• Өнөөдөр 2024-04-26

ГАВЬЯАТ МАЛЧИН Д.ЭНХБАЯР: Төрд үнэлүүлж, шагнал хүртэнэ гэдэг нутаг, ус, ээж, аав, багшийн минь гавьяа юм даа

2021-10-30,   1110

-Жилд 35-40 удаа отор, нүүдэл хийж, 400 хониноос 480 гаруй төл авч байлаа-

      Намрын налгар өдрүүд хэдийнээ дуусаж,  өвлийн урь оржээ. Голын ус захаараа зайрмагтан цэл хүйтэн ус нэмгэн мөсний доогуур хоржигнон урсана. Хөх уулс цаанаа амгалан дүнсийх бөгөөд намаржаандаа буусан хот айлын яндангаар аргалын утаа суунаглаж байлаа. Энэ жил Цахир нутагт зуншлага сайхан болж, тал дүүрэн шаргал өвс халиуран байна. 
 
          Хөдөөгийн малчид өвлийн бэлтгэлээ базааж, дор бүрнээ тун завгүй. Бид Архангай аймгийн Цахир сумын малчин Д.Энхбаяр гуайнхыг зорьж ирээд байгаа нь энэ. Тэрбээр хар багаасаа мал маллаж, олон жил зүтгэсний гавьяагаа үнэлүүлэн энэ жил төрийн дээд одон хүртээд байгаа билээ. 48 жил мал малласан тэрбээр өдгөө гавьяаны амралтдаа гарчихсан, залуу үедээ маллах арга туршлагаасаа хуваалцан сууна. 1979 онд гэргий Уртнасантай гэр бүл болж, амьдралынхаа жаргал, зовлон хуваалцан явна. Түүний гэргий мөн 2020 онд аймгийн аварга саальчин цол тэмдгээр энгэрээ мялаасан байна. Шинэхэн гавьяат малчин одон тэмдгээ зүүчихсэн, эхнэрийн хамт биднийг угтан авлаа. “Хийсэн бүтээснийг минь төр үнэлсэн. Миний сайн гэж юу байх билээ. Нутаг усныхаа буян хишгээр л өдий зэрэгтээ явна даа” хэмээн даруухнаар өгүүлэх түүнтэй ийн ярилцсан юм.
 
      -Та сайхан намаржиж байна уу. Танай нутагт зуншлага сайхан болов уу?
 
     -Сайхан намаржиж байна. Энэ жил манай нутаг хур бороо элбэгтэй, өвс, ногоо тэгширсэн сайхан зун боллоо. Хүн, малын зоо тэнийж бид өвлийг өнөтэй давах бэлтгэл ажилдаа ороод байна.
 
     -Энэ жил та хийсэн бүтээснээ төрдөө үнэлүүлж, гавьяат малчин гэдэг төрийн хүндтэй медалиар энгээр мялаасан.  Та чухам хэдэн настайгаасаа мал маллаж байна вэ?
 
      -Би 1973 онд илгээлтээр мал маллаж, Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдлийн Хан-Уул бригадад туслах малчин болж байлаа. Тухайн үед би 15 настай байв. Үүнээс хойш нэгдлийн мал маллахаас эхлээд л 40 гаруй жил маллаж байна. Би 1999 онд анх мянгат малчин цол тэмдгийг хүртэж байлаа. Тухайн үед намайг нутгийнхан минь “Хангайн Энхбаяр” хэмээн хочилдог байв. Хоёргүй сэтгэлээр зүтгэснийг төр үнэлэх цаг ирдэг юм байна гэж баярлаж сууна даа. Намайг анх маллаж эхлэхэд нутаг маань хүн бүл цөөн, одоогийнхыг бодвол их цастай хүйтэн өвөл болдог байж. Тухайн үед манай энэ царманд 10 гаруйхан айл л нутагладаг байв. Жалгын эхэнд би 1000 гаруй хонь, нэг азарга адуу, хэдэн үхэртэй хоцорч байсан. Манай сум чинь хангай бүс нутаг, өндөрлөг газарт, эрс тэс уур амьсгалтай, хавар зундаа сэрүүн нутаг шүү дээ.
 
      -40 гаруй жилийнхээ хүч хөдөлмөрийг энэ жил үнэлүүлсэн байна. Та төрийн дээд одон медаль авах гэж байгаагаа чухам хэзээ дуулав. Төрд үнэлүүлсэн гэж бодохоор юу бодогддог юм байна?
 
    -Өнгөрсөн жилийн Сар шинийн баяраар гавьяат малчны тэмдгээ гардаж  авсан. Цар тахлын хүнд үе гээд хот хүрээ ч явж чадаагүй. Гэнэт л энэ мэдээг сонсоод сумын төвд очиж, аймгаас Засаг дарга, төлөөлөгч нар гардуулж өгсөн дөө. Төрдөө өнөөдрийг хүртэл хоёргүй сэтгэлээр зүтгэснийг минь үнэлсэн гавьяа юм уу гэж бодсон. Нутаг ус, аав, ээжийн минь буян юм уу даа. Бас арга туршлагаа хуваалцсан багийн минь гавьяа юу юунаас илүү байгаа гэж боддог.
Цөм сүргийн дөрвөний нэгээс илүү ямаа байвал зохимжгүй гэж үздэг. Гэтэл сүүлийн жилүүдэд ноолуурын үнэ ханшнаас болж ямаа өсгөх нь ихэссэн санагдаж байна
     -Та чинь нэгдлийн мал маллаж байх үедээ их өндөр жинтэй эр хонь тушаадаг байсан гэдэг. Хамгийн дээд тал нь хэдэн килограмм хүрч байв?
 
      -Өндөр уулын сэрүүн бүсэд бэлтгэл эр хонийг маллаж, хавар нь өндөр жинтэй тушаана гэдэг багагүй хүч хөдөлмөр шаардсан ажил. Бэлтгэлийн эр шүдлэн хонийг би 51 кг хүргэж гишгүүлж байлаа. Ингэхдээ би жилд 35-45 удаа отор нүүдэл хийж байсан. Отор гэдэг бол олз. Малаа тарга хүч авахуулъя гэвэл сайн оторлож, ус, хужрыг нь сайн тааруулах хэрэгтэй. Би дээд амжилтаа хоёр удаа бататгаж байсан. Манай багш 49.8 кг-аар Хөдөлмөрийн баатар болж байсан юм билээ. Би багшийнхаа зааж сургасныг дагаж байсныхаа хүчинд өдий зэрэгтэй явна. Би 14 жил эр шүдлэн хонь малласан. Мөн нэгдлийн үед дөрвөн жил төлөг харсан. Малыг даарна гээд оройтуулж бэлчээж болдоггүй юм. Нар битүү гаргаад байсан хонь илүү сайн таргалж, сайн тэнхээрдэг. Эрт бэлчээж, орой хотлуулсны муу гэж огт байхгүй.  Гэдэс дүүрэн мал дарна гэж хэрдээ байхгүй шүү дээ. Өвлийн хүйтэнд ч мөн ялгаагүй, хонио 1-2 удаа сайн цатгах хэрэгтэй.
 
      Сүүлийн жилүүдэд мал сүргийн тоо толгой нэмэгдэх боллоо. Ялангуяа адуу, ямааг их өсгөдөг болсон байна. Цөм сүргийн дөрвөний нэгээс илүү ямаа байвал зохимжгүй гэж үздэг. Гэтэл сүүлийн жилүүдэд ноолуурын үнэ ханшнаас болж ямаа өсгөх нь ихэссэн санагдаж байна.
 
      -Та чинь гавьяат малчин цол тэмдгээ хожуу авсан гэдэг. Түүнээс өмнө хэд хэдэн удаа төрийн дээд медалийн болзлыг хангаж байсан гэсэн үү?
 
     -Тухайн үеийнхээ нөхцөл байдалд л нийцэж явсан нь тэр. Аймгийн хэмжээнд ашиг шимийн гурван удаагийн, сумын хэмжээнд 23 удаагийн аварга малчин болж байлаа. Тухайн үед Улсын хошоо аварга малчдын амжилт бэлтгэлийн эр шүдлэн хонь хавар 47 кг байв. Харин би энэ амжилтад хэд хэдэн удаа хүрч, энэ амжилтыг давуулан биелүүлж байлаа. Тухайн үед нэгдэлжих хөдөлгөөн тараад л миний хичээж зүтгэж явсан зүйлс зогсчихсон юм. 
 
    -Малчин хүнд амрах өдөр гэж байхгүй. Цаг агаар хүйтэн, цас шуурга ихтэй үед та бүхний ажил улам бүр л нэмэгддэг. Малчин хүний урам зориг, тэр их эрч хүч хаанаас гардаг юм бэ?
 
    -Би зорьсон зүйлээсээ буцаж байсан удаагүй. Тэнгэр муухайрч, цас орж байхад өнөөдөр хүйтэн байна гээд амрах эрх бидэнд байхгүй шүү дээ. Малчин хүний мал маллах арга ухаан, туршлага хамгийн чухал. Цас орохгүй, шуурга шуурахгүй өвөл гэж байхгүй. Тиймээс салхины дээд хэсэгт байгаа бэлчээрээ дулаанд нь сайн гамнах хэрэгтэй. Өвлийн салхи, шуургатай өдөр салхи сөрж, малаа бэлчээдэг юм. Учир нь, орой бэлчээрээс цадсан мал хотлуулахад амар байдаг юм. Шантардаг малчин гэж байхгүй. Залуу насанд алдаж онох зүйл бий. Энэ бол сургамж болдог юм.
     -Нэгдэлжих хөдөлгөөнт тарж, өмч хувьчлалд шилжихэд та хэчнээн тоо, толгой малтай тусдаа гарч байв?
 
     -Тэгэхэд би Хан-Уул бригадынхаа хувьд нэгдүгээрт жагсаж байлаа. Тухайн үед гэрээ түрээсийн хэлбэр гээд гурван жилийн гэрээ байгуулдаг байв. Түүнийгээ давуулан биелүүлж, данс балансын дүнгээр таван тугалтай үнээ, нэг сарлагийн шар, хоёр морь, нэг шүдлэн хайнгын гуна, хэдэн хонь авч байлаа. Монголд гэрээ, түрээсийн мал өгвөл их үр дүнтэй хэрэгжихээр санагддаг юм. Үүрэгт ажлаа давуулан биелүүлбэл дараагийн ашгаа хүртэнэ гээд хүн зорилго тавьж хичээж ажиллана. 
 
     -Хэдий тухайн үедээ нэгдүгээрт жагсаж, бусдаасаа ганц хоёр толгой мал илүү авсан ч одоогийнхоос бага л малтай хувьдаа гарч байжээ. Үүнээс хойш 20 гаруй жилийн хугацаанд энэ малаа өсгөж, гавьяат малчин болсон байх аа?
 
      -Нэгдэл тарсны дараа буюу 1999 онд би анх Архангай аймгийн хойд таван сумаас анхны мянгат малчны болзлыг хангаж, шагнуулж байсан. Нийт 1500 гаруй тооны мал тоолуулсан байдаг юм. 1994-1999 он хүртэл 100 гаруй малаа өсгөж, таван жилийн дараа л  мянгат малчин болж байлаа. Отор нүүдэл хийж, явсаар л малаа сайн өсгөсөн дөө.
      Би чинь 400 гаруй хониноос 480-аад төл авч байлаа. Ихэнх нь ихэрлэсэн гэсэн үг. Ер нь хонио төллүүлээд эх нь хургаа мэдэж л байвал нялх төлд гар хүрэх шаардлага байдаггүй юм шүү дээ. Гар хүрвэл малын үсний гал үхнэ, уураг сүү нь шахагдаж, идэш тэжээл нь муудна гэсэн үг. Тиймээс хурганд аль болох гар хүрэлгүй бойжуулах хэрэгтэй. Тухайн үед би саахалт эхлээрийн аргаар төлөө бойжуулдаг байсан. Хаваржаагаа найман хэсэг өрөөлөөд эр, сувай малаа тусад нь ялгачихдаг юм. Хашаагаа 3-4 хэсэгт хуваагаад малаа тус бүрээр нь ялгаад хийчихдэг юм. Ер нь сөл сайтай, ус сайтай газарт малаа хариулаад байвал ихэрлэх нь элбэг.
 
      Малчин хүний хамгийн чухал зүйл нь нутгаа шилж сонгох байдаг юм шүү дээ. Бэлчээр сайтын бэл их гэж үг бий. Бэлчээр сайтай нутгийг сонгож малаа маллах нь чухал даа.
 
      -Та одоо залуу малчдадаа арга туршлагаасаа хэрхэн хуваалцаж байна вэ?
 
     -Малчин хүн цуцалтгүй хөдөлмөрлөх ёстой. Хамгийн гол нь чанартай, цөөн тооны малаар өрхийн хэрэгцээгээ хангах хэрэгтэй. Залуу малчдыг хараад байхад сүүлд их зээл авдаг болсон санагдах юм. Зээлийн хүү гэдэг чинь аюултай. Тийм зүйлээс аль болох татгалзаж сурах хэрэгтэй. Залуу малчдаа сайн урамшуулдаг баймаар байна. 
 
    -Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
 
     -Баярлалаа.
 

ГАВЬЯАТ МАЛЧИН Д.ЭНХБАЯР: Төрд үнэлүүлж, шагнал хүртэнэ гэдэг нутаг, ус, ээж, аав, багшийн минь гавьяа юм даа
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188