• Өнөөдөр 2024-04-27

Ц.ТӨМӨРБААТАР:Би уран бүтээл дээрээ залуу байхын тулд өөртөө жаахан л анхаарсан хэрэг. Төрх минь өөрчлөгдсөн ч дотоод Төмөрбаатар өөрчлөгдөхгүй шүү дээ

2022-02-15,   4433

              Ардын жүжигчин Цагааны Цэгмидийг ‘Цогт тайж’ киногоор нь монголчууд андахгүй. Түүний хүү Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг нар өдгөө тайз, дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлж яваа уран бүтээлчид. Тиймээс бид "Энэ цагийн эзэд" буландаа Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатартай ярилцлаа. Тэрбээр саяхан тайзнаа тоглогдсон "Гэм зэм" жүжигт Свидргайловыпын дүрийг бүтээсэн билээ. Жүжигчин Ц.Төмөрбаатар гуайг тайз, дэлгэцийн уран бүтээл сонирхон үздэг хүмүүс эсрэг дүрийн мастер гэдгээр андахгүй бизээ.

 
-Та сайхан хаваржиж байна уу. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ. Манай сайтын уншигчидтай хуваалцаж болох уу?
 
           -Сайхан хаваржиж байна. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлсэн үү. Хэдийгээр өвчин зовлонтой байсан ч цагаан сараа сайхан тэмдэглэлээ. Ах, дүү төрөл садан, гэр бүлийн хэмжээнд цомхон баярлалаа. Уран бүтээлийн хувьд өнгөрсөн онд  олз омогтой байж, тайз дэлгэцийн уран бүтээлд чамгүй тоглосон. Мөн Ф.М Достоевскийн хоёр зуун жилийн ойн хүрээнд бүтээсэн “Гэм зэм” жүжигт найруулагч М.Батболдын найруулга дор дүр бүтээлээ. Мөн ирэх гуравдугаар сард тоглогдохоор бэлтгэл ажлаа хийж буй жүжиг маань Английн зохиолч Майк Бартлеттийн “Love love love”. Үүнээс гадна реклам, клип гээд цөөнгүй уран бүтээл, ажил хийсэн байна.  
 
“Гэм зэм” жүжигт ажиллаж байхдаа Пост драм гэдэг хэлбэрийг /жанр/ ойлголоо. Мөн нь урлагийн энэ төрлийг сонсож байсан болохоос биш, биеэр тоглож үзээгүй байсан. Юуг нь нуух билээ эхлээд би ойлгоогүй. Тиймээс найруулагчтай асар удаан хугацаанд ярилцаж дүрийнхээ шугамыг ойлгосон. “Гэм зэм” жүжигт тоглож байгаа залуучуудтай зэрэгцэн суралцаж суулаа
 
-“Гэм зэм” жүжигт тоглолоо. Та өөрийн дүрээрээ юу илэрхийлэхийг, эрэлхийлэхийг зорьсон бэ?
 
           -“Гэм зэм” жүжигт ерөөсөө муу дүр байхгүй. Амьдралын утга учрыг тойруугаар илэрхийлсэн, ээдрээтэй, хүний амьдралд тохиолдож болох дүрүүд энэ жүжигт байгаа. Ялангуяа миний дүр баян чинээлэг газрын эзэн хүн. Тиймээс баян чингэлэгтээ нэлээд дулдуйдсан, бусдын амьдралаар тоглодог энэ дүрийн баян чинээлэг, нэр төрд нь дурласан эмэгтэйчүүд амиа хорлоно, үүнээс гадна өөрөө өөр хүүхэнд дурлаад эхнэрээ хорлоод алдаг. Энэ үйлдлүүдийг харахаар их муу хүн байгаа биз. Гэхдээ хамгийн сүүлд энэ дүр өөрийгөө буудаж амиа хорлодог. Үүнээс амьдралын утга учиргүй, ээдрээтэй зөрчлүүдийг ойлгож авдаг. Амьдрал буруу үйлдэл хийснийхээ төлөөс, нэг үгээр л амьдралыг танин мэдэж өөрийнхөө ямар гэм буруутай муу хүн бэ гэдгийг ойлгож байгаа юм. Үүнээс гадна "Хэчнээн муу хүн, муухай царайтай байсан ч бусдыг хайрлаж болохгүй гэж үү, эхээсээ төрсөн шигээ цэвэр ариун хүн бий юү” гэж асуудаг юм. Өмнө нь, одоо, цаашдаа ч тэр эхээсээ төрсөн шигээ цэвэр ариун хүн байх болов уу?
 
