• Өнөөдөр 2024-04-20

ТАВ ГЭЗЭГТЭЙ ТОД МАНЛАЙ

2022-03-20,   4463

         Өглөө босон гэрээс гартал зөөлөн будрах цасан ширхгүүд байгаль дэлхийн эд эс болсон уул, толгодын оройг малгайлан даржээ. Хуйлран нүүх үүлс уурга барьсан морьтой хүн мэт харагдах ахуйд Монгол Улсын тод манлай уяач Цэвээнжавын Дуламсүрэнтэй ярилцахаар цаг товлосноо саналаа. Тиймээс гэртээ эргэн орж, түүн рүү утас цохилоо. Утас нь цөөнгүй удаа дуудсаны эцэст бүдүүн, баргил хэрнээ энгийн даруу дуу хоолойгоор Дуламсүрэн гуай “Байна уу” гэв. Би товлосон цагтаа түүнтэй уулзаж ярилцахаа мартсан тул гэмшингүй аястай “Байна, би Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлч байна аа. Та хаана байна, би одоохон яваад очих уу” гэлээ. Гэтэл “Таньж байна. Өлзийт хороололд хүрээд ир” гэв. Тиймээс будрах цастай гуравдугаар сарын 13-ны өглөө дуу аялан түүний гэрийг зорилоо. Ингээд Эргэлт.мн мэдээллийн сайтын уншигч та бүхэнд энэхүү ярилцлагаа толилуулъя.

 

ЭРЛИЙЗ МОРИЙГ ХҮҮХЭД УНАЖ БОЛОХГҮЙ

                Их хотын дуу чимээнээс холдож, цасан малгайтай уулсын араар давхисаар Айдасын даваа давахад баруун гар талд хөдөөний нэгэн сум мэт оршин байх Өлзийт хороолол харагдана. Хөдөөний нэгэн сум гэж хэлж байгаагийн учир гэвэл гудманд нь үхэр бэлчиж, адуу янцгааж, хүүхдүүд гийнгоолно. Энэ газарт нутаг нутгийн уяачид хурдан хүлгийнхээ уяа сойлгыг тааруулдаг билээ. Нэг үгээр бол уяачдын голомт гэж хэлж болно. Бид Монгол Улсын тод манлай уяач Ц.Дуламсүрэнгийн хашааны гадаа ирлээ. Хурдан морь унаач хүүхэд болов уу гэмээр инээмсэглэл алдсан бор царайтай хүү биднийг угтан авав. Тэр хүү “Дууяа ах морины хашаанд байгаа. Би та хэдийг хүргээд өгье. Сайхан хаваржиж байна уу” хэмээн инээмсэглэнэ. Хүүг даган явсаар морины хашаанд очиход цааш харан зогсоо тав гэзэгтэй, ялимгүй толгойгоороо бөхийн юм хийж буй хүн бол Ц.Дуламсүрэн гуай байлаа. Тэрбээр бидэнтэй мэнд мэдэж “Өнөөдөр байгаль, дэлхий минь сайхан хур хайрлаж байна. Энэ жил ч ногоо эрт идэх нь дээ” хэмээн тэнгэр ширтэн зогсоно.

Мэнд мэдэлцсэн бид гэр рүү нь алхлаа. Тэрбээр “Хүү аль нутгийн хүн бэ” хэмээн надаас асуув. Би “Өвөрхангай аймгийн Өлзийт сумынхгэхэд Аанхаа. Илдэн бээлийн хошууны хүн юм биз дээ. Сайхан хавар болж гэнэ үү. Танай нутаг ойрын хэдэн жил ган гачигтай л байлаа даа” хэмээн ярилцсаар гэрт нь орлоо.

 

         Ц.Дуламсүрэн гуай цай аягалангаа “Чамайг ирнэ гээд бууз жигнэж байлаа” хэмээгээд уур савссан халуун буузаар дайллаа. Тэрбээр живэр сахлаа имрэн инээмсэглээд “Саяхан Монголын үндэсний спортын холбоот нэгдээд “Үндэсний спортын хороо” гэдэг байгууллага байгуулагдаж анхны чуулганаа хийлээ. Энэ чуулган дээр Ерөнхийлөгч “Монгол адуугаа авч үлдэх, Монгол адуугаараа дэлхийд ондооших, наадмаа хийх, өв соёлоо ариун байлгах тухай дурдлаа. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяраа хамт нь хийе” гэсэн шийдвэр гарсан. Үүнд ард түмэн, уяачид, бөхчүүд баяртай байх шиг байна. Миний хувьд бол энэ жилийн баяр наадамд уралдах хурдан хүлгүүдээ уяж, сойж эхлээгүй л байна. Монголчуудын хүн төрөлхтний түүхэнд бий болгосон оюуны өв соёл болох эрийн гурван наадамд ард түмэн хамгийн олноороо, бараг бүгд оролцдог. Гэтэл “сүүлийн жилүүдэд” хэмээн тэрээр санаа алдан суулаа. Тэгснээ “Эрийн гурван наадмын гол асуудал болсон морин уралдаан маань эрлийз, монгол адуу гэх мэтээр хуваагдах боллоо. Уг нь бол Монгол төрийн наадамд зураан насны монгол адуу л уралдах ёстой. Гэтэл эрлийз гурван нас гэж хууль зөрчин тусдаа уралдаж байна. Уяачдын холбооноос эрлийз, монгол адуу хоёроо ялгаж уралдана гэдэг шийдвэр гарсан боловч 50 хувьтай буюу англи азарга болон монгол гүүнээс гарсан төл уралдаж, наадам будлиантуулж байгаа юм. Үүнээс болоод орон нутагт морь уяж байгаа залуучууд наадам оролцох бодол нь мөхөс болж байна” хэмээн санаа зовсон өнгө аястай яриа дэлгэв. Мөн тэрбээр  малаа маллаж яваа малчин, уяачдын маань наадамд оролцох эрх хасагдаж байна. Тиймээс энэ тал дээр хууль дүрмийн дагуу гаргалгаа бий болгохоор Үндэсний баяр наадмын хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Энэ тал дээр анхаарал тавьж ажиллана” гэнэ. Тэгэхээр би та энэ жилийн наадамд хурдан хүлгүүдээс сойхгүй юм уу л гэлээ. Гэтэл Ц.Дуламсүрэн гуайн харц над руу тогтож “Монгол төрийн наадамд морьдоо сойход оройтоогүй байна шүү дээ. Гурав, дөрөв, тавдугаар сард морьдоо барьж, уяа сойлгоо тааруулаад уралдуулах бүрэн боломжтой" гэлээ.

Малаа маллаж яваа малчин, уяачдын маань наадамд оролцох эрх хасагдаж байна

            Ойр дотнынх нь хүмүүсийн дууддагаар Дууяа буюу Дуламсүрэн гуай эрлийз гэдэг үг аль ч улсын нэр томьёонд байхгүй үг л гэнэ. Тэр эрлийз гээд байгаа адуутай хүмүүс эртнээс  морио бэлдэж тэжээж эхэлдэг. Засгийн шийдвэр гарч тавдугаар сарын 1 хүртэл морь уралдуулахыг хориглосон. Тиймээс уяачид энэ шийдвэрийг зөрчиж болохгүй. Би ч энэ шийдвэрийг баримталдаг. Үүнээс гадна эрлийз гээд байгаа энэ өндөр морийг чинь насанд хүрээгүй хүүхэд унаж болохгүй хэмээн ярьсан юм.

Цэвээнжавын Дуламсүрэн гэх энэ эрхэм хүмүүн Архангай аймгийн хотонд сумын харьяат. Мөн тэрбээр Ардын хувьсгалын 61 жилийн ойн үндэсний баяр наадамд улсын заан Ч.Гочоосүрэнгээр тав давж" Монгол улсын начин" цолыг хүртсэн. Үүнээс улсын харцага Ц.Юүвээ, улсын начин Ц.Ванчигцэрэн нар түүний төрсөн ах нар юм.

