• Өнөөдөр 2024-04-19

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ч.ХУРЦ: Цагаан суваргын ордыг нээж, геологич болж байлаа

2021-10-12,   1095

-МОНГОЛЫН ЭРДЭС БАЯЛАГ БОЛ МОНГОЛЧУУДЫН ҮНДЭСНИЙ БАЯЛАГ ЮМ-

        Монгол Улсын эдийн засгийн экспортын гол бүтээгдэхүүн уул уурхайн салбарын орд газруудыг нээхэд гол үүрэг гүйцэтгэсэн, хүн бол Хөдөлмөрийн баатар, геологич Ч.Хурц юм. 17 настайдаа геологич хэмээх мэргэжлийг эзэмшихээр ОХУ-ыг зорьж, 20 гаруйхан настайдаа Монголын стратегийн ач холбогдол бүхий томоохон орд газрыг нээн илрүүлсэн тэрбээр өнөөдөр ч геологийн салбарт өөрийн мэдэх чадах бүхнээ зориулсаар байна. Түүнтэй өнөөгийн Монгол Улсыг "тэжээж" буй томоохон орд газруудыг хэрхэн нээн илрүүлсэн талаар нь ярилцахаар болзсон газартаа хүрлээ. “Геологи хэмээх том ертөнцөд хөл тавьсан цагаасаа л эх орны газрын доорх баялаг, төр түмний төлөө байх учиртай гэх хатуу зарчмаар өнөөдрийг хүрсэн. Монголын эдийн засагт ач холбогдол бүхий олон том орд газрыг би нээн илрүүлсэн ч нэгийг нь ч авах шунал төрж байсангүй. Төрсөн ганц хүү минь надаас нэг л удаа багахан  зүйлд туслаач гуйхад нь “Энэ чиний юм биш ээ. Монголын ард түмний өмч” гээд хөөгөөд гаргаж байлаа. Тэр үед хүү минь Төрийн ордны арын хаалгаар уйлаад гарч билээ” хэмээснээр бидний яриа эхэлсэн.  
 
-Та манай улсаас геологийн мэргэжил эзэмшсэн анхны мэргэжилтнүүдийн нэг. Тиймдээ ч Монгол Улсын геологи, уул уурхайн салбарын хөгжил, геологийн түүх тантай салшгүй холбоотой. Тэгэхээр таныг геологийн мэргэжил эзэмшихээр ЗХУ-ыг зорьсон тэр цаг үеэс энэ түүх эхлэх байх. Чухам яагаад энэ мэргэжлийг сонгох болсон юм бэ?
 
           -Би чинь айлын ганц өргөмөл хүү. Би 1940 онд Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн. 1945 он хувь хүний минь хувьд миний хөгжлийн жил байлаа. 1944-1945 оны бичин жилийн зуднаар манайх Сүхбаатар аймгийн Онгон сумын Будрын чулууны баруун урд, хилийн заставын зүүн доод хэсэгт өвөлжсөн юм. Тэр жил төрөөс бүх нийтээрээ бичиг үсэг тайлагдах бодлого баримталж, Л.Гомбосүрэн гэдэг хүн оторт явсан хүмүүст бичиг, үсэг заахаар очсон юм. Тэр их цастай, зудтай үед хэн бичиг, үсэг тайлагдахаар сууж байх билээ. Ингээд надаас өөр бичиг үсэг заалгах завтай амьтан байсангүй.
 Тухайн үед би дөнгөж таван нас хүрч байлаа. Ингээд би Л.Гомбосүрэн гуайгаар орчин цагийн бичиг заалгаж, шатар, даалуу тоглож сурсан юм. Тэр үед миний оюун ухаан хөгжиж, багаасаа бичиг, үсэг тайлагдсан даа. Тухайн жил их хэцүү жил байж. Манайх 800 гаруй хоньтой явснаас 200 гаруй, 30 гаруй үхэр, цөөн хэдэн тэмээтэй, адуу бүрэн отроос бууж байлаа. Ингээд зургаан нас хүрэхдээ би сонин гарчигладаг, уншдаг болсон байв.
 
      Аав минь зургаан настай намайг сумын сургуулийн захиралд шавь оруулахаар хүргэж өгсөн юм. Гэтэл сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч нар намайг сонин гарчигладаг гэсэн гээд “Аж үйлдвэрийн комбинат” гэсэн бичигтэй нэг сонин өгдөг юм байна. Миний үгийн санд “Аж” гэдэг үг байхгүй. Гайхаж, бодож байгаад аж гэдэг нь “ажаа, жожоо эгчийн” гэсэн утгатай юм байна гэж бодоод “Ажаа үйлдвэрийн комбинат” гээд уншсан. Тэнд байсан бүгд нэрхийтэл инээж, гэр дүүрэн хөөр болж билээ. Ингээд сургуульд суралцахдаа нэгдүгээр ангийн бүрэн боловсролтой хүүхэд орсон байлаа. 
 
-Үеийнхээ хүүхдүүдээс хоёр насаар дүү сургуульд орж байжээ?
 
      -Тийм ээ, биеэр жижиг, ээж, аавынхаа өврөөс салаагүй жаахан намайг хүн болгон л зодно. Дулмаа, Тамжид гээд хоёр хүүхэд хажууд суугаад “Эхлээд чи А бариантын тоог бод, дараа нь өөрийнхийгөө бод” гээд л гуянаас чимхэнэ шүү дээ.  Би тэр хоёрт тоог нь бодож өгөөд, дараа нь өөрийнхөө тоог боддог байв. 
 
            1947 онд бас гахай жилийн зуд гэж болоод ээж, аав минь оторт явсан. Ингээд би өөрийн төрсөн гэртээ, төрүүлсэн ээжтэйгээ, дүү нартайгаа сумын төвд сургуульд суусан юм. Тэр бол миний хувьд айлд байгаа хэрэг шүү дээ. Ээж минь жирэмсэн. Тухайн үед дөрвөн үхрийн, 10 гаруй хонины үүц айлууд оторт явахдаа үлдээсэн юм. Гэтэл ээж, "Айлын юмыг идэж болохгүй, ах дүү нарынхаа хоолноос хороохгүй" гээд л нэг ямааны цорой зургаан хүнд хувааж өгдөг байлаа. Өргөж авсан ээж минь малын араас гүйсээр байгаад хөл муутай болчихсон. Намайг бага байхад малдаа араг үүрч яваад хонио гүйцэхгүй болохоор аргаа хөмрөөд, чулуу дээрээс нь тавиад гүйдэг байсан гэдэг. Би ийм л амьдралд  өссөн.  Би арван жил ангидаа толгой цохидог, хичээлдээ сайн хүүхэд байв. Сургуулиа төгсөөд гадаад явах хуваарь авлаа. 
 
        Тухайн үед аав, ээж минь “Геологи гэдэг мэргэжлийг л сонгож болдоггүй юм шүү. Уул, ус, лус савдаг үргээдэг онцгүй мэргэжил гэсэн. Битгий сонгоорой" гэж захисан. Ингээд би нутаг руугаа явахад ойр Налайхад очих юм  байна гээд Уул уурхайн цахилгааны инженерийн ангийн сонголоо. Гэтэл Аж үйлдвэрийн яамны боловсон хүчин галт тэрэгний хаалган дээр “Геологи хайгуулын сургуулийн Хурц” гээд дууддаг юм байна. Тэгээд л аавдаа “Би ийм сургуульд явахаар болжээ” гээд галт тэргэнд суугаад ЗХУ-ыг зорьсон доо. Тухайн үед миний сонгосон мэргэжлийг өөр хүн сольчихсон байсан юм билээ. Орос Улсад долоон монгол хүүхэд геологийн ангид сурч төгссөн. Би зургаан жил Москвад сургуульд сураад, сургуулиа онц төгсөөд нутагтаа ирсэн.
Гэтэл Аж үйлдвэрийн яамны боловсон хүчин  галт тэрэгний хаалган дээр “Геологи хайгуулын сургуулийн Хурц” гээд дууддаг юм байна
 
-Ингэж анхны геологийн мэргэжилтнүүд Монголд иржээ. Тухайн үед геологийн салбар хөгжөөгүй байсан. Та чухам ямар ажилд томилогдсон юм бэ?
 
        -Биднийг төгсөөд ирэхэд МУИС-ийн географийн ангийг 11 хүүхэд, Чех Улсад мэргэжил эзэмшсэн долоо, Москвагийн их сургуулиас долоо, Бээжингийн их сургууль төгссөн нэг хүүхэд үндэсний анхны геологийн мэргэжилтэн гэж ирсэн. Би тухайн үед “Их сургуулийн багш болно” гээд Геологи шинжилгээний газарт очдоггүй байв. Нэг өдөр намайг намын төв хороонд дуудаж, "Геологи шинжилгээний газрын дарга М.Цэрэндорж зөвхөн чамайг ажиллуулна" гэсэн гээд тэнд мэргэжилтэн болгочихдог юм байна. Ингээд л миний багш болох талаар болов. 

Тухайн үед н.Мандаахүү гэдэг орлогч намайг хүлээж аваад “Ажилд орсон эхний өдөр хөдөө томилолтоор яв. Ханган нийлүүлэх төвөөс хөнжил, гудас, хувцас, бичиг хэргийн эд зүйлээ аваарай” гэж үүрэгдэв. Тухайн үед геологийн материал, техникийн баазыг Оросын баазаас бэлэг болгон өгдөг байсан. Геологи шинжилгээний газар 1961 онд байгуулагдаж, би 1963 онд сургуулиа төгсөж ирээд орсон юм. 

           Сар гаруй ажилласан намайг Төлөвлөгөөний хэлтэст мэргэжилтэн болголоо. Удалгүй Мандаахүү “Төрийн ордонд хуралд суухаар боллоо” гээд намайг дагуулаад явлаа. Тэгсэн намайг Геологи шинжилгээний газарт Төлөвлөгөө эдийн засгийн хэлтсийн даргаар томилохоор болсон байв. Анх 700 төгрөгийн цалинтай ажилд орсон миний цалин нэмэгдэж, 850 төгрөгийн цалинтай дарга болов. Тэр үедээ би бушуухан л хагас, бүтэн сайн болоосой, ангийнхантайгаа уулзаж хонох юм сан гэж бодож билээ. Амралтын өдөр болохыг хүлээж ядахдаа би ээждээ долоо хоногийн түлээ, ус, хоолыг нь бэлдэж өгсөн дөө.
-Залуухан дарга орд газруудыг нээж байсан түүхээсээ хуваалцахгүй юү?
 
      -1960-1990 онд Монголын мэргэжлийн геологийн арми бий болж, олон орд газрыг нээсэн. Жил гаруй хугацаанд Геологи шинжилгээний газарт мэргэжилтнээр ажилласан намайг Геологи шинжилгээний газрын орлогч даргаар томилох тодорхойлолт гаргасан байсан. Би 24 настайдаа ерөнхий геологич, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэдэг албанд томилогдсон. Дөнгөж сургууль төгссөн юу ч мэдэхгүй хүүхэд л дарга болчихсон. Ингээд дарга болоод анхны төлөвлөгөө хийв. Тухайн үед Монголын геологичид 9.2 сая төгрөгийн төсвийн санхүүжилттэй, 100 мянган рублийн зээлтэй, хөрөнгө оруулалт байхгүй байлаа. Чойрын, Хөвсгөлийн, Төвийн, Баянхонгорын гэсэн дөрвөн экспедицтэй. Энэ экспедицийн дарга нар бүгд мэргэжлийн бус хүмүүс байв. Одоо манай яам яг ийм бүтцэд орсон байна. Уг нь би анх энэ яамны нэрийг Эрдэс түүхий эдийн яам гэж нэрлэе гэж санал гаргасан юм. Гэтэл Америк зөвлөх нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам гэж нэрлэсэн.
 
          Ингээд орлогч дарга болсон би 32 сая төгрөг улсын төсвөөс авна гээд анхны төлөвлөгөө боловсруулаад орлоо. Гэтэл М.Цэрэндорж дарга “Тийм юм байдаггүй юм. Есхөн сая төгрөгийн гүйцэтгэлтэй газар ганцхан жилийн дотор төсвөө дөрөв дахин нэмнэ гэж байхгүй. Наадхаа хас”  гэж загнадаг юм байна. Удалгүй төлөвлөгөө хэлэлцэх дарга нарын хурал болж, анх удаа Монголын геологич нарын зөвлөгөөн болсон юм.

Төлөвлөгөөгөөр боловсруулсан төсвөө багасгаж, ураны хайгуулд 7.8 хувийг, усан болрын хайгуулд 28 хувийг нь үлдсэнийг нь геологийн ажилд зарцуулахаа болсон. Тухайн үед Монголд геологи хөгжөөгүй учир Оросын геологийнхонтой хамтарч ажиллана. Ингээд би хэд хоног нойр хоолгүй Монголд ямар ашигт малтмалын хайгуул хийх вэ гэдэг судалгаа хийж, 1700 гаруй тайланд шинжилгээ хийв. Цайр, цагаан тугалга, хар тугалга, зэсийн ашигт малтмалын төрлийг хайна. Ураны хайгуулаа зогсоо, Даралтад болорт монголчууд хөрөнгө гаргахгүй гээд төлөвлөгөө гаргав. Мөнөөх 32 сая төгрөгийн төлөвлөгөөгөө 16 сая төгрөг бууруулаад анхны төлөвлөсөн ажлаасаа гүйцэтгэл нь давуу биелүүлж, 14 сая 800 сая төгрөг болсон. 

           Ингэж явсаар анхны төгсөгч нарын араас геологийн мэргэжилтнүүд ар араасаа төгсөж, үндэсний геологийн боловсон хүчин бий болсон юм. Ингэж явсаар 1980 онд геологийн алба 90 сая төгрөгийн санхүүжилттэй, 170 метр өрмийн ажилтай, 13 экспедицтэй том алба болж, өргөжсөн.
 
-Та мэргэжлээрээ ажиллаад яг хэдэн жилийн дараа Цагаан суваргын ордыг нээн илрүүлсэн юм бэ. Энэ орд газрыг нээсэн түүх бас их сонин юм билээ. Энэ тухайгаа сонирхуулаач? 
 
           -Даргаар томилгоод удаагүй 1963 оны наймдугаар сарын 4-нд нэг их хууз сахалтай өвгөн, хөгшнөө дагуулчихсан Цэрэндорж гуайн өрөөнд сууж байна. Гэтэл дарга “Хурц аа, энэ өвгөн говийн хамгийн гоё ашигт малтмалуудыг цуглуулж ирсэн гэнэ. Чи үүнийг нь үзээд, долоо хоног томилолтоор яв. Хоёр хөгшнийг гэрт нь хүргэж өгөөд ир” гэж үүрэгдлээ. Мөнөөх өвгөнд би “Таны эдгээр чулууны хэрэггүйг нь ялгана. Би хэрэгтэйг нь авна, хэрэггүй нь та өөрөө цуглуулж байснаараа ав” гэв. Тэр дунд ихэнх нь гартаам, мана, чүнчүгноров гээд өнгөт чулуунууд байна.
 
          Үүнээс нэг чулуун нүүрс, марганцын хүдэр, жоншийг нь би авлаа. Хоёр хөгшнөө аваад Дундговь аймгийн Өндөр шил сум орлоо. Тэнд очоод нүүрсийг нь үзлээ, босоо уурхай юм, ашиглах боломжгүй. Марганц нь метр хэртэй зузаантай хэсэг хэсэг тасарсан бага орд юм. Гэтэл мөнөөх өвгөн "Манай эндээс Мандах сум ойрхон. Тэр сумын Насандэлгэр гэдэг өвгөн бий. Түүнд цагаан чулуун дээр наалдсан алт байдаг юм түүнийг нь үзэх үү" гэж байна. Бид машинтай явсаар мөнөөх өвгөнийд хүрвэл наймдугаар сард үстэй дээлээр хөлөө хуччихсан, дөрвөн хөллөчихсөн өвгөн хэвтэж байна.
         Нөгөө урт сахалтай хүн намайг монгол геологич ирсэн гэж танилцуулаад л бид мэнд усаа мэдэв. Би нөгөөх чулууг нь үзтэл яах аргагүй алт наалдсан чулуу байна. "Та энэ чулуугаа хаанаас олсноо санаж байна уу" гэтэл "Өлгий хийдийн Цагаан суварга орчмоос л олсон доо. Улс эх оронд минь хэрэгтэй бол би та нартай хамт яваад заагаад өгье” гэж байна. Ингээд бид Цагаан суваргыг зорив.
 
       Дулаан хан уулын энгэрт Өлгий хийд бий. Цагаан суварга Мандахын толгодын энгэрт байгаа гээд бүдэг замаар бид давхиад байв. Хоёр давхар байшин шиг өндөр цагаан чулуу байна. Буугаад чулуунуудыг нь үзтэл чулуунд нь алт байтугай ямар ч хүдэржилт байдаггүй. Гэтэл нөгөө Мандал сумын өвгөн “Хоньчин хийдийг барьж байсан хятадууд барилгын засварт Сэрвэн сухайтаас будаг авдаг байсан. Миний мэдэхийн цэнхэр, ногоон, хүрэн, улаан гээд янз бүрийн будаг авдаг байсан даа” гэж байна. Тэгэхээр нь тэр газраар нь дайраад гарахаар боллоо.
 
         Заасан газарт нь дөхөөд очвол тэр аяараа ногоон толгод дөхөж очоод машинаас буугаад жаахан ус урссан хэсгээр дагаад явлаа. Тэгсэн зэсийн исэлдсэн, анхдагч гээд бүх эрдсүүд байна. Буцаж машин руугаа гүйгээд дэвтэр, харандаагаа аваад тэмдэглэл хөтлөөд, 100 мянгатын зураг гаргаад Сэрүүн сухайтын орд гэж тэмдэглэв. Ухаандаа анхны орд газраа нээж, геологич болж байгаа нь тэр. 500-600 метр газар явлаа, тэр чигтээ зэс. Цагаан суваргын орд гэж одоо л нэрлээд байгаагаас Сэрүүн сухайтын орд шүү дээ. Ингэж л анхны орд газраа нээж байв.
Өдөржин алхаад, өлсөж, цангасан амьтад л орой айлын бараа харна. Гэрийн сүүдэрт сууж, хоол идэнгээ хийсэн ажлаа, хийх төлөвлөгөөгөө ярилцана, бид хэд.
 
-Цагаан суваргын ордыг нээснээсээ хойш та Монголын стратегийн ач холбогдол бүхий олон орд газрыг нээсэн. Үүнээс Монголын эдийн засагт гол үүрэг гүйцэтгэж байгаа Эрдэнэтийн орд газрыг нээхэд ч гар бие оролцсон гэдэг байх аа?
 
       -1964 онд Оросын геологич нар гэрээ хийсний дагуу ажилласан. Тус улсын геологич "128 цэгээр явлаа, арай дөнгүүр нь Эрдэнэтийн овоо юм. Тэнд зэсийн илэрц байна. Чехийн геологичид хайгуул хийж байхаар нь судалсангүй" гэлээ. Ингээд би 1964 оны есдүгээр сард Эрдэнэт рүү явлаа. Цагаан суваргад анги гарчихсан ажлаа эхлүүлсэн үе байв.
 
      Эрдэнэтийн хайгуулын анги дээр очтол ерөнхий геологичоор Мягмар гээд Чех Улсад сургууль төгссөн залуу байна. Нийт дөрвөн геологич тэнд ажиллаж байсан юм. Нөгөөдүүлээсээ “За юу болж байна вэ” гэтэл "Хаа сайгүй л зэс юм. Гэхдээ эмх замбараагүй юм. Судал, хүдэржсэн зоо ч алга" гэцгээж байна. Ингээд л бид баг болоод хэдэн тал руу гарлаа. Бага сагахан идэх юмтай, гурван км газар туулав. Модон доторх чулуунд хүртэл зэс байна. Өдөржин алхаад, өлсөж, цангасан амьтад л орой айлын бараа харна. Орой гэрийн сүүдэрт суугаад л хоол идэнгээ хийсэн ажлаа, хийх төлөвлөгөөгөө ярилцана, бид хэд. 
 
        Ингээд хэд хоногийн дараа Чехийн геологич нар надтай уулзах хүсэлтэй байна гэжээ. Тэд надаас “Та энэ ордыг яаж хайх санаатай байна вэ” гэж байна. Тэгэхээр нь би өөрсдийнх нь төлөвлөгөөг асуулаа. Тэд “165, 165 м-ээр нь өрөмдөж, хоног ахиулна, Чехээс хоёр өрөмдлөгийн төхөөрөмж ирсэн. Ингээд судалгаагаа хийнэ” гэдэг юм. Тэгэхээр нь би та хэд ингэж хийгээд гурван км газрыг хэзээ судалж, орд мөн, биш гэдгийг тогтоох билээ гэж хэллээ. 
 
      Би 3.2 км 800 метрийн зайтай, дөрвөн шугам тавина. Үүнийгээ магистраль кнав ухуулна. Кнав болгоноос 100 метрийн зайтай дээжлэлт хийж, 400 метрийн зайтай өрөм тавина гэсэн юм. Тэгсэн Чехийн геологич уурлалаа, “Тийм зүйл байхгүй” гэж байна. Ингээд маргаан болж, нөгөө Чехийн геологич чинь яваад өгсөн. Асуудал дэгдэж, би Пэлжээ гуайтай хамт Чехийн төлөөлөгч нартай уулзахаар тус улсыг зорив. Уулзалтын дараа бүх асуудал нэг мөр шийдэгдэж, Чех Улс Эрдэнэтээс бүрэн татгалзсан гэдэг бичиг хийлгэж авсан. Ингээд Эрдэнэтэд оросууд хайгуул хийж, улмаар 1972 онд анх энэ орд газрын баталгаатай хүдрийн нөөцийн хэмжээг 546 сая, металлыг нь  4.3 сая тонн хэмээн 300 метр хүртэл тогтоосон юм. Хожим гүний судалгаа хийж, хүдрийн нөөцийг гурав дахин металлын нөөцийг хоёр дахин нэмэгдүүлсэн. Тухайн үед миний сонгосон аргачлал хамгийн зөв байсан гээд өнгөн хөрснөөс дээж авахгүй, өрөв тавина гээд шилмэл геологич нар ирчихсэн ажиллаж байлаа. 
 
-Оюутолгой орд бол манай улсын эдийн засгийн ач холбогдол бүхий гол орд газар. Энэ орд газрыг нээсэн түүхээс дурдахгүй юу?
 
           -Зэс молибденийн асар их нөөцтэй энэ газрыг манайхан Оюутолгой гэж нэрлэдэг. Оюутолгойд геологийн хайгуул хийж, нөөц тогтоох ажил эхлүүлэх боломж манай геологичдод олдоогүй. Гол нь санхүү, эдийн засаг, техник технологитой холбоотой бэрхшээл их байсан. 1990 оны эхэнд Оюутолгойд хайгуул хийх зөвшөөрлийг гаднын компанид олгосон юм. Тухайн үед Монголын геологийн алба гэх байгууллагыг тараачихсан байсан. Түүнээс хойш манай улс геолгийн хайгуул судалгааны ажлаа бараг хийлгүй өдийг хүрч байна даа.
 
-Таны хийсэн ажлыг, бүтээсэн бүхнийг чинь яриад байвал уртаас урт түүх үргэлжлэх нь. Сүүлчийн асуултыг танд үлдээе?
 
        -Монголын эрдэс баялаг бол монголчуудын үндэсний баялаг юм. Энэ нь мөн тусгаар тогтнол аюулгүй байдал, аж амьдралын баталгаа. Монголын газар нутаг, ашигт малтмал арвин ч хойч үедээ үлдээх хэрэгтэй гэдгийг санах хэрэгтэй.
 
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
 
-Баярлалаа
 

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ч.ХУРЦ: Цагаан суваргын ордыг нээж, геологич болж байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-18 15:18:07
    Тодэрдэнэ: Мундаг буурал шүү
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188