• Өнөөдөр 2024-04-19

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: Б.Бямбабаяр нутгийнхандаа дуу хийж өгнө гэж өрөнд орчихсон. Тэр өрнөөс нь гарах гэж шүлэг бичсэн минь Арвайхээрийн хавар юм

2022-04-21,   1731

-ТООГООД ХҮЛЭЭДЭГ НЬ АРВАЙХЭЭРЭЭ-

Дөрөвдүгээр сарын сүүлч арав хоног эхэлжээ. Ойрын өдрүүдэд цас бударч, бороо шивэрч байгаль дэлхий минь өнгөө засан зассаар байна. “Энэ цагийн эзэд” булангаараа Монголын улс төрд нэг насаараа зүтгэж яваа Арвайхээрийн хавар”, “Шартын даваа”, “Олон нуурын гол” зэрэг дууны эзэн Данзангийн Лүндээжанцантэй ярилцлаа. Түүнтэй улс төрийн тухай бус утга, уран зохиол болон бага нас, нутаг ус, аав, ээжийнх нь талаар халуун яриа өрнүүлснийг уншигч танд дэлгэж байна.

Сар өвөрлөн мэлтгэнэх хорвоогийн их усан

Сангийн далай нуурынхаа хөвөөнд очлоо би.

Сангийн далай нуурынхаа хөвөөнд очсоны хэрэг

Сайхан хун цэн дуулж байхтай таарлаа” хэмээн шүлэглэсэн Д.Лүндээжанцантай уулзахаар дөрөвдүгээр  сарын 18-ны өдөр Төрийн ордныг зорьлоо. Сэтгүүлч миний хувьд төрийн жолоо залдаг эрхмүүдийн суудаг ордонд анх удаа орж буй минь энэ л дээ. Төрийн ордонд бидний зурагтаар хардаг эрхмүүд холхино. Тэдний дундуур улаан хивсэн дээгүүр алхсаар Д.Лүндээжанцан гуайн хаалгыг очиж тогшлоо. “Ор, ор” гэх нь сонсогдлоо. Өрөөний цонхоор нарны туяа ташуулдан тусна. Бид мэнд мэдэлцэж, хөөрөг зөрүүллээ. Тэрбээр мэнд дуусаад инээмсэглэн өөдөөс ихэд дотно харж “За, хүү минь чи аль нутгийн хүн билээ. Хаана ямар сургууль төгссөн бэ” гэж асуув. Би Өвөрхангай аймгийн Өлзийт сумын хүн. Соёл Урлагийн их сургууль төгссөн гэдгээ хэллээ. Гэтэл Лүндээжанцан гуай “Манай Н.Жанцанноровын нутгийн хүү байна шүү дээ. Сангийн далай, зэгстэй голоор нутагладаг уу” гэнэ. Би “Тийм ээ” л гэлээ. “Н.Жанцанноровын ах Гончиг гэж хүн бий таних уу, Зэгстэй гол баруун талд нутагладаг Цэгмид гэж хүнийг таних уу. Есөнзүйл сум руу салдаг гарцны хойд талд байдаг “Сар толгой” гэж бий дээ. Би “Сарын голын унага” гэдэг дуу хийж байлаа. Манай аав Данзан Өвөрхангай аймгийн Баян-Өндөрийнх. Харин ээж Бүрд сумынх, өвөг дээдэс, элэнц, хуланц минь Есөнзүйл сумын хүмүүс байсан.

Манай аав Данзан Өвөрхангай аймгийн Баян-Өндөрийнх. Харин ээж Бүрд сумынх, өвөг дээдэс, элэнц, хуланц минь Есөнзүйл сумын хүмүүс байсан.

Миний таньдаг нэг хүн “Хэрвээ Лүндээ хуулийн мэргэжил эзэмшиж, улс төрд олон жил болоогүй бол зохиолч болчихоор байсан хүн” гэж ярьсан байна лээ. Даанч  надад  зохиолч болох зав байгаагүй” гэв. Тэгэхээр нь би “Та гэхдээ олон сайхан дууны үг бичиж, дурсамжийн хэд хэдэн чамбай ном бичээд амжсан шүү дээ” гэлээ. Гэтэл тэрбээр “Өвөрхангай орохоороо найз, нөхөдтэйгөө уулзаад айл хэсэж хуруудна. Бараг унтахгүй шахуу байж байгаад арав хоноод л буцах болдог. Айлаас айлын хооронд нойр авдаг. Тэр хооронд бичих санаа орж ирдэг л байхгүй юу даа. Заримдаа хотод ирсний дараа эргээд нутгийнхаа тухай бодоход бичих сэдэл, санаа орж ирдэг. Саяхан ах нь “Байгаль орчныг хамгаалах монгол зан заншил хууль цааз” гэдэг нүсэр том номон дээр ажиллаа. Багш минь бурхан болохдоо гүйцээгээрэй гэж захиж байсан юм. Тиймээс их өв дээр ажиллаж дуусгасан юм. Одоо хоёр номон дээр  ажиллаж байна” гэлээ.

