• Өнөөдөр 2024-04-18

Б.ОДГЭРЭЛ: ЭХЭМҮТ-д хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал нутагших эхлэл тавигдлаа

2022-07-25,   1836

                 -ЖИЛД ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ШААРДЛАГАТАЙ 4 5 ХҮҮХЭД ТӨРЖ БАЙНА-

       Өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж, эрүүл монгол хүний төлөө өөрийгөө үл хайрлан зүтгэж буй мэргэжилтнүүд бол эмч нар билээ. Энэ удаад бид ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасагт мэдээгүйжүүлгийн эмчээр 26 дахь жилдээ ажиллаж буй Б.Одгэрэлийг онцоллоо. Тэрбээр Монгол Улсад хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан долоо дахь мэс засал бөгөөд ЭХЭМҮТ-д хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан анхны мэс засалд биечлэн оролцсон юм.

 
-Сайн байна уу, Та юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
 
                        -Намайг Болдбаатарын Одгэрэл гэдэг. Би ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасагт мэдээгүйжүүлгийн эмчээр ажилладаг. Анагаах ухааны докторант, клиникийн профессор, мэдээгүйжүүлгийн зөвлөх зэрэгтэй.
-Монгол эмч нарын ур чадвар дэлхийн түвшинд ойртож, улам бүр туршлагажиж байна. Түүний нэг жишээ нь, Монгол Улсад хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан долоо дахь мэс засал бөгөөд ЭХЭМҮТ-д хүүхдэд хийсэн анхны мэс засал амжилттай боллоо. Та энэ түүхэн бөгөөд хариуцлагатай мэс заслын багт ажиллажээ. Мэс заслын явцын талаар мэдээлэл өгөхгүй юү?
 
                     -Юуны өмнө энэ мэс заслыг ЭХЭМҮТ-д анх удаа амжилттай хийхэд оролцож дэмжсэн Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ, УНТЭ, ЭХЭМҮТ-ийн үе үеийн удирдлагын баг, Mонгол Улсын Төрийн соёрхолт, Анагаах ухааны доктор профессор О.Сэргэлэн ахлагчтай УНТЭ-ийн Элэг шилжүүлэх баг, Элэг шилжүүлэх төвийн дарга Б.Бат-Ирээдүй, ЭХЭМҮТ-ийн нийт эмч сувилагч, лаборант, нийтлэг үйлчилгээний багийн ажилчдадаа талархаж байгаагаа илэрхийлье. Зургадугаар сарын 19-д ЭХЭМҮТ-д анх удаа долоон настай хүүхдэд элэг шилжүүлэх мэс заслыг амжилттай хийлээ. Энэ нь Монгол Улсад хүүхдэд элэг шилжүүлсэн долоо дахь удаагийн мэс засал болж байгаа юм. Анх 2014 онд Солонгосын Асан эмнэлэг, УНТЭ, ЭХЭМҮТ-ийн хамтарсан багаар хүүхдэд мэс засал хийж эхэлснээс хойш нэг нас хоёр сартайгаас 14 хүртэлх насны долоон хүүхдэд элэг шилжүүлэх мэс заслыг амжилттай хийгээд байна. 

        Энэ удаагийн мэс заслыг Монголын үндэсний баг дангаараа, ЭХЭМҮТ-д хийж, ээж, охин хоёрын биеийн байдлыг хянаж эмчилснээрээ онцлог юм.  Үүнд УНТЭ-ийн баг, эрхтэн шилжүүлэх төвийн дарга Б.Бат-Ирээдүй нар зөвлөн, тусалж хамтран ажилласан. Мэс засал гэдэг  олон хүний хүч хөдөлмөрөөр хийгддэг багийн ажил байдаг бөгөөд энэ удаагийн мэс засалд шууд болоод дам байдлаар 130 гаруй эмч эмнэлгийн ажилтан, инженер техник, эм ханган нийлүүлэхийн ажилчид оролцож, донорын мэс засал, мэдээгүйжүүлэг есөн цаг гаруй, реципиентийнх 13 цаг гаруй үргэлжилсэн. Хүүхэд нэг цаг 20 минутын хугацаанд элэггүй байсан. 

-Элэг шилжүүлэн суулгуулсан охины биеийн байдлыг та бүхэн байнгын хяналтдаа байлгах уу. Хэзээнээс энгийн амьдралдаа орж, гадаа тоглож, сургуульдаа явж болох бол. Бас гаднын жишиг нь ямар байдаг бол?
 
                   -Донор ээж долоо хоноод, хүүхэд маань нэг сар болоод долдугаар сарын 18-нд эмнэлгээс гарсан. Хүүхдийн шарх бүрэн эдгэрсэн. Шинэ элэг биед дасан зохицох хүртэл дархлааны урвалыг дарангуйлахын тулд дархлаа дарангуйлах эмүүдийг үе шаттайгаар тогтмол уудаг. Энэ үед гаднын халдварт өртөмтгий болдог тул халдвар хамгааллын дэглэм баримталж байх шаардлагатай болдог. Үүнийг хооллолт, амралтын дэглэмтэйгээ зөв хослуулаад явах нь цаашдын хяналтын гол цөм, эрхтэн шилжүүлэх эмчилгээний хамгийн чухал хэсэг нь юм.  Хүүхэд есдүгээр сараас хичээл сургуульдаа үргэлжлүүлэн суралцаад явах бүрэн боломжтой. Эцэг, эх нь сургуулийн орчин нөхцөл, хичээлийн ачааллыг харгалзаж, сургуулийг нь сонгоход анхаарвал зүйтэй байх. Хүүхэд өмнө нь ч, цаашид ч манай эмнэлгийн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасагт хянагдаад эмчилгээ, шинжилгээнүүдээ хийлгээд явна.
-Элэг шилжүүлэн суулгах мэс засалд шаардлагатай тоног төхөөрөмжүүд, хэрэгтэй бүхэн ЭХЭМҮТ-д бүрэн хангагдсан уу. Цаашид элэг шилжүүлэн суулгуулах хүсэлтэй хүүхдүүдэд хагалгаа хийх үү?
 
                        -Түүх яривал анх 1992 онд ЭХЭМҮТ-ийн мэс заслын эмч нар хүний нэг эрхтнийг нөгөөгөөр солих мэс заслын эмчилгээ хийж эхэлсэн байдаг ба энэ нь эрхтэн шилжүүлэх мэс заслын эхлэл болсон гэж хэлэхэд буруудахгүй байх. Улаан хоолойн төрөлхийн битүүрэл, уксус ууж түлэгдэж нарийссан улаан хоолойг бүдүүн гэдсээр нь орлуулах мэс заслыг анхлан хийж, эмчилгээний асуудлыг бүрэн шийдсэн хамтын бүтээлээрээ 1998 онд ЭНЭШТ-ийн (хуучин нэрээр) мэс заслын эмч М.Түмэннасан, Д.Авирмэд, Р.Лхагвасүрэн, Ч.Эрдэнэцэцэг, мэдээгүйжүүлгийн эмч Д.Ганчимэг, дүрс оношилгооны эмч Д.Дамдин нар Монгол Улсын Төрийн соёрхол авч байсан. 
                 2008 оноос элэг шилжүүлэх багийг анх байгуулж, дотооддоо сургалт явуулж байв. Тухайн үеийн улс орны эдийн засгийн байдал, тоног төхөөрөмжийн хөгжил одоогийнхтой адилгүй байлаа. Харин сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ эрүүл мэндийн салбарын шинэчлэлд ихээхэн анхаарал хандуулах болсноор Засгийн газрын хэмжээнд томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжин, эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, шинэ технологи, инновацийг дэмжих, эмч мэргэжилтнүүдийг өндөр хөгжилтэй орнуудад сургах зэргээр бүх талаар дэмжсэний үр дүнд Монгол Улсад  дэлхийн жишигт хүрэхүйц бүх л мэс заслыг хийдэг болсон. ЭХЭМҮТ ч элэг шилжүүлэхэд хэрэглэх тоног төхөөрөмжөөр бараг бүрэн хангагдсанд үнэхээр баяртай байгаа.

                     Хүүхдэд элэг шилжүүлэх шаардлагатай болдог хэд хэдэн бүлэг эмгэг байдгаас хамгийн элбэг тохиолддог нь цөсний замын төрөлхийн битүүрлийн улмаас болон бодисын солилцооны эмгэгийн шалтгаант элэгний хатуурал өвчин юм. Бидний саяын тохиолдол нь төрөлхийн цөс ялгаруулах зам битүү байснаас төрөх үедээ элэг нь хатуурсан байсан бөгөөд манай төвийн эмч нар 45 хоногтой нярай үед нь элгийг шууд гэдэстэй нь залгах мэс заслыг хийснээр элэг солих энэ өдөртэй золгох боломж олгосон юм. Одоо ийм эмгэгтэй 80 орчим хүүхэд хяналтад байгаа бөгөөд жилд дунджаар 4-5 хүүхэд цөсний замын битүүрэлтэй төрж байна. Тэгэхээр эдгээр бүх хүүхдэд элэг шилжүүлэх шаардлага гарна гэж ойлгож болно.

