Тэр бол их тайгын эзэн. Залуу наснаасаа хөвчийн гүн тайгыг хамгаалах хүндэт үүргийг хүлээснээс хойш амьдралынхаа 30 гаруй жилийн хугацаанд сүрлэг тайгын хуулийг үг дуугүй дагаж амьдарсан. Тэгэхдээ хилийн шугаманд ч, Онцгой байдлын нөхцөлд тэр ганцаараа. Гэхдээ нэг ч удаа би ганцаараа үхэл амьдралын заагтай тулж байна гэж хэнд ч гомдоллоогүй. Бүсэлхийгээр татсан цастай агуйд хэд хоног цасанд боогдож эндээ үлдэх үү, амьд гарах уу...Тэр үргэлж л ийм амь эрсэдсэн сонголттой тулгардаг. Гэсэн ч нэг ч удаа үүргээсээ няцаж, ухарч, буцаж байгаагүй. Гал, ус, бороо, цас, хуй салхитай өдөр буу зэвсэг, ирт мэс гээд эрсдэлтэй бүхэн рүү тэр зүгээр л үүргээ биелүүлж байна гээд алхаад орчихдог.
Хэзээ ч хамаагүй үүрэг аваад гарахад эхнэр нь “Тэр албандаа гарах нь” гэдгийг харцнаас нь ойлгоод дөрвөн хүүхдээ ганцаараа л хүний зэрэгт хүргэсэн. Энэ бол байгаль хамгаалагч, Улаан тайгын улсын хамгаалалтын газрын дарга Ж.Төмөрсүх. Бид тайга гэж сонсож байснаас тайгын гүнд, түүний бөглүү ойд чухам юу болж өрнөдгийг мэдэхгүй. Тэгвэл ертөнц доторх ертөнц болсон түүний доторхыг амь биеэрээ мэддэг ганц хүн тэр.
-ЯСНЫ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ-
Одоогоос 34 жилийн өмнө Ж.Төмөрсүх сургуулиа төгсөөд Хөвсгөл нуурыг хамгаалах үүргийг өөрийн сэтгэлийн дуудлагаар хүлээн авсан. Учир нь тэр угаас дархадын цэнхэр нутагт эгэл борог амьдралд, ажлын дөртэй өссөн. Түүгээрээ жигүүр хийн, нутгаа гэсэн сэтгэлээрээ энэ мэргэжлийг сонгожээ. Залуус ихэвчлэн хөдөө биш хот суурин газар, гадаад улсад амьдрах сонирхолтой байдаг бол түүний хувьд харин нутаг усаа, тэр дундаа Монгол орныхоо хамгийн үзэсгэлэнт байгалийг өөрийн амь бие, өргөсөн андгай тангаргаараа хамгаалахаар эрс шийдсэн. Ингэж л Хөвсгөлийн улаан тайга өөрийн гэсэн чин сэтгэлийн хамгаалагчтай болж, ховордож, мартагдсан амьтад нь эрх чөлөөтэй өсөж үржих эрхтэй болжээ. Тэрбээр энэ талаар “Би ямар азаар байгаль хамгаалах ажлыг хийсэн юм гэж үргэлж боддог. Хэрэв би энд ирээгүй бол байгаль хамгаалагч хийгээгүй бол яаж амьдрах байснаа төсөөлдөггүй юм” гэсэн. Харин бид түүн шиг байгаль хамгаалагч байгаагүй бол өнөөдөр олон хүн зорьж очиж нүд, сэтгэлээ баясгадаг Улаан тайгын ой эрх дураараа оршихгүй байсан байх. Удмын авьяас гэж байдаг шиг угийн, ясны, цусны байгаль хамгаалагч гэж эх орноо, нутаг усаа гэсэн сэтгэлээс төрдөг гэдгийг тэр л бүрнээ харуулж байгаа.
-БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДАД ХУУЛЬ ШИГ ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ-
Эмх замбараатай, дэг журамтай, тогтвортой байгаль хамгаалагчдын үе бол түүний өмнөх үе. Тэр үед нийгэм, улс төрийн асуудал ч их цэгцтэй, тайван байсан байна. Тэрбээр “Намайг байгаль хамгаалагчаар ажиллаж эхлэх үед Монголын нийгэм өөрчлөгдөж эхэлсэн юм. Бидний өмнөх үеийн байгаль хамгаалагч, өнөө цагийн байгаль хамгаалагч хоёрын хооронд тэнгэр, газар шиг зөрүү бий. Ерөөс энэ зааг ялгаа бидний үеэс эхэлж, эмх замбараагүй, хууль эрхзүйн байдал байхгүй хориод жил явсан” хэмээн тэр ярина. Хууль эрх зүйн байдал гэж тэр хэдэнтээ онцолно. Нээрээ л байгаль хамгаалагчдыг хуулиар хамгаалсан нь юу билээ. "Хамгааллаа ч тэдэнд ойр, тэдний жаргал зовлонг ойлгох хууль бий бил үү" гэхэд тэр нүд нь том болж ирээд л “Өнөөдөр байгаль хамгаалагч гар хоосон, улаан нүүрээрээ л улаан гал руу орж байна. Хэн ч туслахгүй. Дуудах гээд ч дуудах хүн байхгүй. "Гал гарлаа" гэсэн дуудлага гарахад, гал команд багаараа ирээд галыг унтраана. Хэрэг зөрчил гарлаа цагдаагийн арми, салаагаараа хэргийн араас явна.