-Д.Намдаг гуайн “Оролмаа эх” жүжигт Оролмаа “Би энэ хүүхдүүдийн биеийг нь төрүүлсэн болохоос биш, ухааныг нь төрүүлээгүй” гэдэг философи санаатай адилтгаж авч үзэх юм бол байхгүй л болов уу. Та  хэрхэн харж задалсан бэ?
 
           -Ер нь байхгүй, байх ч үгүй. Хэдий хөрөнгө мөнгөтэй байлаа ч гэсэн амьдралд хүн зайлшгүй нухлагдаж таарна. Хувь хүн өөрөө хэрхэн яаж амьдарсан авсан бэ гэдгийнхээ төлөөсийг төлөх л ёстой.  
 
-Хүн насан туршдаа л суралцдаг гэдэг. Мэдээж танаас үлгэр дууриалал авч байгаа залуус олон бий. Харин та залуучууддаа зааж зөвлөхөөс гадна тэднээс суралцах, шинэ зүйл мэдэж авах тохиолдол гарч байна уу?
 
           - Залуучуудаас байнга суралцаж явдаг. Ямар ч туршлагагүй, шинэ төгссөн хүүхдээс ч суралцана. Мэргэжлийн хувьд биш байлаа гэж бодоход амьдралынх нь дэг жаяг, биеэ авч яваагаас нь, харилцаанаас, дүр дээрээ ажиллах ажиллагаанаас гэх мэт зүйлээс суралцахаас гадна үзэл бодлоо хэлж зөвлөж байна. Саяхан тоглосон “Гэм зэм” жүжигт ажиллаж байхдаа Пост драм гэдэг хэлбэрийг /жанр/ ойлголоо. Мөн нь урлагийн энэ төрлийг сонсож байсан болохоос биш биеэр тоглож үзээгүй байсан. Юуг нь нуух билээ, эхлээд би ойлгоогүй. Тиймээс найруулагчтай асар удаан хугацаанд ярилцаж дүрийнхээ шугамыг ойлгосон. “Гэм зэм” жүжигт тоглож байгаа залуучуудтай зэрэгцэн суралцаж суулаа. Ингэснээр би орчин цагийн урлагийн их дээд сургуулийг төгссөн гэж бодож байна.  Мөн энэ жүжигтэй зэрэгцээд УДЭТ-т “Хаадын хаан андгай”, СТӨ-д “Нил цагаан” гээд жүжиг тус тус тоглогдсон. Тэр жүжгүүдэд үзэгч байхгүй. Гэтэл “Гэм зэм” заал дүүрэн хүнтэй байлаа.
 

“Үер” кинонд тоглосон М.Дамчаа гуай дүрийг үзчихээд хүүхдүүд “муу урвагч” гэж чулуу шидэж хөөдөг байсан юм билээ. Одоо цаг үед хүүхдүүд тэгэхгүй. Боловсрол, мэдлэг, аливаа зүйлийн өнгө төрх, өнцгийг харах нь тэр үеийнхнээс огт өөр болсон.

 
-Тэгэхээр УДЭТ-т “Хаадын хаан андгай”, СТӨ-д “Нил цагаан” тоглогдсон жүжгүүдээс илүү “Гэм зэм” жүжиг үзэгчидтэй байгаагийн ялгааг та юу гэж харж байна?
 
            -  Ерөөсөө л шинэчлэл хэрэгтэй байна. Манай УДЭТ хэдий болтол 1950, 1960 оны байдлаар жүжгээ тавих юм бэ, өөрчлөгдөх болчихоод байна. Үнэнийг хэлэхэд, соёлын гол цэг болсон газруудад мафижсан бүлэглэл бий болсон. Үүнд нь мэргэжлийн гэхээс илүүтэй мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байна шүү дээ. Тэр дундаа мэргэжлийн бус хүмүүс толгойд нь байна. Би нэрийг нь сайн санахгүй байна.
 
- Нэг судлаач хэлсэн байдаг л даа “XX зууны жүжгийг XXI зуунд XIX зууных болгож тайзанд тавиад байна” гэж. Тэгэхээр энэ нь таны үзэл бодолтой нийлж байна уу?
 
           -Ерөөсөө зөв. Өнөөдөр XXI зуун залуучууд маань олон газраар явж, соёл иргэншилтэй танилцаж байна. Үүнээс гадна сурч боловсорч, мэдлэг чадвараа дээшлүүлж байна даа. Тиймээс урлагийг үнэлэх үнэлэмж нь өөр болсон. Тиймээс бид нэг доороо холхиод байж болохгүй биз дээ. Тэгэхээр нийгэм өөрөө шинэчлэлийг хүсэж байна гэсэн үг.
 
 
- Би хэн гэдэг жүжигчин гэдгийг нь сайн санахгүй байна л даа. Кинонд эсрэг дүр бүтээгээд дэлгэцэд гарсных нь дараа гудманд хүүхдүүд таараад “Энэ муу хүн” гээд чулуу нүүлгэж байсан гэдэг яриа сонссон юм л даа. Тэгэхээр одоо  хэдий чулуу нүүлгэхгүй ч гэсэн массын  дунд тухайн дүрээр нь хувь хүнийг дүгнэдэг байдал байдаг уу. Та ийм тохиолдолтой таарч байв уу?
 
           - Тухайн үе үзэл суртлын зэвсэг гэж тайзны урлаг, дэлгэцийн урлагийг ярьдаг байсан. Ямарваа нэгэн атар эзэмшигч гэдэг юм уу, "Эрдэнэт"-ийн илгээлтийн эзэд гэдэг ч юм уу үзэл суртлын ухуулгатай кинонууд их гардаг байсан юм. Тухайн үеийн дэлгэцийн бүтээлүүд болох “Морьтой ч болоосой” киноны Гончиг руу учир мэдэхгүй хүүхдүүд чулуу шидээд “Энэ ийм, тийм” гэдэг. Үүнээс гадна “Үер” кинонд тоглосон М.Дамчаа гуай дүрийг хараад хүүхдүүд “Муу урвагч” гэж чулуу шидэж хөөдөг байсан юм билээ. Одоо цаг үед хүүхдүүд тэгэхгүй. Боловсрол, мэдлэг, аливаа зүйлийн өнгө төрх, өнцгийг харах нь тэр үеийнхнээс огт өөр болсон.
 
-Таныг эсрэг дүр бүтээснээр нь дүгнэж харилцаж байсан тохиолдол байдаг уу?
 
