• Өнөөдөр 2024-04-20

Ч.НАЙДАНДОРЖ: Б.БААТАРЫН НАЙРУУЛСАН “ТАМГАГҮЙ ТӨР” САЙН БОЛСОН, НЭГ Ч ӨӨ ХЭЛМЭЭРГҮЙ БАЙНА

2022-04-27,   3938

     Дэлхийн сонгодог болон Монголын сор жүжгүүдийг улаан театрынхаа тайзнаа угт нь тулгасан унаган найруулагчдын нэг бол УГЗ Чойнхорын Найдандорж.

   Түүний авьяас билиг, мэдрэмж, ухааны цараа, сэтгэлгээний түвшингүйгээр Монголын театрын урлагийг төсөөлөшгүй. Ширүүн төрх, хурц ааш, этгээд сонин сэтгэлгээгээрээ Улсын драмын эрдмийн театр гэх айлыг өргөж, түшиж, толгойлж явсан эл эрхэмийн найруулсан жүжгүүд өдгөө ч хойчдоо үлгэртэй, үнэнтэй, өөрийн онц цагтайгаар оршиж буй. Амттай жүжгүүдээс нь урьтаж ярихгүй өнгөрөмгүй нь түүний тоглосон тайз, дэлгэцийн дүрүүд. Тэр бол "Эрдэмтний яриа" жүжгийн Төмөр, "Алтан түлхүүр" жүжгийн Дуремар, "Интоорийн цэцэрлэг" жүжгийн Тромифов, "Сократын сүүлчийн шөнө" жүжгийн Сократ зэрэг дүрийг тайзнаа гаргаж, алт үеийн алт шиг найруулагчдын найруулгад тоглож явсан нэгэн. Харин дэлгэцийн бүтээлээс нь бидний хамгийн сайн мэдэхээр "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны Чингисийн есөн өрлөгийн нэг Зэв. Түүн шиг Зэв Монголын урлагт байхгүй. Ч.Найдандорж найруулагч бол урлагт төрсөн найруулахуйн, бүтээхүйн их зэв. Тэр "Зэв"-ийн дүр шигээ хурц, шийдэмгий, эрс шулуун нэгэн.  

   “Тамгагүй төр” жүжиг дахин тайзнаа “амилсан” эл өдрүүдэд Найдаа найруулагчийг үзэгчид үгүйлж байгаа нь лавтай. Учир нь, одоогоос 24 жилийн өмнө тэр АУЗ, Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн гуайн сүүлийн цэгээ тавьсан шинэхэн жүжгийн зохиолыг нь тайзнаа амилуулж, дүрүүдээ сонгож, анхны шанг нь татаж байсныг тухайн үеийн үзэгчид андахгүй болов уу. Өдгөө харин драмын урлагт шинэ өнгө төрхөөр салхилж буй Б.Баатар найруулагч хаврын зэвэргэн өдрүүдийг “Тамгагүй төр” жүжгээр дулаацуулж, театрын суудалд үзэгчдийг олноор нь суулгаж чадаж байна. Бид залуу найруулагчийн “Тамгагүй төр” жүжгийг тайзнаа амилах зуурт Бэлхэд байрлах зуслангийн гэртээ даруухан суух Ч.Найдандорж найруулагчтай шинэхэн тавьсан жүжгийн хийц, халуун залуу найруулагчийн хөдөлмөрийн талаар халуун яриа өрнүүлэхээр очсон юм. Тэр ханаж, хачин ихээр баярласан байна лээ. Дэндүү баяртай, басхүү дурсамж, дурдатгал дүүрэн түүний яриаг уншигч таны өмнө дэлгэж байна. 

 

-ЯМАР Ч НАЙРУУЛАГЧ ЯМРААР Ч ТАВЬЖ БОЛОХ СОНГОДОГ ЖҮЖИГ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛЖ ЧАДСАН ТАВИЛТ БОЛЖЭЭ-

 

   -Сайн байна уу, сайхан хаваржиж байна уу та. “Тамгагүй төр” жүжиг дахин тайзнаа тоглогдох мөчид бид уулзаж байна. Таны хувьд 24 жилийн өмнө тус жүжгийг найруулан тавьж байсан юм билээ. Залуу, шинэ цагийн найруулагчийн шинэ тавилт ямар санагдсан бэ?

