• Өнөөдөр 2024-05-02

ЦЭЦГЭН ДЭЭРХ ЭРВЭЭХЭЙ БУЮУ Б.НОРОВСАМБУУ

2021-12-13,   4498

    Өвлийн жавар тачигнаж, мөдхөн идэр ес айлчлах нь. Их хотод шинэ жилийн уур амьсгал хэдийнэ орсон энэ үест ээлжит ярилцлагынхаа зочинтой уулзахаар Улсын их дэлгүүрийг зорилоо. Ихэнхдээ уулзах зочныхоо царай болон ямар хүн угтахыг нь яг таг мэддэг, заримдаа таамагладаг ч энэ удаад тодорхой төсөөлж, таамаглаж чадсангүй. Тэрбээр “Миний охин намайг таних байлгүй дээ. Би одоо хөгширсөн. Өөдөөс чинь нэг таяг тулсан эмгэн очно шүү” гэж утсаар мэдэгдсэнээс л түүнийг би таягтай буурай ирэх нь хэмээн бүүр түүрхэн ойлголт авснаас бусдаар мэдэх зүйл бага байв. Түүний тухай би бүр багадаа анх сонсож байсан. Тэр бол нэгэн цаг үед домог шиг яригдаж явсан эрхэм хүмүүн...


           Ингээд болзсон газраа түрүүлж очоод хүлээж байтал, туранхай жижигхэн, нас өндөр буурай намайг чиглэн ирж явна. Нэгэн цагт Монголын циркийн урлагийн тэнгэрт мандаж явсан тэр өнөөдөр Их дэлгүүрийн хажуугийн хуучин байранд даруухан амьдарч, залуудаа уран нугараач байсан гэхэд танигдахааргүй өөр нэгэн болжээ. Цаг хугацаа угаас хүнийг ийн өөрчилж, залуу болоод өтөл насны хооронд зөөдөг мэт. Цаг хугацааны тухай цухас бодож явсаар түүнтэй хамт гэрт нь оров. “Эмээ нь хүүхдүүдэд сургалт орчихоод ирсэн болохоор жаахан ядраад байна. Охин минь асуултаа түргэхэн асуугаарай” гэснээр бидний яриа эхэлсэн юм. Хэнтэй чухам би ийн уулзаж, хэний тухай яриад байгааг уншигч та таамаглан ядаж байгаа байх. Тэр бол Завхан аймгийн Сантмаргац сумын уугуул, БНМАУ-ын Төрийн шагналт, Ардын жүжигчин, ХХ зууны манлай циркийн жүжигчин, уран нугараач Бэгзсүрэнгийн Норовсамбуу. Монголд хамгийн анх техникийн уран нугаралтыг үндэслэсэн нэгэн. Нэгэн зууны манлай, нэгэн насандаа авьяас гэдгийг үзүүлсэн шиг үзүүлсэн ийм нэг эрхэмтэй ийн уулзлаа. Бидний ярианы хорин хувь нь одоо цаг, үлдсэн нь өнгөрсөн цаг дээр үргэлжилсэн юм.
 

-"ХҮН САРНАЙ" УРАН НУГАРАЛТЫН СТУДИ АЖИЛЛУУЛЖ БАЙНА-

-Сайн байна уу, сайхан өвөлжиж байна уу та. Бие тэнхээ нь сайн уу?
 
      -Сайн. Сайхан өвөлжиж байна. Бие тэнхээ гайгүй дээ.
 
-Сургалт орчихоод ирсэн гэлээ та. Хаана ямар сургалт орж байна вэ. Хүүхдүүдэд хичээл зааж байгаа юм уу?
 
