• Өнөөдөр 2024-04-23

ЦАСАН ШУУРГАНД ХАЦРАА ХӨЛДӨӨЖ, ХУЛГАЙН АНЧИДТАЙ ХАЛЗ ТУЛСАН Ч ХАЛШИРЧ ҮЗЭЭГҮЙ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД

2021-07-31,   2216

            Өнөөдөр Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр тохиож буй. Монгол орны өнцөг булан бүрд онгон дагшин байгаль, ан амьтнаа хамгаалж эх орныхоо экологийн чухал бүсийг хамгаалдаг байгаль хамгаалагчид бий. Гэвч бид тэдний ажлын онцлог, хүндрэл бэрхшээл, бахархам сайхныг тэр бүр мэддэггүй. Иймээс Эргэлт.мн мэдээллийн сайт Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF Mongolia)-гийн монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран байгаль хамгаалагчидтай ярилцлага хийсэн юм. Сүрдэж, бишрэм мөнх цаст уулс, цавчим өндөр хадан цохио, зах нь үл харагдах хөвч тайга хосолсон Монгол орны баруун хязгаар Хархираа түргийн уулсаас эхлээд зүүн хязгаарын Хар ямаатын байгалийн нөөц газрын байгаль хамгаалагчдын ярьж буйг та шимтэн уншаарай. Мөн жилийн дөрвөн улирал Монгол бөхөнгийн бэлчээр нутгийг хамгаалж, булаг шандыг нь хашаалж буй идэр залуу эрийн тээж явдаг бодлыг ч энэхүү ярилцлагаар хуваалцах болно.

ТҮРГЭНИЙ УУЛАНД ИРВЭСТЭЙ ХАЛЗ ТУЛЖ ЯВСАН УВСЫН ЦЭНХЭР ХЯЗГААРЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ Д.БАНЬД

-Таны хамгаалдаг газар нутгийн байгалийн тогтоц, экологийн онцлог ямар байдаг вэ?

-Юуны өмнө Монгол орны өнцөг булан бүрд ажиллаж амьдарч суугаа үе үеийн байгаль хамгаалагч нартаа Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийн баярын мэнд хүргэе. Намаг Д.Баньд гэдэг. Би Увс аймгийн Түргэн суманд амьдарч, Алтай Саяны их уулын салбар Хархираа, Түргэний уулсыг хамгаалдаг. Манай нутаг байгалийн үзэсгэлэнт газар ихтэй болохоор бага дэлхий гэж ярих нь бий. Миний хамгаалалтад олон зүйл, төрлийн ан амьтан, араатан жигүүртэн байдаг. Тэр дундаа дэлхийн улаан номд бичигдсэн цоохор ирвэс нутагладаг газар. Үүнийг дагаад цоохор ирвэсийн идэш болох ан гөрөө ч элбэг. Тухайлбал, Монголын улаан номд орсон халиун буга, аргаль, янгир зэрэг байгалийн сүр хүч, гоо сайхныг илтгэж, нүд баясгасан олон амьтан бий. Мөн хөвч тайга, шигүү ойн бүслүүртэй. Мөн баруун хязгаарын хүйтний оргил Алтай таван богдын дараа орох мөн цаст Дэглий цагаан уул хэмээх сүрлэг хайрхан манай сумын нутагт байдаг юм. Ийм сайхан нутагт төрж, амьдарч байгаагийн хувьд онгон дагшин байгалийг хамгаалж үлдэх, хойч үедээ өвлүүлэх энэ хариуцлагатай албанд томилогдож үлдээд 15 дахь жилдээ ажиллаж байна.

-Байгаль хамгаалагчийн мэргэжил бол араатан амьтан, байгалийн аюултай үзэгдэл, хулгайн анчидтай таарахаас эхлээд эрсдэл  өндөртэй мэргэжил. Танд тохиолдож байсан сайхан мөч болон тулгарч байсан бэрхшээлээсээ манай уншигчдад хуваалцахгүй юу?

-Энэ мэргэжилдээ би их хайртай. Залуу насандаа бол ажил төрөл хийж, амьдрал ахуйдаа нэмэр болох зорилгоор сонгож байсан. Байгаль хамгаалагчаар ажиллах хугацаандаа мэргэжилдээ улам бүр дурлаж надад бурхнаас заяасан хувь тавилан гэж ойлгодог болсон. Учир нь зөвхөн байгаль, ан амьтныг хайрлаад зогсох биш эх дэлхий, хүн төрөлхтний оршихуйн төлөө ажиллана гэдэг үнэхээр бахархалтай байдаг. Одоо ч үүнээс өөр ажил хийж чадахгүй байхаа даа. Хэдэн ирвэсээ эргэж, аргаль, янгираа дурандаж асга хад, хөвч тайгад явах шиг жаргал өөр хаана байх билээ. Баян хангайд ажиллаж явахад хүнд хэцүү бэрхшээл цөөнгүй таарна. Жилийн дөрвөн улирал, цаг агаарын эрс тэрс уур амьсгалд мөнх цаст уул, ой тайга, хад цохионд явахад олон зүйлтэй таарч байлаа. Яг одоо миний ард харагдаж байгаа Түргэний хавцал хэмээх газар цоохор ирвэс нутагладаг. Явах бүрдээ ирвэстэй таарахгүй л дээ. Нэг удаа сурсан зангаараа унаж явсан унаагаа уулын бэлд орхиод алхаж явлаа. Гэнэт л хажууд юм хөдлөх шиг болсон юм. Нэг урт зүйл л найгаад байхаар нь лавшруулаад хартал нэг ирвэс над руу харчихсан хэвтэж байсан. Нүд, нүүрийг нь харахад үнэхээрийн сүрлэг, хийморьтой амьтан шүү. Сүүлнийх нь үзүүр толгой дээгүүр нь гарч ирээд, хоёр тийшээ найгаад байсан нь тэр юм билээ. Ердөө хэдхэн алхмын наана, цаана болохоор би маш их цочирдсон. Ирвэстэй маш ойрхон таарах үед “За би ингээд л дуусах юм байна” гэж л бодогдсон. Тэгээд л зөөлөн, зөөлөн алхаж ухарч явсаар байгаад нөгөө ирвэсээс нэлээн холдлоо. Хонхор газарт ороод бага зэрэг тайвширч байгаа юм. Тэр өдрийн турш хамаг бие даагдахгүй, шаварт зоогдчихсон юм шиг л явсан. Алтай сайхан нутаг минь аварсан даа намайг. Ер нь араатан ч гэлээ өөрийг нь, идэш тэжээлийг нь, эзэмшил нутгийг нь оролдохгүй бол хүн рүү яаран дайрдаггүй юм билээ.

-Хөвч тайга бүрхсэн, асга хадан дунд та ямар унаагаар явдаг вэ. Мэдээж зам, харгуй нь дардан биш байх?

-Төр захиргааны байгууллагаас бидэнд томилж өгсөн унаа хөсөг, шатахуун түлш гэж бий. Түүгээрээ явахаас гадна нутгийн иргэдээс морь гуйж явах ч тохиолдол бий. Ихэвчлэн явган явна. Явган явж буй хүн сонор сэрэмжтэй байдаг учир тухайн орчноо маш сайн ажиглаж, өөрчлөлтийг харахад илүү байдаг.  Ажлаар явж байхад унаа залгах, хоол цай дөхүүлэх гээд нутгийн иргэд маш их ойлгож, тусалдаг.  

-Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар байгаль хамгаалагчид болон сум орон нутагтай хэрхэн хамтарч ажилладаг вэ?

