• Өнөөдөр 2024-04-26

Т.ИДЭР: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн БӨХИЙН БААСТЫН зээ хүү болж төрсөн нь миний хувьд өндөр хувь заяа

2022-04-30,   2226

          “...Өвөө минь байгаа юм шиг л санагддаг. Шадувлин зусландаа очих л хэцүү байдаг даа. Тэрүүхэндээ тойроод, зориуд айлсуулж бий болгосон зуслангийн маань хамгийн цөм, хамгийн дулаахан хэсэгт өвөөгийн минь амьдарч байсан байшин бий. Хүүхдүүдийнх нь зуслан өвөөгийн зусланг тойроод байдаг хэрэг. Тэнд очихоор эрхгүй л байшин руу нь алхчихдаг. Юмаа бичээд, кофегоо уугаад, амттанаа идээд сууж байгаа юм шиг л санагддаг. Ер нь сууж байдаг байх аа” хэмээн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бөхийн Баастын зээ хүү Идэрээ ярьлаа.

             Түүнээс өвөөгийнхөө тухай, Бөхийн Бааст хэмээх зохиолчийн завгүй амьдрал хэрхэн өрнөж асан, амьдралынхаа сүүлчийн өдөр, хоногуудыг хэрхэн үдсэн тухай нь ярилцахыг хүссэнээс гурван сар гаруйн дараа тэр “Ярихаар ирлээ, ярьсан нь зөв юм байна” хэмээгээд сууж байгаа нь энэ.

-ӨВӨӨ БАЯРЛАХААРАА, ЧИМЭЭГҮЙ БОЛОХООРОО ЭЭЖ, ААВ, ТӨРСӨН НУТГАА БОДДОГ БАЙСАН БАЙХ-

-Миний "найз", Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бөхийн Бааст хэмээх эрхэм зохиолчийн 100 насны ой өнгөрсөн онд тохиосон. Түүний төрсөн өдрийг хэрхэн тэмдэглэсэн бэ гэдгээс яриагаа эхлүүлье?

             -Тийм ээ, өнгөрсөн онд өвөө минь 100 нас хүрэх байлаа. Үр хүүхдүүд, ач зээ нар гээд бидний хувьд чухал, өдөр бүр нь хүндэтгэлтэй, хариуцлагатай жил болж өнгөрлөө. Өвөөгөө баярлуулахын тулд олон сайхан зүйл хиймээр байвч бас яг юу хийхээ мэдэхгүй нэг л их яарсан, адгасан, сайхан юм хийх сэн гэж мөрөөдөж, хүссэн он улирлаа. Ковидын хөл хорио, хил хаалттай зэргээс шалтгаалж, төлөвлөсөн ажлууд маань нэлээн хойшиллоо. Бид өвөөгийнхөө 60 жил амьдарсан байрных нь гадна хананд өөрийнх нь дүр бүхий “Энд зохиолч Бөхийн Бааст амьдарч байв” гэсэн дурсгал, хүндэтгэлийн самбар байршуулахаар зохих журмын нь дагуу зөвшөөрлийг нь аваад самбарын ажлаа эхлүүлээд байж байна. 60 жил гэдэг бага хугацаа биш. Энэ утгаараа бас л нэг сонин түүх, их хотын минь нэгэн дурсгалт газар болох нь гэж баярлаж байна.

              Мөн хамгийн сайхан, нийтэд зарлагдсан мэдээ бол Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг тохиолдуулан Хүүхдийн төв номын санг Бөхийн Баастын нэрэмжит болгосноо НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнгөрсөн арваннэгдүгээр сарын 19-ний өдөр олон нийтэд зарласан явдал юм. Энэ баярт мэдээг өвөө минь сонссон бол яах аргагүй баярлах байлаа.

           Бас үр хүүхэд, ач зээ нарынх нь хувьд өвөөгийнхөө ойд зориулж, нэгэн сонирхолтой ном гаргахаар бэлдэж байна. Өвөө минь надад  “Чи гэртээ аваачиж хадгал” гээд дугуй төмөр хайрцагтай гэрэл зургийн хальснууд цөөн цөөнөөр өгдөг байсан юм. Тэр хальсанд буусан зургуудаас сонгож, гэрэл зургийн ном болгохоор ажиллаж байна. Хэрвээ би жаахан дөнгүүр байсан бол тэр үед хальснуудыг боловсруулаад “Энэ ямар учиртай, хэзээ авсан, ямар үйл явдлын, хэн хэн гэж хүмүүсийн зураг вэ” гэж асууж, тайлбарыг нь бичиж авах байжээ. Даанч тийм зүйл санаанд орохгүй явсаар өвөөгөө “явсны” нь дараа толгойгоо цохиж сууна. Ямар ч байсан тухайн цаг үеийн аж амьдрал, түүхийг тэр чигт нь өгүүлэх нэгэн гэрэл зургийн ном хэвлэгдэхэд тун дөхөөд байна. Ковидын хөл хорио, хил нээгдэхгүй удсан зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас хугацаа их алдлаа.

-Том бэлэг бэлджээ. Та дээр “Энэ баярт мэдээг сонсоод өвөө минь яах аргагүй догдлох байсан” гэсэн. Бааст гуай догдлохоороо, баярлахаараа яг ямар үйлдэл гаргадаг байсан бэ?

             -Өвөө баргийн юманд тэгтлээ их баярлахгүй. Ер нь л аливаа бүхнээс сайн сайхныг нь олж хардаг, байнга хөгжил хөөртэй явдаг хүн байсан даа. Харин чин сэтгэлээсээ баярлахаараа чимээгүй болчихдог, бодлогоширч ирснээ сонин сайхан зүйл ярьж, инээж суудаг байсан. Их баярлахаараа чимээгүй болчихдогийг нь бодохоор сэтгэл их сонин болдог. Өвөө баярлахаараа, тэгж чимээгүй болохоороо ээж, аав, төрсөн нутгийнхаа тухай л боддог байсан болов уу.

-Хэзээ хамгийн сүүлд тэгж баярлахыг нь, бодлогоширч байхыг нь мэдэрсэн бэ?

             -Хөдөлмөрийн баатар цол хүртээх болсон тухай сонсоод хэсэг таг дуугүй болчихсон. Яах учраа олохгүй байгаа бололтой байснаа “Цаг хэд болж байна вэ” гэж асууж байгаа юм. “Ес өнгөрч байна” гэтэл “Хүүе, оройтох нь. Хоцорч болохгүй шүү дээ” гээд хувцсаа өмссөн. Ерөнхийлөгчийн Тамгын газраас бидэнд урд өдрийнх нь орой хэлсэн л дээ. Бид өвөөгийн бие чилээрхүү байсан болохоор шууд хэлж чадахгүй, шагнал гардуулахаас хоёр цагийн өмнө өөрт нь дуулгасан нь тэр юм. Баярлаж байгаа нь үг, үйлдэл бүхнээс нь мэдрэгдэж байсан. Их баярласан даа. Гэхдээ баатар хүн бол баатар л байдаг юм билээ. Би л “Өвөө юу боддог юм бол доо” гэж бодохдоо л өрөвддөг хэрэг. Түүнээс өвөө минь цоглог, цовоо хүн байсан шүү дээ.

             Бид Монгол Улсын төр өвөөг минь амьд сэрүүн байхад нь амжиж, тэр цолыг хүртээсэнд нэг талаар баярладаг. Нөгөө талаар арай хожуудуулчихсан ч юм шиг санагддаг. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Бөхийн Бааст гэгдэж, илүү удаан амьдарсан бол өвөөд минь хэчнээн сайхан байж, хийж бүтээснээрээ ямар их бахархах байсан бол доо гэж бодогддог.

-Хориодхон хоног?

             -Хүртэх ёстой гавьяа, шагналаа хүртэж амжилгүй, чадалгүй буцсан олон эрхэм хүмүүсийн дэргэд амжиж хүртсэн нь үнэн ч хориодхон хоног л Хөдөлмөрийн баатар байсан даа. Гэхдээ Хөдөлмөрийн баатар шиг баатар байсан юм шүү, миний өвөө. Бүх насаараа, тийм өндөр нас хүртлээ зохиол бүтээлээ туурвисаар, тэмдэглэсээр, уншсаар байна гэдэг баргийн хүний чадах зүйл биш шүү дээ.

             Би өвөөгөө өөрийн хүссэн мэргэжил, хичээл зүтгэл, ариун цагаан хөдөлмөрөөрөө энэ өндөрлөгт хүрсэн гэж боддог. Тэгж ч хэлнэ. Өвөө маань “Бичсэн бүхэн нь алт болсон хүн байдаггүй. Бичсэн болгон нь элс болсон хүн ч байхгүй” гэж хэлдэг байсан. Энэ л жамаар өвөө минь зохиолчийн замналаас хэзээ ч ухарч, няцаж, буцаагүй. Харин ч тууштай хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртсэн хүн.  

-Сүүлийн өдрүүддээ бие нь их өвдсөн үү?

             -Өвөө минь ямар нэг хүнд өвчин тусаагүй. Эмчийн зүгээс ямар ч хоол, унд, архи дарсны хориг тавиагүй. Жаахан чилээрхээд л байсан юм.

-Таныг Монголын сод хүү Бөхийн Бааст хэмээх уйгагүй хөдөлмөрч, зохиолчийн зээ хүү гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй байж магад. Миний мэдэхээр бас хүмүүсийн ярьж байгаагаар та өвөөтэйгээ бусад ач, зээ, үр хүүхдүүдээс нь илүү ойр байсан нь. Тиймээс та өөрийнхөө тухай танилцуулах уу?

             -Өвөө минь гурван хүү, дөрвөн охинтой. Би гурав дахь охиных нь ууган хүү. 1985 онд нэгдүгээр ангид ороход өвөө маань намайг өөрийнхөө сурч, төгссөн сургуульд оруулна гэсээр тэр үед маршал Х.Чойбалсангийн нэрэмжит гэгддэг нэгдүгээр арван жилийн сургуульд оруулж байсан. Өвөө минь 1940 онд анх Улаанбаатарт ирээд нэгдүгээр сургуульд элсэж, сурсан юм билээ л дээ. 

             Шадувлин зусландаа бид зун эрт гарна. Өвөө маань зуслангийн дарга. Хариуцлага өндөр, хугарсан хашаа энэ тэрийг янзална, нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна. Ажлаа ч хийнэ, даалуугаа ч тоглоно, зохиол, бүтээлээ ч туурвина. Намар зуслангийн баяр хийнэ. Зохиолчдийн хүүхдүүд, ач, зээ нар зуслангийн баярт оролцож, дуу дуулж, шүлэг уншиж, бүжиглэж бяцхан концерт тоглоно. Энэ бол хүүхэд насны минь хамгийн тод, хөгжөөнтэй, аялгуу хөг болсон дурсамж минь юм даа. Зусланд гардаг зохиолчид намайг “Манай зуслангийн орлогч дарга явж байна” гэдэг байлаа. Тарва гуай, Наваансүрэн гуай зэрэг зохиолчид өвөөтэй даалуу их тоглоно. С. Дашдэндэв гуайнх яг манай хажууд.  

             Өвөө зусландаа гараад ойгоор их явна. Ач, зээ нараа, хүүхдүүдээ дагуулж ойгоор зугаална. Янз бүрийн мод, чулуу байгалийн сонин, содон тогтоцыг маш онцгой анзаарч, хүүхдүүддээ хэлж, тайлбарлаж, өөрсдөөр нь сэтгэгдлийг нь яриулдаг байлаа.  Ер нь өвөөгийн минь амьдралын багагүй хугацаа ойд өнгөрсөн ч байж мэднэ.

-Та шүлэг, зохиол бичдэг үү?

             -Үгүй ээ, бага сага уншдаг. Их номтой айлд ороход өвөө минь үнэртэх шиг санагддаг. "Миний өвөөгийн үнэр номын үнэр байсан юм биш үү" гэж бодогддог. Биднийг багаас ном уншуулж сургасан. Номын сангаасаа ном өгч уншуулахдаа өгсөн ном бүрээ эзэнтэй нь тэмдэглэж авна. Тэгээд өөрсдөөр нь сонингоор номныхоо гадуур хавтаслуулна. Номын хуудас нугалах зэргээр номтой зүй бусаар харьцахыг өвөө хүлээн зөвшөөрөхгүй. Номоо уншиж дуусгаад өвөөд хүлээлгэж өгнө. Өвөө “Тэр тэдэн оны төдөн сарын тэдэнд уншиж дуусгав” гэж тэмдэглэж авна. Тэгээд юу ойлгосноо өвөөд ярьж өгнө. Дараагийн номоо мөн л тэмдэглүүлж авна. Эхний номоо уншиж дуусгахгүйгээр дахиж ном авна гэж байхгүй. Ингэж л биднийг номонд, ном унших дуртай болгосон доо.

-Та бүхэнд хүүхэд насныхаа тухай, аав ээжийнхээ тухай хэр их ярьдаг байв. Тухайлбал?

             -Ээжийгээ, нутгаа их санадаг байсан. 2008 онд өвөөтэйгээ нутаг руу нь хамт аялаж явахад хамгийн их мэдрэгдсэн юм бол тэр. Ээж нь их багад нь нас барсан болохоор зүс, царайг нь сайн санахгүй байгаагаа ярьдаг байсан. Гэхдээ “Халамцсан үед ээжийн дүр сэтгэлд бүдэгхээн харагддаг” гэж ярьж байсан. Тэр аяллын үеэр ээжийг нь хөдөөлүүлсэн газар бид очиж сүү өргөж, арц уугиулж  байхад  “Уг нь толгойг нь дэрлүүлсэн нэг том чулуу байсан юм. Тэр чулуу ойр хавьд байхгүй л байх даа” гээд хайгаад байсан. Тэгэхэд би өвөөгөө их өрөвдсөн дөө. Бодол санаа нь бүүр тэртээ 27, 28 онд, тэгээд тэр чулууг хайгаад байгаа нь тэр шүү дээ. Тэгэхээр өвөө минь ээжийгээ, толгойд нь дэрлүүлсэн чулууг нь хүртэл бодож, санаж, хайрлаж, үгүйлдэг байсан байгаа биз.

-Бааст гуайн таны эмээтэй танилцаж байсан, амьдарсан түүх уншигчдад сонирхолтой байж мэднэ. Тэдний амьдралын үүх түүхийн тухай ярьж өгөөч?

             -1952 онд эмээтэй танилцсан гэдэг. Эмээ маань Монгол Зөвлөлтийн Найрамдлын нийгэмлэгийн номын санд ном олгогч байсан хэрэг. Танилцаж байсан үеийнхээ тухай тэмдэглэж үлдээсэн сайхан тэмдэглэлүүд бий. Мэдээж сайн яваа эр хүний ард арыг нь даадаг эмэгтэй хүн байдаг шүү дээ. Энэ л  ёсоор эмээ минь долоон хүүхдээ төрүүлж, өсгөн хүмүүжүүлэх гээд арыг нь ёстой даасан шиг даасан байх. Эмээ маань 1993 оны намар бурхан болсон.

- Тэр үр хүүхдүүдээ юуг хамгийн их чухалчлан захидаг байсан бэ?

-“Үнэн, мөнөөр яваарай, Урдах ажлаа олигтой хий” гэдэг байсан.

