• Өнөөдөр 2024-05-06

О.ЖАРГАЛСАЙХАН: Орчуулга бол хүний бүтээлийг хайрлах урлаг юм

2022-07-22,   1226

      Японы эрт эдүгээгийн шилмэл бүтээлүүдээс олныг орчуулж монголын уншигчдад хүргэсэн япон судлаач, орчуулагч О.Жаргалсайхантай ярилцлаа. Тэрбээр амьдралынхаа 30 шахам жилийг Япон-Монголын соёл, утга зохиолоос соёлын жин тээж ирсэн, манай өмнөө барьдаг нэрт орчуулагчдын нэг билээ.    

ДОРНЫН УТГА ЗОХИОЛЫГ  МОНГОЛЧУУДАД ТАНИЛЦУУЛСАН ХҮН

-Сайн байна уу. Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаасанд тань баяр хүргэе. Шагнал авах үеийн сэтгэгдлээ хуваалцаач?

   -Шагналын талаар хүмүүс янз бүрийн бодолтой байдаг. Гэхдээ энэ хүндтэй шагналыг энгэртээ зүүлгэж байхдаа миний хувьд орчуулгын бүтээлүүдээр минь  дамжуулж, Японы утга зохиолыг Монголын төр анх удаа ийм өндрөөр үнэллээ гэж бодогдсон. Номнууд маань надтай хамт шагнагдсан. Японы эрт эдүгээгийн олон бүтээлийг нухаж, орчуулж, монголчууддаа хүргэж ирсэн 30 шахам жилийн амьдрал минь нүдний өмнө хөвөрдөг билээ. Нартай бороотой, цастай ямар ч өглөө би хийх ажилтай, тавьсан зорилготой, хөвөрсөн ажилтай олон он жилийг элээжээ.Эргээд бодоход бахархалтай санагдсан, миний нам биш ном дагасан амьдрал хэдийгээр ам тосдохоос илүү  толгой, сэтгэл зүрхийг минь байнга өлтэй тостой, нүнжигтэй явуулж, сэтгэлийн халуун бүлээнийг харамгүй өгсөн, цаашдаа нүүр бардам, сэтгэл өег, хэний ч өмнө айдасгүй, нүгэлгүй амьдрах замыг цэлийтэл нээж өгсөн юм болов уу гэж бодож байна.

       Хамгийн гол нь миний энэ номтой туулсан амьдрал олон хүнд сэтгэлийн цэнгэл өгч чадсан бол, ухаарал гэгээрэл цацруулсан бол үүнээс өөр баяр хөөр үгүй. Японы утга зохиолын шилдэг бүтээлүүд монгол хүний сэтгэл зүрхэнд суурьшсан он жилүүд ард минь үлджээ. Ингээд бодохоор төр түмэн олон бас нүдтэй юм байна.Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа, бүтээлүүдийг минь уншдаг уншигч олон түмэндээ бас баярлалаа.

-Уншигчид тантай японы сод бүтээлүүдээр дамжуулан танилцаад олон жил болжээ. Гэхдээ  хувь хүний тань тухайд төдийлөн мэддэггүй юм шиг санагддаг. Та аль нутгийн хүн бэ. Өөрийнхөө тухай яривал?

         - Миний бага нас Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд өнгөрсөн. Аав ээждээ туслаад, хоёр дүүгээ хараад, хичээлдээ онц дүн аваад гүйж явдаг жирийн л мянга мянган охидын нэг. Манай аав, ээж хоёр сэхээтэн хүмүүс байсан учир манайх номтой ойр айл байлаа. Тавдугаар ангид орох жил байх, манай монгол хэл-уран зохиолын багш Далхсүрэн миний зохион бичлэгийн дэвтрийг барьсаар манай гэрт ирж “танай энэ шар охин юм дуулгана шүү, бичсэн зохион бичлэгийг нь унш даа “гээд аавд авчирч өгч, аав их л баяр баясгалантайгаар уншаад инээмсэглэж суусныг санаж байна. Есдүгээр ангид байхад аав нэг удаа хот яваад ирэхдээ надад Расул Гамзатовын “Миний Дагестан” номыг авчирч өгч байсныг одоо ч тод санадаг. Ээж минь эмч хүн байлаа, 2000 шахам хүүхэд эх барьж авсан, аав,ээж хоёр минь нутаг усандаа нэр хүндтэй хүмүүс байсан.

-Та хэзээнээс Японы утга зохиолыг сонирхож эхэлсэн бэ?

