• Өнөөдөр 2024-04-20

Гавьяат сувилагч П.ЗИНА: Аавынхаа мэргэжлийг өвлөн, 43 жил тууштай зүтгэсэн хөдөлмөрөө төрдөө үнэлүүлэх сайхан байна

2022-05-18,   674

           Дөнгөж сургуулиа төгссөн, арван есөн настай охин анх Цэргийн төв эмнэлэгт сувилагчаар очиж байж. Шилэн оймс, өндөр өсгийт, богино цагаан халад өмссөн залуухан сувилагчид хайрын захиа зөөх цэргүүд ч тасардаггүй байж. Хэдхэн хоногийн өмнө Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан тэмдгээр энгэрээ мялаасан П.Зина сувилагч одоогоос 43 жилийн өмнө ийм л залуухан охин анх сувилагч болж, өдгөө хүртэл хоёргүй сэтгэлээр сувилахуйн ухаанд суралцаж, бие сэтгэлээ бусдыг анагааж, эдгээж, сувилахад зориулан зүтгэжээ. Энэ хугацаанд тэрбээр Дорнод аймгийн Суулинхээрт гарсан “Ой хээрийн түймэр”, Налайхын уурхайд гарсан “Үйлдвэрийн осол”, Дархан-Уул аймгийн Хөтөл тосгонд гарсан “Урвах тахал” өвчний голомтын хөл хорио зэрэг томоохон дуудлагын эмчилгээ сувилгаанд амжилттай ажилласан байна. Түүнийг эрүүл мэндийн салбарт ажилласан хөдөлмөрийг үнэлж, “Хүнлэг үйлстэн сувилагч”, Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”, “Цэргийн гавьяа”-ны одон, Монгол Улсын Засгийн газрын шагнал, Эрүүл мэндийн салбарын “Тэргүүний ажилтан”, хүндэт тэмдгээр шагнаж байсан байна. Мөн Цэргийн төв эмнэлгийн хөдөлмөрийн аварга сувилагчаар зургаан удаа, Зэвсэгт хүчний “Системийн аварга” ажилтнаар гурван удаа шалгарсан нэгэн юм.

      Нутгийн олондоо алдартай эмч аав нь "Хүүхдүүдийнхээ нэгийг эмнэлгийн хүн болгоно" гэснээр том охиноо Анагаахын сургуулийн техникумд сувилагчаар сургасан түүхтэй юм байна. Эрүүл мэндийн салбараас ажил, амьдралынхаа замыг олж, төр түмэндээ энэрэлтэй, эрхэлсэн ажилдаа сэтгэлтэй энэ эмэгтэй өдгөө түмэн олондоо хүндлэгдсэн, олны хайртай сувилагч болжээ. Одоо тэрбээр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хагалгаа, боолтын сувилагчаар ажиллаж байна. Биднийг уулзахаар очиход тэрбээр ажил дээрээ байсан бөгөөд дөнгөж нэг хагалгаанд орчоод гарч ирлээ гэснээр бидний яриа эхэлсэн юм.

 -Сайн байна уу. Танд юуны өмнө Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан цолоор шагнуулсанд тань баяр хүргэе. Ажил, мэргэжилдээ хоёргүй сэтгэлээр зүтгэсэн зүтгэлээ төрдөө үнэлүүлэх сайхан мэдрэмж байсан болов уу?

     -Тэгэлгүй яах вэ. Залуугаасаа эхлэн зүтгэсэн ажил, мэргэжлээ төрдөө үнэлүүлнэ гэдэг сайхан юм байна, охин минь. Энэрэх, хайрлах, ачлах ухаанд бага залуугаасаа суралцаж, ажил мэргэжилдээ үнэнч хандаж ирсний минь үр өгөөж гэж бодон, туйлаас баярлаж, төр засагтаа гүнээ талархаж байна.

   -Ойр дотныхноос нь гадна эмчилгээ, сувилгаа хийлгэсэн хүмүүс нь баяр хүргээд хэдэн өдөр таны утас хангинаастай л байв уу?

-Өө тэгэлгүй яах вэ. Шагнал авсан өдрөөс хойш баяр хүргэсэн хүмүүс их байна. Ямар сайндаа зөвлөх эмч маань “Зина сувилагч таны утас бүр халаад, шатах нь” гэх вэ дээ. Арван жилийн ангийхан, найз нөхөд, хамт ажиллаж байсан үе үеиййн эмч, сувилагч, эмчилгээ, сувилгаа хийлгэсэн хүмүүс гээд одоо ч баярын мэндчилгээ тасраагүй сууна.

