• Өнөөдөр 2024-04-26

Монгол Улсын морь цоллогч, Үндэсний бөхийн ахлах засуул Т.Цэрэндаваа: Цагтаа Сүрэнхорын хээр азаргыг цоллож явлаа

2021-07-12,   962

       Түүнийг  Тавхайжамцын Цэрэндаваа гэдэг. Тэрбээр Ардын хувьсгалын 69 жилийн ойн наадмаас эхлээд өнөөг хүртэл хурдан морь, бөхийн цол дуудаж байгаа гэнэ. Мөн үндэсний бөхийн ахлах засуулаар олон жил ажиллаж буй. Түүний хөдөлмөр, гавьяаг үнэлж 2002 онд Уянга төгөлдөр, яруу эгшиглэнт чимэгтэйгээр Улсын морь цоллогч цол олгожээ. “Одоо байгаа олон ч арслан, аврагууд миний мөрнөөс гарч, зүлэг ногоон дэвжээг баясгасан даа” хэмээн бахархан хүүрнэх Т.Цэрэндаваа гуайтай ярилцлаа.

-Сайхан зусаж байна уу та. Жил бүрийн энэ өдөр та Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхчүүдтэйгээ ойр байдаг байсан бол энэ жил төрийнхөө сүлд, далбаанд мөргөхөөр ирсэн байна. Наадамгүй жил таньд ямар санагдаж байх юм?

-Заяа өөдрөг, нуруу тэнэгэр монголчууддаа Ардын хувьсгалын 100 жилийн ойн мэндийг дэвшүүлье. Ер нь миний хувьд наадамд оролцоогүй нэг ч жил байхгүй дээ. Энэ жилийн хувьд яалт ч үгүй аюулт өвчин тулаад байгаа болохоор наадам хойшилсон. Өндөр төрийнхөө тушаал шийдвэрийг бид дагахгүй гээд яах вэ. Ямар тушаал гарна өчиггүй биелүүлэх л үүрэгтэй. Энэ жил наадам зохион байгуулахгүй ч төр, түмнээ хүндэтгэх ёстой гэж бодоод Монгол төрийн тахилгат есөн цагаан сүлд цэнгүүлэх ёслолд оролцож, төрийн далбаандаа хүндэтгэн мөргөлөө. Сэтгэл сэргээд сайхан байна.

-Таныг дуу хуурын өлгий Дундговь аймгийн уугуул гэж сонссон. Төрж өссөн нутгийнхаа тухай, хүүхэд ахуй үеийнхээ тухай хуучлаач?

-Би Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын харьяат хүн. Хүүхэд байхаасаа л хурдны морь унасан. Ер нь би гэлтгүй манай үеийнхэн эрэгтэй, эмэгтэй гэхгүй бүгд л морь унаж байлаа даа. Аав маань нутаг усандаа алдартай уяач хүн байсан юм. Их, бага хүрэн, буурал азарга гээд өөрийнх нь унаган адууны олон сайхан угшил одоо ч үр хүүхэд, ах дүү нарт нь бий дээ. Аавыгаа цаг үргэлж санаж, тэнгэртээ залбирч явдаг юм. Би морь унаад зогсохгүй өөрийнхөө хэмжээнд барилдчихдаг хүүхэд байсан.

-Ардын хувьсгалын 69 жилийн ойгоос эхлээд Улсын баяр наадамд морь цоллож байсан гэж дуулсан. Цоллогч болохын гараа тэндээс эхтэй байв уу?

-Моринд хүндэдсэн хүүхэд чинь морь барих, тавихаас эхлээд морины ажил хийнэ. Өвөө аавынхаа баруун гар нь байлаа даа. Түүнээс өмнө 1981 онд юм уу даа аав “Миний хүү азарга чинь их аятайхан байгаа шүү. Морины цол сураарай” гэдэг юм байна. Би ч бараг цээжээр шахуу мэднэ. Морь унаж цоллуулж байхад сонссоор байгаад чихэнд хоногшчихдог юм билээ. Морь цоллож байгаа улсууд дөрөөн дээрээ ганхаад л, уран хоолойгоор дуудаж байгаа нь мөн ч аатай шүү. Унаган азаргаа түрүүлгэж цоллоод дуусахад саахалт айлын 80 гарсан эмээ “Тавхайжамц гуай гэдэг чинь яасан их буянтай хүн бэ. Миний хүү сурснаас илүү эрдэм гэж байдаггүй юм шүү” гээд намайг үнсэж байж билээ.

