• Өнөөдөр 2024-04-25

МОНГОЛЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЛУУЖИНГУУД

2021-10-27,   560

Өнөөдөр Монголын орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баяр, Монгол цэргийн өдөр. Энэ өдөр Монголын зэвсэгт хүчинд сэтгэл зүтгэл, халуун залуу насаа зориулсан, зориулж яваа цэрэг дайчдаараа бахархах учиртай. Тэр дундаа Монголын зэвсэгт хүчний луужин, энэ салбарын нэр сүрийг өндөрт өргөж, бодлого, зохион байгуулалт, төлөвшил, цаашдын замыг бат бэх тодорхойлогчдыг магтан дуулах ёстой. Энэ үүднээс бид Монголын Зэвсэгт хүчний жанжин штабын анхны гурван дарга болох дэслэгч генерал цолтой Ц.Дашзэвэг, Ц.Тогоо, Ц.Бямбажав нарыг онцолж байна. Генералууд маань сайн, муу элдэв хардлагад өртөж, хэвлэлээр цоллуулж байсан ч тэдний чин зорилго нь Монголын зэвсэгт хүчинг өнгөтэй өөдтэй, чадварлаг, хүчирхэг, гаднын улс, орнуудад нөлөөтэй, хүндтэй байлгахын төлөөх хөдөлмөр, сэтгэл байсан гэдэгт эргэлзэхгүй байна.

МОНГОЛЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ СУУРИЙГ ТАВЬСАН Ц.ДАШЗЭВЭГ

           “Улс орны ирээдүйн тухай, залуусын биеэ хэрхэн зөв, сайхан авч явах тухай би олигтой хариулт өгч чадахгүй байх. Харин Монголын цэрэг, армийн ирээдүйн талаар цөөхөн юм хэлчихэж чадна” гэсэн нь генералтай солилцсон анхны үгс байлаа. Хамаг залуу насаа, хань ижилтэйгээ болзож зогсох үдшүүдээ, хүүхдүүдийнхээ хичээлийг давтуулж байх зэрэг эргэж ирэхгүй цаг мөчөө армийн хашаанд, ардын хөвгүүдтэй өнгөрүүлсэн, түүндээ нэг их харамсаад байдаггүй хэмээсэн энэ эрхмийг генерал Цэрэнбалжидын Дашзэвэг гэдэг.

          Тэрбээр жирийн малчны хотноос Батлан хамгаалах яамны дэд сайд, Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр нарын Цэргийн бодлогын зөвлөх цэргийн дээд офицерын “Хошууч генерал”, “Дэслэгч генерал” Монгол Улсын төрийн албаны дэд зэргийн “Тэргүүн түшмэл” цол хэргэмд хүртэл зүтгэсэн нэгэн билээ. Тэрбээр амьдралынхаа ихэнх хугацааг дарга, сайд, генерал зэрэг удирдах албан тушаал хашиж өнгөрүүлсэн бөгөөд өдгөө Батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан хийхийн зэрэгцээ багшилж байна. Тэрбээр зэвсэгт хүчинд оюун санаа, сэтгэл зүрхээ зориулсан он жилүүд, хүч хөдөлмөрөө Батлан хамгаалах салбарын эрх зүйн зохицуулалт, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, боловсон хүчний асуудал, цэргийн алба хаах хэлбэрүүд, зэвсэг техникийн асуудал, офицер, ахлагч нарын нийгмийн асуудал, цалин, дүрэмт хувцасны өөрчлөлт, удирдлагын тогтолцоог бүрдүүлэх гээд олон чиглэлээр зоригтой алхмууд хийгдсэн үнэхээр эрс шинэчлэлийн он жилүүд байжээ, тэр үе. Зарим асуудлыг анхнаас нь эхлүүлж байсан болохоор алдаж онох, шүүмжлэлд өртөх зүйл цөөнгүй байсан нь мэдээж. Гэхдээ өнөөдөр эргэн харахад, эргэн дурсахад ихэнх асуудлын суурийг нь зөв тавьсан учир одоо бүгд зөв хэлбэрээр голдрилдоо ороод улам хөгжиж, шинэчлэгдэж яваад би баяртай байдаг. Тэр үед ямар нэг асуудлыг дээш нь ойлгуулах, УИХ, Засгийн газраас дэмжлэг авах, бүтээж ажил хэрэг болгоход үнэндээ амаргүй байсан ч бид бүхий л боломж бололцоог ашиглан арга эвийг нь олж байлаа. Тиймээс тэр үед хамтран ажиллаж байсан бүх хүмүүстээ талархах учиртай” хэмээн даруухнаар илэрхийлсэн юм.

ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭ ГАДНЫН УЛС ОРНУУДТАЙ ХОЛБОСОН ГЕНЕРАЛ Ц.ТОГОО

                    Өвөрхангай аймгийн Сант суманд төрж өссөн тэрбээр Монголын зэвсэгт хүчин, цэрэг армийг удирдаж, шинэ түвшинд гаргахын төлөө оюун санаагаа зориулан ажилласан олон хүний нэг нь юм. Түүнийг өдгөө Монголын зэвсэгт хүчний гадаад харилцааны гүүр, гаднын улс орнуудын Батлан хамгалаах салбар, зэвсэгт хүчинтэй хамтын ажиллагааг эхлүүлсэн, зэвсэгт хүчнээ дэлхийн тавцанаа дуурсгахыг хүсээд зогсоогүй, дэлхийн хөгжилтэй орнуудын Зэвсэгт хүчинтэй өөрийн орны нутаг дэвсгэрт хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан хэмээн салбарынхан нь үнэлдэг. Харин тэрбээр энэ тухайгаа “Монголын цэрэг армийн гаднын улсын мандаттай болоод бусад үйл ажиллагаанд өргөн оролцдог болсон явадл бол түүхэнд арилахгүй тод мөр. Зэвсэгт хүчний гадаад харилцаа маш сайн хөгжсөн. Заримдаа хурдаа гүйцэхээргүй өндөр ачаалалтай ажиллаж байна. Монгол Улсын гадаад улс төрийн харилцааны бүрэлдэхүүн хэсэг болох батлан хамгаалах салбарын гадаад харилцааны гол зорилго улс үндэснийхээ аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх юм. Түүнээс гадна цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, батлан хамгаалах гадаад таатай нөхцлийг бүрдүүлэх, олон улсын хэмжээнд Монгол Улс, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өргөх, байр суурийг бэхжүүлэх, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах, салбарын хөгжилд гадаад хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, эдгээрийн эрх зүйн үндсийг бүрдүүлэх явдал. Миний хувьд ажиллах хугацаандаа гадаад харилцаа, мэдээллийн албаны эрх зүйн үндэс болсон дөрвөн хуулийн төсөл боловсруулж батлуулахад оролцсон. Тухайлбал, батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, цэргийн хамтын ажиллагааны үндсэн чиглэл, Монгол Улсаас ОХУ, БНХАУ, АНУ, ХБНГУ, БНПУ, БНБолУ, Украин Улс, БНКазУ, БНБелУ зэрэг орнуудтай Засгийн газар хооронд болон яам хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрүүдийг боловсруулахад ажиллажээ. Энэ бол надтай хамт ажиллаж буй нөхөд, Монголын төрийн удирдлагуудын хамтарсан гавьяа” хэмээн ярьжээ.

ГАДААД ХАРИЛЦАА, ДОТООД ЧАДАВХИЙГ ТЭНЦВЭРТЭЙ ХОСЛУУЛАГЧ Ц.БЯМБАЖАВ

              Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч ЗХЖШ-ын дарга асан, дэслэгч генерал Ц.Бямбажав. Тэрбээр сонин хэвлэлд албаны шугамаар тодруулга төдий яриа өгсөнөөс өөрөөр өөрийнхөө болоод хийсэн ажлынхаа талаар дэлгэрэнгүй ярьдаггүй нэгэн. Гэхдээ түүний Монголын зэвсэгт хүчинд оруулсан үнэтэй хувь нэмэр, хийж бүтээсэн ажлуудыг салбарынхан нь сайшаадаг юм билээ. Түүнийг ЗХЖШ-ын даргаар ажиллаж байх хугацаанд Монголын цэрэг арми гаднын улс, орнуудын зэвсэгт хүчинтэй хамтын ажиллагааг улам сайжруулж, бататган энхийг сахиулах болон бусад ажиллагаанд хамгийн өргөнөөр оролцож ирсэн байна. Ингэхдээ тэрбээр “Гаднын улс, орнуудын мандаттай ажиллагаанд оролцогч офицер, ахлагчдаас гадна дотоодын цэрэг, армийнхнаа тэднээс дутахааргүй бэлтгэлжүүлж, чадавхжуулахад анхаарах хэрэгтэй. Мөн Монголын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн сэтгэл амар үүргээ гүйцэтгэхийн тулд ар гэрийн нийгмийн асуудлыг нь салбарын бодлогын хэмжээнд авч үзэж, бодит ажил болгох хэрэгтэй” гэж хэлсэндээ хүрч, алба хаагчдад зориулсан орон сууцжуулах цөөнгүй төслийг хэрэгжүүлж чадсан юм.

ГЕНЕРАЛУУДЫНХАА ТУХАЙ

Бид ЗХЖШ-ын гурван дарга болох дэслэгч генерал Ц.Дашзэвэг, Ц.Тогоо, Ц.Бямбажав нарын талаар тэдэнтэй хамт ажиллаж байсан хүмүүсээс сэтгэгдлийг нь сонирхсон юм.

ХОШУУЧ ГЕНЕРАЛ Я.ЧОЙЖАМЦ

        -ЗХЖШ-ын дарга гэдэг бол улс гүрнийхээ аюулгүй байдлыг хангах онцгой байгууллагыг удирддаг, тэргүүлдэг, Монгол Улсын Ерөнхийлөгч, Батлан хамгаалах сайдын зөвлөх гэдэг утгаараа өргөн мэдлэг, өндөр боловсролтой, ажлын ур чадвараараа бусдыгаа манлайлагчид байдаг. Дэслэгч генерал Ц.Дашзэвэгийн хувьд 1998-2002 онд ЗХЖШ-ын даргаар ажиллаж байсан. Энэ бол нийгмийн нэг тогтолцооноос нөгөө рүү шилжиж байсан маш хүнд үе. Зах зээлийн эдийн засаг руу шилжиж байсан юм бүхэн хомс байсан он жилүүд. Цэргийн их цомхотгол явагдаж байсан үе. Тэр үед Монголын зэвсэгт хүчний хүнд хүчир үеийг хариуцаж, зэвсэгт хүчний улс орноо хамгаалах чадавхийг хадгалж үлдэх, цаашдын хөгжил, төлөвшлийг тодорхойлж, Зэвсэгт хүчин болоод Батлан хамгаалах салбарын эрх зүйн үндсийг тогтоох үйл хэрэгт манлайлж явсан шилдэг удирдагч бол яах аргагүй Дашзэвэг генерал. Дашзэвэг генерал ЗХЖШ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа зэвсэгт хүчнийг шинэ чиг хандлагаар хөгжүүлэх эхлэл суурийг тавьсан. Зэвсэгт хүчний үүргийг тайван цагт өргөжүүлэх зорилгоор нэлээдгүй зүйл хийсний дотор Монгол Улсын Зэвсэгт хүчнийг олон улсын ажиллагаанд тэр дундаа НҮБ-ын мандатын ажиллагаанд оролцох бэлтгэлийг хангах чиглэлээр энэ ажлын эхлэлийг тавьсан. Нөгө талаар цаг үеийн хүнд нөхцөлд Зэвсэгт хүчний салбарыг үүргээ биелүүлэх чадавхийг хадгалуулах, бий болгох чиглэлд нэлээд манлайлагч болж ажиллаж байсныг олон хүн дурсдаг. Өргөн дэлгэр сэтгэлгээтэй, өндөр боловсролтой, туршлагатай генерал.

        Монголын ЗХЖШ-ыг 2002-2009 онд дэслэгч генерал Ц.Тогоо удирдаж байсан. Тэр мөн их онцлогтой цэргийн дарга. Байнга шинийг эрэлхийлж байдаг, шинэ санаа, чиг хандлага, шинэ бүхнийг Монголын зэвсэгт хүчинд нэвтрүүлэх юмсан гэсэн чин хүсэл, эрмэлзлэлтэйгээр ажиллаж байсныг олон хүн ярьдаг. Монголын зэвсэгт хүчний гадаад харилцааг хөгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд түүхэн чухал ажил хийсэн хүн. Тэрбээр гадаад харилцааг өргөжүүлэх, хүрээг тэлэх асуудалд өндөр хариуцлага хүлээж ажилласан хүн. Гаднын улс орнуудтай харилцаагаа өргөжүүлэх, хоёр талын үр ашигтай харилцааг бий болгох, олон орны бие даасан командлалуудтай Монголын зэвсэгт хүчинг холбосон хүн. Энэ нь Монголын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн өргөн бүрэлдэхүүнтэйгээр олон улсын ажиллагаанд оролцох боломжтой болсон. Гадаад харилцааг хөгжүүлнэ гэдэг зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх бодит дэм юм. Ялангуяа Монголын цэргийн багийг Ирак, Иран зэрэг олон улсын мандаттай ажиллагаанд оролцуулж эхэлсэн. Дараа нь НҮБ-ын энхийн ажиллагаа, Серрьо-лионд, цэргийн албан хаагч офицеруудыг 5-6 оронд мэргэжил дээшлүүлэхээр сургах анхны ажлыг  өөрөө удирдан зохион байгуулж байсан. Энэ нь Монголын зэвсэгт хүчинд хөгжлийн цоо шинэ боломжийг нээж өгсөн. Үүгээрээ Монголын зэвсэгт хүчний офицер, ахлагч нарыг бусад орны алба хаагчидтай харьцуулах, дүйцүүлэн сургах боломжтой болсон. Тогоо генералын энэ үйл хэргийг өнөөдөр эргээд харахад Монголын офицер, ахлагчдын мэргэжлийнхээ түвшинд өсөх, ахиц гаргахад маш том үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн тэрбээр гайхалтай менежер хүн. Тодорхой чиглэсэн зорилго руу зэвсэгт хүчнийг чиглүүлэн хөгжүүлэх, өөрт байгаагаас хязгаарлагдмал нөөц бололцоог зөв тооцоолж, төлөвлөж, хэрэглэх, офицер удирдагчийн үйл ажиллагааг бодитоор дүгнэж, манлайлагчдын хөдөлмөрийг өндрөөр үнэлдэг байсан. Ингэснээр нийт цэргийн дарга, удирдагчдын үйл ажиллагаа эрчимжсэн. Энэ үед Монголын зэвсэгт хүчний олон ангийг үлгэр жишээ анги болгохын төлөө уралдаан, тэмцээн зохион байгуулж, алба хаагчдын ажиллаж, амьдрах орчин нөхцлийг сайжруулахад анхаарал тавьж байсан байдаг. Мөн цэргийн албан хаагчдыг орон сууцжуулах төслүүдийг хэрэгжүүлсэн. Энэ утгаараа шилдэг сайн зохион байгуулагч менежер гэдгээ харуулж байсан.

          Ц.Бямбажав генералын  хувьд энэ салбарыг 2009-2015 онд манлайлсан мөн өөрийн онцлогтой удирдагч. Монголын зэвсэгт хүчнээс гадаадын цэргийн ажиллагаа тэр дундаа энхийн ажиллагаанд оролцох хүрээ царыг нэмэгдүүлсэн. Түүнийг ЗХЖШ-ыг удирдаж байх үед нэг батальон буюу 800 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн хүчин Чад, Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Үүнийг дагаад олон улсын хамтын ажиллагаа, хамтарсан “Хааны эрэлд” гэх мэт олон орныг хамруулсан сургалтууд нэмэгдсэн. Зөвхөн Монголд зохион байгуулах бус манай албан хаагчид гаднын улс, оронд хамтарсан бэлтгэл, сургуулилалтад оролцох боломжийг нээсэн. Мөн түүний өөр нэгэн онцлог бол Зэвсэгт хүчний хөгжлийн сан бий болгож, түүгээрээ дамжуулан энхийг сахиулагчдын чадавх нэмэгдэж, үр дүнд нь Монголын зэвсэгт хүчнээс НҮБ-ын цэргийн багийн зэвсэглэл, техник дээр ажиллаж, сургалт дадлага хийж энэ талын чадамж, мэдлэг нь дээшилсэн. Үүний зэрэгцээ чадварлаг офицерүүдийн тоо нэмэгдэх, штабуудын чадавхийг сайжруулахад хүчтэй түлхэц өгсөн ийм гавшгай удирдагчдын нэг.

БЭЛТГЭЛ ХУРАНДАА Л.НООВ

        -Цэргийн хэргийн өндөр мэдлэг, чадвартай,  удирдан зохион байгуулах авьяастай мундаг хүн байх ёстой. Голдуу энэ албан тушаалд Варшиловын нэрэмжит Жанжин штабын академи гэх мэт нэр хүнд бүхий цэргийн академи төгссөн өндөр мэдлэг, боловсролтой хүмүүс томилогддог. Дэслэгч генерал Дашзэвэг генерал бид хоёрын хувьд хувь тавилангаар нэлээд эрт танилцаж, нөхөрлөсөн. Анх 1974 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль төгсөөд Зүүнбаянд томилогдож очиход Дашзэвэг генерал ОХУ-д Ар тал, тээврийн академи төгссөн залуухан дэслэгч Шатахууны албаны даргаар томилогдон ирж байсан. Хэдийгээр нэг ангид хамт байгаагүй ч бие биеэ сайн мэддэг байсан. Ингээд хожим ЗХЖШ-ын даргаар томилогдож, бид хамтарч ажилласан. Хувь хүнийхээ хувьд их шударга, ажилдаа маш няхуур, нухацтай нягт ханддаг, тусархаг гэдгийг хамт ажиллаж байсан хүн бүхэн ярьдаг. Түүний ЗХЖШ-ын даргын ажлыг хүлээж авсан 1997-1998 он бол нийгмийн шилжилтийн, бүхэлдээ шинэчлэлийн үе байсан. Үүнийг дагаад зэвсэгт хүчний бүтэц зохион байгуулалт, үүрэг хариуцлагад ихээхэн өөрчлөлт орсон. Батлан хамгаалах хууль батлагдаж, уг хуулиар Батлан хамгаалх яам бол батлан хамгаалах бодлогыг тодорхойлох төрийн захиргааны төв байгууллага, Зэвсэгт хүчний жанжин штаб бол цэргийн зэвсэгт хүчний анги, байгууллагуудыг цэргийн мэргэжлийн удирдлагаар хангах дээд байгууллага гээд заагаад өгчихсөн. Улмаар 1997 оны сүүлчээс Батлан хамгаалах яам бүтэц, зохион байгуулалтын хувьд хоёр тусгаарлагдсан. Яг энэ торгон үед нь Дамдинсүрэн генерал ЗХЖШ-ын даргаар томилогдож, жил гаруй хугацаанд удирдсан. Түүний дараа Дашзэвэг генерал даргаар томилогдож ирсэн. Тухайн үед Дашзэвэг генерал Монгол Улсын Ерөнхийлөгчийн цэргийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Түүний ажлаа хүлээж авсан үе бол ЗХЖШ-ын хувьд маш эгзэгтэй үе байсан. Өөрөөр хэлбэл, ЗХЖШ хэмээх Монголын зэвсэгт хүчний чадавхийг хөгжүүлэх, цаашдын зам, мөрийг тодорхойлох, хуулиа биелүүлэх гээд бүх ажлын эхлэл дээр Дашзэвэг генерал ирсэн гэсэн үг. Тухайлбал, Монголын зэвсэгт хүчний алба хэлтсийн бүтэц зохион байгуулалтаас эхлээд байгууллагын тохижилтыг хүртэл зураглаж, бий болгосон хариуцлагатай он жилүүд байсан. Өнөөгийн зэвсэгт хүчний салбарын суурь, эхлэлийг Дашзэвэг генерал маш сайн тавьж өгсөн. Цэрэг анги, нэгтгэл, бие бүрэлдэхүүний нийгмийн асуудал, боловсрол, чадавхийг нэмэгдүүлэхэд хамгийн чухал үед зөв бодлогоор удирдаж, зангидсан хүн бол Дашзэвэг генерал.

         Тогоо генералын хувьд намайг Цэргийн нэгдсэн дээд сургуульд сурч байхад манай сургуулийн Улс төрийн анхны ангид 1972 онд элсэж орж байсан. Үүний дараа Москвад Улс төрийн сургуульд сурч байхад мөн тэнд суралцахаар ирж байсан. Тэр үеэс бие биетэйгээ илүү дотно болж байсан. Тогоо генерал 2002 оны аравдугаар сард ЗХЖШ-ын даргаар томилогдсон. Энэ үеийг 1998 онтой харьцуулахад бүтэц зохион байгуулалт, чиглэл, төлөвшил хамаагүй цэгцэндээ орсон, Монголын зэвсэгт хүчний дүр төрх нэлээд тодорхой болсон байсан гэж болно. Тогоо генерал зэвсэгт хүчнийг удирдаж эхэлсэн буюу 2002 оноос Монголын цэрэг арми зөвхөн дотооддоо сургалт, бэлэн байдлаа хангах бус гадаад ертөнцтэй хөл нийлүүлэх эхлэлийг тавьсан. Гадаадад үүрэг гүйцэтгэх, энхийг сахиулах ажиллагаанд монгол цэрэг, дайчдыг оролцуулах, тэдэнтэй дүйцсэн хэмжээнд боловсрол эзэмших, цэргийн мэргэшил олох боломжийг Тогоо генерал болон түүний баг хамт олон нээсэн гэж болно. Тодруулбал, 2002 оны аравдугаар сард Ч.Ерөөлцэнгэл, Р.Даваадорж гэсэн хоёр залуухан офицер Баруун сахарт жилийн хугацаатай үүрэг гүйцэтгэхээр явсан нь Монголын цэрэг армийн гадаадын энхийг сахиулах ажиллагаанд оролцохын эхлэл байсан.  Дараа жилээс нь Ирак, Иранд үүрэг гүйцэтгэсэн гээд өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Тогоо генералын санаачилсан гаднын улс, орнуудтай харилцаа холбоотой болох ажилд тухайн үед Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Дашзэвэг генералын үүрэг оролцоо их байсан гэж боддог. Түүнчлэн урд, хойд хөрштэйгээ цэрэг, армийн харилцаагаа сэргээх, өргөжүүлэхэд ихэд анхаарч, тогтвортой харилцаатай болох эхлэлийг тавьсан. Зэвсэг техникийн тусламжууд ч ирж, боловсон хүчний асуудал дээр ч хамтын ажиллагаа нэлээд өргөжиж, өдгөө хоёр хөршөөс гадна бусад улсад цэргийн эрдмийн чиглэлээр манай алба хаагчид суралцаж байна. Үүнээс гадна Тогоо генералын үед хамгийн анх АНУ-ын Батлан хамгаалах яам, ЗХЖШ-тай хамтран ажиллах болсон. Өөрөөр хэлбэл, хөрш хоёр гүрнээс илүү гардаггүй байсан Монголын зэвсэгт хүчин гуравдагч оронтой хамтын ажиллагаатай болсон. Энэ хүрээнд олон хүн АНУ-д цэргийн эрдмийн чиглэлээр суралцаж, хамтарсан сургууль, дадлага байнга хийж байна.

        Ц.Бямбажав генералын хувьд цаг үетэйгээ зохицож ажиллах чадвар маш сайтай,  овсгоо самбаатай, төлөв даруу хүн. Бид Батлан хамгаалахын яаманд хамт ажиллаж байгаад сүүлд 2007 онд ЗХЖШ-ын даргаар томилогдох үед нь би тэтгэвэртээ гарч таарсан. Гэхдээ би энэ салбарт амьдралынхаа 38 жилийг зориулсан хүн болохоор “Миний зэвсэгт хүчин, цэрэг армид юу болж байна” гэж дандаа чих тавьж, сэтгэл зовниж байдаг. Тэтгэвэртээ гарсан ч Бямбажав генералынхаа хийж, бүтээж санаачилж байгаа ажлуудыг сонсож, харж, дүгнэж л суулаа. Түүний хувьд өмнөх даргуудын хийсэн бодлогын чухал ажлуудыг үргэлжлүүлж, ялангуяа гадаад харилцааг илүү өргөн хүрээтэй болоход анхаарч  байгааг дурдах хэрэгтэй. Мөн цэрэг, армийн албан хаагчдын нийгмийн асуудалд анхаарал хандуулж, орон сууцтай болгох, ахуй хангамжийг сайжруулах тал дээр гарт  баригдахаар бодит ажлууд хийснийг хүмүүс ярьж, сайшаадаг юм билээ гээд Монгол цэргийн өдрийг тохиолдуулан нийт эр цэрэг, монгол эрчүүддээ, дээр дурдсан эрхэм гурван даргадаа баярын мэнд хүргэе” гэв.

2015 он

 

 

 

 


МОНГОЛЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЛУУЖИНГУУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188