• Өнөөдөр 2024-05-05

МУГЖ Х.ГАНХУЯГ: Г.Доржсамбуу багшийгаа бурхан болохынх нь өмнө “Цусан тахилга” жүжгийн дүрээрээ хачин их баярлуулж байлаа

2022-08-09,   1086

    Монголын тайз, дэлгэцийн гүндүүгүй сайхан уран бүтээлчдийн нэг Монгол Улсын Гавьяат жүжигчин Х.Ганхуягийг Сүхбаатар аймгийн Дарьганга сумын шилийн сайр эр Торой бандийн дүрээр нь уншигч та андахгүй мэднэ байх. Борог даруу, эгэл жирийн шилийн сайн эрийн дүрээр үзэгч олондоо хайрлагдаж, төрж, өссөн нутаг усныхаа төлөө зүрх сэтгэлээ зориулдаг түүнийг ярилцлагынхаа зочин хойморт урилаа. Тун саяхан Монгол Улсын Гавьяат жүжигчин гэх эрхэм цолыг хүртсэн түүнтэй ийн ярилцлаа.

 

   -Сайн байна уу. Юуны өмнө танд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэнд халуун баяр хүргэе. Энэ сайхан шагналыг их орой хүртэв үү гэх нь ч байна. Баярын сэтгэгдлээсээ хуваалцаад яриагаа эхлэх нь зүйтэй болов уу?

          -Орой авсан гэж бодохгүй байна аа. Эрт, орой нь хамаагүй уран бүтээл, хийсэн бүтээснээ төрдөө үнэлүүлж, энэ сайхан эрхэм хүндтэй цолыг хүртсэндээ баяртай байна. Манай ангиас Б.Нармандах, Ц.Төмөрхуяг хоёр Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртсэн бол гуравт би хүртэж байна. Ингээд ангиас маань гурван гавьяат төрлөө.

 -Шагналаа авах мөчид аав, ээж, уран бүтээлийн дөрөөнд хүргэсэн багш нараа бодож байсан болов уу гэж бодож байна?

        -Мэдээж шагнал авч зогсоход янз бүрийн зүйл бодогдолгүй яах вэ. Ээж маань 90 настай буурай хүүгээ гавьяатын тэмдгээ зүүгээд гарч ирэхэд Сүхбаатарын талбай дээр зогсож байсан. Ээж маань л их баярласан байх гэж бодсон. Аав маань залуудаа бурханы оронд очсон. Багш нарын тухайд хүмүүсийн сайн мэдэх “Говийн зэрэглээ” киноны Арслан буюу Г.Доржсамбуу, Ц.Раднаа багш маань байна. Мөн Догшин харын дүрээр нь монголчуудын сайн мэдэх болсон  Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Нямсүрэн гуай бол миний театрт орж, уран бүтээлч болоход минь хамгийн том нөлөө үзүүлсэн хүн. 1984 онд Кино драмын анги төгсөж очиход, театрын багш, сурган хүмүүжүүлэгч минь байлаа шүү дээ. Уран бүтээлч болоход минь зааж, зөвлөж, сургасан болохоор Л.Нямсүрэн гуай минь бодогдож л байлаа.

 -Найруулагч, Г.Доржсамбуу, Л.Нямсүрэн багш нарынхаа талаар дэлгэрүүлж ярьж өгч болох уу. Ер уран бүтээлчийнхээ хувьд ямар хүмүүс байв?

     -Кино драмын ангийг төгсөөд, Соёлын яамны томилолтоор театрт дөрвөн жүжигчин очсон юм. Тухайн үед Г.Доржсамбуу багш ерөнхий найруулагчаар очсон байлаа. Тэгээд л багшийнхаа гол жүжгүүдэд ажиллаж эхэлсэн дээ. Хамгийн анх “Эмч нар” жүжгийн Машбат гэх туслах дүрийг авч ажилласан байдаг юм. Их романтик залуугийн дүр байсан даа. Дараа нь Г.Доржсамбуу багшийн найруулга алдарт Т.Жаргалсайханы “Буцах хаяг” жүжгийн Зоригоогийн дүрд тоглосон. Тэгээд ер нь олон сайхан найруулагчтай хамт ажилласан даа.

-Театрт хэчнээн уран бүтээлийн гол болон туслах дүрд оролцсон байдаг вэ?

     -Театрт арав гаруй жил ажилласан. Тэгээд 1990 оны ардчилсан хувьсгал гэж хэсэг пижигнэхэд уран бүтээлээсээ түр завсарлага авсан юм. Театрт гол болон туслах дүрд ажилласан 60-70 уран бүтээл бий. Сүүлд таетраасаа түр хөндийрөөд, эргээд ажилдаа ороогүй, кино уран бүтээл рүү гүнзгий орсон доо.

   -Жүжигчин мэргэжлийг яагаад сонгох болсон бэ. Таныг урлагт хөтөлсөн хүн бий болов уу?

        -1980 онд Сүхбаатар аймгийн арван жилийг төгсөхөд, аз болж, Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Д.Маамхүү багш маань Кино драмын ангидаа элсэлт авч таарсан юм. Тэгэхэд Кино драмын жүжигчний анги хоёр жил өнжиж нэг элсэлт авдаг байсан үе л дээ. Өөрөөр хэлбэл, цаанаасаа бодлогоор авдаг байсан. Одоо бол хүүхдүүдийг олны танил болно гэсэн сэтгэл дээр нь дөрөөлж, хэтэрхий хурдан уран бүтээлч болгох гээд байх шиг санагддаг.  Арван жилдээ бол ангидаа дуулдаг, хуурддаг нь байв. Улсын урлагийн уралдаан, тэмцээнд оролцож, түрүүлнэ.  Мөн ангийнхаа урлагийн үзлэгийг найруулан тавьдаг байсан. Түүнээс гадна ээж маань их сайхан дуулдаг хүн бий.

-Ээжээс тань өөрөөр танай удамд урлагийн хүн байсан уу?

    -Ээжээс өөрөөр урлагийн хүн байхгүй. Урлагт орсон нь би байгаа юм.

   -Аав, ээж хоёр нь таныг уран бүтээлч болоход баярлаж, бахархсан байх. Аав нь уран бүтээлч болоход нь байсан уу. Таныг кинонд тоглохыг харсан байдаг болов уу?

       -Аав маань намайг аравдугаар анги төгсөхөд байгаагүй юм. Цэл залуу 42 насандаа бурхан болсон. Тухайн үед намайг урлагийн хүн болно гэж бодоо ч үгүй байсан байх гэж боддог юм.

-Таны хувьд уран бүтээлд оролцож, тайзан дээр зогсож байхдаа аавдаа үзүүлэх юм сан гэх дүр, уран бүтээл байдаг байсан болов уу?

       -Мэдээж байлгүй яах вэ. Аав маань эрт бурхан болсон болохоор ч тэр юм уу ээжийнхээ талл илүү өссөн. Аав маань Сүхбаатар аймгийн Асгат, ээж Халзан сумын уугуул. Эхээсээ наймуулаа.

 

-НОХОЙ ДОНДОВЫН ДҮРЭЭ БИ ӨМӨӨРЧ, ХАЙРЛАЖ ТОГЛОСОН БАЙДАГ- 

   -Хүмүүс таныг Торой бандийн дүрээс дутахгүй нохой Дондовийн дүрээр тань сайн мэддэг. Энэ дүрд хэрхэн тоглож байсан тухайгаа ярьж өгөөч?

         -2012 онд  МҮОНРТ–ээс Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулан  “Амьдрал чиний төлөө” олон ангит кино хийсэн юм. Мөн Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойд зориулан “Босго тотго” олон ангит киног бүтээсэн. “Амьдралын чиний төлөө” киноны нохой Дондов гээд уулан гараад явдаг хулгайчийн дүрд таарч, Хэнтий аймгийн Биндэр суманд киноны зураг авалт болж байсан юм. Дараа нь  “Босго тотго” киноны Ерөнхий сайд хазгар Гэндэнгийн дүрд тоглож, кино зураг авалт нь  Дорнод аймагт болж байлаа. Энэ хоёр дүрийг хүмүүс их мэддэг юм билээ. Тэгээд илүүтэй хүмүүст хүрсэн дүр юм болов уу гэж бодож байгаа. Нохой Дондов бол хулгайчийн дүр боловч дүрээ би жаахан өмөөрч, хайрлаж тоглосон байдаг. Тэр байдал үзэгчдэд их сайхан очсон шиг байгаа юм. Сүүлд сайн дүр бүтээсэн гээд Сандаг-очир генерал “Хүмүүс хайрласан хулгайчийн дүр бүтээсэн танд баярлалаа” гэж цагдаагийн Хүндэт жуухаар шагнахдаа хэлж байсан үгийг нь би мартдаггүй юм.

-Хүмүүс таныг энэ дүрээр тань дуудаж, таних тохиолдол гарч байсан болов уу?

      -Ихэвчлэн Торой банди гэхээс илүү нохой Дондовын дүрээр дуудна шүү. Тэр дундаа “Амьдрал чиний төлөө” киног орон нутгийн үзэгчид маань их сайн үзсэн байдаг юм билээ.

-Таны хувььд ихэвчлэн эсрэг дүрд тоглодог.  Энэ нь таны дүр төрхтэй холбоотой болов уу. Дүрийн хувьд ямар бодолтой байдаг вэ?

       -Жүжигчин хүн эсрэг болон эерэг аль ч дүрд тоглож байх ёстой. Миний эсрэг дүрүүд хүмүүст илүү сайн хүрээд байх шиг санагддаг. Гэхдээ эерэгээр бүтээсэн сайхан дүрүүд ч бий.

 -Театрт тоглож байсан уран бүтээлээс хамгийн онцлох дүр гэвэл аль дүрээ та илүү хэлэх бол?

     -“Буцах хаяг” жүжгийн Зоригоогийн дүр байна. Мөн “Сандрал” жүжгийн Осорын дүр. Хамгийн сүүлд 1993 онд санагдаж байна. Г.Доржсамбуу багшийн бие нь тааруу байсан. Тухайн үед театр хаалгаа барьсан, халаалтгүй, уран бүтээлчдийнхээ цалинг тавьж чадахгүй байсан үе л дээ. Тухайн үед Р.Таагүрийн “Цусан тахилга” сонгодог жүжиг тавих гэж байсан. Гэтэл тус жүжигт  сонгогдсон жүжигчид оролцохоо больж, бага зэргийн маргаан үүссэн. Тэгээд Г.Доржоо найруулагч “Халзангийн Ганхуяг” гээд босоод ирсэн. Тэгээд л багшийнхаа сонгосноор тус жүжгийн гол дүр болох 60 гаруй настай тахилч ламтны дүрд бэлтгэгдэн тоглосон юм. Тэгж би багшийгаа бурхан болохын өмнө хачин баярлуулж байлаа. Тухайн үед багш жүжигчин Ч.Алтан-Өлзийд миний тухай “ Цаад Гандий чинь энэ дүрийг нэг гайхалтай сайхан бүтээлээ. Өөрт нь хэлж болохгүй. Цаадах чинь Доржоо найруулагч магтаж байна гэдгийг сонсоод дээшээ нисээд алга болно. Тэгээд доошоо суух газраа олохгүй шүү” гэж ярьсан байдаг.

             Монгол Улсын Гавьяат жүжигчин Х.Ганхуягийг бид “Мандухай цэцэн хатан” киноны олны хэсэг, “Даль хагдрах цагаар” киноны Түмэнбаяр, “Түгшүүрт шөнө” киноны Цогт, “Амилсан чөтгөр” киноны Болдоо, “Учрах тавилан” киноны Шагдар, “”Халаасны өрөө” киноны Ганаа зэрэг тэргүүт дэлгэцийн уран бүтээл төдийгүй “Цусан тахилга”, “Буцах хаяг”, “Эмч нар”, “Сандрал” зэрэг тайзны бүтээлд гол болон туслах дүрийг бүтээсэн уран бүтээлч юм.

-1999 ОНД ТООРОЙ БАНДИЙН ХӨРӨГ БАРИМАЛ МИНИЙ ДҮРЭЭР БҮТСЭН-

    -Таны хувьд шилийн сайр эрсийн тухай тэр дундаа Торой бандийн тухай судалж, ярьдаг. Ер шилийн сайн эр гэж ямар хүнийг хэлдэг юм бэ?

       -Бидний судалгаагаар шилийн сайн эр гэдэг бол байнгын эрэлд гардаг, гэрийн бараа хардаггүй хүн байсан байгаа юм. Ер хрд түмнийхээ төлөө ноёд дээдсүүдтэй тэмцэн, тэдний адуу малыг ядуу, тарчигхан ард түмэндээ хуваан өгдөг байсан юм билээ. Ер үүгээрээ тэмцлээ илэрхийлдэг байсан юм билээ. Тухайлбал, айлд нэг таван бяруу өгөөд, "Энэ бярууг хэн өгсөн гэвэл, Торой банди гэх хүн өгсөн гэж хэлээрэй" гээд гардаг байсан гэдэг. Тэгэхдээ Торой банди ганцаараа энд тэндээс адуу авч, ядууст туслаад байгаагүй. Бүлгээрээ ноёд, дээдсүүдтэй тэмцэж байсан байдаг. Энэ нь тухайн үеийн баячуудтайгаа тэмцэж байсан тэмцлийн арга нь байсан гэж ойлгодог.

  -Торой бандийн дүрийг бүтээсэн тухайгаасаа ярьж өгч болох уу?