-Ай даа, алдарт Сүрэнхорын хээр азаргыг цоллож байсан гэдэг сайхан хэрэг. Та олон ч морь цоллосон байх. Сүрэнхорын хээр азарга бусад морьдоос юугаараа өөр байв?

-Тэр их билэгдэл дэмбэрэлтэй сайхан зүйл болсон. Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор тэр азарга түрүүлсэн юм шүү дээ. Сүрэнхор гуай унаж яваа азаргаа өгөөд “Миний азаргаар цолло” гэж байсан юм. Хээр азаргын хувьд хөлийн хурд сайтай. Бөхөөр бол нэг сайхан, бадриун бөх шиг. Барианы зурхайд морь орж байгааг харах хийморь сэргээд хачин сайхан. Хээр азаргыг унаж түрүүлж байсан хүүхэд хожим уяач болж мөн би цоллож байлаа.

-Санаанаас тань гардаггүй сайхан наадам хэзээ тохиож байв?

-Жил жилийн наадам заавал өөрийн гэсэн өнгөтэй байдаг. Ардын хувьсгалын 70, 90 жил аатай сайхан болж байсан санагддаг. Нэг сайхан дурсамж бий. Өвөрхангай аймагт болсон хоёрдугаар Их хурд наадмын үеэр Д.Ононгийн буурал морь хүүхэдгүй орж ирж байлаа. Хөөрхий уралдаж сураагүй болохоор хөндлөн гулд давхиад аварга хээр түрүүлж байсан юм. Саарал нь хүүхэдгүй давхиж байхад барианы зурхайд байсан хүмүүсээс нэг нь гүйж гарч ирж, саарлыг унаад хоёр морь гүйцэж түрүүлээд гуравт орсон санагдаж байна. Монголчууд маань морь, наадам гэхээр тийм сайхан байна шүү дээ.

-Сүрэнхорын хээрээс өөр монголын шигшмэл хурдан хүлгүүдээс аль алийг цоллож байв?

-Д.Ононгийн хээр, Т.Энхтайвны гоё халиун, Ч.Улаан сайдын зээрд, хээр халзангаас эхлээд олон хурдан буян цоллосон. Тухайлбал, шарга азаргыг таван удаа цоллосон.

-Та ер нь хэзээ нь бөхийн засуул, цоллооч болчихов?

-Анх цэргээс ирээд өөрөө барилдчих санаатай хэсэг явсан. Энэ тэр гэж нэр дурдахаасаа илүүтэй би чамд их хөгжилтэй түүх ярььж өгье. Багануурын уурхайд ажил хийж байхад гэнэт “Бөх цоллох хүн хэрэгтэй байна. Таныг хүрээд ир гэж байна” гээд л аваад явлаа. Төрт ёс, бөхчүүдийнхээ сүлд хийморийг хүндэтгээд дээллээ өмсөөд л очсон. Нөгөө талын засуулаа цоллох болов уу, гэж хараад л байлаа. Байдаггүй шүү. Тэгээд би хоёр талд нь гарч цоллосон санагдаж байна.

-Бөхийн цол дуудахын сайхан нь юундаа байдаг вэ?

-Цолоо дуудуулж бөхийн цог хийморь, дэвээ шаваа гээд л үнэхээр аугаа шүү дээ. Цэнгэлдэх тойроод дэвхэв нь л ард түмэн алга нижигнүүлсэн уухайн дуутай угтана. Одоо ч шинэ сайхан залуус түрэн гарч ирж байна, тэд нартаа зааж сургах нь чухал юм даа.

-Та биднийг ярилцлагыг уншиж буй уншигчдад маань хандаж үг хэлэх байх?

-Түмэн олон минь сэтгэл амар, зоо тэнэгэр байгаарай. Эрүүл энх л аз жаргалтай байхыг ерөөе.

 

 

 


Монгол Улсын морь цоллогч, Үндэсний бөхийн ахлах засуул Т.Цэрэндаваа: Цагтаа Сүрэнхорын хээр азаргыг цоллож явлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188