• Өнөөдөр 2024-04-26

ИД ШИД БЭЛЭГЛЭГЧ

2023-12-31,   1254

     Тэр бол "Хүн бай" гэж тун тодорхой хэлсэн, уриалсан, хэлсэн үгэндээ өөрөө ч багтаж яваа нэгэн. Тэр ийм бардам байгаагийн учир нь түүний ард том баг бий. Бусдын сайн сайхан бол миний аз жаргал гэж итгэж, хүүхдүүд л жаргалтай байвал боллоо гэж чин сэтгэлээсээ зорьж яваа нэгэн бол Лантуун дохио төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч Чадраабалын Ганжавхлан. Тэр гэр хорооллын борог амьдрал дундуур алхаж, тэнд ямархан амьдрал өрнөж байгааг мэдэж, хэн нэгэнд ид шид гэж юу байдгийг бэлэглэхийг хүсэгч болохоос хэзээ ч өөрийгөө дуулагч, өөрийгөө дөвийлгөгч биш. Хүний төлөө, бусдын төлөө гэсэн ганцхан уриатай 30 гаруй насны энэ эрхэмийн хийж байгаа үйлс, хэлж байгаа үг л өнөөдрийн нийгэмд ус, агаар шиг хэрэгтэй. Өнөөгийн нийгэм түүнгүйгээр, түүний баггүйгээр оршино гэвэл олон зүйл үгүйлэгдэж, олон ч хүүхдүүд баярлахгүй өнгөрнө.

-ГЭРЭЛ ДАМЖУУЛАГЧ-

   Тэрбээр арван жилээ төгсөөд, Солонгос Улсад оюутан болж, жуулчны компанид хөтөч хийж, гадаад хэлний сургалтын төв байгуулж, хувь хүний хөгжлийн багш хүртэл хийж эхэлжээ.  Дараа нь Хятад болон АНУ-д үргэлжлүүлэн сурч, энэ хооронд Бээжин дэх МОХ-ын сургалтын албаны даргаар  ажилласан түүхтэй байна. Ерөөс тэр багш, дарга, зохиолч, үүсгэн байгуулагч, өвлийн өвөө гээд нэрнийхээ өмнө олон гуншинтай нэгэн. Мөн тэр төрийн албанд орж, өөрийн кофе шопыг нээж, МҮОНРТ-ийн “4 урилга” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажилласан зэрэг  салбар бүрт нэрээ үлдээж, өнөөдрийн Ч.Ганжавхланг тэр бүтээсээр иржээ. Тэгвэл өнөөдрийн Ч.Ганжавхлан бол бидний том үлгэр дуурайлал, нийгмийн түүчээ болж чадаж байна. Лантуун дохио төрийн бус байгууллагын дуу хоолой, тэдний хийж байгаа үйлс нийгмийг байлдан дагуулж, өөр зүйлийг мэдрүүлж, амьдралын бодит үнэнтэй нүүр тулуулж, зарим нэгэнд бодол, ухаарал хайрлаж байна. Ингэхдээ тэр гэрлийг бусдад дамжуулах, бусдад гэрэл тусгах гэсэн ганцхан цэг шугамыг барьж,  өөрөө гэрэл болон алхаж байна. Тэр боласаасан гэрлээ дамжуулан бусад руу зөөж яваа.

Ерөөс тэр багш, дарга, зохиолч, үүсгэн байгуулагч, өвлийн өвөө гээд нэрнийхээ өмнө олон гуншинтай нэгэн.


 

-ҮГ БОЛОН ҮЗГЭЭРЭЭ ХАШГИРАГЧ-

  Түүний дотор амьдралын олон өнгө, бусдад, тэр дундаа хүүхдүүдэд ид шидийг бүтээж өгөх их мөрөөдөл бий. Үүгээрээ тэр өнөө цагийн ид шидийг бүтээх бирд. Түүний бүтээх ид шид бол замаа олохгүй, хүслээ танихгүй нэгэнд зүг чиг, таних тэмдэг нь болж, итгэл найдвар өгөх. Тэр бодит амьдрал, нийгэмд зөрчигдөж байгаа бүхний дуу хоолой болж, үгээрээ ч үзгээрээ ч хагширагч. Эрх нь зөрчигдсөн, аз жаргал, инээд хөөр нь хумигдсан хэн бүхнийг гэрэлтүүлэх гэж, өндийлгөх гэж, босгох гэж зүтгэгч. Бусдын хажуугаар нь нүдээ аниад, дуугүй өнгөрч буй бүхнийг тэр бодитоор илчлэн гаргаж, "Амьдрал болохгүй байна", "Хүүхдүүд өнчирч, өлсөж байна" гэдгийг ил зарлаж, эрс өгүүлэгч. Тэр мөн өөрийн үзэж харсан, амьдралаас тунгаасан, алхаж, сууж, боссон бүхнээ "Боорцог ба сарнай", "Автобус ба амьдрал" гээд номоор илэрхийлчихсэн. түүний эл хоср ном хоёул амьдралын бодит төрх, үйл явдал, амьд жишээ.


Тэр бодит амьдрал, нийгэмд зөрчигдөж байгаа бүхний дуу хоолой болж, үүгээрээ болон үзгээрээ хашгирагч

 
    Өнөөдөр тэр байхгүй байсан бол хүчирхийлэл ил болж, бяцхан зүрхэндээ айдас тээн өсөж байгаа хүүхдүүдийг хүмүүс төдийлөн мэдэхгүй өнгөрөх байсан. Хэрэв тэр байгаагүй байсан бол гэр хорооллын амьдралыг алган дээрээ буулгасан мэтээр кино шиг үзэж чадахгүй байх байсан. Тэр гишүүн болохдоо тойрогтоо сайн сайхан, гэгээтэй амьдрал амлачихаад  гишүүн болоод Улсын Их Хуралд сууснаас хойш юу ч хийдэггүй худалч нэгэн биш. Тэр цэцэрлэг, сургууль барина гэж төсвийн мөнгөнөөс идэж суудаг хүн ч биш. Тэр зөвхөн бусдын төлөө гэсэн чин сэтгэл, адилхан чин сэтгэлтнүүдээр хүрээлүүлсэн том багийг бүрдүүлж чадсан нэгэн. Тэгэхдээ хүмүүст, хүүхдүүдэд хүрч, мэдэрч, зовлон жаргалыг нь хуваалцаж яваа нэгэн. Тэр бусдыг дотроос нь ойлгодог нэгэн. Тэр үүгээрээ өнөө нийгмийн тодруулагч, өнгө будгийг тэнцүүлэгч.

-ИД ШИД БЭЛЭГЛЭГЧ-

  Тэр бол ид шидийн орныг бүтээсэн. Аав, ээжийнхээ алдаанаас үүдэн өнчирсөн хүүхдүүдийг хамгаалах түүний энэ төв манай улсын том жишиг.  Үүгээрээ тэр бусдад тав тух, амьдрал бэлэглэгч. Тэр зүгээр ч нэг ярьдаг нэгэн биш. Өөрөө хийж, олж харж, шийдэл гарцыг нь олж, гараа сунгаж, хүүхдүүдийн үг, тэдний чин сэтгэлийг сонсож, бүгд биш гэхэд цөөн ч болов хүүхдэд тэр гэрэл асаагч. Тэгээд дахиад л өөр хүүхдүүд, хүмүүсийн эрэлд гарч, тэдэнд туслах өөр нэг аргыг сэдэж, холбож, үргэлжлүүлж буй. Түүний байгуулсан ид шидийн орныхон амар тайван, аз жаргалтай амьдарч, дахиад олон гэрлийг бусдадаа асаах нэгэн зорилгод нэгдэгч. 

    Тэр шороотой, энхэл донхолтой гэр хорооллын замаар шуудай үүрэн алхсан амьдрал судлаач Өвлийн өвгөн аав...

 Жавар тачигнасан дүн өвлөөр нимгэн өмд, зуны углааштай, гар нь бээрч, царай нь халтардсан хүүхдүүд түүнийг угтаж, бэлэг  авч, хүүхдийн цагаахан сэтгэлээр инээж байгаагаа дүрх төрх түүний дуранд бууна. Тэр ингэж буулгаж байгаа юм биш. Ерөөс захын гэр хороололд амьдрал ийм л байгаа юм. Гэвч хэн ч түүн рүү очиж, бодит байдалтай танилцаж, хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг сонсдоггүй. Тэнд ах нь дүүгээ харж, дүү нь ахдаа тэврүүлсэн, ээжтэйгээ эсвэл аавтайгаа амьдарч, балчир биендээ баймгүй хариуцлагыг үүрсэн хүүхдүүд л бий. Тэгвэл үүнийг Ч.Ганжавхлан очиж нүдээр үзэж, бодит нөхцөл байдалтай танилцаж, хэсэг хором ч уйтгар гунигаас нь салгаж, тэдэнтэй дуулж, хуурдаж, номтой нөхөрлүүлж байгаа. Үүгээрээ тэр хэзээ ч итгэл найдвар төрөхгүй мэт мухардсан, манан татаад хааш нь ч гаргахгүй байгаа амьдралд гэгээ татуулж, тэдний хүсэл мөрөөдлийг сонсож, тэдний хаа нэгтэйгээс гарч ирээд хүслийг нь биелүүлэхийг хүсдэг ид шидийг бэлэглэж байгаа. Түүний чадах, хийх, хүрэх газар л энэ. Харих түүний энэ зүйлс хүмүүст дохио өгч, амьдралын бодит төрх царайтай нүүр тулахыг шаардаж байна. Түүнээс бүх хүүхдийг насан туршид нь элэг бүтэн гэр бүлтэй, халуун дулаан амьдруулж чадахгүй. Тэр хэдийгээр хүүхэд бүхнийг аз жаргалтай амьдруулах мөрөөдөлтэй ч эцэг эхчүүдийн хэнэггүй байдал, нийгмийн амьдралаас үүдэн хааяахан тэднийг эргэж, тэдний өмнөөс дуугараас өөр сонголтгүй. Энэ л түүний хувьд гуниг төрүүлдэг байх. Гэсэн ч эргээд очих, балчир үрсийг баярлуулах хэн нэгэн байна гэдэг л хамгийн сайхан. Түүний гэрэл мөнхөд тусаж, ид шид нь үргэлжилсээр.



