-СЭР СЭР САЛХИ БА АЛТАНЖАРГАЛ-
Ардын дуучин Б.Алтанжаргал. Нэр нь хүртэл яруу сонсогддог, ардын дууг буй биеэрээ тээж буй энэ эрхмийн тухай нэг зүйл бичих сэн гэж боддог байсан ч хэрхэн түүнийг үгээр илэрхийлэхээ тодорхой сайн мэддэггүй байв. Хүмүүс түүнийг анхлан “Дүүриймаа” дуугаар нь мэддэг болсон ч миний хувьд “Сэр сэр салхи” дуугаар нь анхлан танилцсан юм. Ардын дуу гэж мэдэхээс түүний дотоод гүн рүү нь нэвтрэн орж, мөн чанарыг нь таних сонирхол ч байхгүй надад ардын дуу гэдэг чинь ийм утга агуулгатай, увдистай гэдгийг дуу хоолойгоороо таниулсан нэгэн.
-"Сэр сэр жавар салхи нь салхилаад л байна аа хө,
-Цэн цэнгийн хур бороо нь дуслаад л байна аа хө..." гээд дуулах нь энгийн мэт боловч цастай ууланд үнэгэн малгай, үстэй дээл, хүрэн хантаазтай дуулж зогсох дуулалт нь гэнэт салхи гарах шиг, хүйтэн өдөр халууцам мэдрэмж төрүүлж, алс газар ганцаар орхигдсон мэт санагдсан. Мөнхүү уудам тал, дов толгодын даруухан мөн чанар тодорч, аясаараа явж буй он цаг, улирлын өнгө барааг ухаарах шиг, тэдний тухай эргэцүүлэх шиг тийм нэг өөр мөчид түр саатсан. Тэгээд жаахан гунихаараа хаа нэг буланд очиж суугаад эл дууг Б.Алтанжаргал дуучныхаар хэдэнтээ сонсоход өөрийн эрхгүй сэтгэл сэргэнэ. Иймд түүнийг би "Сэр сэр салхи ба Алтанжаргал" гэж тодорхойлсон юм. Тэр миний харснаар энэ дуу шигээ л Монголын урлагт өөрийн дуу хоолой, намба төрхөөрөө "салхи" татуулан орж ирж, өөрийн зам жимтэй яваа уран бүтээлч. Хаанаас гэнэт гараад ирэх нь мэдэгддэггүй салхи гэдэг байгалийн үзэгдэл шиг тэр хаанаас ч юм гэнэт л ардын дуу дуулаад гараад ирсэн. Тэгэхдээ бүр орчин үеийнхнээс харь хөндий, эртний гэж боддог ардын дууг угаас бидний нэг хэсэг мэт хоногшуулсан.
-УРТЫН ДУУНЫ ИДЭР ЖИНЧИН, АРДЫН ДУУНЫ ДӨМӨН-
Шовх оройтой малгайгаа эрүүн доогуураа цэвэрхэн бүчилсэн, дулаахан инээмсэглэх хүн Монголын урлагийн ертөнцөд ганц тэр. Инээж байгаад л дуугаа эхлүүлдэг дуучин ч тэр. “Идэр жинчин”, “Дөмөн”, “Төгөлдөр зургаан маа”, Сандуутай мод”, “Сэр сэр салхи”, “Дүүриймаа”, Алгирмаа”, “Цагаан сар”, “Алтан хундага”, “Арван тавны сар”, “Цэвэр охин”, “Задгай цагаан”, “Гавалмаа”, “Найгал гол”, “Хун галуу”,”Талын таван толгой”, “Үхэрт хүйтэн” зэрэг ардын богино дуу болон уртын дууг орчин цагт уурын зуухнаас гарах шинэхэн талх мэт сайхан үнэр, амт, хөгөөр хүргэсэн. Үүгээрээ тэр урлагийн ертөнцийн идэр жинчин, ардын дууны дөмөн. Тэгээд дөрвөн талтай хар цагаантай малгай сольж, дээлийнхээ нэг талыг задгайлж, сугалдаргална. Энэ бол түүний гадаад байдал. Гаднаа тэр ийм даруу нэгэн мэт боловч дотроо бол тэртээд мартагдахаа дөхөж, аврал ирсэн ардын богино болон уртын дууг орчин цагт цөмийг нь авчрах тэнгэр шиг том хүсэлтэй нэгэн. Тэр өөрөө ч энэ талаар “Миний хувьд ард түмний олон үе дамжуулж ирсэн дууг түүчээлж яваа өв тээгч. Энэ үүргээ хариуцлагатай гүйцэтгэж явахыг хичээдэг” гэж ярьжээ. Тэр үүнийгээ бүр үүрэг гэж ойлгодог байна. Тэгэхээр тэр ардын дууг өнөө цагт хүргэх үүрэг хүлээсэн цэрэг мэт. Гэхдээ өөрөө дуулсан дуундаа уярч, ардын болон уртын дууны зах хязгааргүй далайн гүнд хэдийнэ "живжээ". Энэ тухай тэр хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Ардын дуу өөрөө сүнслэг. Сэтгэл гэгэлзээд, хоолой салгалаад, сонин болчихдог. Дууны утга санаа, тухайн үеийн ахуй байдал руу нь нэвтэрч ороод болоод байгаа юм шиг санагддаг” гэсэн нь түүнийг үргэлжид дуусашгүй өв, уламжлалын гүнд нь оршиж, сувд эрдэнэс, түүний нууцыг тайлагч нэгэн гэдгийг илтгэнэ. Тэр бас өөрийнхөө “Дүүриймаа дууг хөнгөн гунигт автахаараа дуулдаг гэнэ. Тэгэхээр дуулсан дуундаа өөрөө амьдардаг, дуу шиг ээ нэгэн тэр аж. Мөн бас гүн ухааныг өгүүлэгч, дуугаараа дамжуулан ухаарал өгч, бусдыг өндийлгөж, босгож, аргаддаг. Өөрөө бас дуутайгаа хамт ухаарч, сэхээрч, хайрлаж энэрдэг нэгэн.
Цахим орчинд нэгэн сонсогч нь түүнийг “Ардын дууг урладаг” гэж тодорхойлжээ. Урлах гэдэг үгийн утга нь дээл урлах гэдэг холбоо үгтэй дүйх ч салаа утгаар бол тэр ардын дууны урлаач мөн мэт. Тэр дууг үг үгээр нь эсгэж, утгаар нь зүйж, үг, аяыг мэдэрч дуулдаг нэгэн яах аргагүй мөн. Тэгээд сайхан оёсон дээл хүний нүдэнд тусдаг шиг дуугаа нарийн мэдэрч, үгээ хүний сэтгэл зүрхэнд хүртэл дуулдаг болохоор дууг урлалаа гэх нь оносон тодорхойлолт гэмээр.
Гаднаа тэр ийм даруу нэгэн мэт боловч дотроо бол тэртээд мартагдахаа дөхөж, аврал ирсэн ардын богино дуу, уртын дууг орчин цагт цөмийг нь авчрах тэнгэр шиг том хүсэлтэй нэгэн.
-ДУУЧИН ЭКСКОВАТОРЧИН-
Төв аймгийн Зуунмод хотоос гаралтай тэр тус хотынхоо “Хүмүүн цогцолбор” сургуульд суралцаж, төгсжээ. Түүний удамд эмээ нь сайхан дуулдаг нэгэн байжээ. Тэгээд тэр "Удмын авьяас гэдэг нь байдаг бол эмээгээсээ өвлөсөн" хэмээн бахархан ярих дуртай байна. Ингээд 2001 онд Соёл урлагийн их сургуулийн Уртын дууны ангид элсэж, Монгол Улсын Гавьяат багш, уртын дууны хаан гэгддэг Ц.Дэлгэр багшийн шавь болсноор ардын урлагийн замд эргэлт буцалтгүй оржээ. Оюутан байхдаа хип хоп хамтлагт дуулж байсан ч багш нь түүнийг дахин үглэхийг тас хорьсон байна. Энэ талаар тэрбээр “Багш минь энэ бол чиний явах чиглэл биш гэдгийг толгойд болон яс маханд ч хэлсэн. Манай багш хатуу, олон хэлээд бухимдахаараа аав, ээж шиг ташуур өгчихдөг байсан. Ер нь үгэнд нь оролгүй хамгийн их ташуур авсан оюутан нь би. “Дуулж чадахгүй бол цэрэгт яв, эр хүн бол” гэнэ. Энэ бол түүнийг багш нь бүр эртнээс ардын дуучин Б.Алтанжаргал гэсэн өөр нэгэн өнгө гэдгийг таньж, түүнийг чиглүүлж байсан байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн бидний хайртай дуучин ардын дууны нэг их авьяастантай болоход Ц.Дэлгэр багшийн үүрэг их байжээ. Тэр бидэнд ардын дууны нэгэн тод өнгийг түүгээр зурж өгчээ.
