• Өнөөдөр 2024-04-26

Зураач С.ХӨГЖИЛБАЯР: Зүүдэнд орж ирсэн зургийн санаагаа сэрэнгүүтээ тэмдэглэж авдаг

2021-07-21,   1612

    “Өчигдөртэй өнөөдөр”, “Онч мэргэн үгс”, “Harmony I, II” зэрэг бие даасан, 80 гаруй хамтарсан үзэсгэлэн гаргасан Монголын урчуудын эвлэл, Монгол зургийн нийгэмлэгийн гишүүн, зураач С.Хөгжилбаяртай ярилцлаа. Өдгөө Солонгос Улсын Дежон хотын Ханнам их сургуульд уран зургийн чиглэлээр доктарантад сурч буй түүнийг "Орчин үеийн монгол зураач" гэвэл зохино. Учир нь зураач С.Хөгжилбаяр орчин үеэс олсон шинэ санаагаа монгол уламжлалаараа баяжуулан, монгол зургийн арга барилаар  зурж, бүтээдэг байна.


-Сайн байна уу та. Уран бүтээлийн олз омог арвин, сайхан наадав уу. Солонгос дахь монголчууд наадмаа тэмдэглэв үү?

    -Жил бүр наадмаа тэмдэглэдэг байсан ч энэ жил коронавирусийн улмаас тэмдэглэж чадаагүй. Сөүлд 18:00 цагаас хойш хоёроос дээш хүн уулзахыг хориглосон. Харин хэд хоногийн өмнө найзуудтайгаа уулзаж, төрсөн өдрөө тэмдэглэсэн. Тэр л энэ жилийн наадам болчихлоо доо.

-Та “Өчигдөртэй өнөөдөр” үзэсгэлэнгээ БНСУ-д гаргажээ. Таны үзэсгэлэн уламжлал шинэчлэл хослон оршдогийг харуулсан мэт санагдсан. Ямар утга санааг агуулж, хэдэн бүтээл бүхий үзэсгэлэн дэлгэсэн бэ?

    -Би Солонгост дөрвөн үзэсгэлэнгээ гаргасан. Эхний  нэг нь монгол уран бичгийн, дараагийн гурав нь монгол зургийн үзэсгэлэн байсан. 2019 онд хоёр үзэсгэлэн гаргасны нэг нь “Өчигдөртэй өнөөдөр” үзэсгэлэн юм. Тэгтэл энэ жил нэгэн галерейн эзэн үзэсгэлэнгээ дахин дэлгэх урилга өгсөн. Өмнө нь “Өчигдөртэй өнөөдөр” үзэсгэлэнгээ 30 гаруй зурагтай гаргаж байсан. Энэ удаа үзэсгэлэнгийн танхим жижиг учраас 12-13 зураг дэлгэлээ.

    Миний бүтээлийн онцлог бол “Өчигдөр байж өнөөдөр байдаг” гэдэг шиг “Уламжлал байж шинэчлэл байдаг” гэсэн утгатай. Зарим хүн орчин үе рүүгээ урагш хар, өнгөрснөө яагаад эргэдэг юм бэ гэх хандлагатай байдаг. Харин би эсрэгээрээ хуучин зүйлээ зөв өөрчилж, шинэчлэж байж хөгжинө гэж үздэг. “Зөв өөрчлөлтийг хөгжил гэнэ” гэж Бавуугийн Лхагвасүрэн гуай хэлсэнтэй санал нэг байдаг юм. Би Солонгост ирээд долоон жил боллоо. Хүн нутгааасаа хол байхаар эх орноо эргэж боддог юм байна. Нөгөөтээгүүр монгол зургийн анги төгссөн учраас монгол зургийн дүрслэл, арга барилаар зурдаг. Мөн уламжлалаа барьж зурдаг хүмүүс цөөрсөн учраас ядаж би монгол зургийн уламжлалаа авч явъя гэж боддог.

-Өмнө нь хоёр үзэсгэлэнгээ БНСУ-д дэлгэж, АНУ, Герман гээд хэд хэдэн улсад 80 гаруй хамтарсан үзэсгэлэн гаргасан юм билээ. Зураачийн амьдрал хэр завгүй байна вэ. Нэг зургийг хэр удаан зурдаг вэ?

   -Монголд байхад үдээс өмнө, хойно гээд ажлаа амжуулчихдаг байсан бол энд тийм биш. Нутагтаа байхдаа 2006 онд СУИС, 2010 онд МУБИС-т магистр хамгаалчихаад, уран бүтээлээ туурвихаас өөр ажил хийж үзээгүй байлаа. Харин одоо бол тодорхой цагийн хуваарийн дагуу ажлаа амжуулж байна. Докторантаар сурахын хажуугаар ажил хийнэ, зургаа зурна. Сүүлийн үед хичээлээ үзэж дуусгасан болохоор харьцангуй ажил хөнгөрлөө. Ирэх жил уран зургийн үзэсгэлэнгээ гаргаж, дипломоо бичих үлдсэн. Цаанаас тавьсан шаардлагын дагуу хоёр метр өндөр хүрэх том хэмжээтэй, өмнө нь дэлгэж байгаагүй 15 зураг бүхий үзэсгэлэн гаргах ёстой. Гурван жилээс өмнөөс эхлэн үзэсгэлэндээ бэлдээд л байна.

   Харин бүтээл туурвих цаг хугацаа янз бүр байна. Юуны тухай, ямар өнгөөр, яаж зурах тухайгаа сайн бодчихвол богино хугацаанд зурж дуусгадаг. Хүн тархиараа бүхнээ удирддаг учраас сайн төлөвлөж, бодох их чухал. Нөгөө талаас зургийн хэмжээ нөлөөлнө.

-Та зургууддаа монгол гэрийн дүрсийг их буулгадаг юм билээ. Монголын уламжлалт сууц, соёл заншилтай холбоотойгоос гадна таны бага насны дурсамжтай холбоотой болов уу гэж бодсон юм. Бага насаа хэрхэн өнгөрөөсөн бэ. Монгол гэрт амьдардаг байв уу?

    -Би монгол гэрт амьдарч байгаагүй. Харин хашаа байшинд амьдардаг байлаа. Монгол зургийн зураач мэргэжил эзэмшиж, энэ чиглэлээр бүтээлээ туурвидаг учраас Монгол Улсыг илэрхийлдэг зүйлсийн талаар уншиж, судалж байгаад зурдаг. Ялангуяа гадаад хүмүүс монгол гэрийг илүү сайн мэддэг.

-Та монгол зургийн арга барил, уламжлалын тухай их ярьж байна. Монгол зургийн уламжлалын онцлог юу вэ. Орчин үеийн зургаас юугаараа ялгардаг вэ?

   -Монгол зураг гэсэн тодорхойлолт одоогоор байхгүй. Дүрслэх урлагийн их сургуульд 1971 онд монгол зургийн анги нээж, 1987 оноос Ц.Нармандах багш багшилж эхэлсэн. Багшийн аав нь Төрийн соёрхолт, Ардын зураач Цүлтэм гуай юм. Хуучны алдарт зураачид ЗХУ-д сурч ирээд монголд ийм зүйл байх ёстой гэж монгол зургийн талаар судалж ирсэн, одоо ч судалсаар байна.

   Миний хувьд монгол зургийн онцлог ялгаа нь “Монголын нэг өдөр” зураг шиг нэг хавтгайд олон зүйлийг дээрээс нь харуулан дүрсэлдэг. Хамгийн гол нь өнгө, зураасны хувьд онцлог. Монгол зурагт өнгөөр орон зайг үүсгэдэг. Бэлгэдлээрээ хүйтэн өнгө цаанаа, дулаан өнгө наана орно гэх мэт. Мөн зураасаар орон зай үүсгэдэгээрээ онцлог.

-Зурах ур чадварт сургасан анхны багш тань хэн байсан бэ. Зурагтай холбосон үеийнхээ дурсамжнаас хуваалцаач?