 

Зээ хүүгийнх нь хувьд өвөөгийнхөө тухай ийн яриад өвөөгөө хойч үедээ таниулах, тодоос тод оршсоор байх зүйлсийг нь гардан хийх үүрэгтэй үлджээ. Ингээд бидний яриа насан туршдаа утга зохиол, уран бүтээлийн замналд өөрийгөө “өрдсөн” Бөхийн Бааст хэмээх Хөдөлмөрийн баатарын энгийн өдрүүд хэрхэн өнгөрдөг байсан тухай руу орлоо.

-Бааст гуайн зохиол, бүтээлээ бичиж байгааг дүрсэлбэл?

             -Яг бичээд, уншаад суухаараа тэрүүгээр юу ч болж байсан тоохгүй. Уншаад, бичээд л сууна. Бид ч өвөөгөө юмаа бичээд, уншиж байхад нь аль болох саад болохгүйг хичээнэ. Багаасаа л ийм орчинд өссөн болохоор бидний хэн нь ч хэн нэгэн уншиж, бичиж байхад садаа болохгүйд аяндаа суралцсан гэж болно.

-Түүний гар бичмэлүүдийн талаар асуухгүй өнгөрч болохгүй. Гар бичмэлүүдийнх нь тухайд та юу хэлэх вэ. Тэмдэглэл хэрхэн хөтөлдөг байсан тухай нь бас яривал уншигчдад сонин байх. 

             -Тэмдэглэлийн 300 гаруй дэвтэр бий. 1940-өөд оноос хойш бичсэн гэхээр асар их түүх, баримт, архив болж таарч байгаа биз. Өвөө маань бичгийн цаасыг дөрөв хуваасны нэг хэмжээтэй цаасан дээр бичдэг байсан. Гар бичмэлүүд нь их ээ. Өрж байгаад зургаа авахуулсан нь ч бий. Өөрөөс нь өндөр болж байсан шүү, нэлээд дээр үед.

-Зохиол, бүтээлээ туурвихдаа тэр ямар орчинд, хэрхэн сууж, өдөрт хэчнээн цаг зарцуулдаг байсан бэ. Бас зохиолчдын бүтээл туурвихдаа иддэг амттан, кофе тэр ч бүү хэл өмсдөг хувцас, өөрийнхөө ойролцоо заавал байлгаж байж бичиж болдог эд зүйлс гэх мэт өгөгдлүүд байдаг. Ийм зүйлс Б.Бааст гуайд мэдээж байсан. Юу байсан, түүнийг хэрхдэг байсан тухай та хамгийн сайн мэдэх бас ярих байх?

             -Өвөө маань бараг 60 жил кофе уусан байх аа. Гоё чамин амттанд дуртай. Ирсэн хүн бүрийг цай, кофе, амттанаар дайлна. Одоо бодоход өвөө үргэлж ямар нэг юм тэмдэглэж явдаг байсан. Тэр тэмдэглэсэн зүйлсээрээ өөрийгөө хөглөдөг байсан байх гэж боддог. Ер нь ямар ч орчинд уншиж, бичээд  сууж байдаг байсан даа.

      Гэхдээ би өвөөгөө мэддэг юм шиг л байсан чинь үнэндээ тун бага мэдэж байжээ. Үргэлж л хажууд байх юм шиг санаж байжээ. 100 нас хүрэх гэж байгаа хүнийг 70 настай юм шиг л санаж, бодож явжээ. Өвөө минь тийм өндөр настай гэхэд хөнгөн шингэн, ухаан саруул, ажиллах амрах, идэж уухаа сайн тааруулдаг, уух эмээ ч яг цагт нь уудаг, өөртөө их хямгатай, гамтай ханддаг хүн байж дээ гэж эрхгүй бодогдож байна. Ой санамж нь олон жилийн өмнө болсон бүхнийг мартаагүй байдаг нь гайхалтай санагддаг байлаа.

-Түүний ширээний байнгын ном, байнга жишээ болгон ярьдаг зохиолч, уран бүтээлч хэн байсан бэ?

             - Ц.Дамдинсүрэн, Д.Нацагдорж, Б.Ринчен, Л.Түдэв гуайн номууд Я.Цэвэл гуайн толь бичиг ширээнийх нь ойр байнга байдаг байсан. Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн,  Б.Ширэндэв, Л.Түдэв, С.Удвал Б.Жаргалсайхан, Ч.Ойдов, С.Дашдэндэв, Д.Намдаг, Ц.Уламбаяр, Н.Нямдорж, Б.Ахтаан зэрэг олон хүнийг бахархан дурсдаг байлаа. Ямар ч хүний тухай дурсамж дэлгээд суухад хэзээд бэлэн байдаг нь гайхалтай санагддаг байж билээ.   

-Тэр хоногт хэдэн цаг унтаж, хэдэн цагийг бичихэд зориулдаг байсан тухай та бодож, тооцоолж үзсэн үү. Дэлхийн сонгодог зохиолчдын ийм цаг тоолол, төлөвлөлтийг залуу уран бүтээлчид, хүүхдүүд их шохоорхон уншиж, зарим нь амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг учраас асууж байгаа юм шүү?

             -Өвөө орой унтана. Өглөө аажуу босно. Нэг юм хийгээд эхэлчихвэл үргэлжлүүлээд л байна. Анзаарч байхад амралтанд, Шадувлин зусландаа ихэнх зохиол бүтээлээ бичсэн байх.

-Хамгийн их цуглуулсан юм нь үзэг, дэвтэр, ном гээд юу байдаг юм бол?

             -Мэдээж ном, бас элдвийн сонин дурсгалын зүйлс юм болов уу. Хүүхдүүд, ач, зээ нартаа ном л бэлэглэнэ. Бидний төрсөн өдрөөр ерөөлийн үгээ бичиж  бэлэглэсэн ном олон бий.

-Хэчнээн ном цуглуулсан байдаг юм бол?

             -Номынх нь тоог сайн мэдэхгүй. Номын өрөөг нь байхад нь ямар байсан яг тэр янзаар нь байлгах гэж хичээж байна. Өвөө хүмүүст дандаа ном бэлэглэнэ ээ. Дээр үед Нацагдоржийн нэрэмжит номын санд ачааны машинаар ном бэлэглэж байсан гэдэг юм. Бас Хүүхдийн төв номын санд  хэд, хэдэн удаа нэлээд тооны ном бэлэглэсэн байдаг. Энэ мэтээр энд тэндэхийн номын сангууд, элдэв аян, үйлсэд номоо харамгүй өгнө. Хамгийн сүүлд яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсаны төрсөн нутагтаа тэмээн жингээр ном хүргэх үйлсийг сонсоод талархан дэмжиж өөрийнхөө номнуудаас хандивлаж байлаа.   

-Түүнийг бусдад хэрэгтэй гэж бодсон зүйлээ огтхон ч эргэлзэлгүй “Чи ав” гээд өгчихөж байгааг хэд хэдэн удаа харж байсан. Энэ өглөгч гэх юм уу бусдыг сэтгэл дүүрэн, сайхан байхад сэтгэл нь ханадаг, өөрөө баярладаг зангийнх нь тухай жишээнээс та ярьж өгөөч?

             -Манай өвөөгийн их баярладаг зүйл бол өөрт нь ном бэлэглэхэд, өөрөө бусдад ном бэлэглэх л юм даа. 2018 оны намар өвөө бид хоёр "Аз хур" номын дэлгүүрт явж байгаад гадаад явдлын яамны сайд асан, дипломат, нэрт орчуулагч Ц.Гомбосүрэн гуайтай таарсан юм. Гомбосүрэн гуай өвөөд Оросын нэрт зохиолч Константин Симоновын номыг орчуулснаа дурсгалын үг бичиж, дурсгахад ихэд баярлаж байж билээ.     

-Таныхаар Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бөхийн Бааст хэмээх зохиолчийн хамгийн шилдэг, сайн бүтээл нь аль нь вэ. Бас Бааст гуай өөрөө аль нэг номоо, эсвэл бүтээлээ илүүтэй үнэлж, бардамнаж байсан уу?

             -2005 онд өвөө бид хоёр юманд явах гэтэл өвөө нэг юм засаж дуусах гэж байна гээд суугаад байхаар нь би “Та хувцсаа өмсөж бай. Би засчихъя” гэсэн чинь “Чи муу  чийгийн хорхой, чийгэнд бүдэрсэн намгийн хорхой чиний засна гэж юу байсан юм" гээд их шоолж билээ. Нээрээ ч миний засна гэж юу байх вэ дээ. Өвөө маань залуу зохиолчдыг дэмждэг, бүтээлийг нь хүлээн авч заавар зөвлөгөө өгдөг, хэвлэж нийтлүүлэх тал дээр онцгой анхаарч, өөрт ирсэн захидал бүхэнд заавал хариу захиа явуулдаг хариуцлагатай хүн байжээ. Өвөөгийн маань хэвлэлд бэлдэж, редакторласан ном маш олон бий. Баянөлгий аймагт монголын зохиолчдын эвлэлийн салбар байгуулагдахад идэвхитэй оролцсон, улмаар казах зохиолчдын олон зохиол бүтээлийг монгол хэл рүү орчуулж монгол уншигчдад таниулсан юм.   

             Сүүлд би хадам аавынхаа номыг эмхэтгэж, хэвлэлд бэлдэж байхдаа редакторын ажил ямар хүнд, хэцүүг ойлгож, биеэрээ мэдэрсэн. Энэ тухайгаа өвөөд хэлэхэд “Та нар өнгөрсөн хүний юмыг муу хийж болохгүй. Муу хийснээс хийгээгүй нь дээр гэж” гээд нэлээд нухацтай хэлсэн. “Зарим нэг үгийг нь засчихмаар байна, яах вэ өвөө” гэвэл “Тэр бол бүр огт болохгүй. Тэр үгийг тэгж бичих гэж олон янзаар, маш олон талаас нь бодож байж бичсэн байгаа. Болохгүй шүү” гэж байсан. Үнэхээр л тийм байдаг юм билээ. 

          Өвөө Монголын уран зохиолын дээж 108 ботийн зургаан ботийг зохиолчдын дан захидлаар ганцаараа бэлдэж өгсөн. Зургаан ботийг хэвлэгдсэний дараа “Харав уу, чи намайг” гээд өвөө ёстой ханхалзаж байсан даа. Өвөө “Алтайн хөх дөнөн”, "Хаш аяга", "Бэлтрэг Дорж" зэрэг өгүүллэгтээ их хайртай. "Алтайн хөх дөнөн" өгүүллэгт ээжийгээ зүүдэлдэг юм. Сайхан ч өгүүллэг.

-Хэн үлгэрлэдэг байсан юм бол. Уран бүтээлийн замд хэн дуртай болгож, үлгэрлэсэн байдаг юм бол?

             -"Д.Цэдэнжав багштайгаа" гэж их ярьдаг байсан даа. Цэдэнжав багш нь уран бүтээлийн нь бүх төрлөөр эхлэлийг нь тавьж өгсөн болов уу гэж би хувьдаа боддог.

-Б.Бааст гуай нэг удаа надад “Би сүүлийн 100 жилд төрсөн хийгээд бүтээсэн зохиолчдыг бүгдийг танина. Бүгдтэй нь найз нөхөр, ах дүү явлаа” хэмээн томорч байлаа. Гэхдээ таны мэдэхээр түүний хамгийн ойр дотнын найзууд нь хэн хэн байсан бэ?

-Э. Оюун, С.Удвал гуайтай их ойр байсан болов уу. Өвөө найз нөхөд, дүү олонтой байсан. Өвөө дээр хүн ч их ирнэ ээ.  

             1967 онд Вьетнамын дайны сурвалжилгыг хийх гээд Монголоос явсан ганц сурвалжлагч нь манай өвөө байсан юм шүү дээ. Буцахад нь Хятадад Соёлын хувьсгал гарчихсан, бүх зүйл өмнө нь ирснээсээ орвонгоороо эргэчихсэн байсан гэдэг. Тэгж явж 3 сарын дараа ирэхэд нь С.Удвал гуай тэвэрч аваад “Чамайг яах гэж  явуулав аа. Хэрвээ үгүй болчихсон бол би “Долоон хүүхэд, догшин шар авгайг чинь  тэжээх гэж үйлээ үзэх байсан...” гээд уйлж байсан гэдэг. Баруун хилийн тулгаралтанд сурвалжлагаар явсан цорын ганц зохиолч, сэтгүүлч  нь манай өвөө юм шүү дээ. Энэ чинь 1948 оны үйл явдал юм уу даа. Монголын зохиолчдын эвлэлийн бүх их хурлуудад нарийн бичгийн даргаар ажилласан гэх мэтээр өвөө минь уйгагүй ажилладаг байж, энэ  хэрээрээ  олон хүний түүх, намтрыг мэддэг, олон хүнтэй найз нөхөр явсан даа.

Үнэхээр ч Б.Бааст гуай хөгшин, залуу, том бага гэж ялгалгүй хүн бүхэнтэй найз байсныг түүний тухай халуун сэтгэлээр дурссаар, хайрласаар байгаа хүмүүсийн ярианаас мэдэрч болно. Эндээс бидний яриа түүний үр хүүхэд, ач зээ нартайгаа хамт бүтээлцсэн дурсамжийн нэгээхэн хэсэгт түр саатсан билээ.

-Өвөөтэйгээ өнгөрүүлсэн хамгийн мартагдашгүй, гэгээн дурсамжаасаа хуваалцаач?

             -2008 онд өвөөтэйгээ төрсөн нутгаар 23 нь хоног явсан юм. Тэр үед би дуу хураагуур авч яваад, өвөөг сонирхолтой яриа эхлэхээр нь дуу хураагуураа асаачихна. Тэр аялал миний хувьд хамгийн дурсамжтай, хамгийн сайхан өдөр хоногууд байжээ, одоо бодоход. Өвөөгийн төрсөн нутаг нь одоогийн Баян-Өлгий аймаг, хуучнаар Ховд аймгийн Алтанцөгц сум юм шүү дээ. Хожим Маршал Х.Чойбалсан шинээр Баян-Өлгий аймгийг байгуулахад өвөөгийн нутаг Баян-Өлгий аймагт харьяалагдах болсон юм билээ.  

             Нутагтаа очоод шууд урианхай аялгандаа ороод, казах хэлээр ярьж, хэлж ярих нь цовоо сэргэлэн хөөр баяртай болоод ирсэн. Өвөөгийн төрсөн нутаг Цамбагарав хайрхны хормойд бид долоо хоносон. Тэр үед өвөөгөө нутагтаа ямар их хайртай, яаж хайрлаж, хүндэлдэгийг нь мэдэрч билээ. Тэгэхэд өвөөгийн яриаг буулгасан, дүрсийг нь авсан 20-оод хальс бий.

2018 оны арванхоёрдугаар сарын 28. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэний дараа. МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав ах ирж, хадаг барьж хүндэтгэл үзүүлж дурсгалын зураг авахуулсан нь.

-“Тийм зүйлийг л өвөөтэйгээ хамтдаа хийх байсан даа” гэсэн харамсал төрдөг зүйл бий юү?

             -Өвөө маань цуврал 25 боть ном гаргана гэж ярьдаг байсан юм. Өөрийнхөө туулсан амьдрал түүх, намтраараа Бөхийн Бааст хэмээх хамгийн сүүлийн 25 дугаар  ботийг гаргаж амжаагүйд нь л их харамсдаг. Тэр ботид миний оролцоо ямар нэг байдлаар нэмэр болох боломжгүй, чадахгүй байсан мөртлөө л “Тэр номыг л гаргачих байсан юм даа” гэж боддог.

             Бас өвөөгийн надад үлдээсэн фото хальснуудыг скайнердаж, бэлэн болгоод "Хэзээ болсон, ямар үйл явдал болох талаар нь өвөөгөөрөө яриулчихгүй яав даа" гэж бас харамсдаг. Гэтэл одоо тэр зургуудыг ном болгох гэтэл тайлбар хийж чадахгүй л сууж байна шүү дээ. Аргагүйн эрхэнд Д.Цэдэв гуайд аваачиж өгөөд “Та мэдэхийгээ бичээд, мэдэхгүйгээ ядаж оныг нь багцаалдаад өгөөч” гэсэн. Өвөөгийн минь 1939 онд авахуулсан анхны зурагнаас, өөрийнх нь авсан хэдэн мянган зураг байна. Үүнд л би маш их харамсаж байна даа.

-Та өвөөгийнхөө юуг хамгийн их үгүйлж байна вэ?

- ... Юм бүхнийг нь л үгүйлж байна. Шадувлин зусландаа гарчихсан байхыг нь хармаар санагддаг. Зусландаа байхдаа өвөө минь хэчнээн жаргалтай байдаг гэж санана. Бид зусландаа зэрэгцээ амьдардаг. Зусландаа очихоор өвөөгийнхөө байшин руу очмоор, тэнд юмаа бичээд сууж байгаа юм шиг санагдаад болж өгдөггүй юм. Өмнө нь намайг очихоор өвөө “Шарков, цаанаасаа аваад ир. Хоёулаа цай ууя” гэнэ. Өвөөгийн хөргөгчинд амттан бүхэн байдаг. Тэр бүхнийг бэлдэж байгаад л бид хоёр цайлна. Өвөө маань сайн байхуу цай юмуу эсвэл өтгөн хар кофе ууна...

 

-Хэрвээ та анзаарсан бол тэр хамгийн сүүлд ямар бүтээл дээр ажиллаж байсан бэ. Бас юуг дуусгачих, хийчих юм сан гэдэг байсан бол. Ер нь түүний мөрөөдөл юу байсан бол?

- “25 дахь ботио Бөхийн Бааст гэж нэрлэнэ. Тэр номонд би өөрийнхөө бүх үүх түүх, замналаа багтаана” гэдэг байсан. Бид “Та эхлээд өөрийгөө бич л дээ” гэхээр “Өө, би яах вэ, амжина” гээд л. “Сайхан сайхан хүмүүс цагийн аясаар, цаг бусаар бурхан болж, богино хугацаанд мартагдаж байна. Тэгэхээр би тэдний тухай бичиж, үлдээх хэрэгтэй” гээд л бусдын тухай дурсамж бичсээр, хүний төлөө ажилласаар байгаад л өөрийгөө орхисон доо.

             Өвөө минь гэр музей байгуулахыг хүсэж байсан. Тийм ч учраас гэрийг нь яг тэр чигээр нь байлгахыг л хүсэж хичээж байна. Юун түрүүнд номын сангийнх нь ном зүйг хийх бодолтой байгаа. Ингээд бяцхан уншлагын танхим болох ч боломжтой юм. Гол нь “Бөхийн Баастын гэр музей, хувийн архиваас” гэсэн эх сурвалжтайгаар номын санг нь хүмүүст ашиглуулахыг зорьж байна. Номын санг нь бид дур мэдэж оролдох, номуудын байрыг нь ч өөрчлөмгүй санагддаг. Өөрөө мэдээд тэгээд тавьчихсан юмыг бид юугаа мэдэж, хөдөлгөж, нааш цааш нь дураараа загнах юм бэ. Тэгэхээр яг байгаагаар нь ном зүй хийлгэх нь л хамгийн чухал. Энэ мэтээр бид бүх зүйлийг нь яг тэр хэвээр нь хадгалж үлдээхийг хичээж байна. Гэрээсээ хамгийн сүүлд гарахдаа цай уугаад гарсан аяга нь, юуг, хаана үлдээсэн тэр бүх юм нь яг хэвэндээ байгаа. Ууж байгаад үлдээсэн конъяк, цагаан архи, дарс гээд бүгд яг л тэр хэвээрээ.

             Өвөө "Намайг өнгөрснөөс хойш хэвлүүлэх юм бишгүй л гарна. Чамд л их ажил үлдэж байгаа даа” гэж хэлдэг байсан. Манай охинд бичсэн нэг захиандаа “Аавдаа сайн туслаарай. Аав чинь амаргүй ажилд тохоогдсон хүн шүү” гэсэн байдаг юм. Тэгэхээр энэ бүх ажлыг хийгээсэй, арыг нь авч үлдээсэй гэж л боддог байсан байх.

 

Урд эгнээ зүүнээс эхнэр М. Аюуш,  Б. Бааст, том охин Оюунбилэг, бага охин Булган. Арын эгнээ зүүнээс охин Тунгалаг, дунд хүү Тайшир, бага хүү Орхон, том хүү Тамир, дунд охин Сэлэнгэ 1987 он

        Хүмүүний орчлонд эгэл даруухан хэрнээ арилашгүй мөрөө тамгалан үлдээсэн гэгээн сайхан зохиолчийн тухай, түүний амьдрал замналын тухай бидэн хоёр хэсэгхэн хөөрөлдсөн нь энэ. Бидний хувьд мэдэх мэдэхийгээ ярьсан ч Бөхийн Бааст хэмээх Хөдөлмөрийн баатар болтлоо бүтээж, туурвисан эрхмийн туулж өнгөрүүлсэн бодит түүх, бусдад өгсөн гэгээ, баяр, жаргал, дурсамжийн нэгээхэнд ч хүрээгүй биз ээ. Учир нь, бидний аль аль нь түүнийг хүний орчлонгоос буцсан гэдэгт одоо ч итгэдэггүй, харин ч аль нэг амралтын газарт, эсвэл Шадувлин зусландаа суугаад зохиолоо туурвиж байгаа гэж итгэдэг билээ. Тийм ээ, тэр ижийдээ зориулсан туужаа бичиж суугаа...


Т.ИДЭР: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн БӨХИЙН БААСТЫН зээ хүү болж төрсөн нь миний хувьд өндөр хувь заяа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-05 15:36:12
    Оюунбилгийн багын найз: Бааст гуайн ухаалаг зээ хүү Идрээтэй Үндэсний номын санд танилцсан. Мундаг хүүд олон сайхан ном гаргахыг ерөөл дэвшүүлье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-15 20:12:29
    Уншигч: Сайхан, дурсамж ярилцлага байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-13 00:18:31
    Бадам Саранцэцэг Том охин Б.Оюунбилэг эгчийн хуурай найз дүү нь.: Зээ хүү Идэрийнх нь дурсамж сэтгэгдэлийг нулимстай уншлаа.Энэ агуу баатар хүнтэй уулзаж танил байх боломж Оюун эгчтэй минь холбоотой.Хэд хэдэн удаа гэрт нь уулзаж хуучилж асууж байцаалгаж асуултанд нь бүдэрч егөөдөн өхөөрдөн инээж суухыг сонсож харж байлаа. Сонин сайхан дурсамж ,бахархал үлджээ.Өөрийнхөө хоёрч номон дээр овог нэрийг минь бичиж ерөөл бичиж дурсгал болгон гарынхаа үсгийг хүний толгой хэлбэрээр монгол үсгээр бичиж өгч байсан.Маш гоё дурсгал нандин хадгаламж болон үлдсэн байна.Бахархалт Алдарт хүн Бөхийн Бааст гуайгаа үргэлж дурсаж,үр хүүхэд ахан дүүст нь эрүүл энхийг хүсье.Оюун эгчдээ эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-12 10:01:03
    зочин: Сайхан зохиолч байсан олон сайхан туужуудыг нь мэднэ дээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-12 07:21:38
    Эбо: Сайхан ярилцлага бнаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-08 16:18:55
    Behiin Baast gej ikhe ch buyantai hedelmerch abyastai yhaalag negen baij dee!!!: Heerhii dee!!!B.Baast gyaindaa bi beer N.Nyamdorj toriin sagnalt yaryy nairagch ahiinhaa hamt 1980 onii 2-r sard sig sanaj baina,enyygeer neg ailaar orood garya geheer ni dagaad orson chini Baast gyainh baij bilee!!ebgen ter hoyor aar saar ikhe l yum hyyrnej bilee!bi ch zaluuhan baij ter hoyoriin yariand orolzoh ni baga ger dotorhi nomnuudiig ali bolohoor anzaarch harahiig iluud yzej bilee.Baast gyain temdeglegee nom zyin san hemreg ni agyy syy dee!!hyyhedyyd zaluus ene saihan zohiolchiin ajiliig muzei jijighen nomiin san bolgoh ni zyitei syy!!!!!ireedyin hyyhed zaluust olonoor ni bys?eder chagaar eeljlen oruulaj yzej ynsihad bolomjtoi nomiin san baibal tyyniig dagaad zaluusiin hyyhedyydiin setgelgeend neleelej ikhe zohiolchiin erdem abyas ni yrgeljelseer baihiig yun es aj daa!!!!ajild chini amjilt hysye/
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-08 09:13:05
    НУТГИЙН ХҮН: Баян-Өлгий аймгийн Төвийн II бүрэн дунд сургууль (Хуучин 10 жилийн 2-р дунд сургууль) 90 жилийн ойгоор аугаа их их зохиолч Бөхийн Баастын нэрэмжит болсон шүү.Бөөхийн Бааст гуай анхны сурагч нарынх нь нэг. Сургуулийн 90 жилийн ойд өөрөө очиж оролцсон юм. Үүнийг мартаж, орхиж ер үл болно. Энэ бол түүхэн ач холбогдолтой үйл хэрэг юм шүү. Хүү, охин, ач зээ нар нь санаж, дурдаж, сануулж байх ёстой.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188