• Өнөөдөр 2024-04-18

МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙН ЦЭВЛЭЭ ХЭМЭЭХ СҮМБЭР УУЛ

2023-03-06,   997

       Он цагийн "наранд" саяхан л гэгээ татуулж асан залуу сайхан төрх нь гандаж, хүн чанар, хүнлэг сэтгэлийн "бороонд" жаран жил норсон өвгөн буурал сэтгүүлч өдгөө 90 насыг давж яваа. Гэсэн ч зүрх сэтгэлээсээ мөнхөд уясан бичих, бодох, бүтээх ажлаа орхиогүй, бичгийнхээ ширээнд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл бөртийсөөр л номоо баринтаглаж, нийтлэлээ бичиж сууна. Тэр бол сэтгүүл зүйн салбараас төрсөн анхны Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Цэвлээ хэмээх эрхэм. Монголын сэтгүүл зүйн сүмбэр том уул. Тэрхүү уулын энгэр бэлд ургасан хад асга, өвс ногоо, мод бургас бүхэн түүнийг л бараадаж, нөмөр, сүүдэрт нь урган, нахиалж буй.
 
        Нэг ёсондоо түүний өвөрт ургасан олон ч сэтгүүлчид өнөөгийн нийгмийг түүчээлэн, өвгөн багшийнхаа заасан, хэлсэн, захисныг зүг чигээ болгон яваа. Олон ч сэтгүүлч багшийнхаа хэлснээр нийгмийн муу муухайгаар бугласан идээ бээрийг "шахаж", эмчлэхийн төлөө хичээн ажиллаж байгаа. Ингэж л тэр залуу сэтгүүлчдийг зөвийн салхиар илбэж, бурууг жигшин, хажуугаар нь өнгөрдөг болгон төрүүлж, төлөвшүүлсэн. Ийм л болохоор тэр сэтгүүл зүйн салбараас анхлан шан татаж Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндэт цолыг хүртсэн баатар сэтгүүлч. 
 
      “Дээлтэй судар” номоор эхэлж, “Миний сэтгүүл зүй”, "Өвөөгийн жор”, “Хөх утаа”, “Нийтлэл зүйн тухай яриа”-гаар үргэлжилсэн амьд түүх, дурсамж дуртгалын нэвтэрхий толь болсон түүний бүтээлийг мэдэхгүй хүн цөөн. Тэр дундаа “Ээж бидэн хоёр” бол сэтгүүл зүйн ертөнцөд дархлагдсан бүтээл. Ээжийнхээ тухай, тэр сайхан эмэгтэйн залуу насны тухай нүдэнд харагдтал, огт уулзаж байгаагүй биднийг "уулзтал" бичсэн. Тийм сайхан амьд дүрслэл, амьд хэл, бодит дүр төрхийн бичвэр өдгөө бүдгэрсэн ч түүний номонд тэр хэвээрээ дурайж, хаа нэг сөхөөд харахад хачин эгэл боргилын дуулал мэт байдаг. 
     
           " ...Цэнхэр даалимбан алчуур хошуулдаж, ар талаасаа хулгавчлан зангиджээ. Чихний дороос нарийн зэс утсан ээмгэнцэр санжганана. Бөгж, бугуйвч, цаг, гар утас гэж байх биш дээ. Зан нь жаахан бүрэн ичимхий, булчин шөрмөс чанга, нуруу өндөр, үс хар, нүд бүдэг давхраатай, сайн ажвал бодлогошронгуй тунгалаг. Шүд том цагаан, хацар ягаавтар, уруул зузаандуу, дух уужим, хамар шулуун, хөмсөг өргөн. Ядуу зүдүү амьдралтай айлын хайртай ганц охин..." 
 
          Ээжийнхээ ямар залуу үеийг нь ингэж нэгэд нэгэнгүй дүрсэлнэ гэдэг ээжийн хүү бүрийн хийж чадах зүйл биш. Түүний л номонд ийм сайхан амь халуун дүрслэл бий.
  
