• Өнөөдөр 2024-05-01

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, МУСГЗ Х.ЦЭВЛЭЭ: МИНИЙ АМЬДРАЛЫН УТГА УЧИР, АГУУЛГА БОЛ СЭТГҮҮЛ ЗҮЙ

2022-07-07,   694

    Тэр бол Монголын сэтгүүл зүйн нэгэн оргил юм гэдгийг бид өчигдөр бахдан харж, баярлаж суулаа. Юу тэр гэвээс өчигдөр нэрт сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ хэмээх эрхэм Хөдөлмөрийн баатар цол хүртэж, сэтгүүл зүйн салбарт зүтгэсэн амьдралынхаа 60 гаруй жилийн хөдөлмөрийг төрдөө үнэлүүллээ. Түүний хэлдгээр, түүний гавьяа шагналаар үнэхээр Монголын сэтгүүл зүй Отгонтэнгэрийн орой шиг их ноён оргилд хүрнэ гэх их итгэл энэ салбарт зүтгэж суугаа олон хүнд төрсөн биз ээ. Бид шинэхэн Хөдөлмөрийн баатар, эрхэм сэтгүүлчтэй баярт мөчид нь цөөн асуултад хариулт авлаа.

-Юуны өмнө танд Хөдөлмөрийн баатар цол хүртсэнд тань баяр хүргэе. Энэ сайхан шагналыг хүртсэн сэтгэгдлээсээ хуваалцах нь зүйтэй болов уу?

    -Өнөөдөр их санамсаргүй юм болж байна. Сэтгүүл зүйн салбараас олон хүн шагнагдлаа. Зарим нь төрийн шагнал хүртлээ. Монголын ард түмний хандлага их өөр болж байна уу гэсэн бодол төрж байна. Хүмүүс уншдаг, сонсдог, хүндэтгэдэг болсон байна. Би өнөөдөр сэтгүүлч нэрээр энэ төрийн дээд цолыг авлаа. Энэ бол сэтгүүлчдийн л ач гавьяа шүү дээ.

-Өнөөдөр Монголын сэтгүүл зүй тэр чигтээ тантай хамт Хөдөлмөрийн баатар цол хүртэх шиг санагдлаа?

     -Сэтгүүл зүйн салбарт орсноо анхнаас нь тоолох юм бол 60 гаруй жил болж байна. Анх 1955 онд энэ салбарт хөл тавьж, аймгийн сониноос ажлын гараагаа эхэлж байлаа. Тэгээд “Үнэн” сонин, “Монцамэ” агентлагт ажилласан. Мөн “Зууны мэдээ” сонинд ч ажиллаж байлаа. Ер сонин хаана байна, тэнд л очдог байв. Магад миний сэтгүүлчийн зам сумын хананы сонины эрхлэгчээс эхэлсэн ч байж магадгүй. Тиймээс сэтгүүл зүй надад ач буянаа хайрлалаа гэж бодож байна.

-Та сэтгүүл зүйн зузаан түүхийн тэн хагасаас илүү хувийг бичилцсэн хүн. Өнөөгийн сэтгүүл зүй ариун шударга байж чадаж байгаа болов уу?

     -Цаг үе тэс өөр байна. Нийгэм өөрөө сэтгүүл зүй ингэж ажиллах ёстой гэж шахаж, олон янзын нөхцөл бүрэлдэхүүнтэй байгаа болохоор өөр, өөрийнхөө мэдээллийг сэтгүүл зүйн мэдээллийн өргөн талбарт оруулж ирээд, сайн, муу, зөв, буруу олон зүйл яваад байна уу гэж харж байгаа. Энэ байдлыг сэтгүүлчдийн хүн чанар л мэднэ байх.

Сэтгүүлч болоход боловсрол, мэргэжил, сэтгэл хэрэгтэй.

