• Өнөөдөр 2024-04-20

Хөдөлмөрийн баатар Д.БАРААДУУЗ: Мод хүний “хэл” мэддэг ч байж мэднэ

2021-07-20,   1269

   Элсэн говьд олон мянган мод тарьж, эх дэлхийгээ энэрэн хайрлах ухааныг дэлгэрүүлж яваа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Байгаль орчны гавьяат Д.Бараадууз гуайтай ярилцлаа. Тэрбээр 1992 оноос хойш Өмнөговь аймагт мод тарьж, мод үржүүлгийн газар байгуулснаас есөн аймаг, зургаан дүүрэг тарьц авч суулгажээ.


  Би гучин жилийн өмнө Монгол Улсын их сургуульд нэг курст суусан юм. Тэгэхэд их сургуулийн ойн тэнхимийн эрхлэгч н.Гомбосүрэн гэж агуу сайхан хүн байлаа. Тэр хүн завсарлагаагаар чи манай тэнхмээр нэг ороодох гэв. Яваад ортол над “Чи л энэ дотроос мод тарьж магадгүй хүн юм. Тийм учраас чамд чухал хэрэгтэй хоёр гурван юм захья” гэсэн юм. 

-Сайн байна уу та. Бие тэнхээ данги уу?

-Сайн байна аа.

-Монголын говийг ойжуулах их үйлсээ төр түмэндээ үнэлүүлж Хөдөлмөрийн баатар болсонд тань баяр хүргэе.

   -Их баярлалаа.

-Төрийн тэргүүнээс одон медалиа гардан авч байх үед юу бодогдож байсан бэ?

  -Тэнгэр тэтгэж, газар ивээж мод ногоо тарьсны шим ирж төр хайр хишгээ хүртээж байгаа юм байна даа гэж бодсон доо.

-Та анх тэтгэврийнхээ мөнгөөр эл буянтай, байгаль экологид ээлтэй ажлыг эхлүүлсэн юм билээ. Энэ ажилд өнөөдрийг хүртэл хэдий хэр төгрөг зарцуулав аа?

   -Яг тооцсонгүй ээ. Модоо усална. Өөрийнхөө дийлэхгүйг хүнээр хийлгэж хөлс өгнө. Энэ мэт ажил, бензин тос, мотор, ус татдаг механизм, худаг гаргуулах гэх мэт ажилд л тэтгэврийнхээ хэдийг зарцуулсан хэрэг.

-Таны энэ ажилд төр засгаас элбэн тусалж байна уу?

   -Туслалгүй яах вэ. Төр, ард түмэн туслаагүй бол ганц өвгөн юу хийх вэ дээ. Чадахгүй шүү дээ. Тийм учраас төр, нутгийн ард түмэн, хүүхдүүд, ах дүү, төрөл садны минь туслалцаагаар энэ ажил бүтлээ.

-Та төр засагтай хамтарч ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан бэ?

   -Би төр засагт зовлон тоочоод, хөтөлбөр хэрэгжүүлье гэж хандсан бол надад туслах байсан гэж ойлгодог. Гэхдээ би өндөр настай хүн учраас тэгэхгүйгээр өөрийнхөө боломжоор юм хийе. "Төрийн мөнгийг авчхаад хийх ёстой юмаа хийхгүй орхичихвол дэндүү хайран болно" гэж бодсон учраас хүүхдүүддээ хэлж, тэд минь тал талаас тусалсаар ийм үр дүнд хүрсэн дээ. Нэг удаа ХААЯ-д услалтын системийн төсөл өгч, яамнаас тал хөрөнгийг нь, өөрөө талыг нь хариуцаад зургаан га газар мод ногоо, малын тэжээлийн ургамал тариалсан. Төслөө хийхэд Засгаас есөн сая төгрөгийн буцалтгүй тусламж өгсөн юм. Ингээд услалтын  систем байгуулж, жилдээ 20-30 тонн ногоо хураачихдаг, бас нэг 30-40-өөд тонн малын тэжээл хураачихдаг болсон. Үүний дараа би гурав дахь жил дээрээ аймгийн аварга болоод, зургаа дахь жил дээрээ ХААЯ-ны системийн Малын тэжээлийн бэлтгэлтийн аварга болсон. Ийм үр дүнтэй ажил болсон доо. Тэр бол том туслалцаа болсон. Түүнийгээ цааш нь хэрэгжүүлээд, уламжлаад, арай дээрдүүлээд, арай дээрдүүлээд л яваа юм. Манай хүүхдүүд таван төгрөг олсон ч илүү гарах юм байдаг бол энэ булаг усныхаа услалтын системийн үйл ажиллагаанд нэмэрлэнэ гэдэг. Зарим нь хашаа гэр барихад олон сая төгрөг гаргаад л сайхан болгож, тал талаас нь тэтгэж, дэмжсээр явна. Эхэндээ нэг га талбайд мод тарьж байсан юм. Одоо 16 га газарт говийн ховордож байгаа ургамлыг голцуу тарималжуулдаг. Говийн ховор модны тарьц, суулгац бэлтгэж, сонирхсон хүмүүст нийлүүлдэг үйл ажиллагаа эрхэлж байна. Үүнээс гадна говьд жимс тарьж болох нь уу гэдгийг туршиж, одоо зургаа долоон төрлийн жимс хурааж байна л даа. Алим, үхрийн нүд, чацаргана, бөөрөлзгөнө гэх жишээтэй.

Аав минь надад ганцхан захиас захисан юм. Тэр нь юу вэ гэхээр “Заа миний хүү чамд би ганц захиас захья. Чи сайн тогтоож аваарай. Хүн аль төрд амьдарч явна тэр төрдөө чин үнэнч явах ёстой юм шүү хүү минь” гэж. Төрдөө үнэнч бай төр юу гэж хэлнэ тэрийг биелүүлж яв гэсэн юм.

-Та нийт хэдэн мод тариалсан бэ. Дундговь, Дорноговь гээд говийн аймгууд танай мод үржүүлгийн газрын тарьцыг авч суулган, нутгаа ойжуулж байна?

  -Манай тарьсан, бидний бойжуулсан тарьц суулгацыг есөн аймаг, зургаан дүүрэг авч тарьсан байдаг. Тухайлбал, Налайх, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг байна. Олон хүн надаас тарьц суулгац авч тарьсан. Есөн аймаг гэдэг нь Улаанбаатараас зүүн тийших аймгууд. Дархан-Уул, Өвөрхангай аймаг гээд олон газар мод авч тарьсан. Тэр бүгдийг тооцвол 400 мянга гаруй тарьц, суулгац гадагш нь борлуулсан.

-Говьд тарьсан энэ ой өнгөрсөн 30 жилийн хугацаанд говийнхны амьдралд ямар хишиг хайрласан бэ?

   -Өмнөговь аймагт ойжуулалтын “Ногоон хэрэм” төсөл хэрэгжсэн юм. Тэр төсөл надаас 27 мянган хайлаас мод авч тарьсан.  Энэ болон өөрсдийн тарьж бойжуулсантай нийлээд Өмнөговь аймгийн төвд 500-аад га газар ойжлоо. Сүүлийн 14, 15 жил 500-аад га газар хайлаасан ой байгуулахад яг энэ хайлаасан ой байгаагийн орчим хааш хаашаа 40-50 километрийн дотор ган болоогүй. Эрдэмтэн мэргэд 100 га талбайн ой хур тунадас татах чадвартай гэж тодорхойлсон байдаг. Зарим жил Өмнөговьд үүл ирэхгүй юм л даа. Үүл нь ирдэг сэн бол тэр үүл 500 га ойн дээр хуралдан бөөгнөрч бороо орчихдог. Энэ орчимд сүүлийн 13-14 жил орчим ган бололгүй, ямар нэгэн хэмжээгээр бороо орж их аятайхан байлаа. Тэгээд орчны сумдад нь ган болж, дөрөв таван сумын мал энэ орчимд байж тэнхрээд нутагт нь бороо орохоор буцах ийм жишээтэй. Тэхлээр ерөөсөө ойжуулалтын ажлыг өргөн далайцтай, 400-500 га газар болгоод хийчихвэл Өмнөговь аймгийн нутагт ирсэн үүлийг татаж бороо орох бололтой юм гэж ойлгодог шүү дээ. Би мэргэжлийн хүн биш болохоор ажиглалт, ажиглалтад үндэслэсэн таавар байгаа юм л даа. Бодитоор тийм юм болоод байх шиг санагдаад байгаа юм. Тийм учраас шинжлэх ухааны байгууллага энд үнэхээр 500 га газар дахь ой хур тунадас татаж байна уу гэдгийг судалж үзээд, хэрэв үнэн бодитой байвал үүнийг монгол орон даяар ялангуяа говийн гурав дөрвөн аймагт нэвтрүүлбэл сайн туршлага болох юм биш байгаа гэж би боддог юм. Тэрийгээ уулзсан хүн болгонд л ярьдаг. Өмнөговь аймгийнхан бол хувиараа их л мод тарьж байна. Малчид, сум, аймгийн төвийн албан хаагчид, уул уурхайн байгууллагууд ч мод овоо л тарьж байна. Тэр бүгд нь нийлээд Өмнөговь таримал ойн сангаараа говийн бүстээ дээгүүрт ордог гэж хүмүүс хэлэх юм билээ.

Өмнөговь аймагт мод тарих ажлыг далайцтай сайн өрнүүлбэл, мод тарих боломжтой газар их бий л дээ. Жишээлбэл, Хуягийн голын голдиролд мод таривал хөрсний ус нь их ойрхон. Тэнд мод тариад хоёр гурван жил болоход модны үндэс нь усандаа хүрч, бие даана даа. Тэгэхээр ерөөсөө гүн үндэслэдэг мод их чухал юм. 

-Та одоо мод суулгах ажилдаа гар бие оролцоод л гүйж явна уу?

   -Тэгэлгүй яах вэ. Тэгээд тэр дотор чинь хашаа тулаад л тэрийг энийг тэгж хий гэчихээд хүнээр ажлаа хийлгээд өөрөө хүрз бариад л бараа сүр үзүүлээд байж байгаа юм. Өндөр настай миний бараа нь л тус болдог болов уу гэхээс яг одоо бол овойж товойтол хийчих чадал нь харьцангуй багасжээ. Санаа нь бол хийх санаатай л байгаа юм.

-Та анх 1992 онд нутагтаа мод тарихаар шийдсэн зорилго, мөрөөдөл өдгөө бүрэн биелсэн үү?

   -Өмнөговь аймаг төв суурийн газраараа 1957 оноос эхэлж мод тарьсан.Тэгээд 1990-ээд оноос эрчимжсэн юм. “Ногоон хэрэм” төслийн солонгос мэргэжилтнүүд манайд ирж, мод тарьж буй байдлыг үзээд “Эд нар мөнгө төгрөгийн бололцоотой ч улс байна. Мод тарьж магадгүй нөхдүүд байна” гэж бодсон юм уу. Байгаль орчны яам ч их дэмжсэн дээ. Ингээд Өмнөговь аймагт “Ногоон хэрэм” төсөл хэрэгжиж, солонгосчуудын ач тусаар 500 га газар ойжиж, хур тунадас ордог боллоо. Түүнээс гадна Өмнөговийн үе үеийн дарга нар ган зудаас гарах ганц арга бол ойжуулах юм гэдгийг ойлгосон хүмүүс байдаг. Тиймээс энэ ажлыг үе үеийн дарга нар сайн дэмжиж, орон нутгаас их тусалж, худаг усыг нь гаргаад өгөх юм. Хашаа хороо янзлаад, ажиллах хүч гаргаад өгөх юм. Энэ далимд нь Өмнөговь аймгийн иргэд өөрсдөө мод тарих ойлголт сайн боллоо.  Мод тарихгүй бол бид хэцүүдэх юм гэдгийг хүн бүр ойлгож байгаа бололтой юм аа. Тийм учраас хөдөөний улс мод тарих нь жил жилд нэмэгдэж, нэг га, хагас га газарт мод тарих улс зөндөө байна. Тэр их хүчийг нэгтгээд 100, 200 га газар томхон зурвас болговол богино хугацаанд үр дүнд хүрнэ. Хоорондоо 20, 30, 40 километр зайтай газарт хэд хэдэн мод тарих нь үр дүн багатай. Мод тарих гэсэн сэтгэл нь сайхан юм. Хур тунадас татдаг болох хүртэл үр дүнд хүрэх хэцүү л дээ. Тийм учраас олныг нэгтгэсэн, нэгдсэн том хүчээр далайцтайхан арвихан га талбайд таривал сайн байгаа юм гэж боддог. Өмнөговь аймагт мод тарих ажлыг далайцтай сайн өрнүүлбэл, мод тарих боломжтой газар их бий л дээ. Жишээлбэл, Хуягийн голын голдиролд мод таривал хөрсний ус нь их ойрхон. Тэнд мод тариад хоёр гурван жил болоход модны үндэс нь усандаа хүрч, бие даана даа. Тэгэхээр ерөөсөө гүн үндэслэдэг мод их чухал юм. Тухайлбал, оросын номонд хайлаас модыг 50 метр гүн үндэслэнэ гэсэн байна лээ. Манай говийн сухай бол лав 15 метр гүн үндэслэдэг. Тэхлээр энэ бол хол явах ургамлууд л даа. Өмнөговьд 4-5 метр гүн ухахад худаг гардаг газар бий л дээ. Усны толгой нь дөрөв таван метрт байдаг газруудаа сонгож аваад урсгал усны эх үүсвэртэй газруудаа ашиглавал боломж их бий. Гэхдээ энийг эрдэмтэн мэргэдээс асуувал сайн хэлэх байх аа. Говьд мод тариад ургана гэж худлаа гэх хүн байдаг. Тийм хүн олширвол үр дүн муутай л байна байх. Залхуурахгүй оролдвол Өмнөговь аймагт ойжуулах боломжтой газар зөндөө бий. Онгийн гол, Хонгорын гол, Наранцагаан голын голдирол гээд сайхан газрууд их бий. Манай Гурван тэс, Номгон, Хүрмэн сумын нутаг ус сайтай. Тийм учраас гаслаад л зүгээр суухынхаа оронд байгаа боломжоо дүүрэн ашиглаж, хамт олны хүч үр дүнтэй гээд томхон га газар далайцтайхан ойжуулмаар байгаа юм.

 Манай хүүхдүүд таван төгрөг олсон ч илүү гарах юм байдаг бол энэ булаг усныхаа услалтын системийн үйл ажиллагаанд нэмэрлэнэ гэдэг. Зарим нь хашаа гэр барихад олон сая төгрөг гаргаад л сайхан болгож, тал талаас нь тэтгэж, дэмжсээр явна. Эхэндээ нэг га талбайд мод тарьж байсан юм. Одоо 16 га газарт говийн ховордож байгаа ургамлыг голцуу тарималжуулдаг.

-Танаас үлгэр авч говь хангай гэлтгүй ирж таны үржүүлгийн модноос авч хэрхэн тарих тухай заавар зөвлөгөө авч буй хүн олон байна уу?

   -“Ногоон хэрэм” төслийн, аймгийн гээд мод үржүүлгийн газар, говийн модны тарьц суулгаж тариалж олон газар бий. Гэхдээ мод авч тарих газар нь олон байж л хүмүүс юм хийх гээд байх шиг байна. Борлуулалт сайн бол хүмүүс мод тарьж болно. Нэг га хайлаасны үржүүлгийн талбайгаас 200 мянган мод гарна шүү дээ. Тиймээс зохион байгуулалт, дээрээс багахан шахалт хэрэгтэй болов уу, үгүй болов уу. Тэгээд албадлагын юм үр дүн муутай байдаг юм уу. Залуучууд бол албадлагын юм хийхгүй, хүн сэтгэлээрээ сайн юм хийвэл хийнэ биз хийхгүй бол тэр биз гэсэн хандлагатай юм. Би урд нийгмийн хүн учраас төр засгаас хүчтэй шахахад ард түмэн хөдөлнө. Ард түмэн төрийн шахалт шаардлагаар ч, өөрийн чин сэтгэлээр ч ажил хийдэг учраас энэ хоёрыг хослуулбал зүгээр юм гэж бодоод байна.

-Та шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэд энэ ажлын үр дүнг судалдаг бол сайн байна гэж байна. Та эрдэмтэн судлаачтай холбогдож үзэв үү. Шинэ залуу ойн мэргэжилтнүүд тантай ирж уулзаж байна уу?

    -Үгүй юм аа. Аргагүй дээ. Түүнд хүмүүсийг буруутгах хэрэггүй. Учир нь би мэргэжлийн хүн биш. Урьдынхаар бол хэнхэг өвгөн. Орчин үеийнхээр бол зүтгэлтэй гэнэ байх. Би ч мод тарих нь чухал гээд л хашхичаад явдаг хэнхэг өвгөн л дөө. Гэхдээ зүгээр суугаад байхгүй өөрөөсөө шалтгаалах юм оролдоод л байгаа хүн дээ. Би говийн модыг говьд нь тарих их сайн гэж боддог юм.

    Би гучин жилийн өмнө Монгол Улсын их сургуульд нэг курст суусан юм. Тэгэхэд их сургуулийн ойн тэнхимийн эрхлэгч н.Гомбосүрэн гэж агуу сайхан хүн байлаа. Тэр хүн завсарлагаагаар чи манай тэнхмээр нэг ороодох гэв. Яваад ортол над “Чи л энэ дотроос мод тарьж магадгүй хүн юм. Тийм учраас чамд чухал хэрэгтэй хоёр гурван юм захья” гэсэн юм. Тэгээд “Аливаа ургамал өөрийнхөө ургаж байгаа газраас 60 километрийн радиуст ямар ч эрсдэлгүй, гарцаагүй ургана. Тэрнээс цааш алсрах тусмаа ургах чадвар нь доройтдог. Тэр хооронд зөөж явах, авч хадгалах хугацаа, ухаж авч буй арга технологиос их шалтгаална. Тиймээс аль болох нутгийн ургамлаа тарих их чухал” гэж над хэлсэн юм. Тэгээд би хангайн мод тарьснаас нутгийн модоо тарих нь дээр юм гэж Ханбогдын Мандал-Овоогийн хайлаасыг авчирч тарьсан нь сайхан ургасан даа. Манай хайлаас бол том уст хайлаасны ангилалд багтдаг. Маш сайн ургадаг. Манайх бас улиас тарьдаг юм. Говийн улиас л даа. Манай Зүүнсайхан ууланд Улиастайн-Ам гэж байдаг. Тэнд зэрлэг улиастай. Түүний үр төл бол том навчтай, түргэн өсөлттэй. Ер нь ургах нөхцөлийг нь сайн тааруулбал говийн улиас, сухай жилдээ 1.5 метр өндөр ургадаг. Тийм учраас энэ мэтийн юмыг сайн ашиглавал түргэн ой модтой болох болов уу гэж боддог юм. Гэхдээ би хангайгаас мод авчирч тарьж үзсэн. Энд алимны мод, гацуур, чацарганы мод сайхан ургаж байна. Тэгэхээр мод тарих бол хүн чадахгүй ажил ч биш юм аа. Ганцхан хүсэл сэтгэл байхад болж байна. Хүний хүсэл сэтгэлийг дагаад мод ургаад байдаг юм уу даа. Мод бол хүний хэл мэддэг байж мэдэм. Шинжлэх ухаан бол газар, ус, лус савдаг бүгд хэл мэднэ. Ус амьтай гээд биччихсэн гоё юм байж л байдаг юм. Тиймээс байгаа боломжоо ашиглавал их боломж байна даа гэж хэлмээр байна.

-Та говийн унаган ургамал жодоо тарих гэж үзэв үү?

   -Үзээгүй ээ. Би түүний үрийг гартаа барьж үзээгүй л байна.

-Ажилсаг хичээнгүй зан чанар гэдэг эцэг эхээс өвөлсөн зүйл байдаг. Та эжий, аавийнхаа тухай дурсаач.

   -Манай ээж аав хоёр бол үлбэр шалбар хүмүүс байсан юм. Манай ах дүү нар бүгд ийм зүтгэлтэй. Засаг төр лүү ч явахгүй, би өөрийн хийхийгээ өөрөө хийе гэдэг. Аав минь надад ганцхан захиас захисан юм. Тэр нь юу вэ гэхээр “Заа миний хүү чамд би ганц захиас захья. Чи сайн тогтоож аваарай. Хүн аль төрд амьдарч явна тэр төрдөө чин үнэнч явах ёстой юм шүү хүү минь” гэж. Төрдөө үнэнч бай төр юу гэж хэлнэ тэрийг биелүүлж яв гэсэн юм. Миний нэг ах бий. Намайг Дэмчигийн Бараадууз гэдэг. Аавын минь төрсөн дүү намайг үрчилж авсан юм. Тэр ах минь над “Хэнтэй ч бай ам бүү зөр. Хүн болгонтой найз нөхөр яв. Бусдыг битгий өөчилж, гоочилж, шүүмжил. Чи өөрөө өөрийгөө л хянаж яваарай” гэж хэлсэн шүү. Би нагац ах, аав хоёрынхоо тэр хэлсэн үгийг чандлан хэрэгжүүлэх гэж бодож, мэрийдэг. Тэгээд л хүн шүүмжлээд ч байдаггүй. Шүүмжлүүлчихээд тэр энэд гомдоод ч байдаггүй нусаа татаад гүйгээд байдаг хүн дээ.

-Аавын тань танд захисныг сонсоход их алсын хараатай, төр өөрчлөгдөж магад гэсэн цаг үеийн мэдрэмжтэй хүн байжээ.

     -Миний аав эрдэм боловсролтой лам хүн байсан. 1921 оны хувьсгал гараад, 1940-өөд он болж лам нарыг хар болгож эхлэхэд хөдөө гарч, хар хүн болоод авгай авахад төрсөн хүүхэд нь би юм. Аав минь намайг хүмүүжүүлж өсгөсний ачаар би хүнээс гаж буруу зангүй, олны жишгээр түмэн олныхоо дэм тусаар амьдарч байна. Түмэн олны дэм тусаар би эрхбиш ажлаа хийж яваа юм гэж ойлгодог. Түмний тус байхгүй бол нэг хүн “Би хийе” гэж хэлээд юу ч хийж чадахгүй. Ганцхан хүний ажлаас бүтээл гарч байгаа бол хамт олны тус. Хань нөхдийн тус. Үр хүүхдийн тус. "Ганц хүн айл болохгүй, Ганц мод гал болдоггүй" гэдэг үнэн. Ганц хүн бол юу ч бүтээж чадахгүй.

Б.БАДАМЗУЛ


Хөдөлмөрийн баатар Д.БАРААДУУЗ: Мод хүний “хэл” мэддэг ч байж мэднэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 14:22:10
    zochin: Ymar saihan buyantai hun be Az jargal eruul enhiig husyee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 13:37:57
    Зочин: Та болон таны үр хүүхэд, гал голомт тань төрөл тутамдаа дээшлэх болтугай. Жинхэнэ "монгол гүрү"таны өлмий бат оршиж, мэлмий тунгалаг байж, ашидын энхжин сатаарч, мөнхжин дэлгэрэх ерөөл тавья.Ерөөлтэй.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188