-ЦЭЛ ЗАЛУУ НАС БУЮУ 16 НАСТАЙ БАГШ-
 
           Зургаан настай, одоогоор бол сургуульд орох болсон ид үед ээж нь түүнд “Бага цагаан толгой” гэх үсгийн ном авчирч өгчээ. Тэгээд л “Нутгийн эрдэмтэн багш Ухна гуайн очиж, ном заалга” гэснээр түүний эрдэм номын гараа эхэлж байсан түүхтэй. Түүнээс хойш бага сургуулийн сурагч болж, тэгээд дунд сургууль гэж ахисаар эрдэм номын мөр хөөж, долдугаар анги төгсөөд л багш болсон гэдэг. 
 
      Энэ талаар тэрбээр “Онц сурсан хүүхдүүдэд Улсын их сургууль, Багшийн их сургуульд хуваарь өгдөг байсан юм. Надад Монгол Улсын их сургуулийн хуваарь ирсэн ч хуучин монгол гутлаасаа ичээд сургуульд явж чадаагүй. Ээжид минь надад гутал аваад өгчих бэл, мал байсан биш. Ингээд гэртээ аравдугаар сарын дунд үед байж байтал багийн дарга манайхаар ирээд намайг дунд сургуульд багшил гэсэн. Ингээд 1948 арваннэгдүгээр сарын 18-ны пүрэв гарагт анхны хичээлээ зааж байлаа” хэмээн ярьсан байдаг. Ингэж л эрдэм номын их харгуйд эргэлт, буцалтгүй дөрөө жийжээ. Ээж нь л түүнийг энэ гэгээн зам жим рүү хөтөлж, дэмжиж, урам өгсөн. Энэ үеэс л ээжийн эрх хүү хариуцлага сууж, эрхэлсэн бүхэндээ эзэн болж эхэлжээ. Түүнээс хойш бол Сумын эвлэлийн үүрийн дарга болж, аймгийн сонины эрхлэгч, тухайн үедээ л нэртэй “Үнэн” сонины эрхлэгч болж, сэтгүүл зүйд ид орж, бүтээж эхэлжээ. Залуухан сэтгүүлч, бичих их хүсэлд шатаж, шаналж, мөнхүү үнэнийг, хүний мөн чанар, шулуун шударга зан, тухайн асуудал, орчин нөхцлийн байгаа төрхийг нь буулгах гэж, бичих гэж зорьж байсан нь лавтай.
 
 
 
 
-“ҮНЭН” СОНИНЫ ЭРХЛЭГЧ БУЮУ ӨРНӨЛ-
 
         Аймгийн сонины эрхлэгчийн алба хашиж, чамгүй чамбайрч, ажил мэргэжилдээ гаршиж явсан түүнийг “Үнэн” сонины эрхлэгч болгох саналыг тухайн үеийн удирдлагууд гаргаснаар тэр нэр хүндтэй, уншигч ихтэй сонинд ажиллаж эхэлжээ. Сонин бол олон ч сэтгүүлчийн гараагаа эхлэх өлгий болсон газар. Ер бичих, туурвих нэгэн сонин л бараадаж, сонины халуун гал тогоонд хүн болж, өндийдөг. Х.Цэвлээ сэтгүүлч ч мөн энэ л зарчмаар явж ирсэн нэгэн. Тэрбээр энэ тухай “1956 оны дөрөвдүгээр сард “Лениний зам” аймгийн сонины хянагчаар томилогдсон. Энэ бол миний сэтгүүлч болох гараа эхэлсэн ажил. Хүнд ер нь тэнгэрийн томилолт, зурлага гэж байдаг. Тэр нь миний хувьд энэ байсан. Сэтгүүлч болох замыг минь ингэж зааж өгсөөр л байсан. Тэр үеийн хянагч бол сонины нарийн бичгийн дарга, эрхлэгчийг орлох хэмжээний эрх мэдэлтэй байсан. Ингээд сониныхоо Хариуцлагатай нарийн бичгийн дарга болж, 1960 оны хоёрдугаар сар хүртэл сониндоо ажилласан. Тэгээд аймгийн Ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны Соёлын хэлтсийн даргаар томилогдсон” хэмээн ярьсан байдаг. “Үнэн” бол Х.Цэвлээ сэтгүүлчийг жинхэнэ шандсыг нь сорьж, чамгүй ч ур чадварыг нэрж байсан газар юм билээ. Сэтгүүлчийнхээ хамгийн үнэ цэнтэй он жилүүдийг энэ үед өнгөрүүлснээ ч тэрбээр ярьдаг. Сонин гэдэг хатуу дэг соёлтой, өндөр хариуцлага, харилцаа шаардсан гэр бүлийн өрхийн тэргүүнээр нь ажилласан он жилүүддээ тэр олон сайхан бүтээлээ туурвижээ. Түүний бүтээлүүд өнөөгийн сэтгүүл зүйн ертөнцөд хөл тавьж байгаа, сэтгүүлчээр ажиллаж байгаа хэн бүхэнд уншихад зүг чигийг нь зааж өгөхөөс гадна нөмөр түшигтэй.
 
-БАГШААР АЖИЛЛАСАН ОН ЖИЛҮҮД-
 
      Сэтгүүл зүйн гал тогоондоо өөрөө ажиллаж, бүр удирдаж явсан хүмүүн дараа нь их сургуулийн багш болж, мэддлэг туршлагаасаа энэ салбарт хөл тавьсан хэн бүхэнд хуваалцаж байсан нь өнөөдрийн сэтгүүл зүйн хөгжилд ихээхэн нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, сайн багшаас сайн шавь төрнө. Энэ ч утгаар Х.Цэвлээ багшийн гарын шавь нар өнөөгийн сэтгүүл зүйд өнгөлж яваа. Бүр хамгийн хүн чанартай, хүнлэг сэтгэлтэй нь. Учир нь түүний эрдмийн гол түлхүүр бол хүн байх. Сэтгүүлч хүн эхлээд хүн байх тухай ярьдаг. Хүн байж гэмээнэ сайн, сайхан бүтээлийг төрүүлнэ гэсэн зарчмаар шавь нараа сургажээ. Тэрбээр 2002 оноос  МУИС-д  багшаар ажиллаж байгаад, дараа нь “Их Монгол” дээд сургуульд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Ганц шавь нар нь гэхгүй хамтран ажиллаж байсан багш нар нь хүртэл ихийг сурч, ном бүтээлээс нь ямагт уншиж, суралцдаг тухайгаа саяхан шагнал авах үед нь онцлон ярьсан байна лээ. Ингээд харахаар эл эрхэм Монголын сэтгүүл зүйд ямар мөрөөр алхаж, юу тарьж, юуг бүтээсэн гэдэг нь гаргасан ном бүтээл, ажилласан он жилүүд, төрүүлсэн шавь нараас нь бэлхнээ харагдаж байгаа юм.
 
-ДЭЛГЭСЭН ТЭРЛЭГ ШИГ ХҮМҮҮН-
 
      Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цэвлээ сэтгүүлчийг дэлгэсэн тэрлэгтэй зүйрлэж болмоор санагддаг. Тэр Монголын сэтгүүл зүйд, өөрийн алхаж туулсан энэ замд амьдралынхаа үүх түүх, бага насныхаа дурсамжийг харамгүй уудалсан нэгэн. Хүн тэр бүр бүх амьдрал, бүх түүхээ ярихгүй. Гэхдээ тэр бол сэтгүүл зүйн ертөнцөд өөрийн түүхээсээ эхлэн бичиж, бусдын жаргал, зовлон, баяр, гуниг бүхнийг хуваалцаж, дэлгэсэн хүмүүн. Ганц хийсэн бүтээсэн, бичсэн, туурвиснаар нь ингэж зүйрлэж байгаа биш юм. Түүний зан чанар, бусдад өөрийн мэдлэг туршлага, үг, сургаалиас хуваалцаж, дэмжиж, өмөг түшиг болдог зан чанар нь ч мөн тэрлэг мэт дэлгээтэй байдаг гэмээр. Үргэлжийн сайхан сэтгэл, хүн чанар, хүнлэг сэтгэлээрээ хүмүүс рүү урсаж, энэ амьдралд өөрийгөө бүрэн нээж, бусдын өмнө тавьж,  хайр энэрэл, зөв сайхан зан чанараа дэлгэн үзүүлсээр яваа хүмүүн.
 
