• Өнөөдөр 2024-04-26

Б.БАТРЭГЗЭДМАА: Үеийн яруу найрагчдынхаа мөрөөдлийг биелүүлж, Монголын яруу найргийг дэлхийн тавцанд хүргэж байна

2021-09-21,   8945

“Сумтай цээжнийхээ сумыг сугалж чадаагүй хугалж л чадсан

Шархтай яваа би. Шаналантайгаа чамд очно” хэмээн шүлэглэсэн МЗЭ-ийн нэрэмжит шагналт, яруу найрагч Б.Батрэгзэдмааг уншигч та бүхэнтэй “уулзуулж” байна. 2014 онд “Асаодарэ” шүлгийн гурван цуврал, “Очир эрхшээгч” романаа хэвлүүлснээс хойш хэсэг хугацаанд чимээгүй аж төрж, олны хөлөөс хол байсан түүнтэй Үндэсний номын баяраар уулзсан юм. Төв талбайд сүндэрлэсэн номын асруудыг тойрч, алхсаар өөрийн асартаа хүрч очоод тамхиа асааж, кофегоо уухтай нь зэрэгцэж таарсан билээ.

-БИ “АМЬДРАХ ЗАВГҮЙ” АМЬДАРЧЭЭ-

-Сайхан баярлаж байна уу, та. Таны асраар олон уншигч ирж байна. Тэр бүрд гарын үсэг зурж, номоо өгсөөр ядрав уу?

          -Их халуун өдөр уншигчидтайгаа харилцаж, талбай тойрч, алхсаар аяншиж, ядарлаа. Энэ их ядралтын хажуугаар тамхи, кофегоо хэрэглэж, өөрийгөө сэргээж, амраад байж байна даа.  Удаан хугацаанд тайван гэртээ байсаар гэнэт олон дотор ороод цочирдож байх шиг. Ялангуяа номын баяр таарч, олон хүн ном авч, гарын үсэг зуруулсаар байгаад л таарлаа.

-Тамхи, кофе хоёр хэр зохицдог юм бэ. Таны амьдралын нэг хэсэг болсон юм уу?

          -Сүүтэй цай уугаад тамхи татахад тохиромжгүй. Сүү, тамхи хоёрыг тусад нь хэрэглэх ёстой. Би сүүтэй цай уухаараа сэргэх биш, цохиулчихдаг юм шүү дээ. Тэгээд л буцаад унтах, амрах дээрээ тулна. Харин тамхи, кофе хоёр чинь хоорондоо золигийн сайн зохицдог лүд байна (инээв). Би сүүтэй цай уусныхаа дараа тамхи татдаггүй. Сүү гэдэг чинь тийм л их хүчтэй эд. Учрыг нь мэдэх манай айхтар хуучны хөгшчүүл “Хамрын тамхи сүүтэй цайтай янзын сайн зохино” гэдэг байж билээ.

-Уншигчидтайгаа шинэ бүтээлтэй уулзалгүй уджээ. Олонтой харьцаж, олны дунд ороогүй удсан байх аа?

          -Би интернэт, гар утаснаас татгалзсан. Роман бичиж эхлэхээрээ бусдаас өөрийгөө тусгаарладаг. Олны хөлөөс хол, тусгаар байж чадаж л бүтээлээ туурвидаг юм.

-Өөрийгөө тусгаарласан энэ хугацаандаа юу хийж, ямар бүтээлийн ард гарсан юм бэ, та?

          -Одоо “Арслан толгойтой хүн” гэх роман бичиж байгаа. Түүнээс өмнө Энэтхэгт хоёр жил амьдраад ирсэн. Эх орондоо ирээд барагтай л бол олонтой харьцаагүй.

-Олонтой харьцах боломж нь бүрдэлгүй явж байв уу, аль эсвэл өөрийгөө тусгаарлаад уулзахгүй байв уу?

          -Сүүлчийн хэдэн жил би ах дүүс, хамаатан, садныхаа хүрээнд аж төрлөө. Ингэхдээ барагтай л бол олны дунд ороогүй. Зарим телевиз, сонины ярилцлагын саналаас татгалзсан. Ах дүүтэйгээ байх сайхан юм билээ. Хамаатан, садныхаа хүрээнд амьдарсан хэдэн жилдээ ах дүүгийн харилцааг эрхэмлэж, ямар гоё хүмүүстэй хамт байдгаа дахин ойлгосон.

-Садан төрөлтэйгөө хамт амьдарсан хэдэн жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдөв?

