Я.Нямдорж гуай идэр залуугаасаа малд дурлаж, малаа дагажээ. 1989 оны үед нэгдэл тарж, хувьчлалд шилжихэд Я.Нямдорж гуайнх 100 гаруй хонь, 10-аад бод мал авч, өсгөн үржүүлсээр ердөө есөн жилийн дотор буюу 1998 онд Мянгат малчин хэмээх алдарт хүрсэн аж. Тэрбээр энэ тухай “Малын хажууд явж л байвал өлсөж, цангах, ядарч, зүдрэхийг мэддэггүй байлаа. Өглөө хамгийн эрт босож, орой хамгийн сүүлд унтана” хэмээсэн юм. Зуны халуун, өвлийн хүйтнийг үл ажран малаа дагаж, сайн сайхныг тэмүүлсэн Я.Нямдорж гуай улсдаа 5000 хонь тоолуулж байсан түүхтэй. 2006-2016 онуудад малынхаа тоогоор улсын томчуудтай “нэхий, дээлээ уралцаж” байсан гэх. 10 жилийн хугацаанд малынхаа тоогоор улсдаа эхний гуравт бичигдэж байсан Я.Нямдорж гуай хамгийн сүүлд 2016 онд малынхаа тоогоор улсад дөрөвт жагссан байна. “Идэр залуу насандаа ямаагаа 1000 гаруй, хонио 4000 гаруй тоо толгой хүргэж явсан удаа бий” хэмээн ихэд дөлгөөхөн хариулсан юм. Түүнээс хойш Я.Нямдорж гуайнх 700 гаруй хурга бойжуулж, аймгийн “Алтан хурга”, 500 гаруй ишиг бойжуулж “Алтан ишиг”, 80 гаруй тугал бойжуулж “Алтан тугал”, 100 гаруй унага бойжуулж “Алтан унага” хүртэж байсан аж. Мөн нэг жил 1000 хурга бойжуулж, улсын “Алтан хурга”-ны эзэн гэх алдрыг хүртэж байжээ. Нутаг усныхан нь Я.Нямдорж гуайг “Танаас өөр алтан төлийн шагналаас дөрвийг нь авсан хүн байхгүй” гэдэг юм.
Малаа дагаж, буяныг хүртэж яваа Я.Нямдорж гуай төрийн дээд шагнал гавьяат малчин цолоор энгэрээ цолуулж байв. Харин Я.Нямдорж гуай “Малынхаа тоогоор улсдаа нэгдүгээрт бичигдэж, мандсан амьдрал минь нэгдлээс хувьчилсан 100 толгой хониноос эхлэлтэй” хэмээж, нэгдлээс хувьчилсан 100 гаруй хонь, 10-ад бод малаараа бахархан сууж байлаа.
Бүтэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.
ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Гавьяат малчин Я.НЯМДОРЖ: Малынхаа тоогоор улсдаа нэгдүгээрт бичигдэж, мандсан амьдрал минь нэгдлээс хувьчилсан 100 толгой хониноос эхлэлтэй |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |