• Өнөөдөр 2024-04-24

Тод манлай уяач Д.ДАВААХҮҮ: Алдар нэр, албан тушаалын төлөө монгол адууг устгах хэмжээнд хүрээд байна

2022-07-24,   3058

-АЗАРГА БОЛОХ АДУУ АНДАШГҮЙ, ХИЙМОРЬТОЙ АМЬТАН БАЙДАГ ЮМ-

           Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Тод манлай уяач Данзаннямын Даваахүүтэй Үндэсний баяр наадмын үнэ цэн болон Д.Хадбаатар аваргын тухай цөөн хором ярилцсанаа уншигч танд дэлгэж байна. Түүний уяж сойсон хурдан хүлгүүд  Улсын баяр наадмаас 21 түрүү, 43 айраг, “Их хурд” наадмаас хоёр түрүү хүртсэн буй билээ. Мөн 1996 онд манлай уяач, 1999 онд Зууны манлай уяач, 2003 онд Тод манлай уяач, 2005 онд гавьяат малчин цол хүртэж байсан юм. Үүнээс гадна тэрбээр Аймгийн арслан, Монгол улсын хүндэт харваач цолтой эрхэм хүмүүн билээ.

-Сайхан хаваржиж байна уу, та. Та энэ жилийн Үндэсний баяр наадмаар уралдуулах хурдан хүлгээ уяж эхэлсэн үү?

-Сайн. Та бүхэн сайхан хаваржиж байна уу. Энэ жилийн зун сайхан болох өнгөтэй байна. Саяхан орсон зөөлөн цас байгаль, дэлхийг минь тун сайн чийглэлээ. Одоо дулаарвал ногоо мөн ч сайхан ургана даа. Энэ жил наадамд шандсыг нь сойхоор хориод тооны морь уяж байна.

-Сүүлийн үед шинэ цагийн монгол адууны тухай уяачид болон хурдан морь сонирхогчид маргаан өрнүүлэх боллоо. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Үүлдэр, угсааг нь сайжруулсан адууг шинэ цагийн монгол адуу гэж нэрлээд байгаа юм. Ер нь бол орон нутагтаа дассан, тэр газраасаа ургасан зүйл бол хүн, мал хоёр юм. Тийм ч учраас монгол хүн, адуу хоёрыг би орчиндоо дассан ургамал болов уу гэж боддог. Жишээлбэл, сарлагийг уулнаас буулгаад тал хээр нутагт хариулбал идээшиж, амьдарч чадахгүй. Харин адуу бол өөр. Адууны үүлдэр угсааг сайжруулж, хурдны зориулалтаар ашиглаж байгаа нь буруу ч зүйл биш. Одоогоос 80  гаруй жилийн өмнө морин завод гэдгийг бий болгосон юм билээ. Үүгээр дамжуулаад Орос, Германы дайнд манай улс олон зуун адуугаа хойдуудад өгсөн. Тиймээс германууд “Монгол адуу их тэвчээртэй, бага хоол иддэг. Амарч чаддаг” гэсэн байдаг. Мөн Оросын Жуков гэдэг хүн “Монгол адууг дайнд уналга болгоход хамгийн түшигтэй, зөв сонголт” гэсэн гэгддэг. Улмаар дайны дараа Монголд эрлийз маягийн адуу авчирч, Жаргалантын морин завод гэгчийг бий болгосон юм билээ. Гэвч хүчтэй техникүүд хэрэглээнд түгээмэл нэвтэрснээр морийг элдэв ажилд ашиглах шаардлагагүй болсон учраас үржүүлгийг нь болиод, Батлан хамгаалахын яаманд заводоо өгсөн түүхтэй юм. Үүнтэй зэрэгцээд буюу 1950 оны дунд үеэс морин тойруулга барьсан. Яагаад барьсан бэ гэхээр сайн адуу уралдах хэрэгтэй болоод тэр.

 

Адууны үүлдэр угсааг сайжруулж, хурдны зориулалтаар ашиглаж байгаа нь буруу ч зүйл биш. Одоогоос 80  гаруй жилийн өмнө морин завод гэдгийг бий болгосон юм билээ

-Морин тойруулгын адуу хэр хурдтай байсан бэ?

-Морин тойруулгын адуу бол хурдан шүү. Би гардаж ажиллаж байлаа. Тэнд морь болгохыг нь болгож, азарга болгохыг нь аварга болгож байсан. Тогоруу халтар, Солонго, Алтан гадас гэх мэт морьд дандаа л миний гараар азарга болсон доо. Үүнээс өөр олон сайхан азарга бий.

-Аварга болох адуу ямар шинжтэй байдаг вэ?

-Азарга болох адуу андашгүй, хийморьтой амьтан байдаг юм. Өөрийн гэсэн хэв шинж, онцлогтой. Харахад л “Яах аргагүй азарга байхаар буян юм даа” гэж мэдрэгддэг юм даа. Үгээр илэрхийлэхэд маш хэцүү.

-Туршуул азарга гэх яриа уяачдын дунд газар авах боллоо. Монгол азарганыхаа сэлтийг тайрч байгааг та юу гэх вэ?

-Туршуул азарга гэдэг нь юу ч юм. Би энэ талаар сайн мэдэхгүй. Эрлийз адуутай нэлээд зууралдсанаас биш, туршуул азарга гэх зүйлийг мэдэхгүй юм. Мэддэг хүмүүс нь энэ асуудлыг цэгцлэх байлгүй дээ. Хурдан буянаа эрэмдэглэж байгаатай би хувьдаа яасан ч санал нийлэхгүй. Манайхан тэгээд наадмаа ч зөв сайхан зохион байгуулж чадахаа байчихлаа даа, сүүлийн жилүүдэд. Адаглаад наадмаа эхлээгүй байхад хоёр бага насаа уралдуулчихдаг. Уг нь зургаан насны морио наадамдаа зориулж уралдуулах ёстой. Гэтэл тоо гүйцээх зорилготой наана нь уралдуулж байна. Энэ бол зүгээр л нэр төдий зүйл болгож, жинхэнэ мөн чанар, наадмын шүншиг, баяр бахдал, үнэ цэнийг нь үгүй хийж байгаа явдал яах аргагүй мөн. Мөн хурдан морины уралдаан анхлан үүсэхдээ өртөө газарт шуудан хүргэж байсан байгаа юм. Тэр өртөөллийг, морьдынхоо шандсыг хадгалж, харуулж, бахархуулж үлдээхийн төлөө өвөг дээдэс минь уламжлан үлдээсэн нэг төрлийн захиас бас их цэнгүүн юм шүү дээ. Энэ үнэ цэн, уламжлалыг мэдэж, ойлгох хүнгүй болчих шиг боллоо доо. Нэгэнт ийм болсон юм бол одоо Монголд морин тойруулгыг олон тоогоор барьж, дэлхийтэй уралдах цаг хэрэгтэй, ядаж. Монголоос Америкт морь уралдуулж түрүүлгэсэн  хоёр, гурван уяач байна шүү дээ. Би дэлхийн хэмжээний уяачдыг судалж үзсэн. Монгол уяач шиг морьтой харилцаж, мэдэрдэг нь ховор юм билээ. Тиймээс уяачид маань хоорондоо маргалдахгүй харин эвлэлдэн нэгдэж, дэлхийд гарах хэрэгтэй. Тэгэхгүй бол алдар нэр, албан тушаалын төлөө монгол адууг устгах хэмжээнд хүрээд байна.

-МИНИЙ ХУВЬД МОНГОЛ АДУУГАА ХАА Ч ӨМӨӨРНӨ-

 

 уяачид маань хоорондоо маргалдахгүй харин эвлэлдэн нэгдэж, дэлхийд гарах хэрэгтэй

-Алдар нэр албан тушаал гэснээс сүүлийн үед хурдан морины уралдааныг том жийп маркийн машинтай алдарт уяачид дагах боллоо. Худалч хүнд бараг мориноосоо олон машин уралдаж байна. Энэ нь зохистой зүйл мөн үү?

-Машинаар дагах нь буруу. Намайг хэллээ үгэнд орохгүй нь мэдээж. Уг нь бол техникээр дагахгүй байвал морь, хүүхэд хоёртоо гэмгүй. Хурдан морь машинаар дагаж яваад хоорондоо мөргөлдөж, аваар осол гаргаж байгаа тохиолдол олон. Яах вэ, моринд дурлаж байгаа нь сайхан хэрэг ч морин уралдаанаа ойлгож, хүндэлдэг байх хэрэгтэй. Ойлгож, хүндэлсэн хүн уралдаж байгаа морьдыг унаа, техниктэй дагахгүй л дээ. Тэгэхээр морийг, уралдааныг үнэн сэтгэлээсээ хайрлаж, хүндэлдэг бус хэлбэрдэгч олон болсон нь тодорхой байгаа биз.

Үүнээс гадна зарим уяачийн гадаадаас хурдан адуу олж ирээд, монгол адууныхаа үржил, угсааг сайжруулж байгааг буруутгах аргагүй. Нөгөө талаар “Монгол газар, шороон дээрээ монгол адуугаа л уралдуулна” гэж байгаа уяачдыг ч буруутгах аргагүй. Эсрэгээрээ дэлхийн талыг алтан туурайгаараа тамгалсан монгол адуугаа муулж байгаа хүмүүс гаднын цустай, хятадын эрлийз улс байдаг юм болов уу мэдэх юм алга. Ямартай ч миний хувьд монгол адуугаа хаа ч өмөөрнө.  

Монгол уяач шиг морьтой харилцаж, мэдэрдэг нь ховор юм билээ

-Сүүлийн үед хурдан морины унаач хүүхдүүд унаж, бэртэж гэмтэж, амиа алдах нь их болсон. Үүнтэй холбоотойгоор уяачид хүүхдийн эрхийг зөрчиж байна гэх хандлага газар аваад байгаа. Нэг талдаа бага насны хүүхэд хурдан морь унах нь буруу санагдах юм?

-Хүүхдээр морь унуулахгүй гэдэг нь дэлхийд байхгүй монгол өв соёлыг устгах гэж байгаа явуулга, ухуулга юм. Монгол хүүхэд ихэвчлэн дөрвөн настайгаасаа морь унаж сурдаг. Тав, зургаа наснаасаа хурдан морь унаж биеэ дааж сурдаг. Хурдан морь унахын цаана ямар их ухаан, хүмүүсийн үр хүүхдэдээ яагаад ч, хэзээ ч зааж, сургаж чадахгүй тэсвэр хатуужил, амьтан хайрлах хайр, байгальтай харилцах ухаан явж байдаг гэж санана. Эрсдэл бий нь бий. Гэхдээ хожил нь их юм шүү, уг нь. Үүнээс гадна монголчуудыг таван хошуу малаас нь салгаад техник оруулаад шатахуун, тосоо зарах гэсэн гаднынхны гар хөл бологсдын санаа л байхгүй юу. Биднийг хэрсүү, хатуужилтай, тэсвэр тэвчээртэй, аливааг чаддаг монгол хүн байх ахуйгаас минь холдуулах гэж байгаа санаархал гэж хувьдаа бодож явдаг.

 

Биднийг хэрсүү, хатуужилтай, тэсвэр тэвчээртэй, аливааг чаддаг монгол хүн байх ахуйгаас минь холдуулах гэж байгаа санаархал гэж хувьдаа бодож явдаг.

-Монгол наадмыг бооцоот уралдаан, тэмцээн болсон гэж харах хүмүүс байна. Ганц морь ч гэлтгүй үндэсний бөхөд хүртэл маргаан нэлээд дэгдэх боллоо шүү дээ. Үүнийг та юу гэж харж байгаа вэ?

-Үндэсний соёлыг маань элдвээр хэлж байна гэдэг бол Монгол Улсыг доромжилж байна гэсэн үг. Манай наадам дэлхийн өөр улсад байхгүй шүү дээ. Үүнийгээ түгээж, дэлгэрүүлбэл том соёл болох байхгүй юу. Хүн төрөлхтөн байхгүй зүйлээ сонирхдог. Дэлхийн хаана ч байхгүй энэ соёлоо хүн төрөлхтний сонирхол, анхаарлыг таттал сайхан тэмдэглэж чадвал монголчуудын бас нэгэн дархлаа болох юм даа. Түүнээс биш талцаж, хэрэлдээд байвал хэн сонирхох вэ дээ. Үр хүүхдүүд маань ч өөрсдөө тоохоо болино. Монгол хүний онцлог, өв соёлын гайхамшгийг хадгалж байгаа баяр цэнгэл бол Монголын Үндэсний их баяр наадам шүү дээ.

-СҮҮ ШИГ СЭТГЭЛТЭЙ  Д.ХАДБААТАР  АВАРГА МИНЬ-

-Таныг Д.Хадбаатар аваргын зодог шуудагийг урлаж, оёсон гэдэг юм билээ?

-Би 1970 онд Алдар нийгэмлэгийн тамирчин, бага дарга байлаа. Тухайн үед Д.Хадбаатар над дээр шинэ цэрэг ирж байсан. Бөөрөнцөг шиддэг залуу ирж байлаа.  Хадаа бөөрөнцөг шиддэг спорт руугаа явах гээд, бид барилдуулах гээд юм юм болж, их ятгасан даа. Тухайн үед улсын заан Ч.Амартүвшин, Дорнод аймгийн бөх Хүрэлбаатар, Булган аймгийн Нансал, Ч.Өвгөнхүү харцага бид хэд хамт байсан. Хад маань их сайхан биетэй, бяр тэнхээтэй залуу байлаа. Хадааг бид усанд их явуулна. 100, 120-ын савтай усыг ганцаараа өргөөд л түүртэх юмгүй аваад ирнэ.

Хадааг барилдуулах гэтэл зодог, шуудаг байдаггүй. Тиймээс 1971 оны нэгдүгээр сард шиг санагдаж байна. Би Хадааг хэвтүүлж байгаад хэмжээ авч, зодог, шуудагийг нь эсгэсэн. Улаан шуудаг нь гал болно, цэнхэр нь дөл болно гэдэг утгаар оёж байж билээ. Ингэж л анхных нь зодог шуудагийг оёж өгч байсан даа. Түүнээс хойш 1973 онд дахин нэгийг оёж бэлэглэсэн. Анхных нь нэлээд багадсан. Тэр зодог, шуудагийг нь Угтаалцайдамын музейд тавиад хулгайд алдсан гэдэг. Дараагийнх нь хүүхдэд нь байх ёстой. Хадаа 1986 онд улсын баяр наадамд түрүүлэхдээ өмссөн юм. Сүүлд Хадаа надтай уулзаад “Өвгөнийхөө хийж өгсөн зодог, шуудагийг өмсөөд төрийн наадамд түрүүлж байлаа. Найз нь сайхан хадгалж байгаа” гээд ярьж байсан. Одоо ч түүх л болж үлдлээ дээ.

Би Хадааг хэвтүүлж байгаад хэмжээ авч, зодог, шуудагийг нь эсгэсэн. Улаан шуудаг нь гал болно, цэнхэр нь дөл болно гэдэг утгаар оёж байж билээ

-Та хоёр хэр ойр дотно нөхөрлөж байсан бэ. Таныг сайхан дурсамжаасаа сонирхолтой яриа дэлгэнэ гэж бодож байна?

-Бид хоёр сайхан найзууд байсан. Хадаа маань ганц, нэг хүнд зориуд унаж өгнө. Би түүнийг нь хараад, тэсэхгүй загнаж явсан үе бий. Богино настай хүн юм хайхардаггүй, тоодоггүй нэг тийм өгөөмөр, дэлгэр сэтгэлтэй байдаг. Тийм л зарчмаар амьдарсан хүн гэж боддог. Хадаагийн сэтгэлийг юмтай зүйрлэбэл ерөөсөө л сүү. Яагаад гэхээр хүнд буруу санахгүй, янз бүрийн хар, буруу бодолгүй хүн байсан. Төрийн наадамд олон түрүүлэх байсан боловч алдаанаасаа болоод хоёрхон удаа л түрүүлсэн. Хэдэн оны билээ дээ, цагаан сарын барилдаанаар Даян аварга Х.Баянмөнх Хадаагийн ард нь гарчихаад унагаж чадахгүй байлаа. Харин Хадаа нэг гараараа яг хүүхэд шиг өргөөд өмнөө авчирч байв. Том аваргыг өмнөө тэгж авчирна гэдэг агуу байгаа биз дээ. Тухайн барилдаанд Хадаа түрүүлсэн. Монгол бөхийн ертөнцөд хэргүй тунгалаг сэтгэлтэй, энгүй хүчтэн байж байгаад буцсан даа.

-Сайхан яриа дэлгэсэн танд баярлалаа.

-Баярлалаа.


Тод манлай уяач Д.ДАВААХҮҮ: Алдар нэр, албан тушаалын төлөө монгол адууг устгах хэмжээнд хүрээд байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-09 18:41:02
    Зочин: ...хориод тооны... биш ...хориод ширхэг... гэх нь зөв
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-23 23:11:32
    Hehe: Saihan bultaj bnadaa saihan yaria boorongiilood hulmaigaad baina ene uyachdiin gol toloolol hun sonsoogui duulaafui bna gj baihgui bur ooroo ch sanaachilsan bj medeh
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-20 10:36:19
    Д.Г: Сайхан ярилцлага байна аа, Эрлийз адуу уяж байсан нь үнэн гэхдээ энэ агуу хүн Монголоо алдаагүй шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-18 12:16:52
    Зочин: Даваахүүгийн уясан Хятадын морьд эзэн луухаандаа улсын алдарт хэмээх цол олгуулна Эмээлтийн ченж Зоу юм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-18 11:53:25
    Зочин: Бурхан нүдэн нь харагдаад ирэх цагт хуцаж эхлэв үү?Эхлэлийг нь тавьсан хог шаар өөрөө мөнөөсөө мөн.Одоо л нэг их ариун хүн болж бүү жүж.Хулангаар хүртэл азарга тавих гэж шүлсээ савируулаад явж байхыг чинь ч мэднэ.Хүүрийн зууны манлай.Бурхан,Монгол адууны хийморь чамайг шийтгэнэ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-18 10:08:36
    зочин: мань хүн өөрөө дан эрлийз адуугаар тухайн үед алдар нэр цол авчихаад дараад нь ингэж ярьж болохгүйээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-18 09:57:23
    Зочин: Хятадын эрлийз уяачид хүч түрэн орж ирлээ цэвэр Хятад уяачдын морь үнэнхүү гүйцэгдэхгүй байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-18 09:07:24
    Зочин: Сайхан хүн шүү
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188