• Өнөөдөр 2024-03-29

ЖҮЖИГЧИН Ш.ДАВААСАМБА БУЮУ МӨН ЧАНАРЫН УРАН БҮТЭЭЛЧ

2022-09-23,   1730

      Өмнө минь насныхаа талыг тайз, дэлгэцийн урлагт зориулсан даруухан нэгэн зочин сууна. Нас хэвийж, насны амралтад суугаа ч уран бүтээлдээ орсоор л яваа энэ буурай Монголын тайз, дэлгэцэд бүтээгээгүй дүр байхгүй мөртлөө авьяас, хөдөлмөрөө өдгөө хүртэл үнэлүүлж чадаагүй л яваа нэгэн. Гэвч уран бүтээлч хүний цаг барьдаг, аливаад яг таг зан чанар бат суусан нь товлосон цагтаа ирснээс илт харагдана.  “...Нас явахаар дүр тодорхой болдог юм байна. Залуу байхад ямар ч дүрд  хувирдаг байлаа...” хэмээн тэр хүнгэнэсэн хоолойгоор өгүүлнэ. “Таны хоолой яг л радиогийн хүний хоолой шиг юм байна” гэхэд, “Үгүй ээ, өвгөн ахынх нь хоолой харин ч харьчихаад байна” хэмээн инээх түүнийг уншигч та танихгүй. Учир нь бидний ярианы эхлэл хэсэг энэ.     

    Харин “Үүрийн цолмон” киноны Дамба, "Намрын халуун өдрүүд" киноны Насанбат, "Би нисэх дуртай" киноны моторчин, “Тод магнай” киноны шарга морины уяач Догмид, "Наран ургахыг хүлээхүй" киноны туульч өвгөн Соёлын тэргүүний ажилтан Ш.Даваасамбатай ярилцлаа гэвэл уншигч та шууд л танина байх. Ингэхдээ үргэлж морь, мал, бригадын дарга, эсвэл монгол ёс уламжлал сайн мэддэг хүний дүрд оноогддог нь түүний гол суурь мэдлэгтэй холбоотой. Үндсэндээ Ш.Даваасамба гуай 25 нас хүртлээ малчин ахуйд өсөж, морь малтай харилцах, монгол аж ахуйн ухаанд сайтар суралцсан нь монгол киноны мөн чанартай дүрүүдийг бүтээх гол нуруу болсон юм билээ. Цааш бидний яриа ийн өрнөсөн юм.

Монгол ёс уламжлал сайн мэддэг хүний дүрд оноогддог нь түүний гол суурь мэдлэгтэй холбоотой.

-Таныг монгол ахуйд сайтар суралцсан гэдэг. Энэ нь таныг кинонд дүр бүтээхэд ихээхэн нөлөөлсөн болов уу?

          -Ах нь 25 нас хүртлээ л мал дотор өссөн хүн. Малчин хүн гэдэг бол байгаль дэлхийнхээ ааш араншинг мэдэхээс гадна ажилтай, өлчир чийрэг болж, амьдралын ухаанд сурдаг. Энэ ч утгаар анх найруулагчид намайг монгол ахуй, иргэншил сайн мэддэг гэдгээр маань шалгаж авсан болов уу. Увс аймгийн Хөгжимт драмын театрт ороод хоёр жил болж байтал “Манай театрын нэг жүжигчин намайг “Даваа чинь одоо үргэлж монгол дээл өмсөж, гаансаар тамхи татаж байх юм” гэж шүүмжилж байсан. Дараа нь өнөө хүнийг маань гаанс барьсан малчны дүрд найруулагч хувиарлалаа. Тэгсэн гаансаа буруу бариад болдоггүй. С.Гэндэн найруулагч “Чи Ш.Даваасамбыг тамхи татахыг шүүмжилж байхаар, гаансаа яаж барьдагийг нь харж байхгүй яасан юм” гэсэн.

Сүүлийн үеийн уран бүтээлчид  дээл зөв өмсөх, гаансаа зөв барих, морь унах зэрэг ахуйн талын үйл хөдлөлд алдаад байгаа харагддаг

     Ингэхдээ Ш.Даваасамба жүжигчин энэ бүхэнд дөртэй, мөн чанараасаа байдгийн гол зүйл нь “Хэрвээ би” гэдэг зүйлийг дүрүүддээ ягштал баримталж, дүр бүрийнхээ дотоод мөн чанар руу нэвтэрдэг арга барилаа онцлон ярьж байлаа. Ардын жүжигчин С.Гэндэн гуай бол түүнийг Увс аймгийн хөгжимт драмын театрт ажиллаж эхлэх үед найруулагчаар нь ажиллаж байсан бөгөөд Ш.Даваасамба гуайг урлагт хөтөлж, дэлгэцийн уран бүтээлд орох “гүүр” нь болж байсныг бидний ярианы дараагийн хэсэгт тодорхой өгүүлэх болно.

   -Театрт орж, уран бүтээлч болсон он жил болон анхны дэлгэцийн дүрийнхээ тухай та яриа дэлгээч?

         -Өвгөн ах нь аравдугаар анги төгсөөд МУИС-ийн хэл, уран зохиолын хуваарь авах гэж байлаа. Гэтэл аав маань “Чамайг сургуульд явуулж чадахгүй нь. Аав нь нас өндөр болсон. Тракторчин бол” гэж байсан. Тэгээд Баруунтурууны сангийн аж ахуйд таван жил тракторчнаар ажилласан. Тэгээд 1972 онд Увс аймгийн Хөгжимт драмын театр байгуулагдаж, тухайн үед Н.Цэгмид багш тэргүүтэй уран бүтээлчид бүх сумаар явж, театрт ажиллах уран бүтээлчдийг шалгаж авсан.

  Энэ үед нь хамт надтай хамт тракторчнаар ажиллаж байсан Хорхой гэх хүн бид хоёр шалгалт өгсөн юм. Тухайн үед Баруунтуруунаас 68 хүн шалгалт өгч байснаас Хорхой маань 38, би 39 дэх ээлжид шалгууллаа. Миний ээлж ирж, шалгалтын өрөө рүү яваад ортол, дандаа киноноос харж байсан хүмүүс сууж байна аа. Ороод л морь, бөх гээд мэддэг зүйлсээ ярьж гарлаа. Дуу ч дууллаа. Тэгсэн Н.Цэгмид багш “За, би ганц сайхан драмын жүжигчин олж авлаа” гэснээр анх театрын жүжигчин болж байлаа, ах нь.

 -Театрт очоод хамгийн анхны дүр нь ямар дүр байв. Малчин байж байгаад тайзан дээр гарах их сонин мэдрэмж байсан болов уу гэж бодож байна?

         -Увс аймгийн Хөгжимт драмын театр С.Гэндэн багш анхлан “Алдагдсан тамга” жүжгийг найруулан тавьсан юм. Тус жүжигт багш маань надад гурван туслах дүр өгсөн. Түүнээс хойш үндсэндээ 1972-1998 он хүртэл Увс аймгийн Хөгжимт драмын театрт тоглосон бүх уран бүтээлд оролцож, хоёр жүжигт туслах дүр, бусад нь цөм гол дүр авч байлаа. Аль нэг жүжигт дүр авсан уран бүтээлчид ажил гарах, ямар нэгэн байдлаар байхгүй байх үед найруулагч маань ямар ч сургуулилтгүйгээр намайг авдаг байсан.

      Үнэхээр Ш.Даваасамба гуай Увсын Хөгжимт жүжгийн театрт "босоо" байж, тайзны олон ч уран бүтээлд цойлж явсан юм билээ. Дэлгэцийн ч жин дарсан бүтээлүүд түүнийх.

     Анхлан "Үүрийн цолмон" киноны Дамбын дүрд 32 настай байхдаа л тоглож, ид сайхан насаа мөнхлөн үлдээсэн байдаг. Залуу мөртлөө монгол ёс уламжлалаа сайн мэддэг, ул суурьтай, нүдний харц, үйл хөдлөл, хэлэх үг  нь цаанаа нэг мөн чанартай, үнэн байсан нь алтан үеийн ахмад найруулагчдын хараанд өртөж, "Айхтар хүүхэд байна шүү" гэж битүүхэндээ магтуулж тэр уран бүтээлийн замаа эхэлсэн байдаг. Уншигч та санаж байгаа бол "Үүрийн цолмон" киноны Дамба бол хачин хашир туршлагатай уран бүтээлчийн дүр. Ёстой л нэг, жигдэрч яваа мэт. Ийм дүр мөртлөө анхны дүр нь байсан гэхээр ямархан тогтоцтой уран бүтээлч гэдэг нь харагдах байх. Тэр монгол өв соёлтой холбоотой ямар л дүр авсан Ш.Даваасамба жүжигчин найруулагчаас нэг их чиглэл аваад байхгүй, өөрийнхөөрөө л жүжиглэдэг байсан гэдэг. Үүгээрээ тэр алтан үеийн найруулагч нарт амар, олон хэлүүлж, эв дүйг нь олуулах гэж зовохгүй, өөрөөрөө л тоглодог байснаараа ховор уран бүтээлч.

 -Аав тань нас өндөр гарсан гээд таныг сургуульд сургахгүй гэж байсан тухай ярьсан. Харин уран бүтээлч болоход юу гэсэн бол?

        -Аав, ээж хоёр минь хоёулаа л баярлаж байсан. "Үүрийн цолмон" кинонд тоглоод ирэхэд ээж, "Хүүгийн минь толгойд сорви байна уу" гэж үзэж байсан. Тэр кинонд сорвитой тоглодог байхгүй юу.  Жүжигчин хүн тэгээд бүх дүрээр амьдардаг нь хамгийн сайхан. Сүүлд гэхэд би, сүнс, лам, архи уудаг хүний дүрд ажиллалаа. 

-С.ГЭНДЭН, Ж.БУНТАР, Б.СУМХҮҮ НАЙРУУЛАГЧИД НАМАЙГ УРАН БҮТЭЭЛИЙН ЗАМД ХӨТӨЛСӨН-

    -Та Ж.Бунтар, С.Гэндэн найруулагч гээд алтан үеийн соруудтай хамт байж, тэднээс суралцсан хүн. Хэнтэй нь илүү ажиллаж, арга барилыг нь илүүтэй тусган авч байсан бол?

  -Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ж.Бунтар гуайн хоёр кинонд,  Б.Сумхүү гуайн нэг уран бүтээлд ажиллаж байлаа. Найруулагчийн ажиллагаа гэдэг бол жүжигчдээсээ их хамаарна. Сүүлийн үеийн залуу найруулагчид надад санал тавихаар би "Өөр орох хүн байхгүй юу" гэж наргидаг юм. Тэгэхээр "Танд ямар ч их зан байхгүй" гэж надад цаасан малгай өмсгөн, хөөргөнө. Ингэж залуу хойч үедээ хүндлүүлж байгаа минь "Сайн хүний үр нутаг усандаа хүндтэй, сайн багшийн шавь явсан газраа хүндтэй" гэдэг шиг С.Гэндэн, Ж.Бунтар, Б.Сумхүү гээд алтан үеийн мундаг найруулагчдын минь ач гавьяа юм. Тэд л намайг анхлан жүжиг, кинонд авч байсан.  Анх "Үүрийн цолмон" кинонд явж байхад, кинонд тоглож байгаа уран бүтээлчид дээд талдаа гурав дахиж,зургийн хэсгээ авахуулна. Гэтэл киноны зураг дууссан чинь найруулагч надад гурван төгрөг өгдөг юм. Гайхаад, "Багшаа, энэ юу вэ" гэсэн чинь "Чи нэг ч удаа дахиулаагүй. Хэсэг бүрдээ ганц, ганц зураг авхууллаа" гэсэн. Тэр бол С.Гэндэн багшийн зааж сургасанчлан "Хэрвээ би" гэдэг зарчимд орж, тухайн зохиол дээрх өөрт оногдсон дүрээ мэдэж, зөв дотоод мөн чанарыг нь ойлгох юм бол найруулагч, зураглаачаа зовоохгүй. "Хэрвээ би" гэдэг зарчмыг тухайн үед курсийн хичээлээр бидэнд заадаг байлаа.

  -Магадгүй бид таны залуудаа тоглосон уран бүтээлийг үзээгүй байж мэдэх юм. Тэгэхээр ямар уран бүтээлийг тань хүмүүс илүү мэдэх бол. "Миний тийм дүрийг хүмүүс андахгүй дээ" гэсэн өөрийн мэдрэмж байдаг болов уу?

   -Анхны уран бүтээл болоод тэгдэг юм уу "Үүрийн цолмон" киноны нэгдлийн дарга Дамбын дүр, "Намрын халуун өдрүүдийн нэгдлийн дарга Насанбатын дүрийг их ярина. Сүүлийн үеийн уран бүтээлээс гэвэл "Эрт нахиалсан сарнай" киноны Монош өвгөн, "Улаан эрэг" киноны Цэрэн даргын дүр байна.

     -Ингээд харахаар даргын дүрд их тоглосон байдаг юм байна шүү дээ?

    -Тийм ээ, даргын дүр голдуу бий. Лам нарын дүр ч байна. Одоо бол дандаа л өвөөгийн дүрд тоглож байна даа. Дүрийн хувьд эсрэг дүрд тоглоход их баян. Харин эерэг дүр нь нэг өнгөтэй. "Улаан эрэг" киноны Цэрэнгийн даргын дүр бол их том дүр. Хэлмэгдлийн үеийг харуулсан ажиллагаа ихтэй ч уран бүтээл байдаг.

   -Одоо бол та аав, өвөө, ах, уран бүтээлч гэсэн дүрд амьдарч яваа. Амьдрал дээрх дүртэйгээ адил дүрд  оноогдохоор арай ойр буудаг болов уу?

  -Ойр, ойр. Нэг удаа ач хүүтэй өвөөгийн дүрд ажиллаа. Өөрөө ач, зээ нартай болохоор ойр санагдсан. Тэгээд л яг ач хүүтэйгээ ярьж байгаа юм шиг ярьсан чинь найруулагч хачин магтаж, хөөргөсөн. Тэгэхээр өөрт ойр дүр илүү үнэн гардаг юм болов уу. Одоо уран бүтээлчид автомат маягаар жүжиглэх гээд байгаа тал анзаарагддаг. Найруулагч баян хүний дүр өгөхөөр баян хүн шиг харагдах гээд хичээгээд байдаг. Уг нь тухайн дүрийнхээ дотоод мөн чанарыг илүү таньж, өөртөө суулгаж байгаад тогловол илүү үнэн гарч, үзэгчдэд хүрнэ.

   Сүүлд "Нийслэл хүүхэн" гээд кино гарлаа. Мориоо шонд уясан болоод гэр рүү гүйхээрээ орж байна. Морь унах, уяан дээр буух үйл явц өөрөө нарийн шүү дээ. Цөм монгол ёс, уламжлал шингэсэн, утга учиртай. Гэтэл хам, хум буугаад л , уясан болоод л орчихно. Кинонд ийм зүйлс алдагдаад ирэхээрээ амьгүй болоод байгаа юм. Үүнийг найруулагч нь сайтар харж, уран бүтээлчээ чиглүүлж өгөх нь чухал.

-ГАВЬЯАТ ЦОЛ ӨГВӨЛ АВНА, ӨГӨХГҮЙ БАЙСАН Ч ЯАХ ВЭ, АРД ТҮМЭН УРАН БҮТЭЭЛИЙГ МИНЬ МЭДЭЖ БАЙГАА-

   -Гавьяат цолыг өгөөгүй тухай хүмүүс ярьдаг. Мэдээж хүн хийсэн бүтээснээ төрдөө үнэлүүлэхийг хүсдэг байх. Таны хувьд шагналын тухайд ямар бодолтой байдаг бол?

         -Ах нь юу бодох вэ. Гавьяат цол өгвөл авна, өгөхгүй байсан ч яах вэ. Ард түмэнд дүр минь хүрч, уран бүтээлийг минь мэдэж байхад л боллоо. Хүмүүс л гавьяат авах нь цаг нь боллоо гэдэг.

    Үнэхээр Увс аймгийн ард түмэн бол түүний тайзны дүрүүдийг андахгүй. Харин дэлгэцэд тос даасан, хүн чанар үнэртсэн дүрүүд нь өдгөө ч бидэнд дотно дулаан. Түүнээс, "Тоглосон уран бүтээлээ эргээд үзээд сууж байх сонин мэдрэмж байх" гэж асуухад "Хорь гаруй наснаас хойш театр болон дэлгэцэд хамаг амьдралынхаа цаг хугацааг зарцууллаа. Залуу насны минь сайхан бүхэнд мөнхрөн үлджээ. Тоглосон киногоо эргээд үзэхэд, тухайн үеийн дурсамж бодогдож, хамт мөр зэрэгцэн ажиллаж байсан уран бүтээлчид минь бодогдоод байдаг юм" гэсэн юм. Тэрбээр сүүлд "Гүртэн", "Амьд бус амьдрагсад", "Хайрцаг" зэрэг кинонд тоглосон. Удахгүй үзэгчдийн хүртээл болгохоор зэхэж байгаа аж. Тэгээд "Одоо харин нэг уран бүтээлийн дүрд ажиллаж байна. "Бороо орохоор, зураг авна. Таныг дуудна шүү" гэж байсан. Ойрд бороотой гэнэ үү" гэсээр бидний яриа өндөрлөсөн юм.


ЖҮЖИГЧИН Ш.ДАВААСАМБА БУЮУ МӨН ЧАНАРЫН УРАН БҮТЭЭЛЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-23 08:51:49
    зочин: Гаадамба юм уу Даваасамба юм уу
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188