        -Би МУИС-ийг Монгол хэл, утга зохиолын багш, япон хэлний орчуулагч гэх давхар мэргэжлээр 1986 онд төгссөн. Тухайн үед зүгээр л гадаад хэлтэй больё гэсэн бодолтой япон хэл сурч байлаа. Намайг их сургуулиа төгсөхөд манай улс Япон Улстай гадаад харилцаа төдийлөн хөгжөөгүй байсан тул япон хэл маань бараг хэрэггүй, түүгээрээ ажиллах боломж хомс байсан. Тэгээд төрөлх сумынхаа дунд сургуульд хэл уран зохиолын багшаар таван жил ажилласан. 1991 оноос Боловсролын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар  ажиллаж байгаад цаг үе ч өөрчлөгдөж Японд тэтгэлэгтэй суралцах боломж гарч таван жил Токиогийн Боловсрол Соёлын Их Сургуульд боловсрол судлалын чиглэлээр суралцаж, мэргэжил дээшлүүлж мастер курс төгсөөд 1998 онд ирсэн. Японд суралцах хугацаанд  сурч амьдрахын хэрээр хэлний мэдлэг маань ч сайжирч багаасаа утга зохиолд дуртай байсан учраас Японы утга зохиолд шимтэж 1997 онд Шиба Рёотарогийн “Тал нутгийн тэмдэглэл” номыг  орчуулан хэвлүүлснээр Японы утга зохиолтой амьдарлаа холбосон. Энэ үед Японы томоохон бүтээлийг эх хэлнээс нь орчуулсан нь их ховор, манай нэрт зохиолчид Ж.Лхагва, Б.Явуухулан цөөн Японы хайкү шүлгүүд шиг орос хэлнээс орчуулж гаргасан цөөн ном байлаа. Алтаншагай гуайн (төр, нийгмийн зүтгэлтэн Ц.Намсрай гуайн гэргий) Нацүмэ Сосэкигийн “Жаал хүү” (Боччан) гэх мэт цөөн чанартай орчуулга байсан.

 

-Орчуулагч бүрд өөрийн гэсэн арга барил байдаг шүү дээ. Таны арга барил юу вэ?

     -Би цэвэр утга зохиол, баримтат түүхэн уран зохиол, хувь хүний хөгжил гэсэн гурван төрлөөр орчуулгын бүтээлээ туурвидаг. Уншигчдынхаа оюун санааг тэлэх сайн бүтээлийг сонгон авч, тайван нухацтайгаар үг, өгүүлбэр болгон дээр ажиллахыг хичээдэг. Өглөөний цагийг сайн ашиглана. Миний хувьд бүтээлээрээ гэдсээ тэжээх гэхээс илүү миний орчуулсан бүтээлүүд олон хүний оюун санаанд хүрээсэй, нутагшаасай гэсэн угийн багш хүний бодол санаа цухалзаад, түрүүнд тавигдаад байдаг талтай. Хэн нэгэнд л ийм тэнэгдүү санаа байхгүй бол мөнгө болдоггүй, карьер болдоггүй ийм оюун санааны хар ажлыг хэн хийх билээ. Миний хувьд ном бизнес байгаагүй. Бас  зохиолчийн бүтээлд ямагт хүндэтгэлтэй хандаж, язгуур санааг нь алдагдуулахгүйгээр  хянуур тайван, цагт хөөгдөхгүй, яарахгүй, даарахгүй нухацтай, аз жаргалтай хийхийг л зорьж ирсэн. Өөрөөр онц гойд юмгүй ээ.

   Ер нь зохиолч нар маань бодохоосоо ичдэггүй байж сайн бүтээл туурвина, харин орчуулагч нар бодлоосоо ичиж байж сайн орчуулга төрүүлнэ. Ялангуяа утга зохиолын орчуулга дээр. Зохиолчийн бодлыг дагаж орчуулах болохоос дагуулаад орчуулна гэж байдаггүй. Монголчуудад одоохондоо ойлгомжгүй ч нэгэнт бий болсон, манай соёл, боловсролын санд нэвтрээгүй дэлхийн хэмжээний ойлголт ухагдахууныг тохирсон монгол ухагдахуун, үг хэллэгээр буулгах гэж орчуулагч нар эрэлхийлж байдаг юм. Бас огт өөр соёл иргэншлээс нөгөө соёл иргэншил рүү оюун санааны шилжилт явагдаж байна. Тиймээс чирэгч оюун санааны сан хөмрөг рүү л нэгэнт орсон л бол орчуулагч өөрийгөө сайн боловсруулах хэрэгтэй. Ялангуяа ийм зүйл Мүраками Харүки дээр их тохиолддог. 

