• Өнөөдөр 2024-05-05

МУГЖ, ХҮҮХДИЙН ОРДНЫ БАГШ С.ГАНЧИМЭГ: ШАВЬ НАРААРАА БАХАРХАЖ, ТЭДНЭЭС ЭРЧ ХҮЧ АВДАГ

2022-06-02,   1513

    Хүүхдийн ордны дуулаачийн багш, МУГЖ С.Ганчимэгтэй ярилцлаа. 

-Хүүхдийн баярт зориулсан гала тоглолт нь сайхан болж өндөрлөв үү?

    -Сайхан боллоо. Хүүхдүүд минь тоглолтод орох гэж баярлаж, догдлоод нойргүй хонодог гэсэн. Маргааш МУГЖ Т.Ариунаагийн тоглолт болно. Би Т.Ариунаатай 2000 оноос хойш хамтарч ажиллаж байна.  Маргааш болох тоглолтод манай хүүхдүүд оролцоно.Түүний дараа л хүүхдүүдийн минь сэтгэл санаа тайвширч, уужирч, амарч чадах байх. 

-Таныг монголчууд Хүүхдийн ордны багш гэдгээр нь андахгүй болжээ. Та ямар хувь тохиолоор Хүүхдийн ордны багш болсон бэ?

       -Би 1991 онд хүүхдийн ордонд дуулаачийн багшаар орж, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Жаахан охин сургуулиа төгсчихөөд Монголын хүүхдийн ордонд ирэхэд тухайн үеийн захирал н.Ганбат, н.Түвшинтөгс нар намайг шалгаж найрал дууны багшаар ажилд авч байсан юм. Намайг ажилд орж байх үеийн хүүхдүүдийн хүмүүжсэн орчин, хандлага, үзэл бодол, өнөөгийн хүүхдүүдийнхээс өөр байжээ.  Цаг үеэ дагаад бүх зүйл өөрчлөгдсөн байна. 

-Таны 30 жилийн өмнө зааж байсан арга барил, дууны сонголт гээд бүгд өөрчлөгдсөн үү?

       -Тэгэлгүй яах вэ. Багш нь хүүхдүүддээ үлгэр жишээ болж, нийгэм, цаг үеэсээ хоцрохгүй байхыг хичээж, хүүхдүүдийнхээ сонирхолд нийцсэн дуу заахыг хичээдэг. Ингэхийн тулд их судалгаа хийдэг. Би “Миний нас явчихлаа” гээд нэг хэвэнд цутгачихсан юм шиг хуучны дуу заагаад байвал манай дугуйланд ирэх хүүхэд олдохгүй шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдтэйгээ ижил сэтгэж, бүжиг хүртэл зааж өгдөг. Жишээлбэл, хип хоп дууны үглэх хэсэг, нүүрний хөдөлгөөн, үзэгчдийг яаж татах ёстой гээд нарийн хичээл ордог. Эхэндээ хүүхдүүд ичдэг ч удалгүй задарч, надтай хамтарч ажиллаж, ойлголцож, хоорондоо өрсөлдөж, бие биеэсээ суралцаж байж хөгждөг болсон.

-Хүүхдүүдийнхээ сонирхолд нийцсэн дуу заахын тулд судалгаа хийдэг гэлээ. Хүүхдүүд ямар төрлийн дуу сонирхож байна вэ?

      -Хүүхдүүд сүүлийн үед хип хоп дуу их сонирхдог болсон байна лээ. СУИС-ийн багш, цоглог студийн драмын багш Д.Саранхүү бид хоёр уран бүтээлийн ганзага их нийлнэ. Анх МҮОНТ-ийн хүүхдийн “Цоглог” хөтөлбөрийн “Та нар бидэнтэй” хэмээх дууг хийсэн нь олон хүний сэтгэлд хүрсэн шүү. Түүнээс хойш олон дуу гаргасан.  Гэвч сүүлийн үед ажлын шаардлагаар өөр уран бүтээлчидтэй хамтарч ажиллах хэрэгтэй болсон. Миний сүүлийн үед гаргасан уран бүтээл гэвэл, “Би хүүхэлдэй”, “барби”, “Үсэг сурлаа”, “Ээжээ”, “Ээж тандаа хайртай” мөн “Нарны өнгө” киноны дуу, “Лусын дагина” жүжгийн хөгжмийн зохиолчоор ажиллаж байсан. Манай дугуйлан нас насныхаа ангиллаар олон хамтлагтай.

