• Өнөөдөр 2024-03-29

Сонгодог урлагийн хатан Х.Уртнасангийн том охин А.ДАМАА: Миний ээж аливаа ажлыг сэтгэлд тултал хийдэг, ямар ч хүнийг өөртөө татдаг хүн байлаа

2021-07-16,   36075

-Аавыг бурханд заларснаас хойш ээж минь асар их тэвчээр, сэтгэлийн тэнхээ гээд бүхнээ шавхаж амьдарсан-

          Зууны манлай дуурийн дуучин, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Хорлоогийн Уртнасан гуай “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт уригдан оролцох үеэрээ

“...Билүүтэй уулынхаа овоонд

Чулуу ганцыг нэмлүү дээ

Биеэ хувааж төрүүлсэн

Ижийнхээ ачийг яалаа даа...” дуугаа дуулж, “Нээрээ би ижийнхээ ачийг яалаа даа” хэмээн өөрийн эрхгүй нулимс дуслуулж билээ. Энэ агшныг үзэх бүрийд түүний агуу сайхныг нь биширдэг юм. Тийм эрхэмсэг, ихэмсэг, олны хайр, бахархлыг татам хүмүүн урлагийн алтан тайз, анд нөхөр, хайртай дотнын хүмүүс, дуунд дуртай ард түмнээ орхин бурхны оронд залраад хоёр цасан өнгөрчээ. Түүнийг Монголын сонгодог урлагийн түүхийг бичилцэж, дэлхийн сор болсон бүтээлүүдийг урлагийн алтан тайзнаа эгшиглүүлж, ард түмнээ соён гэгээрүүлж, дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэх шанг тавилцсан, сонгодог урлагийн  ноён оргил, анхдагчдын нэг  гэдгээр нь түмэн олон мэдэх ч эх хүн, эмэгтэй хүнийхээ хувьд хэчнээн гайхалтай нэгэн байсныг мэдэх нь тун ховор болов уу. Иймд Х.Уртнасан гуайн том охин А.Дамааг ярилцлагын зочин хоймортоо урилаа. Х.Уртнасан гуай том охин А.Дамаагаа 1963 онд Төв аймгийн Батсүмбэр сумын чанх хойно байх Хангинахын хошууны өвөр дээр сумын эмчийг ирж амжаагүй байхад гэртээ амаржиж, өлгийдсөн гэдэг. Тэгэхэд Х.Уртнасан гуай 18 настай, урлагийн ертөнцөд дөнгөж хөл тавиад байжээ. Ингээд ярилцлагаа хүргэе.


-Монголын сонгодог урлагийн хатан хаан Хорлоогийн Уртнасан гуай тэнгэрт дэвшээд хоёр жил өнгөрчээ. Маш эрхэмсэг, ихэмсэг гайхалтай дуучин байж билээ?

       -Монголын болоод  хуучнаар "СЭВ"-ийн орнуудын ард түмэн миний ээж Хорлоогийн Уртнасан гэдэг хүнийг сайн мэднэ. Ээж минь Москва хотын Большой театр мөн социалист орнуудын тайзан дээр дуулж явсан. Монголын сонгодог урлагийн түүхийг Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Хайдав гуайн школоор бичилцэж, дараа нь Болгарын Консерваторид суралцаж, төгсөж ирээд Дуурь бүжгийн эрдмийн театрт ажилласан. Ямар дууриудад тоглож, хэн хэнтэй хамтран дуулдаг байсныг түмэн олон мэдэж байгаа болов уу. Харин ээжийг минь эмэгтэй хүн, эх хүнийхээ хувьд ямар байсныг цөөн хүн мэдэх байх. Иймд ээжийнхээ ямар сайн эх хүн байсныг олонд хүргэхийг хүсдэг.

-Ижийтэйгээ өнгөрүүлсэн бага нас тань таны дурсамжид хэрхэн бууж байна вэ. Энэ тухай манай уншигчидтай хуваалцахгүй юу?

       -Миний эмээ Агваандоржийн Авирмэд гэж анхны эмэгтэй Хөдөлмөрийн баатар саальчин байлаа. Ээж минь эмээг дагаад Батсүмбэр суманд саальчин болох гэж байсан гэдэг. Ингээд 17 насандаа дуучин болох гээд хот бараадсан. Үүнээс нэг жилийн дараа ээжийгээ 18 настай байхад би төрсөн. Эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй. Урлагт хөл тавьсанаас хойш ээж минь маш их завгүй байдаг байлаа. Гадаад руу 45 хоногоор явж, ирээд 45 хоног бригад, хөдөө орон нутгаар явна. Огт завгүй. Гэтэл ар гэрт нь нөхөр, гурван хүүхэд нь “Хань ижилтэйгээ, ээжтэйгээ байх юм сан” гэж бодно шүү дээ. Гэхдээ ээж минь их гайхалтай хүн байсан. Тэр их ажлын дундуур гурван хүүхэд гаргаж, төрсөн өдөр, хүүхдийн баяр гэх мэт тэмдэглэлт өдрүүдэд заавал цаг зав гаргадаг байсан. Маш гоё тэмдэглэнэ. 1970, 1980-аад онд А.Гүнжав, А.Жавзмаа бид гурав сургуулийн сурагч байсан. Тэр үед ээж гадаад руу их явдаг байсан учир бид гурав маш гоё хувцас өмсдөг байлаа. Бидний үсийг их гоё сүлжиж өгөөд хүүхдийн парк руу дагуулж явдаг байсан. Хүүхдийн парк их гоё, бид гурав дахиад парк орох өдрөө тэсэн ядан хүлээдэг байлаа. Ээж цалингаа авахаараа биднийг тэр үеийн ДСНК-гийн “Кулинария”-т хоолонд оруулна. Оросын бууз, шөл маш гоё амттай. Тэгээд ээжийн цалин буухыг мөн ч их хүлээдэг байлаа. Ээж завгүй учир бид зуны улиралд Батсүмбэр рүү эмээ дээр очиж, үнээ ивэлгэж, үхэр хариулна. Эмээдээ туслаад, намар хотод гэртээ ирдэг байлаа. Энэ хооронд ээж минь хөдөө орон нутгаар тоглолтоор явсан ч бай заавал хөдөө гэртээ хэд хоноод буцдаг байсан. Бид гурвын хувцас хунарыг сольж өгөөд, усанд оруулаад явна. Ээж минь завгүй хэрнээ гэр бүлдээ зориулах цагийг заавал гаргадаг. Бид гуравт маш их хайртай байсан. 

Ах дүү нар маань намайг ээжийн хувилбар гэдэг

        Дуурийн театрт шинээр дуурь, бүжгийн жүжиг, баллет тавигдах бүрд бид гурав ээжийн ажил дээр очин үзэж, цагийг сайхан өнгөрүүлдэг байсан. Ээжийг шагнал авах бүрд ажил дээр нь очиж, цагийг сайхан өнгөрүүлдэг байсан. Дуурийн тоглолт орой 18:00 цагт эхэлнэ. Яаж ийгээд л ээж 22:00-23:00 цаг хүргэнэ. Тийм орой ирчихээд бид гурвыг усанд оруулаад, өдөр өмссөн хувцсыг маань бүгдийг нь угаана. Тэгээд маргааш өмсөх хувцас бэлдээд тавьдаг. Өглөө нь бид нарт хоол хийж өгөөд ажилдаа явдаг байсан. За тэгээд, ээж минь бид гурвын багш нарын хуралд сууна. Даалгавар хийгээгүй, ингэсэн тэгсэн гээд бөөн юм болно. Нэг өдөр би  ээжийн тоглолтод өмсдөг өндөр өсгийтийг өмсөөд, эмээгийн сувдан даруулгыг зүүгээд сургууль дотор явтал бөөн юм болсон. Багш нарын хурлаар намайг зогсоож байгаад “Ийм үнэтэй зүүлт зүүсэн энэ хүүхдийг хар даа. Захирлыг дуудъя” гээд л, хүүхэд болохоор тийм үнэтэй гэдгийг мэдэхгүй өмсчихсөн. Ээж гадаадаас ирэхдээ бид нарт гоё гоё хувцас авч ирнэ. Тэр үед оймсон түрийт гутал гэж байлаа. Би нэгдүгээр ангид байхдаа тэр гутлыг өмсдөг байсан. Бид гурав тэр үеийн хүүхдүүдийн өмсөөд байдаггүйг өмсөж, иддэггүйг иддэг байсан. Аав, ээжтэйгээ өнгөрүүлсэн бидний бага нас маш жаргалтай өнгөрсөн.

-Х.Уртнасан гуай хэдий завгүй байсан ч гэр бүлдээ заавал цаг гаргадаг байжээ. Ингэхэд ер нь ижийнхээ ядрах, шантрах үеийг харж байв уу?

        -Бүтэн дуурь тоглохын тулд хэчнээн нот цээжилдэг байсныг хүүхдүүд болохоор мэддэггүй байсан. Тэр их ажлын хажуугаар хүүхдүүдээ асарч тойглодог байсан хэрнээ хэзээ ч “Би ажилтай байна. Завгүй, амжихгүй” гэж бидэнд огт хэлж байгаагүй. Нэг л мэдэхэд тэр бүх зүйл болоод өнгөрсөн. Ямар их цаг хугацаа, хүч хөдөлмөр орсныг тэр үед хүүхэд байсан учир мэдээгүй өнгөрсөн болов уу. Өөрийнх нь дуртай мэргэжил учир суръя гэсэн зүйлдээ маш чармайлттай, нотоо их хурдан цээжилдэг байсан. Ээж минь бидний хажууд “Намайг тэгээд ингээд, хэвлэлээр ингэж бичлээ” гэж огтхон ч ярьж байгаагүй. Бид тийм зүйл сонсож өсөөгүй. Хожим нь бид гурав том болоод хэвлэл мэдээллээс харсан. Тэгэхэд ч ээж минь юу ч ярьж байгаагүй. 

Ээж цалингаа авахаараа биднийг тэр үеийн ДСНК-гийн “Кулинария”-т хоолонд оруулна. Оросын бууз, шөл маш гоё амттай. Тэгээд ээжийн цалин буухыг мөн их хүлээдэг байлаа

-Х.Уртнасан гуай “Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо “Ээжийнхээ ачийг яалаа даа. Хэрвээ ээж минь босоод ирдэг бол би өглөө бүр цай хийж өгч, дандаа сайхан ааштай байна” хэмээн ярьсан байдаг. Энэ хариултын асуултыг танаас асууж зүрхэлье.  Хэрвээ ээж тань босоод ирдэг бол та яах байсан бэ?

         -Миний ээж үргэлж “Би ээжийнхээ ачийг хариулж чадаагүй” гэж хэлдэг байсан. Миний бодлоор ээж эмээгийн ачийг сайн хариулсан хүн. Үнээний зэлэн дээрээс дуучин болохоор яваад монголын сонгодог урлагийн анхдагчдын нэг, монголын болоод социалист орнуудын театрын тайзан дээр дуулж, бүх зүйлээ өөрөө бүтээсэн хөдөлмөрч хүн. Тэгэхээр би ээжийг өвөө, эмээгийн ачийг хариулсан гэж боддог. Гэхдээ ээж минь хэзээ ч тэгж бодохгүй байх байсан. Тиймдээ ч “Хэрвээ ээж минь босоод ирдэг бол дандаа сайхан ааштай, өглөө бүр цай чанаж өгнө” гэж хэлсэн байдаг. Надад ч мөн яг л тийм байх болно. Үргэлж ээжийнхээ хажууд байж, хамт сууж байгаад юм яриад л, хамт цай уугаад л дандаа сайхан ааштай байх болно.

-Х.Уртнасан гуай ээжээсээ их ухаан өвлөсөн талаараа ярьдаг байсан. Харин хүүхдүүддээ чухам юуг сургамжилж, захидаг байсан бэ?

      -Удам гэж маш том зүйл бий. Миний эмээ А.Авирмэд Хөдөлмөрийн баатар саальчин. Ээж минь Төрийн соёрхолт, Ардын жүжигчин. Миний нөхөр Монгол Улсын 111 дэх генерал Л.Гарамжил гэж хүн байлаа. Ингээд бодохоор дүү бид гурав “Удам сайтын унага” гэдэг шиг их сайхан удамтай хүмүүс. Эрэгтэй дүү болох А.Гүнжав маань Сүхбаатар аймгийн Онгон суманд гурван жил цэргийн алба хааж "Онц хилчин" болсон. Дараа нь сэргийлэхэд ажиллахдаа "Онц сэргийлэгч" болсон. Ийм хүмүүсийн дунд байхаар хүмүүжил соёл гэдэг зүйл аяндаа төлөвшиж байдаг. Яагаад гэвэл бид Хорлоогийн Уртнасан гэх тийм агуу, эрхэмсэг, ихэмсэг хүний хажууд өсөж, торнилоо шүү дээ.

Ээжийн сэтгэлд нийцсэн юм хийнэ гэж байхгүй. Цай аягалаад өгөхөөр ээж “Энэ аяга чинь гар гулсахгүй байна. Угаасан юм уу” гэдэг байлаа

Эмээ минь маш хөдөлмөрч хүн байлаа. Үнээний фермийн цементэн талбай дахь үхрийн баасыг гараараа самардаж, цэвэрлэдэг байсан. Тэгээд эмээгийн хумс элэгдчихдэг. Нэг саахдаа 20, 30-аад үнээ саана. Тийм л хөдөлмөрч, хичээнгүй хүн байсан. Бид ийм агуу, ажилсаг, хөдөлмөрч хүмүүсийн хажууд өссөн учраас малд хайртай, ажилсаг, хүний хийснийг их хүндэлдэг болсөн. Иймд хоёр дүү бид гурав бие даах гэдэг том дадлыг өөрсдөдөө суулгасан игэж боддог.

-Таны өвөө, Х.Уртнасан гуайн аав Ц.Хорлоо гуайг хүмүүс тэр бүр мэдэхгүй болов уу. Ер нь ямар хүн байсан юм бэ?

       -Миний өвөө Цэндийн Хорлоо Булган аймгийн Бугат сумын харьяат хүн байсан. Сүм хийдэд шавилан сууж байгаад Монголын Ардын Арми бий болоход цэрэгт татагдсан юм. Цэргээс халагдахдаа Бригадын дарга болж Батсүмбэр рүү томилогдсон юм билээ. Ингээд өвөө, эмээ хоёр ханилан сууж найман хүүхэдтэй болсон. Нэг хүүхэд нь эндсэн юм билээ.

         Нэг өдөр өвөө орон дээрээ бөгтийчихсөн залбираад сууж байсан. “Өвөө, та юу хийж байгаа юм бэ” гэтэл “Аа, залбирч байна” гэсэн. Өвөө хорт хавдартай болоод ангийн амьтны шөл уугаад бие нь дээрдсэн юм. Тэгтэл өнөөх ангийн амьтанд талархсанаа илэрхийлээд залбирал үйлдсэн юм байна лээ. Тийм агуу хүн байсан. Маш эрдэм номтой. Намайг 1982-1988 онд Болгарт суралцаж байхад өвөө минь өөд болсон. Лам хүн байсан учир хөдөөлүүлэхдээ “Завилж суулгаад, ил тавиарай” гэж захисан. Захиасных нь дагуу ил тавьсан.

-Та айлын том хүүхэд нь учир хоёр дүүгээ харах, аав ээждээ туслах гэх мэт үүрэг хариуцлага их байсан байх?

    -Айлын хүүхдүүд гадаа тоглож байхад би хоёр дүүгийнхээ хувцсыг нь угааж, усанд оруулж, хичээлийг нь хийлгэдэг байлаа. Аав, ээж хоёр ажилтай, завгүй. Би хүүхэд насандаа бага тоглож өсөн ч их зүйл сурсан. Аливааг эмх замбараатай байлгах, хувцас угааж индүүдэх гээд их зүйлийг багаасаа сурсан. Би бага хүүгийнхээ охины хувцсыг ээж, эмээ хоёроос өвлөж авсан зангаараа үргэлж цэвэрхэн байлгадаг. Ах дүү нар маань намайг ээжийн хувилбар гэдэг юм.

Нэрт найруулагч Л.Эрдэнэбулган гуай “Төрүүлсэн гавьяатан нь Х.Уртнасан гэлээ ч өсгөсөн гавьяатан нь бол энэ байх шүү” гээд аавыг минь хэлдэг байсан

-Таны аав С.Адъяахүү Х.Уртнасан гуайн ажлыг их "нугалдаг" байсан гэдэг. Энэ тухайгаа ч Х.Уртнасан гуай ярьсан байдаг. С.Адъяахүү гуай хэр сайн хань, аав байсан бэ?

      -Яг үнэн. Ээжийг тоглолтоор явахад бид гурав аавтайгаа үлдэнэ. Аав маань ажлаа хийх ёстой шүү дээ. Их найрагч Б.Явуухулангийн гарын шавь, зохиолч, сэтгүүлч хүн байсан. Гэхдээ л ажлынхаа хажуугаар айл гэрийн хүнс, идэж уух зүйлд аав л голцуу явдаг. Ээжийн хэлдгээр “Норовбанзадын нөхөр Банзрагч бид хоёр л тор бариад зогсож байх юм” гэдэг яг үнэн. Миний аав хүүхдэд маш их хайртай. Бага дүүгийн маань охин есөн насандаа өөд болсон юм. Тэр хүртэл аав минь харж, өсгөсөн. Нэг өдөр манай хүүхэд, дүүгийн охин хоёр аавтай тоглож байгаад алгадчихаж. Тэгсэн аав “Ий ий ий” гээд эрхлүүлчихсэн сууж байсан. Ерөөсөө л хүүхэд, нохойнд их хайртай хүн байсан. Ээж минь бид гурвыг төрүүлсэн нь үнэн ч гэлээ өсгөж, хүмүүжүүлж өдий зэрэгтэй болоход аавын үүрэг маш их байсан. Аав минь 2005 онд бурханд заларсан. Би чинь ёстой л аавын хүүхэд байлаа. Бидний төлөө бүхнээ зориулсан аавдаа маш их хайртай.

Тийм ч учраас ээж минь цаг нартай, сэтгэл санаа тайвнаар тэр их ажлын ард гарч, тэр их шагналд хүрсэн гэж боддог. Тийм их ажлын хажуугаар гурван хүүхдээ асрах хэцүү шүү дээ. Тэр ажлыг аав минь нугалсан. Нэрт найруулагч Л.Эрдэнэбулган гуай “Төрүүлсэн гавьяатан нь Х.Уртнасан гэлээ ч өсгөсөн гавьяатан нь бол энэ байх шүү” гээд аавыг минь хэлдэг байсан. Ээж минь гэрт байх хугацаандаа бидний сонирхлыг дэмжиж, сайн асарч халамжилж, маш их хайрладаг байсан. Ээжийн эзгүйд аав минь ээжийн оронд ээж болж, ээжид ажлаа хийх бүх боломжийг нь хангаж өгдөг байсан.

-2005 онд С.Адъяахүү гуайг бурханд үдсэн. Түүнээс хойш Х.Уртнасан гуай их хоосорсон байх?

      -Миний нөхөр өөд болоод таван жил болох гэж байна. Би өөрөө нөхрөө алдаад, түүнгүйгээр амьдрахдаа “Ээж минь ямар хэцүү амьдралыг 10 гаруй жил туулсан юм бэ. Ямар их тэсвэр тэвчээр, сэтгэлийн тэнхээ вэ” гэж бодож сууна. Ээж нөхрөө алдсанаас хойш хэзээ ч “Би ингэмээр байна, тэгмээр байна” гэж хэлж байгаагүй. Өөрөө л бүх зүйлээ зохицуулж, шийдвэрлэдэг байсан. Тиймдээ ч их эрхэмсэг гайхалтай хүн байлаа шүү дээ. Агуу хүн гэдэг бол агуу л байдаг. Ээжийг хөдөөлүүлэхэд “Маш их тэвчээртэй, хүнийг их хайрладаг агуу хүн байсан юм шүү” гэж хэлж байсан.

      Хөгжим бүжгийн коллежид багшилдаг байхдаа нэг өдөр ширээ дүүрэн том том бургер хийчихсэн байсан. “Хүүш ээ, ээжээ энэ юу юм бэ” гэтэл “Хүүхдүүддээ аваачиж өгөх гэж байгаа юм” гэнэ ээ. “Ээжээ, хүүхдүүд чинь энд байна шүү дээ” гэтэл “Та хэд бишээ, миний хүүхдүүд” гэж хэлсэн. Шавь нараа хэлж байгаа юм. Одоо шавь нар нь “Ундын хүүхдүүд” гэж яригддаг. Нэг удаа гэртээ иртэл охид голдуу шавь нар нь ирчихсэн, ээж айргийн том аяганд гурилтай шөл хийж өгч байна. Шавь нар нь “Багшийнд очиж нэг сайхан гэдэс цадъя” гэж ярьдаг байсан гэсэн. (инээв) Ээж гэртээ байгаа хүнс, угаалгын нунтаг, хэрэгслээ хүртэл дотуур байранд суудаг оюутнууддаа аваачиж өгдөг байсан. Дуучин хүн гэдэг сайн амарч, хоол сайн идэж байж хоолой нь гардаг юм гээд ээж минь шавь нараасаа “Хоол идсэн үү, юу идсэн. Сайн унтсан уу, хэдэн цаг унтсан. Ар гэрт нь асуудал гарсан юм уу, Юу болсон юм” гээд санаа нь их зовдог байсан. Яг л өөрийнхөө хүүхдүүдэд яаж санаа тавьж, халамжилдаг байсан бэ, тэр хэрээр шавь нартаа яг л тэгж анхаарал халамж тавьдаг байсан. Миний ээж аливаа ажлыг сэтгэлд тултал хийдэг, хүнийг өөртөө их татдаг хүн байлаа.

-Та болон таны дүү нар урлагийн замаар яваагүй шүү дээ. Ач зээ нараас нь Х.Уртнасан гуайн авьяасыг өвлөх мэдрэмжтэй нэгэн тодроосой гэж хүсдэг үү?

     -Миний ач охин их мэдрэмжтэй. Зурагтаар гарч буй хүүхэлдэйн киноны дуу, түүний ритм, аяыг сайн сонсож, биеийн хэлэмж, гар хуруугаар их сайн илэрхийлж чаддаг. Ээж минь гучийгаа төрөхөд амьд сэрүүн байсан. Тэр охиныг л ээжийн генийг өвлөж авсан болов уу гэж горьдож байгаа. Хүмүүс “Байгалийн, төрмөл авьяастай хүн 100 жилд нэг удаа төрдөг” гэж ярьдаг юм байна лээ.

-Таны дүү болон дүүгийн тань хүүхэд, мөн таны аав, ээж, өвөө, эмээ, нөхөр тань бурханд заларсан. Ингээд бодоход та их олон хагацлыг үзжээ.

      -Бага дүүгийн минь охин авто ослын улмаас есхөн насандаа өөд болсон. Дараа нь бага дүү минь 30 гаруй насандаа өнгөрсөн. Араас нь аав минь бурханд заларсан. Ингээд нэг нэгээрээ өөд болоод иртэл ээж бид хоёрын тэсвэр тэвчээр их алдагдсан. Нялх нь бага юм, хөгшин нь настай юм даа гэлтгүй яваад өгсөн. Хэдий төрсний эцэст үхдэг нь жам гэж ярьдаг ч гэлээ цаг хугацаа гэж бас нэг зүйл байна шүү дээ. Цаг нь болоогүй байхад явчихав уу гээд бодох зүйл их бий. Ааваас хойш миний ээж асар их сэтгэлийн тэнхээ, хүч зориг гээд бүхнээ шавхаж амьдарсан. Ямар сайндаа би боддог юм “Хоёрдугаар эмнэлгийн хажуугаар явахаар л зүрх өвдөх юм. Өвөө, эмээ, ээж, аав, нөхөр, дүү нар минь...” гээд. Олон хүнээ алдсан. Гэхдээ энэ бол хорвоогийн жам юм шүү дээ. 

-Сонгодог урлагийн хатан хаан, Ардын жүжигчин Х.Уртнасан гэх гайхалтай хүний тухай охинтой нь ярилцсандаа баяртай байна. Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

      -Ээж минь бурханд залраад гурван жил болох гэж байна. Дурсахгүй, санахгүй байхын аргагүй хүн. Энэ бүгдийн дараа ээжийнхээ талаар ярьж байх ёстой юм болов уу гээд өөрийг тань холбогдоход ирсэн юм шүү. Урьж ярилцсанд баярлалаа.


Сонгодог урлагийн хатан Х.Уртнасангийн том охин А.ДАМАА: Миний ээж аливаа ажлыг сэтгэлд тултал хийдэг, ямар ч хүнийг өөртөө татдаг хүн байлаа
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188