• Өнөөдөр 2024-04-21

ДАРМА БАТБАЯР:ХҮН БҮР АДИЛХАН СЭТГЭХҮЙТЭЙ БОЛНО ГЭДЭГ ЭВЛЭРЧ БОЛШГҮЙ ЗҮЙЛ

2022-01-01,   2453

Монгол Улсын Төрийн шагналт зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Их Монгол” дээд сургуулийн багш, профессор Дарма Батбаяр багштай 2009 онд ярилцаж байсан хөөрөлдөөнөө сэргээн уншигчдадаа хүргэж байна. 

-Сайн байна уу. Танай руу ирэх замд шувууд модны мөчир дамжин шулганалдаад л танд нэг юм хэлээрэй гэсэн. Тэд “Хавар ирсэн шүү, өвөлжин суусан хийгээд өнгөрсөн амьдралынхаа тухай энэ охинд заавал яриарай” гэж дамжуулсан шүү.  

       -Тэгж байна уу. Шувуу гэдэг амьтан чинь бас хүний амьдралын талаар мэдэхийг хүсдэг байх нь ээ. “Миний амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилж л байна. Бусдын л адил” гэж байна гээрэй.

-Одоо та ямар уран бүтээл хийж байна вэ. Шинэ ном гарах дөхөж байгаа байх.

       -Хэд хэдэн юм бичиж байна. Хэзээ, яаж ном болгохоо тухайн үед нь л болно доо. Зохиолч, яруу найрагч, уран бүтээлч хүнд бүтээл төрүүлэх цаг гэж байдаг шиг ном ч бас өөрийн мэндлэх цагтай. Дуншаад ирэхээр нь л төрүүлчихнэ. Тэр болтол бичсэн юмаа хасаж, нэмж, эргүүлж, тойруулж л сууя.

-Та нэг бүтээл дээр хэр удаан ажилладаг вэ. Зарим нь нэг суугаад л алдартай бүтээлээ бичсэн байдаг. Хэдэн өдөр, сар, жилээр нэг өгүүллэг, тэр ч бүү хэл шүлэг бичдэг ч хүн байдаг гэдэг.

        -“Зохиолынхоо эхний мөрийг гаргах гэж би олон сар зовдог” гэж Габриэль Гарсио Маркес хэлсэн байдаг. Нэг өгүүлбэр битгий хэл ганцхан үг хэлэхийн тулд хэдэн ч жил сууж болно. Шууд биччихсэн ч болно. Гэхдээ нэг амьсгалаар бичсэн бүтээлд хасах, илүүдэх юм их байдаг юм. Хэр удаан суух нь биш, хүнд хэрэгтэй үг хэлэх нь уран бүтээлчид чухал.

-Та сонин, телевизэд бараг ярилцлага өгдөггүй. Таны зохиол бүтээлд дурласан, шимтдэг, дуртай уншигчид Дармын Батбаяр гэдэг хүний амьдралын талаар сонсохыг, уншихыг хүсдэг байх. Таны хүүхэд нас номтой хэрхэн холбогдсон бэ?

       -Миний хүүхэд нас тэр үеийн Дэлгэрхангай сумын үе тэнгийн хүүхдүүдийн л  адил өнгөрсөн. Хүмүүст миний бага нас биш, хүүхдүүдийнх нь бага нас, ирээдүйд юу хэрэгтэй нь чухал учраас өөрийгөө биш өрөөлийн бага насны тухай ярих нь зөв. Хүүхдийг хүүхэд байлгаж, авьяасаа нээхэд нь саад болдог зүйл чинь ээж, аав нь өөрсдөө юм. Том хүмүүсийн хэчнээн хүсээд ч эргэж ирэхгүй, багадаа бол хурдхан дайраад өнгөрье хэмээн яарч туулдаг тэр багахан хугацааг өөрт нь яаж үлдээх вэ гэдэг хамгийн чухал.

-Хүүхдийг өөрт нь даатгах хэрэгтэй гэж үү?

        -Хүүхдийн оюун санааны ертөнцийг өөрт нь үлдээж, өөрөө сэтгэж, өөрийнхөө цонхоор ертөнцийг харах боломжийг үлдээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эцэг, эхчүүд өөрсдийнхөө хажууд хүүхдээ бие даалгаж сургах хэрэгтэй. Тэр тусмаа оюун санааны хувьд түүнийг чөлөөлж, юу хийж, хүсэж байгааг нь ажиглаж, хөгжүүлэх ёстой юм. Хүүхдийнхээ өмнөөс харах нүд, сонсох чих, амтлах ам нь болоод байгаа учраас бэлэнчлэх сэтгэлгээтэй, амьдрах, хөрвөх чадвараар дутуу хүүхэд олон болоод байгаа юм. Хүүхэд цэцгийг өнгөгүй зурмаар байвал дураараа л болог л дээ. Тэгэхэд манайхан заавал ягаан дэлбээтэй, ногоон навчтай цэцэг зурсангүй гэж хүүхдийг зэмлэж, дүнгээс нь хасдаг. Өөрсдийнхөө хэвшмэл сэтгэлгээг хүүхдэдээ тэр чигээр нь хэвшүүлэх гээд байгаа юм. Миний дандаа бодож явдаг нэг зүйл бол манай сургалтын системийн хэвшмэл сэтгэлгээ. Гаднын улс, орнуудын хэвшмэл системийг нэвтрүүлж байна гээд бусдын хязгаарлагдмал, баригдмал хэв загварыг монгол хүний сэтгэлгээнд нийцүүлэх гээд шахаж, шаардсаар ирсэн. Дэлхий нийтээр сургалтын нэг л арга барилтай байж болохгүй. Бид үүнээс татгалзах хэрэгтэй.

-Та ч,  би ч, бид бүгд энэ системээр сурч, хүмүүжсэн шүү дээ. Тэгэхээр бүгд ижил сэтгэлгээтэй болсон хэрэг үү?

         -Азаар бид монгол хүн. Монгол хүний агуу сэтгэхүй, хэвшмэл бус сэтгэлгээ гаднын ямарч хэвшмэл сэтгэлгээг өөрийнхөө хөрсөнд буулгахдаа монголчлоод байж чадсан. Харин та нараас цаашхи нь чадахгүйд хүрэх байх. Учир нь, дэлхий ертөнц тэр аяараа хэвшмэл болж байна. Түүнээс бусдыгаа ч бас аврахыг оролдох хэрэгтэй.

-Яаж?

         -Боловсролын системийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ бүгдийг хэвшмэл бус сэтгэлгээтэй болгоно гэж туйлширч болохгүй л дээ. Тэнд нэг хэсэг хүний боловсруулсан юмыг энд хуулаад авчирч байгаа юм. Нэг ёсондоо өөрсдөө сэтгэх биш, бусдын сэтгэлгээг даган дууриаж байгаа бэлэнчлэх сэтгэлгээ юм. Энэ нь Боловсролын яамны асуудал биш юм. Багш, сурах гэж байгаа хүмүүсийн асуудал. Багш юүлүүр биш, өдөөгч байх ёстой. Хүний хэлснийг, энд тэндээс уншсанаа заадаг биш хүний оюун ухааныг өдөөж, авьяас билгийг нээдэг хүн болох  хэрэгтэй. Ирэх намраас “Их монгол” дээд сургууль энэ тогтолцоог нэвтрүүлэхээр болоод байгаа. Зохион байгуулалтын хувьд европын зөв зохион байгуулалтыг авч, сургалтын системээ стандарт бус сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглүүлэн өөрчлөх юм.

Азаар бид монгол хүн. Монгол хүний агуу сэтгэхүй, хэвшмэл бус сэтгэлгээ гаднын ямарч хэвшмэл сэтгэлгээг өөрийнхөө хөрсөнд буулгахдаа монголчлоод байж чадсан. Харин та нараас цаашхи нь чадахгүйд хүрэх байх

-Яг тийм болно гэхээр манай багш нар гологдоно. Бас сурах бичгийг өөрчлөхөөс өөр аргагүй шүү дээ.