          -Би “амьдрах завгүй” амьдарчээ. Зохиол бүтээлээ бичиж, жүжгийн зохиолоо бүрэн болгох гээд Драмын театрт өдрийг барж, хамтарсан уран бүтээлч, зураачдад ч цагаа зарцуулсаар миний нэг өдрийн амьдрал дуусдаг байлаа. Харин үүнээсээ зайлсхийж, намайг өсгөсөн, хайрласан бүгд дээр очсон. Харилцаагаа эргэн сэргээж, улам гүнзгийрүүлсэн гэх юм уу даа. Тэр цаг үеэсээ амьдралын хамгийн нандин бүхнийг оллоо. Өнөө үед хүмүүс гэр бүлийнхээ бус хүмүүсээр ертөнцөө бүтээдэг болсон байна. Харин гэр бүлдээ бага ч болов цаг гаргаж, нандин бүхнээ эргэн олох ёстой юм байна гэдгийг ойлголоо. Өөрийгөө тэр нандин зүйлээ их орхигдуулж байснаа мэдсэн.

-Хүмүүс юунаас болж тэр нандин зүйлээ орхигдуулдаг юм бэ. Ажил, амьдрал гээд л...

          -Интернэт, гар утаснаас татгалзчихаад эргэн тойрноо харахад өнөө цагийн хүмүүс хэтэрхий их цахим орчинд живсэн байна. Цаасан хэвлэлийг барьж унших, тэр бүү хэл хэн нэгэнтэй харилцаж, ярилцахдаа ч муу байна. Гартаа гар утастайгаа төрчихсөн юм шиг гар утасгүй хүн байхгүй болж. Өнөөдөр намайг болон гэр бүлийг минь хүрээлж байгаа тийм хүмүүс, орчин надад таалагдахгүй байна. Би зохиолч хүн болохоор илүү амьд зүйлд дуртай. Жишээ нь, би номыг цаасан хэвлэлээр нь барьж уншдаг. Гэсэн ч бусдаас зайдуу байдаг. Ер нь манай уран зохиол, соёл урлагийн салбарынхан амьд зүйл, амьд харилцааг юу юунаас илүү тавьж, үгүйлэх ёстой. Цаанаас нь бидэнд өгсөн ертөнц өөрөө тийм болохоор түүнийг л дагаж явах нь зүй. Ном бол амьд ертөнц болохоор ном бүтээхдээ бусдын амьдрал, нийтийн харилцааг чухалчлаагүй. Номтой амьдрах сайхан.

-БИ ХЭЗЭЭ Ч “ХАЙР АЛГА” ГЭЖ АМЬДАРЧ ҮЗЭЭГҮЙ-

-Эргээд олон дунд нийлэхэд хүндрэлтэй байв уу?

          -Номын баяр дээр ирээд Д.Галсансүх, Б.Одгэрэл гээд найз нартайгаа уулзсан. Найз нартайгаа уулзаагүй уджээ. Тэд нартайгаа дахин мэнд эсэн уулзаад сайхан байна. Бид чинь 1990-ээд оны нэг үеийн яруу найрагчид шүү дээ. Галсаатайгаа уулзахад “Надад үхэх долоон шалтгаан хэрэгтэй” гэдэг нь чихэнд шууд л сонсогдож байлаа шүү (инээв).

-Нэгэн үеийн утга зохиолын нөхдийнхөө тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу. Мөн ч олон сайхан дурсамжийг хамтдаа бүтээсэн байх даа?

          -Бид утга зохиолд хамт хөл дүрж, түүнээс хойш өөр өөрсдийн жамаараа мөр мөрөө хөөцгөөсөн. Тэр олон жилийн дараа дахин уулзаж, ном зохиолоо солилцож, хуучны сайхан цагаа дурсах сайхан байна. 1990-ээд оны бүгд хөтлөлцөж, хотын гудмаар алхангаа шүлэг уншина. Тэгээд болоогүй өвлийн шөнөөр цасан дээр дээшээ харж хэвтчихээд л шүлгээ уншдаг байлаа. Бид залуу насаа их сайхан өнгөрүүлжээ. Амьдралын мөч бүхэн, харагдаж байгаа бүхий л юмсыг яруу найраг болгож хардаг, яруугаар мэдэрдэг байжээ. Бас их ч сэтгэлийн хөдөлгөөнтэй залуус байсан байна.

-Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Б.Батрэгзэдмаа гэж “Сонин” шүлэгтэй хүүхэд. Тэр яг шүлэг шигээ ааштай. Энэ удаад дэлхийг “адислаж”, дэлхийд нэр өгөв. Магадгүй, АСОАДАРЭ нь дэлхий ертөнцийн өнө эртний мартагдсан нэр, аль эсвэл хожмын хүн дуудах нэр байж мэднэ” хэмээж байлаа. Харин таны бүтээсэн, хүссэн “Асаодарэ” таны бодлоор?

          -Асаодарэ бол эх дэлхий. Мөн аврагч, дахь эх ч гэсэн утга илэрхийлнэ. Миний “Асаодарэ” боть ном маань Германы Гётегийн их сургуульд англи хэлд хэвлэгдэхээр болсон байна лээ. Түүнд 20 минутын телевизийн ярилцлага, уншигч зохиолчийн харилцан яриа орох юм гэсэн. Монголын яруу найргийн бие даасан бүтээл гадаадад гарна гэдэг маш чухал үйл явдал болж байна. Хэдийнэ гэрээгээ байгуулаад хэвлэл шилжихээр болсон. Би удахгүй Германы Франкфурт явна. Үеийн яруу найрагчдынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлж, Монголын яруу найргийг дэлхийн тавцанд хүргэж байна.

-1990-ээд оныг “эзэлж” байсан яруу найрагчдын үеэс хойш олон жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд Монголын яруу найрагчдын шүлгийн бүтээл ч их өөрчлөгджээ. Харин яруу найраг хуучирдаг уу гэж танаас асуумаар санагдлаа?

-Яруу найраг хэзээд ч хуучрахгүй. Хүний сэтгэл, оюун хэзээ ч хуучирдаггүйтэй адил. Би яруу найргийг хуучирдаг гэж бодож ч үзээгүй. Яруу найраг нь цаг хугацааны аясаараа улам л уншигч, зохиолчоо гэгээрүүлж, сэхээрүүлдэг.

-Та бүтээлээрээ эх дэлхий, амьдрал, хүмүүсийг хайрласаар ирсэн. Харин амьдрал, хүмүүс таныг эргээд хайрласан юм болов уу?

          -Хүн гэдэг бодьгал өөрөө хайрын бүтээл. Би хэзээ ч “Хайр алга” гэж амьдарч үзээгүй. Би ганцаардал, гуниг, шаналан, орь дууг ойлгодоггүй. Барууны зохиолд ч дуртай биш. Бусад хүний гутрал, гуниг ханхалсан бүтээлүүдийг ч ойлгодоггүй. Г.Аюурзана “Бүрлээчийн монологи” гэдэг ном гаргасан байна лээ. Манай Аюур яаж байгаа юм бэ. Лаг харагдах гээд ойлгомжгүй зүйл бичиж болохгүй шүү дээ. Би яруу найраг, уран зохиол биш зүйлийг биш гэдгээр нь хэлнэ.

-Таны хувьд хайр гэж яг юу юм бэ?

          -Миний эцэг, эх, би, миний хүүхдүүд бүгдээрээ л хайрын биелэл. Хайр гээч зүйл л энэ амьдралыг цэцэглүүлж байдаг. Бидний амьдарч байгаа ертөнц хайрын баталгаа.

-УТГА ЗОХИОЛД ҮНЭНХҮҮ ШАЛГУУР ГЭЖ БАЙДАГ ЮМ БОЛ ДОТРОО ШАТАХ ХҮСЭЛ, ТЭМҮҮЛЭЛ Л БАЙХ ДАА-

-Та нэгэн ярилцлагадаа “Зохиолынхоо дүрүүдийг сайн сайхан руу чиглүүлж байж л санаа амардаг” гэж байлаа шүү дээ. Харин хувь хүнийхээ хувьд хэр сайн, сайхан зүйл рүү тэмүүлж байсан юм бэ?

          -Би амьдралыг үргэлж гэрэл, гэгээтэйгээр төсөөлдөг. “Бидний амьдрал энэ нэгэн насаар дуусдаггүй юм байна” гэдгийг би мэдсэн. Гэрэл гэгээтэй зүйлийг төсөөлж, тэмүүлж явахад энэ амьдралыг гэгээгээ дагуулаад ирэхийг ойлгосон. Би ч өөрийн бүтээлээрээ уншигчдаа сайхан руу тэмүүлүүлэхийг хичээнэ. Ирээдүй өөрөө гэрэл гэгээтэй. Энэ бол цор ганц баттай зүйл.

-Таны амьдралдаа баримталсан уран бүтээлийн шалгуур юу байв?

