• Өнөөдөр 2024-05-02

УУДМЫН ЦЭЭЛД Ш.ЧИМЭДЦЭЕЭ ДУУЛЖ БАЙНА

2024-02-13,   4159

                        Түүнийг дуулж эхлэхэд уул тал өндөлзөж, намсаж, үүлс хөвж, нуур аяархан мэлмэрнэ. Дуулахад нь хүмүүс нутаг, аав, ээж, тэртээд үлдсэн бага насандаа эрхгүй очно. Хүний зүрхний ховдол бүрээр дуугаа хадааж, сэтгэлийн доторх түмэн үймээнийг онгичихдоо тэр үг бүрийг эгшгээр амилуулан хүний сэтгэл зүрхэнд “өрж”, хоолойныхоо цараагаар амьтай бүхэн рүү түрж дуулна. Түүний цуурайтуулсан аялгуу бүхэн сэтгэлийн нуур руу юүлж, давалгаалж, эргээсээ халина. Монгол Улсын Ардын жүжигчин Шарын Чимэдцэеэ гэх гайхалтай эмэгтэйг бид зуун дамнан ингэж л сонсож ирсэн. Хязгааргүй, төгсгөлгүй, зах нь үл харагдах тал нутаг шиг дуусаж, дундрашгүй, ширгэшгүй хоолойтой тэр өнөөдөр ч залуу сайхан үеийнх шигээ цангинуулан дуулж байна. Харьшгүй авьяас гэж л энэ байх.

             Хүний авьяас билиг тулна гэж байдаг бол Ш.Чимэдцэеэ гэх эгэл, энгийн мөртлөө эрхэмсэг энэ эмэгтэйгийнх хэдийнэ тулсан. Сэтгэл сэмлэж бодол хөврөөж дуулна гэдэг хоолойн чадалтайнхаас гадна ухааны цар  хүрээ, бие, сэтгэлээрээ аялгуу эгшгээ тээхийн илрэл болов уу. Тэр ингэж л дуулсаар Монголын урлагт 50 жил болжээ. Залуу сайхан наснаасаа эхлэн их урлагт авьяас билгээ “сойж”, давтагдашгүйгээр өөрийгөө бүтээж ирсэн ардын болоод уртын дууны “ээж” билээ. Магад түүний хоолой, үзэсгэлэн гоо, авьяас билигт онож буух үг үгүй ч байж мэдэх

-ХООЛОЙ ГЭХ ГАЗАР МЭНДЭЛСЭН ХОВОР ДУУЧИН-

         “Мандах наран зүгт нутаг минь байдаг юм

         Маргах юмгүй тэнд дулаахан байдаг” хэмээн цангинуулах тэр мандах наран зүгт буюу Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Хоолой гэх газарт мэндэлжээ. Энэ тухай нэгэн ярилцлагадаа Хоолой гэдэг газар ховорхон сонсогддог нэр. Намайг төрснөөс хойш олон айл тэр газар өвөлжиж байсан ч надаас хойш хүүхэд төрөөгүй гэсэн. Цаг нь ирэхээр дуучин төрөх байх аа гэж боддог юм” гэж ярьсан байдаг. 15 настайдаа урлагийн үзлэгт анх удаа “Жаахан шарга” дуугаар оролцсоноос хойш урлагийн зам нь нээгдэж, урлагтай амьдрал, хувь заяагаа холбох болжээ. Монгол төдийгүй дэлхийг уртын дуугаар “нурааж” явсан Н.Норовбанзад эрхмийн шавь болж, гайхамшигтай өв соёлыг тээх үүргийг авьяас болоод хувь тавилан нь түүнд оноожээ.