           -Би “Хайрын эрэлд” гээд олон ангит кинонд тоглосон юм л даа. Эхнэр хүүхдээ орхиод өөр хүнтэй болж байгаа дүр. Кино маань ч дэлгэцээр гарч байсан. Тэр үед би найзуудтайгаа Шилийн богд ууланд гарч нар харахаар явсан. Гэтэл Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ойролцоо нэг машин маань осолдож, саатлаа. Тиймээс сумын төв орж, ачааны машин хайж, сурагласан л даа. Гэтэл хойд энгэр дээрээ ачааны машин тавьсан айл байв. Очтол жолооч нь гээд нэг залуу байсан. Би учир байдлаа хэлтэл “Ээж, аав л мэднэ. Гэрт ороод асуучих ах” гэлээ. Гэрт ортол настай хоёр хөгшин цайнд боорцог хийчихсэн идээд сууж байгаа аятай. Сайн байна уу гээд мэндэлтэл  хоёулаа нүдээ бүлтийтэл том харлаа. Би ч учир шалтгаанаа хэллээ. "Үнэ хөлсийг нь өгөөд хотруу машин ачуулах гэсэн юм аа" гээд. Гэтэл өвгөн “Манайх нүүдэл суудалтай явахгүй” гэж байна. Тэгэхээр нь би "Өвөл нүүдэл хийнэ гэж байх вэ дээ. Та нар дургүйцсэндээ л тэгж байгаа биз. За бол за, үгүй бол үгүй гээд хэлчих" гэлээ. Тэгсэн өвгөн над руу харснаа "Чамд бол чадахгүй ээ” гэснээ эмгэн рүүгээ дөхөж “Нөгөөдөх чинь" л гэж байна. Эмгэн  “Өө тийм байна” гээд уулга алдаад над руу дайрлаа." Чи яаж байгаа юм. Тэр айлын сайхан охин үрийг хоёр хүүхэдтэй нь үлдээгээд нэг их том мээмтэй, бүдүүн хүүхэн дагаж салбаганаад хоноё, хоноё /honey/ гээд солиороод. Өнөө орой дахиад гарна. Хайран хүний амьдралаар тоглоод чи зовж үхнэ дээ л”  гэж байна. Би “энэ чинь кино шүү дээ” гэж хэллээ. Гэтэл гэлээ ч гэсэн дээ” гэж байна. "Би жүжигчин хүн. Энэ бол миний ажил мэргэжил" гэж тайлбарлалаа, ойлгодоггүй ээ. Тэгэхээр нь би аавынхаа тухай ярилаа. "Манай аав Ц.Цэгмид гэдэг хүн Цогттайж кинонд тоглосон. Хэдийгээр хүмүүс Цогт тайж гэж хардаг боловч Цэгмид гэдэг хүн шүү дээ. Аль хэдийнэ өнгөрсөн XIV зууны баатарын дүрд тоглож, хүмүүст үзүүлсэн юм шүү дээ" гэж хэлээд ойлголцсон доо. Нэг ийм л зүйл тохиолдож байсан.
 
-Сүүлийн үеийн монгол кинонуудыг үзэгчид их шүүмжлэх юм. Барууны өнгө аястай, солонгос хэв маягтай гэх мэт. Таны бодлоор?
 
           -Сүүлийн үеийн киног харахаар гаднын киног хуулбарлаад хийчихсэн байх нь цөөнгүй харагддаг. Уг нь бол тархи, оюунаа зовоож хийсэн бүтээл хүнд илүү хүрдэг. Одоо цагт кино гэдэг мөнгөний л ажил болж дээ. Үзэгчдийгээ урлаг гэдэг нэрээр хуураад, өөрөө зовохгүй ашиг олно гэж бодоод байх шиг санагддаг.
 
-Тэгэхээр одоо ч хүмүүс хуучны монгол кино үзээд “Сайн кино шүү” гэж ярьдаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үнэ цэнэ нь улам өсөж байгаа хуучны киногоо давсан кино сүүлийн үед гарч байна уу?
 
           - Хуучны монгол кинонуудын найруулагч нь өөрөө тухайн цаг үеийнхээ зовлон зүдгүүр, аз жаргал дундуур туулсан хүмүүс байдаг. Нэг уран бүтээлийн ард гарахын тулд асар их судалгаа хийдэг. Одоо судалгаа хийх гэж цахим хуудсаар хэдэн мэдээлэл олж авах төдий л байх шиг. Шууд утгаар нь хэлэхэд, ямар нэг зовлон үзээгүй, хайр сэтгэлтэй болж үзээгүй залуусыг хайрын кинонд тоглуулахаар яаж тоглох вэ. Ерөөсөө л хэлбэрдэнэ. Жишээлбэл, монголчуудын адуучны соёл, тэр малчдын амьдралыг мэдэхгүй хүмүүс саальчин, уяач болж дүр бүтээхээр чинь мэргэжлийн уран бүтээлч, судлаач, шүүмжлэгчдийн доог болоод байгаа юм. Мал дээр амьдарсан хүн малчны дүрд тоглоно гэж байгаа юм биш. Судалгаа сайн хийвэл тоглож болно шүү дээ. Уран бүтээлч сэтгэлгээтэй, чиг хандлагатай байх хэрэгтэй.
 