      -Тийм ээ. Би “Хүн сарнай” уран нугаралтын студи ажиллуулдаг юм. Арав гаруй хүүхэдтэй. Долоо хоногт өглөө, оройн цагаар явуулдаг. Өнөөдөр 12:00 цагаас сургалтаа орчихоод ирлээ. Манай студи бол ашгийн бус цэвэр уран бүтээл гаргаж, тив, дэлхийн олон тэмцээн уралдаанд хүүхдүүдээ өрсөлдүүлж, авьяас чадварыг нь үнэлүүлэх гэсэн зорилготой. Гэтэл харин хүүхдүүдэд чөлөөтэй сургалт явуулах байр байдаггүй. Түрээсийн байраар яваад байгаа. Нэг байранд орохоор л мөдхөн гарах болдог, хэцүү байна аа. Арга мухардаад ард түмнээс хандив гуйсан, сая төгрөг л цугларлаа. Энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй юм. Уг нь бэлтгэлийн байрны асуудал шийдэгдвэл, уран бүтээлийн олон санаа байна. Байргүй болохоор зарим үед гэртээ хүүхдүүдээ авчирч, бэлтгэл хийдэг. Гэсэн ч нугаралт гэдэг бол зай талбайгаас хамаардаг учир гэрт багтахгүй юм.
 
-Танд хүүхдээ шавь оруулах, уран нугаралт заалгах гэсэн хүн их ханддаг байх нь ээ?
 
            -Хүмүүс шавь оруулъя гээд ирнэ. Гэсэн ч хүүхдүүдийг сургах байр байхгүй болохоор олноор авахад хэцүү байдаг. Би тухайн хүүхдийн өөрийн биеийн өгөгдөл, уян хатан байдлыг хардаг. Техник сайтай хүүхэд гэж бий. Хэрэв хүүхэд техник сайтай байх юм бол янз бүрийн санаа сэдэн, уран бүтээл гаргах боломжтой. Би хүүхдүүдээ ажиглан тухайн хүүхдэд тохирсон бүтээл хийлгэдэг. 
  Ийнхүү тэр нэгэн насныхаа амьдралыг циркийн жүжигчин, уран нугаралтад зориулсныхаа хойно өөрийн сурч мэдсэн, хийж бүтээсэн бүхнээ өвлүүлэхээр шавь бэлдэж сууна. Гэхдээ бидний яриа яагаад ч юм, ийм бухимдалтай мэт байдлаар эхэлсэн. "Циркийн байрыг нураах гэж байгаа нэрийдлээр биднийг хөөсөн. Амьдралынхаа 60 гаруй жилийг элээсэн байгууллагаасаа хөөгдөх шиг муухай зүйл байгаагүй. Мэдээж нас өндөр болж байгаа ч би тэнд уран нугаралтаар хичээллэх сонирхолтой хүүхэд залууст нэг ч гэсэн зүйлийг хэлж өгч, нэг бүтээлийг шинээр гаргах гэж зүтгэсэн. Гэхдээ би "Хүн сарнай" студийнхээ шавь нарт зааж сургаж, тэднээс бүтээл төрөх гэж хичээж байна" хэмээн тэр гомдонгуй өгүүлээд хэсэг дуугаа хураана. Цагтаа Монголын төдийгүй дэлхийд нэрээ гаргаж, мандаж явсан тэр насны дээр жаахан сэтгэл дундуур суугаа нь харамсмаар. Бидэнд тэр Төрийн шагналт, ардын жүжигчин, уран нугаараачаараа үлдэх ч тэр өөрөө илүү ихийг үлдээхийг хүсэж, түүндээ шаналж буй нь илт. 

-АРАВДУГААР АНГИДАА ГАВЬЯАТ БОЛСОН-

 
-Та анх "Цэцгэн дээрх эрвээхэй" үзүүлбэрээрээ гавьяат болж байсан юм билээ. Үзүүлбэрийнхээ санааг хэрхэн олдог вэ?