    Хамтлагтай байх нь тоглолт болсон ч бэлтгэлтэй амар байдаг. Хүүхдүүд гадаад дуу их сонирхдог. Харин би “Монгол хүн монголоороо сайн дуулж байж гадаад дуу дуулах ёстой” гэж хүүхдүүддээ заадаг. Гэхдээ гадаад дуу огт дуулахгүй гэсэн үг биш. Манай хүүхдүүд гадаад дууны тэмцээнд оролцож, шагнал авч байсан. 

-Олон мундаг шавь төрүүлээд, тэднийхээ сайн явааг хараад өөрөөрөө бахархдаг уу?

         -Багш хүн шавь нараараа бахархаж, түүнээсээ хүч, урам авдаг юм билээ.  Миний шавь ингэж сайхан дуулсан байна, ийм бүтээл хийсэн байна гэдгийг үзэж харах үнэхээр сайхан, заримдаа бүр огшоод уйлдаг. Шавь нар минь л сайн явж байвал би сайн явж байна гэсэн үг гэж боддог. Би шавь нараараа ингэж бахархдаг шиг тэд  маань ч надаар бахархаж ярьдаг юм билээ.

“Люмино” хамтлагийн дуучин Баажий, “Мөнхийн реп”-ийн Лхагваа, дуучин Н.Мөнгөншагай, Долгормаа, “Номин талст”-ын Хаянхярваа, Мөнхбаяр, П.Жимсээ, Ганзориг, Э.Болор-Уянга, Хулан, Эгшиглэн, А.Хишигдалай, Номинжин, Нацагдорж, Анужин, Бархүү, Мөнхбаяр, Минжин, Эгшиглэн,  “Good boys” хамтлагийнхан, “Flash” хамтлагийнхан Насанбуян гээд сайхан дуучид “төрүүлсэн”. Олны танил дуучин болоогүй ч гэлээ сайхан дуулдаг шавь олон бий. Харин би Багшаа гээд л ирэхгүй бол заримыг нь танихааргүй болсон байна лээ. 

-Та олон хүүхдийг урлагт хайртай, урлагийн хүн болох мөрөөдлийг нь биелүүлж өгдөг шидтэн юм. Та багшлах, заах арга барилаасаа ярьж өгөөч?

       -Би тухайн хүүхдийг эхлээд судалдаг. Янз бүрийн ааш зантай хүүхдүүд ирдэг. Гэхдээ бүх хүүхэдтэй зохицож харьцдаг. Айлын эрх хүүхэд ч байна. Эсвэл дуугүй, урвагар хүүхэд ч бий. Тухайлбал, урвагар хүүхдийг урмаар хайрлаж, тэтгэж байх ёстой. Харин “Чи чадахгүй байна. Урвайчихаад” гэж загнаж болохгүй. “За, хоёулаа толинд харъя” гээд толинд өөрийг нь инээлгэж харуулаад ёстой. Ингээд “Чи гоё инээдэг юм байна. Дандаа инээж байгаарай. Чамайг  дандаа инээж байвал тоглолтод байнга оруулна шүү” гэж урам өгдөг. Тэгэхээр  эцэг, эхчүүд нь манай хүүхэд танай дугуйланд явснаараа  хоолойны өнгөгүй байсан өнгөтэй болсон, солгой байсан дуулдаг болсон” гэж баярладаг. 

-Солгой хоолойтой хүн байдаггүй гэж ярьдаг. Энэ үнэн үү. Та хүүхдүүддээ ямар дасгал заадаг вэ?

        -Би хоолойны 100 гаруй дасгал зохиосон. Хүүхдүүдийн хоолойг сайжруулахын тулд судалгаа хийж янз бүрийн хоолойны дасгал зохиодог. Харин миний ая хийсэн дуу гэвэл, 500-600 бүтээл байна. Шүлгийг нь О.Сандуй, Ц.Нүүдэл, Алтангадас  гээд уран бүтээлчид бичдэг. Сүүлийн үед Алтангадастай түлхүү хамтарч ажиллаж байна. Дуу бүтэхэд шүлэг их чухал байдаг. Солгой хоолойтой хүн гэж байхгүй. Сонсгол хөгжөөгүй учир өнгөгүй болчихдог юм. Тиймээс хүүхдийг хөгжиж байх насанд нь сонсголыг нь хөгжүүлж, засаж болдог. Харин тухайн хүнээс хичээл зүтгэл, тэвчээр их шаарддаг юм.