    -Багаасаа зураг зурах сонирхолдоо хөтлөгдөж, “Ну погоди”-оос эхлээд л янз бүрийн зүйлийг дуурайлгаж, хуулбарлаж зурдаг байлаа. Хойд айлынхаа сийлбэрч өвөөг сийлбэр хийхийг хараад л суудаг хүүхэд байсан. Бас хөршийнхөө хүнийг машин засахыг хараад л байдаг, юм юм сонирхдог, гарын дүүтэй хүүхэд байсан. Тэр үед дөрөв, тавдугаар ангид байсан юм. Харин намайг наймдугаар ангид байхад том ах маань “Чамайг зургийн дугуйланд оруулна” гээд Дуурийн театрт очоод найзтайгаа уулзаарай гэсэн юм. Дуурийн театрт очиж, ахын найзтай уулзтал “Одооноос хоёулаа хамаатан шүү. Би чамайг зургийн багшид манай хамаатан гэж хэлсэн болохоор чамайг шавиа болгохоор болсон” гэсэн. Ингээд л Дуурийн театрын ерөнхий зураач, ардын зураач н.Гунгаасүх гуайн шавь болж, хоёр жил туслах зураач хийж, юм болгонд нь гүйж, зарагддаг хүүхэд байлаа. Тэр үед “Зургийн дугуйлан байж яагаад зураг зуруулдаггүй юм бол” гэж дотроо боддог байсан юм. Тэгээд арван жилээ төгсөж, СУИС-т орохоор шалгалт өгөхөөс долоо хоногийн өмнө надаар хэдэн зураг зурууллаа. Яг шалгалтын өдөр зурсан зургаа аваачиж шалгуулах гэтэл Гунгаа багш зургийг минь өрөөндөө түгжээд гадаад явчихаж. СУИС-ийн шалгалтын 20 оноо нь бие даасан ажил байтал над бүтээл байдаггүй. Тэгсэн намайг бүртгэж байсан ардын зураач Цүлтэм гуайн охин Нармандах багш “Чи Гунгаасүх гуайн шавь юм бол чамд итгээд 20 оноог чинь өгье. Багшийгаа ирэхээр зурсан зургуудаа үзүүлээрэй. Явж дараагийн хоёр шалгалтаа өгөөрэй” гэсэн юм. Ингээд СУИС-т тэнцэж орж байлаа. Арван жилдээ онц сурдаг, сургуулиа төлөөлж, бүхий л хичээлийн олимпиадад оролцдог хүүхэд байсан ч өөрийн сонирхлоороо зураач болно гэж бодоод нэг шугамаар явчихсан. Өөр юу ч бодоогүй.

   Харин манай том ах арван жилд байхдаа их сайхан зурдаг байсан юм. Гэхдээ ах сонирхлоо хөөлгүй цагдаа болсон. Бага дүү минь мөн л гарын дүйтэй. Аав минь намайг гурван настай байхад бурхан болсон. Яг над шиг гарын дүйтэй, юм бүрийг сонирхдог хүн байсан гэдэг юм. Аав цагдаа, цэрэг, эмч, мужаан гээд олон юм хийж байсан юм билээ.

-Хойд айлынхаа сийлбэрч өвөөгөөс сурсан зүйл бий юү?

    -Дөрөв, тавдугаар ангийн хүүхэд болохоор асуухаа ч мэддэггүй байж. Өвөө ч энэ тэр юманд зарах ч үгүй, юм ч ярьдаггүй, үргэлж морин хуур сийлдэг хүн байсан даа.

-Та сургуулиа төгсөөд Монголдоо ирэх төлөвлөгөөтэй байна уу?

    -Сургуулиа төгсөөд нутаг буцна аа. Очоод СУИС-даа багшлах хүсэл бий. Зураач нарт докторын зэрэг тэр бүр хэрэггүй. Багшлахад хэрэгтэй учраас энд зэрэг хамгаалж байгаа.

-Хүн бүр өөр өөрийн өнцгөөс урлагын бүтээлийг хүлээн авч, ойлгодог. Магадгүй уран бүтээлч бүр бүтээлээрээ нэгэн зүйлийг илэрхийлэхийг хүсдэг байх. Гэхдээ ямар нэг байж боломгүй гэнэтийн санаанаас үүдэлтэй агуулгагүй бүтээл гэж байх уу?

  -Гэнэт л зураг зурмаар санагдаж, зурах тохиолдол олон бий. Зураач нар зүүд ихтэй. Зүүдэлснийхээ дараа, архи уусныхаа дараа зурдаг зураач нар гэж бий. Архи уусан үед хүний оюун ухаан илүү чөлөөтэй сэтгэдэг. Эрүүл үедээ нэг зураас зурахдаа түүнийгээ засч янзлаад байдаг бол согтуу үедээ юунд ч баригдалгүй зурчихдаг. Ингэж чөлөөтэй сэтгэж зурсан нь баригдмал байснаас илүү сайхан бүтээл болох тохиолдол олон байдаг. Миний хувьд зүүдээ зурж байсан.

   Өмнө нь миний зураг юм чинь би юу санаснаа зурна гэдэг байлаа. Одоо бол нас нэмж, ухаан суусан юм уу гэлтэй их боддог болсон. Бидэнд үзэгч байхгүй бол мянган сайхан зураг зураад ямар ч хэрэггүй юм билээ. Тэгэхээр үзэгчид юу сонирхож, бодож байгааг анзаарах хэрэгтэй санагдаж, илүү тунгаах болжээ.

-Зургийн үнэ цэн юунд оршдог вэ?

    -Би Солонгост ирснээсээ хойш олон нийтийн сүлжээнд бүтээлээ байршуулаагүй. “Өчигдөртэй өнөөдөр” үзэсгэлэнгээ дэлгэснийг олон нийтийн сүлжээнд тавьсан нь олон хандалт авсан гэсэн. Тэнд дэлгэсэн зургуудийн таваас бусдыг нь монголд байхдаа зурж байсан юм. Түүнээс хойш надтай холбогдох хүн нэмэгдэж, “Таны зургийг фудболка дээр хэвлүүлье” гэх санал ирсэн. Тэгэхэд нь би “Үгүй” гэж хариулсан. Учир нь олон хувь болох тусмаа бүлээлийн үнэ цэн буурдаг. Тухайлбал, хэн нэгэн миний зургийг өндөр үнээр аваад бусдад “Надад ийм зураг бий” гээд үзүүлэхэд нөгөөх нь “Надад ч гэсэн бий” гэхэд тухайн бүтээлийн болон миний, худалдаж авсан хүний ч үнэ цэн буурч байдаг.

Тиймээс би уран бүтээл үнэ цэнтэй байх ёстой гэж боддог.

-Та зүүдэлснийхээ дараа зурсан зургуудынхаа тухай ярьж өгөөч.

   -Оюутан байхдаа хэд хэдэн зураг зүүдэлснийхээ дараа зурж байсан. Зүүдэнд үзэгдсэн зургийн санаагаа мартахаасаа өмнө сэрэнгүүтээ шууд тэмдэглэж авдаг. Тийм болохоор үргэлж үзэгтэй гар утас хэрэглэдэг. Зүүдэнд үзэгдсэн зураг тийм ч тод биш ч ерөнхий скиз, өнгө, зураас, дүрслэл нь иймэрхүү байх юм байна гээд тэмдэглэчихнэ. Санаагаа бичиж авчихаад дараа нь юу нэмж, хасч, яаж илэрхийлэхээ боддог юм. Монгол зургийг шууд хавтгай дээр бийрээр зурчихдаггүй. Эхлээд цаасан дээр зурна. Тэрийгээ калькан цаасан дээр, дараа нь дахин даавуун дээр буулгаж, өнгө тавина. Зураасаа татна, хээлнэ гээд ажиллагаа ихтэй. Монгол зураг нь уран зураг шиг онгод оронгуутаа тухайн үеийн эмоцио харуулдаг зураг биш учраас цаг хугацаа их шаарддаг.

   Тухайлбал, би хэд хоногийн өмнө дээр нь эр, эм хоёр байгаа, доогуур нь буруу харсан морьд бүхий дүр зүүдэндээ үзсэн юм. Энэ үзснийгээ хэрхэн ямар өнгөөр, ямар зураасаар, ямар дүр нэмж, хасч, яаж зохиомжлон зурахаа шийднэ гэсэн үг. Яг үүн шиг олон санаа тэмдэглэж авсан бий.

-Ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.

Б:Бадамзул


Зураач С.ХӨГЖИЛБАЯР: Зүүдэнд орж ирсэн зургийн санаагаа сэрэнгүүтээ тэмдэглэж авдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 19:57:55
    Зочин: Үнэхээр мундаг залуу юма уран бүтээлд нь өндөр амжилт хүсье
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188