• Өнөөдөр 2024-03-29

Б.ЖАРГАЛСАЙХАН: Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй шүү дээ

2022-02-22,   1053

Энэ удаагийнхаа “Энэ цагийн эзэд” буландаа олон түмэндээ “Хасар Жагаа” хэмээн хүндлэгдсэн Монгол Улсын гавъяат жүжигчин Б.Жаргалсайхантай ярилцлаа. Тэрбээр тайз, дэлгэцийн уран бүтээлүүдэд үзэгчдийнхээ  оюуныг мялаасан олон сайхан дүр бүтээсэн билээ. 

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Энэ талаар хоёулаа яриагаа эхлэх үү?

                 -Энэ он гарснаар манай УДЭТ ээлжит шинэ уран бүтээлүүдээ хийж эхлээд байна. Лев Толстой  “Анна каренина” жүжгийг тоглохоор бэлтгэл ажилдаа орсон байгаа. “Анна каренина” жүжиг маань олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гуравдугаар сарын 1-ээс 13-ыг дуустал тоглогдоно. Энэ жүжиг хоёр жилийн өмнө тайзнаа тавигдсан боловч одоо ч хүртэл үзэгчдийн эрэлт хэрэгцээ болоод буй юм. Тиймээс дахин толилуулах гэж байна.

-Одоо ажиллаж байгаа дүрийнхээ талаар дэлгэрэнгүй яриа дэлгэж болох уу?

                 -“Анна каренина” жүжигт би Алексей Каренингийн дүрийг бүтээсэн. Лев Толстой энэхүү зохиолыг манай Монголын уншигч, үзэгчид мэдэх байх. Мөн миний бүтээж буй Каренингийн дүрийг нэлээдгүй сайн мэдэж байгаа болов уу. Товчхондоо энэ дүр өөрийн гэр бүлээ ариун байлгахын төлөө, ариун нэр төрийн төлөө бүхий л зүйлээ зориулдаг. Мэдээж хүний амьдрал юм хойно сайн, муутай олон үйл явдал, зан араншин гарна. Энэ бүгдийг үзэгч олон маань тайзан дээрээс харах боломжтой.

Үеийнхнээсээ нэлээд том биетэй спортод сонирхолтой хүүхэд байсан. Тиймдээ ч аравдугаар анги хүртлээ спортын хүн болох байх гэж бодож байлаа. Харин 1982 онд ОХУ-ын ГИТС гээд театрын урлагийн сургууль элсэлт авч байна гэсэн мэдээллийг авч шалгалт өгсөн. Шалгалт өгсөн гол шалтгаан юу гэхээр багасаа алтан Москвад очиж үзэхийг мөрөөддөг байв

-Таны хувьд дүрээ хэрхэн хүлээн авч, хэрхэн илэрхийлж гаргадаг вэ?

                 -Уран бүтээлчид өөрийн гэсэн онцлогтой байдаг шүү дээ. Ахынх хувьд эхлээд зохиолоо уншдаг. Дараа нь найруулагч дүр хуваарилдаг. Найруулагч маань Жаргалсайхан гэдэг жүжигчинд дүр өгөхдөө тухайн дүртэй төстэй ч юм уу, энэ хүн хийж чадна гэсэн итгэл үнэмшил явж байдаг. Тиймээс хамгийн гол зүйл бол тайзан дээр итгэл үнэмшилтэйгээр тухайн дүрээ бүтээх ёстой. Тийм ч учраас дүрийн задаргаа, судалгаа хийнэ. Хамтрагч, тоглогч нартайгаа харилцана.  Мөн хувь жүжигчин өөрийнхөө үзэл, дотоод мэдрэмжийг гарна. Миний мэргэжил асар их судалгаа хөдөлмөр шаардсан ажил, хүн судлаач гэж хэлж болно шүү.

-Таны хувьд тайзны уран бүтээлүүдээс гадна, дэлгэцийн уран бүтээлд олон сайхан дүр бүтээсэн шүү дээ. Таны хувьд тайз дэлгэцийн уран бүтээлийн ялгаа, үнэ цэнийн тухай юу хэлэх вэ?

                 -Энэ талаар дээр уран бүтээл болгон л хэлдэг. Мэдээж ялгаа байлгүй яах вэ. Дэлгэцийн уран бүтээл бол тодорхой хэмжээний орон зайд найруулагчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу тоглодог. Тиймдээ ч алдах эрх байдаггүй. Харин тайз бол өнөөдөр алдаатай тоглолоо гэхэд маргааш засаж болдог. Мөн үзэгч, тайз, жүжигчин гурвын хооронд амьд харилцаа үүсдэг. Ер нь жүжигчин хүний гол шалгуур бол тайз гэж би боддог. Тэр ч утгаараа УДЭТ-аас олон алдартай уран бүтээлчид төрөн гарчээ.

-Та нэг ярилцлагадаа “Жүжигчин болно гэж мөрөөдөж явсангүй” гэсэн байсан. Тэгэхээр ямар мэргэжилтэй хүн болохыг багаасаа хүсэж, мөрөөдөж байсан бэ?

                 -Бага насанд жүжигчин гэдэг мэргэжил миний дотоод сэтгэл байгаагүй. Үеийнхнээсээ нэлээд том биетэй спортод сонирхолтой хүүхэд байсан. Тиймдээ ч аравдугаар анги хүртлээ спортын хүн болох байх гэж бодож байлаа. Харин 1982 онд ОХУ-ын ГИТС гээд театрын урлагийн сургууль элсэлт авч байна гэсэн мэдээллийг авч шалгалт өгсөн. Шалгалт өгсөн гол шалтгаан юу гэхээр багасаа алтан Москвад очиж үзэхийг мөрөөддөг байв. Тиймээс тэнцвэл мөрөөдөл биелэх гээд байсан учраас жүжигчний сургуульд шалгалт өгч тэнцсэн.

-Таныг чамгүй сайн барилддаг байсан гэдэг. Энэ хэр үнэний ортой вэ?

                 -Үнэн шүү үнэн. Энэ тухай надаас олон ч хүн асуудаг. Надад ч энэ тухай ярих гоё байдаг шүү. Бага байхдаа үндэсний олон чөлөөт бөхөөр хичээллэж байсан. Үндэсний бөхөөр шаггүй сайн барилдчихдаг байсан гэж дотроо бодож явдаг. Миний үеийн луу жилтэй аварга, арслан, гарьд цолтой найзууд бий.

-Та бөхийн удамтай юу?

                 -Манай ээжийн тал бөхийн удамтай. Цэргийн заан Дамбаа гэж сайхан барилддаг хүн байсан.

-“Мөнх тэнгэрийн хүчин” киноны Хасарын дүрээр тань үзэгч олон таныг мэднэ. Харин таны өөрийн сэтгэлдээ хайрлаж явдаг дүр аль дүр вэ?

                 -Үзэгчдээс намайг овоглох болсон энэ Хасар гэдэг нэрэнд хайртай. Хувь Жаргалсайханыг тодорхойлсон нэр болж явдаг шүү дээ. Тиймээс жүжигчин болсноороо бахархахаас өөр араггүй. Гэхдээ зүйлийн анхны суурь хүнд мартагддаггүй юм билээ. Анх 1987 онд сургуулиа төгсөж ирээд хүний хүн гэдэг кинонд тоглосон. Энэ кино миний цаашдаа дэлгэцийн урлагт дүр бүтээх урам болсон. Найруулагч нарын нүдэнд өртсөн үүгээрээ би ч бас муугүй дүрээ бүтээсэн юм болов уу гэж боддог. Мөн “Халуун газар” Г.Доржсамбуу найруулагчийн найруулсан жүжигт тоглосон байна. Энэ тайзны урлагт өсөж, дэвжих гол үндэс суурь нь болсон гэж бодож явдаг даа.

-Эхнэр тань мөн л уран бүтээлч, олны хайртай жүжигчин. Тиймээс зарим үед энэ дүр дээр ингэж ажиллавал ямар  байна ч гэдэг юм уу зөвлөгөө авах үе байдаг уу?

                 -Гэр бүлийнхээ хүнтэй нэг мэргэжилтэй, нэг салбарт ажиллана гэдэг их сайхан. Учир юу вэ гэхээр тайзан дээр бүтээж байгаа уран бүтээлүүд дээр хамгийн анхдагч зөвлөгөөг өгдөг хүн хань минь юм. Миний хань хамгийн, хамгийн гэж хэлж болохоор сайн зөвлөгч. Уран бүтээл болгон дээр харилцан бие биенээсээ суралцаж үгийг нь сонсоно. Урнаагийн зүгээс надад хандаж хэлж байгаа заавар, зөвлөгөө үнэн байдаг. Энэ бол давуу тал.

-Жүжигчдийг ажиглаад байхаар нас ахихаараа л түүхэн дүрийн баатар эсвэл гүндүүгүй сайхан аавын дүрд тоглодог. Тэгэхээр та ямар дүрд тоглохыг илүү хүсдэг вэ. Уран бүтээлч хүний хувьд?

                 -Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй байдаг шүү дээ. Миний нэг хүсэж мөрөөдөж явдаг нэг зүйл бий. Миний орос багш  Уильям Шекспирийн зохиол “Лир ван” жүжгийн Лир ванд тоглох хүсэл мөрөөдөлтэй байсан. Бидэнд ч энэ тухайгаа ярьдаг байлаа. Би “Лир ван” жүжгийн бүх дүрийг цээжээр мэднэ ээ. Хаанаас ярьсан, тоглосон би бэлэн байж байна. Ганцхан энэ муусайн найруулагчид намайг Лир вангаар хардаггүй байхгүй юу” гээд инээдэг байсан. Би түрүүн хүний шунал хязгааргүй гэж хэлсэн дээ. Тиймээс багшийнхаа энэ хүсэл мөрөөдлийг биелүүлэх юмсан гэж дотроо битүүхэн хүсэж байдаг. Даан ч найруулагчдад ийм дүрд тоглочихмоор байна гэж хэлэх надад байхгүй л дээ.

-Хүн насан туршдаа суралцдаг гэдэг. Тэр дундаа уран бүтээлч хүн илүү их суралцдаг болов уу. Таны урлагаас суралцаж буй хамгийн үнэт зүйл юу вэ?

                 -Тайз, дэлгэцийн уран бүтээлүүд надад байнга суралцах боломж олгож байдаг. Үүнээс гадна бодит амьдрал дээр гаргах зан араншинд нөлөөлж байдаг гэж боддог. Анхны тайз болон дэлгэцийн уран бүтээлд бүтээсэн дүрүүд маань үнэн, шударга байхын тухай өгүүлдэг. Тиймээс хувь хүний үүднээс ч амьдралдаа үнэн, зөв явах юмсан гэж бодож байдаг. Энэ нь урлагаас суралцаж буй үнэт зүйлсийн нэг юм шүү дээ.

-Та залуу уран бүтээлчдэд зааж зөвлөхөөс гадна тэднээс хэр суралцдаг вэ?

                 - Эрч хүчтэй сайхан сайхан залуу уран бүтээлчид төрөн гарч ирж байгаа. Мэдээж алдаа дутагдалтай болон авах ч юм байна. Энэ бол ертөнцийн зүй тогтлын хууль шүү дээ. Ахмад уран бүтээлчдийн хэлж ярьж байгаа зүйлс бүгд үнэн байх албагүй. Маргадаггүй өнөөгийн залуусын нүдэнд харагдаж байгаа юмс үзэгдлийг бид өөрөөр харж болно. Тиймээс ахмад залуу уран бүтээлчид хоорондоо тус дэмтэй ажиллах юм бол өгөөжтэй уран бүтээл туурвина гэж бодож байгаа. Миний хувьд өдөр бүхэн л суралцаж байдаг шүү.

 Мэдээж шүүмж бол байлгүй яах вэ. Гэхдээ манай театр хэдэн жүжгийн хооронд эргэлдээгүй гэдгийг зөвөөр ойлгох ёстой. Маш олон шинэ, шинэ жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулж байгаа.

-Сайн уран бүтээл гаргахын тулд хэрхэн хөдөлмөрлөж, ажиллаж ёстой вэ?

                 -Мэдээж авьяас байх зүйл. Гэхдээ уйгагүй хөдөлмөр хамгийн чухал нь гэж бодож байна. Тэр дундаа тайзны уран бүтээл бол хамтын хөдөлмөр. Хэрвээ чи анзаарсан бол мэргэжлийн уран бүтээлчидтэй мэргэжлийн бус хүн хамтраад тайзан дээр дүр бүтээхийг хараагүй байх. Харин дэлгэцийн уран бүтээлч бол харж болно. Тэгэхээр жаахан хувийг эзлэх авьяасыг тайзан дээр хамтын хөдөлмөрөөр бүрэн дүүрэн уран бүтээл болдог юм даа.

-Сүүлийн үед УДЭТ-ыг үзэгчид гэлтгүй уран бүтээлчид “Шинэ уран бүтээл тавьдаггүй, хуучин урын сандаа байгаа бүтээлүүдээ л тавьж байна” гэх мэтээр муулах боллоо. Энэ тал дээрх таны бодол?

                 -Нэгдүгээрт манай УДЭТ бол улсын байгууллага. Хоёрдугаарт дэлхийн сонгодог болон үндэсний, хүүхдийн, орчин, үеийн уран бүтээлүүдийг тайзнаа амилуулж үзэгч олондоо суртчиллаж таниулах ашгийн бус байгууллага. Гурваас дөрвөн жилийн давтамжтайгаар үндэсний болон дэлхийн сонгодог уран бүтээлүүдийг байнга тавьдаг. Мэдээж шүүмж бол байлгүй яах вэ. Гэхдээ манай театр хэдэн жүжгийн хооронд эргэлдээгүй гэдгийг зөвөөр ойлгох ёстой. Маш олон шинэ, шинэ жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулж байгаа.

-Соёлын яамтай болсных урлаг, уран бүтээлчдийн бүтээл туурвих, хийх талбарт өөрчлөлт орж байна уу?

                 -Соёлын яам бий болсноор мэргэжлийн уран бүтээлчдийн байгууллага, хөдөө орон нутгийн театруудад маш их тус дэм болж байгаа. Үүн дээр соёлын яам тусгай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллаж байна.  

-Таны хүүхдүүдээс жүжигчин ч юм уу, урлагийн хүн төрж байна уу. Ер нь урлагийн хүн болгоно гэж боддог хүн бий юү?                 

                  - Хоёр том маань их сургуулиа төгсөөд өөрсдийн мэргэжлээрээ ажиллаж байгаа. Харин бага маань урлагийн сургуульд жүжигчин мэргэжлээр суралцаж байна. Жүжигчин болж чадах уу үгүй юу мэдэхгүй байна. Цаг хугацаа л харуулна шүү дээ.

-Таны амьдралынхаа жаргал, зовлонг хуваалцдаг найзуудын тухай сонсмоор байна. Бас хөгжилтэй түүхээс хуваалцвал сонин байж мэднэ?

                  -Ах нь олон сайхан найзуудтай. Түүн дотроос хуруу дарам сайхан найзууд бас бий. Хүнд ер нь тийм найзууд байх сайхан шүү дээ. Баяр баясал, уйтгар, гуниг тохиолдвол байнга дэргэд байж сэтгэл санааг минь хуваалцдаг гэр бүлийн найзууд байгаа. Хорвоо хүнээр дутахгүй байж болно. Харин хүн хүнээрээ дутдаг учраас аль болох олон сайн найз, нөхөдтэй байх хэрэгтэй. Цар тахлын өмнөхөн найзуудтайгаа монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар тусгай хөтөлбөр гаргаж аялсан.


Б.ЖАРГАЛСАЙХАН: Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй шүү дээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188