-ЭНХ ЦАГИЙН ТЭМЦЭГЧ-
 

  Өөрийнхөө амьдралыг яая гэж байхад юун бусдын амьдрал гэдэг болчихсон хүн чанар, хүнлэг сэтгэлгүй нийгмийг тэр сөрж яваа. Тэгэхдээ сэтгэл болоод оюун бодлоороо үлгэрлэж, хийж, харуулж байгаа. Тэр "Нүдээ нээ", "Хүн бай" гэж уриалаад хүчирхийлэл, ёс бус зүйлийн төлөө тэмцэгч. Эрхээ зөрчүүлж, дарамт сүрдүүлгийн далбаан дор хумигдан хавчигдаж, айж бэргэж байгаа олон хүүхэд бий. Тэдний өмнөөс дорвитой дуугардаг, ил зарладаг, итгэлтэй хэлэх нэгэн ховор. Тэгвэл тэр хэд хэдэн хөдөлгөөн өрнүүлж, хүчирхийллийн эсрэг байхыг уриалсан. Ингэснээр шууд хүчирхийлэл буурахгүй юм гэхэд хүмүүст дохио, сэрэмжлүүлэг болж, эцэг эхчүүд анхаарлаа чангатгадаг. Түүний очиж бодит байдалтай танилцсан амьдралын төрх байдлыг хараад хүмүүсийн санаа зовнидог, шаналдаг. Зарим нь очоод туслахыг боддог, ийм амьдрал бидний дунд байна шүү гээд уулга алддаг. Энэ л түүний хийж байгаа зүйлийн үр дүн.

  Хөлс, цусаа урсгаж тулалдсан дайн хэдийгээр бидний дунд болоогүй ч зовж зүдрэх, ажилгүй болох, хүүхдүүдээ өнчрүүлэх, хойд эцэг, эхийн дарамтад амьдрах хүүхдүүд, хүчирхийлэл бидний нийгэмд гаарч байгаа. Тэр дундаа жаахан балчир үрсэд дэндүү харгис, дайн шиг нийгэмд бид амьдарч байгаа. Өвлийн хүйтэнд зуны углааш өмсөөд усанд явж байгаа хүүхэд хэний ч зүрхийг зүсэм бмш гэж үү. Тэр хүүхэд ямра буруу хэрэг хийсэн гээд тэгэж яваа билээ. Тэр бусдын алдааг л бяцхан биендээ үүрч яваа. Үүнийг харуулах гэж, ийм байна шүү гэж дуугарах гэж, амьддаа бие биенээ хайрлах хэрэгтэйг сануулах гэж, ирээдүйн үр хойч маань ингэж л өсөж, торниж байна гэдгийг ойлгуулах гэж тэр  бодит амьдрал руу өөрөө орж, өөрийнхөө чадлаар хүрч, хамгаалахыг нь хамгаалсан энх цагийн дайчин. 


ИД ШИД БЭЛЭГЛЭГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-26 16:48:04
    zochin: Mongol orond olon GANJAVXLAN baigaasai Xuuxed zaluuchuudad ulger duurial bolson niigemd gerel gegee tsatsruulsan xuuxdiin erxiig deeldelgch xuchirxiileliin esreg tsogtoi temtsegch geed olon saixan zuiliig sanaachlan xiij baigaa bidnii baxarxal bolosn zaluu daa Sain uils buxen delgerex boltugai
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-02 20:39:33
    Orgil: Ганжавхлан гэх энэ залуугийн зүрх сэтгэлээрээ хийж байгаа их ажил үйлсийг залуус мэдэрч олноор орлцдог болж байгаа ньсайшаалтай. Харин засаг төр огтхон олж харахгүй, дэмжихгүй байгаа нь Тэд Монголын ирээдүй залуу үеийн төлөө огт Сэтгэлгүй байгааг харуулж байгаа хэрэг. Ганжавхланд баяр хүргье! Шинэ оны мэнд хүргэж аз жаргал сайн сайханыг хүсэн ерөөе !
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188