• Өнөөдөр 2024-05-02

Ж.ПҮРЭВДОРЖ: Г.Доржсамбуу найруулагчаас УДЭТ-д орох урилга авч байлаа

2021-12-14,   1105

        “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Дашийн дүрийг уншигч та андахгүй мэднэ байх. Зальтай төрх, жигтэй харцтай, үе үе сахлаа имрэх тэр эрхэм гаднаа ширүүн, дориун харагддаг ч дотроо бол тун зөөлөн нэгэн аж. Ерөөс төрөхдөө л эсрэг дүрийн жүжигчин мэт царай төрхийн өгөгдөлтэй хүн бол тэр. Үүнийг бид түүний тоглосон “Цахилж яваа гөрөөс” киноны Дамба, “Үхэж үл болно” киноны Дайр Үсэн ,“Эзэнгүй айл” киноны Мэрэгч, “Наймаачин” киноны байцаагч, “Араанд нь алт ард нь хутга” киноны боссын туслах, “Цагаан дуганы гэгээ” киноны Ринчинов зэрэг дүрээс харж болно.

     Түүнээс гадна тэр “Учиртай гурван толгой” жүжгийн Балганаас эхлээд Улсын драмын эрдмийн театрт тоглогдсон сонгодог жүжгийн ихэнх эсрэг дүрийг амилуулсан. Тэр тайзан дээр “Макбет” жүжгийн Ментил, “Цахлай” жүжгийн Дорн, “Ромео, Жульетта" жүжгийн Петро. Харин кинонд бол архичин, гуйлгачин өвгөн, атаман, босс. Энэ бол МУСТА Жамсранжавын Пүрэвдорж. Улаанбаатар хотод төрсөн,  Завхан нутгийн Хөгжимт драмын театраас уран бүтээлийн гараагаа эхэлсэн түүнийг уран бүтээлчид “Сахал Пүүжээ” хэмээн хочлох бөгөөд өдгөө тэр урлагт өөрийнх нь хэлснээр “Амьдралынхаа хагас жаранг” элээж буй уран бүтээлч. Тэр дундаа Улсын драмын эрдмийн театр хэмээх айлд 40 жилийнхээ хөдөлмөрийг зориулж байгаа нэгэн. Ингээд их театрын 90 жилийн ойг тохиолдуулан Монголын кино урлагийн эсрэг дүрийн мастер түүнтэй ярилцлаа. Тэрбээр тун саяхан Төрийн дээд Сүхбаатарын одонгоор энгэрээ мялаасан юм.

-Юуны өмнө танд төрийн дээд Сүхбаатарын одон шагнал хүртсэнд баяр хүргэе. Энэ жил УДЭТ-ийн уран бүтээлчдэд шагналын хур их бууж байх шиг байна?

  -Баярлалаа. Мэргэжлийн урлагийн байгууллагын ууган эцэг театр маань 90 жилийн ойгоо хийлээ. Ойгоо тохиолдуулан манай уран бүтээлчид хийсэн бүтээснээ төрдөө үнэлүүлж, төрийн дээд одон, медаль хүртлээ. Мөн театр ойн баярынхаа хүрээнд Б.Цогнэмэхийн “Хаадын хаан, Андгай” түүхэн туульсын жүжгийг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Н.Наранбаатарын найруулгаар тавьсан зэрэг олон үйл явдал болж байна. Миний хувьд тус жүжгийн Мэнлиг эцгийн дүрд тоглосон.

-УДЭТ хэмээх айлд орж байсан түүхээсээ хуваалцвал?

 -Анх би Зоотехникч мэргэжилтэй урлагаас огт өөр салбарт байсан юм. Тэгэхдээ ажиллахын хажуугаар урлагийн үзлэгт орж, дуулж, хуурддаг байсан. Тэгтэл нэг өдөр аймгийн хорооноос  аймагт Хөгжимт драмын театр байгуулагдах гэж байгаа тухай бичиг ирдэг юм байна. Ингэхдээ "Завхан аймгийн Шилүүстэй сумын боловсон хүчин Ж.Пүрэвдоржийг Соёлын хэлтэст шилжүүл" гэсэн утгатай бичиг ирсэн. Тэгээд л аймгийн Хөгжимт драмын театрт дагалдан жүжигчнээр орж, урлагийн гараа минь эхэлсэн юм. Түүний дараа Улсын драмын эрдмийн театрт орох боломжийг надад “Говийн зэрэглээ” киноны Арслан буюу агсан Г.Доржсамбуу найруулагч надад олгосон юм. Тэрбээр ардын хувьсгалын 70 жилийн ойгоор орон нутгийн театраас шилдэг бүтээл шалгаруулах уралдааны комиссын гишүүн байсан бөгөөд тэр үед манай аймагт ирж, уран бүтээлчдийн жүжгийг үзэн, шалгаж авч байсан юм. Тэгэхэд л тэр мундаг найруулагч намайг “тоож”, Улсын драмын эрдмийн театрт орох урилга өгч байсан юм. Ингэж л би их театртаа орсон түүхтэй. Хүн бүрд мэдээж ийм боломж олдохгүй. Тийм болохоор өөрийгөө би их азтай гэж боддог.

-Тухайн үед найруулагч Г.Доржсамбуу агсан таныг ямар үзүүлбэрээр сонгож авсан юм бэ?

 - "Учиртай гурван толгой" жүжгийн Балганы дүрээр. Тухайн үед мэдээж олон хүүхэд жүжигт тоглон шалгуулсан л даа. Гэтэл шалгаруулалт дууссаны дараа найруулагч намайг дуудаад театрт урилгаар авах болсноо хэлсэн юм. Би ч тухайн үед гайхахаас илүүтэй айж байсан. Гэтэл хэдийнэ 40 жилийг театртаа элээсэн байна.

Тэрбээр ардын хувьсгалын 70 жилийн ойгоор орон нутгийн театраас шилдэг бүтээл шалгаруулах уралдааны комиссын гишүүн байсан бөгөөд тэр үед манай аймагт ирж, биднийг шалгаруулж авсан юм. Тэгэхэд л тэр мундаг найруулагч намайг “тоож”, Улсын драмын эрдмийн театрт орох урилга өгч байсан юм. Ингэж л би их театртаа орсон түүхтэй. Хүн бүрд мэдээж ийм боломж олдохгүй. Тийм болохоор өөрийгөө би их азтай гэж баярлаж явдаг.

 

-ЖИЖИГ, ТОМ ДҮР ГЭЖ БАЙХГҮЙ, ЖИЖИГХЭН ЖҮЖИГЧИН ГЭЖ Л БАЙДАГ-

-Энэ хугацаанд хэчнээн бүтээлд тоглосон байна вэ. Тоо гаргасан болов уу?

        -Багцаагаар 90 гаруй жүжиг тоологдох байх. Гэхдээ нарийн тоо гаргавал үүнээс их байгаа байх. Харин би дэлгэцийн урлагт 1991 онд жаахан хожуу орсон. Энэ ч утгаар 60 гаруй киноны туслах болон гол дүр тоглосон байдаг.

-Ихэвчлэн эсрэг дүрд тоглосон байдаг юм билээ?

       -Тийм ээ. Миний гадаад төрх байдал эсрэг дүрд илүүтэй зохицдог болохоор найруулагч нар сонгодог байх. Нөгөө талаар найруулагчийн оноож өгсөн дүрийг л хичээж гаргахыг эрмэлздэг. Түүнээс эерэг, эсрэг, жижиг, том дүр гэж голдоггүй. Дүрд жижиг, том гэж зүйл байхгүй. Харин жижигхэн жүжигчин л гэж байдаг. Дүрд оногдож байгаа нь л өөрөө том зүйл. Харин хүмүүс жүжгийн дүрээс минь илүү киноны дүрээр сайн мэддэг. Тэр дундаа “Цахилж яваа гөрөөс” кино болон “Зүрхэнд шивнэсэн үг” жүжгийн дүрээр их таниад байх шиг санагддаг.

-Жүжигчин гэж ямар хүнийг хэлэх вэ. Энэ мэргэжлийг эзэмшсэн хүний хувьд  өөрийн нэг тодорхойлолт бий болсон байх?

 -Хүмүүс жүжигчин эхлээд хүн байх ёстой гэдэг. Түүнээс гадна хамгийн чухал зүйлийн нэг бол хөдөлмөр. Хөдөлмөрлөхгүй бол мянган авьяас байгаад ямар ч нэмэргүй, зэвэрнэ. Нөгөө талаар уран бүтээлч хүний бодож явах ёстой нэг чухал зүйл бол үзэгчдийн хайр, шагналыг дааж явах. Өнөөдөр уран бүтээлч бид шагнуулаад байна. Үүний ард асар өндөр хариуцлага, хайр, шагнал дааж уран бүтээлээ илүү сайн хийх үүрэг авч байгаа юм. Яруу найрагч Б.Лхагвасүрэн гуайн “Шагнал” шүлэгт,

-Хайрыг даана гэдэг шагнуулахаас хэцүү

-Ханаж сагасан байвал үхсэнээс дор… гэсэн хоёр мөр бий. Энэ мөрүүдийн утгыг л санаж явах хэрэгтэй.

Найруулагчийн оноож өгсөн дүрийг л хичээж гаргахыг эрмэлздэг. Түүнээс эерэг, эсрэг, жижиг, том дүр гэж голдоггүй. Дүрд жижиг, том гэж зүйл байхгүй. Харин жижигхэн жүжигчин гэж байдаг гэдэг. Дүрд оногдож байгаа нь л өөрөө том зүйл.

 

 

 


Ж.ПҮРЭВДОРЖ: Г.Доржсамбуу найруулагчаас УДЭТ-д орох урилга авч байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-14 12:02:24
    lol: tomorbaatar suvd tserendagva mend bayar gesen bugshsan heden avyasgui aysaara yavaad irsen hedees havi iluu jujigchin shuudee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-14 11:38:23
    Зочин: Цэрэндагва, Сувдаа 2 т Ходолморийн баатар огч байхаар Энэ хунд гавъяатыг нь огчихсон бол
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188