          -Уран бүтээл бол хүний дур хүсэл, авьяас билэг учраас тэр бүр шалгуур хэрэггүй. Хүн өөрийн дотоод ертөнцдөө хэр гүн живж байгаагаас л шалгуур тавигдах юм болов уу. Уран бүтээлч хүн өөр дотроо живэхгүй бол шалгууртаа тэнцэхгүй байна гэж ойлгож болно. Хүн оюун, сэтгэлийн ертөнцдөө хэчнээн живнэ, төчнөөн даваагаа давж, шалгуураа тэнцэх байх. Утга зохиолд үнэнхүү шалгуур гэж байдаг юм бол дотроо шатах хүсэл, тэмүүлэл л байх даа.

-Анх утга зохиолын салбарт орж, бүтээлээ хэвлүүлж байх даа “Би өөрийгөө зохиолч гэж үнэмшдэг” тухайгаа бичиж байлаа. Энэ үнэмшил тань таныг уран бүтээлийн мөн чанар руу хөтөлдөг байсан юм уу?

          -Намайг гурван өдөр номын баяр дээр суухад тойрч яваа хүмүүс ирж бүтээлийг минь авч байна. Тэгэхдээ “Таны дараагийн номыг хүлээгээд байна шүү”, “Очир эрхшээгч” романы үргэлжлэлийг хэзээ хэвлэх вэ” гээд дараагийн номыг маань нэхэж байна. Уншигчдаасаа том үүрэг авсан юм чинь түргэхэн шиг дараагийн номоо хэвлүүлэхгүй бол аягүй том өрөнд орсон байна шүү (инээв).

-Уншигчдынхаа “өр”-ийг хэзээ өгөх юм бэ?

          -Би ирэх аравдугаар сард “Арслан толгойтой хүн” романаа дуусгачих байх. “Арслан толгойтой хүн” номынхоо баярыг өргөн, дэлгэр сайхан тэмдэглэе гэж бодож байна.

-Та амьдралдаа олон кино, жүжгийн зохиол, үргэлжилсэн үг, яруу найргийн бүтээлээ уншигчдадаа хүргэсэн байна. Эргээд амьдралаа харж, дурсан санах ямар байдаг юм бэ. Өөрөөрөө бахархах сэтгэл төрөх үү?

          -Би 48 нас хүрэх гэж байна. Тэгээд 48 насны өндөрлөг гэж яривал ичмээр шүү дээ. Харин түүний оронд 70, 80 насны өндөрлөг гэж ярьвал арай дээр. “80 насны өдөрлөгөөс хорвоо, ертөнцийг харахад тийм байна” гэвэл гоё. Бидний насныхан тэгж ярихад арай л балчирдана. Бидний амьдрал тэгж шалихгүй. Би 80 нас хүрэхээрээ л дахин чамтай ярилцаж, асуултад чинь хариулъя даа (инээв).

 


Б.БАТРЭГЗЭДМАА: Үеийн яруу найрагчдынхаа мөрөөдлийг биелүүлж, Монголын яруу найргийг дэлхийн тавцанд хүргэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-08 03:09:10
    Ганаа: Хамгийн сүүлд намар оройхон энэ найрагчийн хүүхдийн 100-н кофе шопын гадна асарт ганцаараа цухиртал уйлж суухыг харсан. Байнга л ириш паб-н гадна асарт ганцаараа инээгээд, юм яриад л, зогсоо зайгүй тамхи татаад л их сонин сууж байдаг байсан. Ажилдаа явах замдаа байнга таарна ийм л байдалтай суудаг бсан даа хөөрхий.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-18 14:37:18
    Уншигч : Хорооллын модны 2 орчим амьдарч байсан даа, манайхан нэг ТҮЦ ажиллуулдаг байсан, орж гарч л байсан. Асадоэро шүлгийн түүвэрт нь сайн шүлэг бий шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-18 18:22:42
    Уншигч: 40 мянгат хавийн нэг кофе шоопд энэ эмэгтэй байнга сууж таардаг. Харц нь таагүй, биеэ авч яваа байдал нь яавч хэвийн эрүүл биш ээ. Сэтгэцийн эмнэлэг ч гэл үү тиймэрхүү зүйл тэй холбоотой гэж хүмүүс сэм ярилцахыг сонссон, үнэн байх л гэж бодож бна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-21 16:18:14
    Замок: Манай Аюур яаж байгаа юм бэ гэжээ. Нарйагч хүн өөрийн бодлоо ингэж тулгаж болно гэж үү? Батрэгзэдмаа гуних шаналах дургүй байж болно, өөр нэг найрагч дуртай байж болно. Бүх юм болно. Хүний дотор сэтгэл гэдэг хэвлэсэн талх биш.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188