-Монголд элэг шилжүүлэн суулгаснаар эдийн засгийн хувьд гэр бүлүүдэд гадаадад мэс засалд орохоос зардал нь хэр хэмжээгээр бага тусах бол?
 
                    -Монгол Улсад эрхтэн шилжүүлэх маш өндөр өртөгтэй энэ мэс заслыг амжилттай хийдэг болсонд бид талархаад баршгүй. Үүнийг эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулсан нь хувь хүний гэр бүлд учрах эдийн засгийн болоод бие сэтгэлийн маш их дарамтаас чөлөөлж байгаа юм. Гаднын улсад очиж мэс засалд ороход хагалгааны өмнө дор хаяж гурван хүн явна, очоод өмнөх үзлэг шинжилгээ, донор, реципиентийн эмнэлгийн болон мэс заслын зардал, хагалгааны дараах эмчилгээ үйлчилгээ шинжилгээ гэх мэтэд ямар их мөнгө, валютыг бид гадагш урсгах байсан нь төсөөлөхийн аргагүй шүүдээ.
 
-Сүүлийн жилүүдэд хүүхдэд тохиолдож байгаа хүнд өвчлөл, та бүхний хийсэн томоохон хагалгаануудын талаар эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлэх үүднээс жишээ татаж өгөөч?
 
                      -Ер нь хүүхдийн мэс засал мэдээгүйжүүлгийн эмч нарын нэг онцлог байдаг. Төрөлхийн хөгжлийн гажгийг зөвхөн хүүхдийн засалч эмч нар л эмчилдэг. Төрөнгүүт нь мэс засал хийхгүй бол цаашид амьдрах боломжгүй болгодог цөөн бус эмгэгүүд байдаг. Үүнд эцэг эхийн амьдралын хэв маяг, удмын нөлөө, жирэмсэн эхийн эрүүл мэнд, хяналт нөлөөлдөг бөгөөд зарим талаараа үүнээс сэргийлэх боломжгүй байдаг. Гэтэл эрүүл саруул сайхан хүүхэд төрүүлчхээд хайхрамж болгоомжгүйгээсээ янз бүрийн хортой эм, түлж цоолдог химийн бодисууд, тухайлбал батерей, угаалгын бодис, идэмхий хүчил шүлт, халуун шингэн уулгаж, залгиулаад ирдэг. Үүнээс болж улаанхоолой, тэр бүү хэл амьсгалын зам түлэгдэж, амь нас эрсдэх ч тохиолдол гардаг. Энэ үнэхээр харамсалтай байдаг. Хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд өсгөхөд эх хүний үүрэг хамгийн чухал. Айл гэрт идэж уудаг, эдэлж хэрэглэдэг зүйлсийг эхчүүд маань л сонгодог. 
 
                       Гэр орны эмх цэгц, хүүхдийн хүмүүжилд эх хамгийн чухал үүрэгтэй. Хөлд ороогүй мөлхдөг хүүхэдтэй айлын ээж шалан дээгүүр байгаа зүйлсийг өөрөө мөлхөж шалгаж байхыг зөвлөдөг. Өчигдөрхөн л гэхэд найман сартай хүүхдийн амьсгалд гаднын зүйл орсон байсныг бид авсан. Тэр нь ясны хэлтэрхий байсан. Азаар ч гэх юм уу тэр нь жижгэвтэр байсан тул эмнэлэгт ирж тусламж авч чадсан. Хэрэв 2-3 мм-ээр л том хэмжээтэй байсан бол амьсгалын замыг бүрэн бөглөж, амь насны эрсдэл учруулах байсан. Бас соронз залгих тохиолдол сургуулийн насныханд цөөн биш тохиолдож байсан. Эвлүүлж өрдөг тоглоомын жижиг соронзуудыг цувуулж залгиснаас гэдэсний янз бүрийн хэсэгт байгаа соронзууд хоорондоо наалдахдаа гэдэсний ханыг хавчиж, олон газар гэдэс цоорсон хүүхдэд мэс засал хийж байсан. Энэ мэтчилэн яриад байвал харамсалтай зүйлс цөөнгүй байдаг. 
-Таны хувьд мэс заслын хамгийн чухал, хариуцлагатай үүргийг гүйцэтгэдэг мэдээгүйжүүлэлтийн эмч. Энэ мэргэжлийг яагаад сонгосон бэ. Мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байна вэ?
 
