнэр бол арыг минь бат дааж, гурван хүүхдээ өдий зэрэгтээ өсгөнгөө өөрийн ажил мэргэжлээ орхилгүй явж ирсэн үнэхээр хөдөлмөрч эмэгтэй байдаг.

 -Жүжгийн бэлтгэлдээ ороод завгүй байх хугацаандаа бидэнтэй ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.     

 


МУГЖ Н.ОНОН: Урлагт 30 гаруй жил ажиллахдаа Соломон Бозо шиг өөрийгөө эвдсэн дүрд ажиллаж байгаагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-10-05 12:34:25
    Амжилт хүсье ээ: Амжилт хүсье ээ, хүнд ухаарал өгсөн гайгүй бүтээл хийх хүмүүсийн нэг гэж бодож, хүлээж явдаг шүү Онон, Одончимэг нарыг. Хошин урлагийнхнаас арай дотортой хэдийн нэг нь энэ хүн мөн. Сайн уран бүтээл хийж, залуу үеэ дагуулаасай, үлгэрлээсэй
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188