• Өнөөдөр 2024-04-20

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Л.ХҮРЭЛБААТАР: Цол хүртээх тухай дуулаад хамгийн түрүүнд ээждээ хэлсэн

2020-11-02,   2010

Гайхамшгийг ихэвчлэн зөрүүд, өөрийнхөөрөө, баргийн хүний нөлөөлөлд автдаггүй, санаснаасаа эргэж буцаж, халшраад байдаггүйн дээр бусдад итгэвэл итгэсэн шиг итгэж, эгдүү хүргэсэнтэй нь эргэж нялуураад явдаггүй тэрслүү гэмээр нөхөр бүтээсэн байх нь олонтаа. Хүн төрөлхтний түүхэнд гайхан бахадмаар ололт, амжилтыг олон зуун сая хүн бүтээсэн байдаг ч бор зүрхээрээ, өөрөөс нь өөр хамтрагчгүй ч мөрөөдлөөсөө гадна бусдын сайн сайхны төлөө тэмцэж, хөдөлмөрлөсөөр амжилтад хүрсэн нь тийм ч олон биш. Гэхдээ бий. Тэдний нэг бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээд тун удаагүй яваа Лувсангийн Хүрэлбаатар билээ. Түүнийг бид “Энэ цагийн эзэд” булангийнхаа зочноор урин хөөрөлдлөө.

-Баяр хүргэе. Хөдөлмөрийн баатар цол хүртээд бараг сар болох гэж байгаа болохоор сэтгэл хөдлөл нь нэлээд дарагдчихсан байгаа байх. Гэхдээ баярт мөчийнхөө тухай, Хөдөлмөрийн баатар цолоо хүртэж зогсохдоо юу бодож байсан тухайгаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-“Хөдөлмөрийн баатар хэмээх том нэр хүндийг үүрч явах маш их хариуцлага над дээр ирж байна. Энэ дайнд хүрэх сайн сайхан, шинийг санаачлах ёстой гэж чамайг шагнаж байгаа юм шүү” гэж өөртөө хэлж зогссон доо. 2-3 төрлийн эм гарган авахаар ажиллаж байсан юм. Түүнийгээ л хурдан гаргаж, ард түмний эрүүл энхийг сахих ажлаа цаг, минут алгуурлалгүй, улам хариуцлагатайгаар хийе л гэж бодогддог юм билээ.

-Хөдөлмөрийн баатар цол хүртэх гэж байгаагаа дуулаад хамгийн түрүүнд хэнд хэлсэн бэ. Мэдсэний дараа яг ямар мэдрэмж төрдөг юм байна?

- Миний хувьд их санамсаргүй үйл явдал байсан болохоор төрийн ийм том шагнал авах болсноо дуулсан шөнөө нойр хүрээгүй. Би Хөдөлмөрийн баатар цол хүртэхээр юу хийлээ, ямар амжилт гаргалаа гэж нэлээд бодсон. Тэгээд “Аан энэ намайг, Хүрэлбаатарыг биш, манай эм хангамжийн салбарын хөгжлийг шагнаж байгаа юм байна” гэж бодсон. Дээр нь “Монос” группын 2000 гаруй хамт олны минь хөдөлмөр, зүтгэлийг үнэлж байгаа юм байна бодож, тайвширсан.

Надад Хөдөлмөрийн баатар цол хүртээх гэж байгааг нь дуулаад хамгийн түрүүнд ээждээ хэлсэн. Миний ээж одоо 92 настай. Ээж “Миний хүү аавынхаа захиасыг биелүүллээ дээ” гэсэн. Харин цолоо авсны дараа “Энэ том нэр хүндийг дааж яваарай, миний хүү” гээд үнссэн. Ээж минь 92-той ч бүжиглэнэ, дуулна, ширээний теннис тоглоно гээд зарим залуусаас хавь илүү хөдөлгөөнтэй, сайхан хүн бий.

-Та ямархуу хүү байв. Нэлээд шартай гэх яриаг мэр сэр дуулж байсан?

-Би багаасаа л их мөрөөдөмтгий, бие даасан бодолтой, хор шартай хүүхэд байснаа санадаг. Хүн бүхэн бага залуудаа тийм л байсан биз. Харин тэр хор шараа гадагшаа гаргаад байдаггүй байсан нь их аз байж гэж бодогддог. Тухай бүрт нь гаргаад байсан бол тийм их хор шар хуралдахгүй ч байсан байж мэднэ. Оюутан байхад зарим орос монголчуудыг үл тоомсорлодог, зарим нь бүр доромжилдог байсан нь миний хор шарыг ёстой нэг бадраадаг байж билээ. Би эх орноосоо алсад, Орост сурч байгаадаа хөөрч, орос оюутнууддаа гадаадын оюутан гэдгээрээ бахархах санаатай. Бидэнтэй хамт Чех, Польш, Судан, Этиоп, Вьетнам зэрэг олон орны оюутан, залуус суралцдаг. Оросууд бидэн шиг гадаадынх гэхээр сүйд болно. Тэгсэн хэрнээ монголчууд гэхээр тоохгүй, зарим нь доромжлох маягтай. Бүр “Монгол бол гадаад биш, тахиа бол шувуу биш” гэх зэргээр сүүл толгой холбоод шоглоно. Тахиаг ч яах вэ нисдэггүй болохоор нь шувуу биш гэж болох юм. Харин бүхэл бүтэн тусгаар улсыг гадаад биш гэхээр хор хөдлөөд ер болдоггүй байлаа. Иймэрхүү асуудлаас болж нэлээд удаа оросуудтай гөвөлцөж явлаа. Ийм асуудлаар надтай үргэлж маргадаг нэг орос залуу нэг удаа намайг бие засах газарт дууддаг юм байна. Очтол гурвуулаа, салам зодуулсан. Гэхдээ би боксын секцэнд явдаг байсан болохоор мөчөөгөө өгөөгүй, намалдгийг нь адилхан л нээсэн. Салам зодуулсан ч гэлээ онгол үндэстэн, Монгол нэрийг өмгөөлсөн, хүссэнээр нь бууж өгөөгүй болохоор сэтгэл онгойгоод сайхан байж билээ.

Миний хувьд эр зоригтойгоороо бусдаас ялгараад байдаггүй ч бусдад мөчөөгөө өгдөггүй хүү байсан. Зодоон цохионд оролцоод байхгүй ч тулаад ирвэл зодолдохоос буцдаггүй л байлаа. Оюутан байхдаа шүхрийн спортоор хичээллэж явлаа. Сургуулийнхаа боксын секцэнд явж, бүр Пятигорск хотын босксын аварга шалгаруулах тэмцээнд сургуулийнхаа аваргын хувьд оролцож явлаа гээд эрсдэлээс айдаггүй л залуу байлаа.


-Та бас нутаг заалгаж байсан юм билээ. Тухайн үед юу болсон тухай ярьж өгөөч?

-Цөлөгдөх болсон шалтганаа яръя. Би 1980-1985 онд Эрүүлийг хамгаалах яамны эмнэлгийн хэвлэлийн нэгдсэн редакцад Хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Дарга ч гэж дээ, улирал тутмын “Анагаах ухаан”, “Эрүү мэнд” сэтгүүл, долоо хоног тутмын “Эрүүл энхийн төлөө” сониныг гурвуулахнаа эрхлэн гаргаж байсан болохоор сэтгүүлч, гэрэл зурагчин, редактор, сигнал уншигч гээд олон ажил хийдэг байсан юм. Тэгж ажиллаж байхад яамны орлогч сайд, намын үүрийн дарга Ч.Нямдорж намайг намд элсэхийг хэд хэдэн удаа шаардаж байсан. Намайг намд элсэхгүй болохоор “Чам шиг зөрүүд тэрслүү хүн хол явахгүй дээ” гэж хөмсөг зангидан хэлж байв. Ингээд ч намд элсээгүй тул ажлаас байнга л өө сэв эрж, ер нь л ажиллахад түвэгтэй болж ирсэн. Эрүүлийг хамгаалах яамны сайд Д.Ням-Осорт дургүй хүн олон. Сайд маань архи ч их ууна. Ингэж байтал Намын төв хорооны шалгалтын том групп манай яаманд долоо хоног ажилласан. Гэтэл шалгалтын дүн эерэг, сайн гарч, бүр манай хэлтэс хамгийн сайн ажиллаж байгаагаар шалгарлаа. Тэгсэн түүний шагнал болгож, намайг сэтгүүлчдийн мэргэжил дээшлүүлэх 45 хоногийн курст явууллаа. Сэтгүүлч Ж.Гүрбазар, Н.Шүрэнцэцэг, Ж.Бямбаа гээд олон сайхан хүнтэй хамт суралцаад төгсөхийн даваан дээр фаакталсан даа. 1985 он шүү дээ, өөрчлөн байгуулалт, ил тод байдал Оросоос Монголд ид халдварлаж байсан үе. П.Жасрай, Т.Намжим гээд тэр үеийн нэртэй эдийн засагчдын яриа, лекцүүд залуусын нүд, чихийг нээж байлаа. Тэр өдөр улсын ерөнхий прокурор лекц уншиж, сэтгүүлчдийн асуултад хариулж байсан юм. Би тухайн үед эргэлзээд, гайхаад байсан нэг зүйлээ асуусан нь миний амьдралыг орвонгоор нь эргүүлж, сэтгүүлч байх эрхийг минь бүр мөсөн хумисан даа.

-Ямар асуулт?

-80-аад оны эхээр “Сэтгэл мэдрэлийн эмч нарын” гэж алдаршсан хэрэг мандсан юм. Сүүлчийн шүүх хурлууд нь манай яамны дэргэдэх эмнэлэг, Гэгээрлийн ордонд нээлттэй болж, би хуралд нь цөөнгүй суусан болохоор тэр хэргийн эцсийн шийдвэрийг хуудуутай гаргасан шиг санагддаг байлаа. Тэгээд энэ тухайгаа, өөр хэд гурван асуулттай бичээд өгчихлөө. Тэгсэн прокурор миний асуултыг уншсанаа илт уурлаж, мэнчийтлээ улайснаа “Үүнийг хэн бичсэн бэ” гэж асуухдаа гар нь салганан чичирч байсан. Тэр үед “Би” гээд босчихож чадалгүй нугдайж суусандаа бодохоор өөртөө уур хүрдэг юм. Гэхдээ заримдаа “Намайг босохын завдалгүй прокурор гараад явчихсан шүү дээ” гэж өөрийгөө өмөөрч боддог л юм. Маргааш нь л намайг гэдгийг бичгийн хэвээр минь олж мэдээд сайд дуудаж, өрөөнд нь ортол ширээгээ маш хүчтэй цохиод “Чи яадаг туучий вэ. Хэвлэл мэдээллийн салбарт таван жил ажиллачихаад юу асуух, юу асуухгүйгээ мэддэггүй туучий” гэснээ “Өнөөдөр яамны коллегийн хурлаар чамайг оруулна. Редакцын чинь ажил маш муу гээд чамайг ажлаас чинь хална. Чи дуугүй л миний буруу гээд байгаарай. Чи ер нь байнга сөргөлдөж байдгаа болиорой. Хурал дээр дуугүй суувал чамд өлзийтэй, арай хөнгөн арга хэмжээ авахуулна. Чи ер нь ямар хэрэгт орооцолдсоноо мэдэж байна уу” гэсэн. Сарын өмнө яамны тэргүүний салбарын эрхлэгч гээд л шагнуулж зогссон би хамгийн муу ажилласан үндэслэлээр хөөгдсөн. Ингээд л эсэргүү болчих нь тэр. “Чамайг хөдөө орон нутагт ажиллуулах шийдвэр гарсан” гэлээ.

-Хаашаа цөллөгдөхөөр болов?

-Нэг л хөдөө рүү цөллөгдчихвөл эргэж хотын хүн болно гэж саналтгүй. Ажлаа хүлээлгэж өгчихөөд явж байтал Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газрын Эм хангамжийн хэлтсийн дарга Д.Мангаа гуайтай таарлаа. Тэгсэн “Социалист орнуудын эдийн засгийн талаар хамтран ажиллах зөвлөлийн хоёр гурван гэрээний орчуулга хүлээгдээд ажил саатаад байна. Чи орчуулаадахаач, би бардаггүй” гэж байна. “Юун орчуулга, хөдөө цөллөгдөөд, томилолтоо хүлээж байна” гэсэн чинь намайг нудраад “Наад амаа, аяар гэм. Чи энэ амнаасаа нэг болно шүү. Би сайдтай яръя, ятгая” гэж байна. “Сайд зөвшөөрөхгүй ээ” гэсэн чинь “Чухал ажил шүү дээ. Чи чинь орос хэлнээс 2-3 ном орчуулчихсан, дээр нь эм зүйч шүү дээ. Салбартаа тусла, зургаан сар ч болтугай хотод суу” гээд мөрөн дээр алгадчихаад яваад өгсөн. Тэгсэн маргааш нь Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газрын дарга намайг дуудаад “Энийг зургаан сарын дотор орчуулж дуусгана шүү. Социалист орнуудын хооронд эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бараа үйлдвэрлэл хангах асуудлаарх гурьан гэрээ юм. Дараа нь Эрүүлийг хамгаалах яам, Сайд нарын зөвлөлөөр хянагдах ёстой, хатуу хуваарьтай юм шүү” гээд өгсөн. Нэлээд их ажил болсон ч гурван сарын хугацаанд орчуулаад өгчихлөө. Хүмүүс намайг “Тэнэг байх аа, цөлөгдөх хугацаагаа наашлуулаад л” гэж байна. Тэгсэн яг тэр үеэр өнөөх Мангаа гуай маань олон хоног архи уугаад ажлаа өгөх болчихсон байж байна. Тэгснээ намайг “Чи миний ажлыг түр авч бай” гэж байна. “Би чинь цөлөгдөх гэж байгаа хүн. Тэгээд ч та надад тусласан байхад би таны ажлыг авч чадахгүй” гэхэд “Түр авчих аа” гээд зальжинаар нүд ирмээд түүнээс хойш би таван жил Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газрын Эм хангамжийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. Тэгж байтал ардчилсан хувьсгал ялсан даа. Ардчилсан хувьсгал ялаагүй бол би нэг тиймэрхүү үүрэг гүйцэтгэгчээр насан туршдаа ажиллах, аягүй бол ахиад алдаа гаргаж, хөдөө цөлөгдөх байсан биз ээ.

-Гэхдээ та өнөөгийн эмийн сангуудын дүр төрхийг тэр үед хүсэж, тэр үеийн асуудлуудыг нэлээд ухаж, төнхөж, салбар дотроо бас л эсэргүү болж явсан юм билээ. Энэ тухайгаа яриач?

-1989 он. Тэр үед байгууллагын дарга нарыг сонгуулиар сонгодог нэг тийм сонин жишиг газар аваад байсан. Би Улаанбаатар хотын Эмийн сангуудын удирдах конторын даргын сонгуульд хуучин даргатай нь, мөн удирдах газрынхаа эмийн сангийн хэлтсийн даргатай мөрийн хөтөлбөр боловсруулж өрсөлдлөө. 84.5 хувиар ялж, ажлаа авсныхаа дараа долоо хоног дотор Улаанбаатар дахь 51 эмийн сангаар нэг бүрчлэн орж, ажилтай нь танилцчихаад эрхлэгч нарын зөвлөгөөн зохион байгууллаа. Эмийн сангууд маш их алдагдалтай ажиллаж байгааг ойлгосон. Баахан илүү орон тоо. Жишээ нь, Баянхошууны, өдөрт 200 төгрөгийн орлогтой эмийн санд найман хүн ажиллаж байх. Энэ мэтээр сул орон тоонуудыг нэгтгээд, тус эмийн санг хоёр ажилтантай болгочихлоо. Бусдынх нь ч орон тоог энэ зарчмаар цөөллөө. 28 эрхлэгчийг нэг өдөр ажлаас нь чөлөөлж, оронд нь эрч хүчтэй, өөрчлөлтийг дэмжсэн залуусыг томилчихлоо. Тэгсэн зохион байгуулалттай бүлэг бий болж, намайг эсэргүүцэж эхэллээ. Намын дарга галзууртлаа уурлаж, “Олон жил ажилласан туршлагатай, намын гишүүн хүмүүсийг хоморголон халлаа. Тушаалаа цуцал” гэж байна. Хотын намын хорооноос шалгалт ирээд юу ч олсонгүй. Гэсэн ч тушаалаа цуцлахгүй бол намайг хөөнө л гэж байна. Би ч “Би намаас томилогдоогүй, бүх нийтийн сонгуулиар сонгогдсон. Бүх ажилчдын хурлаар намайг хөөх асуудлыг шийдүүлнэ. Өөрчлөн байгуулалтыг эсэргүүцэж байгааг чинь харин Намын төв хороонд гомдол болгож хүргүүлнэ гэлээ. Түүний дараа нэг хэсэг гэрийн, ажлын өрөөний цонх хагарч, хов жив, цуурхал газар авч, утсаар хүмүүс харааж, загнаж, элдэв гүтгэлэг энд тэндгүй гарч, лам, бөөгийн сураг ч дуулдаж байлаа. Гэлээ гээд ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй гэгчээр ажлаа шударгаар хийх гэж зүтгэсэн надад янз бүрийн юм болоогүй л дээ. Энэ мэт эсэргүү гэхээр юм ганц нэгээр тогтохгүй хийж байсан.

-Лодонгийн Түдэв гуайтай холбоотой нэг дурсамж байдаг гэсэн. Ярьж болох уу?

- 1990 оны дөрөвдүгээр сар. Ардчилсан хувьсгал ид өрнөж байсан үеийн  МАХН-ын онц их хурал. Бид С.Дашдаваа, К.Зардыхан нарын 15 эрдэмтний боловсруулсан МАН-ын программын тунхаглал, дүрмийн төслийг хэлэлцэж баталсан юм. Хэдийгээр өмнөхөөсөө дээр болсон ч залуусын сэтгэл гонсгор байлаа. Ядаж намынхаа нэрийг дэлхийн жишгийг баримталж, Монголын социал демкрат нам, эсвэл монголчилж, Монголын социалист ардчилсан нам гэж нэр-лэх, үзэл баримтлалыг эрс өөрчлөх саналыг нийслэлээс сонгогдсон 14 залуу гишүүн гаргасан юм. Гэвч бидний саналыг өчүүхэн ч ойшоохгүй, эрс эсэргүүцэж байлаа. Тэгсэн хурлын завсарлагаанаар нэг бүсгүй орж ирээд “Улс төрийн зөвлөлийн гишүүн Л.Түдэв тантай уулзана гэж байна. Та дагаад явна уу” гэж байна. Түдэв гуайн өрөөнд ороод байтал зохиолч П.Баярсайхан бас ороод ирлээ. Одоо бодоход бидний 14 “эсэргүүг” улс төрийн зөвлөлийн долоон гишүүн хоёр хоёроор нь хуваан авч, нэгдсэн хүчийг маань сааруулсан байгаа юм. Бид хоёр Түдэв гуайг Улс төрийн зөвлөлийн гишүүний хувиар биш, нэр хүндтэй зохиолчийнх нь хувиар хүндэтгэн маргахаас эмээж байлаа. Түдэв гуай “Хүүхдүүд минь та нарын санааг ойлгож байна. гэхдээ нэг дор нэг амьсгаагаар өөрслөлт хийх боломж алга. үндсэн танхимд сууж байгаа 650 төлөөлөгчийг харж байгаа биз дээ. Олонх нь социалист коммунист чиглэлээс татгалзахыг эсэргүүцэж байна. Биднийг орон даяар харж байна. Ийм хэцүү үед намаа хагалан бутаргах хэрэггүй. Бид дараагийн хурлаар үзэл баримтлал, нэрээ та нарын хэлснээр солино. Намд маань маш хүнд үе тохиогоод байна” гэсэн. Бид хоёр “Хурдлахгүй л бол Социал демократ нам шинээр үүсэх гээд байна” хэмээн амандаа бувтнахад “Нэр яах вэ, үзэл баримтлал чухал. Түүнийгээ ойрын үед хэдүүлээ сайн боловсруулна” гэж амыг минь таглаж байлаа. Гэхдээ нэг их удаагүй нам тийм ч хялбар өөрчлөгдөхгүй юм байна гэдгийг ойлгоод аажим аажмаар идэвхгүй гишүүн нь болсон л доо. Ардчилсан хувьсгалыг дан ганц Ардчилсан намын өмч гэж боддог зарим хүнтэй би санал нийлдэггүй. Ардчилсан хувьсгалыг ардчилсан хөдөлгөөний залуус, түүнийг дэмжиж байсан ард түмсэн, МАХН-ын олон залуус хийлцсэн. Тэр ч байтугай МАХН-ын дарга Ж.Батмөнх гуай тэргүүтэй алсын хараатай олон удирдагч хийлцсэн юм шүү дээ.

-Ардчилсан хувьсгал монголчуудын амьдралд эрс шинэчлэл, өөрчлөлт авчирсантай зэрэгцэн та хувийн хэвшилд хүч үзье гэж шийдсэн үү?

-Төр засгаас хувийн хэвшлийг дэмжсэн ямар ч тогтоол, шийдвэр гараагүй байх үед Монос эм, гоо сайхны жижиг үйлдвэрээ байгуулах санаа төрсөн нь одоо бодоход гайхалтай зориг байсан байгаа юм. Өнгөрсөн зууны наяад оны сүүлч,90-ээд оны эхээр улсын үйлдвэр, аж ахуйн байгууллагуудыг үр ашигтай ажиллуулахыг шаардах тусам орон тоо цомхотгогдож, олон хүн ажлаасаа чөлөөлөгдөж байлаа. Ялангуяа төрийн нүсэр байгууллагуудаас олон хүн орон тооны цомхотголд орж халагдаж байсан. Тэднийг ажлын байраар хангах нэг арга зам нь хувийн үйлдвэр, аж ахуй, хоршоо байгуулах байсан. Тэр үед  Б.Эрдэнэбатын хайгуулын “Эрэл”, Батж.Батбаярын хими цэвэрлэгээний “Туул” зэрэг хоршоо мэр сэр байгуулагдаж байв. Мөн Буд, Даваасамбуу зэрэг залуус эм, гоо сайхны “Монос”, модон эдлэл тавилгын “Очир”, бийр багсны “Тахь” зэрэг хамгийн анхны хувийн жижиг үйлдвэрүүдийг эрсдэлээс айлгүй байгуулж байлаа. Үйлдвэрээ байгуулах болсон шалтгаан, нөхцлийн талаар ярьвал урт түүх болно. Тухайн цаг үеийн нийгмийн амьдрал, эм, гоо сайхны үйлдвэрлэл, ханган нийлүүлэт гээд олон зүйлийг би өөр түвшинд аваачихыг зорьж, хичээж зүтгэж ирсэн. Чамлахааргүй амжилттай яваа ч хийх ажил одоо ч их байна.

-Тухайн үед та юунд итгэж, найдаж үйлдвэр байгуулахаар зорьж байв?

-Өөртөө л найдсан. Би үйлдвэртэй болох санаагаа олчихоод хамтран зүтгэх хүний эрэлд гарч үзсэн юм шүү.  Найзууддаа хэлэхэд “Зөв, цаг нь болсон” хэмээн сайшааж байсан ч хамтран ажиллая гэхээр олонх нь цочиж, “Гэрийнхэнтэйгээ ярилцъя” гэсхийгээд тэр чигтээ алга болцгоож байсан. Миний саналыг нэг ч найз минь дэмжиж байгаа шигээ хүлээж авч, хамтрахгүй болохоор нь хэсэг гайхаж байгаад сүүлдээ ойлгосон. Тэр үед Монголд нэг ч хувийн үйлдвэр байгаагүй болохоор тэдний санаанд яаж багтах вэ дээ. Харин ч бүүр намайг галзуу гэж бодож байсан нь тэдний зөв. Анхдагч, түүчээ байна гэдэг сайхан ч ямар бартаа, саад намайг хүлээж байгааг би төсөөлөөгүй. Гэхдээ туулсан бүхнээ төсөөлж, мэдэж байсан бол би тэр замыг сонгохгүй ч байсан байж магад. Гэхдээ нэг шийдсэн л бол зүтгэдэг, ард нь гарах гэж улайрдаг, замаасаа буцдаггүй зан минь аав ээжээс өвлөсөн төрөлхийн онцлог гэж болно.

1990 оны намрын тэр нэг өдөр миний өмнө маш том хаалга нээгдэх шиг болж билээ. Хаалганы цаана юу байгааг би үнэндээ сайн төсөөлөөгүй. Тэр том хаалганы өмнө би “Эм, гоо сайхны Монос хувийн жижиг үйлдвэр” гэсэн ганц цаастай л зогсож байсан. Надад хамтран зүтгэгч, хамт олон, үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, түүхий эд, материал байгаагүй. Тийм юм худалдан авах мөнгө ч байгаагүй. Тэр том хаалганы бариулаас атгаад ганцаараа л зогсож байсан. Гэрчилгээгээ авчихаад гэргийгээсээ өөр хэлэх хүнд надад байгаагүй. Гэргий минь л миний шийдвэрийг дэмжиж, ард минь бат зогсож, урам зориг өгч, түшиг тулгуур минь болж байсныг үргэлж бодож, баярлаж явдаг.

-Та тэгээд ямар хөрөнгөөр үйлдвэрээ босгосон юм бэ?

- Өөрт юу байгаагаа бодож үзэв. Эмийн ургамлын тухай мэдлэг л байлаа. Ингээд л эмийн ургамлаас эхэлсэн дээ. Хамгийн түрүүнд боломжтойгоор нь эмийн ургамлыг зохих заавар, холбогдох нарийн дэглэмийн дагуу түүж, угааж, цэвэрлэж, нунтаглаж, савлаад зарж эхэлсэн. Тэр үед хувийн машинтай ч хүн бай, ургамал нунтаглаж өгөлцсөн хүн ч бай ажлын хөлс гэж хэдэн төгрөг өгвөл доромжилсон болж мэдэх тийм ёс суртахууны хэмжүүртэй байлаа. Адарсүрэн, Дашням зэрэг олон сайхан дуучин үүнээс болж архинд орсон доо. Айлын хурим, найранд урина. Баярлалаа гээд хэдэн төгрөг өгвөл доромжилсон болно. Тэгээд талархсан сэтгэлээр архиар шахна. Хамаатны маань техник сэтгэлгээ маш сайтай, хоёр хөлгүй ах байлаа. Хүмүүсийн мотоциклийг засаж өгөөд шагналд нь ердөө ганц шил архи авна. Гэрт нь хэдэн хүүхэд нь идэх хоолгүй өлсөж байгааг мэдсээр атлаа өчнөөн талх авах мөнгөний оронд архи л өгнө. Тийм л цаг үе байсан даа.

Тэгээд хүний санаанд орж болох бүхнийг хийсэн гэж болно. Гэртээ байсан телевизор, хивс тэргүүтэй өнгөтэй өөдтэй юмнуудаа зарлаа. Хадам ааваасаа мөнгө зээллээ. Номнуудаа, хамгийн хайртай цувралуудаа зарлаа. Ном орчуулга, энд тэнд багшилсны цагийн мөнгө гээд хэд гурван төгрөг нэмэрлэнэ. Бийр багсны үйлдвэрийн хаягдал хэрэмний арьсыг үслэг эдлэлийн үйлдвэрт өгч хэрэмний арьсан дээл болгоод зарж хүртэл үзлээ. Ноолуур, бугын цусан эвэр зарах гэж будилсан гээд эр хүний хийж болох бүхнийг л хийсэн.

-Таниас магадгүй олон сэтгүүлч асуусан байх. Гэхдээ манай сайтын уншигчдад сонин байж мэдэх юм. Та “МОНОС” нэрний учрыг хэлж өгөөч?

-Би эм, гоо сайхны жижиг үйлдвэртээ ямар нэр өгвөл зохих вэ гэж их бодсон, хайсан. Нэг л өдөр “Монос” гэдэг нэрийг олсон. Хүн Монгол Оюун Санаа, Монгол Оюун Сэтгэлгээ, Монгол Оюуны Сор гэсэн олон сайхан үгийн товчлол болсон энэ нэрийг олонгуут сэтгэлд нар гийх шиг болсон. Монгол оюун ухааны гайхамшгийг бэлгэдсэн “МОНОС” хэмээх нэр бидний шүтээн болсон доо.

-Таны гэргий мөн л монголчуудын эрүүлийг хамгаалах үйлсийн том төлөөлөгчдийн нэг. Бас таны амьдралын бүх цагийн үеийн хамгийн үнэнч түшиг тулгуур байсан байх. Гэргийнхээ талаар та юу хэлэх вэ?

-Би сургуулиа төгсөж ирээд Сэлэнгэ аймагт хуваарилагдсан юм. Тэнд ажиллаж байхдаа эхнэртэйгээ танилцсан. Түүнээс хойш 40 гаруй жил ханилаад, бие биенийхээ нөмөр нөөлөг, түшиг тулгуур болж явна даа. Миний хань физикийн багш мэргэжилтэй хүн. Бид үйлдвэрээ байгуулснаас хойш хань маань гоо сайхны чиглэлийн үйлдвэрлэлээ илүүтэй дагнаж, олон сайхан бүтээгдэхүүн санаачилж, хийсэн. “Биомон” цувралаараа Дэлхийн оюуны өмчийн Алтан медаль хүртэж байсан гавьяатай хүн. Үнэнийг хэлэхэд, Хүрэлбаатар гэж хүний өнөөдрийг, хүрсэн амжилт гэж байдаг бол түүнийг бүтээлцсэн хүн бол миний хань.

-Танд тулгарч байсан бэрхшээлүүдээс хамгийн хэцүү нь юу байсан бэ?

-Мэдээж бүх юм дардан байгаагүй. Олон л бэрхшээлийн ард гарч. Гэхдээ хамгийн том бэрхшээл нь хүмүүсийн хандлага юм уу даа. Гэхдээ дуртай ажлаа хийгээд явж байхад хүмүүсийн ямар ч хандлага тээр ард үлдсэн байдаг юм. 

-Таны амжилтын гол үндэс юу гэж та дүгнэдэг вэ?

-Зөв хүмүүс сонгож, сайхан хамт олон бүрдүүлсэн нь Монос группийн хамгийн том амжилт гэж би боддог. Зөв хүн бол бизнест ч, амьдралд ч хамгийн чухал эрдэнэ. Зөв хүмүүсийг сонгох, таних тал дээр өөрийгөө би азтай, ямар нэг байдлаар туршлагатай гэж боддог. Гэхдээ өндөр мэдлэгтэй, эрдмийн зэрэг цолтой мөртлөө хүний мөс гэж огт байхгүй хүн гэж бий. Дунд сургууль ч төгсөөгүй, мэдлэг бага ч хүний хайлан байх нь олон. Тиймээс хүнээ сайн судлах, таних л их чухал. Хүнийг танъя гэвэл их хэмжээний эд хөрөнгө, эрх мэдэл өгөөд үз гэдэг үнэн юм билээ. Итгэ гэхдээ шалга гэдэг үгийг баримталж байх нь зөв.

-Хөдөлмөрийн баатрын цаашдын хүсэл мөрөөдөл юу вэ?

-Хүний хүсэл мөрөөлөл хязгааргүй. Аль болох сайн эм зохион бүтээх, үйлдвэрлэх, өвдсөн хүмүүст туслах хүсэл мөрөөдөл минь хязгааргүй. Зохион бүтээсэн, үйлдвэрлэсэн эмийг минь хүмүүс уугаад эдгэхийг харах миний хувьд хамгийн том аз жаргал. Тиймээс эм зохион бүтээх ажил үйлс миний хувьд аз жаргалын эх булаг. Эцсийн амьсгалаа хураатлаа энэ ажлаа л хийнэ. Магадгүй энэ ажлыг л хийлгэх гэж эцэг, дээдэс, ээж аав минь намайг энэ дэлхийд ирүүлээ биз.

-Эм зүйч таны хувьд эхэндээ мэргэжил байсан бол мөрөөдөл, бизнес болсон. Одоо харин?

-Би ажил хийгээгүй. Дуртай зүйлээ л хийж байна. Найзууд маань “Одоо тайвшир, амьдралаас таашаал ав” гэдэг. Харин би “Энэ ажлаасаа таашаал авдаг, энэ ажлаа хийхдээ л баяр баясгалантай, аз жаргалтай байдаг. Энэ ажлаа хийж л тайвширдаг” гэж хариулдаг юм. Яг үнэнийг хэлэхэд би энэ мэргэжилдээ дуртай байгаагүй. Сэтгүүлч болно л гэж мөрөөддөг байсан. Сэтгүүлчээр Москвад суралцах хуваариа өөр хүнд булаалгачихсан юм. Тэгээд л хаа холын Кавказад Пятигорск хэмээх жижиг хотод “цөлөгдөөд” эм зүйн академид суралцсан. Төгсөөд ажиллаж байхдаа мэргэжлийнхээ сайханд аажим аажмаар дурласан хүн.

Намайг ихэнх хүн бизнесмэн гэж хардаг. Уг нь би эрдэм шинжилгээний өгүүлэл монгол, орос, англи, герман, франц, солонгос хэл дээр хэдэн зууг нийтлүүлсэн, олон зуун илтгэл тавьсан, эрдэм шинжилгээний цөөнгүй номтой, заримыг нь гадаад хэл дээр бичиж, хэвлүүлсэн гээд яривал бизнесмэнээсээ эрдэмтэн хэмээгдэх хувь нь илүү юм.

-Одоо хэчнээн ач зээтэй болж, одоо ам бүл хэдүүлээ болоод байна вэ?

-Манайх хүү, охинтой. Хүүхдүүддээ миний өгч чадах юм сайн боловсрол эзэмшүүлэхийг хичээх, боломжоор хангах л байсан. Хангахыг хичээсэн. Хүүхдүүд маань Америк, Англид боловсрол эзэмшсэн. Хүүхдүүд маань одоо группынхаа ажилд голлох үүрэг гүйцэтгээд явж байна. Хөгшин бид хоёр ач, зээ нийлээд дөрвөн жаахантай болчихоод байна.

-Залуучуудад, ялангуяа 20 хүрч яваа залууст хандаж та юу хэлэх вэ. 20 хүрч яваа залуус урам зориг, хүч дүүрэн ч цаашид хэн болох вэ, юу хийх вэ гэдгээ төдийлөн сайн мэдэхгүй харайлгаж явдаг учраас ийн тодотгосон хэрэг л дээ?

-Нэгдүгээрт, өөрийгөө олох хэрэгтэй. Хоёрдугаарт, өөрийн чадах, сонирхсон мэргэжлээ сонгож, тууштай, үнэнчээр сурч өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Гуравдугаарт, насны ханиа зөв сонгох нь хүний амьдралд хамгийн чухал зүйл юм даа. Өөрийгөө олох гэж байна гээд нэг газар суугаад бодоод байхыг хэлж байгаа юм биш. Янз бүрийн зүйл хийж, туршиж үзэх хэрэгтэй юм. Залуу хүн зорилготой, зорилгынхоо төлөө зориг гаргаж чаддаг байх хэрэгтэй.

 

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Л.ХҮРЭЛБААТАР: Цол хүртээх тухай дуулаад хамгийн түрүүнд ээждээ хэлсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188