УЯАЧДЫН ЁС ЗҮЙ, ЖУДАГ АЛДАГДСАН ГЭДЭГТЭЙ САНАЛ НИЙЛДЭГ

         Бид ийнхүү хөөрөлдсөний дараа гал тогооны өрөөнөөс гэрийн хойморт шилжлээ. Гүдэсхэн яриатай, намба төрхтэй монгол эрийн дүр төрхийг түүнээс харж болно. Ярилцлагаа цааш үргэлжлүүлэхээр суудлаа эзэгнэнхэн суух цаг дор гаднаас хүн орж ирлээ. Дууяа гуай уулзаад ирье хэмээн боссон явав. Гэрийн хананд морьдын зурагтай хуанли, өргөмжлөл, хусуур, гэх мэт Монголын өв соёлын салшгүй нэг хэсэг болсон эдлэл хэрэглэл бүрнээ байх аж. Мөн монголчуудын сүсэглэж шүтдэг “Дамдин бурхан”-ыг хийморийн авдар дээрээ залжээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа тэрбээр эргэн ярилцлагаа цааш өрнүүллээ.

           Монгол морийг эрлийз адуунаас ялгаж төрийн наадам уралдуулах ёстой гэнэ. Гэхдээ өндөр нам, сэрвээний хэмжилтээр биш үүлдэртэй буюу генетик байдлаар ялгах ёстой юм л даа. Тухайлбал, чи бид хоёрын өндөр, намаар нь хараад хятад монгол гэж ялгаж болохгүй биз дээ. Үүнтэй адилхан  адууг ч гэсэн ялгаж болохгүй юм. Үүнээс уяачдын ёс зүй, жудаг алдагдсан. Яагаад гэхээр эрлийз морьтой уралдах адууг монгол адуутай уралдуулчихдаг.

 

           Тэр уяачид УАЗ 69 машины уралдаанд жийп авч ирээд уралдуулаад байгаа байхгүй юу даа. Энэ зарчим мөн үү” хэмээн надаас тэрээр хариулт нэхлээ. Би ч “Шударга биш л” гэлээ. Гэтэл тэрбээр “Ийм ёс зүйгүй, жудгаа алдсан нөхдүүд наадам будлиантуулаад байна. Тиймээс бид жирийн малчин, уяачдын уяж байгаа монгол адууг авч үлдэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод ҮМСУХ-г байгуулсан. Ер нь шинжлэх ухаан, техник технологи оргил цэгтээ хүртэл хөгжиж буй эрин зуунд бид өндөр намаар нь адууг ялгана гээд сууж байх ёстой юм уу. Дэлхийн бүх адууны өвөг нь монгол адуу гэж ярьдаг” хэмээлээ. Энэ үед би түүнээс “Монгол хүний жудаг гэж яг юуг хэлдэг бэ” хэмээн асуулаа. Дуламсүрэн гуай “Боловсрол, соёл, жудаг гэж юу бэ гэдэг нэлээд олон зүйл дээр ярих хэрэгтэй юм шиг санагддаг. Бид одоо бол эрх зүйтэй нийгэмд амьдарч байгаа. Ардчилал гэж юу бэ, гэхээр миний эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдана. Чи унтмаар байхад хажууд чинь дуулаад байж болохгүй. Нэг үгээр бол миний үйлдлээс болоод бусдын эрх зөрчигдөх ёсгүй. Үүгээр би юу хэлэх гээд байна” хэмээн живэр сахлаа имрэн надаас асуулаа. Би “Би танаас жудагын тухай л асуусан. Үүний тухай л хэлэх гэж байгаа болов уу” гэлээ. Гэтэл тэрбээр “Яг тийм. Ерөөсөө л бусдыг дээдэлдэг, хүндэлдэг байх ёстой юм. Монголчууд ийм л зарчмаар амьдарч ирсэн ард түмэн. Нэг үгээр бол хүндлэл гэдэг жудаг юм.

           Аан тийм, шинэ цагийн монгол адуу гэж ярьдаг. Энэ хамгийн буруу зүйл. Тухайлбал, монгол гүү, англи азарга хоёрын дундаас гарсан төлийг шинэ цагийн монгол адуу гэж нэрлээд бас болоогүй хөгжил гэж яриад байгаа юм. Тэгэхээр хаашаа юм би хятад, юм уу, герман хүнтэй сууж шинэ монгол үүсгэж улс орноо хөгжүүлэх ёстой юм уу. Энэ хөгжил мөн үү. Яаж ч бодсон хөгжил биш, энгийн амьдрал л байхгүй. Үүнтэй адилхан шинэ цагийн монгол адуу гэж ерөөсөө байхгүй.

         Морио унаж яваад таван эзэнт гүрэн байгуулсан улс Монголоос өөр байхгүй. Үүнээс гадна 700 гаруй жилийн өмнө адууны яам дангаар нь байгуулж байсан улс мөн л монголоос өөр байдаггүй юм. Нэг үгээр монгол адуу бол байгалийн бүтээгдэхүүн. Тиймээс хүний оюун ухаан, үүлдрийн аргаар гаргасан англи адуутай нийлүүлж шинэ монгол адуу гэж буруу зүйл яригдаж байна. Энэ нь хэсэг бүлэг хүмүүсийн л хийж байгаа ажил. Цол хэргэм, шагнал авахын төлөө эрлийз адуу уралдуулж байгаа нь зохисгүй зүйл л дээ” хэмээн тэрбээр дахин санаа алдлаа. Гэхдээ тэр өмнөхөөсөө илүү уртаар санаа алдах нь мэдрэгдэнэ.  

           Ц.Дуламсүрэн гуай 1970 онд сумын наадамд анх морь айрагдуулсан байна. Харин 1989 оноос улсын наадамд морь уралдуулж эхэлсэн бөгөөд 1999 онд анх морь айрагдуулж юм. Мөн Ардын хувьсгалын 80 жилийн ойн Үндэсний их баяр наадамд Бундан хул үрээ түрүү "Боржигон - 2002" Хүрэн үрээ аман хүзүүнд хуралдаж байсныг хурдан морь сонирхогчид андахгүй билээ.

           Дуламсүрэн гуай “Монгол адууны гайхамшигт чанар их шүү” гэв. Тэгэхээр би түүнээс энэ талаар тодруулж асуулаа. Гэтэл тэрбээр “Монгол адуунаас өөр адуу эзэн болон нутагруугаа гүйгээд явж түүх чи мэдэх үү” хэмээн урьдын адил асуултыг минь асуултаар хариуллаа. Би ч  мэдэхгүй гэдгээ үнэнээр нь хариулав. Тэрбээр цааш үргэлжлүүлэн “Чи Өвөрхангай хүүхэд гэсэн танайх төв аймгийн нэг малчинд адуу зарлаа гэж бодол доо. Нутагтаа гүйгээд л очно. Асуудалгүй шүү дээ. Үүнээс гадна эзэндээ ээлтэй, азарга нь үр төлөө гишгэж хээлтүүлдэггүй. Тэгэхээр монгол адуу ухаантай байгаа биз. Мөн настай хүн мориныхоо дэргэд очиход монгол адуу нуруугаараа хотойж өгдөг. Өөр ямар ч улсын адуунд ийм чанар байдаггүй.

Үүнээс гадна наадмыг уяач, бөх, сур харваачидад зориулж хийдэггүй. Ард түмэнд зориулж хийдэг уламжлалт баяр байхгүй юу

         Монгол Улсын Тод манлай алдарт уяач Ц.Аюуш агсан Дуламсүрэн гуайн Бундан хул үрээг бэлэглэж байсан гэнэ. Найзынхаа бэлэглэсэн морийг улсын баяр наадамд уяж, сойж түрүү магнайд ирэхэд ихэд баярлаж байжээ. Бундан хул үрээ соёолон насанд түрүүлсэн нь бүгд нь л аз жаргалыг авч ирсэн” хэмээн дурссан юм. Мөн соёолон насны морь долдугаар сарын 12-нд мордоход Улаанбаатарт хүн нь хаачив гэмээр эл хульхан байдаг” хэмээн анх инээвхийлэх нь тэр. Цааш яриагаа үргэлжлүүлэн үүгээр юу харуулж байна. Монгол хүн адуугаа хайрлаж, дээдэлж байгаагийн шинж л дээ. Үүнээс гадна наадмыг уяач, бөх, сур харваачидад зориулж хийдэггүй. Ард түмэнд зориулж хийдэг уламжлалт баяр байхгүй юу.

           Дуламсүрэн гэх энэ эрхэм хүмүүний сэтгэлд ийм нэгэн дурсамж хадгалагдан үлджээ. "1970 оны улсын наадамд Юүвээ ах зургаа давж цол аваад нутагтаа ирэхэд Ванчигцэрэн ах мөн л сумандаа анх удаа барилдаж үзүүрлэсэн. Мөн аавын бор морь аман хүзүүдсэн аз од гийсэн өдөр байсан байсан даа. Нутаг усных манайд цуглан ээжийн бэлтгэсэн гарын хоол, цай, сүүний дээжийг зооглож, сонин сайхан ярилцаж байлаа. Энэ үе манай аав “Морь уралдуулж, бөх барилдах нь хувь хүний бус төрийн хэрэг юм. Ганц миний, манайхны биш нутаг усныхан минь баяр хөөр” гэж хэлж байсан түүний сэтгэлд тод томруунаар хадгалагдан байдаг аж.

         Тэрбээр монгол наадмыг эм тариа болон эрлийз морьд уралдуулж байгаад эмзэглэж явдаг гэнэ. Улсын баяр наадамд эхний 10-т уралдсан морьдоос допингийн шинжилгээ авдаг больё гэсэн боловч сайн дэмжигдэхгүй байгаа аж. Үүнээс гадна Дархан аварга, хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат агсантай ихэд ойр байжээ. Мөн Ц.Дуламсүрэн гуай чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастер цолтой. Тэрбээр улсын начин болсон нь аав, ээж, багш нарын минь гавьяа хэмээн бодож явдаг гэнэ.  Мөн олимп, дэлхий тэмцээнээс медаль авахаас гадна үндэсний бөхөөр амжилт гаргасан тамирчид насны эцэст уурын зуухны галч хийн амьдарч байсан ихэд харамсаж явдаг тухайгаа дурссан юм.

Мөн бооцоот уралдаанд хүүхдээр морь унуулах юм бол Монгол наадмыг өв соёлоос чинь хасна шүү гэсэн бичиг ч ирсэн байгаа. Үүнд хамгийн их гай тарьж байгаа нь эрлийз адуу. Үүнээс гадна наадам бол огт зиндаархал биш. Наадам ард түмний баясал. 80-н морь уралдахад 80-жийп загварын машин дагаж байна. Энэ яаж байна гэхээр мөнгөтэй хүмүүсийн нэг нэгэндээ харуулж байгаа зиндаархал

           Цонхны цаана цас бударч, айлуудын яндангаас утаа сүмбэрлэнэ. Зах хязгаар үл харагдах тэнгэрийн хязгаар цав цагаан өнгөөр цоохортон байх цаг дор түүнээс би “Уяачдын дунд унаач хүүхдийн асуудал болж байна, хүүхдийн эрхийн байгууллагуудаас хурдан морь унуулахыг нэлээд эсэргүүцэж байгаа шүү дээ. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ” хэмээн асуулаа. Гэтэл тэрбээр “Ашгийн төлөөх бооцоот уралдааныг хүүхэд унахыг хориглодог. Монгол үндэсний наадмаар унаж болно. Үүнийг НҮБ-г ч зөвшөөрсөн. Яагаад ашгийн төлөө бус монгол өв соёл учраас хүлээн зөвшөөрч байгаа юм. Мөн бооцоот уралдаанд хүүхдээр морь унуулах юм бол Монгол наадмыг өв соёлоос чинь хасна шүү гэсэн бичиг ч ирсэн байгаа. Үүнд хамгийн их гай тарьж байгаа нь эрлийз адуу. Үүнээс гадна наадам бол огт зиндаархал биш.

           Наадам ард түмний баясал. 80 морь уралдахад 80 жийп загварын машин дагаж байна. Энэ яаж байна гэхээр мөнгөтэй хүмүүсийн нэг нэгэндээ харуулж байгаа зиндаархал. Уг нь бол энэ хэзээ ч байж болохгүй зүйл л дээ. Би Монгол Улсын Тод манлай уяачдын зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Одоогоос 10-аад жилийн өмнө Дүнжингарав уралдаан дээр тод манлай уячид морь дагахгүй шүү” гэж хэлсэн. Гэтэл араар зарим нь морь дагаад явчихсан л байдаг. Ингээд харахаар наадмыг хэн үймүүлдэг вэ. Жирийн малчин, уяачид огт биш. Харин морио хүнээр уяулаад намар нь морио таниа байсан хэдэн нөхдүүд наадмыг наадам биш болгоод байгаа юм. Үүгээр зогсохгүй өөрсдийгөө өв соёл түгээч гэж яриад байгаа нь том алдаа.

Ц.Дуламсүрэн гуай долоон хүүхэдтэй айлын отгон хүү. Дөрвөн  настайдаа мотоциклын үнээр номхон морь авч унан, таван настайдаа трубка зууж тамхи баагиулсан “билэг танхай” хүү байсан хэмээн түүнийг мэдэх хүмүүс ярьдаг юм билээ.

         Дуламсүрэн гуайгаас унахын ач тусын асуулаа. Тэрбээр “Морь унаж байгаа хүн өвчнөөс аврагддаг юм билээ. Тиймээс монгол адуугаа дээдэлж, өв соёлоо дээдэлж сайн сайхан байцгаагаасай гэдэг ерөөлийн үгээр энэхүү ярилцлагаа өндөрлөе” гэж ах нь бодож байна гэлээ. Бид энэ хүрээд ярилцлагаа өндөрлөж, дахин гал тогоонд орж цай суугаад гэрээс гарлаа. Цас бударсаар л байв. Морьд янцгааж зөөлөн салхи үлээж буй мэдрэгдэнэ. Ц.Дуламсүрэн гуай биднийг машинд суулгаж өгөөд цааш эргэн алхлаа. Тав гэзэгнийх нь үзүүр салхинд хийс ч нам намсхан алхсаар морины уяа руугаа дөхөж буй нь бага багаар алсран хоцорлоо.

 

 

 


ТАВ ГЭЗЭГТЭЙ ТОД МАНЛАЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-23 00:02:35
    зочин: Овооны наадам дээр дундаас нь морь оруулж тавьж байхыг нь харжил байлаа тэр үед үнэн жудаггүй хүн бна даа гэж харж байлаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-22 23:59:58
    зочин: худлаа хуцдаг новш энэ хүн бгаа газар дандаа хэрүүл бдаг . хүмүүсийг хооронд нь талцуулж кайф авдаг юм шиг бгаа юм . үнэн бүтэхгүйээ. Онон багш гэж байснаа одоо өөрөөр ярих янзтай багшаа шүтүүл шүтсэн шиг шүтэх хэрэгтэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-20 17:39:14
    pa: ulaan heruulch luiwarchin
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-20 17:39:07
    pa: ulaan heruulch luiwarchin
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-15 01:21:30
    eee: ene hun yawsan gazar yagad inged hel am herul tasardaggui yum bol ter suhbat ged huduni mal bna undesni buhin awarga gechihje doping shahaj odo biygui bolchihod odo bur hana herul bna ene hed l bj bhin yun nugu mongol er hun yos judag hutsna bizde harad l hudalch luiwarchin gedeg n tsrainas n il haragdaj bna aa hu ene dulamsuren ter suhbat nertei yawdag jorlongin
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188