• Өнөөдөр 2024-04-24

С.САЯНЦЭЦЭГ: ААВЫНХАА ЗАХИАСЫГ ЗҮРХЭНДЭЭ ХАДГАЛЖ ЯВДАГ

2022-05-20,   673

           "Сайн сонс, гайхамшиг тэнд л бий” хэмээн тэр Хөгжим бүжгийн коллежийн буйдхан өрөөнд бяцхан шавьдаа хэлнэ. Тэрбээр өөрөө таван настайгаасаа ааваараа төгөлдөр хуур заалгаснаас хойш өдгөө Монголоос дэлхийд гарсан анхны төгөлдөр хуурч, өдгөө олон мянган авьяастныг дэлхийд гаргаж буй уран бүтээлч болжээ. Түүний аавын нэрийг дуулаагүй, зохиосон хөгжмийг нь сонсоогүй, мэдэхгүй хүн үгүй гэхэд хилсдэхгүй. Хөгжмийн зохиолч Ч.Сангидорж гэхээр “Зулай цагаан Алтай”, “Монгол далай”, “Хатан тунамал туул”, Миний ээж тэмээчин” зэрэг ая эрхгүй хүн бүрийн аманд аялагддаг болов уу. Уншигч та хэний өрөөнд суугааг минь хэдийнэ мэдсэн байх. Тэр бол Монгол Улсын гавьяат жүжигчин, төгөлдөр хуурч С.Саянцэцэг.

    С.Саянцэцэг багш хүүхдүүдийг ээлжлэн төгөлдөр хуурын урд суулган ая тоглуулж, аль хэсэг дээр алдаж байгааг нь хэлж өгч, эргэн давтуулж, ахин дахин давтаж, бэлдэхийг сануулж байлаа. Ингээд бид их ажлынх нь үеэр түүнтэй уулзаж, ийн ярилцлаа.

-МОНГОЛООС ДЭЛХИЙН АВЬЯАСТНЫГ ТӨРҮҮЛЭХ МӨРӨӨДӨЛ МИНЬ ЗАМДАА ЯВЖ БАЙНА-

   -Сайн байна уу. Шавь нар нь гадаад, дотоодын уралдаанд өндөр амжилттай оролцож байгаа тухай та цахим хуудастаа байнга хуваалцдаг шүү дээ. Танд баяр хүргэе. Таны сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан, амжилт, ололтоос яриагаа эхлэх нь зүйтэй болов уу?

     -Баярлалаа. Шавь нар маань гадаад, дотоодын тэмцээнд амжилттай оролцож, нэгдүгээр байраас буухгүй байгаад баяртай байна. Харин хувь уран бүтээлчийн хувьд цар тахалтай өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ажил харьцангуй зогсолттой байлаа. Энэ ч утгаар уран бүтээл хийх болон тайзан дээр гарах хүслээр их “цангасан” цаг хугацаа байлаа. Одоо харин цар тахал жаахан намжиж, уран бүтээлийн ажил маань эхэлж байна. Одоогоор бол багш нарын тоглолт болон дотоод, гадаадын лекц, концерт зэрэг ажлууд ундарч байгаа. Гадаад харилцааны яамнаас тавдугаар сарын 31-нд Польш Улсын Элчинд зориулж, Шамбань хотод тоглох хүсэлт ирсэн. Мөн ирэх есдүгээр сард  Израил Улсад тоглолтод оролцож, тоглох урилга ирсэн. Тус улсад мөн Монголоос тоглож буй анхны хүн болж байгаа. Миний хувьд очсон газар бүрдээ Монголоос анхны тоглогч болж байдаг. Тэгэхээр энэ зун амрахгүйгээр ажиллах төлөвлөгөөтэй сууна.

   -Төгөлдөр хуурын багшаар та мэдээж олон жил ажилласан. Анх аав тань танд зааж, та дүү нартаа заасан гэдэг юм билээ?

    -Таван настай байхад аав хажуудаа суулгаад надад төгөлдөр хуур зааж өгдөг байсан. Дараа нь би гуравдугаар ангийн сурагч байхдаа дүү нарынхаа хөгжмийг давтуулж, өөрийн сурсан мэдсэнээ зааж өгдөг болсон юм. Тэр үед С.Сансаргэрэлтэх дүү маань нэгдүгээр ангийн сурагч байв. Одоо ч дүү нар минь “Эгчээс асууна, эгч мэдэж байгаа” гэж надаас асууж, намайг хүндэтгэдэг. Энэ бол манай гэр бүлийн тогтсон уламжлал төдийгүй багаас минь суулгаж өгсөн бидний хүмүүжил.