-Та эрүүл мэндийн салбарт хэчнээн жил ажилласан юм бэ?

   -Би улсад мэс заслын хагалгаа боолтын сувилагчаар 43 жил ажиллалаа. Цэргийн төв эмнэлэгт 37 жил ажиллаад, дараа нь хувийн эмнэлгүүдээр ажиллаад, одоо Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт ажиллаж байна. Хамгийн гол нь эрүүл мэндийн салбарт, сувилагч гэх нэр хүндтэй үүргийг гүйцэтгэж ажилласандаа баяртай байдаг. Ялангуяа, Цэргийн төв эмнэлэгт мэс засал, алсын дуудлага, цэргийн гамшгийн дуудлага, гал түймэр, аваар осол зэрэгт баг хамт олонтойгоо хамтран ажилласан. Тухайн үед зөвлөх эмч Жаргалсайхан, мэс заслын эмч Самдан, Баяр зэрэг үе үеийн олон сайхан эмч, сувилагч мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаж байв.

-Цэргийн эмнэлэгт ажиллах бусад эмнэлгээс арай өөр байсан болов уу?

     -Сувилагчийн ажил хариуцлага шаардахаас гадна цаг наргүй. Цэргийн эмнэлгийн сувилагч болохоор цэргийн тиктатуртай, цэргийн хүн шиг ажиллаж байсан. Ар гэрт нь ямар ч ажил байсан хамаагүй, дуудлагад яв гэсэн бол тухайн үеийн баг хамт олонтойгоо хэчнээн хоногоор хамаагүй явах үүрэгтэй.  Мөн надад олон сайхан багш зааж сургаж, үлгэрлэж байсан юм. Анх сувилагчийн ажлыг зааж сургасан Дарьсүрэн багш маань тэнгэрээс харж байгаа байх. Ер нь тэгээд тэр үед ажиллаж байсан бүх л эмч, сувилагч зааж, сургаж байсан. Одоо харин гурав, дөрвөн Анагаахын их сургуулийг сувилагчар төгссөн шавь нар бий. Энэ бүхний дэм тусаар өдий зэрэгтэй ажиллаж явна. Одоогоор Баянзүрх дүүргийн мэс заслын тасагт гурван боолтын өрөө, хоёр хагалгааны өрөө бий.

-Мэдээж цаг наргүй энэ их ажил хөдөлмөрийн тань ард сайн хань, гэр бүл байсан байх?

     -Тэгэлгүй яах вэ. Дөч гаруй жил сувилагчаар ажилласан нөр их хөдөлмөрийн минь ард миний хань үр хүүхдээ асарч, гэрийн ажлаа амжуулж байсан. Хань минь маш нямбай, ажилсаг, хүнлэг, харьцаа хандлага сайтай хүн. Бид хоёр сайхан хүүхэдтэй. Ерөөс ар гэрийн бүх ажлыг хань минь амжуулсан. Тэгэхээр өнөөдөр миний амжилтыг төр засаг үнэлж шагнал олгож байгаа нь миний ханийн хүртэл шагнал гэж ойлгодог.

-Таны хань мөн Баянзүрх дүүргийн эмнэлэгт хамт ажилладаг юм байна. Анх хэрхэн танилцаж байсан юм бэ?

     -Анх бид хоёр сургуулиа төгсөөд Хөвсгөл аймагт эрүүл ахуйчаар хамт ажиллаж байсан. Тухайн үед бие биенээ мэддэг байж байгаад, Цэргийн эмнэлэгт ирээд гэр бүл болж байсан. Тэгээд нөхөр маань Цэргийн эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэлийн ажил руу шилжүүлж орсон. Тэгээд ажлынхаа хажуугаар ар гэрийн ажлаа зохицуулдаг байсан. Одоо бол Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн ариултгалын тасагт ариутгал, халдваргүйтгэлийн ажил хийгээд байж байна.

 -Яагаад та эрүүл мэндийн салбарыг сонгож, тэр дундаа сувилагч мэргэжлийг сонгох болсон юм бэ?

     -Энэ бол миний ааваас эхлэлтэй. Аав минь Увс аймгийн Наранбулаг сумын уугуул О.Пүрэв гэж хүн байсан. 1930 оны үед санитор гэх мэргэжлиыг эзэмшиж, амьдралынхаа 50 шахам жил Увс аймагтаа хүний багга эмчээр ажилласан. Увсын ард түмэн доктор хэмээн хүндэтгэдэг байсан. Тэгээд аав минь өөрийн мэргэжлийг хүүхдүүдийнхээ нэгэд өвлүүлнэ гээд намайг Хүн эмнэлгийн техникумд сувилагч мэргэжлээр сургасан. Тухайн үед аав “Ариун цэвэр үздэг, шалгадаг анги байна. Миний охин энэ ангид нь сурах уу” гэж асуусан. Тэгээд Улаанбаатар хотын Анагаахын эрүүл ахуйн ангид Дулмаа гэх багшийн шавь болоод сурсан. Одоо багш маань 80 хүрсэн буурай байна. Тэгээд аавынхаа сонгож өгсөн ангидаа сурч байгаад, мэргэжлээ сольж, сувилагч болоод, амьдралынхаа явцад хагалгаа боолтын сувилагчаар тасралтгүй ажилласан.

-Мэдээж аавыгаа та байх үед сувилагч болсон байх. Өөрийнх нь мэргэжлийг өвлөсөн охиноороо ихэд бахархан, баярлаж байсан болов уу?

         -Аав минь сувилагчийн мэргэжил эзэмшсэнд ихэд баярлаж байсан. Тухайн үед би сувилагч болоод цэргийн эмнэлэгтээ ажиллаад, Цэргийн гавьяаны одонгоор шагнуулахад аав мин над руу таван мянган төгрөгтэй хадаг явуулсан байсан.Аав маань наяд оны үед нэг удаа Цэргийн төв эмнэлэгт хэвтсэн юм. Тэгээд нутгийн хүмүүст “Миний охин Цэргийн төв эмнэлэгт сувилагчаар ажилладаг” гэж ярьж, бахархдаг байсан юм билээ. Тухайн үед нутгийн айлын хүүхдүүд нь их цэрэгт явдаг. Тэгэхээр аав “Манай охин Цэргийн эмнэлэгт байгаа. Тэрний тэр хүү нь явсан шүү, миний охин халуулаад өг” гэж захиа хүртэл бичдэг байсан. Мэдээж би ямар цэргийн дарга биш, шийдэхгүй шүү дээ. Гэхдээ аав минь охиноо тийм өндөрт боддог байсан байгаа юм.

-Сувилахуйгаар сурчихаад, дараа нь эмч болох бодол төрж байсан уу?

    -Тухайн үед элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөд их хүнд үе байсан. Олон удаа шалгалт өгдөг, шалгуур өндөртэй байдаг байсан. Миний хувьд ажлаа хийхийн хажуугаар гэр бүлтэй байсан болохоор сурах зав цаг бага байсан болохоор эмчээр сурч чадаагүй. Тэгээд хагалгаа боолтын сувилагчаараа тасралтгүй 43 жил ажилласан байна.

 -Ачилж, энэрч, сувилж, эдгээдэг гээд сувилагч мэргэжлийн сайхан олон шүү дээ. Таны хувьд энэ мэргэжлийг эзэмшээд, насаараа ажлаад ирсэн болохоор сайхан зүйлийг нь илүү мэдэрсэн болов уу?

      -Ер нь эмнэлэгт ирж байгаа хүмүүс дандаа зовуурь шаналгаатай, өвдсөн байдалтай ирнэ. Тэгэхээр тийм хүмүүсийг хүлээж аваад, эдгээгээд явуулахад, дараа нь утсаар ярьдаг ч юм уу, эргээл уулзахад хамгийн сайхан талархлын үгийг хэлдэг. Өвчтэй хүн эдгэрээд гарахыг харах шиг жаргал байхгүй. Мэдээж энэ олон жилийн хугацаанд сайн, муу олон зүйл тохиолдоно. Мөн өвчтөн хүндрэх ч үе байна. Ерөөс сайн муу бүхнээ эмч, сувилагч, өвтөнтэйгээ нийлээд хамтдаа даван туулж, ард нь гарна. Эрүүл мэндийн салбарт мэс заслын тасаг бол их хүн. Үргэлж яарсан, сандарсан хүмүүс байдаг. Ялангуяа, Цэргийн төв эмнэлэгт ажиллаж байхад, гэнэт буу алдсан, түймэрт өртсөн, хоолны хордлого болсон хүмүүс их эмчлүүлнэ. Тэдгээр нь хүндэрч, давтан хагалгаанд орох зэрэг олон зүйл бий. Хамгийн гол нь эмчлүүлж байгаа хүн маань эдгэрэх нь хамгийн сайхан. Нэг удаа Суулинхээрийн ойн түймэрт яваад Баатаржав гэх хүнтэй дөрвөн цэрэг авчраад, мэс заслын дөрөвдүгээр тасагт эмчилж, их сайхан эдгэрээд гарсан. Тэр дундаас Баатаржав гэх хүн тухайн үед 80 хувийн түлэгдэлтэй байсан бол эдгэрээд, гэр бүлтэй болоод сүүлд бурхан болсон байна билээ.

 -Нөгөө талаар залуу сувилагч байхдаа эмчилгээ хийхдээ алдаа гаргах тохиолдол байсан болов уу. Мөн эмч, сувилагч хүнд өвчтнөө алдахад хүнд байдаг болов уу?

         -Мэдээж залуу сувилагч байхдаа мэдэхгүй зүйлээсээ болж алдах тохиолдол байсан. Нэг удаа гэдэс нь халиад гарсан өвчтөнд перкес хийсэн чинь өнөө хүний гэдэс нь цайсан. Айгаад, зөвлөх хийж байсан эмчдээ “Хүний гэдэс түлчихлээ” гээд гүйгээд орсон чинь нэг уусмал тавьж өгч, зүгээр болгож байсан. Эмч, сувилагч хүн алдаа гаргаж болохгүй. Ялангуяа, мэс заслын тасаг их хүнд. Өдөрт нэг хүнийг зургаа түүнээс олон удаа боох тохиолдол ч гардаг байсан. Харин өвчтнөө алдах бол их хүнд. Тэр дундаа өвчтөний гэр бүлийнхэнтэй харилцах шиг хэцүү зүйл байхгүй. Нэгэнт эмнэлгийн мэргэжил сонгосон болохоор хаттай байж, аль болох гэр бүлийнхнийг нь нэлээд гашуудаж, гуниглаж дууссаны дараа тайвшруулна.Тэгээд өвчтөнийхөө эд зүлийг хүлээлгэж өгнө. Удаан хугацаанд хэвтээд нас барсан бол тэр хүндээ бид дасал болно. Энэ ч үүднээс өвчтөнөө хараад уйлна. Өглөө ирэхэд өвчтөний маань нүд сэргэсэн байвал ихэд баярлана. Гэтэл гэнэт өнгөрөх тохиолдол байдаг.

-Таныг Цэргийн төв эмнэлэгт дөнгөж ажиллах үед томоохон авто осол, түймэр их гардаг байв уу. Одоо бол харьцангуй багассан байх?

    -Ная, ерээд оны үед цэрэг армид янз бүрийн гэнэтийн түймэр, байлдаан, автын осол гардаг байсан. Одоо харин хордлого болон бэртэл гэмтэл илүү гарсан байна билээ. Тухайн үед хөдөөгийн анги салбар руу эмнэлгийн машинтайгаа дуудлагад явдаг байсан. Одоо бол зам харгуй сайхан болсон. Үнэхээр аминд тулсан өвчтөнд онгоцоор очиж тусламж үзүүлдэг болсон байна шүү дээ.

   -Бууны, түлэгдсэн, мэсний гээд олон шарх бий байх. Аль шарх нь эмчлэхэд илүү хүнд байдаг вэ?

  -Хамгийн хүнд шарх бол хэвлийн хөндий болон цээж, бууны шарх гурав хамгийн хүнд шарх. Мөн түлэгдэл их эмчлэхэд хүнд байдаг. Түлэгдлийн зэрэг гэж бий. Дөрөв болон гуравдугаар зэргийн түлэгдэл бол асар хүнд. Хамаг бие нь улаан эрээн болтлоо түлэгдсэн хүнийг харахаар зүрх сэтгэл өвдөж, яаж эдгэрнэ гэж бодож, шантрах үе ч гардаг.

-Залуухан сувилагч эмэгтэйд цэрэг залуус захидал өгөх зүйл байсан болов уу?

     -Зөндөө захиадал өгч, “Зина сувилагчтай сууна” гэж араас гүйдэг байсан. Тухайн үед манай багш сувилагч бол хамгийн гоё эмэгтэй байсан. Их гоё малгай өмсөж, цав цагаан юбки, халад өмсдөг байсан. Тийм сайхан үе байсан болохоор ажлаасаа шантрахгүй, өглөө эрт 7:00 цагт хамгийн түрүүнд очно.

 -Таны нэр их содон санагдлаа. Анх таныг шагнал авах үед нэрийг тань дуулаад Орос хүн юм болов уу гэж бодож байсан юм. Нэрнийхээ тухай ярьж болох уу?

   -Би их жижигхэн гарсан гэдэг. Намайг төрөх үед нагац ах Дунгаа гэдэг хүн манайд ирээд, энэ хүүхдэд “Зина гэдэг нэр өгье. Сүүлийн үед орос нэр их моодонд ороод байгаа юм” гээд өгсөн юм билээ. Хүмүүс надаас “Орос аав, ээжтэй юу” гэж их асуудаг. Би бол Увсын баяд, бага ястан гэж явдаг.

-Мэдээж ажил мэргэжилдээ тууштай зүтгэсэн хөдөлмөр гавьяагаа төрдөө үнсүүлээд удаагүй байгаа энэ үед олон хүнд баярласан, талархсанаа хэлмээр байгаа болов уу. Таныг талархлын үгээр энэ удаагийн яриагаа өндөрлье?

  -Өдий зэрэгтэй яваа минь аав, ээж болон хамтран нэг сэтгэлээр зүтгэсэн үе үеийн эмч, сувилагч, мөр зэрэгцэн ажиллаж байсан хамт олны минь ач тус. Миний амьдралын өдрүүд бол Цэргийн төв эмнэлэгтэй салшгүй холбоотой. Энэ эмнэлэг бол миний ажил, амьдралын их дурсамж, дурдатгал өрнөсөн газар. Тэгээд бүх хүнд чин сэтгэлээсээ баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье. Танай сайтын хамт олонд мөн намайг урьж, ажил амжилтын минь талаар халуун яриа өрнүүлсэнд баярлалаа.


Гавьяат сувилагч П.ЗИНА: Аавынхаа мэргэжлийг өвлөн, 43 жил тууштай зүтгэсэн хөдөлмөрөө төрдөө үнэлүүлэх сайхан байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-18 13:36:12
    Д.Цэрэнпагма: Манай Улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө,хүн ардынхаа эрүүл энхийн манаанд бат зогсож тасралтгүй 43 жил ажиллаж өнөөдөр төр засагаасаа Эрүүлийг хамгаалахын "Гавъяат "гэдэг цол тэмдэг гардан авсанд бид бүхэн баяртай байна. Анх сургуульд ирээд ах бэргэн эгчтэйгээ хамт амьдарч байлаа. Сургуулиа төгсөөд Цэргийн эмнэлэгт ажиллахдаа,өглөө 6цагт гарч яваад орой 10 цагт ирдэг цаг наргүй ажилдаг дайчин эмэгтэй байсан. Шударга шулуун зантай хөдөлмөрч хүний төлөө гэсэн сэтгэлтэй ,бусдыгаа хошуучлан ажилдаг тэвчээр хатуужилтай, цэвэр цэмцгэр охин байсан юм. Аав ээжээсээ арвуулаа хадам ээж маань энэ олон хүүхдийг өсгөж ,малаа маллах үнээ малаа саах ,оёж шидэх хоол ундыг нь бэлдэх гээд ар гэрийн ажлыг амжуулдаг байлаа. Сайхан сэтгэлтэй ээж минь байлаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-18 11:12:04
    Ширчинжавын Нямаа.: Бид хоёр айл болоод 40 жил болсон байна. Хоёр сайхан үр хүүхэд төрүүлэн өсгөж, өнөр өтгөн айлууд боллоо. Миний хань чинь ажил, амьдралынхаа төлөө тууштай зүтгэлтэй байсныг төр, түмэн өндрөөр үнэлж, Монгол улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагнуулсанд манай гэр бүлийнхэн маш их баярлаж байгаа. Ханьдаа, ээждээ, эмээдээ хайртай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-18 10:27:36
    Төмөрочир: Эгчдээ хөдөлмөр зүтгэлээ төр засгаараа үнэлүүлж гавьяат болсонд баяр хүргэе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-18 10:27:35
    Төмөрочир: Эгчдээ хөдөлмөр зүтгэлээ төр засгаараа үнэлүүлж гавьяат болсонд баяр хүргэе
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188