• Өнөөдөр 2024-05-05

Ж.ЛХАГВЫН ОХИН НАРАНДУЛАМ: Аав минь гуниг, шаналангаа хэнд ч үзүүлээгүй. Харин олон хүнд гуниг, шаналан үлдээгээд одсон гэж боддог

2022-09-25,   1739

“Би аавыгаа дайсангүй амьдарсан хүн гэж боддог” хэмээн ярьж зогсоо түүний Л.Нарандулам гэдэг. Монголын орчин үеийн уран зохиолын нэрт төлөөлөгчдийн нэг, богино өгүүллэгийн мастер Ж.Лхагва агсны охин. Л.Нарандулам өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан Үндэсний номын баярт оролцохоор аавынхаа номнуудыг баглаад Дархан-Уул аймгаас ирсэн нь энэ. Өмнө нь хэд хэдэн удаа цахимаар холбогдож ярилцлагаа хийхээр төлөвлөөд байсан ч боломж, нөхцөл нь бүрдэхгүй явсаар энэ хүргэсэн юм л даа. Тиймээс ч номын баярын сүүлийн өдөр учраад “Ярилцлагаа эхлэх үү” гэхэд дургүйцэлгүй хүлээж авсан юм. Уншигч таныг нэрт зохиолч Ж.Лхагвын охин Л.Нарандуламтай “уулзуулж” байна.

-ААВ МИНЬ МАРЗАН, ШООЧ ХҮН БАЙЛАА-

-Сайхан намаржиж байна уу. Их холоос номын баярт оролцохоор ирж ээ?

                 -Аавынхаа “Алаг чулуу”, “Атга чулуу”, “Шөнө ногоо ургадаг” тэргүүтэй ном, сонсдог номыг авч ирлээ. Номын баяр дуусахаар эргээд галт тэргээр Дархан явна.

-Та эхээс хэдүүлээ юм бэ. Бага насаа аавынхаа төрж, өссөн Дорноговь нутагт өнгөрүүлэв үү. Өөр газар өссөн үү?

                 -Би эхээс гурвуулаа. Аав, ээжтэйгээ хотод л өсөж, том болсон доо.

-Монголын урдаа барих зохиолчдын нэг Ж.Лхагвын охин гэж дуудуулах бахдал байх?

-Мэдээж, ааваараа бахархахгүй өөр хэнээр бахархах вэ дээ.

-Ж.Лхагва агсан 50 гаруйхан насандаа өөд болсон. Шинэ, залуу үеийн уншигчид Ж.Лхагва гэж хэн, ямар хүн байсныг төдийлөн сайн мэдэхгүй болов уу. Таны аавын талаар олон хүн өөр өөрийнхөөрөө дурсаж, ярьсан байдаг. Харин та аавыгаа хэрхэн харж, үнэлдэг байв. Сүүлд гэхэд Б.Догмид гуай “Уран үгсийн чуулган” дээр дурсаж ярьсан нь олон ч хүнд хүрсэн дээ?

                 -Аав минь уухдаа уучихдаг байсан. Хэчнээн уулаа ч өөрийгөө хянадаг, архийг ажил, амьдралтайгаа хольдоггүй хүн байлаа. Гэртээ ч, гадуур ч хиртэй, бохир хувцастайгаа явдаггүй нэгэн байсан юм. Зуслан руу гарахаар модон дунд алхах дуртай. Хөдөө гадаа очихоор дотор орохгүй. Ганцаар л эвхдэг ор дэлгээд гадаа унтаад өгчихдөг хэнэггүй сайхан эр байлаа.

-Найз нөхдөдөө элэгтэй, ажилдаа зарчимч хүн байсан гэж дуулж байлаа. Гэрээрээ үзэгдэхгүй их завгүй хүн байв уу?

                 -Амрах, ажиллах хоёроо сайн төлөвлөж, зохицуулдаг хүн байлаа. Амралтын өдрүүдээр өглөө эртээ сэрээд будаатай цай чанаж ууна. Миний аав мах ихтэй хоолонд сайн. Гэртээ ч хүн урих их дуртай. Манайхаар хүн тасрахгүй. Аавтай уулзана гэсэн улсууд ээлж дараалан ирэхэд ээж маань тэр бүрд л тогоогоо тавьж, яс чанадаг айл байлаа. Би ч жаахан байсан юм болохоор төвөгшөөдөг л байсан. Харин ээж маань тэр бүрд тогоогоо тавьж, зочин, гийчин ирэхээр хамт хөхрөлдөөд л суудаг байлаа.

-Тэгээд хэдий завандаа тэр их зохиол, бүтээлээ бичдэг байсан юм бэ?