   

-Японы утга зохиол монголчуудын сонирхлыг татаж, ойр дотно санагдах болжээ. Үүнд таны хувь нэмэр их шүү дээ. Япон утга зохиол бусдаас юугаараа онцлог юм бэ?

            -Японы утга зохиол VII зуунаас хөгжсөн,үнэхээр баялаг түүхтэй. Энэ  олон зууны турш амьд байж, хадгалагдаж, бүүр уншигдаж  ирсэн, одоо хүртэл борлогдож, уншигчдын оюуны мэлмийг мялаасаар байна. Японы утга зохиолын үе бүхэн хуучин биш харин ч шинэ байдгаараа онцлогтой. Гэхдээ хуучнаа шинээр солих бус, хуучин дээрээ шинийг нэмж тордож байдаг түүхэн хэв шижтэй.  

    Хуучин юм шинэ зүйлийн эхлэл, шинэ юм хуучин зүйлийн үргэлжлэл гэдэг шүү дээ.

    Намайг анх орчуулга хийж эхэлж байхад нийгэм солигдоод удаагүй, хүмүүс яаж амьдрах аргаа сайн олоогүй, шинэчлэл өөрчлөлтийн үе байсан. Японы утга зохиолоор дамжуулан монголчуудын амьдралд нөлөөлөхийг зорьж хувь хүний хөгжлийн “Өөртөө туслах ухаан”, “Эрдмийг эрхэмлэх ухаан” гэх хоёр номоо орчуулан гаргаж байлаа. Энэ хоёр ном л гэхэд зуу гаруй жилийн тэртээ бичигдсэн, өрнө, дорнын сонгодог бүтээлүүд юм.

 

-Таны орчуулан гаргаж байсан “Гэнжийн туульс” роман дэлхий анхны роман гэгддэг шүү дээ.

            -IX зууны сүүлч X зууны эхэн үеэр бичигдсэн байдаг. Манай Нууц товчоо бичигдэхээс 200 гаруй жилийн өмнөх агуу бүтээл шүү дээ. Уг номын зохиогч мянганы суут хүн байсан. Энэ гайхамшигтай  бүтээл шиг эх хэлнээс нь төрөлх хэл дээрээ орчуулан гаргасан даа туйлын баяртай байдаг. Олон жилийг энэ номонд зориулсан, миний хамгийн хайртай бүтээл юм.

-Амьдралынхаа 30 шахам жилийг орчуулгатай холбожээ. Энэ хугацаанд хэчнээн бүтээл гаргасан байна вэ?

            -Анх Японы алдартай зохиолч Шиба Рёотаро гуайн “Тал нутгийн тэмдэглэл”, “Оросын тухай”, “XXI-р зуунд амьдрах хөвгүүд охидод” гэсэн бие даасан бүтээлүүдийг болон түүний богино өгүүллэгүүдээс монголтой хамаарал бүхийгээс нь түүж орчуулж байлаа. Түүнээсээ одоогийн “Өдрийн сонин”, “Засгийн газрын мэдээ”, “Өнөөдөр сонин”-д хэвлүүлдэг байлаа. Японд суралцаж байх үедээ “Тал нутгийн тэмдэглэл” номыг уншаад орчуулж гаргалаа. Түүнээс хойш монголчуудад либерал үзлийг номлосон томоохон бүтээлүүд болох  Самүэл Смайлсийн “Өөртөө туслах ухаан”, Фүкүзава Юкичигийн “Эрдмийг эрхэмлэх ухаан”, хүүхдийн зохиолууд болох Мүрао Ясүкогийн “Ган чацат монгол хөвгүүний үлгэр”, Уда Сачикогийн Мөрөн сарт хоёр”, цэвэр утга зохиолын бүтээлүүд болох, дэлхийн алдартай зохиолч  Мүраками Харүкигийн “1Q84”, “Тазаки Цүкүрү түүний эргэлийн он жилүүд”, “Торгон цэргийн хороон даргын аллага” хэмээх түүний оргил бүтээлүүд болох  томоохон зургаан дэвтэр гурван романыг 2013 оноос эхлээд орчуулж байна. Японы шилмэл өгүүллэг туужийн түүвэр хоёр боть гээд 20 гаруй өгүүллэг, тууж, нийтлэл, роман бүтээл байна. Дэлхийн анхны, эртний хүүрнэл зохиол болох Мүрасаки Шикибүгийн “Гэнжийн туульс”-аас 2 ботийг орчуулж хэвлүүллээ.

  Өнгөрсөн онд бизнес хөгжлийн дэлхийн шилдэг номд зүй ёсоор багтдаг, Панасоник группийг үүсгэн байгуулагч Мацүшита Коносүкэгийн “Зам” хэмээх алдартай бүтээлийг орчуулсан ба Монсудар хэвлэлийн газар эрхлэн, Ази фарм ХХК-ийн захиалга, санхүүжилтээр хэвлүүлж байна. Энэ ном Монголын өнөөгийн бизнес хөгжлийн түүхэнд суурь оюун санаа болоосой гэж хүсч байна.

  Ингээд дүгнэхэд би амьдралынхаа алтан цагаас Японы утга зохиол бүтээлүүдэд нэг түмэн цагийг өлхөн зарцуулсан байна. Зөвхөн хуудсаар нь тооцдог бол миний орчуулсан бүтээлүүд таван мянга гаруй хуудас даваад байна.Японы утга зохиол энгийнээс агууг багтаасан, утга зохиол нь философи шиг, философи нь утга зохиолоор илэрдэг ийм онцлогтой. Зохиолч нь өөрөө хот газрын бөөн дунд амьдардаг, уншдаг уншигч нь ч мөн адил, тиймээс тэдний аж амьдралын төвлөрөл дундах өрнөл тал хээрийн өргөн уудам нутагтай монгол хүний сэтгэл оюунд их өвөрмөцөөр буудаг болов уу. Энэ бүхэн ямар утга зохиолыг бий болгож, ямар оюун санааг утга зохиолоороо дүрсэлж байдаг вэ гэдэг нь байдаг бололтой.   

-Та орчин үеийн залуучууд ном уншихгүй байна гэх үгтэй санал нийлэх үү?

            -Үгүй ээ. Харин ч шинэ үеийнхэн илүү уншдаг болсон гэж боддог. Миний уншигчдын дийлэнх хувь  залуучууд байдаг. Харин ахмад үеийнхний унших юм өөр байдаг байх. Миний хувьд бахархалтайгаар залуу үе ном уншиж байна гэж  хэлнэ дээ.

-Таны ширээний ном юу вэ. Монгол зохиолчдоос хэний номыг голчлон уншиж байна вэ?

            - Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Л.Түдэв нарын үг хэллэг таалагддаг, бүрэн түүврүүд нь миний ширээн дээр байдаг. Орчин үеийн зохиолчдоос Д.Урианхай, Л.Өлзийтөгсийн шүлгүүд, Дарьгангын найрагчид Д.Нямсүрэн, О.Дашбалбар, Д.Мэнд-Ооёо, Г.Аким, гүн бичлэгтэй До.Цэнджав, Л.Дашням гуайн номнууд байна даа. Богинохон наслаад өнгөрсөн Б.Жамд, П.Лувсанцэрэн нарыг хайж уншдаг. Ингэхэд би ерөнхийдөө сонирхолоосоо болоод тэр үү хязгаарлагдмал хүн. Орчуулагчдаас Ч.Чимэд, Э.Оюун, М.Цэдэндорж, Д.Гомбожав, Ц.Хасбаатар нарын зарим бүтээл онцгой.    

-Танд өөрөө ном бичиж гаргах бодол байгаа юу?

            -Сайн бүтээлүүдийг түүж орчуулсан хүний хувьд өөртөө  тавих цензур өндөр байдаг. Ямар ч байсан сонирхол бол бий.   

-Одоогоор зөвхөн номоо орчуулж байна уу. Өөр ямар ажил эрхэлж байсан бэ?

            -Би Ерөнхийлөгчийн тамгын газарт 14 жил ажилласан. Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч нарын үед ажиллаж байгаад  өөрийн хүсэлтээр ажлаасаа 2012 онд ажлаасаа гарч, утга зохиолын орчуулга руу цаг наранд хавчигдахгүй ажиллахаар шийдэж байлаа.

 

 


О.ЖАРГАЛСАЙХАН: Орчуулга бол хүний бүтээлийг хайрлах урлаг юм
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-22 18:24:18
    тунгалаг: шинэ цагийн орчуулагч нарын дотор ялгардаг, ийм эмэгтэй орчуулагч байхгүй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-22 14:19:27
    Unshigch: tanii orchuulsan zoxioluudiig olon jil amtarxan unshij baina daa Tanii ouynii uran buteeliin ix uilsed ni amjilt xusie Uxaan tani iluu uujim uzeg tani iluu xurts bolog
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188