• Өнөөдөр 2024-05-02

О.НЯМДАВАА: “Урлагийн гавьяат цол олгоно” гэж хуурсан ч “Төр намайг үнэлсэн юм даа” гээд гомдоогүй

2021-12-16,   1930

        Монголын кино урлагийн салбарт 50-аад жил зүтгэсэн Г.Одонгийн О.Нямдаваатай ярилцлаа. Тэрбээр "Хуучин сүм”,  "Сахиус уу, сахиул уу", "Загийн алим", "Фронтод явах өргөдөл", "Намар нахиалсан мод", "Ховор хүмүүс", "Хэцүү даалгавар",  "Сэрүүн дуганы мөхөл”,  "Тэнгэрийн сахил”,  "Булингар", "Найрын ширээний ууц", "Яаралтай цахилгаан", "Учиртай гурван толгой",  "Монголын гурван өдөр",  "Хүсэл хясал",  "Хүний юм", "Алдас",  "Ертөнцийн сүүлчийн чулуу",  "Чин ван Ханддорж",  "Далд уянга",  "Зүрхний төлөөс", "Овжин охид", "Андуураагүй анхны харц”,  "Сүүгээр ариусдаг хорвоо",  "Хайрын Марал",  "Богд хаан",  "Харанхуй хад"  зэрэг киноны зураачаар ажилласан авьяаслаг, хөдөлмөрч нэгэн билээ.

-Танд арваннэгдүгээр сард Урлагийн гавьяат цол өгсөн, өгөөгүй гэх яриа гарсан. Аль нь үнэн юм бэ?

     -Өгөөгүй. Анх гар утсаар мэдэгдэхдээ “Урлагийн гавьяат цол олгоно. Ирж шагналаа аваарай” гэж ярьсан. Харин шагналаа авах гээд коронавирусийн шинжилгээ өгч байтал “Танд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одон өгөх юм байна. Таны шагналыг андуурсан байна” гэж хэлсэн. Тухайн үед би их сонин байдалд орсон. Таних, танихгүй олон хүн гар утсаар холбогдож баяр хүргэсэн. Тэр бүхэнд нарийн учир шалтгаанаа хэлж, тайлбарлах боломжгүй байсан болохоор би шууд л “Баярлалаа” гээд л утсаа тасалдаг. Харин сүүлчийн үөд харилцаатай, дотно, таньж мэддэг хүмүүст учрыг нь хэлж, ойлгуулсан. Тэгэхээр намайг Урлагийн гавьяат цолтой гэж бодож яваа олон бий байх. Тухайн үед эвгүй байсан ч “Ямартай ч төр намайг үнэлсэн юм байна даа” гэж бодоод гомдоогүй. Харин их эргэлзээ төрүүлж байгаа зүйл нь үнэмлэхний гадна хавтас Монгол Улсын Гавьяат цолны үнэмлэх гэсэн байгаа юм. Харин дотор талдаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гэсэн байгаа юм. Түүнээс биш шагналын хувьд аль нь ч байсан надад сонин биш. Зүгээр намайг хуурч, эвгүй байдалд оруулсанд л учир бий шүү дээ.

-Та үнэмлэхний хавтас нь яагаад өөр байгааг асууж үзсэн үү?

      -Асуугаагүй. Үнэмлэхний хавтас нь хүрээгүй юм болов уу гэж бодож байгаа.

-Та сүүлчийн үед зураг зурж байна уу. Хамгийн сүүлд юу зурсан бэ?

      -Хоёр, гурван сарын өмнө нүдний хагалгаанд орсон. Түүнээс хойш удаан хугацаагаар телевиз үзэж, ном уншиж, зураг зурж чадахгүй байгаа. Нүднээс нулимс гараад байх юм. Тэгэхээр өдөр өнгөрөхгүй хэцүү л юм байна шүү дээ. Нүдний хагалгаанд орсноосоо хойш өөрийгөө туршиж Отгонтэнгэр хайрхныг зурсан. Түүнийгээ гэрийнхээ хананд өлгөчихөөд сууж байна даа.

-Та киноны зургаас гадна юу зурах дуртай вэ?

      -Киноны буянаар 50-аад жил Монгол орныхоо сайхныг үзэж, биширч явлаа. Тийм учраас байгалийн зураг зурах дуртай. Сэтгэлд ойр дөхөм санагддаг. Мөн хөрөг зурдаг. Кино зургийн үед бусдын хөргийг зурж бэлэглэдэг. Тэгэхээр хүмүүс их дуртай байдаг. Цаашид ч энэ чиглэлээр зурна гэж бодож байна. Биеийн байдлаас ч гэх юм уу насны онцлогоос хамаараад урландаа очиж чадахгүй сууна даа.

-Та насаараа уран бүтээл, уран бүтээлчээр хүрээлүүлж амьдарсан санагддаг. Уран бүтээлчийн гэр бүлд хэрхэн өсөж, хүмүүжсэн тухайгаа ярьж өгөөч?

      -Би 1952 онд Улаанбаатар хотод Г.Одон зураачийн гэр бүлд төрсөн. Би уран бүтээлийн ертөнцөд төрсөн гэж боддог. Аавд минь тухайн үед урлан гэж байгаагүй. Тийм болохоор гэрийнхээ нэг өрөөг урлан болгочихсон бүтээлээ хийгээд суудаг байсан. Аавын минь дадал зуршил, ажил мэргэжил надад ил болон далд байдлаар нөлөөлсөн нь гарцаагүй. Мөн 1971 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн зургийн ангийг төгссөн. Тухайн үед бүжигчин, хөгжимчин нартай нэг ангид сурдаг. Тэдний урлагийн талаар мэддэг, мэдэрдэг урлагийн хүмүүсээр хүрээлүүлсэн хүн байлаа. Сургуулиа төгсчихөөд кино үйлдвэрт туслах зураачаар гурван жил ажилласан. 1973 онд Москва руу явж, зургаан жил сурсан.  Тэгээд Монголдоо ирээд кино урлагийн салбарт халуун зүрх, сэтгэлээ зориулж чадах бүхнээ хийсэн гэж боддог.

-Та багадаа зурж байсан зургуудаас санадаг уу. Аав нь уран бүтээлд болоод амьдрал нь юу зааж сургасан бэ?

       -Би багадаа зурж байсан зургуудаа санадаггүй юм. Хүүхдүүдийн адил байсан байх. Тухайн үед аав минь муухай зурсан байна, сайхан зурсан байна гэж хэлдэггүй. Харин ямар санаа агуулсан бэ гэдгийг асуудаг байсан санагддаг. Би ч ач, зээ нараасаа тэгж асуудаг. Тэд маш нүдэнд харагдахгүй зүйлсийг маш сонин өвөрмөц тайлбарладаг. Тэгэхээр хүүхдийн бодол санааг үгүйсгэх ямар ч арга байхгүй. 

-Та өнгөрсөн хугацаанд хэчнээн кино зурагт ажилласан байна вэ?

       -Би 50 гаруй уран бүтээлд ажилласан байна. “Эргэж бодох бодол,  “Хуучин сүмийн нууц”, “Сахиул уу сахиус уу”, “Фронтод явах өргөдөл”, “Намар нахиалсан мод” гээд хүмүүс мэднэ байх аа. Хамгийн анх 1973 онд “Нар хиртсэн жил”  гэдэг кинонд ажиллаж байсан. Хамгийн сүүлд 2019 онд Сүүлчийн эзэн хаан кинонд ажилласан. 

-Та даруухан хүн үү?

      -Өөрийнхөөрөө байх их дуртай. Төлөв даруухан зантай. Гэхдээ уран бүтээл хийж байгаа үедээ бадарна, асна, дүрэлзэнэ шүү дээ. Кино гэдэг нийлмэл урлаг учраас бүгд ойлголцож, өөрсдийн өнцөг, загвараа оруулах гэж маргана, муудна, эвлэрнэ. Киноны  төсөвт тааруулан тайзыг янз бүрийн зүйлээр  аргалах хэрэг гарна шүү дээ. Тэр бүхэнд тайван суугаад байж болдоггүй юм. Өөрийнхөө уран бүтээлийг хамгаалах хэрэгтэй гэсэн үг. 

 

-Та ямар өнгөнд дуртай вэ. Таны уран бүтээлд дуртай өнгө нь нөлөөлдөг болов уу?

     -Би даруухан өнгөнд дуртай. Бор, хүрэн өнгийг илүү сонгох гээд байдаг. Тод өнгийг заавал хольж хэрэглэдэг. Энэ уран бүтээлчийн нэгэн онцлог гэж боддог. Аав минь бас хурц өнгө хэрэглэдэггүй байсан.

-Та аавынхаа талаар ярьж өгөөч. Аавын алдрыг өргөж явна гэдэг амаргүй биз?

       -Аав минь Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн. Төрийн шагналт, Ардын зураач Г.Одон гэж байлаа. Аав минь дүрслэх урлагийн салбарын нэгэн тод гэрэл байлаа. Ааваараа хором бүр бахархдаг. Миний аавыг Г.Одон гэхээс нь илүү “Ажлын дараа”, “Уран сайханчид” гэх мэт  уран бүтээлээр нь илүү таньдаг юм шиг санагддаг. Аав минь төлөв даруу зантай, боловсролтой, их тайван хүн байсан. Аав минь байгаагүй бол би байхгүй байсандаа гэж боддог.

-Таны аавын зургууд хаана байдаг вэ?

       -Аавын маань зургуудын ихэнх нь Уран зургийн галерейд бий. 2008 оны долдугаар сарын 1-ний явдлаар гурван бүтээл нь шатсан байдаг. Одоо хүртэл засвар хийгдээгүй байна. Сэргээн босгодог мэргэжлийн зураачид байхгүй байна. Намайг сэргээх үү гэж асуусан. Би аавынхаа уран бүтээлд зориглож хүрч чадахгүй учраас үнэнээ хэлсэн. “Уран сайханчид”, “Хасбаатар” гээд хоёр том зураг нь шатсан.

-Ямар орчинд зурах дуртай вэ. Орчноо зориуд бэлддэг үү?
      -Зурахдаа хөнгөн, уянгын аялгуу сонсох дуртай. Тогтуухан ая сонсохоор олон санаа, сэдэв санаанд буудаг. Ялангуяа бодол санаа, зурж байгаа зурагтайгаа агуулгын хувьд төстэй ая сонсоход өвөрмөц сэтгэгдэл төрүүлдэг. Сонгох өнгө хүртэл өөрчлөгдөх янзтай.

 


О.НЯМДАВАА: “Урлагийн гавьяат цол олгоно” гэж хуурсан ч “Төр намайг үнэлсэн юм даа” гээд гомдоогүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-24 14:16:10
    Зочин: Дэлгэцийн ард чимээгүй бүгдийг хийдэг хүн нь хоосон дэлгэцээр ганц нэг гарж олний танил болоод л гавьяат болдог муухай шудрага биш өнгө мөнгний хорвоо болжээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-24 14:16:09
    Зочин: Дэлгэцийн ард чимээгүй бүгдийг хийдэг хүн нь хоосон дэлгэцээр ганц нэг гарж олний танил болоод л гавьяат болдог муухай шудрага биш өнгө мөнгний хорвоо болжээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-24 14:09:02
    Зочин: Үнэн шударгаар хөдөлмөр хийсэн хүнийг төр ингэж хуурж болохгүй шүү дээ оронд нь мөнгний хүн чихсэн байна маш муухай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-19 21:48:21
    Жавзандулам: Сэтгүүлч ямар муу асуудаг юм бэ ядахдаа киноны зураачаар гээд асууж мэддэггүй юм уу??
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-19 12:50:36
    zochin: soeliin yaam gej baidag , ter gazar uu chiij ,ymar uil chiideg gazar be?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-19 00:29:12
    Зочин: Засаг замбараагаа алджээ настай хүнээр тоглоод
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-16 17:37:01
    Эрдэнэ: Энэ элдэв гавьяа цол хөнгөн цагаан тэмдгүүд ээ одоо болио социализм аа дуусгая хүмүүс ээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-16 12:55:26
    Zochin: Odoo ued huniig bayrluulan gomdooh yu ch bish bolson. Tsedenbaliin ued hariutslagiig erhemledeg baisan ni TV eer zurgiig ni buruu talaas ni gargasnaas deeliinh ni engeriin nugalaasaar ilerch tuhain huniig ajlaas ni halj baisan.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188