                 -Миний санахын шөнө л их сууж бичдэг байсан. Аав маань орой тарж ирээд, хоолоо идсэнийхээ дараа хүүхдүүд ид шуугилддаг үеэр хэсэг хажуулдаж авна. Тэгээд биднийг унтах үеэр босож юмаа бичээд суучихдаг байж билээ. Хаа нэг шөнө дунд сэрээд харахаар, аав босоод суучихсан, лааны гэрэлд үзгээ хөдөлгөж харагддаг сан. Тэр их ажил, зохиол, бүтээлийн хажуугаар хэдий завандаа хүүхдүүддээ цаг гаргаж, унтдаг байсан юм бол оо гэж хааяа боддог.

-Олон хүний дурсаж ярьсанаар Ж.Лхагва агсан их алиа хүн байсан юм шиг. Гэртээ, үр хүүхдүүдтэйгээ хэр наадаж, алиалдаг байв?

                 -Аав минь марзан, шооч хүн. Хүний хэлсэн үг, бичсэн юмны өө андахгүй. “Рашаантын 18” дууны “Нүглээс айдаг хөгшин ээж минь” гэх мөрийг дуулахаар гэмтэй этгээд байсан юм уу” гээд л “Одоо намайг тоохоо больжээ” гэдгийг нь дуулангуут “Ядарсан юм бэ дээ, наадах чинь” гээд л хөхөрч суудаг сан.

-Одоо эргээд санахад аавтайгаа өнгөрүүлсэн хамгийн сайхан мөч, мартагдашгүй дурсамж юу байна вэ?

                 -Аав минь Москвад Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд сурч байхдаа намайг хойно сургуульд оруулахаар дагуулж явсан юм. Дөнгөж Монголдоо нэгдүгээр ангиа төгссөн охиноо Орост аваачиж дахин нэгдүгээр ангид элсүүлэхээр явж яваа нь тэр л дээ. Тэгж очоод аав бид хоёр Горькийн сургуулийн дотуур байранд сар гаруй хамт амьдарсан. Сайхан ч цаг хугацаа байлаа даа. Харин би ээжийгээ санасаар сар болоод л буцсан юм. Аав минь намайг Москвагийн өртөөн дээрээс галт тэргэнд суулгаж өгөөд л үлдсэн сэн. Би ч яах вэ, тав хоног галт тэргээр яваад ээж дээрээ ирж байгаа юм (инээв).

-Жаахан охин байхдаа Москвад очоод, бүр Горькийн сургуулийн дотуур байранд аавтайгаа хамт амьдарч байсан тэр цаг хугацаа сайхан бас сонирхолтой өнгөрсөн болов уу?

                 -Торхтой зайрмагнаас өөр зайрмаг ч мэдэхгүй жаахан охин аавтайгаа хамт Москва хотод амьдарсан сарын хугацаа гайхалтай шүү дээ. Мартагдашгүй дурсамж. Аавын суудаг Горькийн сургуулийн дотуур байр байдаг Добролюбовын гудамжинд нэг дунд байдаг байлаа. Уг нь тэр сургуульд намайг оруулсан юм.

-Таны ээж хаанахын хүн бэ. Аав, ээж хоёр тань анх хэрхэн танилцаж байсан тухайгаа ярьдаг байсан уу?

                 -Ээж минь Төв аймгийн Угтаалцайдамын хүн. Аав, ээж хоёр хоёул Киевт сургууль төгссөн. Киев төгссөнийхөө дараахан аав Сэлэнгийн ДЦС-д хуваарилагдахад ээж маань намын ажлаар Сэлэнгэд ажиллаж таарсан юм билээ. Анх уулзахдаа ээж аавтай оросоор мэндэлсэн гэсэн. Харин аав “Аа, энэ орос хүүхэн байсан юм байна шүү дээ” гэж бодсоор л танилцсан гэж ярьдаг байлаа.

-Аавыгаа “Түүнд л шаналж явж дээ”, “Тийм байж дээ” гээд л бодож, санаа зовних үе гардаг л байх?

-Би аавыгаа гуниг, шаналангаа хэнд ч үзүүлээгүй хүн гэж боддог.

-Өөд болсных нь дараа ч Монголын олон зохиолч таны аавын тухай гэгээн дурсамж, дурдатгалаа бичиж, уншигчдын хүртээл болгож байв. Тэр бүрд л “Охин Л.Нарандулам нь гэрч болно” гэсэн байх юм билээ. Аавынхаа андлал, нөхөрлөлийг батлах хүн болсон доо?

                 -Би аавыгаа дайсангүй амьдарсан хүн гэж боддог. Аавд минь дургүй хүн байгаагүй. Өөд болсных нь дараа аавын минь тухай бичсэн дурсамж, тэмдэглэл өдгөө ном болсон. Аавыгаа олон хүнийг шаналуулж, гуниг үлдээгээд явжээ гэж боддог.

-Аав тань юу захидаг байв?