 

Зуны үдшийн зөөлөн бороо гэх хөнгөн маягийн үгтэй шүлэг бичиж өгсөн.

Тэгснээ яриагаа үргэлжлүүлэн  “Би чамд Арайхээрийн хавар” дуу хэрхэн бүтсэнийг ярьж өгъе” гээд “Арвайхээрийн ой болох гээд нутгийн харьяат хүмүүсийг цуглуулсан юм билээ. Би тэр үед байхгүй байсан юм. Харин хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр цуглаанд очоод “Лүндээ бид хоёрт хандив өгөх мөнгө байхгүй. Харин дуу хийж өгнө “ гээд амлачихсан байсан даа. Тэгээд л энэ дуу бүтсэн хэрэг” хэмээн тэрбээр инээд алдан суув. Цааш үргэлжлүүлэн “Би тухайн үед УИХ-ны дарга байсан юм. Би дууны үг бичиж өгөхөө мартчихсан явсан. Гэтэл Бямбабаяр утастаад “Нөгөөх чинь нэхэгдээд байна” гэхээр нь Зуны үдшийн зөөлөн бороо гэх хөнгөн маягийн үгтэй шүлэг бичиж өгсөн. Гэтэл Б.Бямбабаяр “Өө болж байна” гэж байна. Харин энэ үг надад өөрт ерөөсөө таалагдахгүй байв. Тэгэж байтал

Толь, шил шиг гялалзсан хотууд олон ч

Тоогоод хүлээдэг нь Арвайхээр ээ “ гэдэг үг орж ирсэн. Энэ миний гол үг л дээ. Энэ үгний санаа нь би Москва, Берлин, Бээжин, Сөүл гэх мэт хотоор очлоо. Хэн намайг тэнд тоох юм бэ, тийм биз дээ. Харин Өвөрхангайд бол захын айлд цай уугаад суучихна шүү дээ. Тухайн үед Таван шард Б.Бямбабаярынд очлоо. Манай хүн ая хийчихсэн сууж байв. Тэгээд бид хоёр үлдсэн бадгаа гүйцээж хийгээд “Анир” студи дээр дуучин Т.Баясгаланг дуудсан. Бямбабаяр л Т.Баясгаланд хөгжмийнхөө ноот энэ тэрийг зааж өгөөд үлдсэн. Орой нь дуугаа очиж сонслоо. Гэтэл Б.Бямбабаяр “Би Хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч болсон” гэв. Тэгэхээр нь би хүн явуулж, мөнгөн аяга авчруулаад “Бүх л томчуудын хийж байсан ажил даа. Чи ч дээ, барах уу даа” гээд найздаа мөнгөн аяга, хадагтай өгсөн. Тэгээд л дуугаа мартчихсан. Гэтэл Өвөрхангай комиссын хүмүүс хүлээж аваад нийтэд цацчихсан байсан даа. Ингэж энэ дуу олны хүртээл болсон. Мөн үүнээс гадна “Хатад дамжсан бүүвэй” гээд дуу бий. Ая нь ч их сайхан болсон. Энэ дуу Морин хуур наадмын аман хүзүүнд шалгарсан даа. Ер нь дуу төрөх болохоороо амархан төрдөг. “Ганган эрээн даалин” дууг би Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутгаар явж байгаад зохиосон юм шүү.

Хэн намайг тэнд тоох юм бэ, тийм биз дээ

Түүний тухай найз нөхөд нь “Д.Лүндээжанцан шиг хүмүүстэй эвлэг, нэг өнгөөрөө л хорвоог туулж яваа хүн ховорхон. Хүмүүсээр хүрээлүүлж, хүндэтгүүлж, олонтой явах атлаа найр хайран дунд зарчмаа гээдэггүй” гэх юм билээ. Тэрбээр надтай хөөрөлдөн суухдаа хаш цагаан хөөргөө эргүүлж тойруулан инээд алдан үе үе хамрын тамхиа татна. Биднийг ийнхүү ярилцаж байх зуурт түрүүхэн л ташуулдан тусаж байсан нарын туяа хэлтэрхий үгүй болсон байв.

Хүүхэд байхаасаа л шатар тоглож өссөн. Түүнээс шатарчин хүн бол биш л дээ

Д.Лүндээжанцан гуайг дуунуудыхаа түүхийг ярьж байхад нь “Та улс төр, хуульчийн ажлаа багшлахын хажуугаар яаж амжуулж байна вэ” хэмээн асуулаа. Гэтэл тэрбээр “Л.Түдэв гуай намайг бага байхад монгол цөөхөн хүн амтай учраас нэг хүн гурван хүний ажил хийх хэрэгтэй” гэж хэлж байсан. Тиймээс ч би УИХ-ын гишүүн, багшийн ажил хийдэг. Үүнээс гадна судлаач хийдэг ухаантай.  Харин шатар тоглох, юм бичих хоёр миний хобби юм. Хүүхэд байхаасаа л шатар тоглож өссөн. Түүнээс шатарчин хүн бол биш л дээ. Үүнээс гадна би Монголоосоо олон сайхан шатарчин төрүүлэх юм сан гэж бодож явдаг. Манай нутгаас гэхэд л Б.Гүндаваа, Г.Мөнхгал гээд хоёр их мастер төрсөн. Хэдийгээр би өрөгийг нь заахгүй ч гэсэн зөв хүн байх сэтгэл зүйг нь бэлтгэх зэрэгт нь нэлээд ажилласан. Гадаад дотоодын тэмцээнд явахдаа муусайн хүүхдүүд минь алхахдаа алхаж, машинаар явахдаа явж, галт тэргээр явах үедээ явж л өнөөдрийн амжилтад хүрсэн хэмээгээд санаа алдав.

Онгорхой цонхоор машины дуу тод сонсогдоно. Д.Лүндээжанцан гуай нүдээ онийлгон инээх юм. Өмнө нь би түүнийг зурагтаар л харж байсан болохоос биш нүүр тулан уулзаж явсан биш. Зурагтаар түүний инээхийг үзээгүй болохоор анхандаа инээж байгааг нь харах сонин л санагдаж байв. Би түүнээс “Та энэ их ажлын хажуугаар гэр бүлдээ хэрхэн цаг гаргадаг вэ” хэмээн асуулаа. Гэтэл тэрбээр “Бараг гарахгүй шүү дээ. Танил, ойр дотнын ах, дүүстэйгээ цагаан сараар л уулзана. Найз, нөхөд, нутаг усныхан, шавь нар гээд олон хүнтэй бас л уулзаж амждаггүй. Зөвхөн хамаатан садан гэхэд л 200-300 хүн бий” гээд инээлээ. Тэрбээр ар гэрийн амьдралд бага оролцдог. Өглөө босоод шүдээ угааж байхдаа хэлэлцэж байгаа хууль, тогтоомжийнхоо тухай л боддог гэнэ. Мөн заримдаа эхнэр нь түүнийг “Гэр бүлдээ анхаарал хандуул” хэмээн зэмлэдэг аж. Энэ тухай “Айл гэрийн л амьдрал хойно энэ мэт бол байх л зүйл. Тиймээс би гэргийнхээ “Өглөө болгон үглэж хэлэх сургаал нь өдрийн ажил, үйлсийг бүтээх хийморийн сан. Хараал, ерөөл хоёр нь хар, цагаан хэл ам дарах тарни гэж боддог” хэмээн цод, цод инээх нь хүүхэд ч юм шиг санагдаж байлаа. Мөн тэрбээр хамрын тамхиа ойр ойрхон татаж, баахуу цайг ихэд таатай оочлон уух юм.

Танил, ойр дотнын ах, дүүстэйгээ цагаан сараар л уулзана. Найз, нөхөд, нутаг усныхан, шавь нар гээд олон хүнтэй бас л уулзаж амждаггүй

Энэ хүрээд би түүнээс бага нас нь хэрхэн өнгөрсөн тухай асуулаа. Мөн багадаа барилдаж явсныг нь сонирхон асуусан юм. Гэтэл тэрбээр “Барилдаж байснаа одоо хүнд хэлбэл итгэхгүй биз дээ. Багадаа их сониуч хүүхэд байсан. Шатар, бөх, дуу, цана, бокс, гээд олон дугуйлангаар явж байлаа. Их сургуулийн нэгдүгээр курст ороход надад сонголт ирсэн. Ямар сонголт гэхээр бөхөөр явах уу, эрдэм номын мөр хөөх үү гэдэг. Найзууд надад “Дэлдэн чихтэй бөх байдаггүй юм” гэсэн. Хоёрдугаарт, би алсаа харсан л даа. 57 кг жинтэй байлаа. Гэтэл багш намайг “52 кг жинд барилд” гэсэн. Яагаад гэхээр 57 кг-ын жинд чөлөөт бөхөөр Оюунболд гээд Сэлэнгэ аймгаас сайн бөх гарч ирсэн юм. Тиймээс надад 52 кг-ын жинд л барилдах боломж байсан. Хэрвээ барилдах юм бол жижигхэн дээрээ жижигхэн болно. Тэгэхээр намайг охид тоохгүй болно гээд больсон доо” хэмээгээд инээд алдан суулаа. Инээхийн сацуу хамрын тамхи татаж, цай балгаад “Аан тийм, сүүлд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ж.Бямбадорж хоёртой барилдаж нэг, нэг даваад бөхийн их спортоос зодог тайлсан даа” хэмээлээ. Мөн тэрбээр “Би барилдахдаа юун түрүүнд нутаг усыг нь асуудаг байсан. Учир нь юу вэ гэхээр бараг бүх бөх Увс, Архангай, Өвөрхангайнх болчихдог” гэв. “Яагаад тэр вэ” гэхэд  “Бүгд л барилддаг байхгүй юу” гэв.  Мөн тэрбээр оюутан ахуй цагтаа янз бүрийн барилдаанд оролцож явсан гэнэ. Барилдаад байр эзлэх юм бол охидод үнэлэгдэх байх гэж боддог байсан гэнэ. “Гэхдээ амжилт олоогүй ч эхнэртэйгээ танилцахад нэмэр болсон” гээл инээд алдана.

 

Хэрвээ барилдах юм бол жижигхэн дээрээ жижигхэн болно. Тэгэхээр намайг охид тоохгүй болно гээд больсон доо

Аав, ээжийнх нь тухай асуулаа. Лүндээжанцан гуайн аав Данзан Урт цагаанд, дараа нь гутал засварын газарт гутал тахалдаг байсан гэнэ. “Аав, ээжийнхээ дунд суучихаад, гутлын хадаас тэгшилж байсан үе минь хамгийн сайхан дурсамж” хэмээгээд түрүүхэн инээд алдаж байсан хүн хүлцэнгүй, бодлогширонгуй болох тэр. Тухайн үед богино, нарийхан хадаасыг тэгшлэх амаргүй байсан ч бага насных нь тэр л дүр зураг одоо ч сэтгэл, зүрхэнд нь хадгалагдсаар, хамгийн үнэ цэнтэй орон зай нь болсоор явдаг гэлээ. Аав нь хийдэд шавилж байсан ном, эрдэмтэй хүн байсан бол  ээж малчин байж байгаад хотод ирж, аавтай нь ханилсан эгэл жирийн эмэгтэй, сайхан ээж байсан хэмээсэн юм.

Тэрбээр “Улаанбаатар хотод 1950 оны сүүлч, жараад онд Хүүхдийн парк, Их дэлгүүр баригдаж байхыг, дараа нь микро, Сансар, 19 дүгээр хороолол яаж босож байгааг харж байлаа, ах нь” гээд “Энэ удаагийн ярилцлагаа энд хүргээд өндөрлөх үү дээ” гэсэн юм. Тэр намайг инээж угтсан шигээ инээсээр үдлээ. Нүүр тулан уулзахад хөгжилтэй, наргианч нэгэн аж. Төрийн ордноос гарахаар явж байхад түүний цод, цод хийсэн инээд чихэнд сонсогдсоор мөн “Сангийн далайд хун чуулахыг үзлээ, би” шүлгийнх нь дараах мөр санаад тодхон бууж, аманд үглэгдэж байлаа.

Өдөлж гүйцээгүй дэгдээхийнүүд нь зутраад байдаг

Өргөн далай руу зорьё гэхээр

Өөрийнхөө нуураад эргэж зугтаад байдаг

Өөрцгүй шувуунд хүртэл зовлон байх юм аа


Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: Б.Бямбабаяр нутгийнхандаа дуу хийж өгнө гэж өрөнд орчихсон. Тэр өрнөөс нь гарах гэж шүлэг бичсэн минь Арвайхээрийн хавар юм
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-21 20:40:40
    Есөнзүйлийн ард: Сайн муу юман дээр нэр гарах нь цөөн юм. Алтан дундаж бариад л гулгуулаад байдаг байх. Яруу найраг талаасаа нойл шүлгэнд нь хүмүүс гуйлтаар нь л байх даа нүд хуурсан тааруу ая хийжээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-21 13:07:22
    зочин: энэ их эд шүү хууль хийнэ төр самарна бас шүлэг бичнэ том хулгай ч юмаа
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188