• Өнөөдөр 2024-04-25

Ж.НҮРДЭН:ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АНХНЫ ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН БОЛЧИХООД ӨӨРӨӨРӨӨ БАХАРХАЖ БАЙЛАА

2022-07-20,   1028

               Цагдаа болохоор сэтгэл шулуудсан хүнд ухрах, няцах зам байдаггүй

          Эх орны минь эрэлхэг баатар, энх цагийн сахин хамгаалагчид болох Цагдаа, дотоод цэргийн алба үүсэж хөгжсөний түүхт 100, 101 жилийн баяр өчигдөр тохиосон юм. Энэ үйл явдалтай зэрэгцэн бид Цагдаагийн байгууллагын анхны гавьяат тээвэрчин, Цагдаагийн ахлах ахлагч Жамаажавын Нүрдэнг онцоллоо. Тэрбээр өдгөө 80 нас хүрсэн ч шинэхэн сонсогч мэт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд сүр жавхлант алба хаагчдын дунд омогшин, жагсаалд оролцож, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн юм. Амьдралынхаа ихэнх хугацааг цагдаа, цэргийн байгууллагад зориулсан түүнийг залуу, дунд, ахмад үеийн төлөөлөл андадгүй юм билээ. Ингээд цагдаагийн авто баазаас төрөн гарсан анхны гавьяатын ярилцлагыг уншигч танд хүргэе.
 
-Сайн байна уу, танд баярын мэнд хүргэе. Юун түрүүнд манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
                     
           -Сайн байна уу, баярлалаа. Намайг Ж.Нүрдэн гэдэг. Энэ жил 80 нас хүрч байна. Архангай аймгийн Хашаат суманд төрж, өссөн. Айлын хоёр дахь хүү. Манай гэр бүлийнхэн наймуулаа. 20 нас хүртлээ аав, ээжийнхээ дэргэд хүмүүжсэн. Аав, ээж хоёр минь малчин хүмүүс. Аав минь хилийн цэрэгт таван жил алба хашсан. Намайг бага байхад аав цэрэгт явсан тухайгаа их ярьдаг байлаа. Цэрэгт болсон явдлаа ярихдаа дандаа инээж “Эр хүн заавал цэрэгт явж, хатуужих хэрэгтэй” гэж хэлдэг сэн. 19 настайдаа жолооч болсон. 20 нас хүрээд цэрэгт явах гэсэн нэгдлээс аймагтаа жолооч болоод үлдээх хүсэлтэй байсан. Гэсэн ч би цэрэгт явсан. 1963 оны зун ингэж л би ижий, аавынхаа дэргэдээс холдож, эх орны хүү болсон доо.
 -Таныг цэрэгт явахад аав нь юу гэж хэлж байв?
                         
         -Намайг цэрэгт татагддаг өдөр бороо орж байсан юм. Аав минь “Бороо хур орсон сайхан өдөр явлаа даа. Миний хүүд цэргийн алба зохих шинжтэй. Дараа сайхан мэдээ дуулгах байх. Тууштай байгаарай” гээд нэг үнэрлээд үдсэн дээ. Тухайн үед цэрэгт явна гэсэн дэврүүн бодолд дарагдаж хөөрсөн л хүн байлаа. Одоо эргээд бодоход аавын минь хэлсэн үг, олон жил цэргийн албанд шантралгүй, тууштай ажиллахад нөлөөлсөн юм шиг санагддаг.
 
-Цэргийн аль ангид, хэдэн жил алба хаасан юм бэ?

                    -Аль ангид орох ёстойгоо ч мэдэхгүй байсан. Цэрэгт явахаас өмнө хотод хоёр удаа ирсэн. Хот газарт алмайрах зүйл их.  Товчоогоор орж ирээд л гайхаж, хэсэгтээ бишүүрхэж баяр, гуниг зэрэгцэн цэргийн албанд ирсэн. Тэгсэн манай аймгаас цэрэг татлагаас ирсэн залуучуудаас 10 гаруйг нь сонгоод 032-р хүндэт харуулын анги руу авч явсан. Хүндэт харуулын анги руу явах залуучууд дунд би орсон байсан учраас, хэл үггүй явж байлаа. 032-р ангид гурван жил алба хаагаад, 1946 онд халагдсан. Тэр үед жагсаалын хүндэт харуул гэдэг одоогийнх шиг ийм сайхан хувцас хунар өмсдөггүй байлаа. Би ч яах вэ ээжийн хийж өгсөн шинэ дээлнээс өөр зүйлгүй цэргийн хүн болж билээ. Тухайн үедээ л жагсаалын хүндэт харуулын ангийн цэрэг гэхээр л их бахархаж, гоё санагддаг байсан сан.