         -Бид өөрчлөгдөхөөс өөр мэхгүй тийм цаг үед амьдарч байна. Өнөөдөр дэлхий нийтээрээ ертөнцийн өөрчлөлтийн тухай ярьж байна. Ертөнц “Хөхтэй мэргэн” одны ордонд очсон тухай ярьж байна. Ертөнц ийм байрлалд байх нөхцөлд оюуны эрин үе ирдэг гэдэг. Ийм учраас хүн зайлшгүй өөрчдөгдөх ёстой. Тэр тусмаа мэдээлэл дамжуулдаг системийг халж, чадвар чадавх, авьяас нээх сургалтыг нэвтрүүлэх нь чухал юм. Гол хоцрогдол бол мэдээллийг юүлүүрийн аргаар олгож байгаад юм. Багш нь багшаасаа сонссон юмаа оюутнуудад дамжуулаад байгаа юм.  Хэний ч, хаанаас ч олж болох мэдээллийг л дамжуулаад байгаа нь одоогийн сургалтын системийн муу тал. Түүнээс хэн ч, ямар ч шинэ мэдлэг олж авч чадахгүй. Авьяас нээгдэхгүй.  Гэтэл гадаадын гэхээр л туйлширдаг зангаараа болох болохгүй сургалтыг нэвтрүүлж, тэнд нь маш өндөр төлбөр төлж хүүхдүүдээ сургаж байна.

-Та бид хоёр үндсэн сэдвээсээ багагүй хазайлаа. Одоо уран бүтээл рүүгээ буцаад оръё. Сүүлийн үед зөн билгийн, мэдрэмжийн уран зохиолыг хүмүүс ихээр унших болсон. Энэ юутай холбоотой вэ. Ер нь дэлхий нийтийн утга зохиолын өнөөгийн чиг хандалага ямар байна вэ?

          -Энэ нь мөн л хүн төрөлхтний тэр дундаа монголчуудын оюуны чадамжтай холбоотой. Бас хаагдмал байсан зөн билгийн мэдрэмж нийтэд нээлттэй болсонтой ч холбоотой юм. Нөгөөтэйгүүр дэлхий ертөнцийн их хувьсал, өөрчлөлттэй холбоотой орхичихсон зөн совин руугаа хүн эргэж орж байгаа юм.

-Энэ нь зөв үү?

        -Монгол хүн бол маш их зөн билигтэй, амгалан хоосон чанарыг олж чадах оюуны чадамжтай хүмүүс гэж би боддог. Түүн рүүгээ л дөхөж яваа байх.

-1970-аад оны зохиолч, яруу найрагчдыг, тодорхой хэлбэл Л.Дашням, Д.Урианхай, Б.Лхагвасүрэн, Д.Батбаяр, Ж.Лхагва” нарыг Монголын уран зохиолын хүч тамир, тулх тулгуур нь гэдэг. Бас Монголын утга зохиолд шинэ өнгө аяс оруулж ирсэн гэдэг. Энэ тухай яриач?

       -Судлаачид тэгж хэлдэг юм. Манай бидний үеийнхэн ямар нэг тодорхой шинжлэх ухааны чиглэлээр их, дээд сургууль төгссөн хүмүүс. Өөрөөр хэлбэл, юмыг шинжлэхэд суралцсан гэсэн үг. Тухайлбал, Ж.Лхагваа цахилгааны инженер, Л.Дашням, Д.Урианхай нар эдийн засагч, би геологийн инженер гээд л бүгд мэргэжлийнхээ хувьд утга зохиолоос тэс өөр, дандаа судалдаг, шинжилдэг хүмүүс. Байгалийн болоод аливаа шинжлэх ухаан хүний авьяас чадавхийг нээж өгдөг. Биднээс өмнөх зохиолч, бүтээлчдийн ихэнх нь уран зохиол, монгол хэлний  мэргэжлийн хүмүүс юм.

-Зохиолч ч гэлтгүй аливаа мэргэжил эзэмшихэд асар их дур хэрэгтэй гэж та ярьдаг. Бас  сэтгэл.

        -Ертөнцөд зохиолч гэдэг мэргэжил байдаггүй юм. Энэ бол хүний хообий, дур сонирхол. Ер нь агуу хүмүүсийн ихэнх нь хообийгоороо л алдарт хүрсэн байдаг юм. Жишээ нь хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гэхэд л малын эмч мэргэжилтэй хүн. Гэтэл түүгээрээ бус сонирхолоороо агуу их гайхамшгийг бүтээсэн байна шүү дээ. Тийм болохоор л аливаа зүйлд маш их дур хэрэгтэй гэж ярьдаг юм. Тодорхой шинжлэх ухаан сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг. Тэгэхээр хүн өөрийн дур сонирхолтой юмаа шинжлэх ухаанаар дамжуулан мэдэрч, түүнийгээ хөгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, стандарт бус сэтгэлгээтэй хүнийг уран бүтээлч гэж байгаа юм.

-Тэгвэл дэлхийгээр дүүрэн уран бүтээлч байна шүү дээ. Таны дээр ярьсан хэвшмэл бус сэтгэлгээг сайжруулахын тулд сургалтын системийг хүртэл өөрчлөх хэрэг байгаа юм уу. Хаа сайгүй л зохиолч, яруу найрагч, зохион бүтээгч байна шүү дээ.

          -Өнөөдөр дэлхий нийтээрээ хэвшмэл, нэг нэгнээсээ хуулсан сургалтын системээр хүмүүсийн тархийг нэг загварт оруулж байна. Монгол хүний атар онгон оюун ухаан үүнд зориулагдаагүй. Миний бодлоор Энштейнээс хойш энэ дэлхий ертөнцөд стандарт бус сэтгэлгээтэй хүн төрөөгүй. Цаана чинь ертөнц өөрөө оюун ухаант, стандарт бус сэтгэлгээтэй хүнийг нэхэж байна. Цаашдаа ч нэхнэ. Тийм ч учраас өнөөгийн энэ байгалийн гамшиг, элдэв үзэгдэл чинь болоод байгаа юм. Тиймдээ ч ертөнцийн бүх зүй тогтлыг нэгтгэсэн ганц онол буюу “Супер нэгдлийн онол” гээчийг хэн ч нээгээгүй л байна шүү дээ. Хамгийн гол нь үүнийг стандарт сэтгэлгээтэй хүмүүс тайлж чадахгүй. Яагаад гэвэл ертөнц өөрөө стандартад орчихсон. Үүнийг задлах ганц арга нь стандарт бус сэтгэлгээг хөхиүлэн дэмжих. Одоо хэн ч, ямар ч нээлт хийхгүй л байна шүү дээ.

Ертөнцөд зохиолч гэдэг мэргэжил байдаггүй юм. Энэ бол хүний хообий, дур сонирхол

-Хүмүүсийг нээлт хийснийх нь төлөө Нобелийн шагнал өгсөөр л байгаа шүү дээ?

-Нобелийн шагнал гэдэг бол ажлын үзүүлэлт.

-Тэгвэл зохиолчид бүх ертөнцийн зүй тогтлын гогцоог тайлж чадах болов уу?

         -Оросын нэрт эрдэмтэн Перельман хэний ч бодож чадаагүй  байсан математикийн нэг бодлогыг бодсон. Бодлогыг бодсон хүнд олгох шагнал болох 1.5 сая долларыг тэр одоо ч аваагүй гэсэн. Перельман өөртөө эргэлзээд байгаа байлгүй. Яагаад гэхээр бүх зүйл хязгааргүй. Тэгтэл хүмүүс стандарт тавиад байгаа юм. Харин тэр математикч бүх зүйл хязгааргүй гэдгийг ойлгоод байгаа учраас шагналыг чухалчлахгүй байж болно шүү дээ.  

-Хэвшмэл сэтгэлгээ дайн байлдаан, байгалийн гамшгаас аюултай юу?

        -Дэлхийд гайхагдсан, асар их оюуны чадавхитай монголчууд хэвшмэл сэтгэлгээтэй болно гэдэг эмгэнэл. Одоохондоо тийм болчихоогүй байна. Харин ертөнц даяаршихын хэрээр тийшээ явчихаж мэднэ. Манай боловсролын салбар ерөнхийдөө тийшээ хазайчихсан.

-Тэгвэл өнгөрсөн хугацаанд монголчууд юу нээсэн юм бэ?

