• Өнөөдөр 2024-04-25

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ, ГАЛ СӨНӨӨГЧ Д.ЭРДЭНЭБИЛЭГ: Бурхан болсон аав, ээждээ “Хүү нь гавьяат боллоо" гэж шивнэж, тэднийхээ төлөө залбирсан

2022-01-04,   794

   -Гал сөнөөгч бүрийн энгэрт гавьяатын цол гялтагнаж байна даа-

       Д.Эрдэнэбилэг Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгчөөр тасралтгүй 20 жил хоёргүй сэтгэлээр ажилласан байна. Түүний хичээл зүтгэл, хөдөлмөр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, үнэнчээр зүтгэснийг нь Монголын төр өндрөөр үнэлж, Үйлчилгээний гавьяат цолоор шагнасан билээ. Гал сөнөөгчдөөс “төрсөн” анхны гавьяат Д.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.  

-20 жил Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид гал сөнөөгчөөр ажиллаж, Үйлчилгээний гавьяат цолоор шагнууллаа. Та баярын сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

     -Гал түймэр, унтраах аврах 10 дугаар ангидаа 20 жил тасралтгүй гал сөнөөгчөөр ажиллаа. 2021 оны Ерөнхийлөгчийн зарлигаар Үйлчилгээний гавьяат хэмээх нэр хүндтэй цол хүртсэн. Сэтгэл сайхан байна. Хамт олны хүч, гавьяа гэж бодож байна. Хамт олондоо маш их баярлалаа.

-Таны мэргэжлээрээ бахархдаг хамгийн сайхан үе хэзээ вэ. Сэтгэлээс гардаггүй дурсамжаасаа хуваалцахгүй юу?

     -Үүргээ амжилттай биелүүлж, галаа унтраачихаад анги руугаа хамт олноороо бахархаад буцах хамгийн сайхан. Тэр үе л сэтгэлд үүрд хоногшин үлддэг. Хамт олноороо болон өөрөөрөө бахархах хамгийн сайхан мэдрэмж байдаг. Тийм учраас ажилдаа дурлаж, бүр илүү хичээдэг байх.

-Галын аюулыг унтраахдаа өөрийнхөө хэрхэн бэлддэг вэ?

     -Гал сөнөөгч ажилдаа ирээд дадлага, бэлтгэлээ сайн хангадаг. Дадлагаа сайн хийвэл гал унтраах, аврах ажлын бэлтгэл, бэлэн байдал хангалттай гэж үздэг. Өдөр бүр дадлага хийснээр хувцсаа зөв өмсөж сурах, багаж, хэрэгслүүдтэйгээ ажиллаж, дасан зохицож байж гал унтраахад оролцдог. Үүнээс гадна гал түймрийн гамшиг, ослыг нэг хүн шиг баг болж байж унтрааж чаддаг. Харин тал бүр тараад явчихвал хэзээ ч унтрааж чадахгүй. Ангийн хуваарийн дагуу ажлаа гүйцэтгэх нь бидний хамгийн эхний ажил байдаг.

-Гал унтраах, аврах ажиллагаанд оролцож байхдаа бэртэж, гэмтэж байв уу?

     -Гал руу ороход тал бүрд эрсдэл байдаг. Шатаж буй байшингийн галыг унтрааж байгаад хананд нь дарагдаж байсан. Хамт олон минь яаралтай түргэний эмч дуудаж, эрсдэл багатай гарч чадсан. Тийм болохоор аль болох сонор сэрэмжтэй ажиллах ёстой байдаг. Мөн бэлтгэлээс гадна сэтгэл зүйгээ сайтар бэлдэх, хянах ёстой байдаг.

-Аврах ангийнхан сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ. Осол, аюулд өртсөн хүмүүсийн сэтгэл хямарч, аврагч нартай таагүй харьцах тохиолдол гардаг байх?

       -Галд өртсөн ч юм уу, ямар нэгэн аюулд өртсөн хүний сэтгэл зүй маш их өөрчлөгддөг. Тийм болохоор бидэнд таагүй хандах тохиолдол бий. Гэхдээ ихэнх нь хэд хоногийн дараа биднээс уучлалт гуйж, баярласан сэтгэлээ илэрхийлж, биднээр бахархаж ирдэг. Тэр үед бид “Ажлаа хийж чадсан юм байна” гэж боддог доо.

-Та яагаад гал сөнөөх ажлыг сонгосон бэ. Хэн нэгэн нөлөөлсөн үү?

      -Миний найз гал сөнөөгч. Найзынхаа ажил дээр очиж, ажлынх нь талаар ойлголттой болсон. Тэгээд найзтайгаа ижил гал сөнөөгч болохоор шийдэж, өргөдөл өгч, ажилд орж байсан. Өнөөдрийг хүртэл Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангидаа ажиллаж байна.

-Гал сөнөөгч болоод эхний дуудлагад явахад ямар санагдсан бэ?

      -Эхний дуудлагад явахад маш хэцүү байсан. Миний анхны дуудлага дээр хүн нас барчихсан байсан. Тухайн үед би залуу байсан болохоор түүнийг нь мэддэггүй. Галаа унтраах гээд л сандраад гүйж байтал ах нар ирээд “Хүн нас барчихсан байна. Мэдсэн үү” гэж асуусан. Тухайн үед надад маш таагүй санагдаж байсан. Шинэ, залуу гал сөнөөгч нарт хүн нас барсан ч гэдэг юм уу, цочрол өгөхөөр мэдээлэл өгч болдоггүй юм билээ. Түүнийг нь сүүлд ойлгосон.  Харин тухайн цагаас хойш ах нараасаа асууж, суралцаж гал гарсан орчинд хэрхэн ажиллах тухай ойлгож, ажилдаа хэрэгжүүлж, эргэн тойрноо сайтар ажиглаж, иргэдийг хянадаг болсон.

-Гавьяатынх нь тэмдгийг эхнэр, хүүхдүүд нь үзээд юу гэсэн бэ?

     -Гавьяатынхаа тэмдгийг авчихаад хамт олон, эхнэр, хүүхдүүдтэйгээ баярын сэтгэгдлээ хуваалцаж, зургаа даруулсан. Эхнэр минь “Хайртай шүү” гээд л тэвэрч, үнссэн. Бага хүүтэйгээ зураг авхуулж чадалгүй явуулчихсан байсан. Гэртээ очоод “Аавтайгаа хамт зурга авхуулах байсан юм. Та олдоогүй” гээд л ууртай байсан.

-Үйлчилгээний гавьяат цол авах хүртэл хань нь таныг  ойлгож, ажлыг нь хүндэтгэж байсан байх. Гэр бүлийнхээ тухай ярихгүй юу?

     -Би ар гэрийнхээ ажлаа бүгдийг нь эхнэртээ даатгачихсан. Бүх ажлыг эхнэр минь амжуулдаг. Гурван хүүхдийг минь сургуульд нь хүргэж өгч, авдаг. Харин би ар гэртээ санаа зовох зүйлгүй, амгалан, тайван ажлаа хийж чаддаг. Энэ миний давуу тал гэж боддог. Тийм учраас энэ боломжийг ашиглаад эхнэртээ “Үргэлж ойлгож, дэмждэгт баярлалаа, хайртай шүү” гэж хэлье.

-Ажлынхаа онцлогоос шалтгаалж эхнэртэйгээ ойлголцохгүй байх үе гарч байв уу?

     -Бид үл ойлголцож, маргалдаж байсан үе зөндөө. Эхнэр минь намайг “Гэртээ ирэхгүй юм” гэж уцаарлах үе ч байсан. Тэр үед нь эхнэртэйгээ ярилцаж, ажлаа ойлгуулж, ойлголцож чадсан. Бид 20 жил амьдарч байна. Эхнэр минь хувиараа бизнес эрхэлдэг.  Одоо намайг, миний ажлыг бүрэн дүүрэн ойлгодог, хүлээн зөвшөөрдөг, дэмждэг, урам зориг өгдөг болсон. Мөн манай ангийн залуу алба хаагчдын эхнэрүүдэд зөвлөгөө өгч, бидний ажлыг ойлгуулахад тусалж байгаа.

-Хүүхдүүд нь аав шигээ “Авран хамгаалагч болно, баатар болно” гэж ярьдаг уу?

     -Дунд охин минь цагдаа болох мөрөөдөлтэй. Цагдаа болохоор элсэлтийн ерөнхий шалгалтаа бэлдэж байгаа. Би хүүхдүүдийнхээ бодол санаа, мөрөөдлийг үгүйсгэж чаддаггүй.

-20 жилийн өмнө ажилд орж байсан үеэ эргэн дурсахад танд ямар санагддаг вэ?

    -Хүнд хэцүү зүйл их тохиолдож байсан. Алба маань жил бүр хөгжиж, автомашин, багаж хэрэгсэл шинэчлэгдэж сайжираад сайхан байна. Ажил, мэргэжилдээ үнэн сэтгэлээсээ зүтгэвэл бүтэхгүй зүйл гэж үгүй. Цаашид ч ажлаа чин сэтгэлээсээ хийж, залуу дүү нартаа үлгэр жишээ болж, зааж, сургаж сайн ажиллахын төлөө хичээж байна.

-Гал сөнөөгчдийн тэргүүн ахлагч байна гэдэг илүү хариуцлагатай, аливаад бодолтой хандах хэрэгтэй. Та баг, хамт олноо хэрхэн удирддаг вэ?

    -Салаан захирагчийн туслахаар дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Баг ахалж ажиллана гэдэг маш хэцүү, хариуцлагатай ажил. Гал унтраах, аврах ажилд орохдоо эхлээд аль талаас нь яаж унтраах талаар үүрэг, чиглэл өгч ажилладаг.

-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ?

    -Би зургуулаа. Аав, ээж минь бага байхад бурхан болсон.

-20 жилийн хичээл зүтгэл, ажил хөдөлмөрөө үнэлүүлээд зогсож байхдаа “Аав, ээж минь байсан бол” гэх бодол төрж байв уу?

    -Тэгэлгүй яах вэ. Ерөнхийлөгчөөс шагналаа авахдаа “Гал сөнөөгч бүрийн энгэрт гавьяатын цол гялтагнаж байна даа. Сэтгэлээсээ хийсэн ажил ганддаггүй, хуучирдаггүй юм байна” гэж бодсон. Мөн аав, ээжийгээ санаж, “Хүү нь гавьяат” боллоо гэж өөртөө хэлж, тэднийхээ төлөө залбирсан.

 

 


ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ, ГАЛ СӨНӨӨГЧ Д.ЭРДЭНЭБИЛЭГ: Бурхан болсон аав, ээждээ “Хүү нь гавьяат боллоо" гэж шивнэж, тэднийхээ төлөө залбирсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-04 16:44:51
    Болороо: Сайхан аав ээжийн сайн хүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-04 12:47:56
    Цэцэгжаргал: Ёстой мундаг шүү, эогэлтийнхэнд баярлалаа
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188