                Ингээд л түүний хоолойны цар хүрээ, хязгааргүйн чанадаар “Уяхан замбуу тивийн наран”, “Үлэмжийн сайхан хорвоо”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Тэнгэрийн нулимс шиг аялгуу”, “Сэцэн мандухай”, “Гүнзгий зүрхний амраг”, “Тэмээн зэрэглээ”, “Бэрийн өглөө”, “Хослон жаргая”, “Бүсгүй хүний заяа”, “Алсын газрын зэрэглээ”, “Мандах наран зүгт нутаг минь байдаг”, “Бүүвэйн дуу”, “Жаахан шарга”, “Алгирмаа”, “Ээжийнхээ ачийг яалаа даа” дууг сонсох хувь тавилан бидэнд ч оногдсон билээ. Нүдээ аниад сонсоход, эхлэл, өрнөл, төгсгөлийн зайд бийрээр зураг зурж байгаа мэт амилуулах хоолойны ай савд саатаж, уйлж, дуулж, өмөрч, сэмэрч сууна гэдэг үнэхээр том хувь заяа. Ер үлэмжийн сайхан хорвоодоо тэнгэрийн нулимс шиг аялгууг дуулах л гэж тэр ирсэн мэт "цэлэлзэн мэлтэлзэж", "урсаж" дуулахыг нь яана.

-ЭЭЖЭЭС ЭХЛЭЛТЭЙ ҮЗЭСГЭЛЭН ГОО-

        Залуудаа харчуулын нүдийг унагаж, халуун гол шиг зүрх сэтгэлд нь төрх байдлаараа ч, дуу хоолойгоороо ч “туучиж” явсан түүний үзэсгэлэн гоо ээжээс нь эхлэлтэй гэнэ. Тэр “Миний ээж үнэхээр сайхан бүсгүй, хүний сайхан гэвэл миний ижий л байлаа. Манай сумын наадмыг үзэх гэж биш, миний ээжийг харах гэж л олон хүн ирдэг байсан гэдэг. Миний ээж адуу шиг уртаашаа судалтай юм шиг том цагаан шүдтэй, гоё исгэрдэг, өвөл бол дандаа сормуус нь цанатай явдаг, маш урт гэзэгтэй, намайг бодвол хүүхэн шиг хүүхэн байсан” гэж ээжийнхээ тухай, ээжийнхээ гоо сайхны талаар харагдтал ярьсан байдаг. Тэгвэл тэр өөрөө ч ээжээсээ дутахгүй сайхан эмэгтэй. Дүрлэгэр том алаг нүд, өргөн шанаа, яралзсан цагаан шүд, өндөр бие гээд Монголын сайхан эмэгтэйчүүдийн тэргүүнд зүй ёсоор ордог. Одоо ч тэр сайхан хэвээр. Сая хийсэн тоглолт дээрээ ч тэр, сүүлд тоглолтод оролцож байхдаа ч тэр сайхан монгол хувцсаа өмсөөд, сайхан яриа өрнүүлээд, залуугаасаа дутахгүй дуулж зогсоно лээ. Тэгэхээр Ш.Чимэдцэеэ гэх эмэгтэйн сайхан төрх байдал ээжээс нь улбаатай байна. Мөн дуулах авьяас нь хүртэл ээжээс нь заяасан юм билээ.

Ээж нь хад, чулуу уярам хоолойтой хүн байсан тухай нь ч ярьдаг. Тэгэхээр ээжийнхээ сайхан хоолой, үзэсгэлэнтэй төрхийг тэр хэвээр нь "хуулж" төрөөд л цангинуулан дуулсаар яваа гэлтэй.