                 -Тэгж их хүнд сургаал айлдаж, суртал ухуулга хийдэггүй хүн байсан.

-Та багадаа шүлэг, зохиол бичиж байв уу. Аавынхаа зам мөрийг дагах бодол төрдөг байсан уу?

                 -Багадаа ганц нэг шүлэг бичээд уншиж өгөхөөр аав, Б.Догмид ах хоёр “Болж байна” гэдэг байсан. Одоо бодоход жаахан хүүхдийн урмыг бодож л хөөргөж байгаа хэрэг л дээ. Аав минь “Эмэгтэй хүн зохиолч болох дэмий” гэдэг байсан юм. Эмэгтэй хүн зохиолч болохоороо гэрийн эзэгтэй байх, ээж байх үүргээ умартдаг гэж хэлдэг байлаа.

-АНХ ТАНИЛЦАХДАА НӨХРИЙГӨӨ Б.БААСТ ӨВӨӨГИЙН ЗЭЭ ГЭЖ ЯАЖ МЭДЭХ ВЭ ДЭЭ-

-Таны гэр бүлийн хүн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Бааст гуайн зээ хүү. Монголчуудын урдаа барих хоёр том зохиолчийн үр хойч нэг гэр бүл болсон нь олон хүнд сайхан санагддаг байх. Гэр бүлийнхээ тухай ярихгүй юу?

                 -Анх нөхрийгөө Б.Бааст өвөөгийн зээ хүү гэж яаж мэдэх билээ. Би хороолол руу хүргэн ахынхаа хүүхдүүдийг харах гэж очдог байсан юм. Тэгэхэд нөхрийн маань гэр хүргэн ахын дээд айл. Тэгж л бид хоёр анх танилцсан. Манай нөхөр намайг Ж.Лхагвын охин гэдгийг эхнээсээ мэдэж байсан юм билээ. Харин би л хэзээ хойно мэдсэн дэг(инээв). Сүүлд мэдсэний дараачаас Б.Бааст өвөө “Ж.Лхагва тийм хүү байсан” гэж их ярина. 20 гаруй насны зөрүүтэй учраас аав маань Б.Бааст өвөөд хүүгээс нь л ялгаагүй байжээ гэж боддог.

-Одоо танай гэр бүл өнөр өтгөн болсон биз. Дархан-Уул аймагт суурин амьдарч байна уу?

                 -Бид хоёр гурван хүүхэдтэй болж, Улаанбаатарт амьдарч байгаа. Харин би төрийн алба хаагч учраас Дархан-Уул аймагт томилогдоод ажиллаж байгаа юм. Том охин маань аавтайгаа хотод, арван жилд сурдаг хоёр бага маань Дарханд надтай хамт суугаа.

-Танай гэр бүлийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Бусад айлаас илүүтэй урлаг, уран зохиолын тухай яриа их өрнөдөг болов уу гэж бодлоо?

                 -12 настай дунд хүү маань Ж.Лхагва өвөөгийнхөө зохиол, бүтээлийг уншиж байгаад “Би том болоод “Эмээгүй зуны эхэн” зохиолоор кино хийнэ” гэдэг юм байна. Зохиол дээрх эмээгээ санаж нутагтаа очоод морио буруу, зөвгүй ташуурдаж давхидаг хэсгийг нь их ярина, “Кино болбол сайхан найруулгатай хэсэг болно” гэдэг юм. Том охин маань ч өвөөгийнхөө бүтээлүүдийг надаас ч сайн мэднэ. Сайн ч уншдаг. Тиймээс ч магад бусад айлд өрнөдөггүй яриа манайд өрнөдөг гэж боддог юм.

-Хүүхдүүдээс тань өвөөгөө дагаж, зохиол, бүтээл бичиж байгаа юу?

                 -Одоогоор надад лав бичиж байгаа харагдаагүй л байна.

-Аавынхаа төрж, өссөн нутагт очиж сууж тухай бодогддог уу?

                 -Аавынхаа нутагт очих сон гэж боддог. Сүүлд 2007 онд аавын минь төрсөн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ерөнхий боловсролын сургуулийг аавын нэрэмжит болгоход нь л очсон.

-Одоо Ж.Лхагва агсны номнуудаас хэвлүүлж, олон нийтэд хүргээгүй “нууц” бэлэг байгаа болов уу?

                 -Аавын минь эмхэтгэн хэвлүүлж олон нийтэд хүргээгүй сэтгүүл зүйн бүтээлүүд их бий. Одоогоор дурсамж, тэмдэглэлийн дэвтрийг нь эмхэтгэж бэлэн болгоод байгаа.

 

 


Ж.ЛХАГВЫН ОХИН НАРАНДУЛАМ: Аав минь гуниг, шаналангаа хэнд ч үзүүлээгүй. Харин олон хүнд гуниг, шаналан үлдээгээд одсон гэж боддог
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188