    -Драмын театрын урлагт Б.Баатар гэх  чадварлаг залуу шинэ найруулагч орж ирж, өөр өнгө төрхийг үзэгч түмэндээ толилуулж, Монголын сонгодог жүжиг гэж болохоор, сонгодог жүжгийн хэв загвараар бичигдсэн "Тамгагүй төр" зохиолыг 24 жилийн дараа шинээр найруулан тавьсанд туйлаас баярлаж, баг хамт олонд нь дахин халуун баяр хүргэмээр байна. Б.Баатар найруулагч уг жүжгийг шинээр найруулан тавихдаа дэлхий нийтийн жишгийг дагаж, театрын хөгжлийн шинэ хандлагыг жүжигт шингээж, уг жүжгийн төрөлх онцлог шинжүүдийг хадгалж, орчин үеийн хэлээр Монголын төрд ёсны домгийн сэдэвтэй жүжгийг найруулж тавьсан явдалд хачин ихээр талархаж, бахархаж сууна.

  Өөрөөр хэлбэл, АУЗ, Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг бол ямар ч найруулагч ямраар ч найруулж болох сонгодог жүжиг шүү" гэдгийг харуулж чадсан тавилт болсон нь сайхан байна.

 

 -Найруулагч бүрийн онцлог гэж бий болов уу. 24 жилийн өмнө тавигдсан таны найруулгаас Б.Баатар найруулагчийн хувьд ямар онцлогтой харагдаж байна вэ?

   -Айхтар өөрийн найруулга, тавилттай харьцуулж харсангүй. Учир нь, шинэ зүйлийг бид хүлээж авч сурах ёстой гэж бодож байна. 24 жилийн өмнө хорьдугаар зууны төгсгөл, зах зээлийн нийгэм дөнгөж шилжиж орж байсан үед “Тамгагүй төр” тавигдсан. Тухайн цаг үе,  уран бүтээлчдийн чадал чансаа гээд харьцуулбал мэдээж ялгаа, зааг бий. 1998 онд "Тамгагүй төр" жүжгийн "Арчуг" хааны дүрд МУАЖ Л.Жамсранжав гуай тоглож, эл дүрээрээ театрын домог болж үлдсэн. МУАЖ, Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва 24 жил тасралтгүй тоглолоо. Одоо ч шинэ тавилт, найруулгад тоглож байна. Миний шавь Ш.Доржсүрэн мөн л анх "Тамгагүй төр" жүжигт тоглож байсан. Одоо ч тоглож байна.

Ш.Доржсүрэнгийн онцлог бол миний найруулгаар тоглож байсан дүрээрээ өнөө цагийн шинэ тавилтад тэр л хэвээр, улам илүү чамбайран гарч ирлээ. Шинэ тавилтат зохицож, нийцүүлж нэг баг болж тоглоно гэдэг жүжигчнээс тодорхой хэмжээний мэдрэмж, уран чадвар шаарддаг. Тэгэхээр аль, аль тавилтад Дооёо тоглож, чадварлаг жүжигчин гэдгээ батлан харуулж байна.

1998 он бол Монголчууд зах зээлд шилжээд дөнгөж найман жил болж, хөлөө олоогүй байсан үе. Энэ үед “Тамгагүй төр” жүжиг тавигдаж, УДЭТ гэх их айл үзэгчээр дүүрэн байж тоглогдож байсан нь том амжилт байв. Өнөөдөр ч мөн л үзэгчдийн эрэлт, хүлээлт дүүрэн байна. Анх "Тамгагүй төр" жүжиг их бага төсвөөр тоглогдож байлаа. Өнөө цагийн тавилт бол хөдөлмөр, сэтгэл, ур их зарсан байхаас гадна их том, өргөн баг бүрэлдэхүүн ажиллаж байна. Үндэсний урлагийн байгууллагууд хамтрахаас гадна  Улсын драмын эрдмийн театр тэр чигээрээ хөдөлж, хөдөлмөрлөж байна.

  -Анх "Тамгагүй төр" тавигдаж байхад дүрд ажилласан уран бүтээлчид хэр өсөж, хөгжсөн байна вэ, шинэ залуу уран бүтээлчид ч нэмэгдсэн байна лээ. Энэ тал дээр анх тус жүжгийг найруулсан найруулагчийн хувьд ажигласан зүйл бий болов уу?

   -XX зууны төсгөл үед УДЭТ-ыг нуруун дээрээ үүрч явсан АЖ Л.Жамсранжав, АЖ, Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва, МУГЖ, И.Одончимэг, Б.Отгонбат, Ш.Доржсүрэн гээд хүмүүс эл жүжгийн гол рольд тоглож байсан. Үнэхээр тэр үеийн ачааг дааж, тэр үеийн үзэгчдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж, одоо домог болж үлдсэн дүрийг эдгээр уран бүтээлч үлдээж чадсан. Харин өнөөдрийн Б.Баатар найруулагчийн шинэ тавилт дээр манай урдаа барьдаг Монголын тайз, дэлгэцийн шилдэг уран бүтээлчид эл жүжгийн гол ачааг мөн үүрч явна. Тухайлбал, Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ,Ш. Доржсүрэн, У. Уранчимэг, О.Дөлгөөн гээд уран бүтээлчид энэ цаг үедээ тухайн уран бүтээлийг нуруун дээрээ үүрч, үзэгч түмнийг таашаалд хүрсэн сайхан дүрийг бүтээж байгааг хараад сэтгэл дүүрэн байна. Энэ цагийн урлагийг нуруун дээрээ үүрч байгаа залууст баярлаж байна. Ерөөс уран бүтээлчдийн хувьд их зориг, хүсэл мөрөөдөл байна.

МУАЖ, Л. Жамсранжав гэдэг хүний домог болгоод тамгалсан дүрийг авч тоголно гэдэг бол их зориг. Энэ дүрийг авсан хүүхэд бол их ажилласан байж таараа. Цаашид ч илүү ажиллана.

   Анх Б.Лхагвасүрэн зохиолч "Тамгагүй төр" жүжгээ биччихээд, намайг сонгож, надад өгч байсан. Түүний  уг зохиол, түүхий эд нь өөрөө цар хүрээ, хүч чадал, сэтгэлгээний том бүтээл. Тайз, гэрэлтүүлэг, бүх зүйлийг шалгасан цараа өргөн зохиол. Ийм сайхан зохиолыг Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бидэнд үлдээсэн байна. Үе үеийн уран бүтээлчдийг үнэхээр шалгаж, Монголын тайзны урлагт үлдээж, үе үеийн тайзны урлагт хойч үеийнхэн маань илүү шинэлэг, өргөн цараатай, том хэмжээний, үндэсний сонгодог жүжиг гэдэг түвшингээ хадгалж явах босгыг анх би тавьсан. Дараагийн суурийг эл найруулагч Б.Баатар тавилаа гэж бодож байна. Тэгэхээр дараагийн залуус "Үүнийг ингэж хийдэг юм" гээд мөн өөрөөр, өөр сэтгэлгээгээр тавих цаг удахгүй байх гэж итгэдэг.

- "Тамгагүй төр" жүжгийг шинээр тавих гэж байгаа тухай санаагаа Б.Баатар найруулагч танд хэлж, санаа зөвлөгөө авсан зүйл бий болов уу?

   -Тэгэлгүй яах вэ, Б.Баатар найруулагч надтай санал бодлоо солилцож, "Та ирж санаа оноогоо хэлж, бидэнд тусалж, түшиг тулгуур болооч" гэж санал тавьсан. Сайн уран бүтээл болж, тайзнаа амилвал, үзэгчид л  хожно. Түүнээс би Б.Баатартай арсалдаад л "Чиний тавихыг чинь харья" гэж болохгүй шүү дээ. Учир нь “Тамгагүй төр” бол  Монголын үндэсний бүтээл.

   Анх би эл жүжгийг би Улаан-Үүдэд мөн тоглуулж байв. Тэгэхэд Оросын нэлээн том театр судлаач жүжгийг үзээд, тэгэхэд “Энэ бол үндэсний жүжиг, Оросод Пушкин гэж байдаг бол Монголд Б.Лхагвасүрэн гэж Пушкинтай дүйхээр хэмжээний яруу найрагч юм байна. Энэ хүний үг хэллэг үнэхээр баялаг юм байна. Мөн тухайн үед Х.Булган гэж хөгжмийн зохиолч ажилласан юм. Түүний хөгжмийг бол магтаж байсан. Ер нь хүмүүс тухайн үед "Тамгагүй төр" жүжгийг үзээд нэг тийм бодит амьдралаас салж, өөр хаадын ертөнцөд очоод гарсан шиг болдог тавилт байсан.

Үнэхээр "Тамгагүй төр" жүжиг бол Монгол хэл, ярианы гайхамшгийг сонсгодог. Жүжгийн үг хэллэгийг яруу тансаг болгоход хамгийн их нөлөөлсөн хүн бол АЖ Л.Жамсранжав. Эл эрхмийн үг хэллэг бол гайхамшиг байсан.

Мөн П.Цэрэндавгын хэллэг бол Монголын үзэгчдийн сонорыг мялааж байлаа.  Нэг удаа Дуурь бүжгийн эрдмийн театрын балетчин Монгол Улсын Гавьяат жүжигчин Навчаа эгч манай жүжгийг үзээд, Танай театр чинь дуулж байгаа юм шиг ярьж, бүжиглэж байгаа юм шиг хөдөлдөг болсон байна, ямар гоё тансаг юм” гэж байсан. Ерөөс уг жүжгийг үзээд, эртний Монголын ихэс дээдэс чинь ямар тансаг яриа хэллэг, оюун ухааны гүн гүнзгий чадвартай, оюунлаг, ямар өндөр соёлтой вэ гэдгийг гайхдаг байсан. Мөн "Тамгагүй төр" жүжиг 1998 онд тайзнаа тавигдахдаа анх удаа ярианы төрөлд микрофон оруулж ирж байсан.

Өнөөдөр Б.Баатар найруулагч Төрийн театрт байхгүй технологи технологийг драмын театрт авчирч, жүжгээ хийж байна шүү дээ. Тэгэхээр төр, Соёлын яамныхан энэ жүжгийг үзээд бодоосой гэж бодож байна.

Манай драмын үндэсний ганц театрыг тоног төхөөрөмжөөр тоноглоод өгвөл манай уран бүтээлчид сайхан уран бүтээл хийх боломжтой юм байна гэдгийг "Тамгагүй төр" жүжиг харуулж байна. Ерөөс бидний хувьд мөрөөдлийн театр, мөрөөдлийн жүжиг шиг сэтгэгдэл төрж байна. Энэ жүжиг бол XX зууны тоног төхөөрөмжөөс 21 зууны техник технологи руу орох ёстой гэдгийг илэрхийлж, нэгэн жишиг нь болсон бүтээл.

-ТӨР НАДАД ХАНГАЛТТАЙ ТӨСӨВ ӨГЧ БАЙГААГҮЙ, БИ ДАНДАА ГУЙЛГААР ХЭДЭН ЖҮЖГЭЭ ХИЙСЭН-

   -Та “Тамгагүй төр” жүжгийн шинэ найруулгыг үнэхээр ямар ч өөлөх зүйл байгаагүй , төгс бүтээл болсон гэж харж байгаа юм уу. Үзэгчид бид бол гайхаж, алмайраад театраас гарч болно. Таны хувьд илүү мэргэжлийн талаас, бас өөрөө анхлан тавьсан хүний хувьд өөрөөр хараагүй гэж үү?

      -Хүн бэлчээрийнхээ хэрээр сэтгэдэг гэдэг. Тэгэхээр одоогоос 24 жилийн өмнө "Тамгагүй төр" жүжгийг тавьж байсан Д.Найдандоржид лаа, дэнлүүнээс өөр техник технологи, гэрэл байгаагүй. Лаа, асаж байгаа хэдэн дэнлүүнд л тааруулж сэтгэж хийсэн. Гэтэл XXI зууны гэрэл илүү өргөн, сонголт ч их байна. Тэгэхээр найруулагч ч мөн энэ хэрээр сэтгэж хийнэ шүү дээ. Дээр хэлсэнчлэн жүжгийн зохиолын хувьд ярих юмгүй гайхалтай. Төрийн хүнд хувийн амьдрал, эрх ашиг гэж байхгүй шүү гэсэн санааг гаргасан. Хэрэв буруу санаатай хүн төрд байнга шургалах гэж оролдвол энэ дээр төрийн хүн ингэж махаа иддэг, ингэж үнэнийг барьдаг гэсэн санааг Б.Баатар хийсэн үү, хийсэн байна.  Жүжгийн ур чадвар, утга санаа тэр чигээрээ л байна.

Бид сайхан юмыг, гоё зүйлийг сайхнаар нь хүлээгээд авахгүй яагаад өөлж байх ёстой гэж. 

Би насаараа гуйлгачин найруулагч хийсэн. Төр надад хэзээ ч хангалттай төсөв ч өгч байгаагүй. Би дандаа гуйлгаар жүжгээ хийсэн. Гэхдээ өнөөдөр Б.Баатар ч цатгалан жүжиг хийгээгүй. Бас л дутуу зүйл зөндөө бий. Гэхдээ бидний нүдийг хужирлаж, үзээгүйг үзүүлж чадлаа. Бид гоё сайхныг үзээд баярлаж, бахархаж сурмаар байна.

Б.Баатар "Тамгагүй төр" жүжгийг сайн найруулсан. Би нэг ч өө хэлмээргүй байна.

  Хүмүүс намайг Б.Баатарт атаархана гэж бодож магадгүй байх. Харин ч хайр хүрч байна. Миний араас найруулагч нар төрөхгүй байсан бол түүн шиг там байхгүй. Одо харин би тэтгэвэртээ тайван амгалан сууж болж байна. Н.Наранбаатар, М.Батболд гээд чадварлаг найруулагч нар сайхан жүжгүүд хийж байна. Үүнээс илүү яах билээ, чадлаараа үзүүлж байна шүү дээ. Өнөөдөр "Тамгагүй төр" жүжгийн хийцийг үзээд ичих хэрэгтэй. Монголдоо цор ганц байдаг үндэсний техник технологиор бүрэн хангаж чадахгүй төртэй байна гэдэг ичмээр. Тэгэхээр "Тамгагүй төр" жүжиг хүмүүст, төрд үеийн үед хичээл заасаар байх бүтээл.

-МУАЖ Л.ЖАМСРАНЖАВ БОЛ АРЧУГ ХААНЫ ДҮРЭЭР ДОМОГ БОЛСОН-

 -Та анх “Тамгагүй төр” жүжгийн дүрүүдээ хэрхэн сонгож байсан юм бэ?

   -Анх " Тамгагүй төр" жүжгийн дүрийг сонгохдоо би театрт хүссэн дүрдээ ажиллаад шалгалт өгөөд тэнцсэнийг нь авна гэж уралдаан зарлаж байв. МУАЖ Л. Жамсранжав гуай бол шалгаруулалтад оролцоогүй. Би Арчугийн дүрд түүнийг танисан юм. Түүнээс өөр энэ зохиолын хэллэгийг яруу тансагаар хэлэх жүжигчин одоо хүртэл төрөөгүй. Гэхдээ төрнө гэдэгт итгэдэг. Энэ яруу тансаг хэллэг бол Монголын төрийн уламжлалт хэллэг юм байгаа юм. Одоо л устаж, бүдгэрээд байгаа. Хэрэв Г.Гомбосүрэн гуай байсан бол одоо ёстой баллаад өгөх байсан болов уу. Түүнээс өмнөх үеийн Цагааны Цэгмид гээд алтан үеийн агуу уран бүтээлчид байсан бол энэ жүжгийн хэллэгийг улам илүү тансаг, улам илүү гоё болгох байсан байх. Тэндээс авч үлдсэн, тэндээс улбаатайгаар Л.Жамсранжав гуай бол Арчуг хааны дүрд домог болтол тоглосон. Одоо харин түүнийг нь сайн мэддэг П.Цэрэндавга энэ жүжгийн хэллэгийг гайхалтай эзэмшсэн. Тэр хэллэг цаашид үгүйлэгдэнэ. Энэ жүжгийн хувьд миний тавьсан хэллэгээс өөр, арай жаахан орчин үеийнх болсон байна билээ. Тэгсэн ч сонсголонтой хэвээр байна лээ.

      Ч.Найдандорж найруулагч бид энэ хүрээд дахин тайзнаа тоглогдсон" Тамгагүй төр" жүжгийн яриагаа өндөрлөсөн юм. Тэрбээр юм хийж яваа, хийх гэж хичээж зүтгэж яваа залуу уран бүтээлч, найруулагч, зураач, хэн бүхнийг өөлж, гоочилж, урмыг нь мохоох хэрэггүй. Харин ч бид нэгнийхээ хийж байгаагаас суралцаж, сайн сайхан талыг нь олж харж, урагшилна. Б.Баатар найруулагч бол шинэ зууны техник технологи, хурд, гээд боломж бүрийг тултал ашиглаж, үзэгчдийн мэлмийг баясгаж байна.Үнэхээр сэтгэл хангалуун байна гэж хэдэнтээ ярьсан юм. Юутай ч Б.Баатар найруулагч чаджээ, одоогоос 24 жилийн өмнө анхлан тавьсан найруулагчийн сэтгэл дүүрэн байгаа гэдгийг бидний ярианаас мэдрэх болов уу. 

-БИ БҮХ ЖҮЖИГТЭЭ ЧӨМГӨӨ ДУНДАРТАЛ АЖИЛЛАСАН-

  Үргэлжлүүлэн түүний бие, сэтгэл, тархи зүрхээ зориулсан НАЙРУУЛАГЧ гэх хүндэт албынх нь талаар, олон ч шөнө нойргүй хонож, цаг хугацааг мартаж, заримдаа өөрөө дүр болоод зохиолдоо орж амьдарсан онц жилүүд болон бүтээлийнх тухай яриагаа өрнүүллээ. "Худалч эхнэр" жүжгээс хамгийн анх найруулагчийн гараагаа эхлүүлж, "Тожоо жолооч", "Ромео Жульетта", "Ижил хүйстэн", "Тамгагүй төр", "Хориотой", "Сарны цагаан цус", "Аянгат бороо", "Хайрын домог", "Оролмаа эх", "Эс рэг дурлал", "Нора" зэрэг дэлхийн болон Монголын сор болсон жүжгүүдийг  найруулан театрын тайзнаа амилуулсан. Ярилцаж суухад ч тэр, ер уран бүтээлд ч эл эрхэм найруулагчид ганцхан зарчим байдаг нь хэзээ ч дутуу, дулимаг юм хийдэггүй. Үргэлж өөрөөсөө гарч болох бүхнээ шавхаж, эцсийн цэгт тулгадаг яс зан чанар. Энэ байдал доор сийрүүлсэн ярианд ч дурдагдсан юм.

Тэр ганц хариултыг тун товчоор өгсөн нь "Би бүх жүжигтээ чөмгөө дундартал ажилласан".

   -Найруулсан жүжгээс тань өөрийнхөө хувьд хамгийн сайн болсон, тулсан гэсэн ямар бүтээл байдаг бол?

    -Би өөрөө өөрийгөө дүгнэх тэнэг асуудал. Миний уран бүтээлийн сайн, мууг судлаач, шүүмжлэгчид хэлэх байх.  Өөрөө бол би бүх  жүжгээ магтана. Учир нь, бүх жүжигтээ би чөмгөө дундартал ажилласан. Муу жүжигтээ ч чөмгөө дундартал, бүх чадлаараа ажилласан. Мэргэжилдээ бүхнээ өгч ажилласан. Яагаад гэвэл би өөрийгөө мэргэжлийнхээ эзэн нь байж чадна гэж итгэдэг. Надад амархан хийсэн нэг ч бүтээл байхгүй. Дандаа зовж, шаналж, нойргүй хонож, ядарч, зүдэрч, арчаагаа барж жүжгүүдээ найруулсан. 

   -Таныг найруулагч болоход хөтөлсөн, анх оруулсан хүн байсан юм бэ, эсвэл хувь тавилангийн сонголт байв уу?

   -Намайг найруулагч болоход хүн бүхэн дургүй байсан. Би 1982 онд Багшийн дээдийн их сургуулийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгсөөд гурван жил УДЭТ жүжигчнээр ажилласан. Энэ хугацаанд гурван жил найруулагчийн сургуульд явна гэж театрын ерөнхий найруулагчдаа өргөдлөө өгсөн ч үл зөвшөөрч, өргөдлийг минь урсан. Б.Мөнхдорж багш намайг "Ч.Найдандорж чи жүжигчин хүн, чамайг явуулахгүй" гэдэг байсан. Ер нь тухайн үед театрын жүжигчид бүгд дургүй байсан. Хамгийн ойрын найз маань бүр “Найруулагч бол сурдаг биш, төрдөг мэргэжил” гэж итгүүлж байсанТэгээд би хамгийн сүүлчийн жил буюу 27 насандаа театрын ерөнхий найруулагч Г.Доржсамбуу найруулагчаас зөвшөөрөл аваад явж байсан. Тухайн үед 28 настай бол найруулагчийн сургуульд явах эрхгүй болдог байсан. Тэгээд би өөрийн сонголтоор найруулагчаар сурч байлаа. 1992 онд найруулагчаар сургуулиа төгсөж ирээд, 1994 онд хамгийн анх  “Худалч эхнэр” инээдмийн жүжиг СТӨ-нд тавьж, цөм хийж байлаа. Дараа нь  "Ромео, Жульетта", "Тамгагүй төр" гээд дараалан найруулсан.

  Хүүхэд байхаасаа урлагт сонирхолтой байв. Сонин хувь тавилангаар хошин урлагийн мастер Б.Батзаяа бид хоёр нэг байрны хүүхдүүд байж таарч, тавдугаар ангиаасаа үеэрхэж, тэгээд хамт Багшийн дээдийн их сургуулийн кино драмын ангид жүжигчний мэргэжлээр суралцахаар орж байв. Дараа нь УДЭТ хувиарлаж, тэгээд би 1982-1987 он хүртэл жүжигчин хийсэн. 1984 оноос эхлээд найруулагчийн мэргэжил миний сонирхлыг татаж байлаа. Тухайн үед И.Нямгаваа, Б.Мөнхдорж гэж хоёр том найруулагч хотын хоёр том театрыг толгойлж байсан.

   Тухайн үед би  жүжигчний мэргэжлийн цаад утга учрыг олох гэж их хичээж, уншиж, судалж явдаг хүүхэд байсан. Тэгэхдээ найруулагч бол тэр бүхний оньсыг тайлагч, задлагч юм байна гэдгийг мэдэж, танисан юм. Тэгээд би Б.Мөнхдорж гэдэг найруулагчийн “Сандрал” жүжигт ажиллаж, дараа нь Г.Доржсамбуу найруулагчийн "Туйлшрал" гэж инээдмийн хөтөлбөрт суралцаж, дагалдаж ажиллаж байсан. 

 Монголын театрт чадвал Ц.Цэгмидийн дайны жүжигчин бэлдэх, давж чадах найруулагч болно гэж мөрөөддөг байсан. Одоо бол хэдэн шавь нартай болсон. Тэр мөрөөдлөө биелүүлсэн эсэхээ сайн мэдэхгүй л байна.

 

 

 

   -БИ ХОШИН УРЛАГ, ТЕАТРЫН СОРУУДТАЙ АЖИЛЛАЖ БАЙСАН-

-Хүмүүсээс магтаал, шүүмжлэл мэдээж их ирдэг байсан байх. Магтаал, шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг байсан бэ, эсвэл тоодоггүй байв уу?

-Миний чихэнд шүүмжлэл ирж байгаагүй, далдуур бол муулж, өөлж, шүүмжилдэг байсан байх. Харин магтаал их ирдэг байсан. Тэгээд хүн л болсон хойно магтаалд хөөрнө. Гэхдээ сайхан жүжиг хийчихээд магтуулах айдастай байдаг байсан. Учир нь, сайхан жүжиг хийчихлээ, дараа нь яаж үүнээсээ илүү жүжиг хийх вэ гэж шаналдаг байсан.

 -Найруулагчийн нэг зовлон нь сайн уран бүтээлчдээ театраас явахад байдаг болов уу гэж боддог. Таны хувьд сайхан уран бүтээлчидтэй ажиллаж байгаад явуулах ямар байсан бол?

  -Би театр болон хошин урлагт дандаа Монголын соруудтай ажиллаж байсан. Г.Гомбосүрэн, Т.Хандсүрэн, Лоовоо, Цэ.Пүрэв, Д.Цээнямбуу гээд дандаа сор уран бүтээлчидтэй ажиллаж байсан, ажилласаар байгаад л тэтгэвэртээ гарсан.

-Бүгд алтан үеийн сор уран бүтээлч байсан гэхээр театр одоогоос ч өндөр шалгуураар уран бүтээлчээ сонгодог байсан байх?

  -Театр, хошин урлагт уран бүтээлчид өөрсдөө шалгардаг. Муу уран бүтээлxийг тайз өөрөө хөөж явуулдаг. Жаахан бие тоовол тайз өөрөө нулимна. Театр бол гэгээрдэг, сэтгэл нь ариусдаг ариун сүм. Театрт орж ирсэн хүн хүн чанар нь сэргэнэ, сэтгэл нь зөөлөн болно, ухаан нь хэрсүү болно, зөв бурууг ялгана, амьдралын утга учрыг ойлгоно. Хүн чанар гэдэг үнэтэй чухал юм байна гэдгийг мэдэрнэ. Өөрөөр хэлбэл, хүний зургаа дахь мэдрэхүй буюу сэтгэлийг эмчилдэг цорын ганц газар бол театр. Хэрэв сэтгэл гэдэг эрхтэн өвчилвөл түүнийг эмчилдэг эмч энэ дэлхийн хаана ч байхгүй. Сэтгэлийг зөвхөн театр, урлаг л эмчилнэ.

    -НАЙРУУЛАГЧ ХҮН ЯМАР БАЙХ ЁСТОЙ  БАЙДАГ ВЭ?

    -Найруулагч жүжгээ мэдэрч, жүжигчнээ хөтөлж жүжгээ хийнэ, жүжигчнээ хянана. Жүжиг гэдэг мэдрэмж, ухаан, авьяас гурваас бүтдэг зүйл . Мэдрэмж өөрөө авьяас. Цаг үеийн мэдрэмж, нийгмийн, оюун сэтгэлгээний, үзэгчдийн сонирхол, нийгмийн амьдралын нийгэм, хүний мэдрэмж байна. Мөн нэмээд мэдлэг байх ёстой. Мэргэжлийн түвшинд ажиллах ёстой, дүр сонголт гээд олон сонголтын өмнө тулгардаг.

-Таны хувьд эдгээр сонголтоос алдаж, зөрүүлж байсан тохиолдол бий болов уу?

     -Мэдээж тайз гэдэг үзэгчидтэй амьдаар харилцаж байгаа учир алдах зүйл бий. Тавьсан жүжиг тоглогдож байхад, жүжгийн сургуулилтын үеэрээ засаж, засварладаг. ерөөс нэгдүгээрт, үзэгчидтэй амьдаараа харьцдаг, хоёрдугаарт, цаг үе өөрчлөгдөхөөр мөн дагаад өөрчлөгдөнө. Жүжигчин зарим зүйлээ мартана. Анх хийсэн хийцнээсээ алдарна. Ялангуяа, жүжиг бол тийм алдаа руу их орно. Үзэгчид нэг инээвэл инээдэнд дуртай нь хөөрөөд онгироод, маргааш нь түүнийгээ хэтрүүлээд, балиартуулаад, мэргэжлийн бус болгодог. Түүнийг найруулагч хянаж, засаж, "алж" байх ёстой байдаг.

   Одоо танд уран бүтээлд ажиллах,  жүжиг, киноны найруулга дээр зөвлөхөөр ажиллуулах санал хэр их ирж байна вэ?

   -Ирж байна. Сая "Тамгагүй төр" жүжигт зөвлөхөөр ажиллалаа,  Түрүүн нь "Фауст" жүжигт мөн оролцож ажилласан.  Саяхан хэд хэдэн аймагт оюутнууд дипломын жүжиг хийхэд нь зөвлөхөөр ажиллалаа. Энэ мэтээр уран бүтээлийн санал цөөнгүй бий.

  -Жүжгийнхээ гүнд орж, жүжигтээ амьдарч ирсэн найруулагчийн хувьд ар гэрийн амьдралаа орхигдуулах зүйл байсан болов уу?

   -Энэ бол хүнээсээ болдог байх. Амьдралаа арагш тавьчихаад байгаа зүйл байхгүй. Уран бүтээлч хүн аль алиныг нь зохицуулах хэрэгтэй гэж боддог. Би ч жүжигиддээ тийм шаардлага тавьдаг.

   -"Найруулагч сурдаггүй, төрдөг" гэж найз нь анх танд хэлж байсан гэлээ. Одоо ингээд харахаар найруулагч сурдаг зүйл байна уу, төрдөг зүйл үү?

         -Жүжигчин , найруулагч  бол сурдаг мэргэжил биш. Төрмөл авьяасыг мэргэжлийн баримжаатай болгох л зүйл байна. Авьяасгүй хүнд юу ч заагаад хэрэггүй.

  Монголын урлагт ийм нэгэн сонин содон, соргог, сэргэг, адармаатай, адайр мөртлөө ягштал, чинээнд нь тултал, угт нь хүртэл бүтээл гаргадаг найруулагч байж, бидний оюуны цангааг олон ч жүжиг, кино, хошин шогийн жүжгээр тайлж, театрын тайзны голд үргэлжийн бүрх малгай, хар нүдний шилтэйгээр зогсож, хурц харж, тод илэрхийлж, дүрүүдээ өрж, буулгаж, оноож, дотроо шаналж, гаднаа хатуурхаж, өөрийгөө нэрж, өрөөлийг шахаж, шандсыг нь сорьж дэлхийн болон Монголын сонгодог бүтээлүүдийг тайзнаа амилуулж, амьдруулж, бүтээсэн. Өөрөөр сэтгэж, өөр байж, чадаж, бахдаж, ааг омгоо задалж, туурвисан шиг туурвисан дэндүү задгай, басхүү зангарагтай найруулагч тэр. Монголын урлаг, тэр дундаа театрын хөгжлийн түүхэнд тэр тодоос тод зураас, бүтээл, бүтээсэн нэгэн байна гэдэгт итгэлтэй байна. Алтан үеийн амьд домгуудын гараар хүмүүжиж, тэдний хийц, ур маягийг үргэлжлүүлсэн тэр өдгөө ч уран бүтээлчиддээ зөвлөмж, санал өгч, арвин их туршлага, их ухаан, мэдрэмжээсээ хуваалцаж явна.

 


Ч.НАЙДАНДОРЖ: Б.БААТАРЫН НАЙРУУЛСАН “ТАМГАГҮЙ ТӨР” САЙН БОЛСОН, НЭГ Ч ӨӨ ХЭЛМЭЭРГҮЙ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-08-19 08:34:27
    Жаак: Чи Баатар найруулагчийг дүгнэхгүй жижиг гар шүү Найдандорж оо. Чи алдар нэрийн төлөө хор найруулж өөрийгөө магтахын хийтэй зэвүүн гар ш дээ. Зайл
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-29 13:39:29
    жак: Mундаг найруулагч чадалтай мэдлэгтэй хүний чанар юм даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-28 12:47:03
    No: Zaluu uyee magtaj saishaadag mundag nairuulagch bn
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-28 12:45:55
    Haliun: Mundag nairuulagch shuu buh jujgiign uzej bsn
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-27 21:17:35
    7777: Hamag yumiig l hardchih yumaa ha ha. Chi ataarhaad bgaan muu. Naad hun chin cham met shig bish l dee.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-27 19:44:07
    999: Энэ хөгшин гар Ардын жүжигчин ч юм уу Төрийн шагнал шаах гээд Ерөнхий сайдын ахад пялдагдаад байгаа л жижигхэн хүн л дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-27 19:44:07
    999: Энэ хөгшин гар Ардын жүжигчин ч юм уу Төрийн шагнал шаах гээд Ерөнхий сайдын ахад пялдагдаад байгаа л жижигхэн хүн л дээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188