• Өнөөдөр 2024-05-06

НАЙРУУЛАГЧ М.БАТБОЛД: Найруулагч хүн амбицгүйгээр хол явж чадахгүй

2022-10-03,   1246

           “Фауст”, “Гэм зэм” жүжгээр Монголын театрын урлагт шинэ салхи сэвэлзүүлсэн залуу найруулагч М.Батболд АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр “Орфей” театрын тайзнаа амилуулах гэж байна. Дэлхий сонгодог жүжгийг өнөөгийн  нөхцөлд өөрийнхөөрөө эвдэн тавьж, Монголын үзэгчдийн мэлмийг нээх гэж хичээж байгаа нь түүний сүүлийн үеийн уран бүтээлүүдээс илэрхий харагдаж буй. Тэр ч утгаараа үзэгчид түүний дараа дараагийн уран бүтээлүүдээс илүүг  хүсэж, шунаж, хөшиг нээх өдрийг нь тэсэн ядан хүлээдэг. “Опал” жүжгийг М.Батболд найруулагч ямар өнгө аясаар монголчуудтай танилцуулах гэж байгаа талаар түүнтэй ийн ярилцлаа.

-Сайн байна уу. Шинэхэн уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгох гэж байгаад баяр хүргэе. Та “Фауст”, “Гэм зэм” зэрэг дэлхийн сонгодог бүтээл сонгож, тун чадварлагаар өөрийн ая дангаар тайзнаа амилуулсан. Яагаад заавал томоохон хэмжээний ийм зохиолуудыг сонгож авдаг юм бэ?

    -Найруулагч хүн амбицгүйгээр хол явж чадахгүй, тэгсхийгээд л унтарна. Хүнд тодорхой хэмжээний мэргэжилдээ шатаж ажиллах амбиц байж гэмээнэ тархи нь ажиллаж, илүү сайн бүтээл туурвина. Харин эго бол өөрийгөө тахиж шүтэх буруу үзэл юм. Би том бүтээлүүдийг сонгож авснаараа зохиолоос зохиолын хооронд суралцаж, илүү олон зүйл сурч, ахиад юу хийх үү гэдэг шуналд автаж байна. Шинэ жүжгийн сургуулилалт бүр намайг шинэ зүйлд  сургаж, тэр нь ч амттай байдаг.

-Таныг “Гэм зэм”, “Фауст”-ын дараа ямар бүтээл сонгож авах бол гэдэг хүлээлт олны дунд үүссэн байх. Мэдээж том бүтээл хийчихсэн бол цаашид том хүлээлт үүсгэнэ. Тэгэхээр ямар учраас Жон Патрикийн зохиолыг сонгов?

     -Энэ зохиол өнөөгийн бидний амьдарч буй нийгэмд хамгийн их хэрэгтэй байгаа учир энэхүү жүжиг тавьж байгаа юм. Жүжгийн үйл явдал үнэтэй брэндийн үнэртэй усны саванд хуурамч ус хийж, зардаг гурван залилагч хог түүдэг, хулгана үүрлэсэн, тоос шороонд дарагдсан подвалд амьдардаг Опал эмгэн дээр  үнэртэй  усны шил худалдаж авахаар ирснээр эхэлнэ. Залилагчид эмгэн нас барвал их хэмжээний амь даатгалын мөнгө авахыг мэдээд эмгэнтэй хамт амьдарч, амийг нь хөнөөх талаар бодож эхэлдэг. Гэтэл Опал эмгэн тэр гурвыг сайн талаар нь өөрчилдөг. Боломжгүй мэт нөхцөлөөс хүнийг уучилж, өөрчилж, хайрлаж амьдарч болохыг харуулна. Ямар ч нүгэлтэй муу хүний сэтгэлийн мухарт хайрлагдах, хүлээн зөвшөөрөгдөх хүслээр дүүрэн сайн хүн байдаг. Хүн үл хүлээн зөвшөөрөгдөөд ирэхээрээ л сэтгэцийн асуудалтай болж эхэлдэг гэдгийг уг зохиолд харуулсан.

-Дүрийн сонголтын хувьд маш сонирхолтой санагдсан. Дүрүүдээ хэрхэн  сонгов. Энэ талаараа яриач?

     -Дүрийг найруулагч сонгодоггүй юм. Зохиол өөрөө дүрүүдээ сонгодог юм. Би биш, Опал жүжгийн зохиол өөрөө жүжигчин О.Энхтуул, Ц.Төмөрбаатар, Н.Онон, Д.Баттөмөр, Э.Чинзориг, Т.Сэргэлэн, Т.Ариунчимэг нарыг сонгосон. 

-Тэгвэл Опалын дүрийг бүтээж буй О.Энхтуул жүжигчин таны саналыг хүлээж аваагүй байсан бол энэ жүжиг тавигдахгүй байсан гэсэн үг үү?

    -Хэрэв Энхтуул эгчид энэ зохиол таалагдаагүй, бодол санаанд нь буугаагүй байсан бол хүлээлт үргэлжлэх байсан байх. Опал зохиол дахиад өөр жүжигчнийг хүсэж, тохироо нь бүрдэх хүртэл энэ хүлээлт үргэлжилж, жүжиг өнөөдөр тайзнаа амилахгүй байх байлаа.

-Өмнө “Опал” жүжгийг найруулж байсан найруулагчдаас таны ялгарах онцлог  юу вэ?

      -Миний арга барил бол миний давуу тал би өөрөө сэтгэл зүйч мэргэжилтэй хүн. Би зохиолоо сэтгэл зүйн талаас задалж, тайлбарлаж, найруулгын тавилтаа тухайн асуудлын гүнээс хайдаг. 

-Энэхүү зохиол дээр хайрыг олон талаас нь дүрслэн харуулсан байдаг. Тэгвэл М.Батболд гэх хүний хайрыг харах өнцөг, үзэх үзэл ямар вэ?

    -Манай  зохиол дээр “Хайр бол таашаал биш, маш их тэвчээр шаардсан хүнд хөдөлмөр юм” гэх үг гардаг юм. Би ийм л өнцгөөс хайрыг хардаг.  Орчин үеийн залуус  хайрлаж дурлаад 1-2 жил болоод л нөгөө хүнээ үл хүлээн зөвшөөрөөд, үзэн ядаад, зөрчилдөөд эхэлдэг. Тэгвэл биднээс өмнөх үеийн ахмадууд маань маш их тэвчээр гарган тэмцэж, хайраа авч үлдэж, ургуулж, мөнхөлсөн байдаг шүү дээ.

-Анх таныг урлагийн хүн болоход үзэгчид “Батболд найруулагч боллоо” гэж бус “МУАЖ Г.Мягмарнарангийн хүү найруулагч боллоо” гэж ярьж байсан.  Тухайн үед танд юу бодогдож байсан бэ?

     -Урлагийн хүний хүүхэд урлагт хөл тавих илүү хэцүү байдаг. Аавынхаа хийсэн бүтээснээс илүү хийж чадахгүй л бол аавынхаа нэр хүндийн дор, сүүдэрт нь явна гэсэн үг. Мэдээж ааваасаа илүү гарчихна гэсэн үг биш. Өөрийн гэсэн карьергүй байна гэдэг утгаар хэлж байгаа. Нөгөө талаас үзэгчид тэр хүний хүүхэд аав шигээ байх ёстой, эсвэл илүү байх ёстой гэсэн цензур тавьж байдаг санагддаг. Анх урлагийн замналаар явах шийдвэр гаргахдаа айдастай байсан. Аавд  минь ч тийм айдас байсан байх. Хүмүүс аавыг их хатуу чанга, ширүүн ааштай гэж хардаг. Яг үнэндээ маш зөөлөн, өрөвч, цагаахан хүн шүү дээ. Би гурван хүүтэй айлын бага хүү. Тэр ч утгаараа аавынхаа өврийн хүүхэд. Миний аав надад ганц ч удаа гар хүрч, муухай харж, загнаж зандарч  байгаагүй. Бага  байхад хөдөө хээрээр аавыгаа дагаад явж байсан минь одоо бодоход хамгийн сайхан санагддаг. 

ГАНЦААРДАЛ ХҮНИЙГ ШАЛГУУРЫН ХОНГИЛ РУУ ШИДЧИХДЭГ

-Танд урлагаас өөр сонирхдог зүйл юу вэ?

        -Би өөрийгөө ямар ч хобби байхгүй хүн гэж боддог байсан. Гэтэл миний хобби бол юм бодох юм билээ. Ганцаараа байж, олон зүйл эргэцүүлэн бодох нь нэг төрлийн зугаатай ажил. Гэхдээ хэтрээд, донтох гээд байдаг сул тал бас бий.

-Ганцаараа байх, ганцаардах хоёр өөр гэдэг шүү дээ. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

    -Ганцаараа байх бол эрх чөлөө. Харин ганцаардана гэдэг бол зовлон шүү дээ. Хүн болгон амьдралынхаа аль нэг үед ганцаардлын зовлонд өртдөг. Түүнийгээ даван туулах гэж, тэр харанхуйгаас гарч ирэх гэж тэмцдэг. 

-Танд тийм үе тохиолдож байв уу?

    -Москвад найруулагч болох хүсэл тэмүүлэл дүүрэн очоод, ганцаардал гэх зүйлийг хамгийн ихээр мэдэрсэн. Олон оюутан дунд орос хэл бүрэн эзэмшээгүй би өөрийгөө бусдад бүрэн ойлгуулж ч чаддаггүй байлаа. Тэндээс хасагдахгүй, өөрийгөө батлан гарч ирнэ гэдэг маш хэцүү. Ганцаардал хүнийг шалгуурын хонгил руу шидчихдэг. Үүнийг даван туулж чадвал маш сайн хөгжиж, боловсорч гарч ирдэг. Хэрэв чадахгүй яг тэр байдалдаа үлд гэсэн сонголт л хүлээж байдаг. Тэнд тэгж ганцаардлын хамгийн хурц хэлбэрийг мэдэрч, зовж, тэр намагт живээд, арай гэж зуурч гарч ирсэн хүнд одоо юу ч хэцүү санагдахаа больсон. Их сургуулиа төгсөх болоход намайг үл ойшоодог байсан хүмүүс “Батболд оо, чамтай хамтарч жүжиг хийе” гэдэг болсон  байсан. Тэгээд Монголд дипломын жүжиг болох “Фауст” жүжгээ УДЭТ-д тавихаар ирээд, уулзахад “Чи манай театрт энэ жүжгийг тавина гэж хэзээ ч байхгүй. Өөр хаана болохыг хэлж мэдэхгүй байна” гэж байсан. Тэр үед надад огт зовлон шиг санагдаагүй. Би инээгээд л гараад явсан. Одоо тав дахь жүжгээ үзэгчдэдээ хүргэхээр зэхэж байна даа.

 -Монголд жүжиг тавих хэр байна вэ? 

       -Нэг талаасаа харахад манай орон үзэгчгүй газар шүү дээ. Бусад орны иргэд сардаа заавал нэг жүжиг үзнэ гэж түүндээ зориулж цаг гаргаж, эртнээс төлөвлөж үздэг. Түүндээ зориулж мөнгө хүртэл хадгалдаг. Энэ соёл манайд хараахан тогтоогүй. Гэхдээ энэ  соёлд суралцаж яваа, хэвшил болоход тун ойрхон байгаа. 

-Яагаад “Орфей” театрыг сонгох болов?   

   -Анх энэ театрыг байгуулагдсаныг сонсоод нууцхан  дотроо хорхой минь хүрч байсан. Манай жүжгийн хувьд цөөн хүнд vip мэдрэмж өгөх жүжиг л дээ. Тийм  учраас 200 хүний багтаамжтай, уулын энгэрт байрлах гайхалтай орчинтой энэ газар жүжгээ тавиж байгаа минь сайхан байна. Үзэгчид маань хотоос гарч тайван мэдрэмж авангаа сонгодог урлаг үзнэ гэхээр өмнөөс нь баяр төрөөд л байдаг. Би театрыг хотын их хөдөлгөөн дунд бус ийм л газар байгаасай гэж хүсдэг.  Мөн “Орфей” театрын хувьд үзэгчдийн суудал тайз хоёр маш ойр хамгийн арын эгнээнд суусан ч  жүжигчид яг дэргэд нь байгаа мэт харагдана, үүгээрээ онцлог. Үзэгчид маань жүжгээ үзчихээд, мэдэрсэн шаналал, ухааарал, жаргал зэрэг мэдрэмжээ тээгээд,  элдвийг эргэцүүлэн бодонгоо зугуухан уулын замаар явж байна гэж би  төсөөлдөг.

-Танд кино найруулах, зохиол бичих бодол бий юу?

  -Би нэг удаа зохиол бичиж, үзсэн. Чадахгүй юм билээ, ураад шидчихсэн. Харин кино урлагт хүч үзэх бодол бий. Гэхдээ яарахгүй энэ салбарыг маш сайн судлаад, орох бодолтой байгаа.

    Бид найруулагч М.Батболдтой энэ удаад ийн ярилцлаа. Уншигч та бүхэн түүний авьяас билиг, сонин шийдэл, сонирхолтой найруулгаар Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжиг хэрхэн илэрч гарахыг тольдон нэг хараарай. Дараа кино найруулагч М.Батболдтой та бүхнийг уулзуулж, кино урлагийн сонин сайхан, хэрхэн эвдэж, элдэвлэж бүтээсэн тухай ярилцах өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байна.


НАЙРУУЛАГЧ М.БАТБОЛД: Найруулагч хүн амбицгүйгээр хол явж чадахгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188