  Тэгэхээр сэтгүүлч гэх мэргэжлийг хүн чанар сайтай, сайхан сэтгэлтэй хүн л жинхнээр л авч явдаг юм. Энэ л журмаар явснаар миний өнөөдрийн амжилт бий болсон. Сэтгүүлч гэдэг бол тулгамдсан асуудлыг цаг тухайд нь нэвт харж, “Монголын нууц товчоо” зохиолд гардаг шиг ганц нүдтэй Дува сохор гурван бээрийн газрыг хардаг шиг байх хэрэгтэй. Дува сохор бол сохор хүн биш шүү дээ. Нүдтэй мөртлөө далдыг хардаг. Өөрөөр хэлбэл, байгаа баримтын хүний нүдэнд ил харагддаггүй үзэл санааг гаргаж ирэхийг хэлж байгаа юм. Энэ л сэтгүүлч хүнд хамгийн чухал. Үүнийг л олж харж, мэдрэх хэрэгтэй. Түүнээс түр зуурын мөнгөний болон цөөн хүний эрх ашиг бодоод, худалдагдах нь сэтгүүл зүй биш. Гэхдээ Монголын сэтгүүл зүй оршсоор байна. Оршсоор байгаагийн нэг илрэл бол өнөөдрийн сэтгүүл зүйн их хурал болов уу гэж бодож байна. Нийгмийн их шунал, заль мэхийг яах юм бэ гэж боддог. Нэг их ярьж байгаа хүн бол яриа нь өөр, өөрийнх нь үзэл санаа бас нэг өөр байна. Тэгэхээр байхгүй хүнийг олж сурах хэрэгтэй байна. Тиймээс би “Байхгүй хүн” сэдвээр нийтлэл бичих гээд оролдож байна. 

-Сэтгүүлч хүн гэж хэнийг хэлэх талаар та тодорхойллоо. Тэгвэл өнөөгийн редакцууд ямар түвшинд ажиллаж байгаа вэ?

    -Одоо редакц ямар байгааг бүү мэд. Ямартай ч  өнөө цагийн редакц сэтгүүлчийнхээ бүтээл рүү ороод байх хэрэггүй гэж боддог. Сэтгүүлч ямар асуудал гаргаж ирнэ, түүнийг хүлээж авах хэрэгтэй.  Шар, бор хамаагүй сэтгүүл зүйд үнэний төлөө л тэмцэж байх ёстой. Үнэн хаана байна түүнийг л ухаж, гаргаж ирэх ёстой. Тэгэхдээ өөрийн ашиг сонирхолд нийцүүлэхгүй байх талд ухамсартай байх хэрэгтэй.

       Биднийг ярилцах үед олон арван шавь, хамтран зүтгэгч нар нь түүнд баяр хүргэхээр хүлээж байсан тул энэ хүрээд яриагаа өндөрлөсөн юм. Х.Цэвлээ гэх энэ буурай сэтгүүл зүйд ажилласан он жилийнх нь хөдөлмөрөөс гадна Монголын сэтгүүл зүйд өөрийн мэдлэг чадвараа харамгүй зориулж, олон сэтгүүлчийг ч араасаа төрүүлсэн хүндэт багш гэдэг нь баярыг нь хуваалцахаар ирсэн хүмүүсээс тодорхой харагдаж байв.

  "Дээлтэй судар" номоор эхэлж, "Миний сэтгүүл зүй", "Өвөөгийн жор", Хөх утаа", "Нийтлэл зүйн тухай яриа"-гаар үргэлжилсэн түүний бүтээлүүдийг мэдэхгүй хүн цөөн болов уу. Тэр дундаа бага нас, ээжтэйгээ өнгөрүүлсэн он жилийн дурсамжаа эмхэтгэсэн "Ээж бид хоёр" ном нь таван хэл дээр хэвлэгдснийг ч түүний уншигчид андахгүй болов уу. Харин бүтээлээс уншаагүй нэгэн байвал заавал эрж, олж унших нь зүйтэй юм. Учир нь бүтээлийг нь уншиж гэмээнэ Монголын сэтгүүл зүйн оргил Х.Цэвлээ гэх эрхмийг таних учиртай юм аа.

Шар, бор хамаагүй сэтгүүл зүйд үнэний төлөө л тэмцэж байх ёстой. Үнэн хаана байна түүнийг л ухаж, гаргаж ирэх ёстой.


ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, МУСГЗ Х.ЦЭВЛЭЭ: МИНИЙ АМЬДРАЛЫН УТГА УЧИР, АГУУЛГА БОЛ СЭТГҮҮЛ ЗҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-25 01:56:03
    Temercheder,pranzaas......: Cheblee gyain bichleg bol buur unsaad yhaad baimaar yag l mongol uhaanaa singeej bichdeghun Dee,iim hun ch ene chagt cheehen suu.ene hun ene sagnaliig abalgui yabab...hajuud ni syyj baigàa pilosoplch bas l Tom setguulch zohiolch ta bidnii hundetgej yabdag Balhaajab gyain mini ene sagnaliig abah yostoi hun l te J boddog..er ni yum hiicen niigemdee tuugeeree aldarssa.n humuus ene sa.gnaliig abhad gemgui suu...buyantai saihan byyralyyddaa buyan hiseg ni arbijaj,urt udaan naslah boltygai.......
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-07 08:55:24
    Zochin: Erhem tand bayr hurgie.Urt nasalj udaan jargaarai
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188