          Би “37-р точка” олон ангид киноны хэд хэдэн ангийг үзсэн. Тэр киноны үйл явдал өрнөдөг цаг үеийн хүн. “Есөн гудамж” гээд одоогийн “Найман шарга”-ын хойд талаар хятадын эрлийзүүд амьдардаг газар байлаа. Тэр хятадуудтай Тасганы овоон дээр зодолддог хүмүүсийн нэг  ах нь л байлаа. Би энэ үгээр юу хэлэх гээд байна гэхээр тэр үеийн атаманууд “37-р точка” дээр гардаг шиг доожоогүй хувцас өмсдөггүй байсан. Энэ киног хийсэн залуусыг муу юм хийчихлээ гэж байгаа юм биш шүү. Үүнээс илүү сайн уран бүтээлүүд хийнэ гэдэгт итгэлтэй байдаг. Нэгэн цул болж ажиллаж, хөдөлмөрлөж чаддаг залуус байгаа юм. Гэхдээ тухайн үеийн хүмүүсийн аж байдал киноныхоос хавьгүй дээр, сайхан байсан юм шүү. 
 
-Та бол урлагийн гэр бүлээс гаралтай урлагийн хүн. Тэгэхээр өнөөгийн Монголын урлаг хөгжлийн ямар үе шатанд явж байна вэ. Та илүү бодит дүгнэлт хийх болов уу?
 
           -“Гэгээн муза” наадамд олон улсын урлагийн төлөөлөгчид оролцох гэж байгаа. Тэгэхээр тодорхой хэмжээнд чанарын сайн үзүүлэлт үзүүлэх байх. ОХУ-ын нэг шүүгч "Танай урлаг манай театрын урлаг 1950-аас 1960 оны үед ямар байсан тэр хэмжээнд одоо л хүрч байна" гэж байсан. Би ч санал нийлдэг. Одоо чаддаг, чаддаггүй хүмүүс алдар цолтой болчихоод кинондоо ихэвчлэн хөлдүү нүдтэй топ моделиуд тоглуулчихаж байна. Нөгөөдүүлд нь ямар ч сэтгэл хөдлөл, реакц, мэдрэмж байхгүй. Дээр нь авьяас байхгүй мөртлөө нэрд гарчихсан, урлагийн боловсрол, мэдлэг, чадвар эзэмшээгүй олон хүн Монголын кино урлагийн төдийгүй урлагийн салбарыг удирдаж байна шүү дээ. Жүжигчин гэдэг чинь авьяасаас гадна дурлал байх ёстой. Тэгж байж чанартай уран бүтээл төрдөг юм.
 
- Аав тань асар том, авьяастай уран бүтээлч байлаа. Одоо та, таны хүүхэд мөн уран бүтээл туурвиад эхэлсэн. Танд ямар мэдрэмж, бахархал төрдөг вэ?
 
           - Энэ тал дээр би үнэхээр бахдалтай байдаг. Бүхэл бүтэн гэр бүл гурван үеэрээ урлагийн төлөө зүтгэнэ гэдэг ховорхон завшаан. Би дүү Ц.Төмөрхуяг, эгч Ц.Уртнасангаараа бахархдаг. Миний эгч бол мундаг төгөлдөр хуурч эмэгтэй. Одоо энэ мандаад байгаа төгөлдөр хуурчдаас хэдэн хувь илүү хүн. Бидний аав мундаг хүн байсан. Тиймээс энэ хүний нэр төрийг унагахгүй юм шүү гэж хичээдэг. Өөрийнхөө эзэмшсэн мэргэжлээр ард түмнээ баясгая л гэж боддог. Би эцэг хүний хувьд "Үр хүүхдүүдээ зөв яваарай. Чиний ард ийм удам байгаа шүү. Тийм удмын хүн шүү чи" гэж л захидаг. Өө тийм, манайхан чинь бас том бөхийн удамтай.
 
-Энэ тухайгаа дэлгэрэнгүй ярьж болох уу?
 
           - Хөвсгөл аймгийн “Цагаан уул сум”-д амьдарч байсан Цагаан арслан гэж хүн бий. Даншиг наадмын арслан, одоогоор аварга гэсэн үг л дээ. Цагаан гэдэг хүн тухайн үеийн сайн эр, сайн бөх Хулгар Нацаг гуайтай даншиг наадамд барилдаад “Би энэ хүүхдийг дийлэхгүй нь ээ” гэж ам алдаж байсан юм билээ. Уг нь жинхэнэ нэр нь Цагаан банди гэдэг юм билээ. Энэ хүн Цагаан банди нэрээр явсаар байгаад тэнгэрийн орондоо одсон юм билээ.
 
Манай аав эцэггүй болохоор ээжийнхээ ахын нэрээр овоглоод Цагаан бандийн Батсүх нэртэй болсон гэдэг. Үүнээс хойш долоон настай байхад нь аавын бие өвдөөд үздэг хардаг хүнд үзүүлтэл "Нэр нь хүндэдсэн байна. Тиймээс Цэгмид хэмээн нэр хайрла" хэмээсэн юм билээ. Дараа нь аав нас биед хүрч цэрэгт явахаар болоод Цагаан Бандийн Цэгмид гэсэн чинь “Чи юу яриад байгаа юм банди гэдэг монгол үгийн сангаас хасагдсан. Тиймээс Цагааны Цэгмид гэж бич” гээд энэ нэрийг авч байсан түүхтэй гэсэн. 
 
- Таныг гоо сайхны хагалгаанд орсон гэж сүүлийн хэдэн өдөр сошиалаар ярих шиг боллоо. Хүний эрхийн хувьд би таны талд байгаа. Яагаад болохгүй гэж. Харин  эсэргүүцэж цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэн олон хүн байна. Та тэр хүмүүст ямар хариулт хэлэх вэ?
 
           - Хүний ямар байх нь хэнд ч хамаагүй шүү дээ. Гоо сайхны хагалгаа хийлгээгүй хүн одоо цагт ховор. Намайг олон нийтэд танигдсан болохоор шүүмжилж байгаа байх. Гэхдээ би хөгширчихөөд арьс, үс нь унжсан хүн явахыг хүсэхгүй байна. Мөн би нас, биеийнхээ хувьд ахмад үе рүү орсон ч гэлээ би уран бүтээл дээрээ залуу байхыг хүсэж байна. Би залуухан аавын дүрд тоглохыг бодож байна шүү дээ. Тийм учраас өөрийнхөө гоо сайхан, дүр төрхөд жаахан л анхаарсан юм. Би хэдийгээр нүүр царайгаа өөрчилсөн ч дотоод Ц.Төмөрбаатарыг өөрчлөхгүй шүү дээ.

Ц.ТӨМӨРБААТАР:Би уран бүтээл дээрээ залуу байхын тулд өөртөө жаахан л анхаарсан хэрэг. Төрх минь өөрчлөгдсөн ч дотоод Төмөрбаатар өөрчлөгдөхгүй шүү дээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-08 08:05:59
    Сүхбаатар: Тэр хүмүүсийг яг юу гэж ойлгох уу хэлээд өгөөч
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-07 12:43:13
    зочин: Урлаг соёлын сор болсон мундаг жүжигчин танд эрүүл энх сайн сайхныг хүсье. Сайн аавын , монголын бахархал болсон Цэгмэд гуайн үр удам та бүхэнд аз жаргал хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-15 11:45:48
    зочин: сайн жүжигчин шүү танд эрүүл энх ажлын амжилт хүсье ОРосын алдарт жүжигчид тайзан дээрээ л үхье гэдэг шиг хэзээд залуугаараа байгаарай гэж ерөөе
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188