• Өнөөдөр 2024-04-19

МУГЖ П.ЭРДЭНЭЗААН: Илүү ур чадвар шаардсан, намайг эвдсэн дүр бүтээмээр байна

2022-02-08,   995

        Монгол Улсын гавьяат жүжигчин, Монголын хошин урлагийн "Маск продакшн"-ы захирал П.Эрдэнэзааныг бид энэ удаагийн "ЭНЭ ЦАГИЙН ЭЗЭД" булангийнхаа зочноор урьлаа. Тэрбээр М.Достоевскийн "Гэм зэм" романаас сэдэвлэн зохиолч, яруу найрагч Я.Баяраагийн жүжгийн хэлбэрт хөрвүүлж, найруулагч М.Батболдын найруулсан "Гэм зэм" постдрамын Семен Захарович Мармеладовын дүрийг тун чадварлаг бүтээснээрээ өнгөрсөн оны онцлох уран бүтээлчдийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэж буй. Хошин урлагийн тайзнаа үзэгчдийн хайр хүндэтгэл, алга ташилтан дунд авьяасаараа "гэрэлтэж" байдаг шигээ тэрбээр драмын урлаг, дэлгэцийн уран бүтээлд ч ур чадвараа гайхуулсаар яваа ид жагссан жүжигчин билээ. 

-Та сар шинэдээ сайхан шинэлсэн үү. Хаана, хэрхэн шинэлсэн бэ?

          -Энэ жилийн Цагаан сарын баярыг нэг их өргөн тэмдэглэсэнгүй ээ. Аавдаа золгоод, гэртээ байлаа даа. 

-2021 он таны хувьд хэр үр өгөөжтэй жил байсан бэ. Мэдээж “Гэм зэм” жүжгийн Семен Захарович Мармеладовын хувьд ярих зүйл байгаа байх?

        -Тэгэлгүй яах вэ, 2021 он уран бүтээлийн шинэ ололт, амжилттай, олон зүйл сурч, мэдсэн сайхан жил болж өнгөрлөө. Гэм зэм” жүжигт би Семен Захарович Мармеладовын дүрд тоглолоо. Энэ дүр маань түшмэл хүн л дээ. Манайхаар төрийн байгууллагын ажилтан гэсэн үг. Энэ дүр нийгмийн золиос болоод доод давхарга руу орчихсон хэцүүхэн дүр юм. Охиныхоо буруу гараар олсон мөнгөөр архи уудаг эцэг. Эцэс сүүлдээ энэ бүхнээс уйдаад амьдралаас явж байгаа эр хүний л дүр юм. Гэхдээ охиныхоо буруу үйлдэлд биш, нийгмийн амьдралыг үзэн ядсан үзэл санааг дэвшүүлэхийг, харуулахыг би илүүтэй зорьсон.

Уран бүтээлчид илүү боловсрох, хөгжих ёстой гэдгийг энэ жүжигт тоглосноороо мэдэрлээ

-Та бүхний бүтээсэн “Гэм зэм” жүжиг өнгөрсөн оны сүүлийн хоёр сарыг тэр чигт нь үзэх, ярих юмтай, ковидын дэглэмийг мартуулсан үйл явдал болсон. Одоо бодоход жүжиг тань танд таалагдаж байна уу. Тэр үеийн сэтгэл хөдлөл, ритмээсээ гарчихсан уу?

          -Би энэ жүжгээс нэг зүйлийг олж харсан. Манай үзэгчид уран бүтээлчдээс илүү ихийг хүсээд байна. Шинэ үеийн залуучуудын сэтгэлгээ асар өөр болж гэдгийг сайн ойлгосон. Тэр сэтгэлгээнд зориулагдсан жүжиг нь “Гэм зэм” байжээ. Энэ жүжгийн агуулга, хийц, хэв маяг, найруулга, постдрам нь нийгмийн хэрэгцээ болсон байна. Үүнийг ч үзэгчид нэхсэн юм байна. Тиймээс уран бүтээлчид илүү боловсрох, хөгжих ёстой гэдгийг энэ жүжигт тоглосноороо мэдэрлээ.

-“Гэм зэм”-д ажилласан багийнхныхаа тухай яриа дэлгэнэ үү?

         -Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романыг жүжиг болгосон Я.Баяраад маш их талархаж байна. Яагаад гэвэл энэ роман жүжиг болгоход их хэцүү. Тэр дундаа сэтгэлзүйн маш хүнд элемент бүхий роман шүү дээ. Мөн энэ жүжгийг найруулан тавьсан М.Батболддоо мөн баяр хүргэмээр байна. Би шинэ үеийн сэтгэлгээний уран бүтээл хийхээр эрэл хайгуул хийж яваа залуустай ажилласандаа баяртай байгаа. Эндээс шинэ сэргэлт авч, нэг шат ахисан. Түүнчлэн энэ жүжиг намайг жүжигчний хувьд өөрчлөгдөхөд маш их нөлөө үзүүллээ.

-Олон хүн таныг “Драмын театрт байх ёстой уран бүтээлч” гэдэг юм билээ. Драмын театрт ажиллах, тэнд дүр бүтээх тухайд таны бодол?

        -Байлгүй яах вэ. Насны хувьд ч, жүжигчний ур чадварын хувьд ч илүү далайцтай уран бүтээлд тоглох хэмжээнд хүрлээ. Энэ тал дээр надад чадах юм шиг мэдрэмж төрдөг. Тиймээс ч одооноос өөрийгөө хайж, эрэлхийлж, шинээр нээж, сурч явна. “Гэм зэм” жүжигт тоглосноороо сэтгэлгээний хувьд нэг шат нэмж алхсан байна. Тиймээс надаас илүү ур чадвар шаардсан, намайг эвдсэн дүр бүтээмээр байна

-Таны бүтээхийг хүсдэг дүр хэн бэ. Эсрэгээрээ таны бүтээж чадахгүй дүр байгаа болов уу?

         -Би дүр бүтээж чадахгүй гэж хэлэхгүй, бас чадна ч гэж хэлэхгүй. Гэхдээ одоо цагт би ямарч дүрд тоглох сэтгэлзүй, ур чадвар, туршлага бэлэн байгаа. Цаг хугацааны явцад өөрийгөө бэлтгэгдсэн жүжигчин гэж бодож байна.

-Таныг хошин урлагийн авьяаслаг жүжигчин гэдгийг ард түмэн мэднэ. Харин хошин урлагийн тайзнаас драмын жүжигт дүр бүтээх хэр ялгаатай вэ?

         -Хүмүүсийн дунд буруу, зөрүү ойлголт байдаг. Хошин урлагийн жүжигчин драм тоглож чаддаггүй гэх мэт. Тийм биш л дээ. Энэ бол тухайн жүжигчний ур чадвар, аливаа зүйл рүү яаж хувьсан орж байна  вэ гэдгээс л шалтгаална.

-Ер нь хошин урлаг, драмын урлаг хоёр жүжигчнээс ямар ур чадвар шаарддаг вэ. Жүжигчин болохоор суралцаж, мөрөөдөж буй залууст ялгааг нь хэлж өгөөч?

        -Би энэ тал дээр их л юм яримаар байдаг. Одоо яривал асар урт лекц болно. Тиймээс цухасхан дурдъя. Жүжигчин хүний баримтлах хэдэн зарчим байдаг. Үүнээс гадна жүжигчин хүн олны нүдэнд ил байдаг мэргэжил. Энэ нь “Их зүйл хийнэ” гэсэн үг биш. Ямар ч уран бүтээл дээр жүжигчин хүнийхээ ур чадварыг л сайн харуулах ёстой. Хувьсаж, хувирах гайхамшигтай зүйлийг л үзүүлэх нь чухал юм. Үзүүлэхийн тулд ур чадвар, хөдөлмөр, ёс суртахуун, боловсрол зэргийг нэгтгэн эзэмших хэрэгтэй. Жүжигчин болоход дан ганц авьяас шаардлагатай биш шүү дээ.  

-Жүжигчний хувьд таны бахархал, зорьж, мөрөөддөг зүйл юу вэ?

      -Мөрөөдөл болон сурч боловсрох зогсохгүй үргэлжилдэг зүйл. Одоо ч би суралцаж яваа уран бүтээлч. Миний бүтээсэн Семен Захарович Мармеладовын дүрийг би биш, үзэгчид шүүнэ. Хэрвээ таалагдсан бол миний хүч хөдөлмөр талаар болоогүй гэсэн үг биз дээ. Энэ бол миний бахархал. Урамтайгаар шинэ уран бүтээл рүү ороход гүүр минь болдог. Одоо харин сэтгэлгээний гүн гүнзгий утга агуулга, жүжигчнээс илүү их ур чадвар шаардсан уран бүтээлд тоглохыг маш их хүсэж байна.

-Хошин урлагийн залуу уран бүтээлчдийн хийж буй бүтээлүүдийг та хэр үзэж, дүгнэлт хийдэг вэ. Өөрөөр хэлбэл, агуулгын хувьд, нийтэд өгөх гэж буй санааны хувьд соён гэгээрүүлж, цэнгүүлэх бус бухимдуулах, үзэхээс ч, зарим үг хэллэгийг нь сонсохоос ч халширмаар зүйлс цөөнгүй байдаг. Соён гэгээрүүлэх үүрэгтэй хүмүүс харин ч эсрэгээрээ олон нийтийг бухимдуулах, буруу зүйлд үлгэрлэх гээд байдаг үзэгдэл нэлээд байна. Үүнийг та хэрхэн харж, дүгнэдэг вэ?

        -Мэдээж алдаа оноо байлгүй яах вэ, би зөвшөөрч байна. Уран бүтээл бол хүнд өгөөж өгөх ёстой. Энэ талаар бид ярилцдаг. Буруу зөрүү үг хэллэг, зарим сэдвийг хийхгүй байх ёстой юм. Харин залуучуудын хувьд хийнэ, алдана, ононо. "Энэ уран бүтээл сайн болно" гэснээр л сайн болдоггүй юм л даа. Тиймээс маш олон оролдлогыг бид хийж байдаг. Мэдээж унана, босно.

      Залуучууд шүүмжлэлийг сайн хүлээж авч өөрсдийгөө бэлдэх хэрэгтэй. Түүнээс биш, гэнэт л сайн уран бүтээл бүтээгээд, од болно гэдэг хэцүү л дээ. Ер нь шүүмжлэлээс л айж болохгүй. Уран бүтээлч хүмүүс “Шүүмжлэл хүнийг хурцалдаг” гэж ярьдаг. Энэ бол бодит үнэн. Тиймээс залуучууд шүүмжлэлд шантардаг биш, шинэчлэгддэг байх ёстой. "Зоригтой бай" гэж хэлмээр байна.

-Өөрчлөлт хийхийн тулд ямар нэг зүйл хийдэг үү. Ядаж зохиол, агуулгаа ийм зүйл рүү чиглүүлмээр байна гэж залуу уран бүтээлчдэд зөвлөдөг үү?

    -Уран бүтээл хийхийн тулд нийгмийн хэрэгцээг шинжлэх, дүгнэх хэрэгтэй. Илүү мэдрэг, боловсон байх ёстой. Нийгэмд юу дутагдаад байна вэ, юуг хөндөх ёстой вэ. Үүнийг л мэддэг, мэдэрдэг байх шаардлагатай. Өнөөдөр П.Эрдэнэзаан талбай дээр очиж үзэл бодлоо илэрхийлэхээс илүү уран бүтээлээр дамжуулан нийгэмд хүргэсэн нь илүү хүртээмжтэй. Ер нь “Маск”-ын тоглолтуудыг сайн анзаарч үзвэл нийгмийн дуу хоолойг маш сайн хөндөхийг хичээдэг, ер нь хөнддөг.

Шинэ үеийн залуучуудын сэтгэлгээ асар өөр болж гэдгийг сайн ойлгосон. Тэр сэтгэлгээнд зориулагдсан жүжиг нь “Гэм зэм” жүжиг байжээ.

-Үүнээс гадна хошин урлагийн жүжигчдийн нэр хүнд сүүлийн жилүүдэд нэлээд унаад байна л даа. Ахуйн чанартай, чанаргүй барааны сурталчилгаа хийдэг, нам, улстөрчдийн сонгуулийн сурталчилгаанд хэт их оролцож, зарим нь бүр улстөрчдийг хамгаалсан, харлуулсан сэтгэгдэл бичдэг сошиал баг ажиллуулдаг гэх мэт шүүмжлэл байсхийгээд гарч байх шиг байдаг. Хувь хүний эрх, боломжийг үгүйсгэх боломжгүй ч ард түмнээс гарч буй иймэрхүү шүүмжлэлд та хэрхэн ханддаг вэ. Ер нь уран бүтээлч хүн мөнгө л олж байвал юунд ч хамаагүй тоглоод, юухныг ч сурталчлаад яваад байж болох уу. Энэ тал дээр таны бодол?

       -Энэ асуудлыг бол би дүгнээд хэлээд байх зүйл биш байна. Би хувь хүний үүднээс хэлэхэд хэт нэг зүйл рүү туйлширч болохгүй гэж боддог. Түүнээс биш хүнийг дүгнэдэг хүн нь би биш.

-Хошин урлагийн салбарын хөгжил, уналт, ирээдүйг та болон жүжигчин Одноо эгч, Магнай, Мөнхсайхан, Аглуу, Бооёо ах нараас асуухгүй өнгөрч болохгүй. Өөрөөр хэлбэл, Монголын хошин урлаг цаашид хэрхэн хөгжөөсэй гэж хүсдэг вэ. Үүний төлөө та бүхэн юу хийж чадах вэ?

      -Хошин урлаг болохоо байлаа, сүйрлээ гэж хүмүүс ярьдаг нь нууц биш. Ер нь аливаа зүйл цаг цагаараа байдаг. 1990-д оноос хойш хошин урлаг хөгжиж явсан. Тиймээс ч өдийг хүрч олон үзэгчтэй байгаа. Одоо бол шинэ үе эхэлж байна. Өөр зүйл үзэхийг хүсдэг жүжигчид бий болж байна. Саяны нэр дурдагддаг уран бүтээлчид хийх зүйлээ хийсэн. Харин одоо дараагийн залуучууд энэ урлагийг шинэчлэн авч явах ёстой. Би ингэж л бодож байна.

-Та хэр сайн аав, хань вэ. Өөрөөр хэлбэл, гэр бүлдээ хэрхэн цаг зав зарцуулж, тэднийгээ жаргалтай байлгахын тулд юу хийдэг вэ?

          -Би ажил, мэргэжлээсээ хамаараад гэртээ өнгөрүүлэх цаг хомс байсан. Одоо л бол аль болох гэр бүлтэйгээ ойрхон байхыг хүсдэг.

-Та гэргийтэйгээ хамгийн сүүлд хэзээ болзоонд явж, цэцэг бэлэглэсэн бэ?

         -Гэр бүлийнхээ хүнд нээрээ ойрт цэцэг өгөөгүй юм байна шүү. Гэхдээ болзоонд бол явалгүй яах вэ. Ханьтайгаа хамт хоол идэж, гадуур алхаж, агаар салхинд гарна.

-Таны хоёр охиноо дуулж байхыг хараад чин сэтгэлээ гайхаж, алмайрч байгаа бичлэг сошиалаар 2-3 жилийн өмнө цацагдсан. Энэ талаарх таны сэтгэгдлийг олон хүн асуусан байх. Гэхдээ тухайн үед танд төрсөн сэтгэгдлийг асуумаар байна. Охидоо дуулж байхыг өмнө нь сонсоогүй байсан уу?

        -Энэ талаар надаас олон хүн асуудаг. Охидынхоо дуулахыг бол сонсолгүй л яах вэ. Хажууд дуу аялж л байдаг. Харин хүүхдүүдээс тийм хэмжээний хоолой, аялгуу гарахад ямар ч эцэг хүн гайхах байх.Тэр үеийн мэдрэмжийг ийм,тийм гэж хэлэхэд хэцүү.

-Охидоо урлагийн хүн болгоно гэж боддог уу. Охидоо хошин урлагийн жүжигчин болно гэвэл зөвшөөрөх үү?

          - Би хүүхдүүдийн хүсэл сонирхлыг эсэргүүцэхгүй. Өмнө нь бол "Жүжигчин болгохгүй цаг наргүй ажил" гэдэг л байсан. Одоо хүүхдүүдийн дуртай зүйлийг хориглож болохгүй гэж боддог. Хүн юу хийхийг хүснэ, тэр зүйлээсээ л аз жаргалыг авдаг. Ер нь одоо хүүхдүүдэд ээж, аав заадаг цаг биш болсон. Харин хүүхдүүдийнхээ мөрөөдөл, зорилгыг биелүүлэх боломжийг эцэг, эх нь эрэлхийлэх ёстой, гүйцээ.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

          -Баярлалаа

 

МУГЖ П.ЭРДЭНЭЗААН: Илүү ур чадвар шаардсан, намайг эвдсэн дүр бүтээмээр байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-09 01:51:20
    RS: Gem zem jujig uzseen, ta theatr-t bhdaa uneheer zohij bnaleshu, olon hoshin shog kinog chin uzej l bsan, gehdee gem zemd togloson shig chin unelj bsngui, uzel bodol, nuhtsul bdal hedii bodit bdal deer uur bdag ch, bi huvidaa zuvluy gem zem shig olon jujigt toglooroi ta tend l bga shu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-08 17:27:19
    Амжилт хүсье: Эрдэнэзаан ахдаа амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-08 11:49:51
    иргэн: ХЭН САДАА БОЛООД БАЙГАА ЮМ БЭ?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-08 11:47:25
    иргэн: ХЭН САДАА БЫОЛООД БАЙГАА ЮМ БЭ?
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188