                     -Би анагаахын сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Үнэндээ мэдээгүйжүүлгийн эмч, тэр дундаа хүүхдийн мэдээгүйжүүлгийн эмч болно гэж  бодож байгаагүй. 1996 онд анагаах ухааны дээд сургууль төгсөх үед тэр үеийн нэршлээр Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд эмч авна гэсэн зарын дагуу сонгон шалгаруулалтад орж, орос хэл, мэргэжлийн шалгалт, хууль.эрх зүйн шалгалт өгч мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт эмчээр орж байлаа. Энэ үеэс хойш энэ ЭХЭМҮТ-дөө тасралтгүй 26 жил ажиллаж байна.
 
-Хүмүүс мэдээгүйжүүлэлтийн эмч нарыг төдийлөн сайн мэддэггүй. Мэргэжлийнхээ хариуцлага, ач холбогдлын талаар товчхон хэлж өгөөч?
 
              -Мэдээгүйжүүлгийн эмч, манайхны хэлж заншсанаар наркозын эмчийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Элэг шилжүүлэн суулгах багийн мэдээгүйжүүлгийн эмч Төрийн соёрхолт Д.Чулуунбаатар эмч мэдээгүйжүүлгийн эмчийг "Амь баригч" эмч гэж нэрлэсэн байдаг. Үнэхээр л мэдээгүйжүүлгийн эмч мэс заслын үед зөвхөн унтуулдаг биш, харин зүрхнээс бусдыг нь зогсоож, зарим тохиолдолд зүрхний мэс заслын үед зүрхийг нь хүртэл зогсоож, цусыг тусгай аппаратаар эргүүлж, хагалгаа хийх боломж олгодог. Тэгэхээр мэдээгүйжүүлгийн эмчийн үүрэг, ач холбогдол, ур чадварыг үнэлэхгүй, ойшоохгүй байхын аргагүй юм.  
                  Мэдээгүйжүүлгийн баг сайн байх нь мэс засал амжилттай болоход маш чухал нөлөөтэй гэж би боддог. Хүмүүст мэдэгдэж танигддаггүй нэг шалтгаан нь бид хагалгааны өмнө хүнээ үзэж, унтуулаад, хагалгааны дараа сэрэх үед нь нэг харагдаад дахин уулздаггүй, танигдаж амжилгүй дараагийнхаа хүнийг унтуулахаар явдагтай холбоотой байх. /Инээв/
 
-ЭХЭМҮТ-ийг нэг талаар Монголын хүүхэд, багачуудын авралын газар гэж болно. Мөр зэрэгцэн ажиллаж байгаа хамт олноороо ямар үед хамгийн их бахархдаг вэ?
 
                -Энэ мэргэжлийг эзэмшээд ЭХЭМҮТ-д энэ олон жил ажиллахдаа нэг ч удаа болъё, гаръя, өндөр цалинтай ажилд оръё гэж бодож байгаагүй. Мэдээж эмчийн мэргэжил хүнд, тэр  дундаа хүүхдийн мэдээгүйжүүлгийн эмч байх амаргүй. 600 гр жинтэй нярайгаас 100 кг хүртэл жинтэй хүүхдэд мэдээгүйжүүлэг өгнө, дээр нь эрхтэн тогтолцооны гажиг, янз бүрийн эмгэгтэй хүүхдэд мэдээгүйжүүлэг өгөхөд ганцаараа сайн байх нь хангалтгүй. Энэ бол гар нийлсэн, мэргэшсэн баг хамт олны хийдэг ажил. Бид нэг нэгнээ харцаараа л ойлгох хэмжээнд хүртэл дотноссон. Энэ хүнд ажлыг сайн хамт олон, эерэг уур амьсгалтай орчинд л стрессгүй, баяр бахдалтайгаар хийж гүйцэтгэдэг. 
                   Манай мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасаг улсын хэмжээнд хүүхдэд хийх мэс заслын үед мэдээгүйжүүлгийн тусламж үйлчилгээ үзүүлдгээс ерөнхий мэс засал, бөөр, эрүү нүүр, чих хамар хоолой, нүд, нярай, зүрх, тархины мэс заслуудад мэдээгүйжүүлэг өгдөг бөгөөд жилд хийгддэг 13000 гаруй мэс засал нь мэдээгүйжүүлгийн  13 эмч,   40-өөд сувилагч, зургаан үйлчлэгчийн хүч хөдөлмөрөөр амжилттай хийгдэх боломж бүрддэг гэхэд хилсдэхгүй байх. Түүнчлэн мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасгийн эмч, сувилагч нарын нөр их хөдөлмөрийг бас дурдахгүй байхын аргагүй юм.
-Танд мэргэжилтэй тань холбоотой харамсдаг үйл явдал болж байсан уу?
 
                -Манай эмнэлгийн эрчимт эмчилгээний зөвлөх, Монгол Улсын хүний гавъяат А.Оюунчимэг эмч маань ингэж хэлж байсан юм. "Амь тэнссэн анагаахын салбар гэдэгт мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж багтдаг бөгөөд энэ гурван салбарын ноён оргил нь мэдээгүйжүүлгийн салбар байдаг. Учир нь, мэдээгүйжүүлгийн эмч энэ гурван тусламжийг гурвууланг нь үзүүлж чаддаг бөгөөд ийм ч учраас энэ мэргэжлийг эзэмшсэн эмч байнга өөрсдийгөө хөгжүүлж, суралцаж байх хэрэгтэй" хэмээн сургаж байсныг санаж явдаг. Гэхдээ энэ мэргэжлээр ажиллаж явах хугацаанд дандаа сайн сайхан, дардан байгаагүй. Аварч чадахгүй, өвчний өмнө хүчин мөхөсдөх, алдаа эндэгдэл гаргах тохиолдол байгаагүй гэвэл худлаа болно. Өөрсдийн болон бусдын алдаанаас байнга суралцаж, стандарт удирдамжийг нарийн мөрдөн ажиллаж, өөрийгөө хөгжүүлж, улам хичээж явах нь энэ мэргэжлийг сонгосон хүн бүрийн зайлшгүй хийх ёстой үйлдэл юм. 
 
-Мэдээгүйжүүлэлтийн эмч мэргэжлийг эзэмшсэндээ баярлаж, өөрөөрөө бахархаж байсан дурсамж, үйл явдлаасаа хуваалцаач?
 
                 -Мэдээгүйжүүлгийн эмчийн мэргэжлийг эзэмшиж, өдий зэрэгтэй яваагаа зөв цагтаа, зөв хамт олонтой учирсных хэмээн үнэхээр талархдаг. Хүнд өвчтэй ирээд эдгээд гарч байгаа хүүхдүүд, эцэг эхийн үнэн сэтгэлийн талархлын харц, "Баярлалаа эмч ээ" гэж хэлэх урмын үгнээс илүү баяр бахдалыг төрүүлэх зүйл үгүй билээ. Энэ мэргэжлийнхээ ачаар олон оронд урт богино хугацаагаар суралцаж мэргэжил дээшлүүлж, олон улсын хуралд оролцож байсан бөгөөд "Operation smile" олон улсын сайн дурын багийн бүрэлдэхүүнд орж эрүү нүүрний мэс заслын эмч Цэрэндуламын хамтаар Мъянмар Улсын Янгон хотод 20-оод хүүхдэд мэс засал, мэдээгүйжүүлэг өгсөн байдаг.  
-Та мэргэжил болоод амьдралдаа үлгэр жишээ авдаг, суралцдаг хүнийхээ тухай сайхан дурсамж дэлгээч?
 
                 -Манай тасгийн хамт олон дотроос Төрийн соёрхолт эмч Д.Ганчимэг, Монгол Улсын хүний гавьяат эмч Д.Баяраа, анхны Эрүүл мэндийн гавьяат ажилтан сувилагч Г.Өөдөс, Анагаах ухааны доктор Ш.Энхтүвшин нар төрөн гарсан бөгөөд эдгээр болон бусад эмч, сувилагч нартайгаа хамтран ажиллаж, тэднээсээ их зүйл сурсандаа туйлын баяртай байдаг. Түүнчлэн Монгол Улсын ардын эмч, Төрийн соёрхолт Г.Лхагважав, Анагаах ухааны доктор, профессор, Төрийн соёрхолт Л.Ганболд, ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн зөвлөх эмч, Монгол Улсын Хүний гавьяат эмч Амармандах, УНТЭ-ийн эрчимт эмчилгээний зөвлөх эмч, Монгол Улсын Хүний гавьяат эмч Ц.Ганбат нараар хичээл заалгаж, мэдээгүйжүүлэг-эрчимт эмчилгээний энэхүү эмч нараараа бахархан үргэлж үлгэр дууриалал авдаг. 
 
-Та гэр бүлийнхнийхээ тухай яриа дэлгэж болох уу. Эмнэлгийн ажилтнууд амрах завгүй ажилладаг шүү дээ. Энэ их ажлынхаа хажуугаар гэр бүлдээ хэрхэн цаг гаргадаг вэ?
 
                 -Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмчээр ажиллаж байх эхэн үед хүний нөөцийн хомсдолын улмаас сардаа 10-11 удаа жижүүр хийх, жижүүрээс бууж чадахгүй ажиллах зэргээр маш их ачаалалтай ажилладаг байсан. Энэ бүхнийг шинэ зүйлс сурах сорилт хэмээн үздэг байснаас огтхон ч ядарснаа мэдэхгүй ажилладаг байв. Энэ их ажлын хажуугаар өөрсдийгөө хөгжүүлж, гадаад хэл сурах зэргээр залуу насыг завгүй өнгөрөөсөн байдаг. Энэ үед эцэг эх, ах дүү нар маань  тусалж дэмжин, ар гэрийн ажил, үр хүүхдийг минь өсч торниход үнэлж баршгүй ач ивээлээ хайрласаар байдагт үнэхээр их баярладаг. Эрүүл мэндийн ажилтнууд ажлаа сэтгэл зовох зүйлгүй хийж гүйцэтгэхэд найдвартай ар тал туйлын чухал бөгөөд цалин хөлс хангалттай, сургууль цэцэрлэг, байр орон сууц гэх мэт нийгмийн асуудлыг нь шийдвэрлээд өгвөл ажлын бүтээмж сайжирч, алдаа эндэл гаргах нь ч буурна гэж боддог доо. 
 
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
 
                  -Надтай уулзан мэргэжлийн болон хамт олныхоо тухай багахан ч гэсэн ойлголтыг хүмүүст өгөх боломж олгосон та бүхэнд баяртай байна. Баярлалаа. 
 

Б.ОДГЭРЭЛ: ЭХЭМҮТ-д хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал нутагших эхлэл тавигдлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-16 12:59:02
    DR. UROLOGIST: IF YOU WANT TO SELL YOUR 1 KIDNEY FOR MONEY $ 780,000.00 AMERICAN DOLLARS CONTACT THIS HOSPITAL EMAIL: [email protected]
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-23 18:59:32
    News: Бөөрөө мөнгөөр зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээрээ байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авч байна, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно [[email protected]]
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-29 13:47:31
    DR. UROLOGIST: IF YOU WANT TO SELL YOUR ONE KIDNEY FOR MONEY $ 780,000.00 CONTACT THIS HOSPITAL EMAIL: [email protected]
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-26 18:17:25
    Jiihuu: Uneheer gaihamshigtai ur chadvartaa emchidee bayarladag shuu tsashdiin ajild n amjilt husye gavyat emch bolohiig eruuj baina
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-25 22:56:10
    наранзул: эрхэм ангийн найздаа ажлийн өндөр амьжилт хүсье Н Наранзул
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-25 21:44:47
    Энхтуяа: Мэргэжилдээ хайртай, олон олон хүүхдийн амь насыг аварсан цагаан халадтай баатрууддаа маш их баярлалаа. Та нар минь эгэл даруу боловч энгүй их ачтангууд юм шүү. Төр засаг маань ажлын байрны нөхцөл, цалин хангамжийг нь сайжруулах талаар бодлогоор дэмжиж анхаараасай. Үнэндээ л үнэхээр маш бага цалинтай ч мэргэжилдээ дуртай тулдаа хичээж явдаг энэ хүмүүсээ хайрлаасай, цалинг нь нэмээсэй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-25 14:13:30
    Г.Отгонбачр: Монголын хүүхдийн мэс засал. хүүхдийн мэдээгүйжүүлэлтийн салбар цаашилбал АУ ны салбар хөгжүүлэхэд маш их өндөр үүрэг хариуцлагатай хувь нэмэр оруулж байгаа өндөр түвшины нарийн мэргэжилтэн мөнөөс мөн билээ Мундаг эмч хамт олонд талархаж байна Цаашид илүү ихийг бүтээж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе Энх цагийн эгэл жирийн баатарлаг баатрууд шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-25 12:37:32
    Дука: Хамт олондоо амжилт хүсье. Улам олон хүүхдийн амь нас эрүү мэндийг аварч эдгээх болтугай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-25 12:12:31
    Оюунцэцэг: Найздаа улам их амжилт хүсэе, мундаг шүү
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188