Цэргээс халагдаад тухайн үеийн Нийгмийг аюулаас хамгаалах буюу НАХ яаманд жолоочоор орсон. Олон жил жижиг тэрэг барьсан. Түүний дараагаар 21 жил НАХ яамны том тэргийг жолоодсон. Ажиллаж байх хугацаандаа НАХ яамны бүх л ажлын ард ажилладаг байлаа. Барилга, байгууламж, хөдөө орон нутгийн ажил гээд гэртээ байхаасаа байхгүй нь их. Ар гэрийн асуудлыг манай эхнэр л зохицуулдаг байсан.
\Охин Н.Оросоо нөхрийн хамт\
-Гэр бүлийнхээ хүнтэй хэрхэн танилцаж байв. Энэ талаар яриа дэлгэж болох уу?
                   
        -Манай эхнэрийг Ц.Мижигмаа гэдэг. 1963 онд цэргээс халагдаад эхнэртэйгээ танилцаж байлаа. Би 23 настай, манай эхнэр 17 настай байсан. Танилцаад жилийн дараа нэг гэрт орж албан ёсоор эхнэр, нөхөр болсон. Толгойтод байдаг албаны нэг өрөө байранд өрх тусгаарлаж байсан хоёр доо. Бидний дундаас таван сайхан хүүхэд гарсан. Дөрвөн хүү, нэг охин. Таван хүүхдийн минь гурав нь цэргийн байгууллагад зүтгээд, тэтгэвэртээ гарсан. Бүгд л сайхан алба хашиж, амжилт гаргасан гэж боддог юм. Цагдаагийн байгууллагын ажилчин хүнд эхнэр их чухал. Миний хань миний биеийн нэгэн хэсэг мэт надаас илүү намайг мэддэг. Бүх зүйлийг зохицуулдаг гайхалтай эмэгтэй байсанНасаараа хүнсний салбарт ажиллаж, тэтгэвэртээ гарсан. Хань минь нас бараад хоёр жил болжээ.  Нас нэмэх тусам санаж, үгүйлдэг юм байна. Хэдэн хүүхдүүдээ бүгдийг нь мэдлэг боловсролтой болгож хүмүүжүүлсэн хүн нь эхнэр минь юм. /Нулимсаа арчив/
\Зээ охины хамт\
-Таван хүүхдийг нь өсгөж хүмүүжүүлэх ажлыг эхнэр тань хариуцдаг байжээ. Харин таны хувьд хүүхдүүдээ хэрхэн цаг гаргадаг байсан бэ?
 
          -Гэрт байхаасаа байхгүй нь их. Тогтвор суурьшилтай ажил биш шүү дээ. Үргэлж гэнэтийн байдалд бэлэн байдалд байдаг мэргэжил. Эхнэр минь л ар гэрийн ажлаа амжуулдаг байсан.  Ямар сайндаа л том хүүгийн эцэг, эхийн хуралд суух гэж байгаад анги андуурч ороод, гэрээр дүүрэн инээдэм болж байсан удаатай. Энэ мэт зүйл элбэг тохиолдоно. Ер нь цагдаагийн байгууллагын ажилтан цаг наргүй ажиллаж байж  эх орон энх, амгалан байдаг байх гэж боддог.
\Цагдаа, дотоод цэргийн байгууллагын түүхэн 100,101 жилийн баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны жагсаал\
-Цагдаа, дотоод цэргийн алба үүсэж хөгжсөний түүхт 100, 101 жилийн баярын жагсаалд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юү?
 
         -Би мэргэжлээрээ бахархаж явдаг. 80 насандаа залуухан алба хаагчидтай мөр зэрэгцэн цагдаагийн байгууллагын баяр наадмын жагсаалд оролцоно гэдэг, сайхан байлгүй яах вэ. Цар тахал гээд сүүлийн хоёр жил хөл хорионд, өвчин дэгдээд хэцүүхэн байсан. Одоо харин гайгүй болжээ. Энэ жилийн наадмын жагсаалд манай хүү, хүргэн, зээ охин гурав цуг оролцсон. Хүүхдүүдтэйгээ хамт тэгш ойн баярын жагсаалд оролцох боломж ховор байх. Миний хувьд нас өндөр гарсан учраас удаан зогсоод хөл жаахан чилсэн. Бусдаар бол дажгүй. Буцаад залуухан болсон юм шиг л санагдсан даа. /Инээв/
\МУ-ын гавьяат тээвэрчин Ж.Нүрдэн болон ЦЕГ-ын Авто баазын дарга асан Ч.Энх-Амгалан\
-Таныг алба хаагчид “Анхны гавьяат” гэж тодотгож байсан. Хэзээ Монгол Улсын гавьяат тээвэрчин болсон юм бэ?
                -2001 онд, 58 насандаа Монгол Улсын гавьяат тээвэрчин болчихоод өөрөөрөө бахархаж байлаа. Одоогоор цагдаагийн байгууллагын тээврийн баазаас хоёр гавьяат төрсөн. Анхных нь би. Миний дараа 2020 онд Н.Ганхуяг гэх залуу гавьяат болсон. Намайг цагдаагийн алба хаагчид “Анхны гавьяат” гэж нэрийддэг. Цаашдаа олон сайхан гавьяатууд төрөн гарах байх. 47 жил цагдаагийн байгууллагад ажиллаж, 2010 онд 68 насандаа тэтгэвэрт гарсан. 80 насандаа цагдаагийн байгууллагын 100,101 жилийн баяр наадамд уригдан оролцлоо.
\Хүүхдүүдийн хамт\
-Гурван хүүхэд нь цагдаагийн байгууллагад ажиллаад тэтгэвэртээ гарсан гэсэн. Үүнд таны мэргэжил нөлөөлсөн байх гэж бодож байна вэ?
 
           -Дуртай зүйлдээ тууштай байх нь хэзээ нэгэн цагт үр дүнд хүргэдэг. Хүүхдүүддээ зөвөөр үлгэрлэж, цагдаагийн байгууллагад дуртай болгосон байх. Хэцүү зүйл байдаг ч сайхан зүйл их бий. Хүний амь нас аварч, аюулгүй байдлыг нь хангаж ажиллана гэдэг буянтай ажил шүү. Бас ямар ч хүнээс тэсвэр хатуужил, эр зориг шаарддаг мэргэжил. Ээж, аавын өврөөс эх орны хүү болж хатуужихад аавын минь хэлсэн үг л намайг түлхэж байсан. 
\Цагдаагийн байгууллагын хоёр гавьяат тээвэрчин Ж.Нүрдэн болон Н.Ганхуяг\
-Цагдаа хүний бахархал юу вэ?
 
            -Монгол хүний омогшиж явдаг зүйлийн нэг нь цагдаа гэж би боддог. Учир нь аюулгүй, энх тайван байдлыг бүрдүүлэх, сахиулах харуул шүү дээ. Энэ салбарт харьяалагдаж явсан хүний хувьд үнэн байх нь цагдаа хүний бахархал байх ёстой гэж боддог. Ийм ч байсаар ирсэн. Дээр үед шударга үнэний хэмжүүр нь цагдаа байсан. Харин одоо нийгэм нь өөрөө энэ ойлголтыг өөрчлөөд байх шиг. Тиймээс ямар ч цагт үнэний дуу хоолой болж ажилладаг цагдаа олон байгаасай гэж хүсдэг. Сэтгэл шулуудан цагдаа болсон хүнд ухрах, няцах зам байдаггүй. Харин урагшлах л сонголт байдаг .
 
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Эрүүл энх, сайн сайхныг хүсье. 
         -Баярлалаа.
 
 
 

 


Ж.НҮРДЭН:ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АНХНЫ ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН БОЛЧИХООД ӨӨРӨӨРӨӨ БАХАРХАЖ БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188