• Өнөөдөр 2024-04-26

Худалдааны гавьяат Б.Мөнхөө: Хамгийн сайхан салбарт насаараа зүтгэснийг минь төр үнэлж, нутгийнхаа худалдааны хоёр дахь гавьяат болсондоо магнайгаа хагартал баярлаж явна

2020-10-09,   2793

Дорноговь аймгийн “Загийн говь” хоршооны тэргүүн Баасанжавын Мөнхөө өнгөрсөн даваа гарагт Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан цолоор шагнагдсан юм. Худалдааны салбарт амьдралынхаа 50 гаруй жилийг зориулсан тэрбээр аймгаасаа эл шагналыг авсан хоёр дахь хүн. Харин анхны цолыг Б.Мөнхөө гуайг худалдааны салбарт өлгийдөж авсан түүний багш авч байжээ. Нутгаасаа 49 жилийн дараа Худалдааны гавьяат ажилтан цолоор шагнагдсан түүнтэй шагналаа аваад удаагүй байхад ярилцлаа.

-Танай аймгийнхан “Мөнхөөгийн бөөн” гэхээр анддаггүй юм билээ. Та худалдааны салбарт 50 гаруй жил зүтгэж байгаа гэхээр хүүхэд байхдаа л энэ салбарт орсон бололтой?

-Би 1989 оноос “Мөнхөөгийн бөөн” худалдааны төвөө нээсэн. Тэрнээс өмнө Дэнж төв, хүнс, бараа, махны дэлгүүрт 10 гаруй жил ажилласан. Анх 15 настай байхаасаа л ээжийнхээ махны дэлгүүрт зогсдог байсан юм. Харин ээж минь намайг 17 нас хүрдэг жил бурхан болсон. Арван өнчин дүүгээ тэжээхийн тулд аравдугаар ангиа төгсөөд, нөхөртэйгөө цуг худалдаа эрхэлж эхэлсэн. Манай нөхөр бид хоёр нэг ангийн хүүхдүүд. Бид 11 хүүхэдтэй, хүүхдүүд, дүү нар минь сайхан амьдарч байна.

-Ээж тань таныг энэ салбарт хөтөлжээ. Таныг “Миний охин ингэж ажиллах ёстой шүү” гэж захиж байв уу?

-Би нэгэнт л олон дүүтэйгээ үлдэж байгаа болохоор ажил хийхгүй л бол болохгүй гэж бодож явсан. Тухайн үед хань минь сургуулиа төгсөөд усны аж ахуйд илгээлтээр явчихсан. Би сургуульд сурахаар Улаанбаатар хотод ирсэн байсан юм. Анх худалдаанд орж байхад лангуун дээр давснаас өөр юмгүй байсан үе. Гэхдээ төгсөж очоод 1990 онд картын системийн 927 өрхийн дэвтрийг хариуцдаг байсан. Өглөө 04:00 цагт босоод хөдөөнөөс ирсэн сүүг үйлчлүүлэгчдийн үлдээсэн бетонд хийгээд тавьдаг байлаа. Тэгээд нөгөө бетоны эзэд ирээд, мөнгөө төлөөд, сүүгээ аваад явдаг ийм л үед ажиллаж байсан.

Одоо бодохоор картын систем их гоё байжээ. Нэг айлд ганц шил архи өгдөг. Айлуудын ихэнх нь архи хэрэглэхгүй, оронд нь гурил, будаагаа авдаг байлаа. Багаасаа худалдааны салбарт орсон болохоор их ээлтэй байдаг юм. Миний муу ээж охиноо гавьяат болно гэж бодож ч амжаагүй, өөрийгөө ч тийм эрт яваад өгнө гэж бодоогүй байх. Харин аав минь 93 нас хүрээд, таван жилийн өмнө бурхан болсон. Амьд сэрүүнд энэ талаар дуулдаж байсан болохоор хэзээ авах бол гэж их хүсэж, хүлээсэн. Гэхдээ одоо харж л байгаа байх.

-Таныг аймгийнхаа анхны гавьяат худалдагчид шавь орж байсан гэж сонссон. Энэ талаар ярихгүй юу?

-Тиймээ, би гавьяат худалдагч Б.Цэен гуайн удирдлага дор “35 жил ажиллаад гавьяат болно” гэж амлалт бичиж, шавь орж байлаа. Түүний гавьяаг залгамжилна л гэж хүнснийх нь дэлгүүрт худалдагч болж байгаа санаатай.Тухайн үед надтай хамт гурав, дөрвөн хүн амлалт бичиж байсан юм. Амлалтаар бол 35 жил ажиллана гэхээр 50 гаруй настай байхдаа гавьяат болох байсан. Тухайн үед сум орон нутгаас минь намайг энэ шагналд тодорхойлсон л доо. Тэр үед би “Миний нас арай болоогүй. Хэрэв авахаар бол 70 настай болоод л авах байх” гэж боддог байлаа. Бид одоо 73 настай, бодож байсан бодлоороо л авлаа.

-Та 2002 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртэж байсан юм билээ. 18 жилийн дараа гавьяат боллоо. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Шагнал авахаас гурав хоногийн өмнө гавьяат болж байгааг минь хэлсэн. Хэтэрхий эрт хэлээд сэтгэл санааг нь догдлуулчих вий гээд тулгаж хэлсэн байх. Шагнал авахын өмнөх өдөр Улаанбаатар хотод ирлээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон аваад хачин их л баярлаж байлаа. Тэрнээс хойш ямар нэг шагнал хүлээгээгүй ээ.

Харин 2018 онд Дэлхийн худалдааны эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болох үеэр Ерөнхийлөгч биднийг хүлээж авч уулзсан юм. Тэр үед Ерөнхийлөгч “Ямар ч байсан та нарыгаа дэмжинэ. Жинхэнэ ажиллаж, хөдөлмөрлөж байгаа хүмүүсдээ өгөх шагналыг нь өгнө” гэхээр нь “50 гаруй жил тасралтгүй ажиллалаа. Одоо магадгүй л юм байна” гэж дотроо бодож байсан. Гэхдээ нэрэлхээд хэнд ч хэлээгүй.

-Бодож байсан бодол нь биелэхээр ямар байдаг юм байна?

-Шагнал авах өглөө Засгийн газрын хажуу талын үсчинд орсон юм. Гэтэл 10 гаруй хүний дараа үсээ засуулах боломжтой байдаг байгаа. Хамт явсан хүмүүстэйгээ яахаа мэдэхгүй зогсож байтал үсээ засуулж байсан нэг эмэгтэй намайг тэврээд, баяр хүргэв. Гайхаж хоцортол манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг байлаа. Гэнэт намайг таниад үсчний суудлаас босож ирсэн нь тэр. Ингэж би түүний оронд үсээ засуулж, арай гэж 10:30 цагт амжиж Төрийн ордонд орсон доо. Шагнал аваад зогсож байх их л гоё байдаг юм билээ. Манай хамт олон намайг гавьяат болохыг их хүлээсэн.

Намайг аймгаасаа гарах өдрийн өмнөх өдөр бойнд ажиллаж байсан 92 настай н.Батнасан гуай тэргэнцэр дээрээ суугаад надтай ирж уулзсан. Тэр “За ёстой их баярлалаа. Мөн ч нүдээ олсон шагнал байна. Явахаас нь өмнө нэг үнсээд явуулъя, очиж чадахгүй ээ” гээд ирсэн. Манай нутгийн хоёр, гурван хөгшин ирж уулзахдаа “Цагаан сар болгоноор л хардаг байлаа. Яагаад авдаггүй юм гэж бодож байсан. Б.Цэен гуай 65 настайдаа авч байсан. Чиний нас болчихсон гэж боддог” гээд миний өмнөөс хачин их баярлаж байгаагаа илэрхийлээд уулзсан. Тэр л хамгийн сайхан юм билээ. Ингээд би багшаасаа хойш 49 жилийн дараа гавьяат боллоо.

Анх багшийгаа гавьяат болоход нь 20 гаруйхан настай хүүхэд “Цагаан хөхөө” театрын хоёр давхрын шатаар найзтайгаа хамт өргөөд гарч байсан юм. Тэр үе л их бодогддог юм билээ.  Нүднээс жаахан нулимс гарахаар л ийм сайхан өдөр, ийм нэр хүндтэй шагналыг авчихаад “Уйлахгүй шүү” гэсээр л тайзнаас буулаа.

-Таны өөрийн гэсэн дэлгүүртэй болж байсан үеэс худалдааны салбар эрс өөрчлөгдсөн шүү дээ. Өөрчлөлтийн талаар та юу хэлэх вэ?

-Би тэр үед хамтын тооллоготой, тооцоотой 24 худалдагчтай, өөрөө өөртөө үйлчлэх дэлгүүр нээж байсан. Тэр үед ажиллаж байсан худалдагч хүүхдүүдийн маань олонх нь одоо ч энэ салбартаа ажиллаж байгаа. Хоёр нь “Нарантуул” олон улсын худалдааны төвд хувиараа бизнес эрхэлж, мундаг явж байна. Хэдийгээр анх эхэлж байснаас худалдааны салбар эрс өөрчлөгдсөн ч өргөжин тэлж, сайхан болж байгаад баярлаж явдаг.

-50 гаруй жил орлоготой, орлогогүй өдөр олон л байсан байх. Таны хамгийн жаргалтай үе чинь ямар үед байдаг вэ?

-Мөнгөтэй, мөнгөгүй хүмүүс гэж байна. Тэднийг аль болох хоолгүй хонуулахгүй гээд хэдэн сараар ч хамаагүй зээл өгөөд явуулдаг. Хүний итгэл гэж байдаг болохоор тэд минь ч яаж ийгээд л өрөө төлдөг юм. Харин одоо цалингаа буугаад ч юм уу, хэдэн төгрөгтэй болохоор ганц шил архи биш, гэртээ хоолны материал авж байгаа хүнийг харахаар өөрийн эрхгүй баяр төрөөд байдаг. Тууштай л байх юм бол худалдаа хүний амьдралыг өөд нь татдаг. Хамт олонтойгоо эв, нартай, үйлчлүүлэгчтэй эелдэг байх л гоё доо.

-Танд амьдралаа зориулсан салбартай чинь холбоотой олон сайхан дурсамж бий биз?

-Дөрвөн жилийн өмнө нь манай дэлгүүрийн цонхыг шөнө дунд нэг хүн тогшив. Тэр залуу “Мөнхөө эгчээ ганц шил юм өгөөч ээ. Дүү нь Солонгос Улсаас саяхан ирлээ” гээд хөөрхий итгээд хүрээд ирсэн байгаа юм. Арав гаруй жилийн өмнө тэр хүү нутгаасаа яваад ирэхдээ намайг одоо хүртэл тэр дэлгүүртэй байгаа л гэж бодоод, хэзээний танил хүн шиг ирсэн. Гэхдээ би архи зарахаа больсон болохоор тэр хүүд юм зарж чадаагүй. Харин сая шагнал авахаар суудлын галт тэргэнд явж байтал нэг залуу “Та Мөнхөө эгч мөн үү. Би IV ангид байхдаа мах, сүү авдаг байсан.

Манай ээж танд “Миний хүү очно. Та оочергүй өгчихөж байгаарай” гэж хэлсэн байгаа юм. Харин та намайг гүйгээд очихоор хүмүүсийн ая талыг харж байгаад гялс өгдөг байсан шүү” гээд ярьж байна лээ. Надаас 400 грамм мах авдаг байсан хүү 20 гаруй жилийн дараа намайг таньж байгаад сэтгэл их хөдөлсөн. Энэ мэтээр сайхан дурсамж олон.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа, танд. Эрүүл энхийг хүсье.

-Та бүхэнд мөн баярлалаа.


Худалдааны гавьяат Б.Мөнхөө: Хамгийн сайхан салбарт насаараа зүтгэснийг минь төр үнэлж, нутгийнхаа худалдааны хоёр дахь гавьяат болсондоо магнайгаа хагартал баярлаж явна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-20 14:07:50
    Enkh Ujin: Ene hun mnii emee ym baigaan emeegere uneheer ih bhrhaj bn
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-06 01:32:58
    Enkh Ujin: Munhugui aa manai ym baigaan bi emegeeree uneheer ih bayrkaj bnbas baharhaj bn
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-09 20:42:10
    Enkh Ujin: Ene hun manai emee baigaa ymaa .....Bi emeegeeree ih talarhaj baina
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188