• Өнөөдөр 2024-04-26

СЭТГЭЛ ДОЛГИСУУЛЖ, ЗҮРХ АРГАДСАН Г.АРИУНБААТАР

2022-05-05,   1689

        Тун саяхандаа тэр Дэлхийн дуурийн Чайковскийн уралдааны тэргүүн байрыг эзэлж, гранпри хүртэж, Монгол дуурь дэлхийн тайз руу гарч, Монголын сонгодог урлагийн хөгжил түүний амжилтаар нэг шат биш, бүр нэлээд хувиар өссөн. Түүнээс хойш түүний амжилт бүр зузаарч, дэлхийн тайзнаас буугаагүй. Хоолойны шандсаа сорих уралдаан, тэмцээн хаана л болно бүх байр, шагналыг нь түүж, Монгол авьяас дэлхийд гайхуулан байдгийг хэн хүнгүй мэдэж байгаа биз ээ.

           Тэгвэл хоёр хоногийн өмнө тэр ард түмэндээ ээлжит бэлгээ задалж, Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдээс аваргуудыг тодруулдаг “Brаvо” шагнал гардуулах ёслолын дуурийн шилдэг эрэгтэй гоцлол дуучны төрөлд нэр дэввшиж, шилдгээр шалгарчээ. Хэн бэ гэдгийг уншигч та хэдийнэ мэдсэн болов уу. Тэр бол Монгол Улсын Гавьяат Жүжигчин, Чингис хаан одонт Ганбаатарын Ариунбаатар.

-МАЛЧНЫ ХОТНООС ДЭЛХИЙН ДУУЧИН БОЛСОН НЬ-

   Монголоос төрсөн дэлхийн сонгодог. Ердөө хорь гаруйхан настайдаа Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол хүртэж, гуч гаруй насандаа Дэлхийн дуурийн Чайковскийн уралдааны тэргүүн байрыг эзэлж, “Чингис хаан” одонгоор шагнуулж, асаж, дүрэлзэж, сэтгэл долгисуулж, зүрх аргадаж яваа уран бүтээлч. Өөрөөр хэлбэл, хүний сэтгэлийг үймэртэл, өмөртөл, сэмэртэл дуулдаг дуучин бол тэр.

        Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул тэрбээр Цагдаагийн “Сүлд” чуулгаас уран бүтээлийн гараагаа эхэлж, Оросын Холбооны Улсын  Санк-Петербург хотын Марийнский театр болон Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж буй. Малчны хотноос СУИС-ийн их сургуульд дуурийн дуучнаар суралцаж, дэлхийн дуучин болсон эгэл жирийн хүү өдгөө Монголын сонгодог урлагийн хөгжлийг чамгүй ахиулсан гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Багаасаа  айхтар дуулж хуурддаг, гоц гойд нэгэн байгаагүй ч тэрбээр СУИС-д өөрийгөө ихэд хөгжүүлж, томоохон уралдаан тэмцээнийг алгасдаггүй байж.

            Тэгээд 2011 онд М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын ХХIV уралдааны тэргүүн байр, BBC cardiff уралдаанд романсын төрөлд "Монголын тал нутаг" дуугаар тэргүүн байр, Павел Лисицианы нэрэмжит тусгай шагнал, 2014 онд Муслим Магомаевийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны тэргүүн байр, 2015 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин зэрэг дэлхийн дуурийн уралдааныг түүж дуусгасан. Тэр хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Дуурь бол донтуулдаг урлаг” хэмээсэн байх бөгөөд гүн рүү орох тусам улам өөртөө дурлуулдаг увдистай урлаг гэнэ. Асан дүрэлзэж, дуурийн урлагаар Монголоос өөр олон залуу дэлхийн тайз руу замыг нээсэн тэрбээр өдгөө ч сонгодог хэвээр дуулж явна. Малчны хотноос Дэлхийн сонгодог болно гэдэг хүссэн аавын хүүгийн хүрэх оргил биш. Гэхдээ хичээвэл, хөдөлмөрлөвөл, хүрч болдгийг тэр батлан харуулсан, одоо ч харуулж яваа нэгэн. Угаас уул тал, ус мөрөн гэдэг дуучнаа өөрөө төрүүлж, уудам талд дуулж яваа нэгний хоолойн цараа тэлдэг гэдэг. Магад түүний СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид сурснаас илүүтэй хоолойгоо задалж, өөрийгөө нээсэн газар нь хөдөө тал байж ч мэднэ.