-Тухайн орон нутгийн онцлогт чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж тогтмол уялдаа холбоотой ажилладаг. Жишээ нь манай суманд “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл хэрэгжүүлж байна. Төслөөс гарч буй үр шим, сайхан нөлөөлөл их байгаа. Тухайлбал, ирвэстэй нутагт амьдарч байгаа иргэд тэр дундаа малчдын дасан зохицох, тэдний амьдрах орчныг дэмжих, хөрөнгө оруулалт гэх мэт нүдэнд харагдахуйц олон ажил хийж байна. Түргэнд суманд тус газраас арьс, нэхий боловсруулах цех байгуулж өгсөн. Мөн хадгаламж зээлийн хоршоо байгуулах эрх зүйн дэмжлэг үзүүлж олон удаагийн сургалт зохион байгууллаа. Үүний үр дүнд нэг малчны хоршоо, нэг хадгаламж зээлийн хоршоо байгуулагдаж үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Тэр бүр хэлэх боломж олддоггүй болохоор энэ завшааныг ашиглан Дэлхийн байгаль хамгаалах сангийн хамт олондоо баярлаж, талархаж явдгаа нутгийнхаа иргэд, малчдын өмнөөс хэлмээр байна.

Гангын халуун зун Хүйсийн говь, Монгол элсээр бөхөнгөө эргэж, булаг шандыг нь сэргээдэг О.Балдан

-Танд болон танай аймгийн нийт байгаль хамгаалагчдад Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийн мэнд хүргэе. Та байгалийн ямар үзэсгэлэнт газрын хамгаалж ажилладаг вэ?

-Би Говь-Алтай аймгийн хөх морь сумын Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч, хүйсийн говийн Монгол бөхөн хамгаалагчаар ажилладаг. 2014 оноос хойш Монгол бөхөн хамгаалагчаар ажиллаж байна. Манай сумын хувьд хойд талаасаа зүүн тийш сунаж тогтсон Их монгол элс, баруун талаараа Хүйсийн говь орших цэлгэр уудам говь нутагтай. Дэлхийд ганцхан Монголд, тэр дундаа манай нутагт байдаг Монгол бөхөнгийн сүргийг хамгаалдаг болохоор мэргэжлээрээ үргэлж бахархаж явдаг.

-Монгол бөхөн тахал өвчнөөр өвдөх, хүн болон байгалийн нөлөөнөөс болж тоо толгой нь буурч мөхлийн ирмэгт ирж байсан цаг үе бий. Одоо тоо толгой нь ямар байгаа вэ?

-2003 онд Монгол бөхөнгийн тоо толгой 750 хүртлээ буурч, устах аюулд орж байсан. Түүнээс хойш байгаль хамгаалагчид, нутгийн иргэд хамтдаа хичээж, ажиллаж байгаа болохоор сүүлийн жилүүдэд тоо толгой өсөж 13 мянгад хүргэсэн байсан. Харамсалтай нь 2017 он дэгдсэн бог малын шүлхий өвчний нөлөөгөөр Монгол бөхөнгийн 54 хувь орчим нь хоргодсон байдаг. Бид дэлхийн байгаль хамгаалах сангийн монгол дахь хөтөлбөрийн газартай хамтарч жил бүрийн нэгдүгээр сард бөхөнгийн тооллого хийдэг. Өнгөрсөн оны тооллогоор 8500 монгол бөхөн тоологдсон. Тоо толгой нь өсөж буй маш их баяртай байгаа. Анх намайг ирэхэд нутгийн малчид, иргэд эсэргүүцдэг байсан. “Энэ бөхөн чинь ямар ашигтай юм”, “Хамгаалах ямар хэрэгтэй юм гэх мэтчилэн. Харин сүүлийн үед маш сайн ойлгож, тусалж дэмждэг болсон. Тухайлбал, малчидтайгаа хамтарч бөхөн ундаалдаг ус, рашаан булгийг засварлаж, хашаалах, тэмээн аялал зохион байгуулж бөхөнгөө эргэнэ. Мөн “эко клуб”-ийн сурагчид хамтарч ажилладаг. Өөрөөр хэлбэл, манай сумынхан дэлхийд ганц байдаг ховор, сайхан амьтан бөгөөд монгол бахархал юм байна шүү гэдэг үнэ цэнийг ойлгодог болсон.

-Бөхөнгийн тоо толгой хоргодоход хүний нөлөө байдаг уу?

-Тэр болгон хүнээс болсон зүйл гэж таамаглах, мэдэх боломжгүй. Би нэг сонин жишээ ярьж өгье. 2016 онд ган, зуд болоод өвс ургамлын гарц муу байсан. Тэр жил манай Баян-Уул сумын байгаль хамгаалагч н.Ганбаатар ах надад их сонин зүйл ярьж өгсөн юм. Хавар сэг зэмийн тооллого хийж, хорогдсон бөхөн тоолдог. Тооллого хийхээр явж байхад нь нэг бөхөнгийн гэдэснээс даавуу, гялгар уут гарсан юм билээ. Зураг хөргийг нь дарж баталгаажуулаад бидэнд үзүүлж байсан юм. Ер нь зэрлэг ан амьтан ч гэсэн ган, зуданд нэрвэгдэхээрээ гэрийн тэжээвэр, бэлчээрийн мал шиг гялгар уут, даавуу идсэн нь сонин санагдаж байсан. Муудаж, ядарч айлын нутгийн ойрхон ирээд хог идсэн юм шиг байна лээ. Угтаа бол бөхөнгийн тархац нутаг, үндсэн бэлчээрт хог байх ёсгүй.

-Төсвийн цалин авч, амьдралаа залгуулахаас илүүтэй зүрх сэтгэлийн дуудлагаар энэ ажлаа хийдэг гэж ойлголоо. Жилийн дөрвөн улирлын турш хайрлаж, хамгаалж байдаг бөхөн нь үхсэн байхыг харахад ямар мэдрэмж төрдөг юм бэ?

-Сард хоёр удаа эргэдэг. Жилийн дөрвөн улиралд хэчнээн тойрч эргэдэг болохоор хоттой мал шигээ л ойр, дасал болсон байдаг. Намайг байгаль хамгаалагчаар ирэхээс өмнө манай нутагт хууль бус ан агнуурын хэрэг цөөнгүй гардаг, хулгайн анчид их эргэдэг байсан юм билээ. Сүүлчийн үед Дэлхийн байгаль хамгаалах сангийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, ажиллахад энэ үзэгдэл харьцангуй багассан нь ажиглагдаж байгаа. Яваад очиход аманд нь элс дүүрч, нүдэнд нь нулимс цийлгэнээд үхчихсэн бөхөнг харах сэтгэл эмзэглэм байдаг. Үхсэн бүү хэл гэмтсэн бөхөн таарахад л өөрийн үр хүүхэд шигээ санаж өрөвддөг. Тэр дундаа олноороо үхсэн байхыг нь харах үнэхээр харамсмаар байдаг. Ингээд устчих юм биш байгаа даа гэсэн айдас л хамгийн их сэтгэл түгшээдэг. Уудам говьд ганцаараа явахын хэрээр байгаль дэлхий, ан амьтны тухай илүү ихийг бодож, тэдний сүр сүлд, гоо үзэсгэлэнг биширдэг болдог юм билээ. Тоо толгой нь өсөж байгаа болохоор маш их баярлаж, мэргэжлээрээ болон нутгийнхаа иргэдээр бахархаж байна.

ЦАГААН ЗЭЭРИЙН СҮРГИЙГ ХАМГААЛАГЧ "ЦАГААН СЭТГЭЛТ" Ц.ХОСБАЯР

-Хар ямаатын байгалийн нөөц газар ямар онцлогтой вэ?

-Хаяр ямаатын байгалийн нөөц газар нь Хэнтий аймгийн Баян-Овоо, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутгийг дамнан оршдог. Хан Хэнтий нурууны төгсгөл бэлчир уулс, хад цохио ихтэй, олон төрөл зүйлийн ан амьтнаар баялаг. Мөн улиангарын төглөөс эхлээд хэд хэдэн ургамлын төгөл оршсон тал хээрийн бүс нутаг. Эко системийн чухал бүс нутаг учир ургамлын зүйлийн бүрдлийг нь судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах, уламжлалт мал ахуйтай зэрэгцүүлэн байгалийн нөөцийг нь сэргээх, онгон дагшин дүр төрхийг нь хадгалж үлдэх зэргээр хамгаалдаг. УИХ-ын 1998 оны 28 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн Байгалийн нөөц газрын ангиллаар тусгай хамгаалалтад авсан байдаг. Бид сүүлийн зургаан жил орчим МУИС-ийн эрдэмтэн багш нартай хамтран ургамал, мэрэгч болон бусад ан амьтдын судалгааг тасралтгүй явуулж байна.

-Зүүн гурван аймагт хууль бус ан, агнуурын хэрэг багагүй гардаг. Та ажлаа хийж явахдаа хулгайн анчидтай таарч байв уу?

-Би хар багаасаа л нутаг ус, байгаль орчноо гэсэн сэтгэлтэй хүүхэд байсан. Тэр ч утгаараа байгаль хамгаалагч мэргэжлийг эзэмшээд, төрсөн нутагтаа, дуртай ажлаа ес дэх жилдээ хийж байна. Дорнод монголын хээр талыг цагаан зээргүйгээр төсөөлөхийн аргагүй. 2016 онд цагаан зээр агнасан хууль бус үйлдэлтэй таарч байсан. Тодруулбал, тэр жил Сүхбаатар аймгийн Байгаль орчны газартай хамтарсан хяналт шалгалт хийж явахад хууль бус ан агнасан долоон зөрчилтэй таарч, хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллаж байсан.

-Таны хамгаалдаг Байгалийн нөөц газар сайн дурын буюу идэвхтэн байгаль хамгаалагчид цөөнгүй байдаг гэж сонссон. Идэвхтэн байгаль хамгаалагч гэж хэнийг хэлдэг вэ?

-Манай тусгай хамгаалалтын газарт гурван мэргэжилтэн, найман идэвхтэн байгаль хамгаалагч ажилладаг. Идэвхтэн байгаль хамгаалагч гэдэг нь тухайн хамгаалалттай газрын ойр орчим нутагладаг, өдөр бүр тус газраар явдаг нутгийн иргэд, малчид байдаг. Тэр хүмүүст цалин хөлс гэж байхгүй, улиралдаа нэг урамшуулал авдаг. Манай идэвхтэн хамгаалагчид үнэхээр нутаг орноо гэсэн цагаан сэтгэлээр ажилладаг. Тухайлбал, хаана, ямар машин орж, гарч буйг болон хэний мал ойрхон бэлчиж буйг мэдээлнэ. Учир нь байгалийн нөөц газар учир бэлчээр, өвс ургамал нь хамгаалалтад байх ёстой. Хамгийн чухал нь байгалийн унаган төрхөөрөө байгаа өвөрмөц тогтцыг ариглан хамгаалах, ховор ан амьтдаа хулгайн анчдаас хамгаалахад эн тэргүүнд байж чаддаг, түшигтэй улс даа.

 


ЦАСАН ШУУРГАНД ХАЦРАА ХӨЛДӨӨЖ, ХУЛГАЙН АНЧИДТАЙ ХАЛЗ ТУЛСАН Ч ХАЛШИРЧ ҮЗЭЭГҮЙ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-31 13:20:06
    Баярлалаа: Сайхан сэтгэлтэй байгаль хамгаалагчид байгаа учраас л амьтад минь амар амгалан өсөж байгаа гэж боддог доо. Маш хүнд нөхцөлд ажилладаг шүү, үнэндээ. Байгаль хамгаалагчдадаа эрүүл энхийг хүсье
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188