Харин байгаль хамгаалагч хариуцаж авсан газар нутаг ямар нэгэн эрсдэл учирч, аюул осол гарахад хамгийн түрүүнд ямар ч хамгаалах хэрэгсэлгүй ганцаараа улаан шугаманд зогсоно. Тухайлбал, баавгай малчны хот руу дайрлаа гэхэд хамгийн түрүүнд байгаль хамгаалагч очно. Тэгээд малчинг идүүлэхгүйн тулд байгаль хамгаалагч улаан гараараа өнөө баавгайтай үзэлцэнэ. Тэгэхээр энэ их эрсдлийн өмнө улаан нүрээрээ, нүцгэн гараараа зогсож байгаа байгаль хамгаалагчийг хамгаалах хууль хэрэгтэй. Хууль, хуульдаа хувцас хэрэгсэл, багаж зэвсгээр хангаж, ар гэрийнх нь асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй” гэж тэр эрс шийдэмгий хэлнэ. Тэгээд тэр халуун байранд цэвэрхэн хувцаслачихаад хууль гэдгийг цаасан дээр гаргадаг эрхмүүд бидний уулын амьдралыг даанч мэдэхгүй. Үүнийг чинь яс, махаараа туулж, зовлон, жаргалынх мөрөөр явж ирж л илүү ойлгоно гэнэ. Үнэхээр бөглүү зэрлэг тайгад, тэгээд бүр ан гөрөө араатан жигүүртэн, алт зэс, ургамал цэцэгс дүүрэн Улаан тайга руу санаархахгүй, халдахгүй хэн байх билээ. Тэр бүхэнтэй хэн халуун амиараа тулж, үзэлцэж, ой модонд хонон өнжин, араас нь хөөж явдаг билээ гэж бодсон ч түүний доторх шиг түүнийг бид ойлгохгүй л үлдэж байгаа юм. Магад түүн шиг амьдарч, түүний мөрөөр явахгүй л бол ойлгохгүй байх.
-АЖЛЫГ СЭТГЭЛЭЭРЭЭ ХИЙДЭГ-
Тэр “Би Хөвсгөлийн хойд тайгад амьдралынхаа 30 гаруй жилийн хугацаанд сайн, муу ч зүрх сэтгэлээ уялаа. Өнөөдөр би сэтгэл хангалуун байна. Учир нь зах зээлийн нийгэм болоход энэ тайгад зэрлэг амьтан цөм устсан байсан. Ерөөс цас цоолох нэг ч амьтангүй болсон. Тэгвэл өнөөдөр энэ тайгад хаана л бол хаана хүдэр, хандгай буга явна. Энэ бол хамтран зүтгэсэн нөхдийн минь гавьяа. Нөгөө талаар Монголын цэвэр усны гайхамшиг болсон Хөвсгөл нуурын эхэнд алт ухсан. Тэгэхэд 7000 нинжа цугласан. Тэнд ямар ч хууль хяналт хэрэгжээгүй. Тэгвэл бидний хичээл зүтгэлээр 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл бүх тэр хууль бус алтны хэрэг цөм буурсан. Тэгэхээр бидний ажлын үр дүн ерөөс ингэж гарч байгаа юм” хэмээн ам бардам өгүүлнэ. "Ингэж л байгалиа хамгаалмаар байгаа юм. Тэгэхгүй тэгээд сумын төвдөө суучихаад “Байгаль хамгаалагч” гэвэл тэр байгаль хамгаалагч биш. Байгаль хамгаалагч гэдэг чинь хөвчийн тайгадаа, хээр талд, ойн хөндийдөө байдаг юм" гэж тэр нэмж өгүүлсэн юм. Үзсэн, сонссон, хийснээ ам бардам ярих хүний үг үнэн сонсогддогийн том жишээ тэр байв. Харин түүний хэлсэн нэг үгийг энэ хэсэгт нэмэхэд “Ажлыг хүн сэтгэлээрээ хийхэд давахгүй даваа, бэрхшээл байхгүй” гэж олон залууст захисан юм. "Түүн шиг зүрх сэтгэл, эд эсээрээ ажлынхаа төлөө цохилсон нэгэн байдаг болов уу" гэсэн бодол түүнтэй уулзсаны дараа үлдсэн юм. Байгаль хамгаалагчдыг дэмжих, хамгаалах дорвитойхон хуультай болчихвол, түүн шиг байгаль хамгаалагчид олон төрнө дөө.
Жинхэнэ байгаль хамгаалагч гэдэг чинь хөвчийн тал, хээр хөдөөд, ойн хөндийдөө байдаг юм...
ИХ ТАЙГЫН ЭЗЭН |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |