• Өнөөдөр 2024-04-26

МУГЖ Т.БОРХҮҮ: “Хөхөө” кино уран бүтээлийн минь сор байлаа

2021-11-22,   2007

    Тэр уран бүтээлдээ хахаж, галзуурч, шатаж үхлийн муугаар үхэж үзсэн цорын ганц ээж. Эмэгтэй хүн бусдын нүдэнд сайн, муу, сайхан, муухай харагдаж болох ч амьдралынхаа эцсийн мөчид үрийнхээ төлөө чадах бүхнээ хийж, амь тавьдаг гэдгийг тэр л бидэнд ойлгуулдаг. Өдгөө 77 настай тэрбээр мэргэжилдээ чин сэтгэлээ зориулж, хэний ч зориглож, бүтээж чадаагүй дүрүүдийг “амилуулж”, олон улсын кино наадмын тэргүүн шагналуудыг хүртсэн МУГЖ Тангадын Борхүүтэй ярилцлаа.

-“Хөхөө” кино үзэгчдийг байлдан дагуулж, шуугиулсаар  байна. Танд болон уран бүтээлийн хамт олонд нь баяр хүргэе. Хэвтэрт орсон ээжийн дүр бүтээхэд ямар байв?

        -Баярлалаа. Бидний уран бүтээл үзэгчдийн сэтгэлд хүрсэн байх гэж найдаж байна. Би “Хөхөө” кинонд 90 гаруй настай хэвтэрт орчихсон, бурхан болох гээд чадахгүй зовж байгаа ээжийн дүрийг бүтээх гэж өөрөө их зовсон. Өмнө нь  кинонд тоглож байхдаа тэгж үйлээ үзэж байгаагүй шүү. Кино зураг авалт хоёр сар орчим Ховд аймгийн Үенч сумын нутагт үргэлжилсэн.

-Таны дүр дандаа хэвтрийн байдалтай байсан болохоор хэцүү байв уу?

      -Удаан хэвтэрт орсны улмаас нуруу, сүүж нь цоорчихсон ээжийн дүр бүтээхийн тулд найман цаг будгаар шарх, сорви хийлгэсэн. Дараа нь  ядарсан царай, хацрын хонхорхойг гурван цаг хэвтэж хийлгэсэн. Тэгээд л үргэлжлүүлээд кино зураг авалтад орсон доо. Их хэмжээний будагт орсон болохоор хөдлөх л юм бол будаг нүүх, ховхорох зэргээр муухай болчих гээд намайг их чилээсэн дээ. Идэж, уухаа хүртэл хязгаарласан. Бусдын чөлөөтэй хөдөлж байгааг харж атаархаад л хэвтдэг байлаа. Би хэвтэрт орсон хүний дүрд тоглож байгаа болохоор бусдын зургийг авч байхад ч хэвтэж л байдаг байсан. Сүүлдээ жинхэнээсээ ядарсан даа. Гэвч миний ажил, мэргэжил болохоор тэсэхээс өөр аргагүй шүү дээ. Олон цаг хэвтэж кинонд тоглож байгаагүй болохоор туршлагагүйтсэн байна лээ. Би хожуу живхтэй ирдэг байж дээ гэж бодсон шүү.

-“Хөхөө” кинонд тоглох хувь хэрхэн бүрдсэн бэ?

      -Намайг Хүүхэд, залуучуудын театрт байхад Ж.Жамьянсүрэн найруулагч аавыгаа дагаад ирдэг байсан юм. Багаасаа урлагийн хүн болох орчин нөхцөл нь бүрдэж байсан юм билээ. Тухайн цаг үеэс биднийг хэн нь яаж тоглодог вэ гэдгийг мэдэрч байсан болов уу. Харин “Хөхөө” киноны гол дүрд намайг сонгосонд маш их баярлаж байгаа. Сонгон шалгаруулалтгүй намайг тоглуулах саналтай байгааг нь сонсоод баяртайгаар хүлээн зөвшөөрсөн. Найруулагчаа гомдоогоогүй байх гэж найдаж байна.

-Киног илүү сонирхолтой болгож, бусдыг гайхшируулж чадсан хэсэг бол таны өөхөнд хахаж бурхан болдог төгсгөл шүү дээ. Танд тэр хэсгийг бүтээх хэцүү байсан уу?

      -Тэр хэсгийг харахад хэцүү боловч бүтээхэд хялбар байсан. Тэр хэсэгт би үнэхээр дуртай, бараг тэсэн ядан хүлээсэн байх. Миний уран бүтээлийн сор бол “Хөхөө” киноны өөхөнд хахаж, бурхан болдог хэсэг шүү дээ. Би тэр л дүрийг бүтээх гэж жүжигчнээрээ өнөөдрийг хүртэл ажиллаж байсан байх.

-Ойр дотнын хүн хорвоогоос буцах цагт л олуулаа өссөний хэрэг бүтдэг байх гэж боддог байлаа. Харин “Хөхөө” киног үзээд бодол өөрчлөгдсөн шүү. Та бусдыг юуг илүү ойлгоосой гэж дүртэйгээ ажилласан бэ?

      -Тус киногоор хүүхдүүдийн эхийгээ гэх сэтгэл, шунал, хувиа хичээсэн байдал гээд хүний мөн чанарыг харуулсан. Мөн эх хүний туйлын хүсэл бол үр хүүхдүүдтэйгээ хамт байх сэтгэлийн амар амгалан гэдгийг ойлгуулахыг хичээсэн.

-Хөхөө киноны гол дүрээрээ олон улсын кино наадмын шилдэг уран бүтээлч болсон. Шагналаа авч чадсан уу?

      -Би сүүлийн үед хоёр удаа олон улсын кино наадмаас тэргүүн шагнал хүртээд, шагналаа авч чадаагүй байгаа. Нэг нь “Хөхөө” киноны гол дүр, нөгөөх нь н.Отгонзориг найруулагчийн кинонд хадам ээжийн дүрд тоглосон. Туслах дүрээр тэргүүн байрын шагнал хүртээд байгаа. Өөрийгөө олон улсын кино наадмаас тэргүүн байрын шагнал хүртэнэ гэж зүүдэлж байсангүй. Үнэхээр сайхан байна.

-Сүүлд ямар уран бүтээлд ажилласан бэ?

       -Өнгөрсөн зун гурван кинонд ээжийн дүр бүтээлээ. Бүгд л эцэстээ үхнэ. Жүжигчид нас өндөр болохоороо үхэл, хагацалтай дүрд тоглохоо больчихдог юм билээ. Хүүхдүүд нь ч дургүй байдаг гэсэн. Миний хувьд дургүйцэх, айх, санаа зовох зүйл байхгүй. Энэ л миний мэргэжил шүү дээ. Одоогоор кинонд тоглох санал ирээгүй байна. Энэ өвөл гэртээ амрах санаатай байгаа.

-Та яагаад жүжигчин мэргэжил сонсох болсон бэ. Багаасаа мөрөөдөж байв уу, амьдралын эрхээр сонгочихсон юм уу?
      -1966 онд Улсын багшийн их сур­гуулийн кино драмын ангид ху­ваарь авч ирсэн. Уг нь багаасаа эмч болохыг мөрөөддөг байлаа. Химийн хичээлдээ их дуртай, бүр эмийн санд ороод бүх эмийн нэр, үнэ, найрлагыг бичээд явдаг  байсан. Бас урлаг, спортдоо тун сонирхолтой байж. Тэр үед манай аймгийн соёлын ордонд урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар агсан ажиллахаар ирж байсан. Түүний удирдлагад урлагийн арга хэмжээнүүдэд би оролцоно. Тухайн үедээ “Залуучуудын үнэн” сонинд “Авьяаслаг охин” гээд миний зурагтай нийтлэл гарсан байдаг юм. Тэр үеэс л урлагийн алтан зам маань эхэлсэн юм болов уу.

-Гэхдээ таныг жүжигчин болох хүсэл илүү дийлжээ?
      -Аравдугаар анги төгсөхдөө эмч болно гэж саналаа өгсөн. Гэтэл багш маань намайг Улсын багшийн их сургуулийн кино драмын ангид хуваарилчихсан байсан. Бидний үед багшийн сонгосонд л ордог байлаа. Гэхдээ багш маань зүгээр ч нэг урлагийн ангид хуваарилаагүй байх. Надаас нэг зүйл олж харсан учраас л тэр шүү дээ. Багшдаа их талархаж явдаг.  Тэгээд 160 хүүхдээс шигшигдэж явсаар кино драмын ангид орсон. Манай ангийн багш Сүхбаатар киноны Янжмаад тоглосон Ө.Рэнцэнноров, соёлын тэргүүний ажилтан Раднаа нар байсан. Дөрвөн жил сураад Хүүхдийн театрт урилгаар ирсэн. Манай сур­гуулийн анхны төгсөлтийнхнийг драмын театр авч байсан. Хэдийгээр Улсын драмын эрдмийн театрт орно гэж бодож байсан ч дээд төгсөлтөөс авчихсан учраас Хүүхэд залуучуудын театртаа ажилласан. 

-Таны театрт бүтээсэн анхны дүр юу вэ?
       -“Ромео Жульетта” жүжигт Ромео­гийн хатан ээжийн дүрд тоглосон. Арванхоёрдугаар сарын 31-нд баярын өдрөөр жүжгээ тоглож байсан юм. Одоо бодоход тун сай­хан санагдаж байна. Түүний дараа Д.Маамхүү гуайн найруулсан “Залуу гварди” гэж жүжигт тоглосон. Энэ жүжгийн гол дүрийн хүүд урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа най­руулагч маш сайн тоглосон. Тэр үед манай театрт дагалдан жүжигчин байсан л даа. И.Нямгаваа найруулагч дүрээ маш сайн бүтээсэн. Ер нь авьяас­тай, мундаг жүжигчин, сайн най­руулагч болдог гэж боддог. Хүмүүс ч тэгж боддог юм байна лээ. Манай И.Нямгаваа уран бүтээлчийнхээ хувьд ярих юмгүй мундаг хүн. Магад­гүй жүжигчнээрээ дагнаад явсан бол бүр их амжилтад хүрэх байсан байх. Харин хувь хүний талаасаа хурц ааштай. Юмыг олон талаас харна, их хурдтай сэтгэнэ. Сүүлд найруулагчийн сургуульд яваад эргээд театртаа ирж ажиллахад нь би хэд хэдэн жүжигт  тоглосон. 

 -Та алтан үеийн олон сайхан жү­жиг­чидтэй хамтран ажиллаж байсан. Тэднийхээ тухай дурсаж болох уу?
        -Би ардын жүжигчин А.Очирбат, гавьяат жүжигчин Б.Энхтуяа, Мягмар, Л.Жанчивдорж, Г.Дашхүү, Ч.Хүрэл гээд чадварлаг жүжигчинтэй хамт ажиллаж байсан. Ч.Хүрэл маань даруухан, хийсэн юм нь хүнд хүрдэг. Их бодож байж хийдэг хүн л дээ. Нэг харахад, чимээгүй суу­гаад дүрээ бясалгаж байдаг сан. Ч.Хүрэлтэйгээ би “Шувуу бүхэн жаргалтай”-д ээж хүү болж тоглож байсан. Г.Дашхүү, Л.Жанчивдорж хоёр маань их шооч, хүмүүсийг их шог­лож хоч өгнө. Ш.Вандансэнгээ гэж жүж­гийн хоёрдугаар найруулагчаар ажил­лаж, театрыг нуруун дээрээ үүрч явсан хүмүүсийн нэг. Түүнд яагаад ч юм бэ, чоно гээд хоч өгчихөж. Тэгээд нөгөө хоёр чинь Ш.Вандансэнгээг харахаараа л “Оүүү оүү” гээд чоно шиг улина. Тэгэхээр мань хүн чимээгүй явж очоод өвдөглөчихнө шүү. Нөгөө хоёрын ч дуу хадаад өнхрөөд унадаг байлаа. Энэ мэтчилэн онигооны юм их болно шүү дээ. Нэг удаа Завханы Нөмрөг суманд бид нар тоглолт хийх гээд Ш.Вандансэнгээ зарлах гэж байсан юм. “Улсын хүүхэд залуучуудын ур­лагийн бригадаас Завхан аймгийн” гэснээ микрофоноо хаалгүй “Хөөш энэ чинь нөмрөг билүү, хөнжил билүү” гэж хэлээд бөөн инээдэм болгож билээ. Ингээд хамт ажилласан хүмүүсээ эргээд дурсахад их сайхан байна.

-Та залуудаа хэд хэдэн гол дүрд тоглох гээд бүтэлгүйтэж байсан түүхтэй юм билээ. Энэ тухайгаа ярьж өгөөч?
        -Харин тийм. Би яг гол дүрд тоглох гээд л урдуураа таслуулчихаад байдаг юм. Дандаа л хоёрдугаар дүрд тоглосон. Энэндээ нэг их гутарч гундаад байдаггүй. Гол дүр бол туслах дүргүйгээр босож ирдэггүй юм. Харин ч би гол дүрийг тодруулахад зохих хэмжээнд өөрийн үүргээ гүйцэтгэсэн гэж боддог.

         “Өглөө” кино хийх гэж байхад намайг Янжмаагийн дүрд пробонд ор гэсэн юм. Пробонд ороод бараг тэнцсэн. Пробын үеэр Янжмаа гуайг сайн мэддэг хүн ирж суусан юм. Тэгээд “Янжмаа гэж ийм хүүхэн байсан, гэхдээ жаахан намхан байна” гэсэн. Тэгээд намайг өндөр болгох гээд монгол гутал дотор туфль хүртэл өмсүүлж үзээд болоогүй юм. Удалгүй намайг дуудахаар нь очтол Д.Жигжид найруулагч  “Онцгой хэлтсийн дарга Дамирангийн эхнэрийн дүрд тогло” гэж хэлсэн. Тэр сайхан кинонд тоглосондоо баярладаг. Мөн “Талын цуурай” кинонд тоглосон маань бас сонин түүхтэй.  Уг нь гол дүрийн Түвдэнгийн Борын дүрд пробонд орсон ч Борын дүрд Л.Тунгалаг гэж охин тоглоно гээд. Бид нар тийм ямар хүн байна гээд гайхаж байтал Лувсан гуайн охин, Москвад кино урлагийн дээд сургуульд сурдаг, дипломын ажлаа хийхээр ирсэн гэнэ. Тэгээд соёлын яамнаас Л.Тунгалагийг Борын дүрд тоглуулж, дипломын ажлыг нь хамгаалуул гэсэн шийдвэр гараад би дөрвөн ухуулагч хүүхний нэг Дулмаад тоглосон. Сүүлд Өвөрмонголын “Ээжийн нислэгийн талбай” гэж киноны гол дүр маань үнэхээр гоё дүр байсан. Амьдралын хатуу бүхнийг туулж байгаа ээжийн тухай өгүүлдэг. Кинонд тоглож байх үеэр намайг кинондоо нэр өгөөч гэсэн. Тэгэхээр нь “Хүний хувь тавилан” гэж нэрлэе гэсэн чинь хятад хэлэнд буухдаа их сонин буусан гэнэ лээ. Орчуулагч маань энэ сайхан монгол утга хятад хэл дээр их хачин буугаад байна гэж байсан.

-Цаг, наргүй их ажлын хажуугаар ар гэрийн ажлаа хэрхэн зохицуулдаг байв?
       -Манай нөхөр цэргийн хүн учраас гэрийн бараа харахгүй. Манай гэрийг хоёр ээж маань л авч явдаг байсан даа. Миний хүүхдүүдийг өсгөж өгсөн. Өдий зэрэгтэй яваа минь тэдний л ач гавьяа. Би хүүхэдгүй хүн шиг явдаг байлаа. Хүүхдээс болж уран бүтээлээ тасалдуулж байсан удаа байхгүй. Ганц л тохиолдол гарсан. “Хүний амь” кинонд нэг эмэгтэй хүүхдээ гаргаж байгаа хэсэг байдаг даа. Би тэр хэсэгт тоглох байсан юм. Гэтэл манай нөхөр “Хоёрын хоёр жаахан хүүхэдтэй байж яаж явах гэсэн юм” гээд дургүйцсэн. Ихрүүд маань дөнгөж ой гарантай байсан болохоор яаж ч чадалгүй дүрээс татгалзсан даа.

 


МУГЖ Т.БОРХҮҮ: “Хөхөө” кино уран бүтээлийн минь сор байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188