Ирэх есдүгээр сард  Израил Улсад тоглолтод оролцож, тоглох урилга ирсэн. Тус улсад Монголоос тоглож буй анхны хүн болж байгаа. Миний хувьд очсон газар бүрдээ Монголоос анхны тоглогч болдог

   -Та олон жил гадаадад багшаар ажилласан. Монгол хүүхдийн юм сурах, тэр дундаа хөгжим сурах онцлог ямар байдаг бол. Танд мэдээж ажигласан зүйл бий болов уу?

    -Хятад, Солонгос, Испани зэрэг улсад байхдаа монгол хүүхдүүдэд хичээл ордог байсан. Монгол хүний тархи хамгийн нөөц бололцоо ихтэй нь ажиглагддаг. Тархи нь том ч гэж ярьдаг. Харин хийж байгаа зүйлдээ тууштай зан чанар жаахан дутмаг санагддаг. Тэгэхээр бид орчин цагийн хүүхдийн тэр зан чанарыг түлхэж өгч, дэмжих хэрэгтэй болов уу. Бидний үед эх орныхоо төлөө гэдэг өөр хүмүүжлээр явсан бол орчин цагийн хүүхдэд харж, мэдрэх, сатаарах зүйл нь олон болжээ. Иймээс багш болон эцэг, эх нягт холбоотой байж авьяас өгөгдлийг нь түлхэж, дэмжих хэрэгтэй гэж боддог.

 -Хүссэн хүн бүр хөгжим сурахгүй болов уу. Таны хувьд өөрийн гэсэн шалгууртай байх?

     -Мэдээж хүссэн хүүхэд бүр хөгжим сурахгүй. Аав, ээж нар ихэвчлэн “Манай хүүхэд хөгжим тоглодог, дуулдаг, хөгжмийн авьяастай юм шиг байна” гээд хүрээд ирдэг. Хүүхэд бол юм бүхнийг сонирхоно. Хүн хийж чаддаг юмандаа дургүй, хийдэггүй юмандаа дуртай байдаг юм болов уу гэж боддог. Тухайлбал, би хөгжим тоглодог. Мэдээж хөгжимдөө хайртай ч  заримдаа залхах үе гарна. Аргагүй шүү дээ, аль таван настайгаасаа тоглож эхэлсэн юм чинь. Тэгэхээр аав, ээж нар хүүхдээ чиглүүлэхээс гадна мэргэжлийн хүмүүсээр шалгуулах нь чухал.

   -Сод авьяас гэж ярьдаг. Сод авьяас, энгийн авьяас хоёр юугаараа ялгардаг бол. Олон шавьтай хүний хувьд ажигласан болов уу?

    -Сод авьяас гэдэг бол их ялгаатай. Гэхдээ аав, ээж нар нь төгөлдөр хуурч болгохгүй гэдэг ч юм уу, эсвэл авьяасыг нь хөгжүүлээд, цаашид харъя гэх нь ч бий. Сод авьяас гэж үнэхээр гайхамшиг. Зааж байгаа зүйлийг ойлгох шаардлагагүйгээр өөрийн эрхгүй автоматаар хүлээгээд авдаг, илэрхийлдэг. Харин энгийн авьяас гэдэг бол арай өөр.

   -Та хэвлэлд өгсөн нэг ярилцлагадаа “Монголоос дэлхийд гаргах сод авьяастай хүүхдүүдийг бэлдэх мөрөөдөлтэй” гэж ярьсан байна билээ. Таны мөрөөдөл хэр биелж байгаа вэ?

    -Мөрөөдөл минь хүрэх замдаа явж байна. Мэдээж хүүхдүүд маань бүгд дэлхийн хөгжимчин болохгүй. Нэг багшаас хэзээ ч дэлхийн олон гайхамшигтай хөгжимчин төрдөггүй. Тухайн хүүхдийн сэтгэл зүйтэй хэрхэн ажиллахаа бодно. Зарим хүүхэд загнаж болдог, зарим нь уйлна, шантарна. Нөгөө талаар шартай, шарандаа уйлж байгаад хийдэг хүүхэд байна. Бүр дотогшоогоо хаалттай хүүхэд ч бий. Тэгэхээр бүгдтэй нь харилцаж, зааж сургахад багшаас их ур чадвар шаардана.

  -Хүн жаахан амжилтдаа хөөрөх гээд байдаг талтай. Шавь нарын тань хувьд тэмцээн, уралдаанд байр эзлээд хөөрөх, хөөрөөд давтлага, бэлтгэлээ таслах зэрэг тохиолдол гардаг болов уу?

    -Хөөрөөд долоо хоног, сараар бэлтгэл сургуулилалтаа тасдах тохиолдол гарна. Энэ үед нь хамгийн гол нь багш болон эцэг, эх нь анхаарах нь чухал байдаг. Тэмцээн, уралдаанд ороод мэдээж тэмдэглэж, цаашдын зорилгоо ярьдаг.

   -Төгөлдөр хуур бол сонгодог хөгжим. Энэ ч утгаар төгөлдөр хуурчид орчин нөхцөл чухал болов уу. Таны хувьд гадаадад ажиллаж, амьдарч байгаад эх орондоо багшаар ажиллахад ялгаа нь хэр мэдрэгддэг вэ?

      -Мэдээж орчин, нөхцөл өөр. Европод барилгыг нь харахад хөгжим нэг өөрөөр дуугарна. Барилга нь гэхэд уран зургаас эхэлдэг. Монголд харин Европ шиг барилга байхгүй. Гэхдээ Улаанбаатар хот маань хөгжиж байгаа, манайх чинь их залуу орон шүү дээ. Төгөлдөр хуурч хүний хувьд бол Монголд стандартын барилга, орчин байхгүй. Жилдээ гадаадаас хэдэн хүн ирж тоглохоос өөрөөр том концерт, тоглолт сонсохгүй, өөр шинэ зүйл мэдрэхгүй байна. Гэхдээ манай Хөгжим бүжигт сурч байгаа шавь нарын минь ээж, аав нар “Багш аа, Европ руу явья” гэх зэргээр хүүхдүүдийг сэргээж, гадаадын соёлтой үйлчилгээ, барилга, хүмүүсийн хоорондын харилцаа зэрэг бүх нарийн зүйлсэд суралцахад их тусалдаг. Тэр бүгдийг харж байж, тэр соёлтой танилцсанаар сайн тоглоно. Төгөлдөр хуурч хүн гэдэг бол их дээд зэргийн байх ёстой, маш өндөр боловсролтой байж, дээгүүр юм сонсож, харж, мэдэрч явах ёстой.

   Энэ хүрээд бид хүүхдүүдийн сургалттай холбоотой яриаг өндөрлөж, хувь уран бүтээлчийнх нь тухай яриагаа үргэлжлүүлсэн юм.

-БАГАДАА БИ ХӨГЖМИЙГ АЛДААГҮЙ ТОГЛОДОГ, ТӨГӨЛДӨР ХУУРАН ДЭЭР ХУРУУ МИНЬ ХУРДАН ГҮЙДЭГ БАЙСАН ГЭДЭГ-

 -Өнгөрсөн жил та МУГЖ цол хүртсэн. Таван наснаас эхлэн төгөлдөр хуур тоглож, 14 насандаа анхны тэмцээндээ түрүүлж байсан танд арай хожуу энэ цолыг өгөх шиг санагдсан?

     -Би бол тэгж бодохгүй байна. Гавьяат цол авсан ч аваагүй ч би хийж байсан зүйлээ хийх л болно. Улс эх орон маань үнэлээд өгсөн энэ шагналыг эрт, орой авлаа гэдэг надад сонин биш. Харин авах цагтаа авлаа, ээж, аавыгаа, багш нарыгаа баярлууллаа л гэж ойлгож байгаа. Монгол Улсын Гавьяат жүжигчин цол аваад миний амьдралд өөрчлөгдсөн зүйл үгүй. Харин илүү их зүйл хийж, бүтээх ёстой гэсэн хариуцлага нэмэгдсэн.

Би хүмүүсийн сайн, муу гэдгээр өөрийгөө дүгнэдэггүй. Харин тайзан дээр гараад хүмүүс, үзэгчид хэрхэн хүлээж авч байгаагаар би өөрийгөө шалгадаг. Хүмүүс хөгжим тоглоод эхлэхэд гаргаж байгаа хариу үйлдэл, уур амьсгалаар би өөрийгөө аль түвшинд байгааг мэдэрч, өөртөө дүгнэлт хийдэг.

 -Таны хувьд багадаа ямар онцлогтой хүүхэд байсан бэ. Аав, ээж, багш нарынх нь ярьдаг дурсамж бий болов уу?

      -МУАЖ, төгөлдөр хуурч Т.Цолмон багш маань “Хүнд хэцүү гэмээр том зохиолыг нэг өдрийн дотор цээжлээд ирдэг хүүхэд байсан” гэж ярьдаг юм. Аав, ээж минь хүртэл намайг багадаа юмыг их хурдан цээжилдэг хүүхэд байсан гэж хэлдэг. Тэгэхээр амархан юм цээжилдэг нь миний онцлог байсан болов уу. Мөн хөгжмийг алдаагүй тоглодог, төгөлдөр хуурын товчлуур дээр хуруу нь их хурдан гүйдэг байсан гэдэг. Би бол өөрөө тайзан дээр гарах их дуртай байсан. Аав багаас минь юмыг дуустал хийх, нэг зүйл рүү орсон бол улайрдаг зан чанарыг суулгаж өгсөн.

Магадгүй аав өөрөө тийм зан чанартай хүн байсан байх. Би одоо ч аавынхаа захиасыг зүрхэндээ хадгалж явдаг. Нөгөө талаар миний хайрлаж хүндэлдэг хүн бол Т.Цолмон багш маань. Үнэхээр гайхамшигтай хүн.

  -Аавынхаа уран бүтээлээс хүмүүст хүргэх ажлыг чамгүй хийж, та өөрөө бүтээл туурвилаас нь үзэгчдэд хүргэж байгаа. Одоо харин ном бүтээл бичих, өөр байдлаар хүргэх, үлдээх зүйл төлөвлөж байна уу?

       -Германд тоглож байхад монголчууд аавын бүтээл, туурвилаас их асуудаг. Багадаа бол аавынхаа багш Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Гончигсумлаа гуайн бүтээлээс тоглож байсан. Манай гэрт Гончигсумлаа гуай их ирдэг байлаа. Т.Цолмон багш маань түүний уран бүтээлээс тоглодог байв. С.Сансаргэрэлтэх дүү маань “Монгол ардын 33 дуу” гээд аавын минь 1980 онд бичсэн ардын дууг хүмүүст хүргэж байсан. Би аавынхаа нэрэмжит тэмцээнийг гурав дахь удаагаа хийсэн. Одоо Израил Улсад оролцох тоглолтдоо Төрийн шагналт, Ардын жүжигчин С.Гончигсумлаа гуайн зохиолыг оруулна гэж бодож байгаа. 

     -Эцэг, эхчүүд мэдээж үр хүүхдээ өөрөөс нь илүү зүйлийг хийж, бүтээгээсэй гэж боддог байх. Таны хувьд аав нь тийм зүйл хэлж байсан болов уу?

      -Аавыгаа аав гэхээс илүүтэй уран бүтээлчээр нь хардаг. Аавыгаа бурхан болсны дараа зохиосон хөгжмийг нь олон дахин сонсохоор мэдрэмж минь хүртэл өөр болоод ирдэг. Аав минь нэг удаа "Надад харамсах зүйл байхгүй" гэж хэлж байсан. Үр хүүхдэдээ хэлж байсан захиас, үг, сургаалийг нь ажил, амьдралдаа мөрдөж явдаг. Би сайхан бүтээл тоглож, сайн сайхан байвал аавынхаа ачийг хариулж байна л гэж ойлгодог.

    -Удам дамжсан энэ хөгжмийн авьяасыг таны болон дүү нарын тань үр хүүхэд үргэлжлүүлэх байх. Одоогоор төгөлдөр хуурч болсон хүүхэд бий юү?

    -Мэдээж бид удмын авьяас, хөдөлмөрийг үргэлжлүүлэхийн тулд үр хүүхдэдээ анхаарал хандуулж хичээсэн. Гэхдээ одоогоор төгөлдөр хуураар явж байгаа Ч.Сангидорж гуайн ач, зээ гэж байхгүй. Бүгд тоглодог, гэхдээ мэргэшихгүй байгаа. Магад бидний ач, зээгээс жинхэнэ авьяастан гарч ирэх байх гэж бодоод байгаа юм. Алгасдаг байж магад гэж боддог.

 Ийм нэг үргэлжлэл болсон уран бүтээлчтэй ярих сэдэв, уудлах яриа олон байсан ч өрөөнийх нь гадаа хичээлдээ суухаар шавь нар хүлээж байсан тул энэ хүрээд яриагаа дуусгалаа. Тэр Монголос дэлхийн тавцанд гарах төгөлдөр хуурчийн эрэлд гарч яваа. Түүнийг эрлээ олох мөчид нь дахин уудалж, илүү өргөн яриаг уншигч танд хүргэх өдөр ирнэ гэж итгэж байна.


С.САЯНЦЭЦЭГ: ААВЫНХАА ЗАХИАСЫГ ЗҮРХЭНДЭЭ ХАДГАЛЖ ЯВДАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188