• Өнөөдөр 2024-12-13

Урсгасан хөлсний чинь дусал бүхэн улсынхаа төлөө байлаа, баярлалаа Анхцэцэг ээ

2024-08-11,   1335

    Тэр эх орноосоо урваагүй. Үүнийгээ тэр "Миний хамгийн ихээр бахархдаг зүйл бол би дэлхийн тавцан дээр гараад Монгол Улсын тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг” гэж дуудуулах. Эх орон хүнд ганц л олдоно шүү дээ” гэж ам бардам хэлсэн. Үүгээрээ тэр бидний хайр хүндэтгэл, бахархлыг төрүүлж, сэтгэл зүрхэнд бүрнээ үлдсэн. Тэр арван настай жаахан охин байхаасаа сургуулийн жижигхэн коридорт долоон килограмм гол төмөр өргөж эхэлсэн. Дараа нь төмөр өргөхөд нь дургүй байсан аав, ээж хоёртоо давтлагад явлаа гэчихээд нууцаар бэлтгэлд явдаг байсан үеэс тэр хүндийн өргөлтийн спортод дурлаж, өдөр бүр штанкаа улам өндөр өргөх хүсэлд шатаж явсан. Тэгэхдээ уйлж, дуулж, босож, шантарсан.

   Үүнийхээ ачаар тэр өөрийн бахархалдаа ам бардам цойлж чадлаа. Цойлох цойлохдоо Монголынхоо нэрийг дэлхийд дахин нэг тамгаллаа. “Токио-2020” олимпоос медаль авч чадалгүй, дөрөвдүгээр байрт орохдоо тэр “Зорьсондоо хүрч чадсангүй. Одоо би заавал дэлхийн аварга болно” гээд уйлж байсан юм. Тэгвэл тэр өнөөдөр чадлаа. Чадах чадахдаа хэчнээн чансаатай, зориг зүрхтэй, зорьсондоо хүрдэг тамирчин болохоо харууллаа. “Төмөр гэдгийг чинь би зүгээр өргөөгүй юм. Өргөсөн төмөрт минь миний амь амьдрал, итгэл сэтгэл, хөл хүч, бахархал минь хамт явдаг юм” гэдгийг тэр амжилтаараа баталж, зарлалаа. Тэгээд зуу гаруй килограмм төмөр торохгүй өргөчихөөд, дэлхийн аварга болж, Узбекистаны тэнгэрт Монголынхоо далбааг мандуулан дахиад л уйлж зогсоно. Ургасан хөлсний чинь дусал бүхэн, улсынхаа төлөө байлаа, баярлалаа.  Ингээд арван жилийн өмнө их спортоор хичээллэж эхэлсэн Анхцэцэг, өнөөдрийн дэлхийн аварга Анхцэцэг хоёрын хооронд болж өнгөрсөн баяр, гуниг, амжилт дүүрэн он жилүүдийг уншигч таны өмнө дэлгэе.

-13 НАСАНДАА ОУХМ БОЛСОН-

  Хүндийн өргөлтийн спортод дурлаж, шатаж, тэмүүлж явсан түүнийг аав, ээж хоёр нь хорьж дийлэхгүйгээ мэдээд Спортын төв ордонд Т.Чулуунпүрэв багшид шавь оруулжээ.

   Энэ тухай тэрбээр хэвлэлд “Аав маань цэргийн хүн болохоор намайг анх хүндийн өргөлтөөр нууцаар хичээллэж байх үед аймаг руу томилолт аваад явж байсан юм. Тэр үед гэр бүлийнхнээ авч явна гэхэд би “Хичээлтэй. Энэ сургуулиасаа явахгүй” гээд үлдэж байв. Үнэндээ би тэмцээнд орох гээд бэлдэж байсан юм.  Тэгээд явсаных нь дараа тэмцээн болж, нээлтэд нь зогсож байтал ээж залгаад “Та зурагтаар гараад байна. Багахан шиг худлаа яриарай” гэснээр баригдаж, аав, ээж хоёр минь намайг хорьж чадахгүйгээ ойлгон Спортын төв ордонд аваачин, багшид шавь оруулсан юм” хэмээн ярьсан байдаг. Үүнээс хойш түүний амжилтын цуваа тасрахгүй үргэлжилж, тэмцээнээс тэмцээний хооронд өдөр хоногууд өнгөрнө. Энэ хооронд Мөнхжанцангийн Анхцэцэг гэх жаахан охин өөр  юунд ч сатаарахгүй бэлтгэлээ хийж, олон улсын тэмцээн, дэлхийн аварга, олимпыг дотроо төсөөлсөөр байж.

