• Өнөөдөр 2024-04-25

ДОМОГТ АВАРГЫН ДОМОГТ ХҮҮ

2021-07-19,   1489

Домогт аварга Ж.Мөнхбатын хүү сүмо бөхийн Их аварга Хакүхо М.Даваажаргалын амьд домог, амжилт, түүхийн хуудас үргэлжилсээр. Мэргэжлийн сүмо бөхийн 45 дахь Эзэн хааны цомоо Нагоя башёгоос хүртэж, аав Ж.Мөнхбатынхаа дурсгалд зориулсан тухай сэтгэлийн үгээ илчилж, хэзээ ч биелэхгүй болсон мөрөөдлийнхөө тухай ярьсан юм.

ДОМОГТ МӨӨЕӨ АВАРГА ОТГОН ХҮҮГЭЭ БӨХ БАРИЛДУУЛАХ ДУРГҮЙ БАЙЖЭЭ

          Бидний мэдэх Их аварга Хакүхо М.Даваажаргал аавынхаа 44 насанд төрж, отгон хүү нь болж хорвоод ирсэн. Бага наснаас нь л домогт аварга Ж.Мөнхбат агсан М.Даваажаргалыг Тэрэлж рүү бэлтгэл, бөхийн гал руу авч явдаг байсан нь өнөөгийн Их аваргын амжилтын үндэс, суурь болсон ч байж мэдэх. Хакүхог багад нь эцэг, эх нь бөх барилдуулах их дургүй байсан гэнэ. Түүнийг сагсан бөмбөг, гар бөмбөг зэрэг хөдөлгөөн, хөгжилтэй спортоор хичээллүүлэх сонирхолтой байсан бөгөөд "тулааны талбар" шиг бөхийн спортоор хичээллүүлэх дургүй байсан аж. Харин эсрэгээрээ М.Даваажаргал бөхөд их дуртай байж л дээ. 12 настайдаа тэрбээр ааваасаа нууцаар чөлөөт бөхийн  дугуйланд явж, тэмцээнд ч ороод амжиж. Тэр тэмцээндээ чамгүй амжилт үзүүлж, дөрөвдүгээр байр эзэлсэн юм. Гэтэл Мөөеө аварга тэмцээн дундуур нь ирээд харж сууснаа түүнээс хойш чөлөөт бөхөөр хичээллэхийг нь болиулжээ. Тухайн үед домогт аварга Ж.Мөнхбат хүүдээ хандан “Яс чинь бүрэн бэхжиж амжаагүй байхад наад бөхөө боль. Явж сагсан бөмбөгөө тогло” гэсэн гэдэг. Энэ тухай Мөөеө аварга нэг удаа “Бөх барилдуулах дургүй байсан. Хүүгээ барилдаж чадах ч юм уу, үгүй ч юм уу гэж боддог байлаа. Чадахгүй байвал барилдуулаад дэмий. Зүрх нь үхнэ гэж бодож байсан” гэнэ.

          Дээр дурдсан үеэс нэлээн сүүлд юм даг уу даа. Ж.Мөнхбат агсан өсөж том болтлоо өврөөс нь ч гарч чадаагүй байгаа хүүгээ арлын Япон орон руу явуулахаар болж. Япон яван явтлаа аав, ээжтэйгээ хамт унтдаг байсан хүүгээ эцэг, эх хоёр нь хоёр сарын хугацаанд гадаад оронд очиж, юм үзэж, нүд тайлаг гээд явуулсан байна. Гэвч эцэг, эх хоёрынхоо бодсон шиг Хакүхо М.Даваажаргал хоёрхон сарын дотор бууж өгөөгүй юм. “Мөөмнөөсөө гараагүй” 15 настай жаал арлын Японыг зорихоор явсан цагаасаа хойш хоёр жил хагасын дараа гэртээ иржээ.

Сүмо бөхийн гэзэг самнаач болгохоор бэлтгэгдэж байсан Их аварга

          15 настай, 62 килограмм жинтэй Хакүхог Япон Улсын сүмогийн дэвжээнд очиход нь тоож, барилдах бөх бүү хэл багш ч олдоогүй гэнэ. Мэргэжлийн сүмо бөх 75 килограмм жинтэй, 173 см өндөртэй байх стандарттай байдаг аж. Тухайн үед өндөр нь хүрсэн ч жин нь хүрээгүй М.Даваажаргалыг сүмо бөхийн гэзэг самнадаг хүн болгохоор бэлтгэж байжээ. Эхний ээлжинд хэн ч түүнд итгээгүй, бөх болж чадна гэж бодоогүй. Тухайн үед “Домогт аваргын хүү барилдаж чадахгүй зугтаад очвол аав, ээжийнхээ царайг яаж харна” гэж бодсон нь өөрийгөө ялан дийлэх, давж гарахад тусалсан байна.

          Хэдий чадлынхаа хэрээр хичээж, бэлтгэлээ базаасан ч нэг л тусгүй байсан гэнэ. Учир нь Хакүход багшлах багш олдоогүй юм. Дэвжээний багш нар зөвхөн жинтэй хүүхдүүдийг л сургаж, бэлтгэдэг байж. Гэтэл нэг өдөр Мияагино дэвжээний эзэн, багш Тазаки Макото түүнийг олж, дэвжээндээ авчиржээ. Барилдуулж, бэлтгэл хийлгэе гэсэн ч хэт бага жинтэй байсан учир түүнийг бүтэн сарын турш бэлтгэл хийлгүүлээгүй юм. Харин энэ хугацаанд Хакүхо М.Даваажаргалд их хэмжээний хоол идүүлж, унтуулахаас өөр зүйл хийлгээгүй гэнэ. Сарын дараа Их аварга 18 килограмм жинн нэмж, мэргэжлийн сүмо бөхөд жингээрээ тэнцэх болж, бэлтгэлээ хийж эхэлсэн байдаг. Хэдий мэргэжлийн сүмод элсэж, бэлтгэлдээ хамрагдаж чадсан ч өдрийн гурван удаа гэрээ, эцэг, эхээ санаж, уйлдаг байсан гэнэ.

Сүмо бөхийн АМЬД ДОМОГ

          Мөөеө аварга аархуу барилдана. Монголын Үндэсний бөхөд эр бяр гэж зүйл гол нөлөө үзүүлэх ч түүний зэрэгцээ ухаан зарах хэрэгтэй болно. Харин Ж.Мөнхбат аварга аль алийг нь хослуулж, “дийлдэшгүй” мэт аархуу байдаг сан. Гэтэл Хакүхо М.Даваажаргалыг тийм биш гэж хэлж болно. Аавынхаа мөрөн дээрээс өссөн Их аваргад аархуу зан бага. Японы мэргэжлийн сүмо бөхийн дэвжээ 4.55 диаметртэй “жижигхэн дайны талбар” бий. Тэр дэвжээн дээр нэг секундын ч алдаа гаргаж үл болох. Хэрэв алдвал “цавчуулна” гэсэн үг.

          Япончуудын шүүмжлэлийн “бай” болсон Хакүхо нэрийг түүнд Мияагино дэвжээнийх нь менежер домогт хоёр аваргын нэрний ханзыг нийлүүлж, маш гайхалтай, сайн барилдаарай хэмээн бүтээж өгсөн гэдэг. Бүр Японы Сүмо бөхийн холбооноос хүртэл түүний Хакүхо нэрийг сольж, өөр бөхөд өгвөл зохилтой гэж байжээ.

          Гэвч М.Даваажаргал өөрт нь ирсэн их том “нэрний ачаа”-г дааж, 18 насандаа цол хүртэж байлаа. Сайн барилдаанаа таслалгүй явсаар 22 насандаа Японы сүмо бөхийн 69 дэх Их аварга болсон билээ. Анх арлын Япон орныг зорихдоо аавынхаа олимпын наадамд өмсөж байсан биеийн тамирын цамцыг авч явсан Хакүхо М.Даваажаргал аавын эрх, мөн бахархалт хүү. Бага наснаасаа л аавыгаа харж, биширч өссөн түүний мөрөөдөл нь аавынхаа Монгол Улсад авчирсан мөнгөн медалийг ахиулж, дэлхийн эв нэгдлийн спортын их наадмаас анхны алтан медалийг нь авчирч, аавыгаа давах байж л дээ. Тэгвэл тэрбээр өдгөө мэргэжлийн сүмо бөхийн Эзэн хааны цомыг 45 дахь удаагаа хүртэж, өөрийн тогтоосон амжилтаа дахин шинэчлэв. “Барилдаан болгоноо үзүүр, түрүүнд барилдаж байна гэж бодож байгаарай” гэсэн аавынхаа сургаалийг өвлөж, өнөөг хүртэл Японы тэнгэрт "дүүлэн нисэж" буй бидний мэдэх амьд домог юм.

          Цусанд нь байдаг бололтой юм уу гэмээр хааяа аархаж харагдана. Нэг удаа “Жилд нэг л башёд түрүүлбэл зүгээр юм билээ. Олон түрүүлсэн болохоор ч юм уу хүмүүс их уйддаг юм шиг байна” гэсэн юм. Эцэг, эхийн өврөөс салж, арлын орныг зориогүйсэн бол тэрбээр өөрийгөө бөх болохгүй байсан гэж боддог. Гэхдээ “Хэрэв үнэхээр барилдахаа больё гээд больж чаддаг бол би маргааш ч гэсэн болимоор байна” хэмээн нэгэн удаа ярилцлага өгч байлаа. Гэхдээ магадгүй өнөөдөр түүнд зогсох, болих эрх үгүй. Түүний мөрөөдөл биелэхгүй урдаа тавьсан зорилго, хүсэл бий. Аавынхаа эхлүүлсэн түүхийг үргэлжлүүлсээр байгаа домогт аварга билээ. Ж.Мөнхбат аваргын бүтээсэн домог одоо ч төгсөөгүй, зогсолтгүй үргэлжилсээр.


ДОМОГТ АВАРГЫН ДОМОГТ ХҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-19 21:37:06
    Зочин: Мундаг аав, ээжийн мундаг хүү…
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188