• Өнөөдөр 2024-04-24

Бодибилдингийн олимпын аварга Г.ДОРЖИЙН аав, ээж: Хүү минь Арнольд Шварценеггерийн зургийг ханандаа өлгөчихөөд “Энэ хүн шиг болно” гэдэг байсан

2021-10-08,   1908

Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Дорж АНУ-ын Орландо хотод зохион байгуулж байгаа бодибилдингийн олимпын 70 килограмм жинд тэргүүлж, Монгол Улсын анхны бодилдингийн олимпын аварга болсон.

Эргэлт.мн мэдээллийн сайт “Энэ цагийн эзэд” буландаа Гавьяат тамирчин, бодибилдингийн олимпын дэлхийн аварга Г.Доржийн аав Т.Гансүх, ээж Д.Шура нарыг урьж, оролцуулсан юм. Эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа хүүгийнхээ баярт мэдээг дуулаад хөл нь газар хүрэхгүй байгаа хоёр хөгшний нэгэнтэйгээ “ам уралдан” ярьсан бахдал дүүрэн ярилцлагыг хүргэж байна.

-ХӨГШИН БИД ХОЁР БӨӨН БАЯР БОЛООД НОЙР МУУТАЙ ХОНОСОН-

-Юун түрүүнд танай хүү Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Дорж бодибилдингийн олимпын аварга болсонд баяр хүргэе. Баяр хөөр болж суугаа сэтгэгдлээ манай үзэгч, уншигчидтай хуваалцахгүй юу?

Г.Доржийн аав: Баярлалаа. Хүүгээ тэмцээнд явахад нь “Сайн яваад, амжилт гаргачихаасай” л гэж бодож байлаа. Өчигдөр орой хүүхдүүд маань залгаад “Дорж ах түрүүлчихлээ” гээд энэ баярт мэдээг дуулгалаа даа.

Г.Доржийн ээж: Маш их баярлаж байна. Шөнө 00:00 цагийн үед хүүхдүүд залгаад хүүг бодибилдингийн олимпын аварга болсон талаар хэлсэн. Хөгшин бид хоёр бөөн баяр болоод шөнө нойр муутай хоносон (инээв). Тэгсэн өглөө хүү маань өөрөө бид хоёр руу ярьж байна.

-Хүү тань бодибилдингийн олимпын аваргад оролцохоор явахдаа юу захиж хэлээд явсан бэ?

Г.Доржийн аав: Манай хүү чинь одоо 40 нас гарч байгаа. Их залуугаасаа л бодибилдингийн спортоор хичээллэсэн. Харин сая орсон тэмцээнийхээ талаар “Энэ их том, сайхан тэмцээн болно. Дэлхийн шилдэг мистерүүд оролцоно. Нэгэнт явж, очиж байгаагийнх амжилт гаргаад ирэх хэрэгтэй байна. Хүү нь хүчээ сориод ирье” гэж  байсан.

Г.Доржийн ээж: Хүү маань “Ээж, аав минь араас сайн залбирч, сүү, цайныхаа дээжийг өргөж байгаарай” гэж захиад явсан. Бид ч араас нь чадахаараа л цай, сүүгээ өргөж, түмэн олондоо залбираад л байлаа шүү дээ. Өнгөрсөн хэд хоног ч их хүлээлттэй өдрүүд байлаа. Хүүгээ тэмцээнд явахаар нь “Одоо яах бол”, “Түрүүлэх болов уу”, “Медаль авах болов уу” гээд л санаа зовдог юм.

Г.Доржийн аав: “Тэр тэмцээнд орж байгаа олон хүүхдүүд манай хүүхдээс ялгаа юу байх вэ” гээд бүгдэд нь л амжилт хүсэж, залбирч байлаа. Түүнээс биш өөрийнхөө хүүг түрүүлээсэй л гээд залбираад байсан юм ч биш. Түмэн олонтойгоо байвал хүний ажил, үйлс сайхан бүтдэг жамтай.

-Та хоёр хүүгээ хэзээ, хаана өлгийдөж, авч байв. Т.Гансүхийнх гэх гэр бүл аль аймгаас гаралтай юм бэ?