  2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртсэн нь түүний анхны амжилт. Тэр угаас нуруу нь жаахан өвддөг. Нурууны бэртэлтэй байжээ. Тэгээд “Нуруу өвдөөд байна” гээд хэлчихвэл багш нь тэмцээнд оруулахаа больчихно гэж айхдаа тэр өвдөж байсан ч тэсэж, тэмцээнд оролцож амжилт гаргахыг л юу юунаас илүү хүсдэг байжээ. Ингээд тэр Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой алт, Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний ат, Азийн танхимын болон тулааны спортын наадмын алт, дэлхийн цомын тэмцээний алт, оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, Рио-2016 олимпын наймдугаар байрт шалгарсан” зэрэг амжилтыг гаргаж  2010 онд спортын мастер цол хүртэж,  2012 онд 13 насандаа Олон улсын хэмжээний мастер цолоор шагнагдаж, Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн алдарт мөдхөн хүрэв. Түүний тасралтгүй бэлтгэл, уйгагүй хөдөлмөр он цагийг ийн товчилж, жил дараалан шагнагдаж байв. Тухайн үед хүндийн өргөлтийн салбар ч тэр, М.Анхцэцэгийн хувьд ч сэрсэн, тэмүүлсэн, чадсан, цаашид ч чадах уртаас урт зам тосож байв.

Түүний амжилтын цуваа тасрахгүй үргэлжилж, тэмцээнээс тэмцээний хооронд өдөр хоногууд өнгөрнө. Энэ хооронд Мөнхжанцангийн Анхцэцэг гэх жаахан охин өөр  юунд ч сатаарахгүй бэлтгэлээ хийж, олон улсын тэмцээн, дэлхийн аварга, олимпыг дотроо төсөөлсөөр байжээ.

-ХҮМҮҮСТ ТАНИГДАЖ ЭХЭЛСЭН ҮЕ БА ДҮҮГЭЭ БОСГОСОН НЬ-

 Өдөр нь бэлтгэлдээ яваад шөнө нь ээж, аавтайгаа ээлжээр сахиж хононо. Унтах л юм бол амьсгал хураачих юм шиг санагдаад цурам ч хийдэггүй байсан.

  Учир нь тэрбээр 2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн нь хүндийн өргөлтийн их спортын түүхэнд шинэ хуудсыг бичсэн. Улмаар жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг Монголын хүндийн өргөлтийн спортын баярын өдөр болгож, улс даяараа тэмдэглэдэг болсон. Ердөө цэл залуухан 19 насандаа тэр дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангаж, жаахан биендээ баймгүй их зоригийг гаргасан. Энэ үеэс  л хүмүүс хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэг гэж ийм нэг жаахан биетэй ч, их хүчтэй охин байдгийг мэдэж, түүгээр бахархах болсон. Хүндийн өргөлтийн спортын төрөл уналтад орж, “Төмөр өргөөд амжилт олохгүй” гэсэн хүмүүсийг тэр тас цохиж, Монгол хүн удмаасаа хүчтэй, авьяастай, энэ спортоор дэлхийн аварга, цаашлаад олимпын аварга ч төрж болно гэдгийг тэр өөрийн хөдөлмөр, хөлс хүчээр харуулсан.

  Ингэж хүмүүст эхнээсээ танигдах үед түүний амьдралд тохиолдсон нэг зүйл нь түүний дүү бүх биеэрээ түлэгдэж, өндөр төлбөртэй эмчилгээ хийлгэх болсон явдал юм. Энэ талаар тэрбээр Дүү маань үе үе унадаг байсан юм. Тэгээд сургуулийнхаа гал тогоонд хоолоо авах гэж явж байгаад унаад хамаг халуун хоол дээрээсээ асгачихсан. Тэгээд бүхий бие нь түлэгдэж, харахын эцэсгүй болсон. Бие нь түлэгдсэн эхний хэд хоног маш хэцүү байсан. Тухайн үед өдөр нь бэлтгэлдээ яваад шөнө нь ээж, аавтайгаа ээлжээр сахиж хононо. Унтах л юм бол амьсгал хураачих юм шиг санагдаад цурам ч хийдэггүй байсан. Тэгээд л ард түмнээс хандив гуйж, өөрийн нэрийн подволк, үзэг зарж эхэлсэн. Тэр үед л хүмүүс намайг танидаг гэдгийг мэдэж, өөрийн зорьсон зүтгэлээрээ хэчнээн их хүнийг хайр энэрлийг хүртэж байгаагаа мэдэрсэн. Мөн өнөөдөр сонины сэтгүүлч Б.Ганчимэг, яруу найрагч Р.Эмүжин эгч хоёр надад их тус болсон. Ингэж л би их спорт, түмний сайхан сэтгэлээр дүүгээ босгож авч байсан” гэж хоолой зангируулсан өгүүлж байсан. Тэгэхэд түүний дотор ганцхан хүсэл байсан нь заавал эх орныхоо нэрийг гаргаж, энэ олон сайхан сэтгэлтэй хүмүүсийнхээ ачийг хариулна гэж өөртөө амлалт өгсөн гэж билээ.