         -Торой бандийн түүхэн киног хийх дөрөв, таван оролдлого байсан. Эхнийх нь  1996 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бунтар гуай Торой бандийн түүхээр кино хийнэ гэж байтал 1996 онд МАХН  ялагдаад, ялсан нам нь мөнгө гаргах байсан. Тэгээд эхний оролдлого нь бүтээгүй. Тэгээд явсаар 1998 онд шилийн сайр эр Торой бандийн хөрөг баримал хийхээр шийдсэн. Хөрөгтөө зориулаад шаливхан биетэй жүжигчин хайгаад тухайн үедээ олдоогүй юм. Тэгэхэд О.Мэнд-Ооёо гуай "Нутгийн сайхан жүжигчин Х.Ганхуяг өөрөө байж байна шүү дээ. Энэ уран бүтээлчээ хувцаслаад Торой бандийнхаа хөргийг хийе" гэсэн санал гаргасан. Ингээд О.Мэнд-Ооёо гуай намайг Тоорой бандид тодруулсан юм. Ингэж л 1999 онд Алтан овооны тахилгатай жил таарч, Торой бандийн хөрөг баримлыг Гангийн цагаан овоонд залсан түүхтэй юм. Одоогоос 23 жилийн өмнө би амьдаараа хөшөө болсон хүн байгаа юм. Дараа нь 2008 онд 25-р суваг телевиз шилийн сайн эрийн тухай богино хэмжээний зохиомж бэлтгэсэн юм. Тэгэхэд мөн Торой бандийн дүрд тоглосон. Зарим хүн түүнийг Торой бандийн түүхэн кино хийгдсэн гэж андуурдаг. Үүнээс хойш Торой бандийн судалгаагаар байнга явдаг болохоор хүмүүс "Тоорой банди явж байна" гэж хэлээд байдаг юм.

 

-Сүхбаатар аймагт Торой бандиас гадна хэчнээн шилийн сайн эрс байсан байдаг вэ?

     -Бидний судалгаагаар Говь-Алтай, Сүхбаатар аймагт хамгийн олон шилийн сайн эр байдаг. Тэр дундаа Сүхбаатар аймгийнхан шилийн сайн эрсээ судалдаг. 1904 онд бурхан болсон Торой банди нааш яваад, бүр 60, 70, 80 он руу орж ирж, Торой бандийн үйл хэргийг залгамжлуулаад яваад байсан байдаг юм. Хамгийн сүүлд бидний судалгаагаар, Дугарлхам гэж залуу байсан.

-Ер шилийн сайн эрсээ судалж, гаргаж ирэх нь зүйтэй юу. Энэ чиглэлд судалгаа хийдэг хүний хувьд хэлэх зүйл бий байх?

   -Мэдээж шилийн сайн эрсээ судлах ёстой. Одоогоос зургаан жилийн өмнө аймгийнхаа хэдэн хүнтэй нийлээд Дарьганга судлал төрийн бус байгууллагыг байгууллаа. Ганга нуурын ус ширгэх гээд болдоггүй. Тэгээд Ганга нуурынхаа асуудал руу чиглэсэн үйл ажиллагаа зохион байгууллаа. "Дарьганга судлал" төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж, Сүхбаатар аймгийнхаа төлөө ажиллаж байна.

    -Таны хувьд нутаг амьтай, нутгийнхаа үүх түүхээр илүүтэй бахархдаг уран бүтээлч юм байна даа гэсэн бодол төрж байна?

    -Тийм ээ. Сая Монгол Улсын Гавьяат жүжигчин гэх цолыг өгөхөд нутаг орондоо хийсэн зүйл, олон нийтэд хийсэн ажил, мөн мэргэжилдээ хэрхэн ажиллсан гээд олон талыг харж өгдөг юм байна. Ганга нуурынхаа төлөө энэ хүн ингэж ажилласан гээд бүгдийг нь хэлж, уншдаг юм байна лээ. Ахыг нь нутаг амьтай гээд манай найз нөхөд хэлдэг юм. Би ч байсхийгээд Сүхбаатар аймаг руу гаа гараад давхина. Нутгаараа явж, судалгаа хийж байгаад ирнэ. Шилийн сайн эрийн нутагт төрснөөрөө бахархаад барахгүй, шилийн сайн эрийн дүрд хувираад, хөшөө болсон минь том хувь заяа гэж боддог. Одоо "Шилийн сайр эрс" гээд Ардын жүжигчин Шаравсайханы дууны клипэд 74 настай Торой бандийн дүрд тоглохоор бэлдэж байна.

 

  -Сүүлийн үед кино, уран бүтээлд оролцож байна уу. Уран бүтээлийн санал хэр их ирж байна вэ?

    -Кинонд оролцох урилга их ирж байна. Тэр бүр оролцож амжихгүй байна. Фантастик продакшны залуус Хүннүгийн үеийн Модун Шаньюгаар олон ангит кино хийнэ гээд сахал үсээ авч болохгүй байж байна. Энэ сахал үс маань 74 настай хөгшин Торой бандид тоглоход хэрэг болох юм шиг байна /инээв/

-Ярилцсан танд баярлалаа.


МУГЖ Х.ГАНХУЯГ: Г.Доржсамбуу багшийгаа бурхан болохынх нь өмнө “Цусан тахилга” жүжгийн дүрээрээ хачин их баярлуулж байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188