Г.Доржийн аав: Бид чинь Дундговь аймгийн харьяат. Манай Г.Дорж чинь 1980 онд Дундговийн Мандал-Овоод төрсөн юм. Тэгээд Дундговь аймагтаа 10 жилийн сургуулиа төгсөөд “Аварга” биеийн тамирын дээд сургуульд суралцаж, төгссөн. Хүү маань багаасаа л биеийн тамирт сонирхолтой хүүхэд байлаа. Сурлага нь ч бас гайгүй байсан юм болохоор бид “Өөр сургуульд орчихоосой” л гэж бодож байсан. Тэгсэн Г.Дорж “Үгүй ээ, би “Аварга”-аас өөр сургуульд орохгүй” гээд тэр сургуульдаа орсон юм.

Г.Доржийн ээж: Хүү маань өөрөө зорьсоор байгаад “Аварга” дээд сургуульд орсон юм байхгүй юу. “Заавал орно” гэсээр байгаад орсон. Г.Дорж 10 жилээ төгсөхөөсөө өмнө есдүгээр ангиасаа төмөр өргөөд л, Арнольд Шварценеггерийн зургийг ханандаа өлгөчихөөд “Энэ хүн шиг болно” гэдэг байлаа. Тэгж явсаар л өдийг хүргэсэн. Хүний зорьсон юм биелдэг л юм байна. Харин сая явахдаа их жин хасаж, явсан. Хүү маань гадаад руу явах болгондоо л түрүүлдэг, медаль авдаг. Г.Доржийн гэр дүүрэн л медаль, цом байдаг юм.

Г.Доржийн аав: Миний хүү олон түмэнтэйгээ байдаг хүн. Би нэг их магтаж, дөвийлгөөд байгаа юм биш ээ. Г.Дорж их даруухан, зорьсон зүйлдээ тууштай тэмцдэг. Чимээгүйхэн явсаар л зорьсондоо хүрчихдэг хүн юм байгаа юм.

-Г.Доржийг “Аварга” дээд сургуульд ороход нь та хоёр “Өөр сургуульд орчихоосой” гэж бодож байсан юм уу. Ямар сургуульд орж, ямар мэргэжилтэй болоосой гэж бодож байсан юм бэ?

Г.Доржийн аав: Янз бүрийн л мэргэжил байна шүү дээ. Г.Дорж 10 жилдээ сурлага сайн байсан юм. Би бодохдоо математик, физикээр мэргэшиж, мэргэжилтэй болоосой гэж бодож байлаа.

Г.Доржийн ээж: Г.Дорж 10 жилээ төгсөхөө өмнө “Спортын сургуульд сурна” гэдэг байсан юм. Харин хүүг маань 10 жилээ төгсөхөд нь “Аварга” дээд сургууль нээгдээгүй. Хойтон жил нь Д.Бат-Эрдэнэ аварга “Аварга” дээд сургуулиа нээсэн. Тэгээд яах вэ хүү маань нэг жил хүлээж байгаад дүүтэйгээ хамт оюутан болж, зорьсон “Аварга” дээд сургуульдаа орсон. Тэр сайхан сургууль, Д.Бат-Эрдэнэ аваргын сайхан энерги хүүг минь түшсэн юм байлгүй дээ. “Аварга” сургуулийг төгссөн хүүхдүүд дандаа л олимп, дэлхийн аварга болж, оролцож байх юм байна шүү дээ.

-“Аварга” дээд сургуулийг нээгдэхийг хүлээж, нэг жил завсарлахдаа Г.Дорж юу хийж байсан юм бэ. Аав, ээж хоёр дээрээ тус, дэм болоод байж байв уу?

Г.Доржийн аав: 10 төгсөхөд нь өнөөх сургууль нь нээгдээгүй байсан юм. Тэгсэн Г.Дорж “Аварга” дээд сургууль дараа жил нээнэ” гэсэн сураг сонсоод “Би энэ сургуульд л орно” гэж зүтгээд. Тэгээд нэг жил хүлээж байгаад зорьсон сургуульдаа орсон доо. Яах вэ нэг жил хөгшин бид хоёртой хамт байж, түшиг болж байсан юм. Одоо бодох нь ээ энэ л хүүгийн минь туулах ёстой амьдрал, жим л байж дээ.

Хөгшин бид хоёр яах вэ хамгийн гол нь хүүхдүүдийнхээ хүмүүжилд л их анхаарсан. Хүүхдүүдээ зөв хүн болгоё л гэж ярьдаг байлаа.

-Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Дорж багадаа их дүрсгүй хүү байсан уу?

Г.Доржийн аав: Өө багадаа бас их яггүй хүүхэд байсан шүү (инээв). Гэхдээ гайгүй ээ.

Г.Доржийн ээж: Г.Дорж багадаа их бөх барилддаг байсан юм. Самбо, чөлөөт бөхийн спортын секцэнд хүртэл явдаг байлаа. Тэгээд бас поуэрлифтинг гээд төмөр өргөдөг байсан. Багадаа хүндийг өргөдөг тэмцээнээс бас медаль авч байлаа шүү дээ.

Г.Доржийн аав: Поуэрлифтинг, бодибилдинг хоёроороо хамт хичээллэж, байгаад сүүлдээ бодибилдингдоо илүү их анхаарах болсон. Тэгээд одоо яах вэ дүү нар, залуу үеэ бэлдээд, дасгалжуулаад л явж байна. Хүн амжилт гаргана гэдэг зөвхөн өөрийн хичээл зүтгэлээс гадна олон түмний дэмжлэг, хайр, халамж байна шүү дээ.

-“Их яггүй хүүхэд” байгаад эцэг, эхийнхээ “Чихнээс хонх уяад” байсан юм биш биз?

Г.Доржийн аав: Хүү маань нэг их хонх уяад байсан юм байхгүй ээ. Хааяа нэг хүүхэдтэй зодолдсон л байдаг байсан (инээв). Гэхдээ хүүхдийн л зан юм хойно тийм юм байлгүй яах вэ.

Г.Доржийн ээж: Би лав тэгж их чихнээс хонх уяад байсныг нь мэдэхгүй юм байна аа. Харин их барилдах л дуртай байсан. Гэртээ хүүхэд авчраад барилдаад, ноцолдоод байдаг байж билээ.

-Тэгээд яагаад бөхийн спортоо үргэлжлүүлж бөх болохоор зориогүй юм бол оо?

Г.Доржийн ээж: Зөвхөн бөх ч биш, сагс бас их сайн тоглодог байлаа. Ер нь л спортод хайртай хүүхэд шүү дээ. Сурлага гайгүй. Гэрийн ажилд ч сайн. Гэрийн шил, толь гялалзуулж, арчихыг Г.Дорж л хийдэг байлаа. Манайх хуучинд ханаараа дүүрэн стенктэй айл байсан юм. Тэгсэн тэр стенкийн толь, шилийг Г.Дорж л арчина, өнгө оруулна. Манайхан чинь олуулаа болохоор гэрийнхээ ажлыг нэг нэгээрээ хуваарилаад хийдэг. Хөгшин бид хоёр ч ажилдаа явчихна. Ах нар нь л дүү нараа “Тэрийг хий”, “Энийг хий” гээд зохицуулдаг байсан юм шиг.

Тэгээд гэрт ноцолдоод гэрээ жоохон бужигнуулсан байдаг. Харин хөгшин бид хоёрыг ирэх сургаар санд мэнд л цэвэрлэнэ. Тэгэхдээ ёстой гялалзтал л цэвэрлэж, янзалдаг байсан шүү (инээв).

Г.Доржийн аав: Г.Дорж яг дээд талынхаа ахтай тэрсхэн өссөн. Нэгэнтэйгээ байнга л барилдаж, ноцолддог. Хааяа нэгнийхээ ангийнхнийг гэртээ авчирч, барилдана. Биднийг эзгүйд их тэгж ноцолдсон ч гэртээ ороход нам жим л байдаг байлаа. Харин энэ талаараа хүү маань сүүлд л ингэж ярьснаас бид ч гэртээ ороход нам жим байсан үед энийг яаж мэдэх билээ.

