• Өнөөдөр 2024-05-05

Д.БЯМБАЦОГТ: ТЕАТР ОЮУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БИШ, ЁС ЗҮЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЮМ ШҮҮ

2022-06-09,   1336

           Монгол Улсын төрийн соёрхолт, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Далхаагийн Норовын “Паанаг” өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн “Ноён солиот” уран сайхны киноны Паанагийн дүрээр цэнхэр дэлгэцийн уран бүтээл сонирхогч, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Д.Бямбацогттой “Энэ цагийн эзэд” булангаараа уншигч таныг уулзуулж байна. Энэхүү хөөрөлдөөн уншигч таныг Д.Бямбацогт хэмээх эрхэм жүжигчний дотоод ертөнцийн бодол, хөврөл, сэтгэлгээний өвөрмөц, сонирхолтой бодь галаар аялуулна гэдэгт итгэлтэй байна.

        Өглөө эртлэн босоод эх болсон байгаль, дэлхийдээ бясалгах мэт цээж дүүрэн нэг их сайхан амьсгаа авч хол ойрыг бодон цээжний гүндэх бяцхан гунигаа сэрээх мэт бодрол болон зогслоо. Тэнгэрийн гүн цэнхэр өнгө, алсын уулсын оройг ширтэн салхи сөрөн зогсоо миний дотоод бодролыг үргээн өөр ертөнцийн нэгэн гялбаа нарны ташуу туяатай орж ирсэн юм. Энэ бол өнөөдөр ярилцлага хийхээр тохирсон жүжигчин Д.Бямбацогт авай. Иймийн тул даруй түүн рүү утас цохиж цаг тохироод ажил руугаа хурдхан явахын хүслэнд автсан юм. Ажил дээр ирэн түүний талаар судлан суутал утас дуугарлаа. Бидний ярилцахаар тохирсон цаг хэдийнэ болжээ. Тиймээс би Ардын эрх сонины гурван давхраас буун түүнийг тослоо. Гар барин мэнд мэдээд, Ардын эрх сонины байрны гурван давхарт байрлах Эргэлт.мн мэдээллийн сайтын редакцыг зорин алхахдаа тэрбээр “Цар тахлын хоёр жилийн хугацаанд хэн хүнгүй бараг ажилгүй шахам байлаа. Цар тахлаас өмнөх хоёр гурван жилд театрын үйл ажиллагаа эрхэлсэн. Үүнийгээ үргэлжлүүлэх гэхээр нэг л болж өгөхгүй явнагэлээ. Тэгэхээр нь биЯмар нэртэй театр юм бол” хэмээн сонирхоход “Нэрийн хувьд олон удаа солигдсон. Хамгийн сүүлд “Улаан нүүр” гэдэг нэртэй болоод дууслаа даа. "Улаан нүүр" гэдэг нь амьд гэсэн утгыг агуулж буй юм. Монголчууд "Улаан нүүрээрээ уулзаж ярилцъя" гэдэг шүү дээ. Миний хувьд бага тайзны харьцаатай хоёроос гурван хүнтэй уран бүтээлүүдээр дагнах сонирхолтой байгаа юм. Моно жүжиг одоохондоо хийхгүй. Мөн том, нүсэр жүжиг хийх боломж бага байна. Би өөрөө театрт дуртай болохоор нөгөөтэйгүүр театр хамгийн нөлөөтэй урлагийн нэг хэлбэр шүү дээ. Тэр утгаараа театрынхаа үйл ажиллагааг үргэлжлүүлэх бодолтой байна даа. Үүнээс гадна саяхан нэг дэлгэцийн уран бүтээл бүтээлцлээ. Зураг авалт нь дуусаад хоёр, гуравхан хонож байна.

       Монголд бол жүжигчний театр байсан жишээ ховор. Харин найруулагчийн театр хуучин үзэл суртлын үеэс л байлаа. Мэдээж одоо цаг өөр болсон. Театр хөгжсөн газар гэвэл Орос, Грек, Ромоос эхлээд баруун европ.

     Энэ уран бүтээлийн зохиол их сонирхол татсан. Мөн манай залуу найруулагч н.Батгэрэлийн анхны уран бүтээл учраас эрхэм зүйл болж байгаа л даа” гэв. Тэрбээр малгайгаа авч, буурал үсээ хойш илбээд “Ер нь театрын талын ойлголт монголчуудад муухан. Хуучин социализмын цагт буюу үзэл суртлын үед дэлхийн театрын түүхийн зах зухаас орчуулгаар их, дээд сургуулиудад номыг нь үзсэнээс биш, театрын ухагдахууны тал дээр ойлголт бага юм. Театр дотроо жүжигчний, найруулагчийн гээд ялгаатай. Монголд бол жүжигчний театр байсан жишээ ховор. Харин найруулагчийн театр хуучин үзэл суртлын үеэс л байлаа. Мэдээж одоо цаг өөр болсон. Театр хөгжсөн газар гэвэл Орос, Грек, Ромоос эхлээд баруун европ. Өнөөдөр оросуудад театр бол зүгээр хэрэглээ болчихсон. Яг л цайны мухлаг шиг булан тохой болгонд нь театр байдаг. Тэдгээрийг найруулагчийн театр гэвэл бас үгүй.

Тэр дундаа театрын уран бүтээлчид. Өнөөдөр бол нийгмийн харилцаа солигдсон учраас зах зээл рүүгээ орох цаг нь болсон. Гэвч бид зах зээл рүү орж чадахгүй л байна

        Оросууд чөлөөт театр гэж байгаа боловч ихэвчлэн жүжигчний театр голлодог. Үүнийг үзүүлж байгаа баг бүрэлдэхүүн нь цөөхөн хүнтэй байдаг. Ер нь оросууд өөрсдөө жүжгээ үзээд сурчихсан ард түмэн. Нэг үгээр театрт жүжиг үзэх соёл бий болчихсон гэсэн үг л дээ” гэлээТэгэхээр нь “Монголчуудын хувьд” хэмээн асуухад “Монголчуудын хувьд соёл болсон гэхээсээ илүүтэй намын бодлого, шийдвэрийг олон нийтэд таниулах суртал ухуулгын зэвсэг болсон. Ер нь намын тэргүүн фронтын дайчид урлагийнхан байлаа. Тэр дундаа театрын уран бүтээлчид. Өнөөдөр нийгмийн харилцаа солигдсон учраас зах зээл рүүгээ орох цаг нь болсон. Гэвч бид зах зээл рүү орж чадахгүй л байна” хэмээлээ. Тэгэхээр нь зөрүүлээд “Яагаад” хэмээн асуулаа.

   Нэг бодлын бид азтай ч юм шиг, азгүй ч юм шиг амьдраад байгаа юм л даа театрын хувьд. Азгүй гэж хэлж байгаагийн шалтгаан нь юу вэ гэхээр зах зээлийн нийгэм рүүгээ шилжиж чадахгүй байгаад байна. Хувь уран бүтээлчийнхээ тал дээр амьжиргаа, эдийн засгаас өгсүүлээд ямар ч уран бүтээл хийх суурь бага байна л даа

       Тэрбээр “Нийгмийн тогтолцоог өөрчилсөн ардчилсан хувьсгал гэж яриад байгаа юм л даа. Зах зээлийн нийгэм рүү шилжсэн алдаатай бодлогын үр дүн одоо болтол явж байна гэж би хувьдаа үзэж байгаа. Нэг бодлын бид азтай ч юм шиг азгүй ч юм шиг амьдраад байгаа юм л даа, театрын хувьд. Азгүй гэж хэлж байгаагийн шалтгаан нь юу вэ гэхээр зах зээлийн нийгэм рүүгээ шилжиж чадахгүй байгаад байна. Хувь уран бүтээлчийнхээ тал дээр амьжиргаа, эдийн засгаас өгсүүлээд ямар ч уран бүтээл хийх суурь бага байна л даа. Харин азтай нь юу байна вэ гэхээр социализмын ид цэцэглэлтийн үед мандсан алтан үеийнхний хуримтлуулсан тэр туршлага, сургалтын үр дүнд оюутан болж төгссөн. Энэ нь манай үеийнхнийг шинэ боловсон хүчин болгож байлаа. Энэ нь нэг талдаа азтай байхгүй юу. Өнөөдрийн сургалтын болон бидний үеийн сургалт харьцуулшгүй болчихоод байна л даа” гэсэн юм. Тэрбээр цааш үргэлжлүүлэн Нийгэмдээ оруулах том хөрөнгө оруулалт хийе гэхээс илүү "Энэ мэргэжлээрээ яаж нэг талхны булантай золгох вэ" гэдэгт л толгой их гашилж байна. Театр бол уран бүтээл, онгодын уурхай. Тэгээд амьд харилцааны урлаг гэдэг бусад урлагаасаа нөлөөлөл хамаагүй давуу байдаг. Үүнээс гадна 100 жилийн дараа кино архивт байж л байна. Харин театр надтай хамт дуусаж байгаа байхгүй юу. 100 жилийн дараа тайзан дээр амьд тоглож байгаа жүжгийг ямар ч хүн харах боломжгүй. Тиймээс өнөөдрийн хүмүүст зориулагдаж би байгаа байхгүй юу. Харин дэлгэцийн урлаг бол амьд урлаг биш шүү дээ. Харин театрт  алдаатай байсан ч тэр нь амьд учраас гоё байхгүй юу. Эмгэнэлт жүжиг тоглож байхад нэг жүжигчин унгачихвал бөөн инээдэм болно доо. Энэ байдал нь өөрөө амьд байхгүй юу даа. Амьд харилцаа гэдэг чинь хүнд маш их нөлөө үзүүлдэг зүйл л дээ. Ер нь өнөөдөр технологи хөгжиж хүн бүхний гарт хавтгай дэлгэцтэй утас зүүгдээстэй байх болсон. Тиймээс цахимаар мэдээ мэдээллийг дамжуулан авч байгаа учраас биднээс амьд харилцаа холдоод байна. Үүнтэй давхцаад уламжлал, шинэчлэл, хувьсал, өөрчлөлтийг энэ цаг үед бид хийхгүй бол мэдээж дараагийн үе хийх л байх. Гэхдээ энэ цаг хугацаа хайран байхгүй юу. Хийх болсныг ухаарчихаад байхад хийх боломж алга гээд байгаа нь бидний арчаагүйнх гэж үзэх юм уу, аль эсвэл зурсан зураг гэж үзэх юм уу яах юм. Үүнийг би яриад байгаа маань эмзэглэж буйд юм. Түүнээс биш би театраас мөнгө хийгээд баяжаад бизнесийн салбарт дэлхийд хосгүй сайхан баян чинээлэг болъё гэж бодохоосоо илүү хүмүүст амьд харилцааны урлагаар дамжуулж ёс суртахууны хөрөнгө оруулалт хийе гэж боддог. Театр оюуны хөрөнгө оруулалт биш. Харин ёс суртахууны хөрөнгө оруулалт юм. Нийгэм ороо бусгаа учир, начраа олохгүй байгаа байдал чинь явж явж ёс суртахуун дээр л суурилж байгаа юм. Өөр ч арга байхгүй” гэсэн юм.

         Үзэгч олноо Салхи Дамбий хэмээн алдаршсан МУСТА Д.Бямбацогт жүжигчин Завхан аймгийн Сонгино сумын харьяат аж. Тэрбээр Тосонцэнгэлд суманд зургаан нас хүртлээ бусдын адил амьдралаар амьдарч өссөн хэмээсэн юм. Түүний аав дөрөвдүгээр ангийн боловсролтой, цэрэгт таван жил явсан, шинэ үсгийн багш, багийн даргын алба хашиж байснаас гадна намын гишүүн, морь сайхан унадаг “Ганган” Дашням гэдэг хүн байжээ. Энэ нэрээр нь түүний аавыг хүмүүс анддаггүй аж. 

Гэхдээ гэгээрэл гэдэг бол хоосон чанарын ойлголт юм. Би үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр өнөөдөртэйгөө нөхцөлдөж чадаж байж гэгээрлийн асуудлыг ойлгох хэрэгтэй байхгүй юу

        Би Д.Бямбацогт гуайгаас Зарим уран бүтээлч театр гэлтгүй урлагийг соён гэгээрүүлэх үүрэгтэй гэх юм. Гэтэл зарим нь тийм үүрэг байхгүй гэх энэ тал дээр та ямар үзэл бодолтой байдаг вэ хэмээн асуулаа. Энэ асуултад би түүнийг нэлээд бодож, үс сахлаа илбэж байгаад хариулт өгөх болов уу гэж бодож байв. Гэтэл эсрэгээрээ бодож явдаг зүйлийг нь асуусан мэт шуудхан л Тавь, тавин хувьтай юм л даа. Яагаад гэхээр зарим уран бүтээл соён гэгээрүүлэх үүрэг нь давамгайлж болно. Зарим нь зугаа цэнгэл давамгайлж болно. Тиймээс аль аль тал дээр нь 100 хувь тулгаж болохгүй л дээ. Хэрвээ үнэхээр соён гэгээрүүлдэг бол театрт ирсэн үзэгчид бүгдээрээ гэгээрэх ёстой биз дээ. Өнөөдөр дэлхийд Есүс, Лал, Буддизмын гээд олон сүм байна. Энэ бүгд гэгээрүүлэх л үүрэгтэй. Энэ сүм хийдүүдэд урлагийн бүх төрөл зүйл шингэсэн байдаг. Жишээлбэл, дуулдаг, хөгжимддөг, шүлэг яруу найраг, уран зураг гээд бүгд байна. Тэгээд гэгээрдэг бол гэгээрэх л ёстой шүү дээ. Миний ойлгож байгаагаар гэгээрэл гэдэг бол хоосон чанар. Хүн бүхэн гэгээрэхийг хүсдэг. Гэхдээ гэгээрэл гэдэг бол хоосон чанарын ойлголт юм. Би үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр өнөөдөртэйгөө нөхцөлдөж чадаж байж гэгээрлийн асуудлыг ойлгох хэрэгтэй байхгүй юу. Түүнээс биш хий мөрөөдөөд гэгээрнэ гэж түүхэндээ байхгүй. Ер нь явж явж гэгээрэл гэдэг эргээд ёс суртахуунтай холбогдоно. Эцсийн эцэст гэгээрэл гэдэг бол хүний ёс суртахууны ариун цэврийн асуудал байхгүй юу” хэмээн хариулсан юм.

Би өөрийгөө магтахгүй бол хүн намайг магтах биш

          Цэнхэр дэлгэцийн уран бүтээл сонирхогчдын дунд “Салхи Дамбий”, “Ноён солиот” зэрэг  дүрээрээ хоногшин танигдсан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Дашнямын Бямбацогт хэмээх энэ эгэл хэрнээ эгэлгүй хүнтэй ярилцан суугаа минь түүний хэлдгээр магад зурсан зураг. Тэрбээр “Салхи Дамбий”, Ноён солиот"-ын Паанаг хэмээх олонд танигдсан дүр шигээ бус харин эгэл монгол хүний ноён нурууг зааж яваа хүн шиг санагдсан юм. Мөн амьдралын олон саад бэрхшээлийг бусдын адил даван туулж яваа нэгэн шиг санагдсан билээ. 

Ер нь гавьяа шагнал гэдэг үзэл суртлын үр хөврөл, сэтгэлзүй дээр л тоглож байгаа тоглолт шүү дээ

            Д.Норов гуайн “Паанаг” өгүүллэгээс сэдэвлэж, Оюунчимэг зохиолч кино зохиол болгож бичсэн гэнэ. Тэрбээр Оюунчимэг гэх зохиолч эмэгтэйн сургийг сүүлийн үед гаргаж чадахгүй яваа гэнэ. “Ноён солиот” уран сайхны киноны ерөнхий найруулагчаар нь МУГЖ О.Бат-Өлзий ажилласан. Би энэ кинонд тоглосноороо баярладаг юм. Би өөрийгөө магтахгүй бол хүн намайг магтах биш. Энэ кино 2003 онд хийгдсэн гэхээр өдгөө 20-иод жилийн нүүр үзсэн байна. Тэгэхээр 20 жилийн өмнөх Д.Бямбацогт өнөөдөр надтай цуг явж байхгүй юу. Юу вэ гэхээр “Ноён солиот”-ын Цогт бол хөрөнгийн биржийн ажилтан хүн. Энэ Цогттой хамт Бямбацогт хамт явж байгаа юм л даа. Дүртэйгээ зэрэгцэн оршиж байгаагаа би том хувь заяа юм болов уу гэж боддог гэнэ. Тэрбээр цааш үргэлжлүүлэн “Хүмүүс намайг гавьяат авахгүй юм уу" гэж ярьдаг. Би үүнд нь зохих хариуг нь өгсөн” гэлээ. Тэгэхээр нь би “Ямар хариу өгсөн юм бэ” гэв. Тэрбээр “Надад гавьяат өгөх хэрэггүй ээ. Оронд нь мөнгө өг өө. Гэхдээ миний уран бүтээлийг үзээд төлбөрийг нь төлөх маягаар мөнгө өг" гээд хэлчихсэн юм. Ер нь гавьяа шагнал гэдэг үзэл суртлын үр хөврөл, сэтгэл зүй дээр л тоглож байгаа тоглолт шүү дээ. Хүн бол урмаар тэжээгддэг амьтан мөн үү мөн. Гэхдээ ямар хэлбэрээр гэдэг нь чухал шүү дээ. Энэ гавьяа шагналыг ахмадууд өгчихөөсэй гэж боддог. Яагаад гэхээр тэр хүмүүсийн сэтгэл нь хоргодоод байна шүү дээ. Тэр зүйлийн төлөө амьдарч байсан бол бүр хэцүү шүү дээ. Харин миний зорилго өөр болохоор гавьяа шагналд шунадаггүй” гэлээ.

Би сүүлд Дэмбээ, Дамбий, Дамбаа гэдэг гурван Д-гийн хоршил бүхий зохиомж хийх гэж байгаад орхисон

      “Ноён солиот” кино театруудын дэлгэцээр долоо хоног л гарсан гэнэ. Энэ талаар тэрбээр ярихдаа “Тухайн үед маркетинг гэж байсан ч биш. Энэ кинонд алдар нэр, эд хөрөнгийн төлөөх тэмцэл өрнөдөг шүү дээ. Эхнэр нь өөр хүнтэй сүлбэлдэлж, зохион байгуулалттайгаар нөхрийнхөө хөрөнгийг аваад гудамжинд гаргадаг үйл явдалтай кино. Тухайн үед ийм зүйл нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй л байсан. Одоо бол эхнэр, нөхөр бүүхэл аав, ээж үр хүүхдүүдийн дунд ийм асуудал их байна. Энэ хөрөнгө мөнгө, хүний шуналтай холбоотой л байхгүй юу” хэмээн ярьсан юм. Энэ үед би түүнээс Салхи Дамбий хэмээх дүрийнхээ тухай сонирхолтой яриа дэлгэхийг хүссэн юм. Гэтэл тэрбээр “Салхи Дамбий бол телевизийн зохиомж л доо. Зургаа билүү долоон ангит зохиомж хийсэн юм. Тэгээд энэ Салхи Дамбий гэдэг нэрийг би өөрөө өгсөн. Уг нь бол анх МУГЗ Ж.Сарантуяа гэдэг зохиолч эмэгтэй “Аваргын эмээл” гэдэг зохиомж бичээд үүн дээр ажиллаач" гээд УДЭТ-аас чөлөө авахуулаад ажиллуулсан юм. Үүнийг манай найз Нацагням найруулж байлаа. Би "Нацагнямаа би зохиол руу нь орчихдог юм аа. Хувин сав бариад хээрээр гүйж байгаа дүрс авмаар байна" гээд хэлсэн. Гэтэл Нацагням “Чи өөрөө оператороор явж дүрс авна” гэсэн. Тэгээд л дүрс зургаа авч байлаа. Дараа нь “Аваргын эмээл” гэдэг нэрийг нь өөрчлөөд  Салхи Дамбий гэдэг нэр ороод ирсэн. Энэ бүтээл маань хэдийгээр телевизийн зохиомж ч гэсэн олон түмэнд хүрсэн дээ. Дамбий гэдэг нэр олон түмний дунд дүр болчихсон шүү дээ” гэв. Түүнээс “Та энэ Салхи Дамбий нэрээрээ “Хувилгааны эрэлд” олон ангит кинонд тоглосон байх аа” хэмээхэд тэрбээр “Энэ Дамбий нэрээрээ хоёр ч кинонд тоглосон доо. “Хувилгааны эрэлд”, “Шүүдэр дундуур” киноны Дамбий гээд л тоглосон байна. Мөн “Шарга даага” кинонд Торгон Дэмбээ гэдэг дүр дээр ажилласан. Би сүүлд Дэмбээ, Дамбий, Дамбаа гэдэг гурван Д-гийн хоршил бүхий зохиомж хийх гэж байгаад орхисон" хэмээн ярих жүжигчин Д.Бямбацогтын яриа энгийн хэрнээ хүнд ухаарал бодох, эргэцүүлэх эрх чөлөөг олгож байлаа. Бид энд хүрээд ярилцлагаа өндөрлөсөн юм.


Д.БЯМБАЦОГТ: ТЕАТР ОЮУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БИШ, ЁС ЗҮЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЮМ ШҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-06 10:18:01
    irgen: Byambatsogt jujigchind amjilt husye. Ene tsagiin hedhen sain jujigchdiin neg shuu.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188