              -Тийм ээ анх 1966 онд аравдугаар ангидаа гавьяат болж байсан. Тухайн үед тэнцвэрийн үзүүлбэр манай улсад хөгжөөгүй байсан хэрэг л дээ. Тэгээд багш минь "Цэцгэн дээрх эрвээхэй" үзүүлбэрийг дэглэж, хийсэн. Энэ бол багшийн минь бодол санаа. Аравдугаар ангидаа гавьяат цолоор шагнуулсан маань бол миний идэвхийг сайжруулах зүйл байсан л даа. Уран нугаралт өөрөө хүнд төрөл. Тэр ч утгаараа шантрах вий, орхих вий гэдэг үүднээс тэр цолыг олгосон гэж боддог. Нөгөө талаар энэ бол миний багшийн гавьяа.

-Аравдугаар ангидаа гавьяат цол хүртсэн хүн зөвхөн та байх. Гэтэл энэ та их даруухнаар хүлээж авчээ. Дараачаар нь Ардын жүжигчин, Төрийн соёрхолт гээд төрийн том шагналуудыг хүртсэн. Ер нь энэ шагнал урамшууллыг та юу гэж боддог байв?
 

           -Энэ бол надад өгч байгаа том урам байсан. Төрийн шагналыг би 1971 онд хүртсэн. Гавьяат жүжигчин цол хүртэж байхдаа би хүүхэд байж, харин Төрийн соёрхолт хүртэж байхдаа би залуу байсан болохоор учиргүй хөөрч, түүнийгээ их зүйлд боддоггүй байж. Тухайн үед байх ёстой зүйл мэт боддог байсан. Тэгээд ч шагналаа бодож явах завгүй ч байдаг байж тоглолтоос тоглолтын хооронд завгүй, "Дараагийн бүтээлээ юу хийх вэ", "Хэрхэн яаж хийх вэ" гэж боддог байсан. "Өөр шинэ юу хийж болох уу" гэсэн бодол л надад байдаг байсан. Нэг тэмцээнд яваад ирэхэд, нэг шагнал авахад хэвлэлүүд их ирж яриа авдаг байсан.  Миний оруулсан уран нугаралтын төрөл, зохиомжууд их шинэ байсан. Улс орон бүрд зохиогддог тэмцээн бүрд би өөр өөр номертой оролцохыг хичээдэг байсан.

-Таныг тэмцээнд уралдаанд оролцоод, төрөөс шагнал урамшуулал авч ирэхэд төрөөс ямар дэмжлэг өгч байсан бэ. Тухайн үед тийм зүйл байсан уу. Одоо бол олимпоос медаль авч ирсэн тамирчинг тодорхой мөнгөн шагналаар урамшуулж байна шүү дээ?

       -Мэдээж тухайн  үед шагнал, урамшууллыг бол олгож байсан. Гэхдээ айхтар байраар шагнаж, ахуй амьдралд хэрэгцээтэй зүйлийн мөнгөн тэтгэмж олгодоггүй байсан. Би ч ашиг сонирхлын төлөө нэг ч удаа үзүүлбэр хийж, бүтээл гаргаж явсангүй. Цөм сайн уран бүтээл хийхийн төлөө л байсан. Одоо ч тийм. Ашгийн төлөө байсан бол өдийд би гэрээрээ ч хамаагүй хэдэн хүүхэд аваад сургалт орж болно. Заавал бүтээл гаргана гэж өөрийгөө зовоох шаардлагагүй. Гэвч миний зарчим, миний явж ирсэн замнал өөрөө тийм биш. Надад угаас нэг ашиг сонирхлын зүйл байхгүй. Сайн бүтээл хийж, сайн байхыг багш болон ээж минь сургасан. Би одоо ч энэ зарчмаар амьдарч байна. Өдгөө залуучууд өөрсдийгөө хөгжүүлэх л юм бол сайхан амьдрах боломж их болж. Миний үед одооных шиг байсан бол би одоо сургалтын байргүй гэж санаа зовох юмгүй байх байсан.

-Сайн багш сайн шавийг олж, нээдэг байх. Багш тань том уран нугараач болно гэж анх харсан болов уу?

            -Миний багш Ардын жүжигчин, Монголын хамгийн анхны уран нугараач Т.Цэнд-Аюуш гэж хүн байсан. Анх намайг Циркид ороход эхний хэдэн сар харна гэсэн юм билээ. Тэгээд би огт сайжрахгүй байж л дээ. Тэгэхээр нь ээжийг дуудаад, "Охиноо аваад яв" гэсэн юм билээ. Гэтэл Т.Цэнд-Аюуш багш минь "Б.Норовсамбууг үлдээ" гээд авч үлдсэн гэдэг. Тэгээд л багш минь зааж, сургаж, бэлтгэл хийлгэдэг байсан. Тэгээд багш маань надад заасан уран нугаралтын шинэ төрөл бол "Цэцгэн дээрх эрвээхэй" номер. Цэцгийн мандал дээр хонхон цэцэг дэлбээлж, түүн дээр эрвээхий ирж сууж буй өгүүлэмжтэй юм. Сүүлд сонсоход төрийн улирдлагаас багшид минь "Б.Норовсамбууг уран нугаралтын шинэ төрөлтэй болго" гэж үүрэг өгсөн юм билээ. Багш маань үргэлж шинийг сэдэж, боддог хүн байсан. Одоо багш шиг ээ шавь нараа шинэ бүтээлтэй болгох гэж хичээж байна.
  Богинохон амьдралын чөлөөнд түүний амжилт эрт эхэлжээ. Аравдугаар ангийн сурагч гэдэг бол мэргэжлээ сонгох насан дээрээ яваа, жаахан үе. Гэвч ийм насан дээрээ Б.Норовсамбуу гуай хэдийн Монгол Улсын Гавьяат хэмээх эрхэм цолын эзэн болжээ. Энэ бол түүний бусдаас өөр байсны шагнал. Бусдыг давтаж, хийснийг нь дуурайж болдог. Гэхдээ энэ бол амжилтад хүрэх хамгийн тойруу зам. Харин шууд тэсэлж, тэсэрч, өөр байж чадсан нь л хамгийн дөт замаар алхдаг. Үүнийг тэр "Цэцгэн дээрх эрвээхэй" үзүүлбэрээрээ харуулжээ. Нээрээ л уран нугарна гэдэг урд хойно хөлөө гаргахын нэр биш. Нугаралтаар бүтээл үзүүлж болохыг тэр өөрөөрөө харуулжээ.  
-Багш тань танд юу гэж захидаг байсан бэ. Тэр олон шавь нараасаа таныг онцолсон нь та бусдаасаа өөр байсан байх нь?
 
        -Намайг өөр гэж харсан нэг зүйл бол би их бусдаас илүү уян налархай байсан. Багш ч үүнийг хэлдэг. Мөн өөр нэг зүйл бол би хүний зааж өгсөн зүйлийг их сайн сурдаг байсан. Хамгийн анх би зурагтаар Д.Мажигсүрэн гэж уран нугараач хүнийг хараад, бүжиглэх, нугарах энэ төрөл надад их сонирхолтой санагдаж байсан. Тэгээд дотор минь тэр хүний төсөөлөл байгаад байсан учир түүгээрээ би өөрийгөө их цэнэглэсэн байх гэж боддог.  Дээрээс нь багш маань маш их урам хайрладаг , өөрөөрөө их үлгэрлэж харуулдаг байсан. Мөн түүний сэтгэлгээ бол асар өндөр. Тэр өндөр сэтгэлгээгээрээ л намайг сургаж, уран нугаралтын шинэ төрлийг надаар хийлгэсэн гэж боддог. Айхтар их зүйлийг ярьж, хэлдэггүй байсан ч өөрийн үйлдлээрээ шантарч болохгүй, улам хичээх ёстойг мэдрүүлдэг байсан.

-УРАН НУГАРАЛТЫН ШИНЭ СЭТГЭЛГЭЭ, ЭРС ӨӨРЧЛӨЛТ- 

      -Одоо та шавь нараараа дамжуулан мөн олон бүтээл гаргаж байгаа байх?

             -Тийм ээ. Одоо ч бодож, ямар бүтээл гаргах вэ гэж бодож сууна. Би  “Монгол бүсгүй”, Могойн чуулга", "Дөрвөн уран нугаралт" гэсэн номерийг хийж байсан. Мөн “Загийн төгөл” гээд хоёр охины номер хийсэн. “Ихэр ураг”  гээд дан зохиомжтой номерууд хийсэн. “Могойн чуулга” номер бол бурхан суудал бурхан шашны талдаа, "Монгол бүсгүй" бол монгол бүжгийн тавилттай номер. Миний өмнө Цэндээ, Мажигсүрэн багш байсан, энэ багш нараас ялгагдаж өөр юм хийх шаардлага гардаг. Би Баруун Германд таван жил ажилласан. Тэр хоорондоо барууны орны үзэгчид юу сонирхож байна гэдгийг хараад Монгол уран нугаралтад модерн стилийг анх оруулсан. Модерн бүжгийн тавилттай, хурц хөдөлгөөнтэй, хувцсаа зориуд Германаас захиалж авчирсан. Энэ номер БНАСАУ-д болсон Хаврын баяр тэмцээнд орж алтан цом авсан. Тэнд Хятадын Ухань болдог олон улсын тэмцээн байгуулдаг хүн явж таарч бид хоёрт оролцох урилга өгсөн. Намар нь Ухань болсон олон улсын циркчдийн тэмцээнд орж мөнгөн медаль авсан. Тэгэхэд Канадын Нарны циркийн Жейл гэдэг хүн ирээд “Манай Нарны цирк том шоу хийх гэж байгаа. Танайхаас дөрвөн нугаралт авна, энэ хоёр охиныг чинь авч тоглуулмаар байна. Энэ хоёртой адилхан дөрвөн хүүхэд байна уу” гэсэн.

    Тэр үед би дөрвөн хос үзүүлбэр бэлдэж байсан. Энэ мэт уран нугаралтын төрөлд үргэлж шинийг санаачилж, хийх гэж эрмэлзэж ирж. Түүнээс би энэ санаагаа та хаанас олдог вэ гэж асуухад "Их бодно. Яаж өөр зүйл хийх үү гэж олон талаас нь ажиглана. Өгөгдлөө харна. Тэгээд л уран нугаралтынхаа хэсгүүдийг олдог.  Тухайлбал, гурван хүүхэд байхад ямар номер, түрүк, зохиомж хийх вэ гэж бодно. Би сүүлд нэг аалзны номер хийсэн. Хун болон 21 дарь эх, ертөнцийн гурав гээд хийсэн. Эхлээд зохиомжоо бодоод хөдөлгөөн, хөгжим зүйлээ бодно. Тухайлбал би хамгийн сүүлд "Талын Монголын охин" гэж бүтээл гаргалаа. Нэг охин нум сумтай гарч ирээд нугардаг" гэсэн юм.

 -Уран нугараач болох хүүхдийн юуг нь та харж, сонгож авдаг вэ?

                -Авьяас болон техник хамгийн чухал. Техниктэй хүүхэд илүү хол явдаг. Миний шавь нараас одоо уран нугараач Э.Лхагва-очир хамгийн сайн техниктэй. Техник сайн эзэмшсэн хүүхдэд зохиомж болон хөдөлгөөн ч их олддог. Ямар ч санаа гаргасан хийх чадвар нь өндөр байдаг. Тэр шавьдаа л студээ өвлүүлэх санаа байна.  Хэрэв намайг байртай болгоод өгчихвөл би байгаа дээрээ өөр олон төрөл санаа, зохиомжийг үлдээхийг хүсэж байна. Хамгийн гол нь хүүхдүүддээ заах байр сууцгүйдээ баригдаад байна.