Манайх гэж айл хуучин байрны хоёр давхарт аж төрдөг байлаа. Тэгсэн манай хүүхдүүд гэрийнхээ тагтгүй цонхноос нөгөө цонх руугаа хэдэн цонх дамжиж тоглодог байсан байгаа. Яаж ч унаж, бэртээгүй юм бэ дээ. Манайх гэж айл чинь долоон хүүтэй, гурван охинтой өнөр бүл.

-ХҮҮ МААНЬ БОР ЗҮРХЭЭРЭЭ Л ЯВАА ШҮҮ ДЭЭ-

-Г.Дорж гэр бүлдээ ачлалтай, садан төрөлдөө нэр сайтай, эцэг, эхийнхээ нэрийг өндөрт, өргөж яваа нэгэн. Хүүгийнхээ туулж, гэтэлж яваа амьдралын талаар ямар бодол тээж явдаг юм бэ?

Г.Доржийн аав: Дүү нь нар “Дорж ах” гээд л их сүйд болно. Хүү минь бид хоёрын төлөө их санаа зовно. Аав, ээждээ хайр, халамжтай сайн хүү. Дандаа л биднийг баярлуулахыг л бодож явдаг юм шиг байгаа юм. Хүнд их өгөөмөр. Архи, тамхинаас хол. Бүр өнөө баар, сав руу нь орж үзээгүй байх. Их найрсаг, олон найзтай.

-Анх хүүгээ Арнольд Шварценеггер шиг болно гэж байхад нь та хоёр юу бодож байв. Тухайн цаг үеийн нөхцөл байдал хүнд, хүн бүр өөрийн хүссэнээрээ байх боломжгүй байлаа шүү дээ?

Г.Доржийн аав: Зүүдлээ ч үгүй явлаа шүү дээ. Хаанахын ч юм, нэг булчин, шөрмөс болсон гадаадын Арнольд гэдэг хүний сэтгүүл дээр гарсан зургийг нь хайчилж, аваад ханан дээрээ өлгөчихсөн. Тэгээд “Энэ хүн шиг болно” гэдэг байхад нь миний санаанд ч ороогүй. Хүү маань өнөө шүтэж явдаг Арнольд гэж хүнийхээ нэрэмжит тэмцээнд бүр хоёр ч удаа аваргалсан шүү дээ. Тэгээд өнөө хүнтэйгээ бас уулзаж, барьсан юм гэсэн.

Г.Доржийн ээж: Одоо Г.Дорж “Намайг оюутан болоод хот руу явснаас хойш тэр зургийг аав, ээж хоёр аваад хаячихсан байна лээ. Уг нь надад байх ёстой юм” гэж гоморхдог юм. Бид ч тэр зургийг анзаарна гэж юу байх вэ дээ. Нэг л мэдэхэд хананаас унаад, алга болчихсон байсан.

-Анх бодибилдинг, поуэрлифтингийн спортоор хичээллэж байхад нь Монгол Улсдаа гавьяа байгуулж, Гавьяат тамирчин болж, бодибилдингийн олимпын аварга болох тухай бас л бодоогүй байсан байх. Хүүгээ улсдаа гавьяагаа үнэлүүлж байхад нь ямар мэдрэмж төрж байв?

Г.Доржийн аав: Их сонин ч гэсэн сайхан мэдрэмж төрдөг юм билээ. “30-аад орноос явж, тэмцээнд оролцжээ” гэж надад ярьдаг юм. Тэр олон тив, дэлхийн тэмцээнд ороход ялах, ялагдах үе олон тохионо. Гэхдээ миний хүү ялагдлаа гэж шантардаггүй.