       -Хамгийн чухал нь энэ. Үнэнийг хэлэхэд хүн оюун ухааныхаа арав хүрэхгүй хувийг ашигладаг гэсэн. Манай монголчууд бол бүр гурав хүрэхгүй хувийг ашигладаг байх. Оюуны чадамж, чадавхи эдийн засгийн  хөгжилтэй урвуу пропорцианаль байдаг байж мэднэ. Хаана эдийн засгийн хөгжил өндөр байна вэ тэнд урлаг, уран зохиол, оюуны чадамж сул, муу байдаг. Юу вэ гэхээр мөнгөтэй болохын тулд хүмүүс эд материалын төлөө оюунаа зарчихсан хэрэг. Тэр ч бүү хэл дээр үед Америкийн томоохон компаниуд сургууль төгссөн хүмүүсээс онц  дүнтэйг нь бус дунд үнэлгээтэйг нь түүж авдаг байсан гэдэг юм. Тэр нь зөвхөн сурахад оюун ухаанаа шавхчихсан хүмүүсийг бус оюун ухаан нь атраараа байгаагаар нь ажлаа хийлгэх гэж байгаа нь тэр. Монголчуудын оюун ухаан атар онгоноороо байгаа. Гагцхүү сургалтын системийн хэвшмэл дадалд л баригдчихаад байгаа юм. Юунд ч ашиглахгүй, хэрэглэхгүй мөхөж болохгүй. Оюунаа хөгжүүлж болох цаг нь энэ юм. Агаар, ус бусдаас харьцангуй цэвэр байгаа энэ үе. Хуучин нийгмийн тэгшитгэлийн системээсээ ангижрах хэрэгтэй. Хэдийгээр ардчилал гэж байгаа ч цаана нь нөгөө л тэгшитгэл яригдаж байна. Ямар сайндаа л тэгш хуваах тухай ярьж байна. Энэ нь маш хортой. Сурахад тэгш хандаж болохгүй байхгүй юу. Юмыг өөрийнхөөрөө сэтгэдэг байх хэрэгтэй. Хүн бүр адилхан сэтгэхүй, оюун ухаантай болно гэдэг эвлэрч болшгүй зүйл.

-Таныхаар ингэж ойлгох хүн байхад ихэнх нь манайх дэлхий нийтийн даяаршилд хөл нийлүүлэн алхах ёстой гэж бодож байгаа.

         -Даяаршил гэдэг чинь өөрөө стандарт байхгүй юу. Тэр даяаршлын хүчрэгдэхгүй стандарт ороод ирвэл бид дийлэхгүй. Тэрнээс нь өмнө амжиж хүнээ бус хүнийхээ оюун ухааныг хөгжүүлэх хэрэгтэй. Оюуны өндөр чадавхитай хүний эрэлд дэлхий нийт хатаж байна. Үүнд цаг хугацаа нэг их шаардагдахгүй.

-Багаар бодоход хэдий хэр хугацаа хэрэгтэй вэ?

        -Хүний сэтгэлтэй ажиллаж, сэтгэлийг сайхнаар дүүргэхэд тийм их цаг ордог гэж үү. Сайхнаар дүүрсэн сэтгэл өөрийнхөө юу хүсэж байгааг мэдэрдэг юм. Тийм дээ ч энэ олон ухаантан, суутнууд хүнээр заалгалгүй бүхнийг өөрсдөө хийсэн юм.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

        -Хэн нэгний яаж амьдарсан нь хүнд хамаагүй байдаг юм. Харин өөрийнх нь ирээдүйд хэрэгтэй зүйлийнх нь тухай хэн, юу хэлж өгч байгаа л сонин.

2009 он

 

Юмыг өөрийнхөөрөө сэтгэдэг байх хэрэгтэй. Хүн бүр адилхан сэтгэхүй, оюун ухаантай болно гэдэг эвлэрч болшгүй зүйл


ДАРМА БАТБАЯР:ХҮН БҮР АДИЛХАН СЭТГЭХҮЙТЭЙ БОЛНО ГЭДЭГ ЭВЛЭРЧ БОЛШГҮЙ ЗҮЙЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188