-ДЭЛХИЙН ТАЙЗНАА ЭХ ОРНОО ГАЙХУУЛДАГ ДУУЧИН-

   Нэг хэсэг Г.Ариунбаатар гэх нэрийг залхталаа сонсож байсан үе Монголчууд бидэнд бий. "Г.Ариунбаатар Марийнский тайзан дээр дуулж байна", “Г.Ариунбаатар Чайковскийд түрүүллээ, шилдэг эрэгтэй дуучны шагнал хүртлээ” гэх зэргээр түүний тухай мэдээ, амжилтынх нь тухай яриа тасардаггүй байв. Тэр үеийг Г.Ариунбаатараар “амьсгалж” байсан үе гэхэд ч буруудахгүй болов уу. ОХУ- ын алдарт Марийнский театр бол дуурийн урлагийн томчууд, акулууд тайзан дээр нь дуулж, сонгодог урлагийн сорууд тэнд чуулдаг театр. Тэр тетрын тайзнаа Г.Ариунбаатар хэдэнтээ гарсан нь тоогоо алдсан. Ямартай ч дуулсан нь тэр, тайзыг эзэгнэж, гайхшруулж, хөтөлж, дуурийн олон дүр бүтээж, дүрдээ орж, дүрээрээ амьдарсан.

    Түүнд дуулахаас гадна дэлхийн дуурийн дуучин байх олон өгөгдөл бий. Тайзан дээр гараад биеэ авч яваа байдал, нүдний харц, нүд хоорондын шилжилт хөдөлгөөн, хоолойгоороо бүжиглэж байгаа мэт өнгө, хэмнэлээ авч дуулдаг байдал, басхүү инээж, хэсэг жаахан ярвайж, зүрх сэтгэлийнхээ гүнд орж, заримдаа дотогшоо өмөрч, уйлж, тэгснээ гэдийж, аархаж, бардаж, бахархаж дуулдаг.

     Энэ олон зүйлийг нэг өдөр, хэдэн минутад, хэдэн цагт гаргаж, дуу хоолойг амилуулж, амьдарч дуулна гэдэг л түүний гол авьяас, бусдаас өөр байхын үндэс байгаа болов уу. Тайзнаа тэр ер хамгийн сонирхолтой, хэн бүхний анхаарал татаж, ханаж дуулдаг. Тэгж бүхнээ юүлж, бүхнийг нэрж дуулаад л инээгээд орчихно. Дэлхийн том дуурийн тайзнаа том, том сонгодог дуурийг дуулж, тэнд гайхуулж бишрүүлж байхаас гадна тэрбээр дэлхийн тайзнаа

Ямар уудам юм бэ Монголын тал нутаг

Яасан уужуу юм бэ Монгол хүний сэтгэл” гэж дуулсан нь илүүтэй хүмүүсийг огшоож, эх орныхоо тухай, Монгол хүн болсон тухайгаа дуулна гэдэг хэчнээн том омогшил, бахархал байсныг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Тэр энэ дууг дуулахаараа эурж, өмөрч, санаж, үгүйлж, огшиж, бахархдаг. Тэр Монголоо дуулахаараа жаахан нулимстай, зүрхэн дээрээ алгаа нааж байгаад дуулдаг Монгол сонгодог. Хэзээ хойно, магад түүн шиг дэлхийн тайзнаа “Монголын тал нутаг” дууг сэтгэл сэмэртэл, сэтгэл долгисуулж, зүрх аргадаж дуулсан нэгэн төрөх ч тэр нь хэзээ бол. 

-ТЕНОР ХООЛОЙГООС БАРИТОН ХООЛОЙТ БОЛСОН НЬ-

    Г.Ариунбаатар анх СУИС-д орохдоо тенор хоолойтой дуучин, хоолойны махаа авахуулчихаад хэсэгтээ дуулж чадахгүй байсан байна. Тэгээд багш нь аргаа барахдаа түүнийг өөр сургуульд орох саналыг ч тавьж байж. Гэвч дуулах хүсэл мөрөөдөлтэй, түүндээ хүрэхээр зорьж явсан уран бүтээлчид, тэр сонголт их хэцүү бэрх байж. Багшийнхаа хэлсэн үгэнд тэрбээр оролгүйгээр “Би хэсэг байж байгаад буцаад ирье, миний хоолой заавал болох ёстой” гэж хэлээд уйлж гарсан байна. Тэрбээр энэ тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Гэртээ гурав, дөрвөн сар дуулахгүй байж байсан. Тэгээд нэг өдөр телевизээр дуучин дуулсан дууг дагаад дуулсан чинь болмоор юм шиг санагдсан. Маргааш нь багш дээрээ очиж шалгуулья гэж бодоод, шөнөжин“Чи ингээд л байж байгаарай, би багш дээрээ очиж шалгуулах юм шүү” гэж хоолойтойгоо яриад, багш дээрээ очиж шалгуултал, басс буюу бүр өтгөн, хүнгэнэсэн хоолойтой болсон байсан” хэмээн ярьжээ. Ингэж түүнийг дэлхий рүү, дэлхийн тайзан дээр гарах замыг хоолой нь заажээ. Тэрбээр “Магад би тенор байсан бол Монголынхоо л дуучин байх байсан болов уу” гэж байсан нь Г.Ариунбаатар л энэ замаар алхах, дэлхийн театруудад дуулах хувь тавилан байж гэмээр.

-МОНГОЛ БАХАРХАЛ-

      "Монголын урлагаа ч мэдэхгүй, бүрэн дүүрэн хөгжүүлээгүй явж байхад, юун сонгодог урлаг" гэх хүмүүст тэр "Үгүй ээ, бидэнтэй ойрхон байгаа. Бид ч бас дэлхйин тайзан дээр дуулж чадна" гэдгийг ам бардам харуулж, бахархуулсан дуучин бол тэр. Өвөө, эмээгийнхээ гар дээр өсөж, дуулах чин хүсэлтэй, аав, ээж, өвөө эмээгээ баярлуулах дуучин л болох юм сан" гэж мөрөөдөж явсан хүү СУИС-д ороод, олон улсын тэмцээнд оролцож эхэлж. Тэгээд Г.Ариунбаатар шууд дэлхий рүү гарчихаагүй. СУИС-д сурах сургалтын төлбөргүй болж, жилээр сургуулиасаа чөлөө авч, барилга дээр ажиллаж, хар бор ажлыг ч хийж явж. Гэсэн ч хувь тавилан түүний хоолойг өөрчилсөн шигээ дуулах, урлагийн хүн байх, дэлхийн дуучин болох хувь заяа руу хөтөлсөөр байж. Үүний нэг илрэл нь түүнийг өөр замаар алхаж явахад, хөгжмийн зохиолч, Цагдаагийн "Сүлд" чуулгын дарга Л.Гаваасүрэн түүнийг дуучнаар авч, ажил, амьдрал, сургууль, цаашлаад дэлхийн дуучин болох замыг нь нээжээ.

Ингэж л тэр дундаас нь больж, завсарлаж, сонголтоосоо буцсан ч дуучин болох хувь заяа нь түүнийг дуудаж, хөтлөн чиглүүлсээр байжээ.

      -ДАРУУ НЬ ДЭНДСЭН УРАН БҮТЭЭЛЧ-

   "Хүний заяа", "Аав ээж хоёр минь" ,"Монголын тал нутаг", "Орчлонд ижилгүй нутаг, "Амин үргэлжлэл", "Аавдаа", "Монголын өглөө" зэрэг Г.Ариунбаатарын дуулсан монгол дуунууд цаанаа нэг амьтай, сэтгэл зүрхний гүнээс мэдрэгддэг.

Тэр уул тал, тайз, хад чулуу, гол мөрөн ер хаана ч сэмэрч, өр зүрх рүү түрж дуулдаг.

    Талд өссөн талын хүү болохоороо талаа сэтгэлдээ багтааж, дүүргэж дуулдаг. Дуурь хэмээх харийн урлагт тэр онцгойрч, дуу хоолойгоороо гайхагдсан ч Монголоо, аав, ээж, амин нутаг, хүн болж төрсөн заяагаа мартаагүй. Цэл залуухан, хорь гаруйхан насандаа хүний нутагт, харийн тэнгэр дор, дэлхийн сорууд дуу хоолойгоо амилуулж байсан театруудын тайзыг эзэгнэж, "Монгол Улсын дуучин Г.Ариунбаатар" гэсэн нэрийг гаргаж, монголчууд хэчнээн гайхамшигтай өгөгдөл, авьяастайг өөрөөрөө бахархаж дуулж байхдаа эх орон, ээж, аав, элэг нэгт монголчуудаа дотроо залж, түүгээр өөрийгөө зоригжуулж, хурцалж, хөглөж байсан тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэдэнтээ дурдаж байсныг уншигч та мэдэх болов уу. "Дуу дуулна гэдэг ухаан болоод сэтгэл зүрхэндээ багтааж дуулах, дууг зүрхнийхээ угаас дуулах тусам өөртөө татаж, намайг дараагийн дуу, уралдаан тэмцээнд орох сэдлийг төрүүлж, улам л ахиж, урагшлах замыг нээж байсан" хэмээн ярих Г.Ариунбаатарыг тодорхойлох нэг өнгө нь тэр тун даруухан.

   

 

      Түүнийг багш нар нь "Хаанаас эхэлснээ, хэн байснаа хамгийн сайн мэддэг уран бүтээлч" гэдэг юм билээ. Үнэхээр ч тийм болов уу. Түүний амжилт, уран бүтээл л ахиснаас тэр нэгээхэн ч өөрчлөгдөөгүй гэдгийг ойр дотны хүмүүс нь ам бардам өгүүлэх юм билээ. "Г.Ариунбаатар дуучин дэлхийн том театрт дуулж байна, тэр одоо дараа нь тэр орон руу явж уралдаанд оролцоно" гэж сонсож байснаас буруу, зөрүү үг, үйлдэл нэг сонсогдож байгаагүй уншигч та ч андахгүй болов уу. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, Монголоосоо цойлсон нэгэнд, тэгээд мандаж, бадарч, магтаалд булуулж байхдаа ч тэр тун даруухан инээгээд суусан. Тэгэхээр өнөөдрийн амжилтынх нь нэг өнгө бол яах аргагүй даруу чанар. Тэр хэрэв онгирвол, омогшвол эх орноо дуулж, нүдэндээ жаахан нулимс цийлэгнүүлээд, дотроо онгойтол нэг дуулчихаад л инээх л болов уу.

      Энэ хүрээд түүний талаарх бичвэрээ дуусгая. Монгол гэсэн тулах цэгтэй, дэлхийн сонгодог түүний авьяас чадвар харих болоогүй байна. Тэр одоо ч уул, ус, аав, ээжээ сэтгэл зүрхэндээ багтаагаад, Өнжүүлийн хөх салхиараа жигүүр хийж, илбүүлж, өвөө, эмээгийнхээ захиасыг баримталж, дэлхийн тайзнаа гарсаар байгаа. Цаашид ч гарах болов уу. Түүний дараагийн оргилд өндөр амжилт хүсье.


СЭТГЭЛ ДОЛГИСУУЛЖ, ЗҮРХ АРГАДСАН Г.АРИУНБААТАР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-06 07:36:18
    Зочин: Италийн Марийнскийн театр гээд л бичээд байх юм. Ийм юм бичиж агуу дуучинг гутаахаа болиоч
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-06 07:35:20
    Зочин: Италийн Марийнскийн театр гээд л бичээд байх юм. Ийм юм бичиж агуу дуучинг гутаахаа болиоч
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-05 22:11:55
    Болдоо: Гайхамшиг гэж Ариунбаатарыг л хэлнэ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-05 07:55:23
    Болороо: Ариунбаатар төрсөн дуучин. Монголд Ариунбаатар л бий
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-05 07:54:29
    Нямка: Гайхалтай дуучин даа, юу хэлэх бил ээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188