Г.Доржийн ээж: Би лав аягүй л их баярласан. Хүч, хөлс, хөдөлмөрөө зориулсан зүйлээрээ ард түмэндээ гавьяагаа үнэлүүлнэ гэдэг үнэхээр гайхалтай. Хүү маань анх 2004 онд Хонконгт анхныхаа тэмцээнд оролцож, анхныхаа тэмцээнээс л хүрэл медаль хүртэж байлаа шүү дээ. Тэрнээс хойш ч олон тэмцээнд оржээ. Ялагдахад нь хөгшин бид хоёр ч бас дагаад ялагдана. Ялбал найз нөхөдтэйгөө амрахаар явна. Ялагдвал аав, ээждээ хүрээд л ирнэ.

-Хүүгээ гадна, дотнын тэмцээн, уралдаанд оролцохоор явахад нь хамт явдаг байв уу?

Г.Доржийн аав: Үгүй, хөгшин бид хоёр хамт явж байгаагүй. Хамт явах, дагаж явах ч боломжгүй байхгүй. Хил гаалийн асуудлаас эхлээд зардал, чирэгдэл их гарна.

Г.Доржийн ээж: Хүү маань бор зүрхээрээ л яваа шүү дээ. Г.Дорж эхлээд ганцаараа явдаг байсан. Сүүлдээ гэр бүлтэй болоод гэр бүлийнхээ хүнтэй хамт явдаг болсон. Манай бэр бас бодибилдингийн хүн. Бэр маань ч бас бодибилдингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай юм.

-Гэхдээ хүүтэйгээ хамт явж, хүүгээ дэмжих юм сан гэж боддог биз дээ?

Г.Доржийн аав: Одоо яах вэ дээ, би ч настай боллоо. Харь хол яваад байх сонирхолгүй л болдог юм байна. Харин манай хөгшин хэд хэдэн удаа хүүтэйгээ хамт явсан юм. Би ч яах вэ тэгээд ар талаа даагаад л үлдэнэ шүү дээ. Тэгээд араас нь л дэмжээд, амжилт хүсэж, залбираад сууж байхаас яах вэ.

-Хүүдээ цаашдын амьдрал, тэмцээн, уралдаанд нь юуг зөвлөж, юу захих вэ?

Г.Доржийн аав: Хамгийн нэгдүгээрт олон түмэнтэйгээ эвсэг, найрсаг, бусдадаа тусалдаг байгаарай. Өөрийнхөө зорьсон зорилгодоо тууштай байж, биелүүлж байгаасай. Сайн, сайхан амьдрахын тулд өөрөө их ухамсартай байх хэрэгтэй.

Г.Доржийн ээж: Бодибилдингийн спорт чинь их хүнд спорт шүү дээ. Жин их хасна. Сая бодибилдингийн олимпод оролцох гэж 20 гаруй килограмм хассан. Хөгшин бид хоёр Г.Болдод “Одоо Гавьяат тамирчин болчихлоо. Боль оо миний хүү” гэж хэлдэг юм. Гэхдээ миний хүү маш сайн хүү. Хүүдээ “Маш их баярлаж явдаг” аа хэлье дээ.

 


Бодибилдингийн олимпын аварга Г.ДОРЖИЙН аав, ээж: Хүү минь Арнольд Шварценеггерийн зургийг ханандаа өлгөчихөөд “Энэ хүн шиг болно” гэдэг байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-10-09 09:39:57
    Зочин: Бодибилдинг ч лоосуутай л эд дээ, хэдэн ч дэлхийн холбоо, хэдэн ч ДАШТ байдаг юм бэ, буу мэд, аягуй бол олимп нь ч хэд хэд байж байж . . .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-10-08 19:25:37
    Zochin: Uneheer mundag ymaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-10-08 18:48:53
    Batmunkh Bataa: Мундаг хүүгээр бас зөв хүмүүжил олгосон ээж ааваар бахархаж байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-10-08 17:53:16
    Oyunerdene: Saihan dursamj mundag hvvhdvvd bnaa.aab eej ger bvld ni sain saihnii deediig erooe.aldar ner amjilt bvteeliin orgild hvreerei
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-10-08 13:04:12
    Zovhin : Mundag huud ni amjilt husie
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188