Гэсэн ч сургуулиа төгсөөд тэр шууд дуулаагүй. Өөр олон замаар алхаж, төрөл бүрийн зүйл хийсэн байна. Тухайлбал, тэр Монголд циркийн сургуульд сураад, Тайвань улсад очиж ажиллажээ. Түүний дараа Багануурын уурхайд эксковаторын жолооч хийсэн байна. Ингэж явсаар одоогоос зургаан жилийн өмнөөс уран бүтээлээ эхэлсэн байна. Уурхайдаа бол уран бүтээлийнхээ хажуугаар одоо ч ажилладаг гэсэн. Түүнийг бид тайзан дээр уртын дуу шуранхайлж, ардын дууг л инээж дуулж байснаар харснаас биш эксковаторын жолооч хийх дүр төрхийг нь төдийлөн мэдэхгүй. Гэхдээ миний төсөөлснөөр тэр уурхайд “Гэрлэж амжаагүй явна” киноны залуу шиг дуу аялаад л эксковатор жолооддог шиг санагддаг. Магад уурхайд байх хугацаа нь түүнд тайзан дээр гарах сургуулилалт болсон байх.
Өнөөдрийн бидний хайртай дуучин ардын дууны энэ их авьяастантай төрөхөд Ц. Дэлгэр багшийн үүрэг их байжээ. Тэр бидэнд ардын дууны нэгэн тод өнгийг түүгээр зурж өгчээ.
-СЭТГЭЛ НЭРНЭ-
Түүний уран бүтээл үнэхээр сэтгэл нэрдэг. Ардын дуу сонсоод хэн бүхэн өөрийн дотоод сэтгэлдээ тээсэн бүхнээ санан дурсдаг. Тэрбээр “Мандах нар”, “Төгөлдөр зургаан маа”, “Дөмөн хонгор” зэрэг тоглолт хийж, цомгоо өлгийдсөн байдаг бөгөөд одоо харин "Тэнгэрийн салхи" цомог, пянз гаргаж байгаа аж. Түүний дуулсан ардын дууг пянзаар сонсоно гэхээр сайхан байна. Ардын дууны гол өгүүлэх зүйлийн нэг бол хайр. Хайрын гол үүсгэгч нь сэтгэл. Энэ ч утгаар тэр хайр, ухаарлыг өөртөө багтаагч ардын дууг сэтгэлээсээ нэрж, ардын дуунд их ухаан, сэтгэл байдаг гэдгийг өөрийн дуу хоолойгоор дамжуулан бусдад зарлагч, дамжуулагч байна. Сэтгэлээсээ нэрсэн дууг нь сонсогчид хамгийн жаргалтайгаар шимтэн сонсдог. Зарим нь уйлна, дуулна. Тэгэхээр тэр цомгынхоо нэр шиг ээ Монголын ардын урлагийн их сэтгэл нэрэгч юм.
Одоо тэр мөн “Тэнгэрийн салхи” тоглолтоо хүргэхээр бэлтгэлээ базааж байгаа бөгөөд үзэгчид ч тоглолтын сургаар хүлээлт өндөртэй байгаа нь илт. Ингэж л үзэгчдийн дунд мөнхийн хүлээлт үүсгэгч. Уг нь тун ойрхон уран бүтээлээ гаргаж, тоглолт хийх ч үзэгчид мөдхөн л ардын дуугаар цангадаг. Тэгэхээр түүнийг Монголын урлагт өндөр хүлээлт, үргэлжийн цангагч үзэгчидтэй урт зам, том үүрэг хүлээж байна. Харин энэ замаар хэр удаан алхах нь түүний л мэдэх хэрэг...
Тэр цомгынхоо нэр шигээ Монголын ардын их урлагийн сэтгэл нэрэгч юм.
АРДЫН ДУУНЫ ДӨМӨН |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |