• Өнөөдөр 2024-04-24

ЭРХЭМСЭГ ОРШИХУЙ БУЮУ ДАШИЙН ОЮУНЧИМЭГ

2022-03-22,   1369

-БИ ЗӨН БИЛИГТЭЭ ИЛҮҮ АЧ ХОЛБОГДОЛ ӨГДӨГ, ӨӨР ЮУНД Ч НАЙДДАГГҮЙ-

   Монголын утга зохиолын чансаатай эмэгтэй зохиолчдын нэг Дашийн Оюунчимэг хэмээх эрхэмтэй “Очирт уулын бичиглэл” номоор нь анх танилцсанаас хойш миний асуух асуулт түүнд нэгэн хэвийн, бүр өчүүхэн санагдах ч байсан хамаагүй нэг уулзаж үзэх сэн гэсэн хүслээ саяхны нэгэн өдөр биелүүлэв. Айхтар асуулт бэлдэж, жагсаасангүй. Одоогоос таван жилийн өмнө анх шүлгийн номыг нь уншаад төрсөн мэдрэмж, хаа нэг сөхөхөөс эмээдэг тэмдэглэлийн дэвтэр дэх түүний шүлгүүд л намайг энэ эрхэм зохиолч руу хөтөлсөн болов уу. Учир нь, Д.Оюунчимэг зохиолчийн шүлэг дотор ертөнцөд минь үймээн дэгдээж, орших аргагүй болгодог. Хаа нэг үйрч, үймэрч, дотогшоо нурах мэт тэдгээр үгс, мэдрэмжүүд чухам түүний хаанаас, юунаас төрдгийг би асуухаар уулзахаар товлосон газар руугаа алхаж явна.

           

      ...Оройн ганц модны навчин дээр чиний асуух гэж байгаагаас чиний асууж мэдэхгүй тэр бүх зүйлс бичээстэй байдаг юм... “Оройн ганц мод” романы хэсгээс...

 

             Дашийн Оюунчимэг зохиолч Ховд аймагт төрж өсөж, тус аймгийн Дуут суманд зуны амралтаа өнгөрүүлдэг байжээ. Тиймдээ ч монгол соёл ахуйгаа хэнээс ч дутахгүй мэдэх зохиолчдын нэг нь болж тэр өссөн биз ээ. Бага нас, залуу насных нь тухай мэдэх гэсэн асуултад минь тэр тун товчоор “Сургуульд орсон цагаасаа  шүлэг бичиж, залуу насаа шүлэг бичихэд зориулсан. Өөртөө сэтгэл ханасны дараа, өөрийнхөө хэмжээнд бичиж дуусаад бичихээ больсон. Дараа нь хэсэг орчуулга хийж, хоёр, гурван роман бичлээ. Залуу нас нэг иймэрхүү өнгөрсөн гэх юм уу даа” гэв.

   Магад зарим хүн өнгөрүүлсэн амьдралынхаа талаар хэдэн хуудас дүүрэн түүх өгүүлэх байсан бол тэр ингэж хэлчихээд мөрөө хавчив. Ерөөс тэр ухаан болоод сэтгэлгээгээр асар өндөрт хүрчихсэн эрхэм гэдэг нь тавхан үгнээс нь ил байлаа.

-ХҮН ӨӨРТӨӨ Л БАГШ-

             Бидний яриа цааш түүний багш нар болон багшийн тухай ойлголтоор үргэлжилж, “Таны багш ямар хүн байдаг вэ. Багшаасаа юу сурсан бэ” гэсэн  асуултад тэр “Би багш, шавь гэдэг нийтлэг ойлголтоос их хол хүн. Гэхдээ хувь заяаны их том бэлэг байсан болов уу гэж бодож явдаг зүйл бол 1992 онд Жамъяангаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургуульд сурч байхад Монголын сор болсон мундаг эрдэмтэд бидэнд хичээл заадаг байлаа. Тухайлбал, Ш.Гаадамба багш бүтэн жил манай сургуульд аман зохиолын хичээл орсон. Мөн төвдөч Л.Хүрэлбаатар, гавж Ш.Сонинбаяр, цогт яруу найрагч О.Дашбалбар тэргүүтэй багш нараас номын дуу сонсож байсан минь их хувь заяа гэж боддог. Тэр дундаа О.Дашбалбар багш  гурван жил Дорно дахины уран зохиолын хичээл заасан болохоор яах аргагүй миний багш. Багш нар маань надад мэдлэг заасан, нэмсэн. Харин  уран бүтээл гэдэг багшаар заалгаж сурах зүйл биш гэж боддог. Дэлхий дээр удамшдаггүй ганцхан мэргэжил нь зохиолч. Тэгэхээр зохиолчийн хөдөлмөр цор ганц хувь шинжтэй. Зохиолч гэдэг үзсэн, сонссон, туулсан зэргээсээ хамаарч өөрөө төрдөг. Мэдээж харилцан нөлөө үзүүлэх зүйл байна. Нөгөө талаар миний хамгийн сайн багш орос хэл байж магад л юм” хэмээн эрсхэн хэлэв.

Одоо түүний яруу найргийн ертөнц рүү уншигч таныг хөтөлье. Энэ ертөнцөд таныг Дашийн Оюунчимэг зохиолч хүлээж байгаа. Тэр өөрөө энэ ертөнцөд өсөж, бойжиж, оюун санаагаа тэлж, сэтгэл зүрхээ тушаасан билээ.

 

-ШҮЛЭГ БИЧИХ БОЛ МИНИЙ ДУРЛАЛ-

Ганц улаан навч

Тийм дээр хөөрч

Газар алгадан унахад нь

Гараараа нүүрээ таглан

Тэсгэлгүй гашуунаар чиний тухай бодлоо..

   ”Очирт уулын бичиглэл” шүлгийн түүврээс...

         Үнэхээр тэсгэлгүй гашуун, тэсвэрлэшгүй, зүрх өвдөм шүлгүүдийг тэр бичдэг. Тэгвэл сэтгэл зүрхийг юу ч үлдээлгүй урж, хэдэн хэсэг болгон тасчиж хаях түүний шүлгүүд хэзээ, хаанаас төрдгийг, чухам юу энэ хүртэл хөтөлж, хөглөж явааг мэдэхээр түүнээс “Шүлэг бичиж байхдаа өөртөө нээсэн нээлт тань юу байсан бол. Энэ хүртэл та юунд хөтлөгдөж явсан юм бэ” гэж асуухад “1992 онд Жамъяангаравын нэрэмжит сургуульд элссэнээс хойш өөрт минь таалагдсан, тоогддог анхны шүлгүүдээ авч үлдээд бусдыг нь цөмийг нь устгасан. Зохиолч, яруу найрагч, бүтээлч, туурвилч хүн өөрийгөө хянаж, өөрийнхөө ололт, эрэлтийг мэдэрч байдаг. Оюутан болсноосоо хойш таван жил би нөр их хөдөлмөрлөж, өөрийгөө зориулж яруу найраг бичсэн. Тэгснээр тасралтгүй, эрж, хайж уншиж, өөртөө олж авсны минь үр дүн гарсан болов уу гэж боддог юм. Сэтгэл ханахгүйгээр хөдөлмөрлөнө гэж чухал зүйл байдаг. Зохиолч “Болж байна” гэж бодвол л  хөгжил нь зогсох болов уу гэж  боддог. УРАН БҮТЭЭЛЧИЙН АМЬДРАЛ ГЭДЭГ ТАСРАЛТГҮЙ, ЦӨХРӨЛТГҮЙ ЭРЭЛ ХАЙГУУЛААС бүтдэг. Эрээд, хайгаад, олоод, өөртөө шингээж авахыг нь аваад, хаяхаа хаях бол миний зарчим. Миний уран бүтээл хаанаас гараад байна вэ гэдэгт онцолж өгүүлбэл, би зөн билигтээ илүү ач холбогдол өгдөг. Орчин үеийн хэллэгээр бол энерги. Би тухайн мөчид надад хэрэгтэй урсгалаа л барьж байгаа юм. Түүнээс би асар их бодсон, шаналсан, шатсан зүйл байхгүй” гэж тэр хэллээ.

      Тэрбээр индэр дээр илтгэл тавьж байгаа нэгэн шиг дуугаа нэг өндөрсгөж, нэг намсгаж ярих ч ажаад байхад хаа нэг хөдөлгөх гараас өөр онц гойд хөдөлгөөнгүй хийхгүй.  Мөн тэр хэзээ ч эргэлзэж, тээнэгэлзэхгүй хариулах бөгөөд эрс шулуун, цэгц өгүүлж байгаа нь уран бүтээлдээ хүртэл ийм л шударга, зоригтой ханддаг болов уу гэсэн бодлыг эрхгүй төрүүлж байлаа. Түүний дууны өнгийг зүрх сэтгэл нь удирдаж байгаа бололтой, басхүү тэр яруу найргийнхаа тухай, өөрийн хөглөж, хөтөлдөг зүйлийн тухай ярихдаа “Юунаас ч юм жаахан залхахын сацуу шатсаар байна даа” гэж таамагламаар харагдсан билээ. Эндээс л тэр миний бичвэрт “эхэлж”, бидний яриа “дулаацаж” эхэлсэн гэж болно. Цааш темпертур нь улам нэмэгдэж, түүнийг уншигч тантай чадах чинээгээрээ ойртуулах сан гэж хичээе. Учир нь, тэр бол баргийн хүнд өөрийгөө нээгээд байхааргүй өөртөө оршигч юм.

            Үргэлжлүүлэн түүнд уншигчийг дүрэлзүүлэн асаадаг, тийчлүүлэм шархлуулдаг яруу найргийнх нь тухай ердөө гуравхан асуулт тавьсан юм.

    Нэгдүгээрт, “Та шив шинэхэн шүлгээ хэн нэгэнд уншуулах дуртай юу”  гэхэд тэрбээр “Би гүйж очоод шүлгээ уншиж өгч байсан хүн нэг ч байхгүй. Эргээд бодоход, яруу найрагт орсон маань хэн нэгэн хүн намайг магтаагүйд байгаа юм болов уу. Би магтаал гэдэг зүйлийг одоо ч сонсож үзээгүй, хэн нэгэн хүнээр магтуулаад баярлах, муулуулаад гутарна гэдэг бол уран бүтээлчийн хувьд насанд хүрээгүй байна гэсэн үг. Надад ч тийм нас байсан. Тухайн үед намайг их шүүмжлээд, эсвэл магтсан бол өдийд би хаашаа ч явах байсан юм бүү мэд. Хувь заяа намайг хэзээ ч тийм хүмүүстэй тааралдуулаагүй. Товчхондоо, би магтаал, шүүмжлэлийг өдий хүртэл үзээгүй яваа хүн” гэх нь тэр. Үнэхээр зарим талаараа бид хэн нэгнээр замчлуулж яваа санагддаг. Угтаа хүн өөрийн замыг эрж, хайж олох ёстойг тэр ч мөн өгүүлж байв. Харин хоёр дахь асуултад тэр “Яруу найрагт яагаад дуртай болсноо тайлбарлах аргагүй. Энэ бол хэний ч мэдэхгүй зүйл. Анх нэгдүгээр ангид ороод

Цолмон хүү мэрийхээрээ мэрийж

Цоохор даага жирийхээрээ жирийнэ гэх мөртийг уншаад яруу найргийн ертөнц рүү асар их хүчээр татагдсан. Магад тэр үеэс л өөрийн өгөгдөл, дотоод хүчин зүйлээ мэдэрч эхэлсэн байх. Авьяас гэдэг бол дур сонирхол. Хэрэв нэг зүйлд дурлаж байгаа бол тэр зүйлийг хийх хүчин чадал, авьяас билэг түүнд нуугдаж байна л гэсэн үг. Сэтгүүлчид мэдээ бичээд сайтад тавьдаг бол би шүлэг бичээд шүүгээндээ хийдэг. Тун болхи, бүдүүлгээр өгүүлбэл, яруу найраг бол миний дурлаж хийсэн ажил” гээд мөн л хэсэг чимээгүй болов. Асуултаа үргэлжлүүлж “Ахуй орчин, таны уран бүтээлд нөлөө үзүүлдэг үү” гэхэд “Миний шүлгийн, яруу найргийн ертөнц, хэчнээн өөр хүнийхээс тусгаар байсан ч тэнд зөвхөн хүн төрөлхтний амьдрал ахуй л байх болно. Ямар ч бодол санааны шүлэгч ахуйгаас ангид байх боломжгүй. Оршихуй, ертөнц минийхтэй холбоотой. Би мэдээж өөрийнхөө бүх амьдралыг тоочих боломжгүй. Өөрийн болон өрөөлөөс дуулсан юмнаас үүнийг ялгаж аваад, оюун санааны ертөнцийг нь бүтээж байгаа юм. Түүнээс ахуйгаас хол, ангид зүйл байхгүй. Ахуйгаас хол авдар сав бичлээ гээд хүмүүс нэгнийгээ  шүүмжлээд байдаг. Авдар хараад авдрын өмнө унтаад өссөн хүүхэд авдраа бичихгүй өөр юу бичих билээ. Гэхдээ илэрхийлж байгаа хэлбэр нь өөр. Авдрын тухай сонгодог шүлэг яагаад байж болохгүй гэж. Би анх шүлгээ Горькийн нэрэмжит номын санд сууж бичдэг байлаа. Шинээр шүлэг бичихийнхээ өмнө хуучин бичсэн шүлгүүдээ уншиж, бие халаалт хийгээд яруу найргийн ертөнц рүү ордог. Ингэснээр надаас үл хамааран шүлгүүд төрдөг. Түүнээс тэнд ямар ч санаа гарч ирж болно. Гэхдээ шүлэгт гарч байгаа санаа, дүр дүрслэл огт миний мэдэхгүй юм байх ч ихэвчлэн миний тархиар дамжин бууж байгаа учир миний туршлага, миний таашаал, миний үзсэн, туулсныг агуулсан байх нь гарцаагүй” гэх хариулт өгч байв. Түүний өөр рүүгээ “очдог”, өөртэйгээ тулж ажилладаг нь түүний уран бүтээлийн суурь болдог мэт. Энэ хүрээд бидний яруу найргийн яриа өндөрлөв.

-МОНГОЛД НАЦАГДОРЖ ШИГ ЗОХИОЛЧ МЭНДЛЭЭД АНДЕРСОНЫ ҮЛГЭРИЙГ УНШИХ Ч ЮМ БИЛ ҮҮ-

             Үргэлжлүүлэн түүний бие, сэтгэлээ бүрэн зориулсан томоохон оюуны ажлын талаар яриагаа өрнүүллээ. Яруу найргаа ярихдаа, өөртөө байгаа өгөгдлөө ярихдаа ихэд бардам, цэх түүний гуниг юунд оршдогийг, гэхдээ юунд итгэж, жаахан уужирч суудгийг дараах яриа тодорхой өгүүлнэ.

            Та дэлхийн уран зохиолын эрдэнэсийн сангаас монгол хүүхдүүдэд “тасдаж авчирсан” хүн. Монгол хүүхдүүдийн оюун санаанд маш үнэт өвийг та бэлэглэсэн. Үүндээ сэтгэл хангалуун явдаг биз дээ” гэсэнд “Бид өмнө нь дэлхий нийтийг социализм гэх ганц цонхоор хардаг байсан бол ардчилал ялснаас хойш бид олон зүйлийг орхих болсон. Тэдгээр орхигдсон зүйлийн нэг нь  дэлхийн сонгодог зохиолыг монголчууд мэдэхгүй хэвээр байв. Тэгээд л би монгол хүүхдүүддээ хүргэе, уншуулья гэсэн бодол тээж, дэлхийн шилдэг хүүхдийн 50 зохиолыг орчуулсан. Өнөөдөр Боловсролын яам жил бүр хэдэн тэрбумаар нь сурах бичиг хэвлүүлээд, дараа жил нь салхинд хийсгэж байна. Үүнээс өөрөөр нэг ч соён гэгээрлийн том битгий хэл жижиг ч ажил хийгээгүй. Би өөрөө тэр дундуур явж ирсэн учраас мэдэж байна. Сайд, дарга нар үг дуугарахаараа л комик ном гаргах тухай ярьдаг. Монголын хүүхдийн зохиол, бүтээл дээр төрийн бодлого байхгүй. Тийм ч учраас би тэдгээр номыг гарцаагүй орчуулах хэрэгтэй гэж зүтгэж байгаад хийсэн дээ. Ханцуй шамлан хийсэн ажил минь одоо ч олон нийтийн хүртээл болоогүй” гэж бухимдангуй өгүүлэв. Тэгснээ “Энэ хэдэн хүүхдийн номыг рекламдах гэж энд тэндэхийн хүмүүстэй уулзаж, хэрэндээ л их явсан. Гэвч үр дүнд хүрээгүй. Уншуулья гээд гуйгаад явсан ч уншуулах хүн олдохгүй байна. Миний өөрийн зохиол бол өөр хэрэг” хэмээв. Орчуулагчийн хөдөлмөр бол чөмөг дундалсан ажил гэдэг. Монголын хүүхдүүдийн соён гэгээрлийн төлөө гэж тэр хэчнээн шөнө нойргүй сууж зохиолоо орчуулсан бол гэхээр дотор халуу шатна. Орчуулагч, зохиолчдын зовлон гэж энэ л байх гэж бодогдов. Түүнээс би жаахан гэмшингүйгээр “Таны урам хугарчихав уу” гэхэд “Би учиргүй баярлаад, гомдоод байдаггүй. Угаас би үр дүнгүй ажил хийгээд сурсан болохоор учиргүй харамсаж, халаглаад байх юм алга. Хэдийгээр өргөн олны хүртээл болоогүй ч цөөн зарим хүнд тусаа өгч байгаа гэж итгэдэг. Тун саяхан “Амьдрал нулимсанд дургүй” киноны Гошогийн дүрд тоглосон уран бүтээлчийн яриа надад их таалагдсан. Тэрбээр Оросын уран зохиолын танхимын захиралтай уулзахад тус захирал номын сангаа өөд нь татах тухай ярьжээ. Тэгэхэд “Хэн ч ном уншихаа больсон байхад номын санг өөд нь татаж яадаг юм” гэж бүдүүлгээр хариулж. Тэгэхэд өнөө захирал урдаас нь “Хэзээ нэг өдөр сод эрдэмтэн төрөөд ийшээ ирэх ч юм бил үү, яаж мэдэх билээ. Тэгэхэд бүх ном нь тавиур дээрээ байж байгаасай гэж бодож байна” гэсэн гэдэг. Түүн шиг Монголд ч бас Нацагдорж шиг хүн мэндэлж, аз болоод тэр хүн Андерсоныг унших ч юм бил үү. Тэгэхээр намайг тоосонгүй гэж харамсаад гуниад суух шалтгаан байхгүй” хэмээн битүүхэн туньсан ч ирээдүйдээ итгэж сууна лээ. Угаас сод авьяас, нөр хөдөлмөр, агуу ухааныг эрин цаг үе үргэлж хоцорч үнэлдэгээс хойш гэж бодоод түүний өмнөөс тайвширсан билээ.

-МОНГОЛ ЗОХИОЛЧ БОЛЖ ТӨРСӨН МИНЬ ТОМ ШИЙТГЭЛ-

             Энэ хэсэгт түүний хувь уран бүтээлчийнх нь зуршил, зохиолч гэх тусдаа авторынх нь тухай хөөрөлдлөө. “Уран бүтээлчийн хувьд ямар нэгэн зуршил бий болов уу” гэхэд тэрбээр “Би юм төлөвлөдөггүй, юу бичих гэж байгаагаа ч мэддэггүй. Тухайн тохиолдолд л юм орж ирдэг. Уран бүтээлчийн зуршлын талаар жагсаавал би сүүлийн байрт орно” гээд инээмсэглэсэн юм. Үе үехэн үгнийхээ араас тэр чанга мөртлөө ихэд дулаахан инээнэ. Цааш үргэлжлүүлэн бага зэрэг саваагүй, эсвэл улам цаашлуулах вий гэмээр “Өөрийгөө бүр тоогоод, энийг яг л бичсэн байна шүү гэсэн бүтээлээ нэрлэж болох уу” гэсэнд тэр “ЯГ БИЧСЭН БАЙНА ШҮҮ ГЭЖ ХЭЛЭХГҮЙ ЮМ БИ ХЭЗЭЭ Ч БИЧИХГҮЙ. Би өөртөө илэрхийлж болох дээд зэргээр хичээж ажилладаг. Тийм ч учраас хорин хэдэн жилийн өмнө бичсэн шүлэг минь одоо ч надад таалагдсан хэвээр байна” гэв ээ.

    Уран бүтээл гэдэг цаг хугацааны аясаар бүдгэрч, зарим тохиолдолд гологддог талтай. Гэтэл түүний бүтээл ямагт түүнд нийцдэг гэхээр түүний дотоод ертөнцөд юу ч болсон өөрчлөгдөн, хувирашгүй зүйл бий гэмээр. Мөн тэр өөрийн бүтээлээ гаргасныхаа дараа унших төдийлөн дуртай биш гэсэн. Тэгээд бүр уран зохиолын хүрээнийхний сонин хачныг ч сонсдоггүй. Хэн, ямар ном бүтээл гаргаж байгааг ч мэддэггүй. ТОВЧХОНДОО, “НАДАД ГАДНААС МЭДЭЭЛЭЛ АВАХ ХЭРЭГЦЭЭ БАЙХГҮЙ” гэсэн юм. Тэгэхээр нь түүнээс “Тэгвэл таны цор ганц уншсан монгол зохиолч таны хань Б.Номинчимэд байх нь” гэхэд    “Номинчимэд надад номоо редакторлах даалгавар болгож өгсөн тохиолдолд л уншина. Энэ намар “Цагаан бороо” номоо хэвлүүлэх үеэр нь бие өвдөөд өөр хүнээр редакторлуулсан. Би сүүлийн хэсгийг нь л редакторласан. Надад хэний яриа сонин бэ гэхээр миний зохиолын түүхий эд болох энгийн хүмүүсийн яриа сонин. Түүнээс бичсэн юм нь тийм ч сонин биш” гэлээ. Түүнээс би давтаж, “ҮНЭХЭЭР ТА МОНГОЛ ЗОХИОЛЧДЫН НОМЫГ УНШДАГГҮЙ ЮМ УУ”  гэхэд тун итгэлтэйгээр “Надад бүтээлээ уншуулна гэхгүй бол би хэнийг нь ч зорьж уншдаггүй” гэв. “Уншигчид таны шүлгээр цангаж байгаа болов уу” гэхэд “Шүлгийн номоо хэвлүүлэхгүй. Миний гурван роман гурвуулаа нийлээд 30 мянган төгрөг гээд нэг газар зарж байгааг олоод харчихсан.  Тэгэхээр үнэгүйдэж байгаа юм. Энэ бол уран бүтээлчийн хувьд маш том эмгэнэл. Ном зарж амь зуух бодлоо орхиод, огт хэвлэхгүй байх ёстой гэж шийдсэн” гэх нь тэр. Түүний ийн хаа нэг гомдож байгаа болов уу гэмээр үгсэд бусдын өмнөөс гэмшингүй сэтгэгдэл төрөн сууж ядахад тэр “Гэсэн ч би хэнд ч гуниж, гомдох шалтгаан байхгүй” гэх өнөө л эрмэг гэмээр үгээрээ гэмшсэн сэтгэлийг минь тас цохиж, бид хоёул тайвшрах шиг болсон билээ.

   Уртын урт санаа алдалт шиг уран бүтээлийн гуниг, баяртай яриагаа төгсгөж, түүнээс “Монголд зохиолч болж төрсөндөө та баярладаг уу” гэж асуухад “Энэ бол асар том шийтгэл. Бид хэн ч мэдэхгүй, цөөнхийн хэлээр бичиж байна. Энэ бол нэг талаараа маш том гэсгээл шийтгэл, үйлийн үр. Харин гэгээлгээр харах юм бол Монголоос том зохиолчид төрөөгүй учир нүүдэлчдийн ахуй, амьдрал сэтгэлгээ өнөөдрийг хүртэл үнэ цэнтэй хэвээр байна гэсэн үг. Хэрэв хэн нэгэн Маркес шиг хүн гарч ирээд уудалсан бол бидэнд бичих зүйл үлдэхгүй байсан ч байж мэднэ” гэсэн хариулт өгчихөөд, тоосон ч шинжгүй дараагийн асуултыг чагнан суулаа.

-БИ МУУ ЭХНЭР, ЭЭЖИЙН ЗАМЫГ СОНГОСОН-

  “Эмэгтэй хүн зохиолч байх хэцүү гэж ярьдаг. Эмэгтэй зохиолчийн хувьд жаргал, зовлонгоо та хамгийн сайн мэдэх болов уу” гэхэд “Эмэгтэй хүн зохиолч байх боломжгүй. Эмэгтэй хүний тархины бяд ч зохиол бичихэд хүрэлцэхгүй” гэлээ. Тэгэхээр нь “Тэгвэл та зохиолч биш гэж үү” гэхэд “Эмэгтэй хүний, ээж хүний үүрэг хариуцлага гэдэг бол их чухал зүйл. Сайн эхнэр, ээж, охин байх юм бол хэзээ ч зохиол бичиж чадахгүй. Тэгээд л би муу эхнэр, муу ээжийн замыг сонгосон юм. Харин тархины бяд хүрэхгүйн тухайд би өөрийнхөө хэр хэмжээг мэднэ. Би хэзээ ч “Дайн ба Энх”, “Зуун жилийн ганцаардал” шиг зохиол бичиж чадахгүй” гэв. Үргэлжлүүлэн гэр бүлийн хоёр хүн зохиолч байхын зовлон, жаргалыг асуухад “Манай гэрт ямар ч уран бүтээлийн тухай яриа болдоггүй. Миний бичсэн номыг Б.Номинчимэд уншдаггүй. Дээр хэлсэнчлэн би ч бас үүрэг даалгавар болгоогүй л бол номыг нь уншдаггүй. Манайх зүгээр л эгэл жирийн гэр бүл” гэсэн юм. Тэр ийм л шийдэмгий нэгэн. Гэхдээ хамгийн эрхэмсэг оршихуй бол хэнийг ч халдаахгүй бас хэнд ч халддаггүй бие даан цор ганцаар оршигч байдаг. Ийм ч учраас бусдаас гэгээн, бүхнээс ангид, хиргүй тунгалагаараа үүрд үлддэг билээ.

            Шүлэг, орчуулга, ном зохиол, өөрийгөө өөрөө эрж хайх...тэр ердөө энэ зүйлийн дундуур л алхаж иржээ. Гэхдээ хамгийн сонин нь ганцаараа, зөвхөн өөрөө өөртөө оршиж ирсэн гэдэг нь дээр өгүүлсэн ярианаас нь тодорхой харагдаж байв. Ийм уудам, чимээ шуугиантай ертөнцөд тэр яаж ганцаархнаа оршиж чадсан юм бол гэж гайхмаар ч магад түүнийхээ хүчинд, ганцаараа оршиж ирснийхээ ачаар тэр өдий дайны, уншигчдын хүндэлж хайрладаг, хүлээдэг Монголын цөөн эмэгтэй зохиолчийн нэг болж чадсан биз ээ.

 

 


ЭРХЭМСЭГ ОРШИХУЙ БУЮУ ДАШИЙН ОЮУНЧИМЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-12 08:54:15
    Даваа: Энэ зохиолчтой яаж холбогдох бол?Мэйл хаяг нь юу бол?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-23 18:34:28
    И.содномдаржаа.: Д.Оюунчимэг.Номинчимид та хоёртоо аз жаргал аугаа чухал сайхан бүтээл төрнө гэж би итгэж байна.Зохиолч болж зохиол бичнэ гэдэг шуурга сөрсөн хэцүү тавилан юм билээ.та хоёр сөр.сөр бич.бич амжилт аз жаргал хүсэж байна даа.өвгөн ах нь.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-22 18:52:19
    Замок: Түс тас ярианд нь сэтгэлд нийцэхгүй санаа алга.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188