 -ХОЁР ЖИГҮҮР-

   Түүний амжилтын ард хоёр жигүүр бий...

  Түүний нэг нь Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр багш. Цагтаа дэлхийн хүндийн өргөлтийн тамирчид айдаг байсан гэгддэг тэр өнөөдрийн М.Анхцэцэг гэх тамирчныг төрүүлсэн. Анхцэцэг гэж тамирчны их спортын зам дардан байсан уу, энхэл донхолтой, дов сондуултай байсан уу гэдгийг тэр л мэднэ. Харин нөгөө жигүүр нь түүний хань Б.Золжаргал. Улсын драмын эрдмийн театрын жүжигчин тэрбээр ханийнхаа бүхий л амжилтын ард түшиг болдог нэгэн. Анхцэцэг хаана, ямар тэмцээнд орно. Тэнд Золжаргал явж байх бөгөөд хамгийн сайн дэмжигч, үзүүрлэгч, тулах цэг нь. Тиймдээ ч өнөөдрийн амжилтад хүрсэн байх. Спорт гэдэг хүн салбарын хамгийн хүнд төрөл хүндийн өргөлтөд өөрийн амь нас, хүч тэнхээ, цаг хугацаа, залуу нас хамаг бүхнээ зориулчихсан шаливхан биетэй энэ эмэгтэйг өнөөдрийн оргилд нисэхэд хэзээ ч нурж унахгүй, эвдэрч, гэмтэхгүй хоёр жигүүр нь тэр хоёр мөнөөс мөн билээ.

-ОДОО ТҮҮНИЙГ ОЛИМПООС ХАРАХ Л ҮЛДЛЭЭ-

  Хорь гаруйхан настай гавьяат...

  Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард  Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртсэн. Энэ бол түүний олимп болон дэлхийн аваргад явахаас нь өмнө өгсөн том урам. Түүнийг хүмүүс "Хорь гаруйхан настайдаа гавьяат цолонд хүрлээ. Хийсэн ч зүйлтэй дээ" хэмээн дэмжиж байсан. Анхцэцэг харин энэ цолыг хүртээд "Надад өгч байгаа их урам гэж ойлголоо. Заавал олимп болон дэлхийн аваргаас медальтай ирж, та бүхнийхээ ачийг хариулах болно" хэмээн амлаж байсан. Их спортод арав гаруйхан насандаа хөл тавьж, ердөө арав гаруйхан жилийн хөдөлмөрөөрөө өнөөдрийн амжилтын эзэн болчихоод зогсож байгаа түүнд энэ цол ч багадмаар. Хорь нас гэдэг бол зарим хүний хувьд ямар мэргэжилтэй болох, ямар хүн болохоо ч сонгоогүй байдаг үе. Гэтэл тэр хэдийн арван настайдаа явах замаа сонгож, түүгээрээ тууштай алхжээ. Амьдралынхаа цэл залуу насанд бүх амжилтыг атгачихаад тэр их спортоос зодог тайлж, өөрийгөө цааш өөр чиглэлээр сурч хөгжүүлэх зорилготой байгаа гэнэ. Мөн асрамжийн газар нээж, ээж, аавгүй хүүхдүүдийг авахыг боддог байна. Гэхдээ тэгэхээс өмнө л дуусгаж чадаагүй, дутуудуулсан нэг зүйл нь олимп. Тэр заавал олимпын медальд хүрч, спортын салбарт эхлүүлсэн бүхнээ эцэслэх байна. Үзэгчид, түүнд хайртай ард түмэн түүнийг ийм залуугаараа, тэгээд бүр ид дүрэлзэн асаж байгаа дээрээ их спортоос гарахыг зөвшөөрөхгүй байх. Тэр ч үүнийг мэдэрч, мэдэж байгаа биз ээ. Одоо түүнийг олимпын тавцан дээрээс дахин нэг баярын нулимстай харах л үлдлээ. 

    Тэр хорь гаруйхан настайдаа дэлхийд мөрөө үлдээж буй их хүч. Тэр гар, хөл, ясаа бэртээсэн ч итгэл сэтгэл нь мохохгүй тамирчин. Түүний дотор эх орон нь бүхлээрээ багтаж, Монголын тамирчин гэж дуудуулахдаа тэр сэрдэг, босдог, цохилдог нэгэн. Одоо тэр хүндийн өргөлтийн спортод мандаж, дүрэлзэж байна. Энэ бол түүний цаг хугацаа...

 

 

 

 


Урсгасан хөлсний чинь дусал бүхэн улсынхаа төлөө байлаа, баярлалаа Анхцэцэг ээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188