-Та 30 гаруй жил Хүүхдийн ордонд багшилсан тухайгаа эргээд бодоход ямар сэтгэгдэл төрдөг вэ?

        -Би анх багшаар ажиллаж байхдаа багшийнхаа үүргийг сайн гүйцэтгэе гэж боддог байсан. Харин гэнэт онгод орж дуу зохиое гэж дуу хийгээд түүнээсээ урам авч би маш олон дуучин төрүүлэх ёстой юм байна. Энэ бол миний үүрэг гэдгийг мэдэрсэн. Тухайн цаг үед зохиож байсан  дуу бүхэн хит болж байлаа.

Тухайлбал, “Миний эх орон”, “Ээж тандаа хайртай”, “Хараацай болон нисээд очих сон”, “Миний хүүхэлдэй царайлаг даа” гэх мэт дуу хийж байлаа. Би ганц хүүтэй байсан болохоор охинтой болохыг их мөрөөддөг байсан. Тийм болохоор дандаа хүүхэлдэйтэй дуу зохиосон байдаг юм.

   Би өөрийнхөө хийсэн уран бүтээлээр хүүхдүүдийн авьяасыг нээж, дуучин болоход нь туслах ёстой юм байна гэж бодоод өнөөдрийг хүртэл хүүхдүүдтэйгээ ажиллаж байна даа. Үүндээ сэтгэл хангалуун байдаг. 

-Та хичээлээ бэлэн нот ашиглаж заачихаад цагтаа тараад явчихаж болно шүү дээ. Гэтэл өөрийнхөө тархи, зүрхийг шавхаж хийсэн хоолойн дасгал, дуугаа хүүхдүүддээ заана гэдэг бусдаас ялгардаг таны онцлог юм шиг санагдлаа?

      -Харин тиймээ. Илүү уран бүтээлч, мэргэжлийн уран бүтээл хийхийн тулд л би ингэж ажилладаг. Хамаг амьдралаа, өөрийгөө орхиод хүүхдүүдийн төлөө гэр оронгүй юм шиг Хүүхдийн ордонд ажилладаг. Бие биеийг нь хооронд нь мэдрүүлж, амьд хоолой сонсгох гэж хичээдэг. Хичээл тарах цаг болчихсон байхад илүү цагаар хичээл заадаг. Гэхдээ илүү цагийн мөнгө хэнээс ч авч байгаагүй. Урлагийн бурхан ээж гэдэг шиг л хүүхдүүддээ зааж сургачихаад, хойноос нь залбирч, баярлаж суух юм. 

-Та шөнийн цагаар их суудаг уу?

      -Би шөнөжин сууж уран бүтээл хийдэг байсан. Одоо харин гайгүй болчихоод байна. Хааяа суумаар санагдсан үедээ өрөөндөө суудаг. Гэрт очихоор худлаа болчихдог юм. 

-Багш хүний сэтгэл их чухал юм шиг санагддаг. Та багш болоод өөрчлөгдсөн үү?

     -Би гэрийн эзэгтэй, ээж болчихоод ажилдаа орох гэж их яарсан. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд ч уран бүтээлийн чанарын хувьд ч өөрчлөгдсөн гэж боддог. Ажилдаа орохоор сэтгэл сэргээд их сайхан болдог. Зуны гурван сар амрахаар хүүхдүүдээ саначихдаг. Хүүхдүүд ч гэсэн “Багшаа таныг санасан шүү” гээд л тойроод хүрээлээд ирэх нь их сайхан. Би зүгээр багш биш уран бүтээл, хөгжмийн зохиолч багш байхгүй юу. Би өөрөө уран бүтээлч байж, хүүхдүүддээ үлгэр жишээ үзүүлэх ёстой. Бүр хөдөлгөөн заадаг гээд л бод. Үүний хүчинд л би шавь нарынхаа сайхан явааг харж байна.  

-Уран бүтээлч хүн бүрд золиос гардаг гэж ярьдаг. Танд ийм зүйл тохиолдож байв уу?

       -Надад тохиолдсон. Би ганц хүүхэдтэй. Дахиж хүүхэд гаргаж чадаагүй. Би амьдралаа, өөрийгөө золиосолж байгаад л олон хүүхдийг “од” болгосон доо. Уран бүтээлч хүний амьдрал заавал орхигддог юм билээ. Тэгж байж л уран бүтээлийн төлөө явахгүй бол хэнээс ч юу ч гарахгүй шүү дээ.

-Хүүхэдтэй ажиллах сайхан гэж ярьдаг. Гэхдээ хэцүү зүйл зөндөө бий дээ?

       -Хүүхэд гэдэг цайлган цагаан сайхан энергитэй байдаг. Хүүхдүүдээ хараад л ажиллах эрч хүчээ авдаг. Тэднийхээ дунд ороод явж байхад ядрахаа ч мартчихдаг юм. Хаана ч явсан Хүүхдийн ордон руугаа яарна шүү дээ. Харин тэдэнтэй ойлголцоно, аашийг нь олж, найз болно гэдэг амаргүй дээ. 

-Та шавь нартаа юу захидаг вэ?

     -Би "Нийгэмд гараад чанартай уран бүтээл хий. Үүний тулд хөдөлмөрлө" гэж захидаг. Хөдөлмөрлөж байж л уран бүтээлээ олонд хүргэнэ шүү дээ. Мөн "Өөрийгөө зовоо" гэж хэлдэг юм.

-Онгод гэж байдаг бол таны уран бүтээлийн онгод хэзээ ордог вэ?

     -Эхлээд шүлгээ сайн уншиж ойлгоно. Дараа нь аяа хийдэг. Хааяа ажил дээрээ хүүхдүүдтэйгээ сууж байхад үггүй, нүцгэн ая гэнэт ороод ирэх үе бий. Онгод минь Хүүхдийн ордонд л орно шүү дээ.

-Та аль нутгийн хүн бэ. Таны удамд урлагийн хүн бий юү?
 
       -Би Улаанбаатарт төрсөн, хотын уугуул хүүхэд. Бага нас маань Төмөр замд өнгөрсөн. Тэндхийн Тавдугаар цэцэрлэгт хүмүүжээд 51 дүгээр сургуульд 10 жилээ дүүргэсэн дээ. Харин аав маань Өвөрхангай, ээж Архангайн хүмүүс байсан. Ээж маань их сайхан дуулдаг хүн байсан. Маш гоё сафрон хоолойтой. Даанч дуучин болоогүй. Төмөр замын зангилгааны үйлдвэрчний хороон дарга, депогийн үйлдвэрчний хороон дарга зэрэг ажлыг насаараа хийсэн. Аав шүдний их эмч, хиймэл шүд хийдэг байсан.  

-Таныг хөгжмийн зохиолч болоход юу хамгийн их нөлөөлсөн бэ? 

       -Арван жилд байхын л урлагт дуртай, дуулж бүжиглэдэг охин байсан. Манай сургуулийн дуу хөгжмийн багш н.Батсүх гэж хүн байсан. Одоо энэ “Хурд” хамтлагийг гаргаж ирсэн хүн шүү дээ. Энэ багш маань надад басс гитар зааж өгөөд сургуулийн дэргэдэх “Энхийн туг” хамтлагтаа авч байсан юм. Тухайн үед ид моодонд орж байсан Сюзи Куатрогийн дуунуудаас дуулдаг байлаа. Гэхдээ би урлагт дуртай байсан ч яг хөгжмийн зохиолч болно гэж бодоогүй юм. Цэцэрлэгт байхаасаа бүжигчин болохыг хүсдэг, ер нь бүжигчин болно гэж боддог байсан. Гэвч явсаар байгаад хөгжмийн зохиолч болчихсон доо.

 

МУГЖ, ХҮҮХДИЙН ОРДНЫ БАГШ С.ГАНЧИМЭГ: ШАВЬ НАРААРАА БАХАРХАЖ, ТЭДНЭЭС ЭРЧ ХҮЧ АВДАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188