Үүгээрээ тэр дэлгэсэн тэрлэг шиг, уудам тэнүүн тал шиг, далай шиг хүмүүн юм. 
 

       Хүн чанар, хүнлэг сэтгэл хоёр бол Х.Цэвлээ сэтгүүлчийн зүрх тархи лугаа эрхэмлэдэг зүйлс нь. Тэрбээр бичвэр, бүтээл туурвилдаа ер эл хоёр зүйлийг ягштал баримталдаг нэгэн байж. Үүнийг бид олон ч бүтээл туурвилаас нь тодорхой харагддаг. Сэтгүүл зүйд бодит үнэн гэсэн зүйлийг баримталхаас гадна хүн чанар, хүнлэг сэтгэл, бусдыг хайрлах хайрыг туг мэт мандуулж, Монголын сэтгүүл зүй гэх өрх айлын үргэлжийн дүүрэн сэтгэлтэй хүү нь тэр юм. Тийм л дүүрэн сэтгэлээр, өөрийнхөө "Хүүхэд зантай, хөөрхөн ааштай яваарай" гэдэг үг шигээ амьдарч, өнөөд ч зөөлөн гэгээн сэтгэл, хүүхэд шиг сониуч, хүүхэд шиг юм бүхний сайхныг олж хардаг гэгээн чанараар сэтгүүл зүйн салбарыг хөтлөн түүчээлж, мөнхлөн дархалсаар байна. 

-ОДОО Ч ТЭР БИЧИЖ СУУНА-

             Зарим хүн аятайхан нэр алдар, шагналд хүрээд л хийж байгаа зүйлээ зогсоож, ханах нь бий. Тэгвэл Х.Цэвлээ сэтгүүлчийн хувьд хэзээ ч зогсож байгаагүй. Ямар ч гавьяа шагнал хүртэж, хийсэн бүтээснээ үнэлүүлсэн ч тэр хэзээ ч ханаж байгаагүй. Үргэлж чих сонор, үг мэргэн, үзэг хурц байсаар, бичсээр ирсэн. Өнөөдөр ч бичсээр л суугаа. Түүний энэ байдлаас сэтгүүлч мэргэжил тэтгэвэрт гардаггүй, сэтгүүлчийн эрэл дуусдаггүй гэдгийг харж байгаа болов уу. Тэрбээр өнгөрсөн зун Хөдөлмөрийн баатар цол хүртээд сэтгэгдлээ хуваалцахдаа "Миний амьдралын утга учир, агуулга бол сэтгүүл зүй. Монголын сэтгүүл зүй Отгонтэнгэрийн орой шиг их ноён оргил хүрнэ гэдэгт итгэлтэй байна" гэж байсан. Үнэхээр ч сэтгүүл зүй оргил хүрэхийг өөрийн биеэр үлгэрлэн харуулж, сэтгүүлч ажил мэргэжилдээ тууштай зүтгэж, нийгмээ эмчилж чадвал оргилд хүрч, хөдөлмөрөө үнэлүүлж болдог гэдгийг тод харуулсан. Умгар бор гэртээ, сөөсгөр ээжийнхээ өвөр дээр өссөн хүний ганц хүү тэр Монголын сэтгүүл зүйн мөнх цаст оргил билээ. Түүний үзэг үргэлжийн хурц байж, олон ч бүтээлийг төрүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.


МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙН ЦЭВЛЭЭ ХЭМЭЭХ СҮМБЭР УУЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188