Их бодно. "Яаж өөр зүйл хийх үү" гэж олон талаас нь ажиглана. Өгөгдлөө харна. Тэгээд л уран нугаралтынхаа хэсгүүдийг олно"


ЦЭЦГЭН ДЭЭРХ ЭРВЭЭХЭЙ БУЮУ Б.НОРОВСАМБУУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 23
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-19 13:20:55
    zochin: bidnii baga baichiin l chezeenii iim daruuchan mundag aviaastai egchil baidag bsan n cheveer umaa. Chirkiig buchaaj ulsdaa ogoochee. Ene olon luivarchin chuuchduudtei ailiin aav, eej 2 n ydaj er zorig gargaj chirkiig yaraltai buchaaj ard tumend oguuleechee. Tegvel ta choer 100 naslandaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-16 20:09:58
    Ж.Ганчимэг: Бизнесменүүд,Хотын дарга Сумъяабазар,асашюро Дагвадорж нарт бодогдох юм байна уу?! Долгорсүрэн зааны хүүхдүүд маш муухай нүгэл хийж байна даа. Тэднийг дийлдэг,засдаг,залруулдаг хүн,хүч Монголд алга уу?!Нүгэл заавал өр төлөөс нэхнэ дээ!Алдаагаа засаад,байгаа бүх хөрөнгө мөнгөөрөө ЦИРКийг дахин засаад,Ард түмэндээ буцааж өгвөл Эх орон,ард түмэн,хойч ирээдүй,цаашлаад ТҮҮХ өршөөнө.Та нарт Эх оронч сэтгэл зүрх байвал хийж чадна!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-16 18:45:45
    Зочин: Ажлийн байр өгчиххүн алга у
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-16 18:34:26
    цэцэгмаа: ийм сайхан хүн байхад авьяасыг нь үлдээхийн тулд ажлын байр гаргаад өгдөггүй юм байх даа ядаж харьяа дүүргийн удирдлага уламжлаад явбал зүгээр сэн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-16 17:42:25
    аагий : олоо энэ хүнд л хөдөлмөрийн баатараа өгмөөр юмдаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-16 14:35:19
    Zochin: Насаараа чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж байгаа энэ хүнд хөдөлмөрийн баатар ч багадах байх шүү. Ядахдаа л шаардлагатай ажлын байрыг нь гаргаад өгчих хэрэгтэй шүү дээ...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-16 10:38:39
    Даваасүрэн: Энэ монголын урлагаа гэсэн сэтгэлтэй хүнд хүүхэд хичээллэлүүлэх байрыг шийдээд өгчих юм бол их ч содон шинэ уран бүтээл төрөх нь дээ.мэдэлтэй чадалтай эрхэмүүд минь анхааралдаа авна уу. ЭНЭ Ярилцлагыг авдаг Доржханд дүү минь араггүй л сэтгүүлч хүн дээ.Амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-16 10:37:33
    Даваасүрэн: Энэ монголын урлагаа гэсэн сэтгэлтэй хүнд хүүхэд хичээллэлүүлэх байрыг шийдээд өгчих вм бол их ч содон шинэ уран бүтээл трөх нь дээ.мэдэлтэй чадөлтай эрхэмүүд минь анхааралдаа авна уу. ЭНЭ Ярилцлагыг авдөг Дохжханд дүү минь араггүй л сэтгүүлч хүн дээ.Амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-16 10:36:55
    Даваасүрэн: Энэ монголын урлагаа гэсэн сэтгэлтэй хүнд хүүхэд хичээллэлүүлэх байрыг шийдээд өгчих вм бол их ч содон шинэ уран бүтээл трөх нь дээ.мэдэлтэй чадөлтай эрхэмүүд минь анхааралдаа авна уу. ЭНЭ Ярилцлагыг авдөг Дохжханд дүү минь араггүй л сэтгүүлч хүн дээ.Амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-15 12:03:06
    зочин: Монгол гэдэг эрхэм нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж явсан энэ эрхэмд өгөх ёстой шагналыг нь ч өгөх хэрэгтэй....Хойч үеэ бэлдэх гэж өдий насандаа зүтгэж явааг нь үнэлээд хүүхдүүдээ бэлдэх орох оронтой болгохыг дэмжиж байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-14 21:51:07
    Зочин: Ганц циркээ Дагвадоржид өгөөгүй бол...Улс яаж ийгээд аваад явах л байсан шүү дээ.Сугар гэж муруй амалсан шуналын дэвийн хийсэн ажил нь.одоо тэгээд бусдаас илүү гарсан нь хаа бна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-14 19:03:53
    Zichin: Gaihamshugtai domog hun shu de
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-14 16:49:23
    Зочин: Хорин хэдтэй залуучууд хэдхэн жил хөдөлмөрлөөд гаргасан амжилтаараа хөдөлмөрийн баатар болох юм. Тэгэхэд 60 гаруй жил хөдөлмөрлөсөн, байгуулсан гавъяатай Норвсамбуу гуай хөдөлмөрийн баатар болоогүй нь үнэхээр гайхмаар биш гэж үү ? !
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-14 16:49:22
    Зочин: Хорин хэдтэй залуучууд хэдхэн жил хөдөлмөрлөөд гаргасан амжилтаараа хөдөлмөрийн баатар болох юм. Тэгэхэд 60 гаруй жил хөдөлмөрлөсөн, байгуулсан гавъяатай Норвсамбуу гуай хөдөлмөрийн баатар болоогүй нь үнэхээр гайхмаар биш гэж үү ? !
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-14 11:27:11
    Зочин: Монголын нэр нүүрийг дэлхийн тавцанд гаргасан 2 бүсгүйн нэг нь уран нугараач Норовсамбуу гуай нөгөө нь балетчин ардын жүжигчин Ю. Оюун юм. Энэ хоёр эрхэмд төр засгаас олгосон бодит үнэлэмж байгаагүй дээ. Төр засаг ядаж нэг удаа том тэтгэмж өгөөсэй. Оюун гуайн хоёр хүүд өгч болно шүү дээ. Цагтаа улсын даалгавраар амрах эрхгүй бүжиглэдэг байсан гэсэн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-13 19:01:44
    Зочин: : Энэ хүнд хөдөлмөрий баатар өгөөд сургалтаа явуулах зориулалтын байртай болгодог ч болоосой
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-13 17:51:36
    Зочин: Ямар мундаг юм бэ. Ямар их хүсэл тэмүүлэлтэй юм бэ❤❤❤ Баян бол сургалтаа явуулах саруул сайхан, том талбайтай, тохь тухтай байр бэлэглэх юмсан.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-13 16:44:52
    Зочин: Норовсамбуу гуайд хөдөлмөрийн баатар өгөххэрэгтэй.төрийн өндөрлөгүүд хараасай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-13 16:40:31
    Зочин: Өнөөгийн Монголын нийгэмд ийм л эгэл даруу авьяаслаг хөдөлмарч хүмүүс хийж бүтээх асар их хүсэл тэмүүлэлтэй амьдарч байна. Төрөөс жаахан ч хамаагүй дэмжиж өгөх юмсан.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-13 11:54:42
    Zochin: MU iin baatar tsol hurteh erhem hun munuusuu mun.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-13 11:47:42
    Бямбасүрэн : Гайхалтай эгэл даруу эрхэм хүмүүн юмаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-13 11:33:17
    Жанчив: Мундаг хүн юмаа гайхалтай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-13 11:25:40
    Мягмарсүрэн.Г: Үнэхээр л бахархмаар схн хүн шүү дээ .Монгол хүний чадварыг дэлхийн түвшинд гаргаж чадсан ховорохн авьяасын эх урхай гэж биширч явдаг шүү
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188