- “ТЭНГЭР ЭЭЖ МИНЬ ӨРШӨӨ” БУЮУ ШҮЛЭГЧ Ш.ЧИМЭДЦЭЕЭ-

      “Тээж төрүүлсэн ачийг нь

      Тэтгэж хариулах завгүй яваа

      Тэнэгхэн хүү намайгаа

    Тэнгэр ээж минь өршөө...” гэх дууг мэдэхгүй монгол хүн үгүй. Монгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ шүлгийг нь бичиж, дуулснаар өдгөө монголчуудын ээжийн тухай дууны шүтээн нь болсон. Тэр сайхан эмэгтэй, сайхан ч дуучнаас гадна гайхалтай шүлэг бичдэг нэгэн. Бага байхаасаа л шүлэг бичсэн тэрбээр “Тэнгэр ээж минь өршөө”, “Дуунд залбирсан тавилан”, “Тавилан” гэх дууныхаа үгийг бичсэн байдаг. Шүлгийн гурван ч номтой гэсэн. Хөх дээлтэй гарч ирээд, залбирч байгаад л “Тэнгэр ээж минь өршөө” дуугаа дуулахад уйлахгүй хүн үгүй. Тэрхэн мөчид увдис шингэв үү гэмээр л гайхамшигтай дуулж, ээжтэй орчлонг харин ч нэг дэвтээж, зөөллөх шиг болдог. Хүмүүс ер түүний дуунаас ийм л мэдрэмж, шаналал авдаг болов уу. Дэлгэгдэж, эсвэл хумигдаж, эс бөгөөс сэтгэлээрээ нугарч, цэлэлцэж, мэлтэлцэж, алс руу очиж, буцаж ирж л сонсдог байх. Түүний дуунд хүнийг хааш нь ч хүргэх ид шид, увдис бийг эхлэлд өгүүлсэн. “Аялгуу шингээсэн дууг минь, ачит ээж минь уу даа” гэж дууных нь үгэнд гардаг шиг, аялгуу шингээсэн дууг нь ард түмэн ёстой л нэг бүх эд, эс, сэтгэлээрээ аягалан ууж байгаа гэмээр.

-АРГАДАЖ, ХОРГОДТОЛ ДУУЛНА-

                       “Уяхан замбуу тивийн наран” дууг олон ч уран бүтээлч дуулсан. Гэхдээ Ш.Чимэдцэеэ шиг аргадаж, хоргодуулж дуулсан нь үгүй юм шиг.  Нарны тухай, нарны энэхэн чөлөөнөөс явмааргүй нэг тийм хоргодом мэдрэмж төрөм дуулжээ. Уртын дууны энэ л хөг эгшиг, заагийг мэдэхгүй хүнд ч сонсоод ингэж ойлгом дуулах нь хэд билээ. Ээж нь хүүгээ говьд хөтөлж яваа мэт, ингэн тэмээ уйлж байгаа мэт, нутгаа санаад алс газар дуу дуулж суугаа хүн мэт, алсын замд морьтойгоо бодол болон шогшуулж яваа мэт дуулах нь хэд билээ. Ш.Чимэдцэеэ яг л ингэж дуулж байна. Ямар ч саад тотгоргүй цээл сайхан хоолойгоор хүмүүний цэнхэр дэлхийд хоргодтол дуулж байна.

-ГУРВАН АКТАВ АВДАГ ДУУЧИН-

           Түүний дуулах дууны далайц, давтамж нь гурван актав юм билээ. Гурван актав авдаг дуучин гэж дууны судлаач, мэргэжилтнүүд түүний тухай ярьдаг. Үнэхээр тийм гэмээр цээл хоолойгоор, цар хүрээ өргөн дуулдаг. Ёстой л нөгөө тэнгэрийн цээлд хүртэл дуулна гээч. Цуурайтуулж, шуранхайлж, хадааж, цангинах гээд дууны дээд цэг бүрт хүрч, хязгааргүй дуугардаг дуучин. Хоолойн цараа бол багтаж ядам. Амьдыг сэргээж, амьсгал үелзтэл дуулна. Үүгээрээ тэр талын Монголын хамгийн гоё хоолойтой дуучин гэгддэг.

Тэр дуулахдаа уудам талд, усны мандалд, ургаж байгаа мод, цэцэгст, орчлонгийн энэхэн орон зай бүхэнд хүрч, очиж, сэтгэл зүрхээрээ дуу хоолойгоо улам тэлж дуулна.

 

          Ёстой л, “Уудмын цээлд би дуулж байна” гэх шиг өөрийгөө зарлаж, баталж дуулдаг. Тэрбээр “Тэнгэрээс юм уу эсвэл язгуур болон хязгаарын чанадаас өөр нэгэн зүйлийг энэ газар дээр буулгаж байгаа юм шиг л санагдаад байдаг” хэмээн дуулж байх үеийн мэдрэмжээ хуваалцсан байдаг. Үнэхээр сонсож байгаа хүнд "Мөн ч гайхамшигтай, аргагүй цул авьяас юм даа" гэх бодол эрхгүй төрнө.

 

-ДАХИАД ТҮҮН ШИГ ДУУЧИН МЭНДЛЭХ ГЭЖ УДНА-

           Ардын дуучин Ш.Чимэдцэеэ шиг дуучин Монголд төртөл удна гэхэд хэтийдэхгүй болов уу. Багтаж ядсан их авьяас, дуусаж, дундрашгүй их хоолойны чадал, сайхан гоо зүс, уран яруу үг хэллэг гээд уран бүтээлчийн хувьд өв тэгш гэж хэлж болох түүн шиг хүн, тэр тусмаа гурван актавын айд хадаан дуулдаг дуучин төртлөө удах байх. Өөрийнх нь хэлснээр Хоолойт гэх газарт түүнээс хойш хүн төрөөгүй бол тэнд төрөх нэгэн л түүнийг залгах, уран бүтээлийг нь үргэлжлүүлэх нэгэн байх болов уу. Тэгээд л “Жаахан шарга” дууг дахин хадааж, "Уяхан замбуу тивийн наран” дууг уяртал дуулж, “Үлэмжийн сайхан хорвоо” дууг нүдний өмнө зурж, уйлтал дуулах биз ээ. Тэр бол Дарьгангын сайхан хүүхнүүдийн нэг, дууг угт нь тулгаж, хоолойныхоо цараагаар “зодож”, дуулдаг дуучин. Ээждээ шүүдрийн дуслаар цай чанаж өгсөн эмэгтэй.  Үгс хэлхэж, шүлэг тэрлэсэн ээж. Уудмын цээлд, жаахан шаргын нутагтаа тэр одоо ч дуулж байна. Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ өнө мөнхөд дуулсаар байна.                                                                                     


УУДМЫН ЦЭЭЛД Ш.ЧИМЭДЦЭЕЭ ДУУЛЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 13
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-13 11:00:47
    Дорнодын хөвүүн: МАРГАХЫН АРГАГҮЙ САЙХАН ДУУЧИНДАА ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, САЙН САЙХНЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-09 21:27:39
    Сумьяа: Одоо энэ хүнд хөдөлмөрийн баатар цол өгөх болсон шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-09 20:43:14
    Дайриймаа: Ухаарал хайрласан уянгалаг сайхан дуугаараа түмэн олноо олон жил баясгаж яваарай. Нутгийн дүү охин минь.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-09 16:12:01
    болор: баярлалаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-03 22:47:28
    Зочин: Гайхамшигтай. Термел авьяастан.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-10-30 12:13:21
    Цэцэгээ: Схан дуучны зууднии говь дуу надад ээжииг минь оролдог юм Я мар сндаа ээжиигээ санаад баихаар нь зил 130 машинд суугаад Сухбаатар аимагт очид дуугии нь сонсоод ээжтэигээ улзаад ирмэн юм шиг сэтгэл уужраад буцаж блаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-10-29 10:35:34
    Байгалмаа: Мундаг сайхан дуучин дахин давтагдашгүй уярам сайхан цээл хоолой Монгол хүний бахархал болсон МУАЖ дээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-10-29 06:43:06
    Алтансүх: Агуу Агуу дуучин бүсгүй хайрлаж хүндэлж явдаг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-10-29 06:04:53
    Нямаа: Гайхамшигтай дуучин, гайхалтай сайхан эмэгтэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-10-29 00:47:54
    Амжилт : Үзэсгэлэнт гоо,Үлэмжийн агуу дуучин
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-29 15:36:26
    Зочин: Сайхан хүүхэн сайн ч дуучин бусдын нөхөр булаасаныхаа горыг амсаж л яваа юм.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-28 22:57:45
    Зочин: Мундаг дуучин, ховор авьяас!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-28 09:34:41
    ханд: согтоод орилж чарлахад нь ойр хавийн улсууд нь цонх хаалгаа түгжиж хоёр чихээ бөглөнө.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188